Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts

5/26/2012

ФРАНЦЫН ДОРНО ДАХИНЫ ХЭЛ ИРГЭНШЛИЙН ҮНДЭСНИЙ ДЭЭД СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ ҮЗЭГЛЭЛЭЭ.



МУИС-ийн захирал профессор Санжбэгзийн Төмөр-Очир 2012 оны 5 дугаар сарын 25 нд Францын дорно дахины хэл иргэншлийн үндэсний дээд сургуулийн захирал профессор, монголч эрдэмтэн Жак Легрантай хоёр их сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Өнгөрсөн оны 5 дугаар сард С.Төмөр-Очир тэргүүтэй төлөөлөгчид Европын холбооны улсуудын их дээд сургуулиар ажлын айлчлал хийх явцад тус сургуультай хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулах санал тавьсан билээ.
Олон улсын хэмжээнд ИНАЛКО хэмээх нэрээрээ алдаршсан тус дээд сургуулийг анх Колбэрт гэдэг хүн 1669 онд  залуучуудын хэлний сургууль нэрээр байгуулсан бөгөөд 1795 онд дорно дахины хэлний тусгай сургууль, 1795-1824 онд анхны ерөнхийлөгчийн нэрэмжит сургууль байгаад хэд хэдэн удаа нэрээ сольсоор 1971 оноос дорно дахины хэл иргэншлийн дээд сургууль нэртэй болжээ. Энэхүү дээд сургууль нь үндэсний хэмжээнд европ, азийн 93 хэл, соёл заахаас гадна газарзүй, түүх, улс төр, эдийн засаг, нийгмийн  нөхцөл байдлын судлагаа хийдэг нэр хүндтэй томоохон их сургууль билээ.
Өөр нэг онцлог бол энэ их сургууль Францын монгол судлалын нэг гол төв бөгөөд МУИС-ийн үе үеийн эрдэмтэн багш нар энд ажиллаж, францын залуу монгол судлаачдыг бэлтгэхэд гар бие оролцож ирсэн арвин туршлагатай. Мөн тус сургуулийн монгол судлаачид олон арван алдартай бүтээлүүдийг туурвиж, сургалт судалгааны ажлыг тасралтгүй явуулж ирлээ.
Тус сургууль МУИС-тай хоёр дахь удаагаа хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа бөгөөд эхний гэрээг 1996 онд Парис хотноо байгуулж тухайн үеийн Монгол Улсын элчин сайд Х.Бэхбат, тус их сургуулийн дарга Андрэ Буржэй нар гарын үсэг зурж байсан бол энэ удаагийнхийг тус их сургуулийн захиралууд МУИС дээр албан ёсоор зурж цаашдын хамтын ажиллагааг шинэ нөхцөл байдалд эрчимжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Энэхүү гэрээ нь 5 жилийн хугацаатай бөгөөд гагц хоёр талын монгол судлалын чиглэлийн хамтын ажиллагаа биш дорно дахины хэл соёлын судлагаа, түүнээс гадна франц хэл соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог боллоо. Үүнд монгол франц хэл заах арга, монгол судлалын чиглэлээр хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан солилцох, тэдгээрийн кредит үнэлгээг харилцан хүлээн зөвшөөрөх, ази дорно дахины чиглэл, гадаад хэл заах аргын асуудлаар эрдэм шинжилгээний хурал, симпизиум, семинар, форум хамтран зохион байгуулах, оролцох, зэрэг олон асуудал тусгагдлаа.
Энд зориуд цохон тэмдэглэх өөр нэг онцлог бол тус их сургуулийг францад төдийгүй олон улсын хэмжээнд нэр хүндтэй монголч эрдэмтэн Жак Легран гуай өөрөө удирдаж байгаа нь тус хоёр их сургуулийн хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчимжүүлэх ялангуяа монгол судлалаар үр бүтээлтэй хамтран ажиллах сайхан нөхцлийг бүрдүүлж  байгаа юм. Профессор Ж.Легран гуайн өөрийн нь хошигнон хэлснээр “алтан гадастай монголч олон байж магадгүй, харин нэр хүндтэй  их сургууль удирдаж байгаа монголч эрдэмтэн үнэхээр цөөн” билээ.
Гарын үсэг зурах ёслолд МУИС-ийн дэд захирал д-р А.Галтбаяр, Монгол хэл, соёлын сургуулийн захирал профессор Ж.Баянсан, Монгол судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал д-р Ж.Бат-Ирээдүй, ГХСС-ийн Франц хэлний тэнхимийн эрхлэгч д-р Б.Алтангүл нар болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Ж.Бат-Ирээдүй (МСХ)

