Showing posts with label Тэмдэглэл. Show all posts
Showing posts with label Тэмдэглэл. Show all posts

11/29/2011

Ж.Бат-Ирээдүй: КОНГРЕССИЙН НОМЫН САНГААР ЗОЧИЛОХУЙ

(c) J.Bat-Ireedui




Конгрессийн Номын Сан цэвэр судалгааны зориулалттай Нэгдсэн улсын соёлын томоохон институц юм. Конгрессийн номын сан номын тоо, тавиурын уртаараа дэлхийд дээгүүр жагсах бөгөөд 1800 онд Ерөнхийлөгч Жон Адамс Пиладелпиагаас шинэ засгийн газар шинэ нийслэл Вашингтонд нүүж ирэх Конгрессийн шийдвэр гарсантай давхцаж байгуулагджээ. Харин 1812 Англи цэргийн дайны үед маш олон эх баримт бичиг, ном сүйдсэн ч 1815 онд Томас Жефферсон 6487 ширхэг хувийн номоо тус номын санд зарж энэ номын сангийн эх суурийг тавьсан байна.

 Орос, Монгол номын каталогич Барри

Өнөөдөр Конгрессийн номын сангийн цуглуулга, сан хөмрөгийг зэрэгцүүлэх газар хаа ч үгүй. Энэ номын санд 460 хэлээрх 144 сая бүтээл байгаагийн 33 саяыг каталогижуулсан ном, 63 сая гар бичмэл, хойд америкийн маш том ховор номын сан хөмрөг хадгалагдаж байна. Мөн дэлхийн хуульзүйн болон кино, газрын зураг, хөгжим, дуу бичлэгийн хамгийн олон сан хөмрөг энд байгаа юм. 
 Конгрессийн номын сангийн уншлагийн төв танхим

Бидний хувьд дэлхий дахинаа хамгийн их тархсан зүйл бол монгол ном юм. Энэ нь дэлхийн томоохон номын сангуудад тархсан монгол ном, гар бичмэл, барын ном, газрын зураг, бусад хэрэглэгдэхүүний судалгаа, түүний каталогиор батлагддаг. Дэлхийн ихэнхи томоохон номын сангуудын монгол номын каталогийг тухайн орны эсвэл гадаад орны монголч эрдэмтэд хийсэн байдаг юм. Тухайлбал Японы Дорно дахины номын сангийн каталогийг монголч эрдэмтэн Поппе, Копенгаген, Англи, Ирландын номын сангийн монгол номын каталогийг Хайссаг, Сагастер нар хийсэн байх жишээтэй. 

Азийн  танхим

Конгрессийн номын сангийн таницлуулгаас үзвэл азийн салбарын ховор номын цуглуулгад 20 дугаар зууны эхээр олдсон 80 монгол судар хадгалагдаж байна. Америкийн судлаач, дипломат Виллиам Вүүдвил Рокхилл бээр 1893-1901 оны хооронд анхны хоёр гар бичмэл, нэг модон барын номыг хандивласан байна. Энэ гурван ном буддийн шашны алдарт судруудын монгол орчуулга бөгөөд хоёр зууны заагт тэрбээр Монгол Улсад айлчлахдаа олж авсан бололтой. 70 гаруй бүтээл нь Бертолид Лауферийн 1917 онд олсон судрууд бөгөөд өөрийнх нь товч гар тэмдэглэл буй. Хоёр модон барын номыг Кребийн хэлшинжлэлийн цуглуулгаас авсан байна. Нийт ховор номын каталогийг Харвардын Их Сургуулийн багш асан Дэвид М.Фаркухар 1955 онд хийж тусгай өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд үүнд ганжуур, данжуурын ном 27, уншлага залбирал 19, түүх намтар 11, анагаах ухааны 5, хэлний 2 бүтээл, мөн төв Азийн гэсэрийн хэсэг бүртгэгджээ. Мөн цуглуулгад “Үлгэрийн далай”, “Алтан гэрэл”, “Сундуй” зэрэг 18 дугаар зууны үеийн модон барын алдарт судрууд, “Очроор огтлогч”-ийн монгол орчуулга болон “Ихэд тонилгогч” буюу Тарбочинпо судрын уран нарийн зураг бүхий гар бичмэл багтаж буй.

 КНСангийн Жеферсон буюу төв байр

Мөн буддийн сургаалын тайлбар Монгол ганжуур, данжуурын гэрэл зургийн аргаар хэвлэгдсэн 108 боть Энэтхэгийн эрдэмтэн Локеш Чандрагийн 1973-74 онд Шинэ Делид хэвлүүлснээр хадгалагдаж байна. Мөн 1956-58 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид хадгалагдаж байсан Өргөө данжуурын бичил хальсыг Рагу Вира буулгаж тодруулсан хальсаа 8 боть товьёгынхоо хамт ховор номын хэсэгт хадгалагдаж байна. Энэ тухай Азийн ховор ном хэмээх номын цомогт дурджээ.

 КНСангийн дотор

Конгрессийн номын сан бусад улстай адил Монголоос он лайн худалдаагаар ном авах боломж хараахан цэгцрээгүй учир 1992 оноос хойш Монголд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон түүгээр дамжуулан шинэ ном худалдаж авч байна. Номын сонголтын талаар цаашид бодох юм их байна, мөн номын сангийн каталогийг хийх талаар ойрын үед анхаарч байна хэмээн тус номын сангийн монгол-төвд ном хариуцсан ажилтан Сүзан ярьж байлаа.

11/23/2011

ГЭРЭЛ ЗУРАГ БА МУИС

МУИС ИРЭХ ЖИЛ 70 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭНЭ
Би саяхан архиваас МУИС-тай холбоотой нэг ийм баахан зураг олж авсныг татаж үзүүлж байна.

 МУИС-ийн Анхны байшин буюу одоогийн Зориг Сан
Энэ байшинг уг нь МУИС-ийн музей болгомоор байгаа юм.

 Ректор Даачагийн Дорж, С.Төмөр-Очир, Б.Чадраа нар

 Маний танидагаас Дагвын Чойжалсүрэн багш, Хамба лам, архивын Жамц гуай, С.Даваа багш, англи хэлний Дамдин багш бөлгөө нар суух шиг байна

 Энд Норовсамбуу, Я.Шаарийбуу,Т.Дүгэрсүрэн багш нар








10/02/2011

Ж.Бат-Ирээдүй: "ТАМГАНЫ ХИШИГ"


ТАМГАНЫ ХИШИГ

(c) J.Bat-Ireedui
Монгол нутагт намрын сэрүүн орж, зарим нутгаар цас хэдийн орж, оройдоо жиндүү сэрүүхэн болжээ. Өнөөдөр намрын дунд сарын шинийн таван, цагаан бар өдөр байлаа. Энэ би өдөр нутгийн найзын урилгаар Баянчандмань сумын адуучин Ганзоригийн унага тамгалах ёслолд оролцоод ирлээ. Нүүдэлчин монголчуудын дээр үеэс уламжилж ирсэн бас нэгэн ардын ёслол бол мал тамгалах ёсонд хамаарах унага тамгалах ёс юм. Монголчууд ихэнхи нь нохой өдөр гүүгээ барьж, бар өдөр тамгалж тавьдаг уламжлалтай. 


