Showing posts with label Бичил үгүүлэл. Show all posts
Showing posts with label Бичил үгүүлэл. Show all posts

12/04/2011

Ж.Бат-Ирээдүй: ШАШНЫ ГАЗАР ЧӨТГӨР, ХУУЛИЙН ГАЗАР ХУЛГАЙ



Монголчууд ёс бус, хууль биш зүйлийг зүйрлэн нэрлэсэн олон сайхан зүйр сэцэн үг сэтгэсэн улс. Сүүлийн үед шашны хүн нь хормой хотоо дарахаа байлаа, хуулийн хүмүүс нь ч худал хулгайгаа нуухаа байлаа. Авлигыг тэвчэе гэдэг уриа лоозун хүртэл гарлаа. Хуулийг хусдаг нь ч, засдаг нь ч дарга болж мандлаа, ийм байхад бид яаж урагшлах вэ моост нь тулсан машин цасан дээр хий эргэх шиг л байна. Үгүй энэ чинь ямар хүнээ барсан биш та минь хэрвээ ардчилсан нийгэмд шударга хуулиа дагаад, хүн нь шулуун байдаг бол шоронд суусан хүн улс төрийг удирдах нь байтугай, хууль зассан хүн хуруугаа ч хөдөлгөж чадахгүйсэн. Хувааж идэж л байвал нэг хөнжилд нийлэх нь юу ч биш болж, хувьсгалыг төрөл төрлөөр нь ярьж, хуулийг өч төчнөөнөөр нь үйлдвэрлэж байна. Тэртэй тэргүй ядарсан монголчуудыг та минь зүгээр үү гэж тавлан асууна. Улс орон дамнасан улс төрийн гэмт хэрэгтэнүүд хүрч ирээд урдуур ороод юмаа авчихдаг юм байна. Гадаад улс орнууд гайхаад бүр учраа олохоо байлаа. Та нар чинь харин ёстой сонин улсууд уу үгүй юу? Бараг танайхан зүгээр биз гэж тавлан асууж байна? Хөөрхий дорд хүн хэлэх үг олдохгүй ёстой нөгөө шилээ маажиж, шүлсээ залгихаас өөрцгүй.
Одоо бүгдээрээ яршиг зүгээр аавынд байгаа хамгийн хүнд гэмт хэрэг хийсэн улсуудыг суллаж улс орноо удирдуулья. Тийм том гэмт хэрэг хийснийг бодоход тэд ухаантай, бас зоригтой улс байгаа байх. Яагаад гэвэл бидэнд аль болох хууль бус юм хийсэн “ухаантай”, “зоригтой” хүн хэрэгтэй байна.  Монгол хүний амиа бодсон бэртэгчин зан гэж нэг муухай юм байна. Үүнийг захын замын түгжрэлээс аваад их хурлын мундагуудын мунхаг хууль батлах хүртэл илэрхий харж болно. Мөнгөтэй л болж байвал эд юу ч хийхээс буцах шинж алга. Хуваах, хүртэх, хүрэлцэх, оролцох юм байвал тэдэнд эх орны ашиг сонирхол, ард түмний итгэл найдвар гэж юу ч алга. Өнөө маргаашийн өвөр зуураа хуваах булчирхай нь ахиухан бол маргаашийн мах байна уу, нөгөөдрийн өөх байна уу ямар ч хэрэг алга. Эргэж хэзээ ч нөхөгдөхгүй эд баялагаа эд хуваагаад зараад идээд уучлаа. Өөрөө үхтэлээ, үр хүүхэд нь нэг үедээ идээд дуусахгүй мөнгөтэй бол монголын хойч үе хоолтой байна уу, хог түүнэ үү тэр хамаагүй болж газар нутгаа хөндийлөөд үлий болгож байх шиг байна. Худлаа үнэн хувьсгал хийе гэж уриалан дуудсан нэгэн байхад босоод очих хүн нэг ч алга. Угаасаа цөөн хүнтэй болохоор ууж удсан хүмүүсийн ураг төрөл ихэнхи нь байдаг бололтой. Хүн сайтай болохоор хүргэн бэр нь, хүүхдүүд шуухад идээд уугаад оролцчихсон байдаг бололтой хүрч очоод жагсах зориг зүрхтэй нэгэн алга. Мөнгө байвал бүхнийг шийдэж болно гэх гүн ухааныг балчир хүүхдийнхээ толгойд хүртэл суулгаж суудаг байшин, суйлдаг мөнгө, өмч хөрөнгө, өмссөн зүүсэн, утасны дугаар, уудаг иддэгээрээ уралддаг нэг муухай “өвчин” дэлгэрсээр байна. Ингээд бодохоор хуулийн газар хулгай бий, шашны газар чөтгөр байгаа нь үнэн бололтой.  
Хуулийн газрын хулгайчдыг хуйлруулж, шашны газрын чөтгөрийг шатаахгүйгээр монголчууд мунхарч дуусах нь, Монгол орон дампуурч төгсөх нь.

