Showing posts with label Эх хэл бичиг мини. Show all posts
Showing posts with label Эх хэл бичиг мини. Show all posts

8/21/2010

Манай онгоц өндрөө алдаж эхлэлээ


Саяхан Солонгос, Японы найзуудтайгаа Хөвсгөл далайд очиж амрахаар Улаанбаатараас Изнис айр (eznis  гэдэг нь easy fly гэсэн утгатай юм гэнэ.) компаний Сааб гэдэг онгоцоор нисэв ээ. Тэнгэр хангай ч ивээж цаг агаар сайхан тогтуун цэлмэг байлаа. Мөрөнд дөхөж очоод онгоцны үйлчлэгч залуу зарлаж байна. "Эрхэм хүндэт зорчигчид оо, манай онгоц 15 минутын дараа Мөрөн хотын онгоцны буудалд буухаар өндрөө алдаж эхэллээ. Та бүх суудлын бэхэлгээ, бүсээ дахин нэг шалгана уу?" гэж байна. Өндрөө алдаж эхлэлээ гэхээр монгол хүний сэтгэхүйд бол сонин л сонсогдож байна. Изнис бүгдээрээ тэгж ярьдаг бол эвгүй л юм. Буух гэж байна, буухаар сууж эхэллээ, ядаж доошилж байна гэвэл дээр шиг санагдлаа.

2/19/2010

ХЭЛИЙГ ХЭН ГУТААДАГ ВЭ?

 

Хэлийг хэн гутаадаг вэ?
Эх хэлний талаар бид зөндөө л яриж байна гэвч жаахан байж байгаад л нэг буруу үг, хэллэг, буруу бүтэц, буруу нэр томьёо хуурай өвсөнд зурсан шүдэнзний гал шиг л хурдан нийгэмд тардаг. Тэр тарж байгааг  хийдэг нь хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл тэр дундаа зурагт, радио, шар сонинууд. Гэтэл хэлийг буруу хэрэглэж, буруу хэлбэржүүлж байгаа нь уг нь эзэнтэй байдаг аж. Хэлийг хэн гутаадаг юм гэвэл бид өөрсдөө. Ингээд та бүхэнд хэн яг юу гэж буруу яриж байгааг баримттай үзүүлэх булан нээлээ. Манай Ардын уран зохиолч Өөлд өвгөн хэмээх Тангадын Галсан уг нь аль дээр ийм санаа хэлж байсан санагдана. Нээрээ ингэвэл жаахан засарч магадгүй.Улаанаар бичсэн нь ямар нэгэн алдаатай үг, үгүүлбэр гэж ойлгож болно.Та бас нэг анхаарч  үзээрэй.

  • "Ер нь сайхан хөгжим сонсох дуртай даа, хөгжлийн нөхцлүүд шингэсэн илэрхийлэлтүүдийг сонсоход сайхан байдаг. Манай уртын дууны нөхцлүүд яг л байгаль дээрээ бүтээгдсэн шиг санагддаг. " П.Хэрлэн, дуучин, Өдрийн Сонин, 2010.02.20, №40
  • "Дөрвөн оюутан залуугийн нэгэнд найруулагчийн ах, жүжигчин Ж.Жамъянсүрэн тоглосон бол шинэ бүтээл "Адам"-ыг ах нь продюссэрлэжээ." Д.Ариун, Өдрийн Сонин, 2010.02.20, №40
  • “Харин Ц.Элбэгдорж ганц л зүйл  хүссэн. Өөрийн төгссөн Харвардын их сургуулийн захирлыг уримаар байна гэжээ. Монголд хэрэгтэй зүйл. Хоёр орны боловсролын салбарын харилцаанд ач холбогдол өгөх юм.” Б.Цогнэмэх, 
  • “Тэгэхээр хөөрхий залуучууд, уран бүтээл биш сонгуулийн сурталчилгаа болж таарах нь. Үзэгчдийн дунд хий хүлээлт үүсгэж "луйвар" хийсэн болж таарч байна.” Монголын нэг өдөр 
  • “Кира Найтлиг хоол ид гэж олон хүн хэлдэг ч тэр туранхай байхыг хүсдэг. Энэ байдлаараа тэр эцээлт болоход ойрхон байна.” News.mn
  • Ц.Нямдорж сайд хэвлэлд их няхууртай." О.Билэгт, Өдрийн сонин, 10.04.2010, №085
  • "-2000 оны эхээр АНУ-д сурч ирээд ажлаасаа багагүй төсөөрсөн байсан. Нэлээд хугацаанд эфирт гараагүй болохоор үзэгчдэд багагүй хүлээлт үүссэн байсан. Тэгсэн эфир явж байтал найруулагчийн буруугаас болж гэнэт текст солигдоод “Юу болов оо, яачихав аа?” гэдэг үгийг би англиар “what what happened” гэж хэлээд эвгүй байдалд орж маш их ичиж билээ." Ч.Ичинхорлоо, "Өнөөдөр" сонин, 2010.04.26
  • "Хамтлагийн маань жүжигчин Чулуунцэцэг бид хоёр нэг өдөр мэндэлсэн юм билээ. Тоглолтын дараа хамт олонтойгоо нижгэр тэмдэглэнэ."  А.Гэрэлцэцэг, "Бүсгүй хүн эр хүний өмч" Ням гараг, амралт чөлөөт цагийн хэвлэл, 2010 оны 4 сарын 29
  • "Үүнийг үндэслэн Аэробус компани 6 сарын хугацаатай сертификат  ирүүлсэн бөгөөд түүнийг манай Иргэний Нисэхийн Ерөнхий Газар баталгаажуулж  уг онгоцонд нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох ажиллагаа явагдаж байна", Орхон, "Нойтон түрээсээр онгоц авснаар манай зорчигчийн тоо 17 мянгаар нэмэгдсэн", News.mn, 29.10.2010;
  • "Гэтэл нэгэн матраас болж, өнгөрөгч наймдугаар сарын 25-нд Бүгд Найрамдах Конго улсын иргэний тээврийн нэгэн нисэх онгоц газардалт хийх гэж байгаад осолдож, 20 зорчигчийн амь нас үрэгдсэнийг амьд үлдсэн цорын ганц  зорчигч ярьжээ." Д.Пунцаг, "Ньюс доот эм эн"
  • "Агаарын бохирдлын хэмжээ хүн амын хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Гурван хүүхэд тутмын нэг нь жингийн дутуудалтай төрж байна." Б.Мандах, Ньюз эм эн, 2011.01.16
  • "МАН-ын өмнө зурайсангүй ээ. Сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдал “шинэхэн мэндэлсэн” МАН-ын нүүр царайг тун ч баргараар танилцуулж байна." Ц.Даваадорж, "Сүрэг чоно", нийтлэл, "Өнөөдөр" сонин, 2011.01.20, 
  • “А-310” онгоцыг маш хямдхан буюу 3.5 сая ам.доллараар гаднын улс оронд зарж, тус компанийг үнэгүйдүүлж, дампууруулах арга замаар тун ч хөнгөхөөн хувьчлаад авчих гэсэн тодорхой зорил готой хэсэг бүлгийг дэмжсэн бодлогыг Засгийн газрын зүгээс бариад байна уу гэдэг асуудлыг “Өнөөдөр” сонин анх удаа хөндөж, олон нийтийн анхаарлыг эл сэдэвт хандуулсан юм." Ц.Даваадорж, "Өнөөдөр" сонин,
  • "Дээрээс нь манай нутгийн ах дүү нар маш өндөр ач холбогдол өгч, манай Увсын бөхчүүдийг бэлтгэлд хамруулж, энэ өвлийн турш бэлт­гэл сургуулилт хийлгүүлсэн." С.Мөнхбат, "Үндэсний шуудан" сонин 
  • "Энэхүү өдөрлөг нь миний хувьд, Монголчуудын маань хувьд яагаад тийм өндөр ач холбогдолтой байв аа? Учир юун гэвэл Хятадын эдийн засаг, улс төрийн хувьд хамгийн чухал долоо хоногийн дундуур Монголын тухай томоохон хэмжээний нийтлэл China Daily дээр хэвлэгдсэн юм. " Чонын Ганхуяг, хувийн вэб сайтаас нь авав.
  • "Удаан хугацааны турш хүлээлт үүсгээд байсан "Apple-ийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга өчигдөр Калифорнийн Купертино дахь компанийн удирдлагын байранд боллоо." "Үндэсний шуудан", 2011.10.06, №231 (1255)

