4/08/2010

Хайр хавар хоёр



ХАЙР ХАВАР ХОЁР

Япон нутагт нэгэнтээ хавар ирлээ. Сакура ид дэлгэрч байна. Хүмүүсийн сэтгэл хөнгөрч, уужирч, ирэх цагийн түрүүг баярлан угтнам. Хавар гэж хамгийн сайхан улирал гэж олон хүн боддог бас бичдэг. Хаврыг хайртай хослуулж бичээгүй зохиолч бараг байхгүй байх. Хавар болохоор хайр ирдэг. Тойрон эргэлдэх дөрвөн цагийн хамгийн урин нь, хамгийн хайрламаар нь, хамгийн зөөлөн нь  ч байж магад. Хаврын дараа зун болоод намар болдог болохоор дуртай ч байдаг байж мэдэш. Хаврын дараа намар ч юм уу,  өвөл болдог байсан бол бас яах бол гэж бодогдоно. Хаврын тухай үндэсний сэтгэлгээний онцлогийг нэг сонирхож үзмээр санагдаад монгол зохиолчдын бичсэн хавар, хаврын тухай шүлгүүдийг түүж уншиж үзлээ. Эндээс олон сонин зүйл ажиглаж болно. Цаг хугацааны хол ойр, түүх намтрын цаг улирал ч нэмэрлэж нөлөөлсөн нь анзаарагдана. Гэлээ ч гэсэн нэг л санаа бүх шүлэгт адилхан. Тэр нь хартай тэнгэр, харийн шувуу, хайрын сэтгэл,   хайрласан дуун гэсэн дөрвөлжингөөс гарахгүй. Та бас нэг уншаад үз дээ.


ХАВАР
Г.Сэр-Од

Зөөлөн урсгалт салхины хөдөлгөөн урихан үлээлтээр исгэрээд
Зөгийн хүслийг хангагч цэцэгийн шимт үр хөлжинө.
Зөрөлдөн үймж хөвөн хөшиг ертөнцийн оргилд бүжиглэж
Зүйдэлгүй хөх магнаг дэлхийг хөмрөглөн цэнхэртэнэ.

Алс өндөр гялалзагч ертөнцөөс улирлыг соёрхож мишээхүйеэ
Алтан цацралын солонгост бүчис агаарыг зүсэн гэрэлтэнэ
Аялуулан донгодох харийн шувууд хаврыг мэдээлэхээр ирж
Ариун тунамал нуурын гүнээ самран шумбаж цэнгэнэ.

Униартан үргэлжлэх хаврын манан огторгуйн хоосноо суунаглаж
Уянгат донгодлогын яруу эгшиг гоёхон цуурайгаар дуурсана
Ундран халих шингэн ширхэг элч ба агаар лугаа нэгдэж
Ургамал бодисын үржих нөхцлийг далайтай зүйрлэм гүйцэтгэнэ.

Зэрлэг ойн шинэхэн навч оргилт хангайг чимэглэж
Зөрүү хөндийн холхи дэлгэрийг соёологч ногоо бүрхээд
Ялдам говийн нүд алдам элсэн талын уудамд
Яралзан үелзэх зэрэглээт долгио сэтгэл хөдлөм давалгаална.


ХАВАР
Дашдоржийн Нацагдорж

Тааламжтай сайхан хавар, найртай сайхан хавар
Дахин дахин ирж дэлхий дахиныг гийгүүлнэ
Тэргүүнээ өргөж, дөрвөн зүг хандвал
Тэнгэрийн хязгаар цэв цэлийн, уудмаар амисгална

Алтан нар гийж, мөнгөн цасыг хайлуулаад
Амитан бүхэн төлжиж, цэцэг навч соёолно.
Шар дэлхий ногоон дээлийг өмсөн ёсолж
Цөцгий болжмор жиргэлдэн хөгжим өргөж угтана

Бургаас модны навч зулзага бултайн цэцэглэж
Туулай чандага үүгээр түүгээр харайн наадна
Хурга ишиг энд тэнд майлалдан давхилдаж
Хоничин хүү нимгэн дээлийг өмсөн дэвхцэнэ

Голын мөсөн хойд далайд нүүн одож
Булгийн ус хөгжим мэт эгшиглэн мяралзана
Хараацай шувууд хоосон агаарт дураар сүлжиж
Хүүхэд багачууд түүний жиргэхийг дагалдан гүйлдэнэ

Урихан хонгор салхи өвс модыг намилзуулж
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэлийг бөмбөрүүлэн уярлуулна
Үдшийн жавар нуугдаж өглөөний хяруу ичээд
Морь мал дураар бэлчин зүлгэн дээр хөрвөөнө.