3/17/2011

ГАЙ ГАЗАР ДОРООС,

Гай газар дороос. Токио хотод сүүлийн хэдэн жил амьдрахад хэд хэдэн удаа хүчтэй газар хөдлөж, 2008 оны хавар Ибараки мужид нэг том уул модтой юутай хүүтэйгээ нүүгээд замдаа таарсан зам, барилга байшинг хүн хартай нь дараад өөр газар очсоныг эс тооцвол түүнээс өөр айхтар хөдлөлт, цүнами гайгүй л байлаа бурхан минь. Өнгөрсөн баасан гарагийн Тохокгийн газар хөдлөлт, цүнами бол харин ойрын хэдэн жил байтугай, сүүлийн бараг 100 жил тохиолдоогүй аймшигт гамшиг байсан бөгөөд аюулын зэрэглэлээрээ бүр дэлхийд эхний тавд орж байх шиг байна. Ингэж гай газар дороос гэдэг үг хэлц утгаараа биш шууд утгаараа нэг өдөр болчихдог юм байна аа.
Ерөнхийдөө гамшиг болсон газраас бусад бүс нутагт ажил, бизнес үйлчилгээ хэвийн гэж хэлж болох боловч үр дагавар муу нөлөө өдрөөс өдөрт нэмэгдэж, хүн бүрт мэдрэгдсээр байна. Монгол хүн бидний хувьд гамшигт өртсөн Миаги, Ивата, Ямагата, Фүкүшима, Акита, Аомори зэрэг хот тосгоны аймшигт дүр төрх сэтгэлд үлдэж, харанхуй шөнөөр газар хөдлөх бүр хар дарсан зүүднээс цочин сэрж, тайван амгалан унтах ч аргагүй болж байна.
Сүүлийн хэдхэн өдөрт нөхцөл байдал нэлээд хурдтай өөрчлөгдөж байна. Баасан гарагийн газар хөдлөлтөөс хойш 5-аас дээш баллын газар хөдлөлт 500 удаа, нийт хөдлөлт мянга хол гарсан байна. Өчигдөр гэхэд Нарита онгоцны буудал байдаг Чиба аймагт 6 баллын газар хөдлөж нисэх рүү явдаг хурдан галт тэрэг цагаасаа 50-70 минут хоцорч очиж байлаа. Цүнами болсон газруудаар шөнөдөө -6 хэм болтол хүйтэрч, хэдий хавар ирсэн ч цас орсон хэвээр, гал, цахилгаан, усгүй мужын хүн ард хүнд байдалд байна. Энэ удаагийн газар хөдлөлт араасаа цүнами дагуулсан нь олон мянган хүний амийг авч одсон байгалийн аймшигт үзэгдэл байлаа. Гай газар дороос ганцхан өдөр гараад ирдэг юм байна.
Газар хөдлөлт ба  японы нийгэм хүн ард. Япон хүмүүс нэгэнт улс орноороо байгалийн аюулын бүсэд, газар хөдлөлт, цүнами, зэрэг гал усны гашуун зовлон, болзогшүй аюулын аман дээр байдаг учраас улс орны хэмжээнд төдийгүй, хувь хүний хэмжээнд сэтгэлзүйн болоод бусад талын бүрэн бэлтгэлтэй байдаг юм байна. Нийгэмд болон хүнд ямар ч аюул занал хаанаас ч учирч болох бөгөөд түүнийг даван туулах чадавхи сэтгэлзүй, эд материалын боломжийг урьдчилан бүрдүүлсэн байх нь хамгийн чухал зүйл аж. Япончууд хэдийгээр улс  оронд сүүлийн бараг 100 жилд болоогүй  аюул болоход сэтгэл шимшрэн хүлээж авсан ч адгаж яарч сандралгүй тайван хүлээн авч гагцхүү энэ аюулыг хэрхэн даваж  туулах арга ухаанаа уралдуулж, нийгмийн үйл явцыг чадварлаг сайн зохион байгуулж байна. Японы эзэн хаан Акихито анх удаа ард түмэндээ хандаж зурагтаар үг хэлэхдээ “энэ хэцүү бэрх цагт японы иргэн бүхэн гар гараасаа барилцан бие биедээ өгөөмөр сэтгэлээр туслан хэцүү бэрх цагийг давж чадах эр зоригтой гэдэгт зүрхний гүнээс итгэж найдаж байгаа”-гаа илэрхийлж зүрх зоригийг нь чангаллаа.
Одоо дараагийн ээлжинд хамгийн хүндрэлтэй юм юу байж болохыг зөв тооцоолж түүнийг урьдчилан харж  чадна гэдэг удирдлагын  бас нэг их том чадвар юм. Газар хөдлөлт, цүнамигийн энэ аюул хүрэхгүй, хүртэхгүй салбар гэж алга. Токио болон бусад хотуудад одоо хамгийн их аюул занал учруулж байгаа нэг юм бол цахилгаан эрчим хүчний хүрэлцээ боллоо. Эрчим хүчний хүрэлцээг зөв зохион байгуулахгүй бол газар хөдлөлт цүнамид алдсанаас илүү хохирол амсах магадлал өндөр байгаа гэж албаны хүмүүс тайлбарлаж байна.
Өнөөдрийн эрчим хүчний шаардагдах хэрэгцээ 41 сая киловатт байгаа бол хүчин чадал нь ердөө 31 сая киловатт юм байна. Тиймээс Токиог таван бүс болгож тодорхой хугацаагаар цагийн хязгаартай, цахилгаан таслаж байна. Мэдээж цахилгааны хязгаарлалт хийсэн учраас үйлдвэр үйлчилгээнд доголдол бэрхшээл гарах нь зүйн хэрэг болж байна. Токиогийн хувийн төмөр замуудыг хааж гол гол төмөр замаа арай ядан хөдөлгөж байна. Арав гаруй сая хүнтэй Токио хотын иргэдийн ажил албыг залгуулах унааг ийм үед зохицуулна гэдэг амаргүй аж. Бүр ихэнхи цахилгаан шат болон лифтүүдийг зогсоож, гэрлийн талыг унтраах хүртэл арга хэмжээ авч байгаа нь үнэхээр цахилгаан дутагдалтай байгааг илэрхийлнэ.
Ерөнхийдөө эдийн засгийг тогтвортой байлгахын тул Японы банк хоёр ч удаа 5-7 триллион йэнийг зах зээлд гаргаж зах зээлээ тэжээсэн нь одоогоор үнийн хөөрөгдлийг дарж, зах зээлийг тайван байлгах гол арга болж байна. Японы хөрөнгө оруулагчид нь гаднаас йэн худалдаж авч байгаа учраас йэний ханш анх удаа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа 1 доллар 76.25 йэнтэй тэнцсэнээ өнөө өглөө жаахан өслөө. Маргаашнаас Их долоо АНУ, Япон, Англи, Хятадын сангийн сайд тэргүүтэн, дэлхийн томоохон банкны тэргүүнүүд цуглаж байгалийн гамшгийн дараах дэлхийн зах зээлийг хэрхэн аврах талаар хэлэлцэх бөгөөд энэ хүнд хэцүү үед Японд жаахан давуу эрх олгох байх гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна. Энэхүү гамшгийн хохирлын хэмжээ, эрчим хүчний алдагдлыг тооцох амаргүй байгаа ч шинжээчид 200 тэрбум ам.доллар гэсэн урьдчилсан тоо гаргаад байна.  Япон технологийн салбарт тэргүүлэгч орны хувьд бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн саатал Азийн зах зээлд нөлөөлөх хандлага ч бий гэж үзэж байна. 
Улс орон даяар болох орон нутгийн болон олон улсын шинжтэй арга хэмжээ, олны хамарсан үйл явдал, сонгуулиудийг хойшлуулж байна. Зарим спорт, соёлын арга хэмжээ зохион байгуулах нутаг, улс орон яаралтай хайж байгаагаа зарлаад байна. Манайхан бас сонор соргог байж эндээс зохион байгуулчихмаар зүйл байвал анхаарахад гэмгүй байх.
Улс орны хэмжээнд хүнсний хангамж тэгтлээ муудаж дор ороогүй боловч харин ховордох хандлагатай байна. Гэхдээ болзошгүй аюулд зориулж хүмүүс  нөөцөлж байж болох юм гэж хэвлэлээр бичиж байна. Үдээс хойшдоо дэлгүүрийн чухал хэрэгцээтэй бараа таваар дуусч лангуу хоосорч байна. Үүнд цагаан будаа, ус, ариун цэврийн цаас, гурилан бүтээгдэхүүн, талх нарийн боов, зай, цай зэрэг орж байна. Мөн бензин түлш ховордож, олон шатахууны газар түр хугацаагаар хаагдаж, зарим газар нээгдсэн ч  урт дараалал үүсээд байна. Нэг машинд 10 л бинзен авахын тул 3-4 цаг хүлээж байна.
Өдөртөө нэг удаа боловч цагаан будаа идэхгүйгээр Япончуудыг төсөөлөхөд бэрх. Японы хэмжээнд өнгөрсөн 7 сараас ирэх 6 сарын сүүл хүртэл 8.11 сая тонн будаа шаардлагатай бөгөөд 10.13 тонныг хадгалсан юм байна. Мөн 920 мянган тонн будаа нөөцөнд нь байгаа юм байна. Хөдөө аж ахуйн сайд Мичихико Кано хүмүүсийг гамшиг болсон газар хүрэлцээтэй хүнс хүргэхийн тул хүнсний бүтээгдэхүүнүүдийг тэр дундаа будааг их хэмжээгээр нөөцлөхгүй, тайван байхыг сануулсаар байна.
Одоо нийгэмд тэр тусмаа цөмийн станцын орчин, 30 км-ын радиусын гадна байгаа хүмүүст бухимдал түрүүлж байгаа нэг зүйл бол цөмийн станцын тухай мэдээлэл байна. Энэ нутгийн ард иргэд, хүмүүс Засгийн газар болон Токиогийн цахилгаан эрчим хүчний компаний мэдээлэлд нэлээд эргэлзэж, нууж хааж, дарж байна уу гэсэн хар сэр нэлээд байх шиг байна. Ялангуяа өчигдөр Лхагва гарагт дөрөвдүгээр реактороос цагаан утаа гарсан, гуравдугаар реактор ажиллагаагүй болсоноос хойш ийм шаардлага их тавьж байна. Зургаан зуух буюу реактортой энэ станцын 5,6 дугаар нь ажиллаж байгаа боловч одоо нэгэнт зөвшөөрөгдөх хэмжээнээс дээш халж эхлэсэн байна.
Япон даяар ялангуяа Фүкүшимагийн цөмийн станцийн эргэн тойронд болон Токиод радиаци буюу цацраг идэвхийг байнга хэмжиж байгаа. Үүнийг миллисиэвэрт (millisievert) гэдэг нэгжээр хэмждэг юм байна. Энэ хэмжээний 0.1-4000-ийн хооронд нөлөөлөх нөлөөллийг ойролцоогоор гаргаж бөгөөд одоогийн байдлаар одоогийн байдлаар Токиод 400 байгаа юм байна. Энэ радиацийн хэмжээг жирийн хүмүүст ойлгуулахын тулд сонин хэмжүүрт хувааж үзсэн байна. Тухайлбал,  0.05 байвал нэг удаа рентегэн шинжилгээ хийлгэхтэй, 0.19 байвал Токио-Нью-Йоркийн хооронд нисэх онгоцоор яваад буцаад ирэхтэй, 2.4 байвал хүний нэг жилийн радиац авах хэмжээтэй, 3.9 байвал компьютер томографын шинжилгээ хийлгэсэнтэй, 50 байвал хүн нэг жилийн турш радио актив бодистой харьцсантай, 100 байвал хавдар болох магадлал 0.5 хувьтай тэнцэх бөгөөд, 500 байвал хүний цагаан цогцос багасах, 1000 хүрвэл хүмүүсийн 10% нь бие суларч, ядарч эхлэх, 4000 хүрвэл 30 хоногийн дотор хавдар тусах магадлал өндөрсдөг байна. Өнөө өглөөний байдлаар Токиод 0.014 мс байна.