Мал амьтны тамга гэдэг бол бүр эртнээсээ ерөөсөө нэгийг нөгөөгөөс ялгах зорилготой л эд аж. Археологи, эртний дурсгалууд монголчууд лав МЭӨ нэг мянган жилийн тэртээгээс мал сүрэгтээ овгийн тамга хэрэглэж ирсэнийг тодорхойлдог аж. Малд дарах энэхүү тэмдгийг тамга, тэмдэг, тамга тэмдэг, дүрэм, хайрлага, хайрсан гэгчлэн нутаг нутагт янз бүрээр хэлдэг аж. Манай нутагт бол тамга гэж хэлж нэгэнт заншжээ. Монголчууд ихэнхи нь адуу, тэмээнд л тамга дардаг. Бог малд тамга дарах нь маш ховор аж. Манай нутагт хонийг бол чихэнд нь тамгалахад барьж өгч байсан нь би биеэрээ байж байна.


Ерөнхийдөө монголчууд малын тамгыг үсэн тамга, хөрсөн тамга, махан тамга гэж ялгаж байж. Энэ бол цэвэр тамганы даралтаар нэрийдсэн нэр аж. Зуны халуунд шарх нь анихгүй өтөхөөс сэргийлж, эсвэл хэтэрхий хүйтэнд үс ургахгүй удахаас шалтгаалж үсэн тамга дарж байж. Харин намар цагт махан тамга дардаг ёстой. Өнөөдрийн махан  тамга дараж байхыг харахад үсэн ч бай, махан ч бай тамганы халаалт, даралт хоёрт их учир байна. Муу халаасан тамга малыг дутуу тамгалаж зовоож тарчлааж дахин дарах ажил уддаг байна, эсвэл тамганы талбайд жигд хүчээр дарахгүй бол мал дутуу тамгалагдаж яваандаа тамга нь алга болох юм байна, бүр хэтэрхий хүчтэй дарвал махандаа шигдэж малыг тамгалах биш тамлах ажил болох бололтой. Өнөөдрийн дарсан улсаас хамгийн сурмаг бөгөөд сайн нь адуучин Ганзориг байлаа. Зарим нутагт дааган насанд нь дардаг бол ихэнхи нутагт унаган насанд нь тамгалж байна. 


Унаган насанд тамгалж байгаа учраас унага өсөж том болоход тамга мөн өсөж 2-3 дахин томордог аж. Тийм учраас дарах цэг бас их тодорхой зөв байхгүй бол эсвэл дээшээ яваад өгөх, эсвэл бүр доошоо орчих явдал байдаг гэнэ.  Унагыг барихдаа тамга даруулж байгаа талын хоёр хөлийг базаж татаад газраас хөндийрүүлдэг юм байна. Тэгвэл унага хөдөлж чадахгүй бөгөөд тамгыг нүүлгэхгүй, хөдөлгөхгүйгээр баттай сайн дарж авдаг юм байна. Тийм учраас нэг унага тамгалахад 2-3 хүн заавал барьж өгөх ёстой. Би бас эр хүншүү юм болохоор хүн дууриаж ганц нэг унага татаж тамгалуулж, “тамлуулахад” тус хүргэв. Энэ жилийн унага тарга тэвээрэг сайтай, хүч тамир ихтэй учраас бяр тэнхээ муутай хүнд хүчрэгдэхээргүй байна. 


Төв халхууд голдуу намрын дунд адаг сарын бар өдөр унагаа тамгалж, гүүгээ тавих бөгөөд энэ үеэр “тавилганы найр”, “тамганы найр” гэх мэт ёслол хийдэг аж.  Өнөөдөр Ганзоригийнх морин цагийн хэрд гүүн зэлнийхээ гадсанд идээ будаа хүртээж, сан тавьлаа. 

Зэлний дэргэд зууханд галаа түлж адуутай аавын хөвгүүд тамгаа улайтган унагануудаа тамгаллаа. Тамгалж дууссаны дараа тамгаа сөнтэй айраганд дүрж, “тамганы хишиг” хэмээн ирсэн зочин гийчиний алган дээр хишиг хүртээж ёсловол хиншүүний амттай айраг “хэвийн бус” санагдав.
Унагаа тамгалсан Ганзориг ухаант ардынхаа ёсыг дагаж униндаа тамгаа хадганд боож хавчуулаад уригдсан олныг урин залж, хөгжөөн баясгаж хөгжилдөн цэнгэв. 


Отрын гэр оготор ч орж багтахгүйн зовлонгүй, монгол гэрийн гайхамшиг нь энэ. Тамгалах ёсны дараа идээ будаа болж, хорхог хийн айраг архиар шахаж эхлэв. Унага тамганы гурав хэмээн нэг хүнийг гурван хул айргаар шахсан ч намрын айраг наашаа биш цаашаа явах нь сайхан ядах юмгүй тогтоочихлоо. Дараа нь дуу хуур эхэлж “адуучин аавын хүү билээ”-гээс эхлээд “алтан шар зам дээшээ байна” хүртэл бүгдээрээ цангинатал  дуулж уул усыг баясган, айраг найрыг үргэлжлүүлэн жаргаав аа.


Хот хүрээнээс ирсэн хүүхэд шуухад, хүүхэн залуучууд тамганы найрыг гайхан шагширч, монголчуудын бэлгэдэл ухааныг шүтэж, адуу малаа адгуулж, амь амьдралаа залгуулж, ёсоо дагаж, журмаа сахидаг ухааныг биширч тамгыг газар тавих, хаа хамаагүй газар дарахыг цээрлэх, өөр хүний гарт дамжуулвал мал буянаа барна хэмээх бэлгэдлийн ухааныг олж, учрыг ухаж, хүүхэд багачууддаа зааж сургаж, тайлбарлан таниулж байгаа харагдана.


Тамганы тухай дахиж таван үг бичмээр. Монголчуудын дунд “тамга бодын үнэтэй” гэж үг бий. Энэ нь малын тамгыг хэчнээн үнэ цэнээр тооцож байсны гэрч. Тамга урлаж өгсөн хүнд халуун хушуут мал хонь өгөх бөгөөд дархан хүн ч бурхан ухаанаа гаргаж, “мянган адуу тамгалахад хайлахааргүй” юм хийж өгөх гэж хичээдэг байсан байна. Орчин үед техник технологи хөгжөөд маш гоё хийцтэй хэд хэд угсардаг авч явахад авсаархан, ажиглаж үзвэл эвсээрхаэн гоё тамга хийдэг болсон юм байна. Тамганы нэр газар газар өөр өөр саран тамга, зуузай тамга, чандмань тамга, хас тамга, гал тамга гэж байхаас саран тамга нь дотроо нүцгэн сар, өргөстэй сар, тотготой сар гэхчилэн, гал тамга шулдан гал, сартай гал, сэнжтэй гал, хөндлөнтэй гал, ширээтэй гал, хастай гал гээд барагтай хүн тогтоохооргүй баялаг нэртэй юм байна.


Тамганы хишиг хүртсэн энэ өдөр агаар айраг сэнгэнэсэн, адуу унага нь “тарчилсан”, айл хунараараа найрласан, ах дүү олон цугласан, хүүхэд шуухад нь хөөрсөн, хорхог хоол үнэртсэн, хөгшид өвгөд хуучилсан, цасны ус шавхайлсан, цагийн салхи жиндүүлсэн намрын налгар өдөр  тамганы найр тансаг сайхан боллоо. Тамга нь тод, тамгалсан нь түм хүрэх болтугай.
Ж.Бат-Ирээдүй, (Монгол судлалын хүрээлэн), 2011/10/02

9/30/2011

Ж.Бат-Ирээдүй: "БЕТХОВЕНИЙ ГЭР МУЗЕЙГ ҮЗВЭЛ"



БЕТХОВЕНИЙ ГЭР МУЗЕЙГ ҮЗВЭЛ


Essay and photos by J.Bat-Ireedui (c)
Германы хуучин нийслэлд 2000 оноос хойш ажил албаны хэргээр голдуу хэдэн ч удаа очив миний бие. Гэвч Людвиг вон Бетховений музей үзэх завгүй л явсан хэрэг байх, энэ удаа харин Бонны Их Сургуульд болсон Манжийн үеийн Монголын түүхийн хурал дууссаны дараа жаахан чөлөө гаруут зориуд хэрэг болгон гэр музейд  очиж үзсэнээ уншигч олонтой хуваалцая гэж бодлоо.
 Бонн хотын төв дэх төрөл бүрийн Бетховенууд

Бонн хот Бетховений унасан газар, угаасан ус. Түүний гэр бүлийнхэн энэхүү Бонн хотын төвд шахуу орших хоёр давхар жижигхэн шар байшинд нэгэн цагт амьдарч байсан бөгөөд тэрбээр энэ байранд 1770 оны 12 дугаар сарын 15 нд Жоханн, Мариа Магдалена нарын хоёр дахь хүүхэд болон төржээ. 