7/26/2009

ЭНЭ ЗАВШААНЫГ АШИГЛАН...


Энэ завшааныг ашиглан хайрт аав, ээждээ баярын мэнд хүргэе. Энэ завшаанд хайрт аав, ээждээ баярын мэнд дэвшүүлэн, сайн сайхныг хүсэн мэндчилье. Энэ хоёр үгүүлбэрийн аль нь аятайхан найруулгатай харагдаж, сонсогдож байна? Мэдээж хоёр дахь нь. Сайн мэдрэмжтэй хүн бодвол завшаан ашиглаж дэвшүүлсэн мэндчилгээнд дуртай байхгүй л болов уу? Манайхан радио, телевизээр ярилцлага өгөхдөө энэ завшааныг ашиглан ... хэмээх нэг ийм хэллэг хэлдэг болоод удчихлаа. Би нэг удаа сонинд бичсэн, уншсан хүн цөөхөн байх шиг. Завшааныг ашиглах гэдэг үгийг хэлж, хэрэглэж баймааргүй л байх юм. Учир нь завшаан гэдэг нь аз завшаан, азтай үе, гэсэн утгат хүндэтгэлийн утгатай үг. Ашиглах гэдэг нь хэрэглэх, завших, хожих гэсэн утгат доод найруулгын бараг бүдүүлэг үг. Энэ хоёр яагаад ч нийлж найрахгүй хоёр өөр найруулгын үг л дээ. Харин энэ завшаанд, энэ завшаанаар, гэх мэтээр дангаар нь хэрэглэж болно. Харамсалтай нь бүр дээгүүр албаны хүмүүсийн хэл, ярианд хүртэл маш их байна шүү. Тухайлбал, Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын даргын албан ёсны үгнүүдэд ч энэ үг маш их харагдаж, сонсогдож байна билээ. Тэгээд үүнийгээ зурагт, радио, сонин хэвлэлээр цацаад тэрийг нь хүмүүс дагаж дууриагаад бүгдээрээ завшааныг ашигладаг завшаанч, ашигч хүмүүс болоод байна. Үгийг нь бэлддэг, найруулдаг хүний чадал тэнхээг л харуулаад байгаа хэрэг л дээ. Мэдэхгүй бол толь бичиг үзэж, ёстой ашиглаж сурмаар байна, манайхан. Энэ завшааныг ашиглах гэдэг үгийн утгад дүйх ойролцоо утгатай хэлц, хэллэг монгол хэлэнд олон бийг бүгдээрээ мэддэг бас хэрэглэдэг болмоор байна. Жишээлбэл, энэ дашрамд, энэ ялдамд, энэ ялдар, энэ зуур, үүний далимд, энэ завсар, энэ янтал, энэ завшаанд, гэх мэтээр ойролцоо утгат үгс буюу синонимы олон буй үүнийг хэрэглэж сурагтун. 
 02.02.09, Tokyo

ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ЯВУУЛАХ ЁСТОЙ БАЙГАА


Манай хэвлэл мэдээллийнхэн тэр дундаа зурагтын сэтгүүлч нар тэгдэг байгаа, ингэдэг байгаа гэж нэг муухай модон бөгөөд буру хэлбэржүүлсэн загвараар нэлээд яриж моод болгож байсаныг шүүмжилэе гэж бодсоор явтал нөгөө загвар чинь одоо –тэгэх байгаа, ингэх байгаа гэдэг загвар болоод хөгжөөд гараад ирдэг юм байна. Саяхан хэд хоногийн өмнө нэг сайн гэдэг зурагтаар, нэг овоо гэдэг сэтгүүлч, нэг чухал гээд байсан үйл явдлыг яг ингэж ярилаа. Уншаад үз дээ. Нэг иймэрхүү л яриж байна.

