7/26/2009

ISSN ГЭЖ ЮУ ВЭ?


ISSN гэж ямар утгатай үг вэ? Энэ бол International Standard Serial Number гэдэг үгийн товчлол. Энэ бол олон хувиар цувралаар хэвлэгдэх хэвлэлд өгдөг Олон Улсын Стандарт дугаар юм.
Өнөөдөр надад 2010 оны хичээлийн жилд захиалах гадаад хэвлэлийн захиалгаа өгнө үү гэсэн бичиг орж ирлээ. Гэхдээ энэхүү захиалах хэвлэл сэтгүүл нь заавал ISSN тэй байх шаардлагатай шүү гэж анхааруулсан байна. Би Монгол Хэл Соёлын Сургуулийнхаа “Монгол судлал” сэтгүүлийн нэрийг өгчихлөө. Энэ сэтгүүлд бид 2006 онд ISSN-1997-1826 хэмээх дугаарыг албан ёсоор авсан билээ. Одоо дэлхийн аль ч орны номын сангаас Монгол Улсын Их Сургууль ийм сэтгүүл хэвлэдэг юм байна гэж үзэж харж болно. Харин сонин, сэтгүүл гаргадаг хүн байгууллага үүнийг заавал авах учиртай юм. Одоо бид их ч бай, бага ч бай номдоо ISBN (= International Standard Book Number) аваад байгаатай яг ижил олон улсын стандартын дугаар, түүнийг өгдөг хариуцдаг Үндэсний хэмжээний байгууллагаас энэ дугаарыг авах ёстой. Дэлхийн ихэнхи улсуудад Үндэсний Төв байдаг юм билээ. Харин манайд одоохондоо байхгүй байгаа. Миний бие 2005-2006 онд Британий Номын санд ажиллаж байх завшаанд Парист төвтэй тус байгууллагын Олон Улсын Төвөөр зочилж байлаа.
Тэр үед тус байгууллагын дээгүүр мэдлийн албан хаагч Монголоос Боловсрол Шинжлэх Ухааны байгууллага өөрийн харияанд байдаг найдвартай байгууллага төлөөлж чадна гэсэн баталгаа гаргаж хүсэлтээ ирүүлвэл бид Үндэсний Төвийг байгуулахад бэлэн байна хэмээн мэдэгдэж байсан юм. Гадаадын ихэнхи оронд тухайн орны Үндэсний номын сан юмуу тэргүүлэх их сургуулийн төв номын сан хариуцдаг юм билээ. Тэгэхээр манай МУИС-ийн номын сан үүнийг Монгол Улсад хариуцая хэмээн өргөдөл гомдолоо өгвөл байгуулах бүрэн боломжтой байдаг. Үүнд айхтар зардал чирэгдэл, байр сав, мөнгө зоос хэрэггүй. Харин одоогоор үүнийг ойлгож мэдэж хийсэн хүн алга шиг байна. Манай их сургуулийн номын сангийн захирал үүнийг хөөцөлдөж МУИС дээр ISSN-ийн Үндэсний Төвийг байгуулж чадвал бас нэр хүндийн хэрэг болох ёстойг анхаарах бизээ. Зардал санхүүжилт, ажиллах журмыг олон улсын жишгээр Парис дахь төвөөс удирдан явуулдаг бөгөөд мөн жил болгон гадаадын нэг оронд зөвлөлдөх уулзалт хийж түүнд үндэсний төвийн захиралыг оролцуулдаг уламжлалтай юм билээ. Энэ байгууллага бол ЮНЕСКО-гийн нөмөр нөөлөгт багтаж байдаг Олон Улсын чанартай байгууллага.
Энэ дугаарыг авсанаар олон улсын дата баазад автоматаар бүртгэгдэж дэлхийн олон орны номын сангууд, эрдэмтэн судлаачид шууд мэдэх, ашиглах, захиалах боломжтой болох юм. Ийм дугааргүй сэтгүүл бол зүгээр бөөгнүүлж үдэж хавтасласан цаас болно. Нөгөө талаас ISSN байхгүй учраас эрдэмтэд үгүүлэл өгөхгүй байгаа, номын сангууд захиалгад оруулахгүй байгаа нь ийм учиртай. Мөн гадаадын их сургуулиуд ISSN-тэй хэвлэлд бичсэн үгүүлэлийг эрдэм шинжилгээний чанартай гэж үзэж тооцох, номын санд захиалах зэрэг ач холбогдолтой болж байгаа учраас бусад тогтмол хэвлэл гаргадаг байгууллага, хувь хүмүүс ч үүнийг нэн даруй энэ дугаарыг сэтгүүл, сониндоо авах учиртай. Одоогоор Үндэсний салбар байхгүй тул Парист байдаг салбар луу нэг хувь сэтгүүл юм уу сонингоо өргөдөлийн хамт явуулж авч болно. Ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Олон Улсын хэмжээнд үнэгүй өгдөг учиртай. Одоогоор нэг сая орчих хэвлэлийн дугаар бүртгэгдсэн юм байна, жилд 40-50 мянгаар нэмэгддэг ажээ. Таны бүртгүүлсэн дугаар жил бүр Парист хэвлэгддэг бүртгэлд багтана. Мөн ISSN Online, CD-ROM (ISSN Compact) -д ордог ажээ. Энэ байгууллагын хаяг нь: ISSN, International Centre, 20, rue Bachaumont, 75002 PARIS, FRANCE. Вэб сайт нь www.issn.org, e-mail нь issnic@issn.org болой.
Б.Ирээдүй, 06.07.2009, Токио, ТUFS

No comments: