Showing posts with label Бодрол. Show all posts
Showing posts with label Бодрол. Show all posts

12/31/2011

Ж.Бат-Ирээдүй: "ХЭМЖЭЭС"


(c) Ж.Бат-Ирээдүй
Цаг хугацааны хэмжээс 2011 он буюу 2011 дэх нэг жилийн хугацаа шилжирч байна. Энэ жил би юу хийж гийгүүлэв? хэмээн өөрөө өөрөөсөө асуухуй хойшоо урагшаа холхисоор, хоосон шахуу үдэж байна. 2012 оны бүтээл дээр би 2011 гэж бичиж болохгүй. Цаг хугацаа эргээд олдохгүй, цаг нарыг эргүүлж бичиж чадахгүй. 
2012 он бол нэг жил буюу 365 хоногийн шинэ хэмжээс юм. 2012 жил гэвэл 734,380 өдөр буюу тоолол. Он цаг гэдэг залуу хүнд урт удаан хугацаа шиг боловч замынхаа дунд хүрсэн хүнд харин ч богино санагдана. Ямар сайндаа миний аав “намайг хүүхэд байхад нар тэнгэртээ тээглэчих шиг хонины бэлчээрт цаг явж өгдөггүй байж билээ, одоо өтөлсөн өдөр хоног шиг хурдан юм алга аа”  хэмээн хуучилж суух билээ. Энгийн монгол малчны цагийг ойлгосон ухаарал ойлголт тэр буй за.
Цагийн үнэ цэнэ, нөлөө, харамсал, гашуудал, алдал, өнгөрсөн, одоо, ирээдүйн орчил ойлголт үндэстэн бүрд өөр өөр аж. Англи америк хүн “цаг бол мөнгө (time is money, by Benjamin Franklin)”, хятад хүн "инч алт байгаад цаг худалдаж авахгүй (an inch of gold will not buy an inch of time)" гэж цагийг мөнгө гэж адилхан хардаг байна.  Цагийг  чухал чухал бус гэж үзэх, цагийг тоолол хэмжээс гэж хэрэглэх, цагийг үнэтэй үнэгүй гэж үнэлэх нь тус тус өмнөө хэрэг аж. Монгол хүн харин цагийг мөнгөтэй холбодоггүй боловч цагийн үнэ цэнийг хоёрхон мөрөнд багтааж тун сайн ойлгуулдаг.
Хүн гэдэг амьтан одоодоо омогшиж, өнгөрсөндөө харамсаж, ирээдүйдээ эрдэж яваад нэг мэдэхнээ цагийг бардаг шиг байна. Монголчууд хэдий цаг нар нарийн сайн баридаггүй ч гэсэн цаг хугацааны чухлыг их л эрхэмлэн өнгөрсөн цагийн тухайд цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй, өнгө өнгөөрөө байдаггүй, өвс ногооноороо байдаггүй; одоо цагийн тухай цаг зэвүүн, цаас нимгэн; цаг богино, ухаан урт; цаг байхад алтыг олно, алт байсан ч цагийг олохгүй; цагийн юм цагтаа, цааз хууль улсдаа; ирээдүй цагийн тухай цаг чамайг хүлээхгүй, нар намайг хүлээхгүй; цагийг дэмий үрвэл амьжиргаа хоосон үлдэнэ гэж анхааруулсан байдаг.
Монгол хүн аливаа хэмжээсийг ахуйгаараа хэмжих дуртай. Цаг хугацааг ч гэсэн орчлон дэлхийн нар сар, оршин суугаа орон гэрийнхээ харьцаагаар хэмжих нь монгол ухаан. Цаг хэмээх ойлголтгүй байсан тэр цагт тооноор туссан нарны гэрэл ирэх буцахын завсарт цагийн баримжаа болно.  Тэнгэрт байгаа нар сарны явдал  улиралын багцаа болно.
Монгол хэлэнд цаг хугацаа илэрхийлсэн хэлц үг хэллэг маш арвин бий. Тухайлбал, айраг найрын цаг, алга урвуулах агшин, бага үдийн хэр, билгийн нүд нээгдэх цаг, бор гэгээ татах, түрүүчийн од цэцэглэх алд, гэрийн нар ханын толгой өшиглөх үе, ид таана идэх цаг, мал ногоонд цадах үеэр, мичид марал тонгойх, морь эмээллэх зуур, хөх ус хөлдөхийн цаг, шүлэг нойрын цаг, намрын хайлган цаг, нар битүү, нар буцах, муу нэртэй мичин жил, нугас ирэх цаг, үүрийн таван жин, намрын халтар сөл тасрах, нарны галтайд, ногооноор гэх мэт цаг хугацааны өдөр шөнийн, өглөө оройны, цаг улирлын, бууж мордохын энэ олон цаг хугацааг хэмжиж байдаг улс. Энэ хэмжээсийг ажиглавал ахуй орчин, од гараг, цаг улирал, хоол унд, өнгө зохицос, хайр сэтгэл, байгаль дэлхийн бүхий л хэрэглүүр багтсан байх жишээтэй. Эд бүгд өөр өөрийн өнгө аястай охор хэмжээс ч он хэмээх онцгой хэмжээстээ  багтаж, он нь жарандаа, жаран нь зуундаа, зуун нь мянгандаа багтаж үргэлжлнэ, урсана.
Ингээд бодохоор он цаг өнөө маргаашийн юм шиг боловч өнө эртний, өнө холын юм шиг  боловч өвөр зуурын гагцхүү бүхнийг багтааж шингээж байдагт түүний ид шид оршино. Алив амьтны эхлэл төгсгөл,  жаргал зовлон,  сайн муу, сайхан муухай, үүх түүх бүхнийг багтаасан цаг хугацаа гэгч агуу.
Он гэгч цагийн хэмжээс буюу хугацааны хэрчдэс аж. Хүн гэгч хэрчдэсд багтах хэгдэс буюу. Цаг гэгч хийсэн ч эс хийсэн хэнийг ч үл ялган туучаад, арчаад өнгөрөх эргэж буцахгүй, эцэс төгсгөлгүй эрчилсэн их урсгал буй за. 
Цагийн төгсгөл байтугай өөрийнхөө төгсгөл хаа явааг хэн ч үл мэднэ. Ямар ч байсан цаг хугацааны шинэ хэмжээс 2012 он ТА тавтай морилогтун!