(зураг дүрс ) ... За одоо бид, Дэмбэрэл дарга орж ирж суудлаа эзлэсэн байна. Тэгэхээр Дэмбэрэл дарга ... чуулганыг нээж явуулах ёстой байгаа. Тэгэхээр Дэмбэрэл даргын үг бол одоо 12 цаг 06 минутанд эхлэх ёстой байгаа. За чуулганыг удирдах энэ үйл ажиллагаа арай эхлээгүй байна... За 12 цаг 6 минут гэхэд Дэмбэрэл дарга чуулганы нэгдсэн хуралдааныг нээж алхаа тогших ёстой байгаа. За тэгээд дараа нь 12 цаг 38 минут хүртэл энэ одоо бидний харж байгаа өрөөн доторх үйл ажиллагаа үргэлжлэх ёстой юм байгаа. Мэдээжийн хэрэг тангарагаа өргөх энэ ёслолын ажиллагаанаас хамгийн чухал, хамгийн оргил хэсэг бол шинэ ерөнхийлөгч маань ард түмэндээ хандаж чухам юу гэж, хэдэн минутын, ямар утгатай, юуг гол болгосон үг хэлэх вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой байгаа. 12 цаг 27 минутанд Цахиагийн Элбэгдоржийн үг эхлэх ёстой байгаа юм. За ингээд бид бол улсын их хурал, төрийн ёслол, хүндэтгэлийн ийм арга хэмжээг бол яг цагаараа эхлэнэ ингэж баримжаалж, тооцоолж байгаа. Одоо бол 12 цаг нэг минут болж байна. Тэгэхээр таван минутын дараа Дэмбэрэл дарга бол өөрийнхөө одоо үгийг эхлэнэ ээ гэсэн үг. За энэ дотор болох бүх үйл ажиллагаа нарийн дэг журамтай, алхах гишгэх нь хүртэл одоо заасан, хуулин дээр заасаны дагуу хэн хаана нь алхах уу, хэн нь рүү харж ямар үг хэлэх үү гэдэг юм уу иймэрхүү юмыг нарийн заасан байж байгаа. Тэгэхээр бид бол энэ үйл ажиллагааг та бүхэнд үзүүлэх гэж байгаа. За манай нөгөө нэг станц бол Сүхбаатарын талбай дээр бэлэн байрласан байгаа гэдгийг дахин та бүхэнд сануулж хэлэе. Сүхбаатарын талбай дээр өнөөдөр их өвөрмөц үйл ажиллагаа болно. Энэ бол мэдээж манай улсын цэргийн анги, салбар, нэгтгэлүүдийн үзүүлэх ёслолын жагсаал байгаа.
Ёслолын парад сүүлийн хэдэн жил хийгдээгүй. Бидний хувьд бол энэ үнэхээрийн манай цэргийн сүр жавхаа, манай улсын сүр жавхааг ямар байна вэ гэдгийг илтгэж харуулах гайхалтай арга хэмжээ болох ёстой.
За хэвлэлийн мэдээллийнхнийг бол төрийн ордоны их танхимийн дээд давхарын одоо баруун зүүн хоёр лоожин дээр байрлуулсан байхыг харуулж байна. За ингээд энэ маань зрителийн суудалд бол одоо иргэдийн төлөөлөгчид, гадаадын зочид төлөөлөгчид, урилгаар орж ирсэн хүмүүс, за тэгээд улс төрийн намынхны төлөөлөл, шашны байгууллагын төлөөлөл гэхчилэн ийм тусгай урилгатай зочид суудлаа эзлэсэн байгаа.
За ингээд Дэмбэрэл дарга чуулганы ажиллагааг эхлүүлэх гэж байна. Бид та бүхэнд Монгол улсын сонгогдсон ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч ард түмний дунд, ард түмэнтэйгээ ойр амь нэгтэй байхаа амласан ерөнхийлөгч бидэнд хандаж чухам ямар амлалтыг өгч, ямар үгийг хэлэх гэж байна вэ гэдгийг чих тавин хүлээж сууж байна. Тэрээр өнөөдөр Монгол Улсын о одоогоор ерөнхийлөгч байгаа Намбарын Энхбаяртай тамгаа солилцох, тангарагаа өргөх ийм үйл ажиллагаа болох гэж байна. За ингээд их танхимд бол одоо бэлэн байдалтай. Их хурлын дэд дарга одоо чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлэх энэ үйл ажиллагааг бид хүлээж байна. Энэ үйл ажиллагаа 12 цаг 06 минутанд эхлэнэ. Эхлэтэл гурван минутын хугацаа үлдэж байна. За бид та бүхэнд 17 цаг хүртэл энэ үйл ажиллагааг одоо шууд дамжуулан үзүүлнэ. Тэгэхээр та бүхэн өнөөдөр НТВ телевизийг үзэх юм бол бүх үйл ажиллагааг бид бүрэн эхээр нь үзүүлнэ. Тэр байтугай бид нар одоо гадаадын зочид төлөөлөгчидийн шинэ ерөнхийлөгчид биечлэн уулзаж баяр хүргэж байгаа энэ үйл ажиллагааг хүртэл шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэл ажлаа хийсэн байгаа. ...(зогсолт)
За МУ-ын Ерөнхий сайд Баяр орж ирсэн байна. Тэгэхээр Баяр ерөнхий сайд бол сая гадаадын зочид төлөөлөгчидтэй бас уулзсан байгаа. Холбооны, Оросын Холбооны Улсын Холбооны Зөвлөлийн Холбооны дарга Мироновтой уулзсан байгаа. За Энэтхэгийн төлөөлөгч, Канадын төлөөлөгч нартай өглөөний 9 цагаас хойш уулзалттай байсан. За ингээд Ерөнхий сайд Баяр бол суудлаа эзлэсэн харагдаж байна. ...(зогсолт)
За бид та бүхэнд бас дөчин гурван орны төлөөлөгчид, зочид төлөөлөгчид энэ удаад ирсэн гэдгийг энүүгээрээ бол одоо бас их өргөн хэмжээний гадаадын хэвлэлийнхний анхаарлыг татаж байгаа ийм ёслолын ажиллагаа болж байна гэдгийг дахин давтан хэлэе. Өнөөдөр бол яахын аргагүй дэлхийн олон хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд Монгол Улс одоо тав дахь ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх энэ ёслолын ажиллагааг хэрхэн гүйцэтгэж байна вэ гэдэг энэ үйл ажиллагаа анхаарал татаж байгаа гэдэг нь зайлшгүй. Тийм учраас олон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэн ажиллаж байгаа. Таван телевиз өнөөдрийн энэ үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлж байгаа.
За бид, би ард түмэнтэйгээ амь нэгтэй ерөнхийлөгч байх болно гэдэг үгийг манай ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр сонгогдсон Цахиагийн Элбэгдорж сонгуулийнхаа сурталчилгааны үед хэлж байсан. Бид өөрчлөлтийг хүсч байна гэдэг үгийг хэлж байсан. Тэгэхээр энэ хоёр гол уриа бол түүнийг өнөөдөр ялалтанд хүргэсэн, олонхийн саналыг авсан зайлшгүй чухал хоёр хүчин зүйл мөн байсан гэдэгтэй олон судлаачид, олон тоймчид санал нэгтэй байгаа юм аа. За ингээд Цахиагийн Элбэгдорж чухам өнөөдөр ард түмэндээ хандаж юу хэлэх вэ гэдгийг ард түмэн чих тавин, амьсгаа даран хүлээж байна. ... ...(зогсолт)
Их хурлын үйл ажиллагаа яг цагтаа эхлэхээр хүлээж байгаа. Хэдийгээр бүх зочид одоо танхимд орж ирсэн хүлээж байгаа боловч бид бол одоо цагаа хүлээж байгаа. Их хурлын дарга бол алхаа тогшиж 12 цаг 6 минутаас чуулганыхаа үйл ажиллагааг албан ёсоор хурлын ажиллагаа албан ёсоор эхлэнэ. Ингээд дараа нь бол танхимд хоёр ерөнхийлөгч бол одоо орж ирж өөрсдийнхөө байрлалыг эзлэх ёстой байгаа. ...(зогсолт)
За тэгэхээр өнөөдрийн бас анхаарал татаж байгаа хоёр асуулт байгаа. Элбэгдорж багтаа хэнийг ажиллуулах вэ гэдэг асуултууд бол яахын аргагүй олон хэвлэл мэдээллийнхний, олон улс төрийн тоймчдын бол анхаарлыг татаж байгаа. Энэ үйл ажиллагааны явцад бас тэр зүйлийн талаар таамаг явах нь тодорхой юмаа
За ямарч байсан Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар бол ажиллах ерөнхийлөгчийн саяны сонгуулийн суртчилгааны үед менежерээр ажилласан, бас багагүй хувь нэмэр гүйцэтгэсэн, өнөөдрийг хүртэл одоо улс төр, за тэгээд улс төрд нэлээн туршлага хуримтлуулсан Дорлигжав Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар ажиллах болов уу гэсэн ийм таамагтай байгаа. Дорлигжавыг хэдийгээр өөр албан тушаал дээр бас ярьж байгаа гэх боловч энэ бол одоо илүү тамгын газрын дарга дээр очих магадлал нь өндөртэй байгаа.
За Улсын их хурлын дэд дарга бөгөөд ажлын хэсгийн дарга Батхүү орж ирж суудлаа эзэллээ... (За ашгүй Улсын Их Хурал эхлэж байх шиг байна.)
Эх сурвалж: www.news.mn, 2009.06.18