Газар хөдлөлт ба цөмийн аюул. Япон улс хэд хэдэн цөмийн цахилгаан станцтайг уншигчид мэдэх байх. Хэдийгээр энэ нь эрчим хүчний найдвартай эх үүсвэр болдог ч аюул ирэх цагт түүнээс илүү сөрөг аюултай болдог нь харагдлаа. Газар хөдлөлтийн улмаас Фүкүшимагийн цөмийн нэгдүгээр цахилгаан станцын тогоонуудын хөргөх төхөөрөмж шууд зогссон бөгөөд эдгээр нь газар хөдлөлтийг магнитүдийн 8.2 балл хүртэл тэсэж тэсвэрлэх чадвартай боловч энэ удаагийн хүч 9.0 балл хүрсэн учир бүгд автоматаар зогссон байна. Бидний сайн мэдэх Чернобелийн атомын станцынх бол иингэж зогсоогүйгээс аюул болсон юм байна. Үүнээс хойш хөргөлтийн системүүд ажиллахаа байж түүнийг орлуулан далайн усаар хийж байгаа ч эцсийн эцэст далайн давстай ус тус болохоосоо ус болж эргэж урвалд ороод дийлдэхээ больж дөрвөн реактор  бараг бүгд дэлбэрч дуусах шинжтэй болчихлоо. Энэ станц бол 6 реактортой бөгөөд 1, 3, 4 дүгээр реактор шатсан, одоо 5, 6 дугаар реактор ажиллаж байгаа ч байх ёстой хэмжээнээсээ илүү халаад байна. Дөрөвдүгээрх нь шатаж дэлбэрэхдээ 2 дугаарахдаа нүх гаргасан нь илүү аюултай болгосон байна. Одоо реакторуудыг агаараас 4 тоннын даацтай дөрвөн нисдэг тэргээр ээлжлэн ус цацаж хөргөж байгаа ч зохих хэмжээнд хөргөж байгаа гэж үзэхэд хүнд байгаа юм байна.
Засгийн газрын төрийн сайд Юикио Эдано реакторуудын дэлбэрэлтийн талаар бүхий л зүйлийг цаг тухай бүр мэдээлж байгаа боловч сүүлийн үед тэнд чухам юу болоод байгааг хянах боломжгүй болж байх шиг. Япончууд өөрсдийн хамгийн сайн мэргэжилтнүүдээ энд ажиллуулж байгаа нь ойлгомжтой. Ард түмэнд ч гэсэн ямар учиртай юу болоод байгааг нарийн тайлбарлаж байгаа боловч энэ хангалттай биш байна гэж ялангуяа энэ станцын эргэн тойронд байгаа хүмүүс санаа зовж эхэллээ.
Цөмийн аюул ба гадаадынхан. Энэ удаагийн байгалийн гамшигийн хамгийн гол аюул нь явж явж цөмийн цахилгаан станц дээр очиж буулаа. Ер нь бол Японд дан газар хөдлөлтөөс учирах хохирол харьцангуй бага юм. Энэ удаагийн хамгийн хүчтэй гэх 12.2 баллын хүчтэй газар хөдлөлтөд нурж дарагдсан байшин барилга ховор боловч харин цүнамигийн аюул олон мянган хүний амийг авч одлоо. Өнөөдрийн байдлаар амь алдагсадын тоо 4000 хол даваад өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Гамшгийн голомтод байсан цөмийн станцыг доргиосноос үүдсэн аюул энэ орныг бүхэлд нөмөрч мэдэхээр болоод байна. Газар хөдлөлтийн голомтод гадаадынхан харьцангуй цөөн боловч 400 орчим хүн холбоо барихгүй сураггүй байна. Газар хөдлөлт болсон Миаги, Иватэ, Фүкүшима, Яамагата, Акита, Аоморигийн орчимд нийт 48000 гадаадынхан оршин сууж байгаагийн ихэнхи нь хятадууд юм байна. Америк болон Английн засгийн газар иргэдээ цөмийн станцаас дор хаяж 80 км хол байхыг анхаарууллаа. Цөмийн аюул нүүрлэж мэдэхтэй холбоотойгоор улс орнууд байдлыг нэлээд ажиглаж тайван уужуу байсан боловч өчигдөрөөс өөрсдийн иргэдийг Японыг орхиж гаргахыг сануулж байна. Японы засгийн газар төрийн байгууллагууддаа гадаадынханд аль болох таатай нөхцөл олгохыг санал болгосны дагуу Хуульзүйн Яам нь Японыг орхиж гарах хүмүүст эргэж орж ирэх бололцоо олгож, хэрэв виз нь одоо дуусч байгаа бол визээ сунгуулахгүйгээр гарах орох эрх (re-entry visa) аваад гарсанаас хойш хоёр сарын дотор дуртай үедээ буцаж орж ирж болох боломж олгож байна. Энэ нь өөрсдийнхөө ачааллыг бас багасгах арга бөгөөд гадаадынханд ч тун боломжтой нөхцөл юм. Энэ гарах орох эрхийн үнэ нь 4000 йэн буюу 60,000 төгрөг болох юм. Энэ зөвшөөрлийг тухайн орон нутаг, хотын гадаадын иргэн бүртгэх газарт маш түргэн хугацаанд шуурхай дарж өгч байна.
Эндээс бараг хамгийн түрүүнд хүнээ татахаа мэдэгдсэн орны нэг нь Монгол байж магадгүй. Эхний хэдэн өдөр газар хөдлөлт болсон нутгаас бусад газар харьцангуй  тайван байсан боловч Монголд бий болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн хийрхэлээс болж олон монгол хүн маш хурдтай буцсан. Өнөөдрийн байдлаар гурван удаагийн чартер нислэгээр 600 орчим хүн, үндсэн нислэгээр 300 гаран хүн нутагтаа очоод байна. Монголын мэдээлэл гэснээс барууны зарим хэвлэл мэдээлэл ч мөн хүн айх хэмжээнд сурталдаж байгаа бөгөөд Япончуудыг зарим мэдээллийг дарж нууж байгаа гэсэн хар сэр нэлээд явж байна.
Гадаадын зарим орны элчин сайдын яам ард иргэдээ нүүх шилжин суурьшихыг санал болгож байна. Манай элчин сайдын яам газар хөдөлснөөс хэдхэн цагийн дараа мэдэгдэл гаргаж, интернетээр хүнээ тоолж бүртгэж эхлэсэн бөгөөд тайван амгалан байж, зөв нүүдэл хийхийг сануулж сэрэмжлүүлсэн мэдэгдэл гаргасан.
Харин ч шууд нислэгтэй тулдаа хэд хэдэн чартер нислэг хийж гэртээ буцах гэсэн хүмүүсээ татаж чадлаа. Хэдийгээр МИАТ компанийн хувьд урьдын ийм туршлагагүй, гэнэтийн үйл явдал болсон, дээр нь хүн хүч багатай, зохион байгуулалт менежмент муу, онгоц цөөхөн ч ямар ч байсан хүн ардаа тээвэрлэж, гэрийн барааг нь харуулж байгаа нь бахархмаар сайн хэрэг юм. Энэ нь энэ улсын онгоцны буудалд буух эрх нэгэнт эзэмшдэгийн сайн тал. Хэрэв ийм байгаагүй бол бид яаралтай нөхцөл үүсэхэд ямар нэгэн орны авиа компаний царай харахаас өөр аргагүй болох юм.
Улс орнууд бүгд бужигнаад унахад бидэнд унах байтугай дайгдах унаа ч олдохооргүй байж мэдэш болж байна. Өчигдөр Наритагийн онгоцны буудал дээр байгаа дүр төрхийг харахад “Титаник” кино л санаанд бууж байлаа. Тэнд байгаа хүмүүсийн яарч сандарсан байдал, тэвчээр хүлээцгүй зан үймээн, шуугиан, ар өврийн хаалга, танил тал харсан харц, зохион байгуулалт энэ тэр бол яг тийм дүр зургийг бий болгосон байлаа. Харин япон болон бусад орны авиа компанийхан гайгүй намдуу тайван харагдсан шүү.
Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ. Монголчууд бид энэ оронд харьцангуй их биш ч бас бага биш, зургаан мянгуулаа оршин сууж ажиллаж хөдөлмөрлөж, суралцаж боловсорч байна. Дэлхийн хөгжилтэй орнуудаас орны зайны хувьд ч юм уу, нэг тив дэлхийд байдаг болоод ч тэр юм уу харьцангуй ойр дотно нөхөрлөж бие биедээ элэгсэг найрсаг хандаж, биднийг ядарсан цагт наашаа гэж байдгаараа туслаж байсан. Юм гэдэг хариутай, бариутай. “Монголчууд зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг, япончууд зовох цагийн нөхөр сайн нөхөр гэдэг юм билээ. Бид та нарт их баярладаг шүү” гэж манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11 сард айлчлахдаа Япончуудад хэлж байсан юм, үнэхээр одоо бидний туслах, агтны хариу өгөх ээлж ирж байх шиг.  Хэнд юу байна түүгээрээ туслахаас өөр аргагүй цаг ирлээ. Засгийн газар нэг сая ам долларын тусламж үзүүлэхээ мэдэгдлээ, эхний удаа 2500 ноолууран хөнжил ирсэн, араас нь засгийн газар аврах хамгаалах хүнээ явуулж туслах шийдвэр гаргасан байна. Туслая гэвэл хэнд юу байна түүгээрээ туслаж болно. Моннис групп хорин сая төгрөг хандивлаж байгаа юм байна.
Дэлхийн бусад орнууд ч хэнд юу байна түүгээр  туслаж байна. Тухайлбал, Хятад 20 мянган тонн бензин, аврах баг, Солонгос 102 хүнтэй аврах баг илгээж цөмийн реакторыг хөргөгч борон гэдэг бодис тодорхой хугацаагаар нийлүүлэхээр болсон байна. Мөн хөнжил, цэвэр усны тусламж үзүүлэх гэнэ. Одоогоор дэлхийн 50 гаруй орон өөрийн чадах ядахаар туслахаа албан ёсоор илэрхийлээд байна гэж Гадаад Хэргийн Яамны сайд нь мэдэгдлээ.
За ингээд байгалийн гэнэтийн энэ аюул гамшигийг Япончууд дэлхийн бусад орны сайн санаат нөхөд, улс үндэстэн тэр дундаа Монгол нөхдийн хамт сэтгэлийн хаттайгаар, тэвчээртэй давж туулан ард нь гарах нь гарцаагүй хэмээн итгэж байгаагаа энэ ялдамд илэрхийлсү.
Токио хот, 2011/03/15

