Showing posts with label Монгол уран зохиол. Show all posts
Showing posts with label Монгол уран зохиол. Show all posts

7/19/2011

ЗУНЫ ТУХАЙ ШҮЛГҮҮД



А.Эрдэнэ-Очир: "ЗУНЫ ШӨНӨ"


Хөнжлөө бага зэрэг яраад
Хөлийг нь салхи шүргээд
Айлын бүсгүй гадаа унтана
Цэнхэр амьсгал салхиар надад ирээд
Цээж нь жаахан товойж харагдаад
Айлын бүсгүй гадаа унтана 


Б.Лхагвасүрэн: "ЗУНЫ ИХ ҮД"


Тээрсэн нохой гэрийн сүүдэрт
Тэнийлгэсэн арьс шиг сунайна
Саамандаа цохиулсан унага
Сагагаа эрүүлэн унтана
Нумын бөгтрөг шиг майга хөлтэй хүүхэд
Нүцгэн ходоогоо гарган зогсоно
Хоёр хөлөн дундуур нь 
Холоо саахалтын гурван гэр харагдана
Саяхан эндээс айрганд халамцсан эр
Солгой хоолойгоор "ар хөвч" дуулан бүдгэрнэ
Аяын салхи, адууны салхи хоёрын сэвэлзээнд
Ааруул дээрх элээний үргээлгэ дэрвэнэ
Манхны оройгоос
Шар утаа савсаж
Майхны баадангаас
Даалимбаны хиншүү ханхална
Оодонгийн улаан тугалнууд
"Огинскийн полонез" бүжиглэнэ.


Э.Хархүү: "НОГООН ЗУН"


Морьдын туурай нэл ногоон
Монголын минь зун цэл ногоон
Хуурай аргалгүй нов ногоон
Худгийн ус л цэв хүйтэн.
Цэнхэр хүмүүл шүүс дуслах халаг
Цээлийн нуур дуу аялах халаг
Оонын зоо улаа шаргалтана
Орчлонгийн гоо ухаан саруулсгана
Хүрэн элээ шон дээр зүүрмэглэнэ
Хөгшин халтар сүүдэрт нойрмоглоно
Хултай айраг үсчин шуугина
Хувинтай тараг өөдөө сагана
Ботгоны хошуу нов ногоон
Босгын хөв дүв дүүрэн
Хунгийн дуунд нулимс алдуурна
Хуурын эгшигэнд уулс мансуурна
Атан тэмээнд сүмбэн ширээ
Аргалын зоо хамбан ухаа
Хонины хоргол нов ногоон
Хоолны дэрс морь далдрам
Гүвээ толгод ногоорон дүнсийнэ
Гүүний дэлэн дорхноо чинэнэ
Агар хувинд саам хөөсрөөстэй
Айлын бүсгүй цангинасан инээдтэй
Цагаан гэрийн хаяа шуулттай
Цавьдар хээрийн жолоо сойлттой
Морьдын туурай нэл ногоон
Монголын зун цэл ногоон



1/23/2011

Ш.ГҮРБАЗАР: "БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ"


Ш.ГҮРБАЗАР: "БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ"
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шанданы толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

Газар тэнгэрийн савсалагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно би

Хөхөөтэй зуны цэцэгийн алаг шүүдэрээр хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдэрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог 
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзасан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог 
Би Монголоороо гоёдог
Ширгэшгүй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бүсэлж гоёдог
Шилгэшгүй нутагийнхаа уулсийг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог 
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саварын хумаснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хүргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна
 Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савсасан
Савсасан омогийн нүцгэн мананд 
Сая тэнцэсэн унага Монголоо эрнэ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиур шиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эрэглээ эрэглээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард 
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чадах бишдээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээшиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалахын зайтай 
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь
Би би Монголоороо гоёдог 
Монголоороо гоёдог

12/27/2010

Т.БУМ-ЭРДЭНЭ: "ХУУЧИН НОМ"