САЛХИЙГ НЬ ХАГАЛЖ...

Ойрд нэг монгол хэлний хэлцийн толь бичиг нухаж байгаа ухаантай энд тэндээс хэлц түүжээ суугаа юм. Тэгсэн чинь Төрийн соёрхолт, соёлын гавияат Балжирын Догмидын “Оосор бүсгүй орчлон” үгүүллэгээс салхи хагалах гэдэг хэлц олж эрж явсан эрдэнээ олсон адил баярлаж толиндоо хийгээдэхлээ. Уг үгүүлбэр нь “Ирсэн улсын хүсэлтээр гар бөмбөгийн тоглолтоор наадмынхаа салхи хагалж, хот хөдөөгийн хоёр баг хэн юу чаддагаа үзүүлж эхлэх тэрхэн агшинд говь нутгийн хаврын хавсарга салхи хөдөллөө.” гэж байгаа юм. Энэхэн зуурт яг энэ үгтэй холбоотой инээдтэй боловч болсон, болсон боловч сургамжтай нэг юм санаанд бууж ирлээ.
...Нэлээд хэдэн жилийн өмнөсөн. Тэр үеийн Төрийн ёслолын албаны дарга Жамц (нэрийг өөрчлөв) гэж хүн байлаа. Бараг анхных ч байсан байж магадгүй. Би ч мундаг хүн л ийм том алба хашдаг байлгүй яахав гэж дотроо хүндэлж л байлаа. Нэг өдөр хашир хоринтавдугаар телевизээр ярилцлага өгч байнаа. Тэр үед 25-аас өөр хувийн зурагт радио бараг байгаагүй болохоор гарсан болгоныг үздэг байв шүү. Тэгэхнээ “энэ ардчилсан засгийн эхний жилүүдэд хууль мууль нь боловсроогүй хэцүү байсан. Бид нар цоо шинэ юмнууд хийж байгаа. Жишээ нь хэнийг гэнээ гэнэт нас барсан чинь яаж оршуулахаа мэддэггүй бүгдээрээ сандараад, тэгээд нэг төрийн өндөр албан тушаалтнуудыг хэрэв муу юм болвол зохицуулах хууль зохиож батлуулсан гэж ирээд л ярилаа. Тэгснээ тэр хуулийг батлуулчихаад байж байсан чинь хувьсгалт намын нэг их хурлын гишүүн Зуун ч гэнэ үү Мянган ч гэнүү нэг гишүүн нас барж салхийг нь хагалаад гэж авдагийн. Анх тэр хүн оршуулгын хуулийн салхийг хагалсан юм гэнэ. Ээ чааваас даа ийм ч ёслолын дарга байх гэж хайран сайхан сэтгэл минь яйран болтлоо шалчийж билээ. Төрийн ёслолын том хүн тэгж төөрч самуурахаар яах вэ дээ, хөөрхий зайлуул гэхээс өөр таарах ч үг олдохгүй юм билээ.
2009.06.18