8/27/2010

Notebook


Notebook

Энэ сарын дундуур миний нэг их сайн Солонгос найз Монгол  Улсад жуулчлахаар бүр Хөвсгөл далай дээр амрахаар бас нэг хоёр сайн нөхрөө дагуулаад Буянт-Ухаад буулаа. Нөхөр хүний төлөө их сайхан сэтгэлтэй, ядарч зүдэрсэн амьтанд байнга туслах гэж явдаг хүний дээд байдаг юм. Ирэхээсээ өмнө "би Хөвсгөлийн аль нэг сумын сургуулийн хүүхдүүдэд дэвтэр ном, үзэг харандаа бэлэглэхээр авч очиж байгаа, харин хаана аль сургуульд өгөх талаар та судлаж байгаарай" гэж захисны дагуу Хөвсгөлийн алслагдсан нэгэн сургууль олоод байсан юм. Онгоц буулаа, хүмүүс гараад байдаг нөгөө гурав байдаггүй. Нэлээн сүүл рүү нэг харсан чинь нөгөө гурвын ачааг бүгдийг нь задалчихсан баахан гаалийн хувцастай нөхөд тойроод зогсчихсон үзэж байна. Гэтэл манай нөхөр утсаараа Бат ороод ирээч гэж дуудлаа. Очсон нэг гаалийн байцаагч хижээл авгай энэ нөхдүүд нөөтбүүк (note-book) гээд биччихсэн мөртлөө баахан дэвтэр оруулаад ирсэн байна гэчихсэн нэлээд сүрхий юм илрүүлсэн бололтой, ууртай байна аа янз нь. Би бүр гайхаад үгүй наад нөөтбүүк гэдэг үг чинь ганц гар компьютерийг хэлдэггүй шүү дээ, дэвтрийг ч англиар нөөтбүүк гэдэг юм шүү дээ, тэгээд ч компьютер авчираад дэвтэр гэж бичээгүй, дэвтэр авчираад компьютер гэж бичдэг ямар тэнэг амьтан байх вэ дээ гэсэн чинь юм мэддэггүй дээ ичсэн үү, яасан нэг юм арай зөөлрөөд ирлээ. "За тэгвэл энд хэдэн дэвтэр, хэдэн харандаа, шугам, баллуур байгаан гаалийн татвар төлнөө хө" гэлээ. Би тоог нь гаргаад хэлтэл хар захын ханшаар үржүүлж татвар авна, яахаараа бараг ийм хэрэггүй юм авчирдаг байна, мөнгөө авчираад захаас аваад өгчихгүй энэ тэр гээд баахан бууж гарлаа. Нөгөө найздаа орчуулан хэлтэл, "үгүй яахав дээ танайд дандаа л хятадын бараа байдаг биздээ, би Солонгосын нэг номерын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн л танай хүүхдүүдэд өгөе гэж бодсон юм, угаасаа наадхыг чинь үйлдвэр нь үнэгүй бэлэглэсэн юм" гэснийг нь буцааж орчууллаа.
За тэгээд нэг юм салбарын дарга маргагүй гүйж байж гаалийн татвар хэдэн цаас төлөөд салах гэтэл тээврийн зардалын татвар төл гэлээ. Тэр нь хэд юм бэ гэтэл, хэдийг төлж ирсэн тэрнээс чинь татвар авна гэнэ. Нөгөө найзаасаа асуусан чинь ачаанд  2000 ам. доллар төлж ирсэн гээд мөнгөний баримтаа үзүүлж байна. Онгоцоор ийм хүнд ачаа тээж 2000 доллар төлснийхөө төлөө дахиад торгуулж байгаа юм шиг татвар нэмж төлдөг хуультай юм гэнэ. Та нар чинь ямар тэнэг юм зохиодог улс вэ гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. Бид нар зохиогоогүй дээрээсээ л тийм гээд халгаадаггүй. Монголын хүүхдүүдийн төлөө сайхан сэтгэл өвөрлөж 2000-3000 дэвтэр, харандаа, шугам, баллуур тээж "шатаж" ирсэн найзынхаа өмнө буруутай юм шиг л би ичиж үхэхээ шахаж дахиж хэдэн цаас төллөө. Хамгийн их гадаадынхан буудаг "Чингис хаан" онгоцны буудлын гаалийн газарт Нөөтбүүкүүдээ ялгах нь байтугай, ойрын зуурын англи хэлтэй нэг ч амьтан алга. Нөгөө хэлгий байтлаа ярих дуртай, дүлий байтлаа хэрэгтэй дуртай гэдэг шиг хэлгүй мөртлөө  шалгах байцаах дуртайг нь яана. Тэнд байцаагдаж байсан бас нэг шүдний эмч залуугийн цүнхнээс баахан тариа, тариур гарсныг нь байцаасан авгай бас намайг дуудаж хэлмэрчлүүлэв. Манай гаалийнхан иймэрхүү л, түүгээр явсан хэл мэддэг болов уу гэсэн амьтан хүн дуудаж хэл залгуулж ажлаа хийсэн болдог бололтой. Нээрээ манай энэ улсын ажил гэж хил дээрээсээ эхлээд ордон хүртэлээ замарсан юм байдаг бололтой юмаа.

6/17/2010

Хүний хань гэж

Монголд бэстсэллэр гээч юм болж байгаа Э.Бат-Үүлийн гэргий Б.Дэлгэртуяагийн "Үүл бид хоёр" хэмээх номыг саяхан олж авгайдаа ч уншуулж, өөрөө ч уншлаа.  Дашрамд дурдахад Дэлгэртуяа их хөөрхөн бичиж. Манай хүн ч номд их дуртай, ном  сайн ч уншина, сайн ч тогтооно, сайхан ч ярина. Уншсан номоос улбаалаад юм юм л ярих. Гэнэтхэн ноднин чи намайг байхгүйд их сургуулийн ангийнхантайгаа  нийлж Төв аймагт Батбаярын байрны найранд яах гэж очсон. Чамайг аваарт орчихоод үхэх гээд хэвтэж байхад чинь бие нь сайн уу гэж асуусан хүн байна уу? гэж ирээд л эрүүний шөл буцалгаж эхлэв  Үгүй чи минь гэнэтхэн юу болоод ингээд унав аа гэтэл Дэлгэртуяагийн бичсэн доорх түүхийг ярьж өглөө. Тэр түүх нь ийм юм байсан юм. ... "Үүл "Ганц"аас гараад гэртээ биеэ асруулж сувилуулаад хэвтэж байсан тэр үед нэг өдөр ажилдаа яваад ирсэн байдаггүй. "Аав нь яасан бэ?" гэсэн чинь "Арван жилийн ангийнхан нь нийллэгэнд аваад явчихсан" гэж хүүхдүүд хэллээ. Уур хүрээд явчихлаа. "Орон шоронд хатаж байхад нь нүүрээ буруулаад гүйгээд байсан мөртлөө найрлах, нийлэх болохоороо хэдэн төгрөг нь хэрэгтэй болоо юу" гэж бодоод утсаар яриад хаана байгааг нь асууж шууд л байгаа ресторанд нь гүйгээд очсон. Тэгээд Үүлийн дэргэд явж очоод, " Алив явъя" гэсэн чинь ангийн дарга нь хорьж байна аа. Би ч хэллээ: "Та нар зовж явахад нь тоогоогүй, өөрсдийгөө хамсаатан болчихно гэж айгаад л байсан биз дээ. Ганц үг энэ хүнийхээ төлөө хэлээгүй шүү" гээд л Үүлийгээ бушуухан аваад гарсан. Тухайн үедээ их л гомдож байсан, одоо ч цагийн уртад гомдол маань элэгдэж дээ... гэж бичсэн байна. Хүний хань гэж ийм байдаг юм байна. Би чамайг хүн чанаргүй өөдгүй юмнуудтай  нийлсэнд гайхаад байдаг юм гээд л явж өгөх шинжтэй  байна. - Юу гэж дээ Дээгий минь. Тэгэх тусам тэднээс дөлөх хэрэггүй шүү дээ, хүн харин ч улам гялалзах хэрэгтэй. Би харин ч ямаршуухан амьд яваагаа  харуулах гэж очсон юм гэж хэлж байж дуугүй болгов. Нэг юм бодох шиг боллоо.  Хүний хань гэж адилхан юм даа.

5/12/2010

Үерийн даатгалтай болцгооё


Үерийн даатгалтай болцгооё.

Ноднин хавраас эхлээд энэ хаваржингаа удахгүй газар хөдлөнө, бүр төдөн сарын төдний төдөн цагаас  хөдлөнө  гэж муу ёрлов. Манайхан ийм юманд хуйлрах дуртай улс яахав дээ, хамаг алт мөнгөө өвөртлөөд Дамбадаржаад гэрт байдаг ахынхдаа очоод ч, Яармагийн дэнж дээр авгай хүүхдээ жийпэндээ чихэж , хүлээгээд ч газар хөдөлсөнгүй. Мэргэчин төлөгчин,  зурхайчингууд худлаа жаахан тоглосон нь батлагдав бололтой. Төдөн цагт хөдлөлөө шүү гэхээр нь гараад зугтаачихдаг бол сайхан л байна. Ийм юм мэдэрдэг төлөгчид бол, лав сардаа нэг хөдөлдөг энэ Японы арал дээр хуга баяжихаар байна шүү. За энэ яахав.
Харин үүний үр дүнд саяхнаас даатгалын компаниуд газар хөдлөлтийн даатгал гээч юмтыг гэнэт сэтгээд бий болгоодохлоо. Энэ ч бас газар хөдлөдөг орнуудад байдаг л эд юм байна. Харин бодоод байхад газар хөдлөлтийн даатгал гэхээсээ манайх шиг учир замбараагүй бууж суудаг улсуудад үерийн даатгал гээч юм нээвэл харин зүгээр юм шиг санагдаад явчихлаа. (үргэлжлэл бий)
13.05.10