2011 оны 12 дугаар сарын 31 ний
11:51 д бичив

2/22/2010

Мэнд эрлээ гээд зам ирэхгүй



МЭНД ЭРЛЭЭ ГЭМ ЗЭМ ИРЭХГҮЙ

Бидний монголчууд угаасаа хэдүүлхэнээ билээ л.  Харь газар суугаа нь энэ олон сая хүн дотор бас л юухан болохов. Өнөөдөр дэлхийн томоохон улсууд тэр дундаа Англи, Америк, Япон, Солонгос, Герман, Швед, Хятад, Орос,  зэрэг орнуудаар бардаагаар 100 гаруй мянган монголчууд таран суужээ. Бид дор бүрнээ алба ажлаа амжуулж, ном эрдмээ зузаалж, мөнгө зоосоо арвижуулж, зорьж ирсэн ажил хэргээ бүтээж байгаа улс.  Жишээ нь Лондон хот 7 сая оршин суугчтай. Долоон сая Лондончуудын дунд гурван мянган Монгол хаана яваа нь мэдэгдэхгүй. Гэхдээ ямар ч үндэстэн өөр өөрийнхөө үндэс угсааг бараадаж төвхнөдөг жам ёстой ажгуу. Жишээ нь Солонгосууд л гэхэд Сауд Лондонгоор дүүрэн байдаг нь тэр хавьд байх Элчин сайдынхаа өргөөг бараадаж эхлэж төвхөнөсөн учиртай, арабууд Эдгров, Паадингтон хавиар дүүрсэн нь анх суурьшсан арабын баян шахын орон байртай холбоотой байх жишээтэй.
Тэгэхээр Монголчууд ч гэсэн Элчин сайдынхаа яамны байгаа зүгт буюу түүний ойр орчмоор Лондон хотын төвийн бүсийн баруун, баруун хойд чигт Кензингтон, Вест Кензингтон, Нотинг хилл, Кюнз вэй хавиар төвлөрөн суудаг нь ийнхүү гагц монголчуудын ч ёс биш юм. 1991 онд намайг Лондоны Их Сургуульд багшлахаар ирж байхад элчингийн хэд айлаас өөр өрх тусгаар голомтгүй, Лондоны их сургуульд мэргэжил дээлшүүлэгч хоёр оюутнаас өөр залуучуудгүй л байсан цаг саяхан. Англид сүүлийн 15 жилд монголчууд 5000 уулаа болтол өнөр өтгөн үндэстэн болж тэлээд өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна. Энэ бидний хувьд бас тийм ч бага биш тоо.
Ингээд нэг газар, нэг чигт төвлөрөөд дүүрээд ирэхээр бид биетэйгээ гудамж, дэлгүүр хоршоонд таарах, учрах, нэг автобусанд сууж буух тохиолдол бишгүй. Яагаад ч юм Монгол хүнийг хаанаас нь ч харсан нэг л нүдэнд дулаан, сэтгэлд өег, ерөөсөө Монгол хүн гэдэг нь мэдэгдээд байдаг.
Миний уриалах нэг зүйл монголчууд минь хаа таарсан газраа  таних, танихгүй нь хамаагүй сайн байна уу гэж төв сайхан, хараа дээгүүр мэндлэж сурцгаамаар байна. Монгол гэдэг нь илэрхий байтал “гөлийж” өнгөрөх монгол хүн олныг харсаны дараа би сануулах цаг нь болжээ хэмээн бодсон юм. Сайн байна уу, гэж мэндлэж сурцгаая гэхээр хүмүүс энэ одоо юу яриад байна гэж бодож магадгүй. Яг үнэндээ энэ жижигхэн юм шиг боловч чухал зүйл шүү.
Бие биенээ Монгол хүний хувиар хүндлэн дээдлэж, таньдаг ч бай, таньдаггүй ч бай хүнтэй мэнд устай явдаг сайхан уламжлалаа өөрсдөө хэвшүүлж, үр хүүхэд, ач зээ нартаа өвлүүлэн зааж сургацгаая. Харийн газар хүний нутаг, гүний хушуунд зовхи нь өөдөө монголчууд минь нүүр дүүрэн баясаж, шүд дүүрэн инээж, бие биеэ хүндэтгэж явцгаая. Мэнд эрлээ гээд зэм ирэхгүй.
2006, Английн Монголчуудын "Монгол Мэдээ" сонинд гарсан товч нийтлэл