ИЛЭЭДҮҮ АХ


Энэ гарчигийг та алдаад биччихсэн юм болов уу гэж бодож байна уу? Үгүй. Ирээдүй гэдэг үгийг ингэж хэлдэг хүн олон болоод байна. Зуны амралтаар нутаг усандаа очиж амьтан ах дүүгийнхээр орж, амар мэндийг нь эрж, жаргал зовлонгоо хуваалцаж явах зуураа айлын хүүхдүүдийн “хэлийг шалгах” нэг ажилтай болдог юм. Хэл гэдэг нь англи, орос хэлний мэдлэг биш, харин далитраа дулитраа, бөөрөнхий, хэлгий, ээрүү эсэхийг шалгах “хяналт” юм. Бараг мэрэгжлийн өвчин ч байж магад. Манай эхнэр “яахнав хөөрхийг тэгээд хэлж л байг” гэж р үсэг хэлж чадахгүй илээдүү ах аа, илээдүү ах аа, дэлгэлмаа эгчээ гэх “бөөрөнхий хэлтнүүдийг” их л өмөөрөх. Айл айлын хүүхдийн ааш зан өөр өөр. Зан төлөв ч яахав аав, ээж, ах дүү, цагийн эрхээр тэгээд төлөвшиж тогтоно. Харин миний их дургүй юм эцэг эх нь анзаардаггүй бөөрөнхий хэлтэй хүүхдүүд. Анзаарсан ч ер тоосон шинжгүй. Банди нар голдуу бөөеөнхий хэлтэй болох янзтай. Би тэднийг чамайг охидууд “бөөеөнхий хэлтэй Боёолзой” гэнэ дээ гэж аминдаа айлгана. Ойлгож байгаа ч янз алга. Бөөрөнхий хэлтэй хүүхдүүдийг зуун долоо аравны тавын Ариунаа моод болгосон, тааралдвал хэлэе гэж би боддог юм. Засаад хэлээд өгөхийн оронд өөрөө улам сайхан догиож бүр радио, телевизээр “рекламдаад” өгөхөөр нийгэм нийтээрээ тоохгүй болохоос яахав. Хайран сайхан монгол хэлтэн. Үүний үр гэх нь хаашаа юм бэ гэхдээ ерөнхий сайдыг еөеөнхий сайд гэдэг бага хүн үндэсний хэмжээний телевиз, радиод ажиллаад л, яриад л байна, Учираас биш учаас гэж ярьдаг том хүн бас үндэсний хэмжээнд яилдаг байлаа. Энэ бол нийгэм нийтээрээ хүлээн зөвшөөрсөний шинж. Цаашид харин ч эргүү мулгуу, ээрүү мөөрүү гэхээсээ хэлгий бөөлөнхий нь ихсэх шинжтэй байна. Утга найруулга төгөлдөр, үг хэл тэгш хүмүүжүүлэхийн хажуугаар хэл яриа хурц юлган байлгахыг аав ээж, ах дүүс нь бодоосой. Гэхдээ хэлгий хүн ухаантай байж болох боловч, ухаантай хүн хэлгий байх нь өөртөө их муухай. Нөгөө намайг Амараа гэдэг реклам шиг намайг Илээдүү биш Ирээдүй гэдэг. Бидний ирээдүй илээдүй гэж хэлд ормооргүй байна.

ЗАСДАГ ХҮН

Багш аа, засдаг хүн гэж юу гэсэн утгатай юм бэ, миний толинуудаас олддоггүй гэж Японд соёл судлалаар сурч байгаа нэг монгол оюутан утасдаж байна. Хуучин утга зохиол уншиж байгаа бололтой юм аа, овоо шүү баярлаж байлаа. Сүүлийн үеийн юманд бол энэ үг байхгүй л дээ.
Засдаг хүн гэхээр одоогийн хүүхдүүд аягүй бол ойлгохгүй байх аа. Аягүй бол ч юу байхав ерөөсөө ойлгохгүй болоод л асууж байгаа. Иймэрхүү хуучины сайхан үгсийг манай залуучууд мэдмээр, сурмаар. Энэ бол гагц тэр “куули муил засчикдаг күн” буюу тэгэж засах эрктэй хуульзүйн сайд майдын тухай биш л дээ. Монгол хэлэнд салаа утга гэж нэг юм байна. Монголчууд хуурмаг зантай, нүүрэн дээрээ инээчихээд цаашаа харахаар муу хэлдэг, хуурмаг зантай, ёстой нөгөө “хэлэн дээр нь чихэр, шилэн дээр нь хутга” тавьдаг хүнийг ийн засдаг хүн хэмээн нэрлэдэг юм. Яг энэ үгний хувьд энэ бол цөм утга нь.
“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” (Уб., 2008) -д “засдаг гэдэг үгийг “Сайхан царайлж байгаад худал үг хавчуулж, хуурмаг аашлах зантай”, засдаглах гэдэг үгийг “сайхан үг хэлж бусдыг хууран мэхлэх, зориуд худал ташаагаар мэхлэх” (Д-Л, 992-р хуудас) гэж яг дээрхтэй ойролцоо утгаар тайлсан байна. Засдаг хүн захаас аваад бий. Маний, бидний эргэн тойронд ч байсан, одоо ч байж л байгаа. Гэхдээ энэ их явуургүй зан.
Ингээд засдаг хүн гэдэгт хууль мууль засдаг нь ч багтана, хууль бус юм хийдэг гэдэг утгаар, худал хуурмаг зантай нь ч багтана, хуурч залилах гэсэн утгаар, хувцас хунар засдаг нь ч багтана, засаж залруулах, тохирууулж тааруулах гэсэн утгаар, дүү минь. Хамгийн гол нь хуурамч, худалч засдаг хүнээс хол бай.