ХАНГУК ГАДААД СУДЛАЛЫН ИХ СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АЙЛЧИЛЛАА




МУИС-ийн захирал профессор С.Төмөр-Очирын урилгаар 2012 оны 5 дугаар сарын 22-26 нд БНСУ-ын Хангук Гадаад Судлалын Их Сургуулийн Ерөнхийлөгч Парк Чүл МУИС-д ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд дотоод ажлын албаны дарга, профессор Тае-Еоб Жанг, монгол хэлний тэнхимийн эрхлэгч, профессор Д.Отгонцэцэг, хатагтай Парк Чүл нар багтжээ.
1954 онд байгуулагдсан гадаад судлалаар улсдаа тэргүүлэх зэргийн энэ их сургууль Сөүл, Ёнгин, Сонгдо зэрэг гурван кампусд, 10 коллеж, 42 тэнхим, 8 эрдмийн сургууль, 3 төв, 27 хүрээлэн, 620 багш, 200 орчим гадаадын мэргэжилтэн багштайгаар 24 мянга шахам баклаварын, 4000 шахам мастер, докторын,  1000 гаруй гадаадын оюутанд  дэлхийн 45 орны хэл соёл зааж, даяаршлын зууны Солонгосын болон гадаад орнуудын дипломат, гадаад харилцааны ажилтан нарыг бэлтгэдэг томоохон их сургууль болоод байна. Дэлхийн 76 орны 400 шахам их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд төгсөгчдийн тоо нь 100 мянга хол давжээ.
Тус их сургууль англи хэл, өрнөдийн болон дорны хэлнүүд, хятад хэл, япон хэл, нийгмийн ухаан, бизнес эдийн засаг, бизнесийн удирдлага, боловсрол судлал, олон улсын харилцаа, хүмүүнлиг, аман ба бичгийн орчуулга, төв ба зүүн европ судлал, хэл утга зохиол судлал, эдийн засаг бизнес, байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, олон улсын спорт, чөлөөт цаг зэрэг чиглэлээр сургалт явуулдаг байна.
Ерөнхийлөгч Парк Чүл 2006 онд 8 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон бол 2010 оны 3 дугаар сараас 9 дэх ерөнхийлөгчөөр дахин сонгогдож тус их сургуулийг 2016 хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг батлаж Солонгосын топ глобаль их сургууль болох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Тус их сургууль 2011 оны Азийн Их сургуулиудын зэрэглэлээр Солонгосдоо 1-р байр, Азид 11 дүгээр байранд ордог байна.
Тэрбээр гадаад орны хэл соёлын судалгааг өргөжүүлэх, нэмэгдүүлэх зорилтын хүрээнд одоогоос 4 жилийн өмнө тус их сургуульд Монгол хэлний тэнхимийг санаачлан байгуулсан нь БНСУ-д монгол судлалын салбар байгуулсан хоёр дахь их сургууль болсон бөгөөд    ирэх жил анхны төгсөлтөө хийх гэж байна. Энэ их сургуулийн өөр нэг онцлог бол монгол судлалын салбараа монгол эрдэмтнээр удирдуулдаг бөгөөд МУИС, Сөүлийн Их Сургуулийн төгсөгч д-р профессор Дамдинсүрэнгийн Отгонцэцэг сүүлийн гурван жил тус салбарыг удирдаж байна.
МУИС-тай 2006 онд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж энэ хүрээнд багш оюутны солилцоог хөгжүүлж олон арван оюутан ялангуяа солонгос хэл соёлын чиглэлээр суралцсан бол МУИС-ийн эрдэмтэн багш нараас тус сургуульд уригдан ажиллаж байна. Одоо тус их сургуульд МХСС-ийн багш д-р Г.Галбаяр, Ц.Сувд нар урилгын профессороор ажиллаж буй.
Ерөнхийлөгч Парк Чүлийн айлчлалын явцад тэрбээр захирал С.Төмөр-Очир, МХСС, ГХСС, Монгол судлалын хүрээлэнгийн удирдлага, эрдэмтэн багш нартай уулзаж, сургуулийн орчин, нөхцөл байдалтай танилцаж цаашид монгол судлалын салбараа өргөтгөх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, мастер докторын сургалт нээхэд туслалцаа авах, солонгос хэл соёлын сургалтын нөхцөл байдлыг сайжруулахад дэмжин туслалцах чиглэлээр санал солилцлоо.
Айлчлалын явцад ерөнхийлөгч Парк Чүл Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, их сургуулиудын хамтын ажиллагаа, монгол судлалыг хөгжүүлэх талаар санал солилцов.
Мэдээ бэлтгэсэн Ж.Бат-Ирээдүй (МСХүрээлэн)