2/20/2010

БУГУЙВЧ


 

Бугуйвч
Би анх одоогоос бараг гурван арван жилийн өмнө Улаанбаатар хотод аав, дүү хоёртойгоо онгоцоор нисч ирж билээ. Би МУИС-д, дүү маань тэр үеийн Хүнсний Техникум гээчид ирж буй нь тэр. Буянт Ухаа тэр үед хуучин байрандаа байсан цаг. 
Нисэхээс  Шарга моритын чиглэлд явах задгай зил зуун гуч дээр суугаад л салхи татуулан давхисаар Шарга моритод байх нагац ахындаа ирлээ. Анх хот газар орж ирсэнийг ч хэлэх үү, бүх л юм сонин содон, цэвэр цэмцгэр, хүн хар ихтэй, хаашаа л харна гялалзсан ганган улс. Хөдөөрхүү бүрэг зангаа али болох хурдан гээж хотын ил тодорхой байдалд дасах гэж ирсэн өдрөөсөө л хэрэндээ хичээлээ.
Хэдий хотод ирсэн ч зуслан дээр байгаа болохоор жаахан уйтгартай, бушуухан хот орж үзэх юм сан гэж дотроо их л яаран байвч хотоосоо уйдсан ах дүү нар мөд хот орох янзгүй. Аав ч бас тэдний ая занг л харж буй бололтой нэг их яаруулж сандаргасангүй. Бүтэн сайн өдөр болж би анх удаа Дэнжийн мянгын хар зах гэгчид очиж үзэхээр аав, нагацтайгаа хот орлоо. Зуслангаас зах руу шууд  гучин хоёрын түүгээр давхиад орчихлоо. Зах дээр хүнээс л их юм алга.
Ёстой нөгөө ногоон хурганы арис, нохойн битүү туурайнаас бусад нь байдаг бололтой. Би хамгийн анх зах ороод ээждээ л нэг юм авч явуулж баярлуулая гэж бодсон юм. Ингээд харсан чинь  тэр гээд авчихмаар ч юм бас алга, миний хармаад байсан юманд ч дүйчихмээр юм алга шиг. Тэгээд явж байтал нэг модон лангуун дээр нэг залуу маш гоё өнгийн “алтан” бугуйвч зарж байнаа. Үнийг сонирхсон чинь 50 төгрөг өө хө л гэж байна. Аав, нагацынхаа нүдийг хариулан байж нэгийг авчихлаа. Өнгийг нь хараад л жинхэнэ алт ийм байдаг болов уу гэж тэр үед бодогдож билээ. Юмны жинд биш өнгөнд явдаг нас байж дээ.
Муу ээж минь их л баярлана даа гэж дотроо бодон бодон ээждээ явууллаа. Ээж нь их баярласан шүү гэж захиа ч ирсэнгүй, хаа нэг очиход зүүж, бүр хадгалаж ч харагдсангүй. Сүүлд бодохнээ ээж минь юу гэж тийм юм  зүүх вэ дээ. Алттай ч зүйрлэшгүй  ээждээ алтан бугуйвч явуулах гээд шармал явуулж байсан хүү нь мөн ч гэнэн байж дээ, гэж одоо хүртэл бодогддог юм. Амттаныг идээд араанд наалдах биш, алттаныг эдлээд мөрөнд үлдэх биш гэж ардын сайхан үг ээ мөн үнэн үг дээ.
Токио, Фүчү, 2009.06.30