ДОГМИДЫН ХЭЛ


Хүн болгон өөрийн өөрийн сэтгэхүйтэй, түүнийгээ дагаад өөр өөрийн хэлтэй гэж ч хэлж болно. Зохиолч, бичигч нар бол бас нэг өөр өөрийн онцгойгоос онцгой хэл аялгуутай улс аж. Зохиол бүтээлийг уншиж байхад ус, тос хоёр ялгардаг шиг тэдний хэнээс ч хэтийдсэн хэл, сэтгэхүй нь ангид ялгарах нь юунаас ч содон. Үүнээс үүдээд хүн бүрийн хэлний тухай нэг нэг сонин таталбар хийхсэн гэж бодсоор явна.
Саяхан Монгол Улсын Төрийн Соёрхолт, Соёлын гаваяат зүтгэлтэн Балжирын Догмидын хэвлүүлсэн шинэ ном “Оосор бүсгүй орчлон”-г нэг нэвт уншиж үзлээ. Догмид бол өөрийнх нь номдоо бичиж Жагдалын Лхагваагийн тодорхойлсоноор “аймгаасаа явсанаасаа хойш хүнсний үйлдвэрийнх нь архины борлуулалтын төлөвлөгөө таслуулсан, хүн алах, хүүр ухахаас бусдыг гүйцээсэн, ажлаасаа хөөгдөж үзсэн, их сургуулийг хаяж үзсэн, баригдаагүй болохооос шоронд орох байсан боловч хэдэн зуун хүнээс эрээд олдомгүй хэдэн сайхан чанартай тэр нь хорин хэдэн жил аяга эгшээлгүй архи уусан ч архи уух том ухаан, том урлагыг эзэмшсэн, орчлон уйлуулж дуулуулсан уянгын олон сайхан тууж, үгүүллэг бичиж ар халхад байтугай өвөрлөгч дөчин есөн хошуу, Орос, Японд шагшигдсан, насаараа нягтлан бодогч хийсэн ч улсын мөнгө хөрөнгө хумслалгүй цэвэр ариун явсан, алмас шулмас шиг ороо бусгаа явдалтай нь үнэн боловч сахил санваартан адил ариун мөртэй, хүүхдэд эцэг, хүүхэнд хань болох нөмөр нөөлөггүй, уугаагүй архи, унтаагүй хүүхэн ховор, долоо шархадсан чоно, Шар хадны галзуугийн болиницийн архины тасгийг анх нээхэд баригдаж очсон Монголын долоохон согтуугийн нэг, их том гарын эр ” ажээ.
Үнэхээр энэ хүн уйлуулж дуулуулдаг нь үнэн. Жинхэнэ сайхан монгол сэтгэхүй, монгол үгээр бичиж байгаа нь эхнээсээ аваад дүүрэн байна. Түүний гайхамшиг уран үгүүлэл, монгол ахуйн уран зургийн төлөө биш түүний сэтгэж бичсэн уран торгон ухаан, хүй цагаан манан, хар ногоон зун, дулаахан бор сүүдэр, амин халуун хайр, бөрт бор царай, чандаган цагаан хөх, тансаг зөөлөн агаар, тарлан сэвхтэй бөрт цагаан сар, босоо цагаан тоос, хатуу хариг нулимс, томоогүй хонгор ааш, гоо ганган толгой, хөхөмдөг хөх аялгуу, бүлээн дулаан аялгуу, жаргалтай халуун аялгуу, эр суран ногт, ясан хэдрэг морь, хөсрий цагаан янгиа, зөөлөн хээр аялгуу, эрх хар нүд, хар хоргүй нүд, бүлээн дулаан будан, бүдэг цагаан аялгуу, инээмсэглэл бүжиглүүлсэн эрх хар нүд, халиун хонгор аялгуу, зээрэн шарга морь, хөглөгөр хөх уулс, шаргал халуун манан, төөрч тэнэсэн харц, морин зэрэглээ, зөөлөн хээр дуу, бүлээн үнэр, сэтгэлийн хар салхи, халамцуу аялгуу зэрэг сонин содон монгол тодотголууд, хөлчүү нүд төөрөлдөх, инээсэглэл бүжиглүүлэх, цагаан үс хар болом, зүрхэнд эгшиглүүлэх, хайрын түймэр асаах, амиа асгах, адууны захад өсөх, элэг бөөрөө унатал, мааниа шатаах, хөлөө томолдуулах, салхи татуулах, нүүр халаах, ухаан цэгцрэх, уснаас гал гаргах, нүгэл үсрэх,сэнгэнэтэл санаа алдах, тэгүүлэн цогих, ширээлдэн захлах, аалигүйтэн жиргэх, гэсэн хэн ч, хэзээ ч хэлээгүй уран торгон үгс, эрх булбарай, эмнэг хангал, харам хариг, үнэр тамир, нүүрэм түрэмгий, дэгжин шаавай, хар хор, хүзүү шанаа, өд мөд, хөр хунгар, бүдэг дорой, хөшиж хөрөх гэж хэн ч, хаана ч хэрэглээгүй хоржоонтой хоршоо үг, хэллэг мөнгөтэй хүн мөнхрөх юм шиг, гилийн ноёноор бундангийн хатныг дарахаас ч долоон дор, цээжинд амар амгалан унтаж байсан нохой нойрноос сэрэх, чавганц суудал, цаагуур явсан болгоныг наагуур хэмээн дуудах, гэх мэт хачин хачин үг, хэллэгүүдийнх нь төлөө л энгэрийг нь цоолж, энгүйг нь цоллож болохоор байж гэж бодогдлоо. Догмидын хэл үнэхээр агуу юм аа... (үргэлжлэлтэй)
2009.06.30, Токио

ХОЮУЛАНГИЙ НЬ ...