Энэ ягаан байшин бол түүний төрсөн газар
Бетховений байшин бүр эцэг эхийг нь гэрлэсний дараахан 1767 оноос  хоёр тусдаа болж. Бетховений аав ээж нь арынх нь байшинд нэлээд олон жил амьдарч байсан бөгөөд энд иртэлээ хаа газар байдаг айл гэрийн амьдрал ёсоор Бонн хотыг тойрч хэдэн ч удаа нүүжээ. 19 дүгээр зуунд энэ байрыг тойроод баахан ресторан болох янзтай, хэн нэгэн аваад үгүй хийх шинжтэй болсон цагт  1889 онд Бетховений гэр музейн нийгэмлэг гэгчийг санаачилсан 12 хүн энэ байрыг худалдаж авч түүний музей болгох шийд гаргуулсан нь цагаа олсон ажил болсон бөгөөд Бетховений дэлхийн хамгийн олон цуглуулга, үзмэртэй музей болгож чаджээ. 

 Бетховен 1770 оны 12 сарын 17 нд энд төрсөн гэж

Энд түүний Бонн болон Австрийн Вена хотноо амьдарч байх үеийн 150 гаруй жинхэнэ оригиналь эх баримтыг тавьсан байх бөгөөд шинээр барьсан хажуугийн жижиг цагаан байшинд Бетховений хөгжмийн дижитал  архив байдаг аж. Энэ байранд ороод Бетховений оригиналь амьд хөгжим, си ди-г орчин үеийн хамгийн сүүлийн үеийн техникээр тоноглосоноор сонсож болох агаадмөн энд түүний гар бичмэлийн анхны эхүүд, хөгжимийн ноот, гэрэл зургууд, эд өлгийн зүйлсийг үзэж, сонсож болно.

 Суутын суут энэ хүний гэр хөл хөсөөр тасрахгүй

Надад хамгийн сонирхолтой зүйл бол Бетховений гэр бүлийн угийн бичиг, Вена хотод амьдарч байх үеийн зурагууд, түүний хэрэглэж байсан хөгжмийн зэмсэгүүд болон байрын дотор талыг яг тэр үеийнхээр нь хадгалсан нь маш сонин байлаа. Шал нь гишгэнгүүд чихарч дуугараад л тэр үеийн мод яг хэвээрээ, бараг үнэр нь үнэртэх шиг болсон. Хэдийгээр музейн дотор зураг авч болохгүй ч гэсэн гар утсаараа амжуулаад хэд хэд дараад авсан боловч харамсалтай нь хулгайн юм болохоор олигтой гарсангүй харин гадна авсан зураг гайхалтай сайхан гарсан. 
 Хөгжмөө бичих гээд ч юм уу, эсвэл өвчин зовлондоо ч юм ихэнхи баримал нь гуньж гутаж зовж шаналсан царайтай

Бетховений өвөө аав Көлний Сүмийн нэртэй хамба Лүдвиг Элдэр (1712-1773) гэж хүн түүний хамгийн хүндэтгэлт хүн байж. Бетховен бүр 1782 онд 12 настайгаасаа энэ ордоны найрал хөгжмийн чуулгад туслах ажилчнаас органист, хийлч, хөгжимч болтолоо ажиллаж гэр бүлийнхэндээ мөнгө цаасаар туслаж байсан байна. Түүний гэр бүл их ядуу тарчиг амьдарч байсан гэдэг. Ээжийгээ 1787 онд өөд болсоноос хойш бүр гэр бүлээ тэжээж нуруундаа үүрч хүн болжээ. Ээжийг нь нас барсаны дараа хатагтай Хелене вон Бреунинг бээр эхийн оронд эх болж сурч боловсроход нь анхаарч халамжилдаг байгаад насан туршдаа бие биедээ сайхан найзууд явжээ. Түүний нөхөр нь бүр сүүлд 1838 онд Бетховений жинхэнэ үнэн намтарыг хэвлүүлсэн байна. 

 Тэрбээр энэ шар байшинд төрж, эндээ амьдарч байсан байгаа юм

Эцэг нь хэдийгээр хөгжимчин хүн байсан боловч нэг ч их анхаарал тавьж чадаагүй ч харин нэг удаа түүнийг Моцарт шиг авьяастай хүн болохыг олонд харуулах гэж хичээж үзжээ. Баримтаас үзвэл хамгийн анхны концерт 1778 оны 3-р сарын 26 нд Көлнд болжээ. Харин нэг хөгжилтэй юм бол аав нь анхны тоглолт дээр нь түүн рүү олны анхаарал татахын тул 6 настай гэж худал хэлж байжээ. Бетховен анхны хөгжмөө түүний багш Бонны театрын удирдаач, хөгжмийн зохиолч Христиан Готтлоб Нээф (1748-1798)- ийн тусаар 1782 онд хэвлүүлжээ.

 Гэр музей дотроо хоёр гурван ч хэсэгтэй
Өөр нэгэн сонин зүйл бол түүний Бонны театрт ажиллаж байхдаа тоглодог байсан хийлийг тавьсан байлаа. Энэ хийлийг 1780 онд Стайнер гэдэг хүний загвараар Себастиан Далингэр зохион бүтээжээ. Бас нэг сонин зүйл бол түүний бүр 10 настай байхаас тоглож байсан Минор Ордерийн сүмийн нэгэн аргон буюу их хуур тэнд тавьсан байна билээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед бусад хөгжмийн зэмсэгүүд эвдэрч сүйдсэн бөгөөд энэ хуурыг бүр 1904 онд тус сүмээс Бетховений гэр музейд шилжүүлэн өгсөн байна. Харин энэ хөгжмийг хэрхэн яаж тоглох тухай заавар нь шилжүүлэх явцад алга болжээ. Мөн тэнд хамгийн анх бичсэн төгөлдөр хуурын гурван сонатын зураг эхээрээ байна билээ. Бетховен 1792 онд Бонныг орхиж Жосеф Хаиднаар хөгжим бичихийг заалгахаар Венад нүүжээ. Энэ үед тэрбээр 22 настай байж. 

 Гэр музей гадна талаасаа

Ингэж түүний алдарт хөгжмийн зохиолч болох зам нээгдэж дэлхий даяар хүлээн зөвшөөрчээ. Эндээс түүний  “Сарны сонат”, “Баатарлаг”, “Гуравдугаар симфони” зэрэг суут бүтээлүүд ундарч эхэлжээ. Харин тэрбээр хар залуу 26 наснаасаа сонсгол нь муудаж санаа нь зовж үргэлж бүтээл хийж суудаг байж. Ингээд 1802 оноос арваад жил тэрбээр ухаан мэдрэлгүй ажиллаж 4,5,6,7, 8-р симфоноо бичиж, чавхдаст хөгжим, найрал хөгжим, хийл хөгжимийн концертуудаа туурвиж, “Леонора”, “Кориолан” удиртгал хөгжим, “Эгмонт” жүжгийн хөгжимөө бичжээ. 