7/26/2009

ХУР


Хаа байсан Японоос хаа байсан Монголын, хаа байсан Загийн гол дээр хаваржиж байгаа аав, ээжтэйгээ хажууд нь байгаа юм шиг ярьдаг болсон цаг саяхан. Бидэнд хамгийн сайн хөгжиж байгаа юм бол утсан харилцаа. Бас үүн шиг хэрэгтэй, хэрэгцээтэй юм ч бараг байхгүй болов уу? Саяхан болтол бид айлын утас царайчлан гуйж ярьдаг, хаа газраас ярих гэж тамаа цайдаг л байв шүү дээ. Харин Японоос одоо би өдөр болгон ээжтэйгээ ярьдаг юм. Ээж минь намайг ярихад их баярлана, би ээжийгээ баярлуулах дуртай. Бараг сүүлдээ ярихгүй өнжвөл яав ийв гэж санаа зовох янзтай. Харин бидний ярьдаг юм нь гэвэл бие хаа, бороо хур. Бие хаа нь өөрсдийнх нь тухай, бороо хур нь малын тухай яриа. Монгол хүн биеэ бодохоосоо өмнө малаа бодох нь их. Биеийг нь асуугаад малыг нь асуухгүй бол гомдоно. Бие хаа, эрүүл мэнд, газар дэлхий, тэнгэр хангай, бороо хур бие биеэсээ таталтай бөөрөнхий орчлон. Ярих бүрийд л бороо ордоггүй, хуурай байна, шуургатай байна, хүйтэн байна гэх хахирган үгсийг сонсох бүрийд чийгтэй газар суугаа ч сэтгэл хуурайшиж, зүрх шимшрэнэ. Тэр тусмаа гурван сараас эхлэн бороо цутгаж, зүсэн зүйлийн цэцэг ногоо дэлгэрэх япон орноос сайхан байна гэж ярихаас сэтгэл минь зовдог шүү ээж минь. Манай энд гурван өдөр бороо орлоо гэж хэлбэл ишш тэр бороо чинь манай энд ордог болоосой гэж ээж минь үнэн голоосоо хэлдэгсэн. Хуртай газар суугаа хүү нь хуурай газар суугаа ээжийгээ бодохоос өрөвддөг юм. Ээжийгээ гэсэн сэтгэл минь дандаа хуртай дэлгэр байдаг шүү, харин манай нутагт хур буугаасай, хур ороосой, хурай, хурай гэж хур дуудая ээж минь. (Үүнийг бичсэний маргаашаас хоёр өдөр, хоёр шөнө бороо цас холилдон орсон байлаа, харин даан ч хүйтэрч гэнэ.)