Ногооны униар дэгдэж уулын мод хөхрөөд
Буга хандгай сүрэглэж яруу сайхнаар урамдана
Хүн ард бүгчим гэрийн мухрыг огоорно
Уудам талбар ариун агаарт давхилдан цэнгэнэ

Цэцэг навч төлжин тэргүүнээ дээш өргөөд
Цоморлигийн дотроос өнгө бүрээр инээмсэглэнэ
Хээрийн галуу ирж гангар гунгар донгодоод
Хүний сэтгэлийг хөдөлгөн догдлуулж холхийг мөрөөдүүлнэ

Найртай улирал огторгуйг тулж дахин шинэтгээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэрүүлнэ
Хүсэлтэй сайхан хавар аа, цэнгэлтэй сайхан хавар аа
Хүн бүхэн чамайг хүлээж бодис бүгд чамайг мөрөөднө.
Баянгол, 1931


ХАВАР
Н.Наваан-Юндэн

Хавар гадаа хүрч ирээд
Хан тэнгэрийг дээш өргөхөд
Чимээгүй өвлийн дараа
Чихэнд найраг дуу хүнгэнэнэ.
            Хөвчин дэлхий энх тайван байг,
            Хүн бол хүн байхыг хүснэ, гэнэ.
Хүнгэнэн байх дүнсгэр найраг
Хүний доторхийг санаач ээ
Дуулгаж тэдний сануулахыг
Дуугай бид үнэмшиж байна.
            Хүн болбл хүн байх ёстой юм
            Хөвчин дэлхий энх тайван байг
Уул хад угзчин чичирмээр
Юун сүрхий хашхираан бэ?
Гол мөрөн оволзмоор
Гал дөл нүүн түймэрдэнэ.
            Энэ дэлхийд энх тайвангүй бол
            Эгэл бид чинь юу болох юм вэ?
Амь эрсдэлийн зовлонг
Амсан бодож явдаг та,
Одоо ман залуу үе та,
Уриалан бүгд дуудацгаая.
            Хөвчин дэлхийд энх тайван байг,
            Хүн биднийг хүн байлгаж өгөөч.


ХАВАР
Лодонгийн Түдэв
Хөвөн цагаан үүлс
Хөх тэнгэрт хөвөлзөж
Хөндий урт цайдмууд
Хөвсгөр цаснаас сална
            Жин хүйтэн тонилж
            Жихүүн өвөл холдоход
            Зэрэглээт тал униартаж
            Зэгстэй нуур долгиолно
Мөрөн голууд цэнхэрлэж
Малчин залуус хөгжилдөнө
Мандах наран илч сууж
Малын бэлчээр ногоожино
            Галуу шувуу ганганан
            Газрын холоос эргэнэ
            Хонин сүрэг төллөөд
            Хотлоор тэнүүн болно.

БИДНИЙ ХАВАР
Лодонгийн Түдэв

Хайрхан уулс будангаар хучигдаж
Харийн шувууд зэллэн ганганаад
Ханагар тал халиуран шаргалтаж
Хангай говьтой намар золголоо
Мөнгөн хяруу хөвчийг бууралтуулж
Мөрөн голууд зайрмагтан хөлдөөд
Мөлгөр саридагууд дүнхийн цайж
Мөсөн өвлийн чимээ сонсдлоо
Хөхөө өвлийн дохиог түгээсээр
Хөвчин дэлхийд намар ирсэн ч
Хөгжилт үеийн багачууд бидний
Хөдөлмөр сурлагын хавар ирлээ.
1957