Нэг мэдсэн чинь өвгөн өрөөсөн гартаа сийрсэн цагаан малгайгаа хумиад базчихсан байрныхаа гадаах сүүдрэвчинд “Яана гэнээ чи. Насандаа нэг бүтэн ном уншиж үзээгүй байж үлдсэн гурван номыг минь авах гэнээ чи. Хэзээ байтлаа чи номонд ингэтлээ хайртай болчихоов. Би ямар чамайг мэдэхгүй биш. Бас л нөгөө архиа гудрах гэж байгаа биз. Тэгж ч ярихгүй ээ хүү минь” гэсэн уур унтуунд ороогдон нилээн амьсгаатай сууж байв. Сая чухам юу болоод өнгөрснийг ухаарах сөгөө одоо л орж байх шиг.
“Наад муу цаасыг чинь хэн ч уншихгүй за юу, зарагдах ч үгүй. Харин ч би ганц нэгээр нь зарж өгч байгаад баярла. Одоо та нарыг уншдаг хүн гэж хаа байсан юм. Та нарын үе чинь өнгөрч байна шүү дээ, хөгшин зөнөгөө. Ер нь чиний зохиолч гэж юу байсан юм бэ, айн!” хэмээн чарлах согтуу хүүгийнх нь дуу чихэнд нь хадна. Баруун шанаа нь халуу дүүгэхийг сая анзаарч, чичирхийлсэн гараараа сэмхэн дарж үзвэл гайгүй нь ч гайгүй бололтой.
Цээжний нь гүнээс гомдол харууслын хар манан багтаж ядан огшиж, хүүгийн тухай бодол гашуун нулимс дагуулан гадагшилна.
“Даанч яавдаа хүү минь. Хөгшин болсон эцгийгээ ингэж ч зовоох гэж. Чамд ер нь юу дутлаа гэж энэ хар усыг эцэс төгсгөлгүй гудрана вэ. Миний хүү чинь ийм ч амьтан яваагүй шүү дээ. Ханьтай бол ханьтай, үртэй бол үртэй, ажилтай төрөлтэй, амьдралтай гялалзаж явсан хүн чинь одоо ийм дээрээ тулчих гэж. Ямар гээчийн хар дон хүүг минь ороочих нь энэ вэ, бүү мэд. Муу эх чинь чамайг ийм байхыг хараагүй нь яамай даа. Би ч одоо дүүрч. Үхэж өгдөггүй өгөр толгой үүнийг л үзэх гэж өдий хүртэл салгалж яваа юм байлгүй дээ, чааваас гэж. Уг нь эмгэн бид хоёрын хүсэж, хүсэж олсон хорвоо дээрх ганц үр юмсан даа” гэж бодон мохоо хутгаар өрөө зуруулах мэт тэртээ цаанаас эхэр татан санаа алдлаа. Үүнээс цааш өвгөн уйлсангүй. Циймэл хоёр нүдэнд нь тунарч ирсэн нулимс нь зовхио давалгүй үлдэв. Дахин нэг санаа алдсан өвгөн
- Заа, за. Энд ингэж суугаад яахав. Аягүй бол байрны хэдэн хөгшид мөдхөн гарч ирнэ. Тэгээд л нэг их хийх ажилтай болсон юм аятай муу хүүг минь хиймэл шүдээ амнаасаа унагачихаа алдан муулцгаах юм болох биз гэж хэн нэгэнд ярьж байгаа юм шиг амандаа үглэх нь саяхан гэртээ байж суух газаргүй болтлоо агсам тавиулж, эгээтэй л зодуулчихаагүйгээ албаар мартан, ганц хүүгээ өөрийнхөө бодлоос ч, өрөөлийн амнаас ч өмөөрч буй бололтой.
Өвгөн малгайгаа өмсөх гэтэл гурван ном хийсэн нэг муу даавуун уут бугуйнд нь санжих ажээ. Хэдийдээ аваад гартаа угалснаа ч санах юм алга. Хүүгийнх нь агсам тавих шалтаг ердөө л энэ хэдэн ном. Хэдэн жилийн өмнө нутгийнх нь нэг том ой болж нутгийн зөвлөл нь өвгөн зохиолчийн номыг хэвлүүлж өгсөн юм. Магнайгаа хагартал баярласан өвгөн номын дэлгүүрээр хэдэн номоо тараадаг ажилтай болсонсон. Тав арваар нь авч явж чадахгүй ээ зайлуул. Гурав гурваар нь зөөдөг ухаантай. Тэрнээс хойш бараг хоёр жил өнгөрөө юу даа. Өнөөдрийн энэ гурав нь хамгийн сүүлчинх нь. Заримыг нь хүн хард бэлэглэсэн байх, зарим нь ч зарагдсан байх. Ихэнх дийлэнх нь чухам хайчсаныг өвгөн мэдэхгүй. Тэр нь ч дүүрч. Харин өвгөн номоо тараах далимдаа хаа нэг таньдаг хүн таарвал мэнд ус солилцсон шиг явах нь хэдий насанд дарагдсан ч гэлээ хүний тоонд багтаж яваагаа мэдэрч, ёстой л нэг сайхан байдагсан.
Үнэн хэрэгтээ өвгөнөөс илүүтэйгээр уг номыг хүү нь борлуулсан гэхэд болно. Бараг өдөр бүр шахам шартах түүний шараа тайлах хамгийн сүүлчийн арга нь энэ байлаа. Эх нь өөд болсноос хойш долоон жилийн дотор бүрэн бүтэн байсан энэ айл одоо юу ч үгүй болсон. Байгаагаас ханхай оргисон гурван өрөө, хоёр түлэнхий сав, нэг муухан цагаан ор, эвдэрч унахаа шахсан ширээ сандлаас өөр юмгүй болтол нь хоосолсон өвгөн зохиолчийн ганц хүү өнөө өглөө гэртээ ирээд хамгийн сүүлчийн гурван ширхэг номыг авах гэлээ гэж өвгөн аавтайгаа муудалцсан ажээ. Тэр ч байтугай хүүгийн агсамнахдаа хаа хамаагүй савчсан гар аавынхаа шанааг оносон нь тэр аж. Санаатай, санаагүйг хэн мэдлээ дээ.
Өвгөн сийрсэн цагаан малгайгаа нэг гартаа, нөгөө гартаа даавуун ууттай номоо сайн гэгч нь атгасаар, хүн харахад гэлдрэх авч өөртөө бол нилээд дориухан алхалж явна. Моддын навчис хөгжөөх салхины хөнгөхөн сэвшээнд шингэн буурал үс нь намирч, ягаахан хуйхан дээр нь намрын налгар нар гялтганан ойно. Өлөн хиртэй дотуур цамцныхаа захыг товчилж, өмдөө баахан дээш нь татсан тул богиндсон шуумган доор нь маажиг хар гутал нь илхэн харагдана. Тэрээр энэ бүхнээ анзаарсан шинж алга. Уначихгүйг хичээн ус гүйлгэнэсэн циймэл нүдээр урдах замаа ширтэн явна. Уг нь намрын нар налайсан сайхан өдөр ажээ. Хотын гудмаар хүмүүс энэ өдрийн тийм ер бусын сайхныг анзаарсан шинжгүй хаа нэг тийшээ яаралдан сүлжилдэнэ.
“Аргагүй дээ, Өдийд чинь сургууль соёлын эхлэх цаг тулчихсан тул залуучууд, оюутнуудын ид бужигнадаг үедээ” хэмээн өвгөн бодоод ямар нэгэн юманд хөхүүн баясах шиг эсвэл юунд ч юм атаархах шиг болоод хөнгөн санаа алдлаа. Өвгөн зохиолч их хотын урсгалд ороод, ихийн их гомдлыг тэрүүхэн зуур мартжээ. Иймдээ ч тэр өөрийгөө урж, тасчин байж эсвэл уяран хайлж урсдаг уран бүтээлч байх.