МОНГОЛ ЦАГ

Тээр жил билээ. Монголч эрдэмтэдийн хэддүгээр ч билээ хурал болж салбар хуралдуунууд явж байлаа. Хэлшинжлэлийн салбар хуралдааныг монгол хэлтэй монхор Галсан гуайн хэлээр орос хэлтэй доктор Галсан гуай удирдаж байсан юм. Хэлшинжлэлийн салбар олон итгэгчтэй болохоор хурлын дарга цагандаа их харам. Юм л бол хонх дуугаргаж бооно. Германы нэг эрдэмтэн илтгэл тавиж байсан чинь С.Галсан гуай “За хө цаг боллоо шүү ” гэж эелдэг нь аргагүй хэлтэл өөдөөс нь Герман цаг болсон байна, одоо монгол цагаар нэг жаахан яриадхая гээд хэдэн минут үргэлжүүлж билээ. Герман хүн бас эвгүй хэлж байгаа юм шүү. Монгол цаг бол нээрээ л налгар цаг даа. Монгол цаг гэдэг ойлголт маш сонин ухагдахуун. Монголчууд цаг баридаггүй гэдэг шүүмжид би нэг эмзэглэдэггүй юм. Бидэнд ямар орчин үеийн цаг, минут, секунд гэж заасан нарийн цаг гэж байсан биш. Саяхнаас тэрэнд дасан зохицох гэж ядарч яваа улс. Учир нь бид нүүдэлчин улс гэж их өмөөрөх. Жинхэнэ монгол цаг нэг иймэрхүү. Үүр бүдэг бадаг тэмдэгрэн цэцэг навчны дор нойрссон болжмор хараахан сэрж жиргэн донгодох болоогүй байсан цаг (Ж.Дашзэгвэ,”Орхоны овилго”), нар битүү (Б.Дариймаа, “Ногоочин болсон түүх буюу Бандихай”, Ж.Дашзэгвэ “Алмас дарсан үлгэр”), үүр тэмдэгрэх үе (Т.Юмсүрэн, “Ээж хайрханы дууль”), нар тусав уу, үгүй юу (Ж.Дашзэгвэ, “Илүү гэр”), аль өглөө (Ч.Лодойдамба, “Тунгалаг Тамир”), өглөөний улаан нарнаар (С.Пүрэв, “Насны чагтага”), өглөөний нойрмог буурал нарнаар (С.Пүрэв, “Шөнийн талд одод амгалан”), өглөөгүүр (Б.Бааст, “Ногтруу”), хар өглөөгүүр (Б.Догмид, “Томоогүй нас”) нар ханын элэг рүү огших үес (С.Дашдооров, “Улаан гэрийн Юндэн”), нар ханын толгойд тусаж байхад (С.Эрдэнэ, “Өвгөн шувуу”), гэрийн нар ханын толгой өшиглөх үес (С.Дашдооров, “Улаан гэрийн Юндэн”), нарын ханын толгойноос мултарч униад асч байсан цаг (Ж.Дашзэгвэ, “Жаргаагүй үлгэр”), нар ханын толгойноос унахтай зэрэг (М.Эрдэнэбат, “Хар хүн”), бага үдийн алд/хэр/үе (Д.Нацагдорж,”Соёлыг гайхав”, Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”, С.Дашдооров, “Оргодол”, Д.Маам, “Газар шороо”), бага үдээс хойш (Б.Бааст, “Ногторуу”), үдийн алдад/хэрд (С.Эрдэнэ, “Тэнгэрийн хаяа энүүхэнд”, Ч.Лодойдамба, “Тунгалаг Тамир”), жин үд (Ж.Дашзэгвэ, “Алмас дарсан үлгэр”), их үд өнгөрөөгөөд (Д.Маам, “Газар шороо”,) үд хэвийх үе (Г.Дамба, “Диваажингийн босго өндөр”), өдрийн богинын хугаст (Ж.Дашзэгвэ), нарны галтайд (Д.Төрбат, “Адын совин”), нар ханын элэг өөд гарах үе (Ч.Лодойдамба), оройн нар уулын толгой шүргэх үе (Ч.Лодойдамба, “Тунгалаг Тамир”), оройн саалийн цаг (Б.Бааст, “Хаш аяга”), нар хэвийж, үдийн халуун намжих үеэр (С.Эрдэнэ, “Гарам дээр”), үдшийн цагаан гэгээ татах үе (Б.Бааст, “Бэлтрэг Дорж”), шар гэгээнээр (С.Дашдооров), “Улаан гэрийн Юндэн”, үдшийн бор гэгээ татаж, түрүүчийн од цэцэглэх алдад (Б.Догмид, “Нэхэл хатуу орчлон”), долоон бурхан тонгойх (С.Дашдооров, “Оргодол”), хоридын гүлцэн цагаан сар зүүн толгодын цаанаас алгуурхан босож ирэх үе (Д.Маам, “Газар шороо”), шүлэг нойрын цаг (Ж.Дашзэгвэ, “Сочихэл хатан”), үүр цүүрээс эхлэн үдэш од түгтэл (Д.Төрбат, “Адын совин”) гэж ярьж, бичиж, ойлгож цаг нараа хэмждэг улс яаж цаг барихын... Монгол уран зохиол уншсан чинь гэрээ саначихлаа. Загийн голоо дагаад айлууд буусан сайхан цаг байгаа даа. Манайх саяхан зусландаа буусан гэсэн. 2009.06.17, Токио