ЯПОНЫ МОНГОЛ СУДЛАЛЫН ТОКИОГИЙН БАГА ХУРАЛ



Японы Монгол судлалын холбоо (ЯМСХ) бол Японы монголч эрдэмтэдийг эгнээндээ нэгтгэдэг, идэвхитэй байнгын үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага билээ. Тус холбооноос жилд хоёр удаа монгол судлалын хаврын ба намрын монгол судлалын бага хурлыг зохион байгуулдаг тогтсон уламжлалтай юм. Энэ удаагийн хаврын бага хурал Токио хотноо Шовагийн эмэгтэйчүүдийн их сургуульд боллоо. Шовагийн эмэгтэйчүүдийн их сургуульд монгол хэл шинжллэл судлаач профессор Хөхбаатар олон арван жил ажиллаж байгаа бөгөөд тэрбээр уг хурлын ерөнхий зохион байгуулагчаар ажиллалаа.
Уг хуралдааныг Чингис хааны мэндэлсний 850 жил, Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан бөгөөд хурлыг тус холбооны ерөнхийлөгч, монголч эрдэмтэн, профессор Масарү Хашимото нээж мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Дараа нь тус холбооны нарийн бичгийн дарга Осакагийн Их Сургуулийн профессор Ш.Шиотани өнгөрсөн оны санхүүгийн тайлан тавьж танилцууллаа.
Тус холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгчид өөрсдийн ажилладаг их сургуульд жил бүр ээлжлэн зохион байгуулдаг энэ бага хурал өөрийн гэсэн дэг жаяг, үйл ажиллагааны бодлого чиглэлтэй билээ. Үүнд тус бага хуралд монгол судлалын залуу, дунд, ахмад үеийн эрдэмтэдийг оролцуулах, тэдний хамгийн сүүлийн үеийн шинэхэн судалгааг сонсохыг хүсдэг бол мөн монгол судлалын салбар бүрийг хамаарахыг хичээж, мөн гадаадын монголч эрдэмтэн, судлаачдаас оролцуулах сонирхолтой байдаг юм.
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс тус их сургуулийн монгол судлаач эрдэмтдийг гадаад орнуудад болж байгаа эрдэм шинжилгээний хурал, симпиозум, семинар, зөвлөгөөнд оролцуулахыг дэмжиж, туслах, танилцуулах бодлого барьж байгаа бөгөөд энэ удаагийн хуралд тус их сургуулийн түүхийн тэнхимийн багш д-р С.Отгонжаргал оролцож, “Японы монголч эрдэмтдийн дэвшүүлж буй шинэ шинэлэг санаа ХХ зууны Монголын түүхийн зангилаа асуудалд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Тус бага хуралд японы монголч эрдэмтэдээс гадна Япон улсад түр хугацаагаар ажиллаж байгаа монголын болон гадаадын монгол судлаач эрдэмтэд  О.Батсайхан (Япон сангийн зочин профессор), Ч.Дашдаваа (Тохокугийн Их Сургуулийн зочин профессор), С.Чулуун (Осакагийн Угсаатны зүйн музейн зочин профессор), Д.Заяабаатар (Осакагийн Их Сургуулийн зочин профессор), Т.Мөнхцэцэг (Токиогийн Гадаад судлалын их сургуулийн зочин профессор), Чойралжав (Өвөр Монгол), Мэнг Сонг-Лин (Солонгос), Ольга А Шагланова (ОХУ, Япон сангийн зочин судлаач), Д.Хишигжаргал (Нихонмацүгийн сургалтын төв), Х.Дэлгэрмаа (Японы гадаад харилцааны яамны хэлний төв) Ж.Бат-Ирээдүй (МУИС) нарын зэрэг олон эрдэмтэн судлаач, багш нар оролцлоо.
Японы Монгол Судлалын Холбооны ирэх намрын хуралдаан 11 дүгээр сарын 17 ны хагас сайн өдөр Шикокү арлын Эхимэ Их Сургуульд болно.