Өвгөн өөрийнхөө явдаг, тэр байтугай амьдралынхаа ихэнх үед алхаж өнгөрөөсөн тэр л гудамжаараа явж байлаа. Хэд хэдэн их сургууль зэрэгцэн орших энэ гудамжинд цаг цагийн оюутан залуус хөлхөлдөн байдаг тул ёстой л мөнхийн залуу гудамж гэлтэй. Зөрөн өнгөрөх залуусын царайг ажин явахдаа “Энэ гудамжинд инээмсэглэл тасардаггүй байх” гэсэн ер бусын гэрэлт бодол зурсхийнэ. Энд бас гадаад монгол холилдсон нэртэй нэгэн номын дэлгүүр бий. Өвгөн өөрийн мэдэлгүй тийшээ явж байгаа. Энд ирж номын далайд умбан орчноосоо тасран жаргадаг гэж байгаа. Усан дунд ямар ч том амьтан хүнддэггүй шиг номон дунд байхдаа өвгөн хэзээ ч хөгшддөггүй юм. Юу ч худалдаж авахгүй хэрнээ тэр номнуудыг гарчигласан шиг зүгээр л барьж тавилан явах нь түүнд юутай ч зүйрлэшгүй жаргал болно. Уг нь өвгөн зохиолчийнд ийм их биш юмаа гэхэд өөрийгөө саатуулчих хэмжээний номын сан байсан уу гэвэл байсаан. Одоо байхгүй. Ад зэтгэрийн дон шүгэлсэн нэгэн муухай гар босож суух хооронд нь шургалсаар байгаад одоо зүгээр л сарзайсан тавиур л үлдсэн.
Өвгөн өнөөдөр ч гэсэн номын дэлгүүртээ ирлээ. Дэлгүүрийн хүүхэн
- Өө, сайн байна уу? Хэн гуай. Сониноос таны нэг ном зарагдсан шүү гэж их л баясангуй өгүүлээд түүнд номны тооцоо болох зургаан мянга хоёр зуун төгрөг өглөө. Зарим хүнийх хорь гучаараа зарагддаг байхад өвгөнийх бараг гурван сарын хугацаанд ганцхан зарагдаж. “Одооны хүмүүс ном бага уншиж байна гэж би хэлэхгүй ээ. Цаг цагт хүмүүс ном уншиж л байсан. Уншсаар ч байх болно. Харин хүүгийн хэлснээр намайг л хүмүүс уншихаа больсон нь үнэн бололтой. Хоцрогдоно гэдэг нь энэ юм байхаа даа. Гэхдээ яах вэ гэрээсээ хоосон гарсан хүн чинь хэдэн төгрөгтэй болчихлоо. Энэ чинь бас л буян шүү дээ. Хөөрхий, миний номыг авсан хүний буян нь дэлгэрч яваг. Надад ямар их тус хийж яваагаа мэдэхгүй л яваа байх даа, зайлуул” гэж бодон зогсов. Мөнгийг хоёр гардан авахдаа өвгөний гар салганаж байв. Хэн ч харсан өдий насны хөгшин хүний гар ингэж салганах нь энгийн үзэгдэл мэт боловч үнэн хэрэгтээ өвгөн зохиолч ойрд зарагдаагүй ном нь зарагдсандаа, огт санаагүй байсан мөнгө гэнэт гараад ирсэнд баярласандаа салганан чичирч байлаа. Энэ зургаан мянга хоёр зуун төгрөг сард оногддог түүний тэтгэвэрийн хэдээс илүү үнэтэй бас илүү жинтэй. “За, өнөөдөр сүү авч, нэг сайхан сүүтэй цай чанаж ууя байз” гэж санах түүний сэтгэл зүрх баяраар догдолж байв. Мөнгөө өвөртөлсөн өвгөн
- За, өвөө нь баяжиж орхилоо. Бүр баярлаад бүр сүйд гэж нүүрнийхээ түмэн үрчлээг яран байж инээмсэглээд
- Энэ гурван номоо зөрүүлээд өгчих нь өө гээд өнөөх хүүтэйгээ булаацалдан байж авчирсан сүүлчийн номнуудаа өгөхөд
- Таны ном ч цагтаа энэ байтугай зарагдаж байсан байлгүй гэх худалдагч бүсгүйн ухаалагхан урмын үг өвгөний алдарч буй сэтгэлийн ончийг атган авах шиг санагдсан ч ахмад хүний ухаалаг зангаар
- Цагийн юм гэдэг цагтаа шүү дээ хүү минь. Тэр цагийн юмаар өнөө цагт гул барьж яаж болох вэ дээ гэлээ.
Энгэрийнхээ дотуур халаасанд мөнгөө лавхан хийсэн өвгөн сурсан зангаараа дэлгүүрийн тавиур дээрх номнуудыг нүд гүйлгэн явна.
“Өнөө цагийн ном гэдэг зураг хөрөг, хийгээд цаас цавуу нь хүртэл мөн ч сайхан болжээ. Бидний үед ямархуу байлаа даа. Манай үеийнхний номнуудыг хүртэл өнгө будаг нь гялалзаад сайхан хэвлүүлж тавиур тавиураар нь өрж тавьсан байна. Бодвол үр хүүхэд нь л ингэдэг байх даа” гэж бодоод санаа алдав.
“Үгүй ээ тэр, Зураг хөргийг нь хараачээ яг л амьд сэрүүнээрээ, яг л өчигдөрхөн авхуулсан юм шиг яасан ч сайхан гараав дээ. Энэ хэнийг хараач, Бүр яг надруу хараад байгаа юм шиг. Энэ маань л гэхэд
. . . Бод л доо та нар! Тэгэхэд
Шиврээ борооны дусал
Шивээлсэн жадны үзүүрт бутарч
Шинелийн хормойд
Шингэж явсым . . . гэж бичиж явсан хүн шүү дээ. Уянгын халил гэж энийг л хэлдэг байх даа. Агуудаа агуу миний муусайн найз нар. Цаг үе биднийг юу гэж хэлэх нь яахав ээ. Бид л цаг үедээ хүн шиг явсан бол болох нь тэр” гэж өнгөрсөн үеээ өнөө цагийн өнгө аясаас өмгөөлөн бодов. Түүнтэй залгаа шахам тавигдсан номын зургийг харж
“Энэ нөгөө зурагтаар ойр ойрхон гардаг хүү байна. Биднийхээс жаахан өөр ч гэлээ бас л сайн бичдэг хүү шүү. Аргагүй биз дээ та нарын минь цаг үе өөр юм. Би ч бас уншихгүй биш уншдаг юмаа. Араасаа гарч ирж байгаа ирээдүйгээ харахгүйгээр үргэлж л өмнөхөө гөлрөөд явна гэж юу байхав. Бид чинь үе үеийн тасарч үл болох гинжин хэлхээ шүү дээ” хэмээн эгээ л ямар нэгэн сурвалжлагчид ярилцлага өгч буй мэт бодов. Тавиураас тавиур хооронд тэр байтугай номноос номны хооронд түүний бодол тэлээлэн урсана.
“Энэ зохиолч хүү лав миний хүүгээс насаар дүү дээ. Гэтэл ийм сүрхий байх гэж. Хүүгээ би зохиолч бол гэж шаардаагүй шүү дээ. Зүгээр л номыг сэтгэл зүрхнээсээ уншдаг хүн болоосой гэж хүссэн. Тэгсэн бол өдийд амьдралд хайртай хүн явахгүй юү. Юу боллоо гэж хамаг байдгаа өөрийн гараар үгүй хийж явахав” гэсэн бодол нь харуусал болон хувирав.
Тун удалгүй өвгөн номын дэлгүүрийн эргэдэг хаалгаар түүртэх маягтай гараад гудамж өгсөн гэлдрэв. Ийн гэлдрэхдээ тэртээ холын гэгээн алсад гэгэлзтэл санаа алдуулсаар харваж одсон хэдэн нөхөдтэйгээ эргээд нэг уулзсан мэт санагдан сэтгэл гэдэг хөнгөрчих шиг болов. Тэрээр тэрүүхэн буланд байрлах усан сангийн хажууд очин хэсэг суулаа. Намрын нар хамаг л чадлаараа халах авч цаанаа нэг тамир муутай. Цагтаа ажиллаж байсан энэ усан сангийн чулуун хашлаган дээр одоо хэсэг хүмүүс хуучин ном зардаг болжээ. Өвгөн тэрийг ч гэсэн үзэхгүй байж чадсангүй. Цаахан талд нь жижигхэн зөөврийн тэрэгтэй квас зарж байгаа харагдана. Өвгөнийг идэрхэн явахад энэ квасыг том том грушикээр л зардагсан. Одоо ч нэг муу жижигхэн хальсан аяганд зардаг болжээ. Түүнийг ном руу очиход тэндээс хуучирсан номны нэгширмэл үнэр хамар цоргих шиг болов. Халуунд хуучин цаас халсандаа тэр байх. Энэ үнэр өвгөнд тийм ч муухай санагдсангүй. Яагаад ч юм гэрийнх нь хуучин номын сан үнэртэх шиг цаанаа нэг таатай. Өвгөн зохиолч ганц нэг ном үзэн, авахгүй ч гэсэн үнийг нь сонирхон явав.