Өчигдөр би интернетээр FM 106.0 буюу Улаанбаатар хотын радиогийн долгион дээр Монгол Улсын Ерөнхий Сайд Санжаагийн Баяртай (Санжийн биш юм байна билээ, Ерөнхий сайд болсоны нь дараахан Британий нэг монголч эрдэмтэн эргэлзчихсэн надаас асууж байсныг нь зориуд нягтлан лавлаж өгсөнөө саналаа. Уг нь бол Санж нь зөв л дөө. Манайхан дуудлаганыхаа аа, ээ, оо, өө-г нэмээд Санж-ийг Санжаа, Цэцэг-ийг Цэцэгээ, Оюун-ыг Оюунаа, Төгс-ийг Төгсөө болгочихдог) өнгөрсөн хагас сайн өдөр хийсэн шууд ярилцлагыг давтан нэвтрүүлснийг сонслоо. Энэ ялдамд дурдахад www.mnb.mn дээр монголын үндэсний радио болон Р3 FM 100.9 радио шууд сонсох боломжтой байгааг мэдээлэе. Монгол улс даяар нэвтрүүлж байгаа үндэсний радиог гадаад далайн чанадад Монголд байгаа юм шиг чанартай сонсоно гэдэг бас сайхан хэрэг. Нөгөө Чаапигийн хэлээр за энэ яахав. Цаана чинь ... би шал өөр юм ярих гэсэн юм. Өчигдөрийн нэвтрүүлгийг хөтлөсөн сэтгүүлчийг жаахан шүүмжлэх санаатай байна. Юуны өмнө тэрбээр хэд хэдэн илэрхий дутагдал гаргалаа. Чухам хэн гэдэг хүн байсныг нь харин мэдсэнгүй. Бодвол Ерөнхий сайдтай ярьдаг мундаг хүн байгаа байлгүй. Монгол Улсын Ерөнхий Сайдтай хийж байгаа ярилцлага шүү дээ. Нэгдүгээрт, ярилцлагатаа ерөөсөө бэлтгээгүй байна, сайдын хэлж байгааг маш их дагаж уулгамчилж аялдан дагалдаж байна. Хоёрдугаарт, аанг, аанхан, ийнхаан, гэж малаар бол их мөөрч, янцгааж байна. Манай Лу багш ингэж ярьдаг хүнд үнэн голоосоо дургүй байж билээ. Чи ямар үхэр, адуу юм уу, хүн юм бол хэлээрээ за, тийм, үгүй гээд ярь гэж ирээд загнадаг сан. Үүнийг бодмоор. Гуравдугаарт, ярианы хэлний үг хэллэг их хэрэглэлээ. Монгол хэл бол ярианы хэлний олон төрлийн найруулгатай, олон төвшинтэй, тодорхой хэм хэмжээтэй хэл. Хаана хэнтэй ярьж байгаагаа сайн мэддэг, мэдэрдэг тэр бүрийд таарч тохирсон үг, хэллэг хэрэглэж байхгүй бол чөлөөтэй байна гээд өөрийнхөө дураар замбараагүй байж болохгүй л дээ. Хамгийн сүүлд сайдыг “хоюулангий нь ярих цаг дууслаа” гэлээ. Ерөнхий сайдтай ярилцлага хийж байгаа шүү дээ. Яагаад ингүүл гэж ярьдаг их хурлын гишүүн эмэгтэй байсан юм. Одоо ч хүн нь байгаа л даа, тэрэн шиг. Явж явж ерөнхий сайд маань харин логиктой, ойлгомжтой, хий зайгүй, төвшин сайхан ярьчихдаг юм байна. Ярих буюу үгүүлэх урлаг талаас нь ярьж байна шүү дээ. Улс төр талаас нь биш. Юу ярих нэг хэрэг, яаж ярих нь бас нэг өмнөө асуудал билээ.
16.06.2009

ХАЛУУРАЛТ ӨГӨХ

Ажил дээрээ ирээд өглөөний мэдээ үзэж, вэб хуудас эргүүлж суутал “H1N1 вирусын шинэ тохиолдол нь халууралт єгєхгvйгээр илэрдэг” гэсэн гарчигтай нэг мэдээ байна. Гарчигийг нь хараад дургүй хүрчихлээ. Энэ мэргэжлийн өвчин л дөө. Гэхдээ бичихгүй байж чадсангүй. Дургүй хүрсний учир нь халууралт өгөх гэдэг үг. Тэр мэдээнд “Манай улсын урд хєршид энэ H1N1 вирусын тохиолдол илрээд байгаа билээ. АНУ-д сурдаг хятад оюутан нутагтаа очих үедээ энэ євчнєєр євчилсєн байснаа мэдэлгүй 250 хvнтэй онгоцонд сууж явсан байна.Түүнийг улс орон болгоны онгоцны буудлуудад байрлах халууралт хэмжих тєхєєрємжєєр шалгасан ч илрээгүй ажээ. Учир нь H1N1 вирусын шинэ тохиолдол нь халууралт єгєхгүйгээр илэрч байгаа нь байдлыг улам ч хурцатгаж байгаа гэнэ. Тиймээс тус онгоцонд сууж явсан эхний хавьтагчид болох 250 хүнийг ямар нэгэн шинжилгээнд хамруулалгүйгээр тавьж явуулсан байж.” ... (Д.Сугар, Ж.Мишигээ, 2009.05.13, Мэдээний дугаар # 1153390) гэжээ. Энд шууд хэлэхэд халууралт гэдгийг халуун, халууралт өгнө гэдэг үгийг халуурах гэх ёстой, халууралт өгөхгүйгээр гэдгийг халуурахгүйгээр гэх учиртайг хэлэх гэсэн юм. Сэтгүүлчид минь ээ, хэнд ч ойлгомжтой байх, хэний ч мэдэх ийм зүйлийг өөрсдөө хэлээ мэдэхгүйгээс болдог юм уу эсвэл зориуд буруу бичиж, найруулж монгол хэлийг ингэж завааруулахыг болимоор байна. Та нарын “хийсэн заваан бантанг” залуучууд, хүүхдүүд шууд авч хэрэглээд монгол хэлний найруулгыг эвдээд, өөрсдөө модон монгол хэлтэй болоод байна. Сүүлийн үеийн хэвлэлийн найруулгад –лт дагавар бүр илэрхий их хэрэглэж өгөлт, авалт, хүлээлт гэх мэтээр бичиж, ярьж эх хэлээ мохоо хутга шиг болгож байна. Сүүлдээ бүх үгийг –лт дагавартай бичиж идэлт, уулт, унталт, хэвтэлт, суралт гэж бичиж магадгүй боллоо. Энэ дагаварын хэрэглээ хязгаартай байх учиртай дагавар, тэр болгон үгэн дээр залгаад байх дагавар биш. Эх хэлээ анхааралтай сайн сурагтун.