4/16/2010

Тоонондоо галын дохиолол хийе



Тоонондоо галын дохиолол хийе

Хэдийгээр хавар болж цаг эргэж урин дулаан болж байгаа ч цаг цагт л байдаг бидний дараа дараагийн зовлонгуудын нэг эхэллээ. Энэ бол гал. Ойн түймэр, хээрийн түймэр, гэрийн түймэр гээд л эхнээсээ аль хэзээний  эхлэчихэж. Өчигдөр уржигдар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Орхон, Сэлэнгийн голын бэлчир  Охь хөндийд гал гарч онцгой байдлынхан гэж нэг зовсон улс арай гэж цурамд оруулжээ. За тэр газар дэлхий, ой мод нь хайхрах эзэнгүй, эзэн олдлоо ч хууль дүрэмгүй тул тэгээд өнгөрдөг юм гэж бодоход энэ гэртээ унтаж байгаад үнс нурам болоод байгаа хүмүүсээ хамгаалах талаас юм бодмоор байна. Саяхан Ганданд хоёр эмэгтэй гэртэйгээ шатаж үгүй боллоо, чухам хэн гээч хүн байсныг нь цагдаа хайж байна гэж баахан сонинд гарсан. Манай сэтгүүлчдэд унтаж байгаад өөд болсон хүүхэн, гэрийг түрээслэж байсан Солонгос өвгөн, хэдэн цаасаар түрээслэж байсан нь сонин болохоос яагаад гэртэйгээ шатав, юунаас болов, яавал ингэж шатахгүй вэ гэдэг нь ер сонин биш шиг байна. Харин надад нэг санал байна. Ерөөсөө унтаж байхдаа гэртэйгээ шатаж үхээд байгаа хүмүүст ганц арга байна. Энэ бол орчин үеийн зайгаар ажилладаг дохиолол тавих. Ийм дохиололыг ганцхан байшинд л тавидаг эд биш. Гэрт ч тавиж болно. Иймэрхүү орчин үеийн дохиолол бол за тэр  цагдаа, гал командтайгаа холбогдож сүрхий юм болдоггүй юм гэхэд ядаж сэрээд босоод гараад зугтаах хэмжээнд орилж чадна. Гэрээс гарч ядаад байх юм байгүй. Хамгийн гол нь нэг сайхан дулаан унтаж байгаад угаартаж, эсвэл гал ид хүчээ авсан үед нь нэг мэдээд босох гээд чаддагүй байх. Энэ өвлийн тэсгхим хүйтнээр Яармагт бүр гэр орноороо, халуун ам бүлээрээ хүртэл шатаж үнс нурам болсон  тохиолдолыг  ч бид харсан. Ийм мэдээ мэдээлэл сонсохоор үнэхээр сэтгэл эмзэглэдэг юм. Энэ бол олон учир шалтгаантай. Наад зах нь гэхэд хятадын муу чанаргүй хогийн утас кабел хэрэглэх, шонгийн модны утас шөрмөс нь салхи шуурганд хооронд авалцаж нийлэх, гэрэл гэгээтэйгээ унтах, тог цахилгаанаа хэмнэж лаа бариж мартах гээд л гал алдах шалтгаан алийг хэлж барах вэ? Харин бид өөрсдийнхөө төлөө бага боловч зүйл санаачилж хиймээр байна. Бид хэтэрхий хэнэггүй байна. За юунаас ч болсон байдаг байна, маний бодоход хамгийн гол нь гал гарахад дуугарч чимээ өгдөг дохиолол тавиулах л хамгийн зөв арга байна. Гэхдээ иймэрхүү хайнга байдлаас болж гал түймэр гарах тохиолдол Японд ч хаа сайгүй байна. Хамгийн гол нь болгоомж сэрэмж, хашир байдал хэн хүнгүй хэрэгтэй. Саяхан манай гадаад багш нарын байранд нэг нөхөр тахиа шарж байгаад орхиж явснаас гааз нь дэлбэрч үхэнгээ алдаж, харин энэ завшаанд айл болгоны өрөөнд орчин үеийн ийм дохиолол тавиж өглөө. Долоон жилийн баталгаатай, батарейгээр ажилладаг энэ дохиолол ёстой манай гэрийн хороололын айлуудын тоононд байхад тохирсон эд байна. Мэдрэмж сайтай, бараг олигтойхон хуушуурын хиншүү, зургаагаас дээш хүн тамхи татахад л орилохоор мэдрэмжтэй эд гэнэ.  Дуунд нь баргийн хүн унтаад байхааргүй юм байна. Хуушуураа хайрахдаа түр салгаад байж ч болно. Дашрамд сануулахад нэг сэргэлэн нөхөр Улаанбаатарын бүх гэртэй айлд дохиолол тавихад хөөрхөн бизнес болно доо. Хүмүүсээ тоонондоо галын дохиолол тавиулцгаая.
17.04.2010, Токио

4/11/2010

Хар хүний өмнөөс шар хүн



ХАР ХҮНИЙ ӨМНӨӨС ШАР ХҮН

Саяхан миний хамгийн сайн найз, ёстой тэвдэж явахад аминд ордог дотно нөхөр маань Японд яаралтай ирэх гээд би урилга явуулсан боловч элчингээс виз өгсөнгүй гэж утасдав.  Яахаараа өгдөггүй юм гэсэн чинь элчингийн консулын хэлтэсийн үүдэнд материал авдаг эмэгтэй нь харилцааны соёлгүй, бүдүүлэгтэж урдаас материал шидээд өгсөнгүй гэв. Манай нөхөр ч бас тэнэг хүмүүстэй олон юм ярих дургүй л дээ. Өмнө уригдаад ирсэн хүмүүстэй яг адилхан материал бүрдүүлээд явуулж байхад яадаг байнаа тэр чинь гэж миний уур дүрсхийгээд элчин рүү нь дахин факс явуулсан ч Токиод товлож болзсон бизнес уулзалтын хугацаандаа нэгэнт багтахаа байсан тул найз маань  хойшлов.
Би бүр яг энэ асуудлаар бичие гэж бодоод л байсан чинь сайхан шалтаг боллоо. Яг үнэндээ ийм асуудал одоо манайд суугаа томоохон орны элчин сайдын яам бүрд бий. Энэ бол шуудхан хэлэхэд тэнд ажиллаж байгаа монгол хүмүүсийн харицааны соёл, ёс суртахуун, боловсрол, хувь хүний атгаг хачин зан, юм үзсэн, эс үзсэнээс л болж байгаа юм. Тэд хүний хийдэггүй юм хийж байгаа юм шиг, зохих материалыг ёс журмын дагуу хүлээн авахаас өөр ямар ч эрх мэдэлгүй байж наанаа хамраа сөхсөн хямсгар ааш гаргаж, хүнд чухал хэрэгтэй хүн болох гэж  олон амитанд хар хүний өмнөөс шар хүн болж байна.
Ямар сайндаа арван жилийн нэг хүүхэд Японд айлд түр сууж япон, хэл соёл сурахаар бас л бичиг баримтаа бүрдүүлж элчин дээр очиж. Тэр охин тухайн үед япон хэл бараг мэддэггүй байсан юм байна. Цаанаасаа япон хэлээр ирсэн материалаа өгсөн чинь энэ  чинь юу юм бэ гэж нөгөө ааштай хүүхэн хэлэхээр нь  бодож санах юмгүй гэнэн охин “-Та япон хэл мэддэггүй юм уу?” гээд хэлээд тавчихсан чинь, - Чиний мэддэг тэндээ л биз, чи битгий гайхуулаад бай гэж ирээд баахан загнаж загнаж нэг юм авчээ. Бас нэг эмээ Германд байдаг хүүхдүүд дээрээ очихоор элчинд визээ мэдүүлэхэд хүлээн авагч залуу –Та Герман Улсад ямар ажлаар явах гэж байгаа юм бэ? гэж албаныдуу дуугаар ихэмсэглэн асууснаа –Та Германд очоод юу хийх юм бэ? гэж лавшруулав. Эмээ ийшээ тийшээ харснаа – Алив хүүхээд “-Хүүхдүүд дээрээ очсон хүн юу хийдэг юм бол доо? гэж аврал эрсэн байртай өрөвдөлтэй харсан гэдэг.  Хүүхдүүдийнхээ урилгаар очиж яваа эмээ ер нь юу л хийв гэж дээ аан. Бас саяхан Японы элчинд визэнд орсон Академийн эрдэм шинжилгээний ажилтан залууг Киотод олон улсын  хуралд ирэхээр виз мэдүүлэхэд нь -Та япон хэл мэдэхгүй байна гэж баахан ширүүлж. Нөгөөх чинь олон улсын хурал англи хэлээр болдог юм хүүхэн гуай, би хуралд явахын тулд япон хэл сурах албагүй биз дээ, өгвөл өг байвал бай гэж хэрэлдэх хэлцэхийн дунд нэг юм визтэй болж. Иймэрхүү онигоо шиг юм Англи, Америк, Франц, Герман, Япон, Солонгос зэрэг визиндээ хатуурхдаг том орнуудын элчин сайдын яамдын үүдэнд өдөр болгон болж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл тэнд нөгөө их зантай, эвэр туурайтай монголчууд сууж байгаа.
Эд ёстой нөгөө хар хүний өмнөөс шар хүн болж ямар ч эрх мэдэлгүй байж бараг үүднээс хөөж явуулдаг нь бүр аль ч элчинд жишиг болж. Тэднийг хөлсөлж ажиллуулж байгаа гадныхан үүнийг жаахан анхаарч монгол хүнд соёлтой боловсон, зөв хандаж харицаж байна уу, үгүй юу гэдгийг тандаж, шалгаж баймаар байна. Тэгэхгүй бол нэг айлын ааштай авгай, эрх охин, эсвэл нэг хямсгар залуугийн дураар асуудал жинхэнэ эзэндээ очихоос өмнө шийдэгдэх болоод байгаа нь нууц биш юм. Эрхбиш монгол хүн юм бол монголчуудаа дэмжиж, нэг ч болов монгол хүний визийг нь өгүүлэх, явуулах талаас боддог баймаар. Яагаад ийм хүмүүс гадны элчингүүдийн үүд цонх хавиар суугаад байгаагийн учир шалтгааныг хөөвөл гадаадад голдуу амидарчихсан, монгол улс, эх орны байдал, орчин тойрон, нөхцөл боломжоо мартчихсан, эсвэл гадны хөгшин, залуу нэг юмтай сууснаа их юманд бодчихсон улс голдуу танил тал, арга чаргаараа энэ ажилд ороод хийж байдаг байна. Уг нь ингэж тухайн орны хүмүүсийг элчиндээ ажиллуулдаг жишиг хаа сайгүй бий. Жишээ нь Японд суугаа Монгол Элчин Яаманд ч япон хүн ажиллаж л байна.Бээжинд байгаа Америкийн элчинд хятад хүн ажиллаж л байгаа.
Ийм хүмүүсийн үндсэн үүрэг бол ердөө л хүмүүстэй соёлтой боловсон харицах, хэм хэмжээг сахих, тухайн элчин яамны шаардлагын хэмжээнд материалыг бүрэн бүтэн хүлээн авч цааш дамжуулах. Тэрнээс эд нарт та яг юу хийхийн, та япон хэл мэдэхгүй байна, таны материал сайн муу байна гэж шалгаах, үнэлж дүгнэх юм уу, таны виз баараагүй, эсвэл таны виз ч гарахгүй л байх аа даа гэх мэтээр уридчлан  амаар виз өгөх, цуцлах, айлгах, элдэв янзаар дарамтлаж,  хүнийг сэтгэл санаагаар зовоож тоглох учиргүйсэн. Монголд визгүй зорчдог улсын тоо нэмэгдээд байгаагийн нөгөө талд жирийн муусайн монголчуудад хатуурхах нь улам улам нэмэгдэж байгаагийн нэг нь энэхүү элчин яамдын үүдэнд суугаа монгол нөхдүүд өөрсдөө шүү.  Монголчуудаа дэлхийн хөгжингүй оронд визгүй хөл тавидаг болгож гийгүүлдэггүй юм гэхэд ядаж тэнд суугаа "хар хүн шар хүний өмнөөс л шийд гаргаад  баймааргүй" байх юм даа.
Токио, 12.04.2010