Тэгтэл . . . Тэгтэл яасан гээ. Өвгөний нүдний буланд нэгэн халцархай хүрэн хавтастай ном сэрвэлзэн үзэгдэв. Шаргалтаж хуучирсан хуудас нь ямар нэгэн далдын совин даллах мэт зөөлөн намирах тэр номыг хараад өвгөний зүрх өөрийн эрхгүй хурдан хурдан цохилж, амьсгаа нь давчдаж ирэх нь тэр.
“Мөн гэж үү? Арай биш байлгүй дээ” гэж бодон өвгөн алгуурхан дөхлөө. Тэрээр уг номыг гартаа барин барьталаа бүрэн дүүрэн итгэж өгсөнгүй. Гэтэл өвгөн чичирч салганасан гараараа халцарч холцорсон хавтастай номыг эргүүлж тойруулан үзээд
- Мөн байна. Эвий минь гэж тэр чигээрээ мөн байна гэж эвгүй саарал хоолойгоор цахиртан дуугараад, номыг амандаа барин үнсэх ая үзүүлэхэд номны хуучин хавтасыг түүний амнаас савирах цагаан шүлс норгон толботуулав. Ном зарж байсан тарган бор авгай ухасхийн босож
- Хөөе! Өвгөн гуай, та чинь яасан заваан юм бэ? Яах гэж наад номоо заваартуулаад байгаа юм. Одоо ингээд шүлстэй номыг чинь хэн авах юм. Балиар хог вэ. Алив цаашаа, цаашаа гэж хажиглан хөөхөд өвгөн ээрч мууран
- Үгүй ээ, энэ ном чинь хүүхээ . . .
- Та дийлэхгүй ээ, дийлэхгүй. Өөрөө авч чадахгүй байж хүнд гай болоод гэж үглэн өвгөний гараас номыг шувт татан авч өргөн банзалынхаа хормойгоор хэд шудраад буцааж тавихдаа өвгөнийг дахиад авах вий гэсэн янзтай цэвхэлзэн харна. Өвгөн дахиж номыг авч зүрхэлсэнгүй.
“Яг мөн байна. Дөчин хоёр жилийн өмнө хэвлүүлсэн миний анхны ном мөн байна. Хөөрхий минь гэж, хаагуур тэнэж яваад өдийд ингээд гэнэтхэн гараад ирэх нь энэ вэ дээ. Эвий минь гэж. Хавтсан дээр нь бүдэг бадагхан ч гэлээ миний нэр харагдаж байнаа. Намайг зохиолч хэмээн зарласан анхны ном. Чамайг хэвлүүлчихээд ёстой л нэг анхны хүүхдээ төрүүлсөн эх хүн шиг баярласандаа цээжээ дэлдэн гүйж явсансан. Хүүхэд гэснээс энэ ном чинь манай хүүгээс нэг ах юм шүү дээ. Хүүг гардагийн урд жил хэвлүүлсэн санагдана. Тэр үед одооных шиг ямар өөрсдөө зарах гэж хэд гурваар нь тэврээд гүйж явсан биш дээ. Хэвлэгдсэн л бол бусад нь бидэнд хамаагүй байсан үе дээ. Дам сонсоход гучин мянган хувь хэвлэгдлээ л гэж байсан. Үнэн байхаа. Залуухан байхдаа анзаарсангүй, хэд гурав байсныг нь тараагаад дууссан байсан. Хожим нь өөрөө олж авах гээд чадаагүй юмдаг. Гэтэл өнөөдөр өтөл насны шувтрага дээр ингэж таарах гэж. Ерөөсөө худалдаж авдаг хэргээ” гэж бодоод эргэж очин энгэрээ тэмтрэн зогсохдоо
“Би одоо энийг аваад ч яах юм билээ. Хэндээ ч гэж авч очих юм билээ. Аягүй бол манай өнөөх бас л нэг зуун граммнаас өгөөд шараа тайлчих биз. Манай тэрэнд ямар энэ аавын минь анхны ном юм шүү гээд нандигнаад явах ухаан байх биш. Тэгснээс хэн нэгэн сонирхсон хүн нь аваг дээ” гэж бодон өвгөн цааш эргэлээ. Гэхдээ тэр шуудхан яваад өгч чадсангүй. Үрдээ хорогдох амьтан шиг эргэж хургасаар байв. Нэгэнт явж чадахгүйгээ ойлгосон өвгөн өнөөх квасны тэрэгний дэргэд бетонон сандал дээр сууж авлаа.
Нилээн ч удаан суулаа. Нар ч нилээн дальдарч, үд хэвийхийн алдад том хар цүнх дамнуулан барьсан нэгэн залуухан хүү ирж хуучин номыг эхнээс нь үзэж явснаа яг өвгөний номыг авч эргүүлж тойруулан хэсэг үзээд юу юугүй авах болоход өвгөн хэрээрээ хурдхан босож, яагаад ч юм залуугийн хажуугаар дайран орж номны булангаас барьж автал ном зарагч авгай номыг угзран авч
- Та чинь одоо яагаад байгаа солиотой өвгөн бэ. Хүн юм авах гэж байхад гэнэтхэн босож ирээд булаацалдаад унах чинь. Өвчтэй юм уу хаашаа юм. Тийм л байсан юм бол өдөржингөө шахам гөлөрч суухын оронд авахгүй яасан юм гээд хариу хэлэх завдалгүй дуржигнуулснаа өнөө залууд өгөөд явуулчих нь тэр.
“Хэн нэгэн ирж аваасай” гэж бодож суусан өвгөн яг хүн авдгийн даваан дээр гэнэтхэн харамнах сэтгэлдээ хөтлөгдөн очсон нь тэр байлаа. Залуу номоо авч цүнхэндээ шургуулаад өвгөн рүү эргэн эргэн харсаар цаашаа явж одов.
“Миний ном. Энэ чинь миний ном шүү дээ. Та нарынх биш” гэж сэтгэлдээ шивнэж зогссон өвгөнд гэнэтхэн “Нээрээ! Миний номыг хүн авч байна шүү дээ” гэсэн гэрэлт бодол орж ирэв.
“Миний номыг бүр дөчин хоёр жилийн дараа ч гэсэн худалдаж авсаар, уншсаар байна шүү дээ. Би амьд байгаа юм байна. Энэн шиг сайхан юм гэж байх уу” гэсэн бодол харавахад туранхай хатингар цээжинд нь омогшил тодорч, ус гүйсэн үлбэгэр нүдэнд нь үл мэдэг оч гэрэлтэж эргэн тойрноо харав. Өдөржингөө шахам гадаа суусан тэр ам ангаснаа сая ухаарч өнөөх кваснаас нэг аягыг авч залгилав. Жижигхэн хальсан аяга гэж голмоглоод байсан ч өвгөндөө бол овоо сав бололтой хэд хэд тасалж уулаа. Хоолой сэрүү татаад даанч нэг сайхан. “Миний цангаа тайлах ч яахав. Өнөө муу хүү маань бүр харангадаад үхэх гэсэн юм хэвтээ байхдаа. Бодвол архи их уухаар хамаг цус нь хуурайшчихаа шахдаг биз. Энэ хэдэн төгрөгөөр би яагаа ч билээ. Сүүтэй сүүгүй болох л байлгүй яав гэж. Хүүдээ уух юм авч өгдөг юм билүү дээ. Өнөө маргаашгүй болсон би хэд наслана гэж хүүдээ хатуурхаж явахав. Намайг унаад өгөхөөр ухаан суух биз. Муу эх нь миний оронд байсан бол ганц хүүгээ ингэж явуулаа ч уу, үгүй ч үү. Энгэрээ цөмлөөд ч болов шарыг нь тайлж өгөх байсан биз. Эх хүний сэтгэл гэдэг тийм л байдаг хойно. Хүү маань ном уншихгүй ч гэсэн хэн нэгэн хүний хүү миний номыг уншиж л байна шүү дээ. Үүнээс илүү надад юу хэрэгтэй гэж” хэмээн бодох өвгөн зохиолч хүнсний дэлгүүр лүү алхав. Хүн харахад гэлдэрч явах шиг боловч үнэндээ бол тэр дэгдэж явлаа. Тэрээр “За байз, таван мянга есөн зуун төгрөг үлдсэн юмсан. Өнөөх юманд нь хүрдэг л байгаа даа. Саяын квасыг хэрэггүй ч уув уу . . .” хэмээн гэнэтхэн санаашрав . . .
Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2010. 08. 29
Эх сурвалж: даяар монгол дот ком