УС, ҮС ХОЁРОО ЯЛГАЖ БИЧИЖ СУРАЯ


Саяхан манай үүгээр нэг зар тарлаа. Монгол Улсын Жалхаажавын Мөнхцэцэг гэдэг зураач 6 сарын 10-30 нд Токио хотын Стрипэд Хаус Галлерейд (Striped House Gallery) уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах юм гэнээ. Олон сайхан бүтээлтэй бололтой. Манай профессор нэг танилцуулга уншиж байснаа энэ юу гэнээ ус гэнэ үү, үс гэнэ үү? гэлээ. Аваад үзвэл, Umardiin Tsarain dahi Tsenkher Tenger гэсэн гарчигтай minii buteeld us chuhal bair ezeldeg. Bi buteeldee mongoliin ertnii ulamjlalt us zasliin helberiig avch hereglesen. Er ni emegtei hun usen deeree ooriin undesniihee amidraliin ontslog, yos zanshiliig teej yavdag. Bi usiig hiihdee tuunii texture-iig hyasaan deerh sudluudaas anh sanaagaa olj harsan ... гэх мэтээр монгол хэлээр роман үсгээр бичсэн нэг эвхмэл танилцуулга байна. Бас урдаа япон орчуулгатай юм аа. Монгол судлалын хүмүүст монголоор бичсэн нь сонин л доо. Энд үс засал гэдэг үг хүртэл үс, ус алин болохыг ялгахгүй байна. хун гэдгийг хүн гэж гүтгэж унших нь. Өөрөөр хэлбэл ус чухал байр эзлэдэг, ус заслын хэлбэрийг, эмэгтэй хун усэн дээрээ оорийн, би усыг хийхдээ гэж уншигдаад байна гэсэн үг. Гарчиг нь бүр байхгүй, ойлгохгүй. Умардын царайн дахь цэнхэр тэнгэр...? гэнэ үү? Нэг сайхан модон орчуулга л яваад байх шиг. Монгол хэлээр арай ч ингэж хэлэхгүй дээ. Энэ бол манайд сүүлийн жилүүдэд латин үсгээр бичих буюу романчлах ёсыг хэн дуртай нь дур зоргоороо хийж байгаагийн, хэл найруулга хамаа намаагаа алдсаны жижигхэн жишээ аж. Манай академич Д.Төмөртогоо багш тэргүүтэй хүмүүсийн зохиосон Монгол хэлээр роман галигаар бичих стандарт гэж уг нь Стандарт Хэмжилзүйн Үндэсний Төвөөр хэдэн жилийн өмнө батлагдсан, харамсалтай нь хэрэглэдэг мэддэг хүн цөөн, дураараа бичиж, гүтгэж тааж уншдаг нь олон болчихоод байна. Уг нь хэдхэн үсгэн дээр асуудал байгаа л даа. Үүнд монгол хэлний я-гийн төрлийн хэдэн үсэг, ө, ү, и, й, ы, ц, ч, ш, х зэрэг болно. Харин цахим өртөө сүлжээнээс явуулсан хэлэлцүүлгийн үр дүнд нийтээрээ хоёр байдлаар бичихээр тогтсоны хамгийн бодитой хувилбарыг би та бүхэнд танилцуулая. Энэ бол дээрх стандартаас жаахан өөр юм. Надад их аятайхан санагддаг учраас танилцуулж байна. Энэ уг нь залхуурахгүй бол их амархан л даа. Үүнд я=ya; е=ye; ё=yo; ю=yu; ы=yi; в=v/w; у=u ү=u’; ө=o’; ү=u’ ц=ts/c; ч=ch гэсэн хувилбаруудаар бичнэ. Жишээ нь ус гэвэл us , үс гэвэл u’s, оноо гэвэл onoo, өнөө гэвэл o’noo, монголын гэвэл mongolyin, Чингис хаан гэвэл Chinggis, Цахиа гэвэл Tsahia; ямар гэвэл yamar, явах гэвэл yavah гэж бичих учиртай. Монгол хэлний эгшиг зохицох ёсоор эхний үед хураах тэмдэг буюу тэр апостроф (‘) -ийг тависан бол дараагийн эгшгүүдэд тавих хэрэггүй хэмнэх учиртай юм. Энэ зарчим нь монгол хэлний үгийн эхэнд а байвал арагшаа о, у эсвэл и байж болох, э байвал ө, ү, эсвэл и байж болох зарчимтай агаар нэгэн билээ. Жишээ нь: O’noogiin Mongolyin u’ndesnii u’ildeveriin asuudliig bu’teeldee ho’ndojee гэх мэтээр бичнэ. Үсэг бүхэн утга ялгах чадвартай тул заавал ялгаж бичих учиртай. За тэр Умардын царайн дахь тэнгэр хэмээх гарчигийг бол бодоод бодоод ойлгохгүй юм байна лээ. Ойлгодог хүмүүс нь ойлгох байлгүй дээ.
2009.06.16