ЗҮГ


Заг, Байдрагийн гол, Залаа Чандмань овоо. Нэр нь хүртэл жигд, уул ус нь жигдэрсэн нээрээ сайхан нутаг аа. Өглөөн нарны өнгөлөг туяаг тосог гэх шиг ургах нарны зүгт Их дөт хэмээх нар урисан уудам сайхан хөндий өглөө босоход хамгийн түрүүнд нүдэнд тусдагсан. Хүүхэд байхад тэр хөндий, тэр зүгээс орчлонгийн хамаг сайн сайхан юм өглөөний ургах нартай хамт ирэх шиг санадаг сан. Арга байж уу нар тэндээс мандаж, амьдрал тэндээс эхлэдэг юм чинь. Тэр зүгт аймгийн төв байдгийг мэдэх боловч, тэр зүгт Улаанбаатар гэж гоё хот байдаг очихсон гэж боддогсон. Тэр зүгээс ах дүү, амраг садангууд, зочин гийчин ирдэгсэн. Дэлгэр Монголын дэнж хотойсон наадмын өмнө ээж минь хүүгээ энэ зүгээс харуулдан буй. Урагшаа харсан үүдтэй монгол гэрт төрж өссөн монгол хүүхдүүд зөв босож, зөв амидрах хуви тавилантай. Төр улс, төрөлх хэлнийхээ буянаар Москва, Лондон, Парис, Бруселль, Берлин, Бээжин, Питсбург, Вашингтон, Нею-Йорк, Тайпей, Будапешт, Прага, Варшав, Анкара, Истанбул, Дааблин, Сөүл, Осака, Токио гээд хил хязгаар, хэмжээ дамжаа нь байтугай зүг чиг нь мэдэгдэхгүй олон орон хотод очиж үзжээ гэвэл онгирсон болох байх даа бурхан минь. Дэлхийн хаа ч очсон хамгийн түрүүнд буусан буудал, суусан газраасаа ертөнцийн зүг чигийг мэдэхийг хичээдэг монгол зан. Очсон хүн байтугай суугаа хүн нь зүгээ мэдэхгүй мунгинаж суух. Нараар баримжаалж чигийг нь олно. Гэхдээ нар байдаг үгүйг мартсан газар зөндөө шүү дээ энэ хорвоо дээр чинь. Ертөнцийн зүгийг мэдвэл бүх юмны учир амар олдох шиг санагдана. Ядаж л төөрч мунгинахгүй. Орчин тойрноо мэдэх, мэдрэх тэндээс эхлэнэ. Монгол хүнд зүгээ олохгүй бол үйлс бүтэхгүй юм шиг санагддаг юм. Энэ бол магадгүй монгол хүний дөрвөн зүг, найман зовхисоо мэдэрч, байгальтайгаа ойр дөт явдаг нүүдэлчний унаган зан ч байж болох юм. Зүгээ мэдэхгүй мунгинаж яваад ирэх хүн алийг тэр гэхэв. Өөрийн сайнд биш сайн Их Сургууль, сайхан Эх Хэлний буянаар аралтай хойгтой, устай газартай, манантай будантай олон газар тэнэжээ. Хаана ч очсон хамгийн түрүүнд Монгол эх орон маань, ээж маань аль зүгт байгаа билээ гэж бодож суудаг юм би. Ээжтэйгээ хамт эх орноо бодож суудаг аа. Явсан зүг бүхнээсээ би ээждээ ил захидал бичдэг юм . Очсон явсан, орсон гарсан орон газрын агаар ус, амидрал байдал, сонин сайхан, солиу гажуу алгын чинээ цаасанд багтаж арав хоногийн дараа л хүрсэн байдаг аа. Илгээх нь эргэж уулзахын бэлгэдэл ээ. Ээж минь түүнийг эвхэж хямгадаад эргээд очиход үзүүлэх нь эргэж уулзсаны учир аа. Зүг гэдэг учиртай, амидралд зүг чигээ зөв мэдэх шиг хэрэгтэй юм байхгүй. Зүгээ буруу гаргавал зүдэрч амидрана шүү дүү нэр минь. Миний хөөрхөн дүү нэр адуугаа дэллэж, айргаа эсгэж, даагаа сойж, дээлээ уран барилдаж байгаа. Амидралд харсан зүг рүүгээ биш хандсан зүг рүүгээ бодолтой болгоомжтой, зоригтой зорилготой явагтун. Өглөөн гэрэлт нарны алтан цацраг урин тоссон Их дөтийн харгуйд сүүгээ өргөж, сэтгэлээ чилээсээр ээж минь хүүгээ хүлээж суугаа. Наран ургах зүг, Их Наран улсад хүү чинь сайн сууж байна, наадмаар сайхан баярлаарай. Хүүгийнхээ явуулсан чихрийг хүн бүрт хүргээрэй. Хүрэхгүй бол дахиад ирнэ ээ гэж хэлээрэй. Хүү нь удахгүй явуулна. Найман сард очиноо гэсэн ч наадмаар ирэх юм шиг санаж суугаа даа Та. Удахгүй хүү нь очино оо гэсээр байтал урд замаар хүү нь ирж яваа юм шиг харж суугаа даа Та. Энэ зүг хүүгийн чинь явсан зүг, ирэх сард хүүгийн чинь ирэх зүг шүү. Ээж минь та сайхан наадаарай. Загийн голын наадам сайхан болдог доо. 
09.07.2009