4/08/2010

Хайр хавар хоёр



ХАЙР ХАВАР ХОЁР

Япон нутагт нэгэнтээ хавар ирлээ. Сакура ид дэлгэрч байна. Хүмүүсийн сэтгэл хөнгөрч, уужирч, ирэх цагийн түрүүг баярлан угтнам. Хавар гэж хамгийн сайхан улирал гэж олон хүн боддог бас бичдэг. Хаврыг хайртай хослуулж бичээгүй зохиолч бараг байхгүй байх. Хавар болохоор хайр ирдэг. Тойрон эргэлдэх дөрвөн цагийн хамгийн урин нь, хамгийн хайрламаар нь, хамгийн зөөлөн нь  ч байж магад. Хаврын дараа зун болоод намар болдог болохоор дуртай ч байдаг байж мэдэш. Хаврын дараа намар ч юм уу,  өвөл болдог байсан бол бас яах бол гэж бодогдоно. Хаврын тухай үндэсний сэтгэлгээний онцлогийг нэг сонирхож үзмээр санагдаад монгол зохиолчдын бичсэн хавар, хаврын тухай шүлгүүдийг түүж уншиж үзлээ. Эндээс олон сонин зүйл ажиглаж болно. Цаг хугацааны хол ойр, түүх намтрын цаг улирал ч нэмэрлэж нөлөөлсөн нь анзаарагдана. Гэлээ ч гэсэн нэг л санаа бүх шүлэгт адилхан. Тэр нь хартай тэнгэр, харийн шувуу, хайрын сэтгэл,   хайрласан дуун гэсэн дөрвөлжингөөс гарахгүй. Та бас нэг уншаад үз дээ.


ХАВАР
Г.Сэр-Од

Зөөлөн урсгалт салхины хөдөлгөөн урихан үлээлтээр исгэрээд
Зөгийн хүслийг хангагч цэцэгийн шимт үр хөлжинө.
Зөрөлдөн үймж хөвөн хөшиг ертөнцийн оргилд бүжиглэж
Зүйдэлгүй хөх магнаг дэлхийг хөмрөглөн цэнхэртэнэ.