Бетховен амьдралынхаа сүүлийн хагасыг маш эмгэнэлтэй өнгөрөөсөн бөгөөд тэрбээр 30 насандаа таг дүлий болсон учир хөгжимчин хүн юутай гутамшигтай, юутай эмгэнэлтэй хэрэг билээ. Тэрбээр төрсөн ахдаа бичсэн нэгэн захидалдаа, “... Хажууд минь байгаа хүн хүн алсад жингэнэх лимбийн дууг сонсож байхад би огт сонсохгүй байгаадаа юутай гутарнам, энэ бүхэн намайг амьдын там руу хөтөлж, жаахан удсан бол би амиа хорлох байлаа, гагцхүү урлаг аварлаа, амьдралаа зориулсан бүхнийг хийж гүйцээхээс нааш ертөнцийг орхих гэдэг сэтгэшгүй мэт санагдана...” гэж бичиж байжээ.
Бетховен хурын хар үүл нүүж, аянга цахилгаан нижигнэн түнэр харанхуйг доргиосон аймшигт шөнө буюу 1827 оны 3-р сарын 26 нд Австрийн нийслэл Вена хотын захад хөөрхий муу намхан байшиндаа юу ч үл сонсовч хорсол хилэнгээ занан гараа зангидан эргэхдээ хүйтэн шалан дээр унаж, дахин босолгүй насан өөд болжээ. Түүнийг 3 сарын 29 нд чандарлаж оршуулах ёслолд нь 20 мянган хүн оролцжээ.
Ингэж есөн сарын бүрхэг өдөр дэлхийн алдарт хүн Бетховений гэр музейг үзээд гунигтайхан гарч алхвал нарийн бороо шивэрсэн намрын саарал өдөр байлаа Бонн хотод.


Дэлхийн симфоний түүхэнд шинэчлэл хийсэн, сүүлийн хэсэгтээ дөрвөл хоолой болон найрал дуучид оролцсон дөрвөн хэсэгтэй "9 дүгээр симфони" бол түүний уран бүтээлийн оргил юм. 1824 оны 5 дугаар сард суут бүтээлээ хамаг хөлс хүчээ урсган удирдаж тоглуулахдаа таг дүлий байсан тул үзэгчдийн алга ташилтыг юу ч сонсохгүй байсан бөгөөд түүний  туслах хөгжмийн ангийн оюутан бүсгүй нь эргүүлж үзэгчид рүү харуулахад тэрбээр нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн, баярлаж бахархсан олны нүүр царай, алга ташилтыг нүдээрээ харж тэдэнд ёстой нөгөө "юу хийснээ"  мэдэрчээ.  Энэ тухай дээрх "Copying Beethoven"  хэмээх Бетховений ганцаардал, өвчин шаналал, эмгэнэлт амьдралын сүүлийн 3 жилийн тухай  үгүүлдэг энэ киноны хэсгээс сонирхон үзмүү. Уг киног 2006 онд Метро Голдвин Маерийн зохиолоор Агниэска Холланд найруулан тавьжээ.
Дашрамд дурдахад Бетховений хөшөөний загварыг будахад бэлэн болгож үйлдвэрлээд зориуд хувь хүн, байгууллага, компаниар будуулж нэг төрлийн сурталчилгаа хийнгээ мөнгө олдог арга байдаг юм билээ. Үүнийг сургуулийн сурагчаас нэртэй компаниуд хүртэл бүгд хийдэг гэж тэр ажлыг хариуцаж зогссон хүн хуучилсаныг сүүлд нь дуулгамаар санагдав.
Бонн-Улаанбаатар, 2011.09.30 нд бичиж нийтлэв


9/12/2011

МОНГОЛЧ ЭРДЭМТЭД РЕИН МӨРНИЙ ЭРЭГ ДЭЭР

Монгол судлалаар Баруун Европт төдийгүй дэлхийд нэр хүндтэй, хуучны уламжлалтай, ХБНГУ-ын Бонны Их Сургуулийн Монгол, Төвд судлалын тэнхимээс 2011 оны 9 дүгээр сарын 4-8 нд “The History of the Mongols during the Qing-Period in the Light of Manju-Mongol Archives”  нэрт монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ХБНГУ, Монгол, ОХУ, БНХАУ, Унгар, АНУ-ын монгол судлаачид, эрдэмтэн мэргэд оролцлоо.

Хурал Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүхийн судалгаа түүний дотроос тухайн үеийн архивын баримт бичиг, хэрэглэгдэхүүний судалгаа шинжилгээнд гол анхаарлаа хандуулсан бөгөөд нийт 30 орчим эрдэмтэд уригдсанаас МУИС-иас д-р О.Оюунжаргал, Б.Баярсайхан,  Д.Баярсайхан, Э.Мөнх-Учрал, Ж.Бат-Ирээдүй нарын  5 судлаач, Монгол Улсаас нийт 8 судлаач уригдан оролцож илтгэл айлтгал хэлэлцүүллээ. Ажил төрлийн шаардлагаар Японы нэрт монголч эрдэмтэн Наками, АНУ-ын монголч, манжич Кристофер Атвүүд, Марк Эллиот, Космо нар хүрэлцэн ирж чадсангүй.
Эрдэм шинжилгээний хурлыг ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба буюу ДААД ивээн тэтгэж, Бонны Их Сургуулийн Монгол судлалын салбарыг дэмжиж хамтран ажилласан байна.
Хурал зохион байгуулсан Профессор, д-р Оюунбилигийн хамт

Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд ХБНГУ-ын монгол судлаач, ОУМСХолбооны Ерөнхийлөгч, профессор, д-р Клаус Сагастер, “Mongol Studies at Bonn University”, проф. д-р М.Вейерс, “Going along the Frontier. Qing-China’s Northern Territories, 1653-1795”, д-р Д.Хеушерт, “Defining a Hierarchy: Formal Requirements for Manchu-Mongolian Correspondence, Issued in 1636”, проф.д-р Оюунбилиг, “On the Jasaγ of Khalkha in pre-Qing Times”, д-р Б.М.Грубэр “A Brief Survey of the Documents Relating to the Bayantala League”, илтгэл хэлэлцүүлсэн бол Монголын эрдэмтэн д-р Д.Өлзийбаатар,  “Some Remarks on Manchu Qing Dynasty Records Preserved in the National Central Archive of Mongolia”, проф. д-р Б.Баярсайхан, “On the Qing Military Laws of 1870 for the Mongols ”, д-р О.Оюунжаргал, “On the Tsakhar Sumun of the Secen qin wang Banner of Sain Noyan Aimag”, судлаач Э.Жигмэддорж,  “Did the Manchus divide the Khalkha into a Left and a Right Wing in 1655? A Comparison between the Iledkel shastir and Archive Material”, судлаач д-р Э.Мөнх-Учрал, Д.Баярсайхан нар, “The characteristics of Qing Archive materials”, проф. д-р Ж.Бат-Ирээдүй, “Manju Philological Studies in Mongolia”, зэрэг Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүхэнд холбогдох сурвалж болон албан баримт бичиг, захидал, манж хэлбичгийн судалгааны талаар илтгэж, БНХАУ-ын эрдэмтэн проф. д-р Дарийжав, “ Four Manchu Documents on the Čaqar jasaγ qosiγu”, проф. д-р Оюунгэрэл,   “Disputes over the Right of Succession as Jasak in the Tongzhi-Period of the Qing-Dynasty”, судлаач Т.Сонг, “On the Alliance between the Qing and the Khalkha, Shunzhi 12 (1655)”, д-р Багана, “On the Tushiyetu Khan Ooba of the Khorchin”, зэрэг манжийн үеийн засаг захиргааны хуваарийн талаар илтгэл хэлэлцүүлж, ОХУ-ын эрдэмтэн проф.д-р В.Л.Успенский , “The Report by Bajung, the Assistant Amban of Tibet, about the Conflict with the Gorkhas (1789), Written in Mongolian Language”, Унгарын эрдэмтэн проф.д-р Агнеш Бирталан,  “Religion and Identity in 19th Century Urgha (On the Basis of a Mongolian Monk´s Oral Narratives Recorded by Gabor Balint of Szentkatolna)” зэрэг монгол судлаачдын намтар түүх, бүтээлийн талаарх шинэхэн судалгаагаа танилцуулан хэлэлцүүллээ.