Мэдээ бэлтгэсэн Ж.Бат-Ирээдүй (МСХүрээлэн)

11/30/2011

Ж.Бат-Ирээдүй: "АВСТРАЛИД МОНГОЛ СУДЛАЛ ХӨГЖИНӨ"


АВСТРАЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД
МОНГОЛ СУДЛАЛЫН ХУРАЛ БОЛЛОО

 (c) J.Bat-Ireedui

Янз бүрийн учир шалтгааны улмаас гадаадын монгол судлалын төвүүд зарим газар хумигдаж байгаа ч дэлхийн зарим томоохон их сургуулиудад шинээр үүд хаалгаа нээж, зарим их сургуулиудад сэргээн байгуулах асуудал яригдсаар байна. Үүний нэг нь Австралийн Үндэсний Их Сургууль (АҮИС)-д энэ оны эхээр байгуулагдсан Монгол судлалын төв билээ. Тус төв нь АҮИС-ийн Ази, Номхон далайн коллежийн Түүх, соёл, хэлний сургуулийн харьяа бөгөөд тус төвийг байгуулахад тус сургуулийн захирал, профессор Кент Андерсон болон монгол судлаач Ли Нарангоо, Монгол Улсаас  Австрали Улсад суугаа анхны Элчин Сайд Цэрэндоржийн Жамбалдорж нар сэтгэл нийлэн санаачилж, хүч нийлүүлэн хичээнгүйлэн зүтгэжээ. 

 Хурлын төлөөлөгчид

Сүүлийн жилүүдэд Монгол Австралийн харилцаа мэдэгдэхүйц идэвхижиж байгаа бөгөөд уул уурхайн чиглэлийн үндэсний томоохон компаниуд Монголд орж ирсэн нь хоёр орны харилцаа нийгэм, эдийн засаг, соёлын талаар бүх талаар хөгжихөд хүчтэй нөлөө үзүүлж байна. Австрали Монголын боловсролын харилцаа ч улам өргөжиж, Монголын залуу үеийнхэн Австралийн Их дээд сургуульд тус улсын хөрөнгө зардлаар сурч боловсорч байна.
Тус монгол судлалын төв нь АҮИС-ийн монгол судлаачдыг өөртөө татаж байгаа хөгжүүлэхийн төлөө байгаа бөгөөд монголын түүх, соёл, хэл, археологи, антропологийн чиглэлийн эрдэмтэн, судлаачдыг нэгтгэж байна. Энэ сарын 25-26 нд тус төв анхныхаа нээлттэй  эрдэм шинжилгээний олон улсын хурлыг хийсэн бөгөөд уг хуралд Австрали, Монгол, Япон, АНУ, Хонг Конгийн эрдэмтэд оролцож Монголын түүх, хэл, соёл, урлаг, антропологи, эдийн засаг, улс төр, боловсрол, нийгмийн антропологийн чиглэлээр илтгэл хэлэлцүүллээ. Тус хурал дээр АҮИС-д насаараа ажилласан хүндэт профессор, нэрт монголч, монголын нууц товчоо судлаач Игорь Дэ Рахевилз гуай “Миний олон жилийн өмнөөс АҮИС-д монгол судлалын төв байгуулах хүсэл мөрөөдөл өнөөдөр биелэж, бидний анхны хурал маш өргөн хүрээнд болж байгаад сэтгэл нэн ханамжтай баярлаж байна” хэмээн мэдэгдлээ. 