Алс өндөр гялалзагч ертөнцөөс улирлыг соёрхож мишээхүйеэ
Алтан цацралын солонгост бүчис агаарыг зүсэн гэрэлтэнэ
Аялуулан донгодох харийн шувууд хаврыг мэдээлэхээр ирж
Ариун тунамал нуурын гүнээ самран шумбаж цэнгэнэ.

Униартан үргэлжлэх хаврын манан огторгуйн хоосноо суунаглаж
Уянгат донгодлогын яруу эгшиг гоёхон цуурайгаар дуурсана
Ундран халих шингэн ширхэг элч ба агаар лугаа нэгдэж
Ургамал бодисын үржих нөхцлийг далайтай зүйрлэм гүйцэтгэнэ.

Зэрлэг ойн шинэхэн навч оргилт хангайг чимэглэж
Зөрүү хөндийн холхи дэлгэрийг соёологч ногоо бүрхээд
Ялдам говийн нүд алдам элсэн талын уудамд
Яралзан үелзэх зэрэглээт долгио сэтгэл хөдлөм давалгаална.


ХАВАР
Дашдоржийн Нацагдорж

Тааламжтай сайхан хавар, найртай сайхан хавар
Дахин дахин ирж дэлхий дахиныг гийгүүлнэ
Тэргүүнээ өргөж, дөрвөн зүг хандвал
Тэнгэрийн хязгаар цэв цэлийн, уудмаар амисгална

Алтан нар гийж, мөнгөн цасыг хайлуулаад
Амитан бүхэн төлжиж, цэцэг навч соёолно.
Шар дэлхий ногоон дээлийг өмсөн ёсолж
Цөцгий болжмор жиргэлдэн хөгжим өргөж угтана

Бургаас модны навч зулзага бултайн цэцэглэж
Туулай чандага үүгээр түүгээр харайн наадна
Хурга ишиг энд тэнд майлалдан давхилдаж
Хоничин хүү нимгэн дээлийг өмсөн дэвхцэнэ

Голын мөсөн хойд далайд нүүн одож
Булгийн ус хөгжим мэт эгшиглэн мяралзана
Хараацай шувууд хоосон агаарт дураар сүлжиж
Хүүхэд багачууд түүний жиргэхийг дагалдан гүйлдэнэ

Урихан хонгор салхи өвс модыг намилзуулж
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэлийг бөмбөрүүлэн уярлуулна
Үдшийн жавар нуугдаж өглөөний хяруу ичээд
Морь мал дураар бэлчин зүлгэн дээр хөрвөөнө.

Ногооны униар дэгдэж уулын мод хөхрөөд
Буга хандгай сүрэглэж яруу сайхнаар урамдана
Хүн ард бүгчим гэрийн мухрыг огоорно
Уудам талбар ариун агаарт давхилдан цэнгэнэ

Цэцэг навч төлжин тэргүүнээ дээш өргөөд
Цоморлигийн дотроос өнгө бүрээр инээмсэглэнэ
Хээрийн галуу ирж гангар гунгар донгодоод
Хүний сэтгэлийг хөдөлгөн догдлуулж холхийг мөрөөдүүлнэ

Найртай улирал огторгуйг тулж дахин шинэтгээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэрүүлнэ
Хүсэлтэй сайхан хавар аа, цэнгэлтэй сайхан хавар аа
Хүн бүхэн чамайг хүлээж бодис бүгд чамайг мөрөөднө.
Баянгол, 1931


ХАВАР
Н.Наваан-Юндэн

Хавар гадаа хүрч ирээд
Хан тэнгэрийг дээш өргөхөд
Чимээгүй өвлийн дараа
Чихэнд найраг дуу хүнгэнэнэ.
            Хөвчин дэлхий энх тайван байг,
            Хүн бол хүн байхыг хүснэ, гэнэ.
Хүнгэнэн байх дүнсгэр найраг
Хүний доторхийг санаач ээ
Дуулгаж тэдний сануулахыг
Дуугай бид үнэмшиж байна.
            Хүн болбл хүн байх ёстой юм
            Хөвчин дэлхий энх тайван байг
Уул хад угзчин чичирмээр
Юун сүрхий хашхираан бэ?
Гол мөрөн оволзмоор
Гал дөл нүүн түймэрдэнэ.
            Энэ дэлхийд энх тайвангүй бол
            Эгэл бид чинь юу болох юм вэ?
Амь эрсдэлийн зовлонг
Амсан бодож явдаг та,
Одоо ман залуу үе та,
Уриалан бүгд дуудацгаая.
            Хөвчин дэлхийд энх тайван байг,
            Хүн биднийг хүн байлгаж өгөөч.


ХАВАР
Лодонгийн Түдэв
Хөвөн цагаан үүлс
Хөх тэнгэрт хөвөлзөж
Хөндий урт цайдмууд
Хөвсгөр цаснаас сална
            Жин хүйтэн тонилж
            Жихүүн өвөл холдоход
            Зэрэглээт тал униартаж
            Зэгстэй нуур долгиолно
Мөрөн голууд цэнхэрлэж
Малчин залуус хөгжилдөнө
Мандах наран илч сууж
Малын бэлчээр ногоожино
            Галуу шувуу ганганан
            Газрын холоос эргэнэ
            Хонин сүрэг төллөөд
            Хотлоор тэнүүн болно.

БИДНИЙ ХАВАР
Лодонгийн Түдэв

Хайрхан уулс будангаар хучигдаж
Харийн шувууд зэллэн ганганаад
Ханагар тал халиуран шаргалтаж
Хангай говьтой намар золголоо
Мөнгөн хяруу хөвчийг бууралтуулж
Мөрөн голууд зайрмагтан хөлдөөд
Мөлгөр саридагууд дүнхийн цайж
Мөсөн өвлийн чимээ сонсдлоо
Хөхөө өвлийн дохиог түгээсээр
Хөвчин дэлхийд намар ирсэн ч
Хөгжилт үеийн багачууд бидний
Хөдөлмөр сурлагын хавар ирлээ.
1957

Хавар
Д.Содномдорж

Алтан нар хурцаар ээж мөнгөн цасыг хайлуулаад
Арвин сүргүүд төллөж, ишиг хурга майлалдаад
Алс нутгаас нүүдлийн шувууд ганганалдсаар ирдэг хаврыг
Анхаалж цогтой пионерууд зугаа цэнгэлтэй өнгөрүүлдэг.
Заалгасан бүх хичээлээ давтаад суух сайхан
Заавал онц төгсгөнө гээд шамдаад байх сайхан
Зав чөлөөгүй мэрийхэд өдрийн урт нь сайхан
Завсар зай гарвал бөмбөг тоглох ч сайхан.
Сайхан явдлууд хаварт олон тохиолддог хэр нь
Сайхан сайхны дундаас онц сайхан гэж байдаг
Санаа сэтгэл хөдөлгөсөн ер бишийн сайхан нь
Сайнаас онц дүнтэй шалгалтаа өгөх л сайхан. 