1/26/2010

Утсан Монгол


    Өнөөдрийн “Өнөөдөр” сонин дээр “Утаат Монгол” гэсэн хөөрхөн фельетон нийтлэгдэж. Өчигдөр би Нарита ороод буцаж явахдаа яг энэ сэдвээр нэг юм бичих санаа бодож явлаа. Хотод суугаа аав, ээж, амитан ах дүү, найз нөхөд хотын “хорт утаа” хэрээс хэтэрч байгааг бичиж, ярихын сацуу сонин сэтгүүл, хэвлэл мэдээллээр ч ёстой нэг хангалттай бичиж л байна л даа уг нь. Гэхдээ харид суугаа бид харин тийм эээ хэмээн хий хоосон гаслаж, шогширохоос юуны хэтрэх.
   Харин бичих санаа төрөхийн учир нь Улаанбаатараас ирж байгаа монголчуудын үнэрээс болсон хэрэг. Хүн тосох гээд хүлээнгээ монгол хүнийг таних бас нэг сайхан арга нь утаа болж байгаа юм байна даа гэж бодож зогслоо. Хажуугаар өнгөрсөн ямар ч монгол хүн нэг “сайхан үнэр” сэнгэнүүлээд л ёстой би “нүүдэлчин монгол хэдий ч нүүрсний утаанаас ирлээ” гэх шиг тансаг аа. Үсээ гелдэж, өмдөө индүүдсэн залуугийн ч, байдгаараа гоёж, багаа өмссөн хүүхнүүдийн ч үнэтэй усыг давж байгааг өөрсдөө мэдэхгүй байгаа нь хөөрхий.
   Ийнхүү долоо хоногийн Даваа, Баасанд Наритагийн онгоцны буудалд нэг л сонин үнэртэй хүмүүс явдаг болчихоод хэдэн сар болж байна. Хилийн байцаагч нар хачин юм үнэртүүлсэн хүмүүсээс хурдан салахын түүс болж байж мэдэхээр. Харин азаар H1N1 ханиадаас болоод маасктай ажиллаж байгаа болохоор арай огилгүй, муужралгүй тамгаа дараад байх шиг байна. Энэ нь харин ч зөрчил дутагдал ихтэй бидэнд сайнаар нөлөөлж байгаа ч юм бил үү.
   Гадаад орчиноос хамгаалсан нүдэнд харагдаж үзэгддэггүй бүрхүүл хийчээгүй бол манай муу сайн дарга нар ч гэсэн “ард түмнийхээ төлөө” утаагаа үнэртүүлээд л энэ дэлхийн хаа нэгтээ “Утаа багасгах төсөл”-өө барчихсан манаргаж яваа байхдаа зайлуул гэж бодохоос бас өрөвдөнө. Утааг бүр мөсөн юм уу ихэнхийг арилгаж үгүй хийж болохгүй тэгэх юм бол гадныхнаас цохидог мөнгө нь үгүй болчих учир, хэзээ ч бүтэхгүй хэдэн тэр бумын коксжсон нүүрсний үйлдвэр яриж, хэдэн зуун саяын цахилгааны халаагуур хийсэн болж, сая сая долларын бүрээс мүрээсхэн тараасан шиг өвлийг өнгөрөөх нь ашигтай.
   Салхин дээр бараалан сүүмийх гэр хорооллын бүхэл бүтэн хэдэн хороололыг  нүүлгээгүй цагт хэзээ ч арилахгүй нь тодорхойг мэдэхгүй биш мэдэж л байгаа. Гэтэл манай гишүүн сайд  үүнийг уншаад юу гэж бодож байгаа гээч ... “Утаа бүр мөсөн арилгачих төсөл” боловсруулчихвал харин ёстой насаараа гэмшээд барахгүй тэнэг юм болох учраас харин ч яаж биелэхгүй юм бичих гэдэг чинь үнэн төсөл бичихээс хэд дахин хэцүү хөө, энэний чинь төлөө бид өдөр шөнөгүй сууж, бодож сэтгэж  толгойгоо гашилгана. Эрхбиш цаг хугацаатай юм болохоор хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлах цагт мартамхай монголчууд мартамхай юм болохоороо мартаж л таараа. Нөгөө Монголын аялал жуулчлал улирлын чанартай гэдэг шиг, утаа бас улирлын чанартай бизнес шүү дээ. Улсын жилийн төсөвт 4-5 тэрбум, дээрээс энд тэндээс овоо жаахан мөнгө олоод тоншчихно. Жишээ нь  энэ жил гэхэд л Мянганы сорилтын корпорациас 47 сая ам. доллар туучина, бага мөнгө биш байгаа биз дээ.  Дараа өвөл бүр "ухаалаг"  төсөл бичиж өшөө  илүү цохихыг бодно шүү  хө. Харин  нээрээ дараагийн төсөл дээрээ үнэрийг нь багасгах талаас нь бодоё байз. Санаанд ороогүй юм байна шүү. Хүн чинь тэгээд өөрийнхөө үнэрийг мэдэх биш, Оросууд хулмасаа, харууд нэг хачин үнэрээ, арабууд нялуун хурц үнэрээ, хятадууд өмхий амаа мэддэггүйтэй адилхан. гэж ...
Нээрээ, утсан хиам гэдэг шиг нүүрсний утаагаар утуулсан сонин үнэртэй  манай монгол чууд энд тэндэхийн онгоцны буудлаар нэг хөлхөнө. Тэр дотор нөгөө утаатай байлгах сонирхолтой нөхөр ч өөрөө үнэртүүлээд л давхиж яваа. Харин үнэр яах вэ хор нь.
2010.01.26

7/26/2009

ЭВ

Өчигдөр амралтын өдөр гэртээ өнжлөө. Харин манай байшингийн урдуур гарах ногоон зам дээр нэг ачааны багашаархан тэрэг “шаварт суучихаад” гарах гэж үйлээ үзлээ. Шавар ч гэж дээ тэр нь манайхаар бол нойтон ширэг юм. Надад их сонин харагдахаар нь би зургийг нь авлаа. Тэнд гурван нөхөр машинаа гаргах ухаанаа олохгүй ёстой ядарч байна. Гадаа гүйж гараад алив би гаргаад өгөе гэж хэлэн алдавч охин хориглоод “яах юм бэ, наадуул чинь таныг машиндаа суухыг зөвшөөрөхгүй. Тэгээд ч та ч гаргаж чадахгүй байх” гэлээ. Гаргана аа, гаргана. Ийм юманд чинь эв хэрэгтэй байдаг юм. Тэрнээс эд нар шиг тултал хаазлаад орилуулаад байхад ийм гүехэн шавар дээр ч машин хий эргэдэг юм. Эвээр үзэх хэрэгтэй. Хүнд араанд нь хийгээд жинд нь таарсан зөөлөн хаазлаад араас нь жаахан дэм өгөхөд гараад л явчихна. Сэтгэлд багтаж л байлаа. Ээ чааваас эд нар засмал замаар жирийсээр байгаад бүр жижигхэн халтиргаанд суудаг болж дээ гэж харамсав. Тэр хэд сүүлдээ хамаг ачаагаа буулгаж зөөж байж нэг юм “шавраас” гарах “ухаан олж” гарав бололтой. Тэгээд би эвийн тухай бодож, нээрээ аливаа зүйлийг эвээр хийхгүй бол хүчээр хэдийг хийх билээ гэж буурал аавынхаа юухан дээр ч болов сургадаг байсан амьдралын боди сургаалыг дурсан суулаа. Буурал аав минь ямар ч юманд эвтэй байхыг сургадаг байсан юм. Зуухан дээрээс шанагатай цай авахад ч эв хэрэгтэй. Эвгүй авбал цалгиана, асгана гэдэгсэн. Энэ бол эв дүйтэй бай, эвээр юм хийж сур гэсэн амьдралын ухаан байлаа. Аливаа зүйлийн өөртөө байгаа юмуу, өөрийнх нь гаргасан тэр хүчийг дагуулж өөрт нь зориулахыг хэлж байгаа юм. Машин ч, хүн ч ялгаагүй. Их Сургуулийн салбар сургуулийн захирал хийж байхад үр хүүхдээ өмөөрсөн тэнтийж улайсан ууртай бүдүүлгүүд, өөрийнхөө төлөө л үхэж хатах гэсэн аминцарууд орж ирдэг л байлаа, худал хуурмаг хов жив магадгүй өмхий санаандаа илжрэхээ шахсан, хар муу санаандаа энэ тэгчих болов уу ингэчих болов уу гэсэн авгай, хүүхнүүд орж ирж хэрүүл уруул хийхийг алийг тэр гэхэв. Харин тэр болгонтой хэрүүл ам хийж гахай нохойдоо хүрэлгүй аашыг нь аманд нь хийж, уурыг нь уутанд нь хийж, хий хуйгаар нь даруулж буцаах буурал аавынхаа сургаалыг би баридаг байсан юм. Энэ бол эв. Би бас өөрөө мэдэхгүй ийм байх, тийм байх хэрэгтэй гэж үглэж дуулдаг шиг байна. Эвтэй байхын сургаал үр хүүхдүүдэд минь ч үргэлжилж л байх шиг санагдана. Өргөдөл бичих гэж өнцгөөс нь эхлэж байгаа хамаатнаа зэмлэж байх охиноо хараад зөв хө гэж догиож л байх жишээтэй. Нээрээ л үнэн. Зай данг нь олоод эвтэйхэн бичвэл ядаж хүн харахад ч аятайхан шүү дээ. Эв хавгүй мурийж сарийсан юмыг хэн ч сайнаар харахгүй, энэ ч дээ л гэнэ. Эвийн цаана их хүч хуримтлагдаж байдаг гэдэг. Эвийг нь олж хийвэл ямар ч хүнд байдлаас гарч болно, хүнд юмыг өргөж болно. Эвийг нь олж харицвал ямар ч эвгүй хүнийг давж, дарж болно. Эв гэхийн цаана эвлэгхэн, эвтэйхэн, эвсээрхэн, аятайхан, сайхан бүгд багтана. Эвтэй хүнийг зарим нь зөөлөн гэдэгийн. Зөөлөн байх нь хатуу байснаас дээр. Хяргаж тасдчих гэсэн хатуу нь хамаг хүчээ цацаад өнгөрөхөд зөөлөн хүчээ нөөгөөд үлдэнэ. Зөөлөн хатуугаа иднэ ч гэж яридаг. Яагаад гэвэл зөөлөн байна гэдэг эвийг нь олно гэсэн үг. Эвийг нь олох гэдэг нь хүчтэй байна гэсэн. Эв их цуглуулах тусмаа хүч энерги төдийчинээ их хуримтлагдана. Эвтэй байхдаа хүчтэй гэдэг сургаал чинь уг нь ганцхан улс төрд зориулсан үг биш шүү дээ. 
05.07.2009, Токио