Бонны Их Сургуулийн Монгол судлалын төвд

Хурлыг монгол, англи хэлээр хийж, илтгэх болон хэлэлцэх цаг хугацаа хангалттай байсан нь судлаачид өөрсдийн судалгаагаа бүрэн дүүрэн танилцуулах, санал дүгнэлт сонсох, асуулт хариулт явуулахад тааламжтай байлаа.
Хурлын үеэр МУИС-ийн эрдэмтэд ХБНГУ, ОХУ, Унгар, БНХАУ-ын эрдэмтэдтэй цаашдын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ судалгааны талаар санал солилцож, хамтран ажиллах талаар хэлэлцэв.
Хурлын төгсгөлд эрдэмтэд тус хурал олон орны эрдэмтдийг нэг дор цуглуулан Монгол судлалын түүний дотор Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүхийн судалгаанд чухал байр эзлэх, Бонны монгол судлалын түүхэнд ойрын үед хийгээгүй хурлыг амжилттай зохион байгуулсныг дурдаад энэхүү сэдэв болон бусад олон чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх, мөн эрдэм шинжилгээний хурлуудыг өөрсдийн суугаа улс орондоо үргэлжлүүлэн зохион байгуулж болохыг санал нэгтэй дүгнэлээ.
Ийнхүү нар хур тэгширсэн намрын сайхан өдрүүдэд Бонны тэнгэр дор дэлхийн монгол судлаачид нэгэн дээвэр нэгдэж, ойрын жилүүдэд хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа танилцуулан эрдмийн хур асгаран бууж, эрдэм шинжилгээний хурал сайхан болж, эрдэмтэд сэтгэл тэнэгэр хийж бүтээхийн урам зориг төгс нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

Ж.Ирээдүй, Бонн-Улаанбаатар, 2011.09.12









6/16/2011

ХАРВАРДЫН ПРОФЕССОРЫН ХАМТ


Professor Mark Elliot and me
2011/06/12
Gandan, Ulaanbaatar, Mongolia

АНУ-ын Харвардын Их Сургуулийн Зүүн Азийн хэл, иргэншил судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Марк Эллиот 6 дугаар сарын 12-14 нд манай их сургуульд албан ёсны айлчлал хийлээ.
Профессор Марк Эллиот бээр Манж Чин Улсын түүхээр судалгаа хийдэг түүхч эрдэмтэн бөгөөд АНУ-ын Ейэл Их сургуульд баклавар, магистер цол хамгаалж, Тайван, Хятад, Япон зэрэг оронд мэргэжил дээшүүлж, Калифорны Бэркэлэй Их Сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр Харвардын их сургуульд манж хэлээрх эх сурвалж ашиглаж судалгаа хийдэг цөөхөн профессорын нэг бөгөөд манж, монгол бичиг, уйгар хэл заахын зэрэгцээ Манжийн түүхийн чиглэлээр судалгааны ажил хийж “The Manchu Way” (Stanford, 2001), “A biography of the Qianlong emperor” (Pearson Longman 2009) зэрэг сонирхолтой ном туурвиж, эрдэм шинжилгээний олон даацтай үгүүлэлүүд бичжээ. Тэрбээр Америкийн нэрт монголч эрдэмтэн Жамес Боссон, Японы алдарт монгол, манж судлаач Окада Хидэхирогийн шавь, манжийн үеийн түүхийн судалгаа хийж байгаа, Харвардын Их Сургуульд манж судлалыг сурахаар ирж байгаа оюутанд заадгаараа туйлын бахархдаг нэгэн.
Профессор бээр айлчлалын хугацаанд МУИС-ийн манж судлал болон манжийн үеийн түүхийн мэргэжилтэн багш, судлаач нартай уулзаж, АНУ-ын Манж болон монгол судлалын талаар мэдээлэл хийж, манжийн судлалын ирээдүйн талаар ярилцаж МУИС дахь манж судлалыг нарийн сонирхлоо. МУИС байгуулагдсан үеэсээ л монгол, төвд, манж, хятад хэл бичиг үсэг зааж, судлаж өнөөдрийг хүртэл буухиалан авч ирсэн бөгөөд өнөөгийн багшлах боловсон хүчин, эрдэм шинжилгээний бүтээлүүд, номын сан архивын хэрэглэгдэхүүний аль ч талаас нь үзэхэд Монгол тэр тусмаа МУИС бол Манж судлалын дэлхийн томоохон төв гэж хэлэгдэх бүрэн үндэстэй билээ.
Мөн тэрбээр Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат багш, шинжлэх ухааны д-р, профессор Шаравын Чоймаатай зориуд биечлэн цаг гарган уулзаж монгол судлал, эх бичиг судлал, Монголын Нууц товчооны судалгааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.
Харвардын Их Сургуульд АНУ-ын нэрт монголч эрдэмтэн Францес Вүүдмэн Клийвэс, Жамес Боостон зэрэг нэртэй монголч эрдэмтэд ажиллаж байсан бөгөөд түүний номын сан одоо Харвардын нэг жижиг сүмийн доор найдвартай газар хадгалагдаж тэр номын сангийн гар бичмэл нооргийг хэвлүүлэхээр бэлтгэж байгаагаа профессор хуучиллаа.
Америкийн манж судлал бол дэлхийн хоёрдугаар дайны дараанаас эхлэсэн харьцангуй шинэ судалгаа байсан бөгөөд европоос манж судлалын эрдэмтэд дүрвэж ирсэнээр манж судлал эхлэсэн гэж үздэг юм байна. Үүнд монгол судлаач профессор Николас Поппе, Динос Синор орох бөгөөд Жамес Боссон, Жамес Норман, Вүүдмэн Клийвиз, Жосеф Плэчэ, Дэвид Фүрхар нарын тэдний шавь нар АНУ-ын Харвард, Индиана, Беркели, Вашингтон гэсэн дөрвөн газар манж судлалыг үүсгэн хөгжүүлэхэд хэмжээлшгүй их үүрэг гүйцэтгэжээ. Сүүлийн жилүүдэд АНУ-д манж судлалын сонирхол хүчтэй болж байгаа ч яг одоогоор гагц сурах газар бол Харвардын Их Сургууль болж байна. Хэдийгээр тооны хувьд олонгүй ч, чанарын хувьд дээд зэргийн сайн оюутан ирдэг хэмээн тэр машид бахархангуй үгүүлж байлаа.
Айлчлалын явцад профессор Марк Эллиот авгай бээр МУИС-ийн захирал С.Төмөр-Очир болон гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал А.Галтбаяр нартай уулзаж МУИС Харвардын Их сургуулийн харилцаа хамтын ажиллагааг эхлүүлэх, Харвардын Их сургуульд орчин цагийн монгол хэлний багш авах, МУИС-ийг Монгол дахь Харвард Инчен Институтийн (www.harvard-yenching.org/) түшиг их сургууль болгох, Харвардын Их Сургуулийн Нобелийн шагналтнуудаар МУИС-д лекц уншуулах боломжийг хайх зэрэг хэд хэдэн ажлыг хамтран хийж, эхлүүлэхийн төлөө чармайн ажиллах тохиролцоонд хүрлээ.
Мөн тэрбээр Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын Төв Архив болон Гандан тэгчинлэн хийдийн номын сан архиваар орж тэндэх манж, монгол номын сан хөмрөг, одоогийн хадгалан хамгаалж, судлаж байгаатай танилцав. Үндэсний номын санд 6-7 мянган манж номын сан хөмрөг байдаг юм байна. Сан хөмрөгтэй биечлэн танилцахын учир нь Харвардад манж хэл суралцаж, манжийн түүхийн судалгаа хийж байгаа оюутан, магистрант, докторант нараа Монгол Улсад ирж судалгаа хийлгэх материал хэрэглэгдэхүүнийг тодорхойлох зорилготой аж.
Ийнхүү МУИС, Харвардын Их Сургуульд харилцаа холбоо тогтоох үүд хаалга нээх, багш, мэргэжилтэн солилцох, оюутан, магистрант солилцох, Харвардын Их Сургуульд монгол судлалыг сэргээн бий болгох цаг хугацааг товчлоход манж судлалын профессор Марк Эллиот түүчээ болон хичээн туслах болсонд бид бүгд талархалтай байна.