Хаврын сүүлчийн цас
Дэндэвийн Пүрэвдорж

Хаврын сүүлчийн цас
Хамгийн сүүлчийн цас
Харахад цав цагаан цас
Хаврын цас орж байна
Хөв нялх ногоо
Хөх цэнхэр яргуй 
Хөвсрөх энэхэн цаснаар
Хөдөө талд бууж байна
Аяарах унах цасны
Аандаа хайлах ширхэгт
Айраг цагааны үнэр
Арвай будааны үр байна
Хаврын сүүлчийн цас
Хамгийн сүүлчийн цас
Харахад цав цагаан цас
Хаврын цас орж байна
Эргэлдэн унах цасны
Элтрэх цагаан талстанд
Эцсийн цасанд хурласан
Эхний борооны дусал байна
Хөлсөн шавах цасны
Хөлрөн дэгдэх ууранд
Хөрч чаддаггүй сэтгэл шиг
Хөх тэнгэрийн амисгал байна
Хаврын сүүлчийн цас
Хамгийн сүүлчийн цас
Харахад цав цагаан цас
Хаврын цас орж байна.


Хаврын тухай дууль
Пүрэвжавын Пүрэвсүрэн

Хараа бүдгэрэх өглөө үдшийн цагаар
Хан цэнхэр нутгийн минь нуур цөөрөмд
Хаа холоос унаган далавч цуцаасан
Хаврын шувуу дуулан ирэхийн цагт
Хөөвөр даахиа унаган хүлэг гээж
Хөдөө тал униар мананд умбаад
Хүүгээ хүлээсэн эх араг дээр гарч
Хөхрөх тэнгэрийн хаяаг саравчилдагсан
Яг тэр эх шиг эх нутаг минь өөрөө
Ядмагхан хүү чамайгаа хүлээж байх шиг
Халуун хөөрүү сэтгэл гэв гэнэтхэн догдолж
Хаврын энэ өглөө баруун зүгийг ширтнэм.


Хаврын шөнө харанхуй
Зундуйн Дорж

Харгуй зам халтиргаатай гэнэ
Хазаарт морь минь гулсангуй
Хаврын шөнө  харанхуй гэнэ
Харин би төөрсөнгүй
Харгуй зам бартаатай ч
Хатирч морь маань хургасангүй
Хаврын шөнө харанхуй ч
Хаалга үүдийг чинь андуурсангүй.


ХАВАР
Жамцын Шагдар

Тэнгэр эцэг газар авхайг аргадаж
Тэжээн тэтгэгч хур юугаан буулгахуйд
Газар эх сэрж өрх юугаа татан
Ганган цэцэгс чимэг сэлтээр гоодно
Байгаль эхийн хаврын сайхан найранд
Байдаг аяаа өргөж дуутай бүхэн дуулна
Борхон болжмор хүртэл түмэн өнгөөр
Босон суугаа жиргэж нэгэн дууг давтана
Хөхөө гургалдай найрыг эхлэхийн учир
Хөвч тайгад суудал эзлэн заларна
Сайхан хаврын намуун тайвныг түйвээхээр
Салхин чавганц хөөрөг сэлтээ даравч
Газар тэнгэр хоёр санаа нийлсний учир
Галба юүлсэн чиг ажрахгүй найраа эхлэнэ
Мөрөн гол уяхан хураа татахаар
Мөсөн бурантагаа тайлж далай хүртэл суниахуй
Мөнгөн уулс гоёл юугаа зүүж
Мөлгөр хадан дуулгаа хурын усаар угаана
Зөвхөн алтайн хангайн оргилд
Зүүсэн чимгээ солихгүй дүнхийнэ
Цагаан цасан малгай духдуулсан хэвээрээ
Цагийн хаврыг чанх дээрээс нь ширтэнэ.
1958


ХАВАР
Бавуугийн Лхагвасүрэн

Түрүүчийн эрвээхий өрөөнд орж ирэн
Хатуу хана мөргөчинө
Нисэх тэнгэр гадаа хүлээнэ
Түрүүчийн яргуй чулуу зайчлан зүтгэж
Хатууг аргадан ургана
Идэх ямаа тургин хүлээнэ.
1980


ХАВАР
Арлааны Эрдэнэ-Очир

Бүүдгэр тэнгэр хаяагаа дэрвүүлж цайрахад
Бүүр түүрхэн бодолд цэн тогоруу дуугарна
Бор борхон толгод дунд ингэ гунганаж
Ботгоны зэлэн дээр дүү минь өнжинө

Хөхөлтэй зээрд морь уяан дээрээ үүрэглэж
Хөвөнтэй дээлтэй халууцаж давхар тэрлэгтэй жиндэнэ
Урины шувуу наашилж тэнгэр зэллэн
Уяаны мод тэлж хүлгийн шандас онилно

Хаврын тэнгэрийн ааш араншин адгуу
Харин хүн хүний сэтгэл уярмаг дөлгөөн
Харсан бүхнийг зэрэглээ хуурах нь залихан
Хал суугаагүй сэтгэл нимгэн хувцастай гэнэхэн

Цэнхэр цэнхэр уул хаяа хаяа цайрч
Цэнгийн шивнээ бороо үе үе зүсэрнэ
Зүйлийн энэ хорвоод хурмаст нэгэн хайлж
Цэцгэн хээгээр цангасан газар нэг уярна


ХАВАР
Б.Эрдэнэсолонго

Өвснүүд шөнөжин архидаж хоноод
Өглөө нь шараа тайлмагц дахин үргэлжлүүлж
Өдөржин уугаад, үдэш нь төрсөн өдрөө тэмдэглэж
Төд удалгүй хоорондоо зодолдож эхэлмэгц
Уурандаа тэднийг цагдаа дуудаж өгчихөөд
Унтахаар хэвтэхэд нойр хүрэхгүй
Шөнөжин хар дарж согтуу өвснүүд зүүдлэгдээд
Хашхирсаар сэрэхэд суллагдсан өвснүүд
Дахин ямар нэгэн баяр тэмдэглэж намайг зүхэн
Хундага харшуулж байхыг сонсоод
Хавар болсныг ойлгов, уйлах хэцүү, инээх хэцүү.