 Хурлын завсарлагаар

Тус хуралд МУИС-иас Антропологийн Тэнхимийн эрхлэгч, профессор Д.Түмэн, МСХ-гийн гүйцэтгэх захирал д-р Ж.Бат-Ирээдүй, ШУА-ийн ОУСХ-гийн профессор О.Батсйхан нар оролцож Монгол дахь монголын судлал , түүх, антропологийн судалгаа, эрэл хайгуул, олдоцын талаар илтгэл хэлэлцүүллээ. Мөн Австралийн Их Сургуулиудад ажиллаж, суралцаж байгаа Монголын залуу үеийнхэн олноор ирж илтгэл хэлэлцүүлсэн нь Монголын судлалын судалгаа шинжилгээний өргөн хүрээг хамарч, ирээдүйд АҮИС-д монгол судлалын хүчтэй төв бий болох итгэл найдвар байгааг харууллаа.
Мөн хурлын үеэр МУИС, АҮИС-ийн хооронд хамтын ажиллагааг идэвхижүүлэх талаар албаны хүмүүстэй санал солилцож, МУИС, АҮИС-ийн хамтын ажиллагааны үндсэн гэрээний хүрээнд хоёр их сургуулийн хооронд оюутан, багш, эрдэмтэн судлаач солилцох гэрээнд даруй гарын үсэг зурахаар тогтлоо. Мөн монгол судлалын чиглэлээр хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх, МУИС, АҮИС, Индианагийн Их Сургуулийн монгол хэлний гурвалсан аудио сургалт явуулах, археологи, антропологийн хамтарсан судалгаа хийх, олдворыг шинжлэн судлах талаар хамтран ажиллахаар тохиролцлоо.


11/25/2011

АВСТРАЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВИЙН АНХНЫ ХУРАЛ

ANU-Д МОНГОЛ СУДЛАЛЫН АНХНЫ ХУРАЛ БОЛЛОО
(c) J.Bat-Ireedui, 2011

Mongolian first Ambassador to Australia 
HE Tserendorj JAMBALDORJ opened the conference

 Монгол судлалаар ажилладаг, монголыг сонирхдог,
монголыг дэмжигч 30 гаруй хүн оролцлоо

 Professor D.TUMEN giving lecture on archeology studies in Mongolia

Монгол судлалын хурал АҮИС-ийн Хэдли Бүлл Төв (Hedley Bull Centre)-д болсон юм

 Австралийн алдарт монголч эрдэмтэн Игор Дэ Рахевилз гуайн хамт

 Хуралд оролцогч хэсэг нөхдийн хамт

Австралийн Үндэсний Их Сургуулийн Монгол Судлалын Төвийн захирал
Ли Нарангоогийн хамт

Профессор Д.Түмэн, Игор Дэ Рахевилз нар хурлын үеэр

Профессор Игор Дэ Рахевилз гуай хурлыг дүгнэж "Миний АҮИС-д Монгол судлалын төв нээх хүсэл мөрөөдөл өнөөдөр хүрч биелсэнд тун урамтай байна" хэмээн сэтгэлийн үгээ хэллээ.

Элчин сайд Ц.Жамбалдорж, Ли Нарангоо, Игор дэ Рахевилз нарын хамт

Элчин сайд Ц.Жамбалдорж болон сайдын гэргий Дуламсүрэнгийн хамт, 
Канберра хот дах Монгол Улсын Элчин Сайдын Яаманд хурлын дараа 2011/11/25