Хавар
Д.Содномдорж

Алтан нар хурцаар ээж мөнгөн цасыг хайлуулаад
Арвин сүргүүд төллөж, ишиг хурга майлалдаад
Алс нутгаас нүүдлийн шувууд ганганалдсаар ирдэг хаврыг
Анхаалж цогтой пионерууд зугаа цэнгэлтэй өнгөрүүлдэг.
Заалгасан бүх хичээлээ давтаад суух сайхан
Заавал онц төгсгөнө гээд шамдаад байх сайхан
Зав чөлөөгүй мэрийхэд өдрийн урт нь сайхан
Завсар зай гарвал бөмбөг тоглох ч сайхан.
Сайхан явдлууд хаварт олон тохиолддог хэр нь
Сайхан сайхны дундаас онц сайхан гэж байдаг
Санаа сэтгэл хөдөлгөсөн ер бишийн сайхан нь
Сайнаас онц дүнтэй шалгалтаа өгөх л сайхан. 


Хаврын сүүлчийн цас
Дэндэвийн Пүрэвдорж

Хаврын сүүлчийн цас
Хамгийн сүүлчийн цас
Харахад цав цагаан цас
Хаврын цас орж байна
Хөв нялх ногоо
Хөх цэнхэр яргуй 
Хөвсрөх энэхэн цаснаар
Хөдөө талд бууж байна
Аяарах унах цасны
Аандаа хайлах ширхэгт
Айраг цагааны үнэр
Арвай будааны үр байна
Хаврын сүүлчийн цас
Хамгийн сүүлчийн цас
Харахад цав цагаан цас
Хаврын цас орж байна
Эргэлдэн унах цасны
Элтрэх цагаан талстанд
Эцсийн цасанд хурласан
Эхний борооны дусал байна
Хөлсөн шавах цасны
Хөлрөн дэгдэх ууранд
Хөрч чаддаггүй сэтгэл шиг
Хөх тэнгэрийн амисгал байна
Хаврын сүүлчийн цас
Хамгийн сүүлчийн цас
Харахад цав цагаан цас
Хаврын цас орж байна.


Хаврын тухай дууль
Пүрэвжавын Пүрэвсүрэн

Хараа бүдгэрэх өглөө үдшийн цагаар
Хан цэнхэр нутгийн минь нуур цөөрөмд
Хаа холоос унаган далавч цуцаасан
Хаврын шувуу дуулан ирэхийн цагт
Хөөвөр даахиа унаган хүлэг гээж
Хөдөө тал униар мананд умбаад
Хүүгээ хүлээсэн эх араг дээр гарч
Хөхрөх тэнгэрийн хаяаг саравчилдагсан
Яг тэр эх шиг эх нутаг минь өөрөө
Ядмагхан хүү чамайгаа хүлээж байх шиг
Халуун хөөрүү сэтгэл гэв гэнэтхэн догдолж
Хаврын энэ өглөө баруун зүгийг ширтнэм.


Хаврын шөнө харанхуй
Зундуйн Дорж

Харгуй зам халтиргаатай гэнэ
Хазаарт морь минь гулсангуй
Хаврын шөнө  харанхуй гэнэ
Харин би төөрсөнгүй
Харгуй зам бартаатай ч
Хатирч морь маань хургасангүй
Хаврын шөнө харанхуй ч
Хаалга үүдийг чинь андуурсангүй.


ХАВАР
Жамцын Шагдар

Тэнгэр эцэг газар авхайг аргадаж
Тэжээн тэтгэгч хур юугаан буулгахуйд
Газар эх сэрж өрх юугаа татан
Ганган цэцэгс чимэг сэлтээр гоодно
Байгаль эхийн хаврын сайхан найранд
Байдаг аяаа өргөж дуутай бүхэн дуулна
Борхон болжмор хүртэл түмэн өнгөөр
Босон суугаа жиргэж нэгэн дууг давтана
Хөхөө гургалдай найрыг эхлэхийн учир
Хөвч тайгад суудал эзлэн заларна
Сайхан хаврын намуун тайвныг түйвээхээр
Салхин чавганц хөөрөг сэлтээ даравч
Газар тэнгэр хоёр санаа нийлсний учир
Галба юүлсэн чиг ажрахгүй найраа эхлэнэ
Мөрөн гол уяхан хураа татахаар
Мөсөн бурантагаа тайлж далай хүртэл суниахуй
Мөнгөн уулс гоёл юугаа зүүж
Мөлгөр хадан дуулгаа хурын усаар угаана
Зөвхөн алтайн хангайн оргилд
Зүүсэн чимгээ солихгүй дүнхийнэ
Цагаан цасан малгай духдуулсан хэвээрээ
Цагийн хаврыг чанх дээрээс нь ширтэнэ.
1958