ГИЙДАА


Нэг хэсэг сонины ярилцлагын эхэнд та ямар хоолонд дуртай вэ гэж асуудаг тэрэнд нь би гийдаа идэх дуртай гэж хариулах моод болж байлаа. Энэ нь анхны ерөнхийлөгчийн үеэс гарсан моод. Гийдаа гэдэг үгийг монголчууд гурилтай шөл гэж ойлгодог. Харин Завхан тийш голдуу тэгж нэрлэдэг юм байна. Мань эр Завханых болохоор тэгж их хэрэглэдэг бололтой, нэг хэсэг юм л бол “би гийдаанд дуртай” гэж ярилцлага бүртээ гайхуулдаг байв. Уг үг нь нангиад хэлний ge-da буюу бөөн гурилтай хоол, гурилтай шөлтэй хоол гэсэн утгатай үг болохыг монгол хэлний гадаад үг судлаач Н.Балжиннян “Монгол хэлний гадаад үгийн толь (монгол-орос-англи)” Уб., 2000 номдоо тодорхой дурджээ. Хэл нь зүрхээ хэлээд өгнө гэдэг энэ буюу. За энэ гол биш би энд гийдаа-г хэрхэн хийх тухай бичих гэсэн юм. 2006 онд Осакагийн Хууль, Эдийн Засгийн Их Сургуульд зочин судлаачаар ажиллаж байхад тэр сургуулийн гадаад оюутан, багш нартай “салхинд гарах” нэг боломж олдсон юм. Тэр үеэр нэг “хоолон гэрт” очвол бидэнд япон гийдаа хэрхэн хийхийг заах юм болов оо. За даа гурилтай хоол хийж чадахгүй биш юуг нь ч сурах вэ дээ яршигтай юм байна даа хэмээн жаахан тээр шааж, за олныг дагаад хийсэн болохоос гээд бодоод зогсож байсан чинь нэг тагжгар өвгөн заахаар гарч ирлээ. Бүх хүмүүст түмпэнтэй гурил, нэг жаахан ус, гампанз (энэ бас gan-ban-zi буюу гурил элдэх хавтгай мод гэсэн утгатай хятад үг юм байна), ганжин (энэ мөн gan-mian-zhang буюу гурил нимгэлэх бөөрөнхий мод гэсэн утгатай хятад үг аж) өглөө. Тэгсэн чинь бараг 50 грам ус хийгээд имэр гэж байна. Имэрлээ, манайх шиг шууд зуурахгүй юм. Дахиад 50 грам, дахиад имэрнэ, ингэсээр бүх гурилаа бантан хийх гэж байгаа юм шиг сайхан имрээд алгадчихлаа. Тэгээд дахиад бага багаар ус хийж томруулсаар байгаад нөгөө гурил маань нэг бүхэл боллоо. Тэгсэн тэрний сайхан нягт болж байгаа гэдэг чинь янзтай. Тэгэхэд би “бид нар ч гурил зуурах гэж ёстой л гурилддаг юм байна даа” гэж бодож билээ. Тэгээд цааш нь элдэх, хэрчих нь манайхтай эгээ ижил, гол нь гурил зуурахдаа байдгийг би одоо болтол хүүхдүүддээ яридаг юм. Гурилтай шөлийг юу ч гэж нэрлэдэг байсан хамаа алга. Хамгийн гол сайхан хийж сурууштай. Буурал аав минь нэг сайхан цуурайхан гурилтай шөл хийдэгсэн.