11/23/2011

УЛААНБААТАРААС КАНБЕРРА ОРОХ ЗАМД

(c) J.Bat-Ireedui
КАНБЕРРА, @ 2011/11/23

Өчигдөр ОМ301 онгоц нисэх гэж хөөрөх зурвасаар хурдалж байгаад гэнэт тоормослож зогсох талбай руу эргэснээр 2-3 цагаар хоцорч ниссэнийг эс тооцвол сааталгүй цагаараа явсаар Австрали улсын хилийн дээс алхлаа. 
Хаврын сар нь арай л дуусаагүй байхад Сидней, Канберра хотод хөл тавьлаа. Өнөөдөр энд 17 хэм дулаан сэвэлзүүр зөөлөн салхитай сайхан өдөр байна. Хэдийгээр хаврын сар дуусах дөхөж байгаа ч хур бороо багатай байсан бололтой ерөнхийдөө жаахан гандуухан харагдана.
Авсралийн Үндэсний Их Сургууль 1946 онд Их хурлынхаа шийдвэрээр байгуулагдсан ганц их сургууль юм. Бусад нь улсын болон орон нутгийн засаг захиргааны шийдвэрээр байгуулагддаг байна. АҮИС долоон академик коллежтой түүний нэг нь Ази, Номхон далайн коллеж бөгөөд энд Түүх, соёл, хэлний сургууль харьяалагддаг бөгөөд энд Монгол Судлалын Хүрээлэнг энэ оны 4 дүгээр сард санаачлан байгуулсан. Даргаар нь АҮИС-ийн профессор Ли Нарангоо ажиллаж байна. 
МУИС АҮИС-тай энэ оны 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболдын албан ёсны айлчлалын үеэр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Монгол Судлалын Төв нь энэ удаа Монгол Улсыг тунхагласны ойгоор анхныхаа нээлттэй олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хийж байгаа бөгөөд үүнд МУИС-ийн профессор Д.Түмэн, ШУА-ийн ОУСХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан, д-р Оохнойн Батсайхан нар оролцож байна. Бид өнөөдөр Канберра хотод хүрч ирээд АҮИС-ийн Ази, Номхон далайн Коллежийн Түүх, хэл, соёлын сургуулийн захирал профессор Кэнт Андерсонтой уулзаж МУИС, АҮИС-ийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 
Маргааш "Mongolian Studies Open Conference (MOSOC)" 9:00am-5.15pm цагт АҮИС-ийн Hedley Bull Centre-д хуралдана. Канберра хотод байдаг монголчууд байвал энэ хурал олонд нээлттэй болохыг мэдэгдэж байна.

 Нэгэнд нь эвдрэл гарахад солиод унах унаатай болсон байна билээ шүү

19:10 KE 121 SYDNEY from INCHEON AIRPORT

Хил гааль нь сүрхий чанга юм
Сиднейн Олон Улсын онгоцны буудал

 АҮИСургуулийн коллеж

АҮИС-ийн Зочны буудал 379 тоот

АҮИС-ийн Соёл, түүх, хэлний сургуулийн захирал, профессор Кэнт Андерсон (зүүн гар тал буй) , Монгол Судлалын Төвийн захирал Ли Нарангоо (баруун гар талд буй) болон профессор Жак Феннер (ард буй) зэрэг бусад эрдэмтэдтэй уулзаж МУИС, АҮИС-ийн цаашдын хамтын ажиллагаа, оюутан, багш солилцох асуудлаар ярилцаж зөвлөлдөв.

2011 оны 11 сарын 23, Канберра хот, Австрали

11/15/2011

"МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ" ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

 Үзэсгэлэнгийн туузыг ЕТГ-ын дарга Д.Баттулга, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтөвшин, 
академич Д.Төмөртогоо, уран бичээч Д.Батбаяр нар хайчиллаа.

МУТөрийн шагналт, гавьяат багш  МУИС-ийн профессор Ш.Чоймаа үг хэллээ

МУ-ын Төрийн шагналт, гавьяат багш Шаравын Чоймаа үг хэллээ.
Нээлтийг  МУ-ын Төрийн шагналт Д.Сосорбарам хөтөллөө

ҮНДЭСНИЙ НОМЫН САН 90 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖ БАЙНА





Монгол Улсын Үндэсний номын сан нь монгол үндэстний бичгийн соёлыг хадгалагч,
түгээн дэлгэрүүлэгч болох нь эрдэм шинжилгээний хурал нээгдлээ.