ХАВАР
Бавуугийн Лхагвасүрэн

Түрүүчийн эрвээхий өрөөнд орж ирэн
Хатуу хана мөргөчинө
Нисэх тэнгэр гадаа хүлээнэ
Түрүүчийн яргуй чулуу зайчлан зүтгэж
Хатууг аргадан ургана
Идэх ямаа тургин хүлээнэ.
1980


ХАВАР
Арлааны Эрдэнэ-Очир

Бүүдгэр тэнгэр хаяагаа дэрвүүлж цайрахад
Бүүр түүрхэн бодолд цэн тогоруу дуугарна
Бор борхон толгод дунд ингэ гунганаж
Ботгоны зэлэн дээр дүү минь өнжинө

Хөхөлтэй зээрд морь уяан дээрээ үүрэглэж
Хөвөнтэй дээлтэй халууцаж давхар тэрлэгтэй жиндэнэ
Урины шувуу наашилж тэнгэр зэллэн
Уяаны мод тэлж хүлгийн шандас онилно

Хаврын тэнгэрийн ааш араншин адгуу
Харин хүн хүний сэтгэл уярмаг дөлгөөн
Харсан бүхнийг зэрэглээ хуурах нь залихан
Хал суугаагүй сэтгэл нимгэн хувцастай гэнэхэн

Цэнхэр цэнхэр уул хаяа хаяа цайрч
Цэнгийн шивнээ бороо үе үе зүсэрнэ
Зүйлийн энэ хорвоод хурмаст нэгэн хайлж
Цэцгэн хээгээр цангасан газар нэг уярна


ХАВАР
Б.Эрдэнэсолонго

Өвснүүд шөнөжин архидаж хоноод
Өглөө нь шараа тайлмагц дахин үргэлжлүүлж
Өдөржин уугаад, үдэш нь төрсөн өдрөө тэмдэглэж
Төд удалгүй хоорондоо зодолдож эхэлмэгц
Уурандаа тэднийг цагдаа дуудаж өгчихөөд
Унтахаар хэвтэхэд нойр хүрэхгүй
Шөнөжин хар дарж согтуу өвснүүд зүүдлэгдээд
Хашхирсаар сэрэхэд суллагдсан өвснүүд
Дахин ямар нэгэн баяр тэмдэглэж намайг зүхэн
Хундага харшуулж байхыг сонсоод
Хавар болсныг ойлгов, уйлах хэцүү, инээх хэцүү.


ХАВРЫН ДУУ
 
Дэндэвийн Пүрэвдорж

Мөнгөн дуулгаа оргил тайлж
Мөрний нөмрөг наран хайлж
Зүүсэн зүүлтээ ой ногооруулж
Нүүсэн шувууд зочлон ирэхэд
Хамаг бүхний баясгалан
Хаврын дуун эхэлдэг
            Алтан гургалдайн гоёхон дуу
            Аянчин шувуудын уяхан дуу
            Бүтээлч хүмүүсийн хүчит дуу
            Бүгд нийлээд хаврын дуу
Цалгих нуурын эргээр ч
Цайрах алсын дээгүүр ч
Хөг аяа нийлүүлж байгаад
Түг түмээрээ хангинасан
Хаврын энэ сайхан дуунаас
Хамгийн сайхан нэг дуу бий
            Алтан гургалдайн гоёхон дуу
            Аянчин шувуудын уяхан дуу
            Бүтээлч хүмүүсийн хүчит дуу
            Бүгд нийлээд хаврын дуу
1955


ХАВРЫН НОГОО
Цоодолын Хулан

Идэрхэн танхил нас минь дахин ирэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй

Би яг л энэ хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг
Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл ээ