6/06/2011

БИДНИЙ САНАЛ САНААЧЛАГА, ИДЭВХЭЭС Л ИХ ЗҮЙЛ ШАЛТГААЛНА


ГЕРМАН (Берлин, Мюнхэн, Гөттингэн, Бонн, Аахэн, Дрэзден, Зийгэн),
УНГАР (Будапешт), АВСТРИ (Вена, Гратц), ФРАНЦ (Парис, )
2011/05/08-22)

МУИС-ийн захирал профессор Санжбэгзийн Төмөр-Очир тэргүүтэй ажлын хэсэг өнгөрсөн сарын 9-21 нд Европын холбооны улсууд болох Герман, Унгар, Австри, Франц Улсын их сургуулиудаар ажлын айлчлал хийгээд ирлээ. Энэ айлчлалыг Германы Эрдмийн солилцооны алба ДААД тодорхой хэмжээгээр ивээн тэтгэж дэмжсэнийг юуны өмнө хэлэх хэрэгтэй байх. Энэ удаагийн айлчлал нь нэлээд урдаас нээлттэй зарлаж, удаан хугацаанд бэлтгэж, хамт олны санаа оноог авч тусгаж үзсэнээрээ сүүлийн үеийн ажлын айлчлалуудаас илүү ажил хэрэгч болсон гэж үзэж болно. Хэдийгээр нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй явсан боловч ажил, цаг хугацаа, мөнгө зоос хэмнэх шаардлагаар Берлин дэх уулзалтын дараа Герман болон бусад оронд айлчлал үндсэн хоёр чиглэлээр боллоо.
Германд бидний хамгийн анхны зочилсон газар бол Берлиний Улсын номын сан байлаа. Энд биднийг тус номын сангийн Зүүн Азийн тасгийн монгол, төвд ном хариуцсан ажилтан д-р Майкл Балк хүлээн авч номын сангаа танилцуулсан юм. Тэрбээр нэг үе монгол хэл шаргуу сурч байсан бөгөөд Монголд ч суралцаж байж. Энэ номын санд 8 мянга шахам монгол ном бий бөгөөд гучаад жилийн өмнө Монголоос гарч Германы иргэн болсон Нэргүй гээч хүн монголоо гэсэн сэтгэлээр ажилладаг аж. Бидний монгол ном солилцох, худалдах, он лайн худалдаа хийх, тус номын санд байгаа монгол гар бичмэл, судар, газрын зургийн бүрэн каталоги хийх хүн суулгах тухай санлыг нааштайгаар хүлээн авч зохих байгууллагуудад дамжуулахаа мэдэгдэв.
Захирал С.Төмөр-Очир очсон газар бүртээ их сургуулиа товч тодорхой танилцуулж, цаашид дэвшүүлээд байгаа стратеги зорилго, зорилтуудаа ойлгуулан мэдүүлж, тухайн сургууль салбар бүрийн онцлогт тохируулан хамтран ажиллах санал, санаачлагаа илэрхийлж байлаа.
Хумболдтийн их сургуульд биднийг тус сургуулийн дэд ерөнхийлөгч Петер Фрэнч тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч элэгсэг дотно яриа өрнүүлсэн юм. Энд бидний гол ярьсан зүйл бол Герман дах монгол судлал хумигдаж байгаа талаар сэтгэл зовж байгаагаа илэрхийлж, цаашид хэрхэн авч үлдэх, чухам юу хийж болох талаар санал солилцов. Үүнд монгол судлалын профессорын орон тоог хасахгүй нэмэгдүүлэх, бүтэн орон тоогоор ажиллуулах, сургууль хоорондын солилцоог идэвхжүүлэх, Монголын талаас тал бүрээр дэмжих, байнгын хамтын ажиллагаатай байх зэрэг саналууд яригдлаа. Германд анхны монгол судлаачид авч эхлэсний 50 жилийн ой 2014 онд болох юм байна. Цаашид хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, герман хэл, соёл, монгол судлал, байгалийн ухаан, нийгмийн ухааны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэйгээ хоёр тал харилцан ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд Хумбольдтын Их Сургуулийн түүх намтар, орчин тойронтой танилцаж, орчин үеийн их сургуулийн ерөнхий байдлыг сонирхов.
Миний бие Хумбольдтийн их сургуулийн монгол судлалын салбарынхантай тусхайлан цаг гаргаж биечлэн уулзаж хэд хэдэн асуудлаар харилцан зөвшилцөлд хүрлээ. Үүнд, хоёроос доошгүй жилээр монгол судлалын багш урьж ажиллуулах, герман монгол хамтарсан оюутны зуны сургалт зохион байгуулах, судлаач, аспирант солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний төсөл боловсруулах, хийх үндсэн дөрвөн чиглэлээр ажиллах бололцоотой гэж үзэв.