ЦАГ БОЛ АЛТ

Би нэг удаа “Sony” төвөөс нэг дотно андынхаа баярт ханын том цаг бэлэглэхээр Сейко хэмээх сайхан цаг худалдаж авсан юм. Би ер нь хүнд цаг өгөх дуртай л даа. Өөрөө ч муугаа мэдэхгүй гайгүй, брэндийн цагаар гангарах ч санаатай. Хүмүүст цаг бэлэглэх дуртай нь давхар давхар санаатай бас. Нэгдүгээрт цаг хэрэггүй хүн гэж байх биш. Хоёрдугаарт, цаг хугацаа гэдэг хэмжээ хязгаартай шүү гэдгийг ямар нэгэн байдлаар ойлгоосой гэж боддог юм. Энэ нь алиг шалиг юманд цагаа битгий урсгаасай, хий дэмий битгий байгаасай, алт шиг амьдралыг хог шиг бүү үрж дуусгаасай гэсэн санааг л хэлэх гээд байгаа ухаантай юм л даа. Тэгээд яагаад ч билээ тэр цагийг өгөхөө ямар ч байсан болисон юм. Өөр тэр хүнд таарч зохирох аятайхан бэлэг олсон байхаа. Цагийн үнэ цэнийг аль хэдийн мэдсэн хүн ч байсан байж мэднэ. Уг нь тэр цагийг нээгээд нүүрэн дээр нь гоёмсог алтан үсгээр “н... Танаа дурсгав” ч билүү нэг сайн сайхан үг л бичсэн байсан юм. Өгөхөө болисон болохоор ямар тэр чигээр нь өөр хүнд өгөлтэй нь биш, нөгөө бичсэн дээр нь “ЦАГ БОЛ АЛТ” гэж компьютерээр бичиж хэвлэж наагаад номын өрөөнийхөө хананд хадчихлаа. Үнэндээ тухайн үед л орж ирсэн “хамгийн мэргэн” санаа нь тэр л дээ. Тэгсэн чинь манай дөрвөн настай охин орж ирж харж байснаа аав аа та цаган дээрээ “Цаг бол алт” гэж биччихээд л гайхуулаад байх юм. Наад цаг чинь ямар алт юм уу” гэж билээ. Эхнэр бид хоёр үхтэлээ инээлээ. Бид охиныгоо манай гэрийн Х-Түц гэж нэрлэдэг юм. Нээрээ энэ чинь алт биш ш тээ аав нь андуурчихаж гэж би жаахан охиноо жаал явуулж билээ. Удахгүй миний охин “цаг бол алт” гэхийн цаад утга учрыг ойлгодог болно доо.

ХӨДӨӨНИЙ ХҮҮХЭД

Зургаан настай Зулаа охин аавынхаа багынх нь амьдрал түүхийг их сонирхон сонсож дахин дахин яриулах нь эгдүүтэй. Тэр тухай яриа аавынх багын резинэн хүүхэлдэй тэвэрч авахуулсан зургаас үүдэлтэй аж. Аав аа та эрэгтэй хүүхэд байж хүүхэлдэйгээр тоглодог байсан юм уу? Тэгэлгүй яахав аавыг нь багад тоглоом моглоом одоогийнх шиг есөн шидээрээ байдаггүй, олддоггүй байлаа. Олдож, авч өгсөн нь тэр байсан байх. Шилний хагархай, толины хэлтэрхий, модны тайрдасаар л тоглодог байлаа шүү дээ гэхээр их өрөвдөж хайрласан царайтай харах. Аав нь анх нэгдүгээр ангийн эхний улирал дуусгаж чадаагүй тоо бодлогынхоо номыг алдчихсан юм. Уг нь эхлээд тоогоо их хурдан боддог хүн болгоноос түрүүлэх гэдэг өвчтэй хүүхэд байсан юм. Номоо алдсанаас хойш хүүхдээс номыг нь гуйж даалгавараа хийдэг боллоо. За ингээд замрах тийшээ хандсан даа гэж тоонд муу байснаа толгой руугаа биш ном руугаа чихэх гэж үзлээ. Тоонд муу сайн байхыг тоож байгаа ч шинж алга. Ааваа та яасан гоё зурдаг юм бэ? Харин аавынх нь нэг сонирхолтой юм зураг зурахын бөөн өвчин байлаа. Юм л бол зураг зураад суучихна. Хамар даваад очих саахалтынхаараа тоотой орж үзсэн байж хаа байсан сансар огторгуй, саран дээр энэ тэр гэсэн зураг зурж хийрхэх. Ээ дээ мөн гэнэн байж дээ. Аав нь мөн их өлсдөг хүүхэд байсан шүү, сумын төвийн айлыг өдөртөө нэг гүйцээдэг хүүхэд байв шүү. Манайх чинь олон хүүхэдтэй ядарсан ёстой нөгөө хоосон хонодоггүй, хоёр иддэггүй, айл байлаа. Тэр үеийн “хэн дуудав хиншүү дуудав уу” гэдэг үг чинь жинхэнэ биеждаг газар чинь сумын төв. Ээ мөн олон айлын эгчийн гараас боорцог авсан даа гэвэл хоол авчирч өгөх нь халаг. Би та нарыг төгөлдөр хуур сургахын тулд мөнгө зараад л байдаг, та нарын байж байгаа царай гэж чамлах, нарийлахыг зэрэгцүүлэн хэлээд аав чинь бол гэртээ байсан баян хуур хөгжимийг хэнээр ч заалгаагүй өөрөө сонсголоороо сураад бүхэл бүтэн сумын төвийн бүжиг явуулдаг хүүхэд байлаа шүү дээ гэж аминдаа өөрийгөө магтаж жаахан онгирох аядвал аав аа бүжиг явуулах гэж яадагийн гэж урдаас бүлтийх. Тэгээд өглөө гараад хичээлд явна, өдөр ирээд гэрээ цэвэрлэнэ, хогоо хаяна, мөс усаа зөөнө, түлээ модоо хөрөөднө, хоол ундаа хийх гээд ойр зуурын хар бор ажил тасрахгүй. Оройхон нэг юм хичээлээ хиймэр болно. Гэрэл цахилгаан гэж байх биш лааны гэрэлд сөлөгнөж байтал алив унтаач ээ гээд бүгдээрээ орондоо орж гэрт нам гүм болно. Лаагаа гамнах гэж савантай усаар баахан үрдэг сэн. Аминдаа хэмнэж байгаа нь тэр гэвэл лаа гэж юу болохыг мэдэж байгаа ч янзгүй. За тэгээд сахилгагүй, дүрсгүй л гэж дүүрчихсэн амьтан байсан юм байгаа биз ээждээ баахан гөвүүлнэ. Аав барагтай бол гар хүрэхгүй, нүдний нь харцаар л байх. Ээж бол үглэх, зодох хоёрыг ч мөн үзүүлнэ шүү дээ, ган халбага, төмөр шанагаар ч мөн олон туулгасан даа, Үүний хүчинд аав нь өдий зэрэгтэй явж байж ч магадгүй гэвэл тэгээд та хоёр эгчийг зоддог байсан юм уу гэж өөрөө цохиулах гэж байгаа юм шиг ярвайчихсан суух. Аав нь хэрэв та нар шиг бүх юм нь бэлэн зэлэн, гадаад дотоодод сурахаа байг гэхэд үгүй бүр ядаж хотын хүүхэд байсан бол мөн ч их юм сурна даа ... гэж аминдаа аль болох их юм сургах тал руу нь догиох аятай ээрч муурч эвээ олж ядан гацаж байтал эхнэр нь өөрөө хотын охин байж “чи ч хотын банди байсан бол өдийд нэг ажил ч үгүй, амьдрал ч үгүй юм явах биз” гэж тоглож байгаа, шоглож байгаа хоёр нь мэдэгдэхгүй юу ч болоогүй юм шиг хэлэх. Нээрээ л би хөдөөний хүүхэд биш хотын хүүхэд байсан бол би ямаршуухан нөхөр явах байсан бол доо...  
2009.06.23