ХАВРЫН АНИР
Цогдоржийн Бавуудорж

Зөрж одсон учралын сэжүүрт би гуниглаж
Зөөлөн бороонд норсон өвс мэт нэг л уяруу
Өрөөлийн чанд энхрийлэлд чамайг алдчихаад
Үдшийн торгон анир хөндөж ганцаараа алхах яруу
Гэмгүйхэн харцыг чинь ганцхан л би мөрөөдөх бол амидрал уйтай
Гэгэлгэн он жилүүдийн цээж зурсан хагацал сайхан.
Гомдож ч чадахгүй дөлгөөхөн араншингаа мэдэрч
Голын харгиа чагнан намрын сарыг харуулднам
Цөнгийн дуутай урсгалд ганц цагаан өвс хөвөх мэт
Цөхөртөл хүлээсэн сэтгэлд нулимс торно.
1999


ХАВРЫН ХАВАРТ
Б.Эмүжин

Хаврын хаварт л би
Дурлачихсан явдаг
Хар л нүдтэй тэр залууг
Саначихсан байдаг
Хамгийн гэгэлгэн үедээ
Түүнд зориулж шүлэг бичдэг

Хайлаас, одод, үнсэлтийн тухай
Саяхны юм шиг дурсдаг
Бодлогогүй хэлсэн үг бүхэн нь
Урвах хүслийг төрүүлдэг
Бороотой үдшээр түүнийг санахдаа
Уйлахгүй байхыг хичээдэг
Өнгөрсөн он жилүүдэд
Өөрийгөө олоогүйдээ харамсдаг
Өнгө мөнгө, шунал хүслээс
Өр зүрх минь түүнийг харамладаг
Хаврын хаварт л би
Дурлачихсан явдаг аа.


ҮРГЭЛЖИЙН ХАВАР
Чойжалын Чимид

Дахиад л өвөл болж хүйтэн тачигнавч
Дарах цас үүлээ барагдтал оровч
Далайц их миний догшин зүрхэнд
Даамай тэнэгэр хаврын цэцэг ургана

Яахав өвөл болог, хүйтэн байг,
Ярдаг шуурга цасан хэлээ цухуйлгаг,
Ялгуусан хаврыг хайрлаж явдаг хүн
Яруу түүнээс сална гэж байдаггүй юм.
1946

САЙХАН ХАВАР
Цогдоржийн Бавуудорж

Нэгэн өглөө бостол хавар нэгэнт иржээ
Нимгэн цас нь хайлж нарийн өвс нь цухуйж
Нартай сайхан хавар нь иржээ
Үүнийг дагаад хайр ч ирдэг
Үнэхээр сайхан аялгуутай шувууд нь хос хосоороо жиргэн
Үүнийг мэдсэн хүүхдүүд хавар ирлээ, хавар ирлээ гэж хашхиралдана
Сайхан нартай хаврыг нь
Сайхан найртай хавар болтол баярлана.
2006


ШАНЗНЫ ХАВАР

Ш.Гүрбазар

Дэлгэр гуайн хоёр бүгээн цаашилсаар л
Дэрсэн дундаас
Дөрвөлж дүүрэн аргалтай
Ижий минь тэндээс наашилсаар л
Өлзий булгийн хөндий
Өнөө өглөө зэрэглээтэж
Өмссөн дээл хүнддэн
Өөжингөөс  тэрлэгээ гаргалаа
Дөрвөн шагай хаятал
Тэмээ илүүтэй буух чинь
Маргааш өглөөний нарнаар
Манайх нүүх юм биш байгаа.
Алдуул цавидар үрээ
Ижилдээ эргээд нийлчихэж
Адуу эрэхээр явсан
Аав минь ирэх юм биш байгаа
Бараан дээрээ гарч
Шувуудын цувааг саравчилтал
Баруун айлын эгч
Шанзны хөгөөн чангалваа.
1970

 
ЭНЭ ХАВРЫН ӨДРҮҮД
Арлааны Эрдэнэ-Очир

Хайлаас модонд навчны зөн татна
Хаврын ийм өдрүүдэд би дуртай
Хайрын сэтгэлд гэгээ татна
Хар нүдэн охидод би хайртай

Хачин их догдлол далдаас төрж
Хаашаа ч хамаагүй гармаар бодогдоно
Гэртээ тогтолгүй зуун жил тэнэж
Гэнэн залуу явмаар санагдана

Хүүхний үнэртэй салхи нь
Хүзүү заамаар оролдсон
Хүсэл болоод бодлыг минь
Хүүхэд эхнэр аргамжсан

Энэ хаврын өдрүүдийг ээ...


1 comment:

Уйгаржин said...

Бүгдийг нэг доороос