ХАВРЫН ДУУ
 
Дэндэвийн Пүрэвдорж

Мөнгөн дуулгаа оргил тайлж
Мөрний нөмрөг наран хайлж
Зүүсэн зүүлтээ ой ногооруулж
Нүүсэн шувууд зочлон ирэхэд
Хамаг бүхний баясгалан
Хаврын дуун эхэлдэг
            Алтан гургалдайн гоёхон дуу
            Аянчин шувуудын уяхан дуу
            Бүтээлч хүмүүсийн хүчит дуу
            Бүгд нийлээд хаврын дуу
Цалгих нуурын эргээр ч
Цайрах алсын дээгүүр ч
Хөг аяа нийлүүлж байгаад
Түг түмээрээ хангинасан
Хаврын энэ сайхан дуунаас
Хамгийн сайхан нэг дуу бий
            Алтан гургалдайн гоёхон дуу
            Аянчин шувуудын уяхан дуу
            Бүтээлч хүмүүсийн хүчит дуу
            Бүгд нийлээд хаврын дуу
1955


ХАВРЫН НОГОО
Цоодолын Хулан

Идэрхэн танхил нас минь дахин ирэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй

Би яг л энэ хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг
Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл ээ


ХАВРЫН АНИР
Цогдоржийн Бавуудорж

Зөрж одсон учралын сэжүүрт би гуниглаж
Зөөлөн бороонд норсон өвс мэт нэг л уяруу
Өрөөлийн чанд энхрийлэлд чамайг алдчихаад
Үдшийн торгон анир хөндөж ганцаараа алхах яруу
Гэмгүйхэн харцыг чинь ганцхан л би мөрөөдөх бол амидрал уйтай
Гэгэлгэн он жилүүдийн цээж зурсан хагацал сайхан.
Гомдож ч чадахгүй дөлгөөхөн араншингаа мэдэрч
Голын харгиа чагнан намрын сарыг харуулднам
Цөнгийн дуутай урсгалд ганц цагаан өвс хөвөх мэт
Цөхөртөл хүлээсэн сэтгэлд нулимс торно.
1999


ХАВРЫН ХАВАРТ
Б.Эмүжин

Хаврын хаварт л би
Дурлачихсан явдаг
Хар л нүдтэй тэр залууг
Саначихсан байдаг
Хамгийн гэгэлгэн үедээ
Түүнд зориулж шүлэг бичдэг

Хайлаас, одод, үнсэлтийн тухай
Саяхны юм шиг дурсдаг
Бодлогогүй хэлсэн үг бүхэн нь
Урвах хүслийг төрүүлдэг
Бороотой үдшээр түүнийг санахдаа
Уйлахгүй байхыг хичээдэг
Өнгөрсөн он жилүүдэд
Өөрийгөө олоогүйдээ харамсдаг
Өнгө мөнгө, шунал хүслээс
Өр зүрх минь түүнийг харамладаг
Хаврын хаварт л би
Дурлачихсан явдаг аа.


ҮРГЭЛЖИЙН ХАВАР
Чойжалын Чимид

Дахиад л өвөл болж хүйтэн тачигнавч
Дарах цас үүлээ барагдтал оровч
Далайц их миний догшин зүрхэнд
Даамай тэнэгэр хаврын цэцэг ургана

Яахав өвөл болог, хүйтэн байг,
Ярдаг шуурга цасан хэлээ цухуйлгаг,
Ялгуусан хаврыг хайрлаж явдаг хүн
Яруу түүнээс сална гэж байдаггүй юм.
1946

САЙХАН ХАВАР
Цогдоржийн Бавуудорж

Нэгэн өглөө бостол хавар нэгэнт иржээ
Нимгэн цас нь хайлж нарийн өвс нь цухуйж
Нартай сайхан хавар нь иржээ
Үүнийг дагаад хайр ч ирдэг
Үнэхээр сайхан аялгуутай шувууд нь хос хосоороо жиргэн
Үүнийг мэдсэн хүүхдүүд хавар ирлээ, хавар ирлээ гэж хашхиралдана
Сайхан нартай хаврыг нь
Сайхан найртай хавар болтол баярлана.
2006


ШАНЗНЫ ХАВАР

Ш.Гүрбазар

Дэлгэр гуайн хоёр бүгээн цаашилсаар л
Дэрсэн дундаас
Дөрвөлж дүүрэн аргалтай
Ижий минь тэндээс наашилсаар л
Өлзий булгийн хөндий
Өнөө өглөө зэрэглээтэж
Өмссөн дээл хүнддэн
Өөжингөөс  тэрлэгээ гаргалаа
Дөрвөн шагай хаятал
Тэмээ илүүтэй буух чинь
Маргааш өглөөний нарнаар
Манайх нүүх юм биш байгаа.
Алдуул цавидар үрээ
Ижилдээ эргээд нийлчихэж
Адуу эрэхээр явсан
Аав минь ирэх юм биш байгаа
Бараан дээрээ гарч
Шувуудын цувааг саравчилтал
Баруун айлын эгч
Шанзны хөгөөн чангалваа.
1970

 
ЭНЭ ХАВРЫН ӨДРҮҮД
Арлааны Эрдэнэ-Очир

Хайлаас модонд навчны зөн татна
Хаврын ийм өдрүүдэд би дуртай
Хайрын сэтгэлд гэгээ татна
Хар нүдэн охидод би хайртай

Хачин их догдлол далдаас төрж
Хаашаа ч хамаагүй гармаар бодогдоно
Гэртээ тогтолгүй зуун жил тэнэж
Гэнэн залуу явмаар санагдана

Хүүхний үнэртэй салхи нь
Хүзүү заамаар оролдсон
Хүсэл болоод бодлыг минь
Хүүхэд эхнэр аргамжсан

Энэ хаврын өдрүүдийг ээ...