Берлинд бид Германы Археологийн Хүрээлэнд зочилж хатагтай Фредрих Флесс угтаж авсан. Энэ хүрээлэнд археологийн талаар хийх хамтын ажиллагааны талаар нухацтай ярилцсан.
Үдээс хойш нь Германы Чөлөөт Их Сургуульд зочилж, хамтын ажиллагааны гэрээний дагуу бакалаврыг мэргэжлийн чиглэлээр бэлтгээд, магистрыг хөтөлбөр хоорондын чиглэл барьж бэлтгэж байгааг анхаарах болов. Энэ их сургууль манай их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны дараа үлдсэн сургуулийн нэг бөгөөд Хумбольдтой өрсөлдүүлэх, орлуулах зорилгоор АНУ-ын дэмжлэгээр байгуулагдсан түүхтэй сургууль юм байна. Одоо нэгэнт Берлиний 3 том их сургуулийн нэг болж чаджээ. Төв Азийн их сургуулиудын сүлжээг хоёр сургууль хамтран зөв ашиглах, идэвхитэй байх, салбар дундын мастерийн хөтөлбөр хэрэгжүүлэх, археологийн талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Эдний хувьд өөрсдөө грэдуате сургууль дээрээ илүү их анхаарч байгаа юм байна.
Бидний хоёр дахь очсон улс бол Будапешт байлаа. Тус оронд элчин сайдаар суугаа хатагтай О.Эрдэнэчимэг албан ёсны уулзалтуудыг эртнээс нарийн зохион байгуулсан байсан. Энд бид Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн захиралд бараалхаж, хэлэлцээ хийж, хоёр их сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.
Мөн Төв Ази судлалын тэнхимд зочилоход монгол судлаач д-р хатагтай Бирталан Агнеш тэргүүтэй эрдэмтэд хүлээн авч тус тэнхимийн түүх намтрын талаар лекц уншиж, номын сан болон бусад материал хэрэглэгдэхүүнтэй танилцуулав.
Хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, зуны сургууль зохион байгуулах, монгол судлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэх санал тавьж байлаа.
Дараагийн хилийн дээс алхсан улс бол Австри улс болов. Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О.Эрдэнэчимэг Вена хот дахь НҮБ-д ажлын далимаар хүргэж өгсөн бол Австри Улсад суугаа онц бөгөөд элчин сайд Ж.Энхсайхан элэгсэг дотно хүлээн авч Вен хотод хөл залгуулан өртөөлөв. Эхний уулзалт Гратцийн Техникийн их сургуульд боллоо. Энд бид оюутан, эрдэм шинжилгээний ажилтан солилцох тухай ярьж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боллоо. Постдокторт 6 сараар хүн суралцуулах боломжтой гэнэ.
Мөн манай сургуультай тун ижил бүтэц, чиглэлтэй Гратцийн их сургуульд манай зарим гишүүд зочилж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Эразмүс хөтөлбөрийн мэдээлэл солилцох, хамтран ажиллах боллоо. Мөн монголын соёлын антропологийн эрдэмтдийг урьж байна.
Венийн Их Сургуульд бид нэлээд өргөн бүрэлдэхүүнээр зочилсон. Энд ФЭС болон Рентген төвийн хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, оюутан, эрдэм шинжилгээний ажилтан солилцох, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, олон улсын хурал зохион байгуулах, олон улсын синхитрон болон нейтроны судалгааны төвүүд дээр хамтарсан туршилт хийх боломжтой гэж үзлээ.
Үдээс хойш Австрийн Шинжлэх Ухааны Академид дэд ерөнхийлөгч проф. Сигрид Жалкози Дегер, захирал Андре Гинрич, д-р Флоран Шварц, д-р Мариа Катарина Ланг нартай уулзаж судалгааны ажлын тэргүүлэх чиглэл гаргаж, монгол судлалын чиглэл түүний дотор археологи, түүх, хууль, соёлын антропологийн чиглэлээр хамтран ажиллах тухай, эрдэм шинжилгээний хамтарсан хурал хийх, үзэсгэлэн зохион байгуулах тухай хэлэлцэж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах боллоо.
Австрийн Вена хотод бид нэг ажлын өдрийг зориулаад Мюнхэн хот руу хүлгийн жолоо заллаа. Энд бид Мюнхэний Их Сургуулийн удирдлага болон Ханс Зайдлын сангийн төлөөлөгчтэй уулзаж МУИС-ийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан. Мюнхэний Людвиг Максимиляаны Их Сургууль бол Германы монгол судлалын шинэ төв бөгөөд дэмжиж хөгжүүлбэл цаашид нэлээд хүчтэй төв болох магадлалтай юм. Мюнхэний их сургуульд бид монгол судлалын зочин профессор явуулах, хятад-монгол хавсарсан судалгааг өргөжүүлэх, монголын хууль цаазны түүхийн сурвалж бичиг хэвлүүлэх талаар ярилцсан. Мөн монголын ховор болон номын сан, архивт хадгалагдаж байгаа баримт бичиг, дурсгалуудыг дижитал хийх төсөл хэрэгжүүлэх боллоо. Герман-Монголын хооронд байгуулсан соёлын гэрээг үр дүн муутай ашиглаж байгааг харилцан зөвшөөрч цаашид хэрхэн ашиглах талаар ярилцав.
Мюнхэнд мөн Техникийн Их сургуульд нь зочилсон. Энэ сургууль бол МУИС-тай зуны сургууль хамтарч зохион байгуулж байсан туршлагатай хэдий ч харамсалтай нь энэ ажил тасалдсанд тэд их гунигтай байна. Цаашид үргэлжлүүлэх боломж хайж байна. Үүнд Ханс Зейдал санг оролцуулах сонирхолтой байна. Газрын менежмэнт, бодлогын талаар хамтарсан судалгаа хийж болно гэв. Мөн хоёр их сургуулийн дипломтой төгсгөх боломжтой гэж үзэв.
Мюнхэнээс Гөттингэн хот руу галт тэргээр хөдөлж тэнд бид тус их сургуулийн захирал Хилтрауд Каспер Хэнхэ, гадаад харилцааны хэлтсийн дарга Увэ Мүүс, физикийн проф. Рэйнэр Улбрих, номын сангийн алтай судлалын салбарын эрхлэгч, монгол судлаач Жоханнес Рекэл, Биофизик химийн Макс Планкийн хүрээлэнгийн захирал проф. Грегор Эйчэлэ, анагаахын сургуулийн генетикийн проф. Энгэл нарын хүмүүстэй уулзаж МУИС, ГИС-ийн санамж бичигт гарын үсэг зурж, тэнхим, музей, лабораторитой нь танилцсан юм. Энд бид монголын болон монгол судлалын ном хүргэх, номын сантай хамтран ажиллах, их сургуулийн хотхон барихад зөвлөгөө авах, молекул генетикийн лаборатори байгуулах, физик, хими, геологийн салбарын эрдэмдийг мэргэжил дээшлүүлэх, хэмжилт багаж тоног төхөөрөмж ашиглах чадвар эзэмшүүлэх, материал судлалын хамтарсан төсөл бичих талаар хэлэлцэв. Мөн энд захирал С.Төмөр-Очир МУИС-д лекц унших нобелийн шагналтны урилгыг биечлэн гардуулав.
Гөттингэнээс Бонн руу мордов. Бонны Их Сургуульд монгол судлалын салбарынхантай жич уулзаж, одоогийн нөхцөл байдал, ирээдүйн талаар нэлээд цаг зав заран харилцан ярилцаж, Бонны их сургуулийн захиргаа болон ДААД-д асуудал тавих болсон. Үдээс хойш нь Бонны их сургуулийн захирал проф. Жүргэн Фохрман болон ДААД-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Рүланд нартай бүрэн бүрэлдэхүүнээр уулзаж ярилцсан. Энэ үеэр Бонны их сургуулийн захиралд Монгол судлалыг дэмжих тухай ХБНГУ-д суугаа Даваадоржийн ноот бичгийг элчин сайдын яамны ажилтан Ц.Болор гардуулж өгсөн.