СУМЫН НААДАМ

Маргааш наадам. Манай сумын наадам. Сумын наадам гэхээр хүн бүрийн санаанд Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж агсаны “Сумын наадам” гэдэг хайрын шүлэг хамгийн түрүүнд санаанд буудаг юм. “Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох моридноос суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу” гээд л ... Манай сумын наадам миний нүдэнд харагдах шиг боллоо... Арван нэгэн. Нээрээ л сумын наадмын талбайг өдөржин тойрох морид. Түүний дээр наадам гэж нааш цааш давхилдахын нэр гэх шиг хүүхэд багачууд голдуу морины хар хурдаар пижигнэн давхилдаж өнжинө. Моридоос унах шинэхэн ногооны хомоолын үнэр. Хөлөөр нь босох тоос шороо. Гэхдээ найтааж байснаа санахгүй юм. Урдуур хойгуур гүйж хөл рүү нь орчих гэсэн хүмүүсийн хөдөлгөөн. Гэхдээ өшиглөж тангараад сүйд хийж байсныг нь хараагүй. Наадмын морид олны хөлд их л тогтуун сайхан. Сумын аж ахуйн сайн муу болгонд шахуу баридаг хэмхэрхий унь ханатай, яйжгий тоонотой хэдэн муу гэр наадмын талбайн араар бараадна. Наадмаар нурж унаж гэнэ гэж сонсоогүй. Тооноор нь ханхлах хуушуурын үнэр содон сайхан. Хуушуур олдохгүй байна гэж дуулаагүй. Үүнээс өөр сайхан юмгүй юм шиг л сонин боосон хуушуур барисан улс энд тэндгүй. Яриад байгаа, дуулаад байгаа хоёр нь ялгарахгүй шахуу холбооны үзель. Уртын дуу нэг тасран, нэг залган наадмын талбайд паржигнана. Бухимдаж байснаа санахгүй байна. Болж л байсан даа. Эр эмгүй багтаж ядсан хөлийн майхан. Өмсгөлтэй өмсгөлгүй, өмд гуталтай бөхчүүд. Нэгийн даваанд уначихаад уйлж суугаа банди, аманд гарсандаа аархаж суугаа залуу. Цэргээс ирсэнээсээ хойш тувт түрүүлсэн сумын заан. Амны бөхөд гарсан арван хэдтэй банди. Арай гэж жаран дөрвөн бөх барилдуулна. Тавын даваанаас хойш хөгшид байраа эзлэж буурь заан сууна. Олдохтой үгүйтэй айраг харин төв асрын ширээн дээр дарга нарын урд далбилзан цалгиж, асгаж харагдана. Их насны морид эргэх таамгаар энд тэндгүй машин дүүрэн хүмүүс, жолоочийнх нь зүрхийг хөөргөж хөөрхөн уралдуулна. Моритой, мотоциклтой , машинтай улсын уралдаан болж байна уу гэж андуурмаар хөндий дүүрэн улаан тоос. Осол гарч гэнэ гэж би дуулаагүй. Шавгийн толгойдоо сумаараа шаваж моридоо хүлээнэ. Хөгшид өвгөд энд тэндгүй золгож харагдана. Дэлгэр зуны цаг ирж сумынхан цагаан сараас хойш уулзаж байгаа нь энээ. Наадам ч яах вэ оройн бүжиг хурдан болоосой гэж хөл нь хөнгөрч, хөлсөө ханхлуулсан охидууд, банди нар энд тэндгүй хөшилдөнө. Орой болоход улаан буланд киноны авсаархан мотор тачигнаж, гэрэл гаргаад, баян хуур хөгжимд хөлсөө садарч, хөлөө эцтэл валис эргэнэ. Өөр үзээд өгөе гэхнээ ямар ч хөгжим байхгүй юм чинь. Бүжиг тарна. Тас харанхуй. Дээд доод гудамж руу дэжигнэтэл давхилдах моридын төвөргөөн. Хэрэг гарч гэнэ гэж би лав дуулаагүй. Арван хоёрон. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж бүгд цуглана. Үзүүр түрүү заан Баасан, Оргодол, Мандах хэн хэн билээ нутгийн сайхан бөхчүүд. Тэнд очиж бэлтгэл хийж байна гэж би дуулаагүй. Бэлтгэлгүй ч бэлтгэлтэй юм хүдэр чийрэг сайхан биетэй харчуул ханхалзан зогсоно. Түмний эх Батгайн хээр, Дондивын алаг. Түрүүлсэн бөх, түмний эх, баян ходоод. Төрийн далбаа, төв асар. Холбооны Содов гуай цангинатал цээлхэн цоллодог сон. Хүүхэд байхад холбоочин хүн морь цоллох ёстой, эмч хүн дагаж давхих ёстой юм байна гэж боддогсон. Бай мөрий, бариа шагнал. Бүгдээрээ бариж үзэх гэж байгаа юм шиг асрын өмнө сумаараа овоорчихно. Хөөрхөн даага хөтөлсөн адуучин асрын өмнө ирлээ. Дарга үгээ хэлж цулбуураа гардуулна. Хөөрхөн ш тээ сумын наадам. Хөөрхөн нь юундаа байна гэхээр бүх юм нь ориг, наадам наадамч хоёр нь бие биедээ ойр байдагтаа байдаг гэж би боддог. Маргааш наадмын өдөр өө.
10.07.2009, Токио

7/22/2009

ААШ


ААШ
Батынх Токиод гарсан зээ хүүгээ галын зээ гэж газар тавихгүй эрхлүүлэх. Хэнээс ч хир халдаахгүй янзтай. Ач зээ “хэлгүй бас хөлгүй” болгодог гэсэн үнэн бололтой. Хэлээ хазаж, өвдгөөрөө мөлхөнө гэсэн үг. Охин нь хүүгээ миний энергийн төв гэж өдөр шөнөгүй үнсэж үнгэх. Ёстой ганц үнэн үг хэллээ дээ миний охин. Эцэг эх, эмээ өвөөдөө үр ач нь хэзээ ч дундрахгүй энергийн төв гэж охиноо үнэлэх.
Байрны шатны доор нялх хүүхдийн тэрэг тавих алгын чинээ зай байх. Япон газрын бүх юм овор хэмжээ жижиг, орон зай бага. Тэднийх зээгийнхээ тэргийг тэнд тавидаг юм. Угаасаа ч хүүхэдтэй айл бүхэн гадаа шатны доод зайд тавих учиртай. Гэртээ оруулаад тавих газар олдохгүй. Энэ газар хүүхдийн тэрэг, дугуй гэсэн тиймэрхүү юм бүгд гадаа. Бат гэнэт дургүй нь хүрэв. Юунд? Хөршийн авгай Кимура танайх хүүхдийн тэргээ тэнд тавьж болохгүй гэж гадуурхах ааш гаргасныг дуулаад тэр. Ядаж байхад нөхрийнх нь ааш муутай гэж. Өөд өөдөөсөө харсан хөрш ч өглөө таарахад мэндлэхгүй. Эхлээд овоо түрүүлээд мэндлэдэг байснаа сүүлдээ адилхан хараагүй юм шиг өнгөрнө. Тэр яахав дээ, эр хүн байж эм хүн шиг өөдгүй зантай юмнууд байж л байдаг гэж уучлах. Харин ганцхан юманд голоосоо дургүй нь хүрнэ. “Яахаараа хаа нэг ирдэг хайрцагтай загас тавихын төлөө нялх амьтны тэргийг тээршаадаг байна? Ер нь хаана ч тависан яадагийн? Яахаараа биднийг адлаад байгаа юм бэ, яадгийн би хэлнэ гэж оволзоход эхнэр нь хэрэггүй ээ “зөөлөн нь хатуугаа иддэг юм өвгөн минь” гэж нэг их цэцэн үг хэлээд дарж авах. Бодохоос л уур нь хүрнэ. Уур хүрэхийн учир нь тэднийх нэг машины газар дээр хоёр машин тавидагт байгаа юм. Бас хөөрхөн зальтай. Япон хүнд бас ийм заль байна аа гэж гайхах. Нөхөр нь машиныхаа хамрыг эхнэрийнхээ машины бөгсөнд тулгаж тависан нь үнээ үнэрлэх бух лугаа харагдах нь инээдтэй ч нэг машины мөнгө төлсөн газар хоёр машин тавичихаад нэг муу хүүхдийн тэрэг болохоор байх ёстой газраа яагаад байж болдоггүй байнаа гэж бодохоос, машиныг нь харах болгонд дургүй нь хүрнэ. “Хаа газрын хүүхнүүдийн ааш адилхан миний өвгөн тайван бай” гэж хань нь түүнийг аргадах. Гал дээр гарсан зээгийн төлөө галзуу авгайтай тулахаас ч буцахгүй янзтай. Хаа газрын хүний аашаа гэж.
15.06.2009