АНГИЙН БАГШ МИНИ


АНГИЙН БАГШ 

Цаг хугацаа ёстой нөгөө холбоог нь хөөсөн хонь шиг цувах юм даа. Бид арван жилийн сургууль төгсөөд бараг 30 жил болох нь. Ангийн дарга мессенжерт орж ирж байна. Энэ бол тухайн үедээ манай ангид байтугай сургуульдаа толгой цохидог гавал нөхөр байлаа. Тэр ч хэрээрээ одоо Монголын дээгүүр давхих компаний захирал. За танд нь нэг муу мэдээтэй гэхэд нь Баяраа пал гээд л явчихаж. Тэр үеийн биднийгээ дандаа та гэх. Нэг ангийн нөхөр та та гээд байх ч бас ч тийм таатай юм биш дэг ээ. Ямар сайндаа манай арван жилийн охин түүнтэй уулзах гэж ороод - За Төгсгэрэл гуай та хэзээ ирээв? Та цай уу гэж та та гээд байхаар нь юу ч хэлж чадаагүй гараад ирсэн гэж онигоо шиг бидэнд байнга ярьдаг юм. За энэ яахав. Ямар гээч юм болсон юм бол доо? гэж бодоод за гэж арай ядан бичтэл - Ангийн багш нас барсан гэнээ. Туяа ах тэгж байна. Чамд манай ангийнханы утас шөрмөс байна уу хө гэж байна. Байгаагаа өглөө, заримтай нь ч шууд ярилаа. Тэд аль хэзээ мэддэгээ мэдээд, холбоо баридагаа баричихаж. Маргааш 3 цагаас цуглах гэж байгаа гэнэ. Ангийн багш. Манай үеийнхэн байтугай одоо үеийн хүүхдүүдэд ч ангийн багш гэдэг хүн дотно сайхан. Саяхан бүр миний ажил руу Байдрагаас ярьж байна гээд эгээтэй л хажуухнаас ярьж байгаа юм шиг цангинатал сэргэлэн дуутай ярьж байсан сан. Багш аа таны бие, сайн та юу гээв, янз бүрийн хэрэг учир болоо юу гэхэд -Зүгээр зүгээр багш нь Байдрагтаа ажиллаж байгаа ш тээ, -За миний хүү ажлаа сайн хийгээрэй, баяртай гээд утасаа тавьж билээ. Тэр бид хоёрын сүүлийн яриа байжээ. Юу болоо юм бол, гэнэтийн юм болж дээ. За чи очихоороо миний өмнөөс хэдэн цаас өгөөрэй хө гээд тоог нь хэлж, тооцоо хийхээ ч дуулгалаа. (Угаасаа ч ээждээ нэг эм мэм эндээс захисан байсан юм.) Ангийн багш бидэнд насаараа л ангийн багш билээ. Маргааш нь орой ажил тарсны дараа ангийн нөхөр лүү ярьвал бид багшийндаа очоод ирсэн одоо Өрнөхийн бааранд байна гэж байна. Юун баар вэ та нар чинь яахаар бааранд байж байдаг билээ гэтэл - Үгүй, мэдэхгүй ээ гэж эвгүй байдалд орсноо мэдсэн үү, яасан ээрч мууран нэг юм ярихчаа боллоо. Баар саванд байгаа болохоор утас нь ч олигтой дуулдах янз алга. Хэн хэн байна гэж арай ядан асуувал нэрийг нь хэлж байнаа. Надад нэг сонин санагдаад явчихлаа. Тэр жилийн аймаар аваараар мажийсан бол нэг ирсэн болж үзэгдээд гарч бүгдээрээ баардаж, караокидах нь дээ гэж бодлоо. Ангийн хүүхдүүдийн чанар аа гэж. Ангийн багш минь ум ма ни бад ми хум. 
Токио, 2009.06.06