Showing posts with label Хууч. Show all posts
Showing posts with label Хууч. Show all posts

1/18/2011

Үнэтэй хоол

Сэнгийн Эрдэнэ гуай 1958 онд Ардчилсан Германд соёлын төлөвлөгөөний шугмаар анх ганцаараа хөл тавьж. Эхний өдөр өлсөж буусан буудалдаа ресторанд орж, цэсийг нь үзсэн чинь бүгд герман. Үйлчлэгчтэй нь оросоор ярих гээд нөгөөх нь чаддаггүй гэнэ. За хамгийн үнэтэй нь сайн хоол байж таараа гэж бодоод нэг юм онилоод зааж гэнэ. Үйлчлэгч нэг том харж, ширээг нь тойруулан ажигласнаа яваад өгч. Удалгүй нэг том тосгууртай юм баруун гартаа өргөөд ирсэн нь зургаагаас арван хоёр хүний том бялуу байж. Тавтай хооллохыг ерөөгөөд явж өгч үйлчлэгч нь. Нөгөөхөө орхиод явалтай биш, дуртай дургүй хэлтэлээд л ичингүйрэн сууж гэнэ дээ. Харь газар хэл мэдэхгүй байхын зовлонг тэгэж амссанаа ийн хуучилжээ. С.Эрдэнэ гуайн өөрийнх нь ярьж, Дашдооров гуайн тэмдэглэсэн хууч

Зөрүү бодол

1970 онд С.Эрдэнэ, С.Удвал, Б.Ринчен гуай гурав Бухарестэд социалист орнуудын зохиолчдын хуралд явж байхдаа нэг өдрийн хоолон дээр Б.Ринчен гуай оньсого таалгаж. "Үс үсээрээ нийлнэ, мах махаараа нийлнэ, үдэш болхоор бүр их нийлнэ. Тэр юу вэ, та таа даа" гэж гэнэ. Удвал гуай, -Ринчен гуай та яасан дэмий юм бодож байдаг юм бэ гэвэл, - Харин та л дэмий юм бодож байдаг юм байна даа гэж. Энэ чинь нүдний сормуус, зовхи шүү дээ гэж. Эрдэнэ гуай ч бас шалиг юм бодож байсан тул түс хийтэл инээжээ. Удвал гуай ч зөрүү бодолтой байснаа ойлгож тас тас хөхөрчээ.

Ажил баллаад хаячихна

Мишигийн Цэдэндорж гуай, Лхамсүрэн гуай хоёр нэг өдөр савахаар нийлж л дээ. Энх тайвны гудамжаар тэдний байрны дэргэдүүр алхаж явсанаа Лхамсүрэн гуай гэнэт "хөөе хөөе, тонгой, тонгой" гэж. Яав юу болов? гэвэл "манайх зуслан нүүж байна, бид хоёрыг харчихвал дуудна, ажил баллаад хаячихна" гэжээ.  Хэ хэ алдаг хүн шүү гэрээ нүүж байхад.

Эмгэн Бадарч

Пунцагийн Бадарч гуай Дашдооровын нутагт арми сурталчлах ажлаар очиод тайзан дээр сууж байхад нь "Э.Оюун гуай явж байгаа тэр урт үстэй, монгол дээлтэй, шар авгай чинь мөн биш" гэж хүмүүс шуугилдаад байж. Шүлэг унших цаг болж яруу найрагч Пунцагийн Бадарч шүлгээ уншина гэхэд нь босоход хүмүүс бүр гайхаж гэнэ. Танилцуулахаа ч яасан юм бэ тэр чинь. Тэгж нэг эмгэн Бадарч буюу Э.Оюун болсон түүхтэй аж. Дараа нь уулзалт тарж айлд очиход айлын авгай үүнийг хуучлахад Бадарч гуай "би эр байна уу, эм байна уу эр нөхөр чинь элдэв юм бодохгүй бол үзүүлээд өгч болно шүү" гэж хэлж нэг дарж авчээ.

Сталиний нууц яриа

Цэндийн Дамдинсүрэн гуайг 1943 онд Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэхээр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж очиход нөхөр Сталин өөрөө хүлээн авч, хүлээн авалт хийж. Хүлээн авалт болохын өмнө Чойбалсангийн орчуулагч Ширэндэвийг байхгүй хойгуур Сталин шууд Ц.Дамдинсүрэн гуай руу ирж танхимаас дагуулан гарчээ. Удалгүй буцаж орж ирэхэд хамт явсан нөхөд нь гайхаж та хоёр юу ярьсан бэ гээд шалгаагаад байж. Дамдинсүрэн гуай ч "ярих юм байсан бол юу гэж намайг дуудахав дээ маш нууц юм ярьсан, маш нууц" гэж тэднийг дамшиглан явуулсаар нутагтаа иржээ. Гэтэл Сталин юу ярьсан гээч, тэр танхимийн ойролцоо "эрэгтэй, эмэгтэй хүний морь харах газар" тэнд байгаа шүү гэж Дамдинсүрэн гуайд зааж өгсөн байна. Ингэж Ц.Дамдинсүрэн гуай Сталинаар морь харах газар заалгасан хүн болж түүхэнд үлджээ. Ц.Дамдинсүрэн гуайн ярисан, С.Дашдооров гуайн тэмдэглэсэн хууч