Боннын их сургууль болон ДААД-д тавьсан санал бол Монгол судлалын сайн уламжлалтай энэ төвүүдийг хааж хумихгүй байх, дэмжиж ажиллах. Тодорхой хугацаа тавьж профессор ажиллуулах нь маш ирээдүй муутай байгаа болон монгол судлалаар суралцах оюутан, аспирант, докторант нарт итгэл үнэмшилгүй байгаа, Монгол судлалын ирээдүй тун бүрхэг болж байгааг учирлаж ойлгуулах тухай яриа байлаа.
Энд захирал С.Төмөр-Очир “МУИС-д Германы бэлтгэл гэж байгаад энэ нь маш үр дүнтэй байсныг дурдаад болдог бол Бонны их сургууль, манай их сургууль хоёр хамтран герман хэлний бэлтгэл ангийг сэргээн нээж болох бололцооны тухай асуудал тавьсан юм.
Бонны их сургуулийн монгол судлалын салбартай монгол дурсгалуудыг дижитал хэлбэрт шилжүүлэх төсөл хэрэгжүүлэх, тэнд байгаа 25000 ширхэг монгол эд өлгийн зүйлийн фото архивын каталоги хийх, төвд хэлээр бичигдсэн монгол сурвалж бичиг, хэрэглэгдэхүүнийг сурвалжлах зэрэг олон төрлийн ажил хамтран хийх төслийг Германы ДААД, Ди Эф Жи, Герда Хэнкэл зэрэг тэтгэлгийн сангуудад бичихээр тогтлоо. Мөн НШУС-ийн антропологи, археологийн ховор олдворыг германы мэргэжлийн лабораториудад сэргээн засварлах, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах санал тавьлаа. Үүнтэй холбоотой мөн их сургуулийн удирдлагыг чадавхижуулах төслийн санлыг ДААД-д хүргэх болов.
Дэд захирал Даваасүрэн тэргүүтэй хэсэг Бонноос Зийгэн хотын их сургуульд зочилж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, уг гэрээнд тусгагдсан хамгийн гол зүйл болох магистрийн сургалтанд ФЭС-иас гадна ХХИС, МТС-ийн оюутан магистрант оролцох боломжтой боллоо. Уг гэрээнд тусгагдсанаар хоёр талын удирдагчтайгаар сургалтын төлбөргүй нэг улирал МУИС-д, гурван улирал Зийгэнд суралцаж хос дипломтой төгсөх боломжтой ажээ.
Халлегийн Их Сургууль дээр дэд захирал А.Галтбаяр тэргүүтэй төлөөлөгчдийг тус их сургуулийн ректор Удо Стратер, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Фолианти-Жост, байгалийн ухааны музейн удирдагч Ф.Д.Штэйнхаммэр, профессор М.Штуббэ нар элэгсэг дотно хүлээн авч МУИС-иас мастер, докторын сургалтанд өөрсдийн зардлаар хүн авахад бэлэн байгаа, монголын шавьжны судалгааг өргөтгөх сонирхолтой байгаа, Монгол-Германы биологийн хамтарсан экспедицийг байгуулсны 50 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байгаа, Эразмус Мундус хөтөлбөрийн дагуу хамтарч ажиллах, шавьж судлалаар докторант авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Дээрх хурлыг 2012 оны 6 сард зохион байгуулах юм байна.
Төлөөлөгчидийн очсон өөр нэг том сургууль бол Дрездений Техникийн Их Сургууль байлаа. Энд монгол оюутан суралцаж байсан уламжлалтай боловч одоогоор цөөн оюутан байна. Хамтын ажиллагааны гол зарчим нь магистр, докторуудыг төсөл дээр ажиллуулж,үр дүнгээр нь судалгааны бүтээл хамгаалуулдаг туршлагатай. Эрдэм шинжилгээний байгууллага нь их сургуулийн боловсон хүчнээр хангагдаж, өөрийн материаллаг бааз дээрээ хичээл заалгах их сонирхолтой бөгөөд энэ хамтын ажиллагааг манайх дэмжиж хэрэгжүүлүүштэй санаа байлаа. МУИС-иас химийн физик, хатуу бие судлалын институттэй хамтын ажиллагааны гэрээтэй юм байна. Цаашид бусад Дрездений их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулах бололцоо хайх хэрэгтэй бөгөөд тус их сургуульд ажиллаж байгаа доктор Д.Энхцэцэг, Д.Бамбар нар туслах боломжтой гэж хоёр тал үзэв. Дрездений Их Сургуулийн химийн – физик хатуу биеийн институтийн захирал, манай хүндэт профессор Книп гуай байгуулсан лаборатороо асууж цаашид судлаачид солилцох, мэргэжлийн сургалт, семинар зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах бололцоотойгоо илэрхийллээ. Эднийх тулгуур сурах бичгийг монгол хэлээр орчуулаад дуусч байгаа бөгөөд хэвлүүлэх зардал хайж байна.
Бидний дараагийн зогсоол бол Германы хилийн хот Аахэн байлаа. Энд бид Аахений Техникийн Их Сургуулийн хэд хэдэн салбар дээр ажиллаа. Газарзүй, геологийн профессор Лехмкухл, Книпперц нартай уулзахад тэд газарзүй, геологийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд туслах, мөн оюутан солилцох, суралцуулах хүсэл зорилготой байна.
ХБНГУ-ын дээд боловсролын хуульд нэлээд өөрчлөлт гарч байгаа юм байна. Тодорхой хэмжээний төлбөртэй болж байсан боловч эргээд төлбөргүй системд шилжиж байна. Монгол оюутны хувьд хэлний төвшин сайн бол заавал ахлах курсийнх байх албагүй гэнэ. Эд мөн МУИС-ийн зохион байгуулж байгаа зуны сургуулийн шинэ хэлбэрийг их сонирхож байлаа.
Дараа нь Аахений ТИС-ийн металл боловсруулалтын судалгааны институтийн захирал профессор Фридрих, Фукс, инженер Сречко Сторик, Химийн инженерийн сургуулийн профессор Маттиас Весслинг, эрдэс түүхий эдийн боловсруулалтын салбарын профессор Хэрманн Вотруба нартай уулзаж пост докторын сургалт, 3-6 сарын судалгааны дадлагыг ДААД-ын санхүүжилт хөтөлбөрөөр хийх боломж нөхцөл, урт богино хугацаагаар зочин профессор ажиллуулах, 3-4 сарын залуу багш, судлаач, оюутан дадлагажуулах, сургах, ашигт малтмалын боловсруулалт хийх, зэс, алт, газрын ховор элементийн талаар болон биотехнологи, ноос судлалын чиглэлээр хамтын ажиллагааны үйл явцад идэвхитэй оролцох, санаачлагатай байх талаар түлхүү ярилаа.
Бидний хүлгийн жолоо эргүүлсэн орон бол Франц улс түүний дотроос Францын Гадаад Харилцааны Яам, ЮНЕСКО, Парисын Археологийн Хүрээлэн, Мэйний Их Сургууль, Шинэ Сорбоны Парис 3 Их Сургууль, Парисын дорно дахины дээд сургууль байлаа. Энд бид дэвшилтэт технологийн лаборатори байгуулах асуудлыг ЮНЕСКО-д тавих, франц хэлний багш сургах, оюутан солилцох, эрдэм шинжилгээний хамтарсан хурал хийх, монгол судлалын чиглэлээр хамтран ажиллаж хамтарсан зуны сургууль зохион байгуулах талаар ярилцлаа. Мөн МУИС болон Францын дээрх хоёр их сургууль гурвалсан гэрээ байгуулахаар тохиролцож, франц, монгол хэлний багш солилцох болов.
Ийнхүү бидний явсан газар бүрт хамтрая, ажиллая, хийе бүтээе, ажиллахад бэлэн байна гэсэн сайхан үгс дуулдаж, харин үүний ард ирэх нь, ярих нь яах вэ санаачлах, хийх нь чухал шүү гэсэн анхааруулга сэм дагалдаж байлаа. Тийм учраас бидний энэ аялалыг бодит ажил болгох нь зөвхөн энэ аялалд оролцсон хүмүүсийн хэрэг биш МУИС-ийн профессор багш нарын идэвхи, санаачлагаас л их зүйл шалтгаална. Айлчлалын багийнхан ажлаа төлөвлөгөө гаргаж, хариуцах эзэнтэй болгож, биелүүлэх шатандаа ороод байна. Энэ олон ажлыг гүйцэлдүүлэхэд их сургуулийн профессор, багш, ажилтан хэн боловч гар бие, хүч хөдөлмөр, сэтгэл оюун оролцоход нээлттэй болохыг тэмдэглэлийн төгсгөлд тэмдэглэсү.

Д-р Ж.Бат-Ирээдүй
(Монгол Судлалын Төвийн захирал)