(c0 J.Bat-Ireedui, 2011

Монгол Улсын Үндэсний номын сан



ШУА-ийн ХЗХ-гийн ажилтан Э.Пүрэвжав
"Үндэсний номын сан бол монгол судлалын сан хөмрөгийн өлгий мөн" илтгэл хэлэлцүүллээ

Монгол бичгээр

Ойн чимэг

Чингисийн чулууны бичиг




11/14/2011

"МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ" КАЛЛИГРАФИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭНЭ


Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн ордоны Иргэний танхимд хэвлэлийн бага хурал хийж маргааш 2011 оны 11 дүгээр сарын 16 ны 11:30 аас Уран зургийн галлерейд Монголын шилдэг каллиграфичдын "МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ" каллиграфийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ хэмээн зарлалаа. Уг үзэсгэлэнн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд тус үзэсгэлэнд Сэцэн хиад Дашбалдангийн Баттөмөр, Жалайр Довдонгийн Батбаяр, Онолт Тогообатын Жамьянсүрэн, Их Түмэн Лхагваагийн Түвшинжаргал, Асуд Дагвын Ганбаатар, Бууч Цэгмидийн Тамир, Баянсайхан Цэнд-Очирын Бямбажав, Тарчин Энхбаатар Найдандорж, зэрэг шилдэг уран бичээчдийн  бүтээл тавигдаж байна. 

 
Д.Батбаяр, "МОНГОЛ" Халуун элгэн нутаг, 2005
 
 
Д.Баттөмөр, "УЛААН НАР", 2008



3/11/2011

ЯПОНЫ ГАЗАР ХӨДЛӨЛТ БА ЦҮНАМИ

(c) J.Bat-ireedui, 2011.03.11, Tokyo
Газар хөдлөж цүнами үүссэн байдал BBC-ийн зураг

Тавиур дээрээс ширээн дээр унасан байдал

Манай ажлын өрөө нэг иймэрхүү болсон байлаа

За өнөөдөр ингээд сүүлийн 100 жилд тохиож байгаа аймшигт газар хөдлөлтийн гэрч болдог юм байжээ. Гадаад хэргийн яаманд хичээлээ заачихаад Чуо чиглэлийн хурдан шугмаар буцаж явахнээ газар хөдлөөд ёстой аймаар юм боллоо. Газар хөдлөлт байшинд ялангуяа сууж юмуу хэвтэж байхад бол сайн мэдрэгддэг харин галт тэргэнд барагтай бол мэддэгдэггүй гэдэг. Галт тэрэг бол ерөөсөө усан дээр байгаа завь аятай л байлаа. Эхлээд энэ галт тэрэг нь эвдэрээд зогсож байгаа юм байхдаа гэж гайхахнаа хүмүүс шуугиад цонхоор хараад, зарлаад уналаа. Кичижожигоос хөдлөөд  Митака буудалд хүрэх замын дунд шууд зогсчихсон чинь гарч бууж болдоггүй, хоёр цаг шахам суугаад гараад ирсэн чинь бүх галт тэрэгний шугам хааж, такси, автобус, утас мутас бөөн очер дараалал болсон байлаа. Арай гэж автобус дамжсаар ажил дээрээ ирэхнээ хамаг номыг минь сэгсрээд тараагаад хаячихсан байдаг байгаа. Ядаж байхад бүх урсдаг шат, лифт автоматаар зогссон тул 8 давхарт арай гэж аахилаж уухилж гарлаа. Манай хөрш профессорыг 8 давхрын өрөөндөө байхад хөдөлж, их номтой хэлэх үү арайтай номондоо дарагдчихсангүй нэг юм амь мэнд үлджээ.
Миаги аймагт голомтондоо магнитудийн 8.9 буюу 12.2 баллын хүчтэй хөдөлсөн байна. 10 метр өндөр цунами үүснэ гэж таамаглаж байсан ч хамгийн өндөртөө 28-36 метр хүрсэн байна. Хүн, байшин, барилга, машин тэрэг, усан онгоц монгоц бол их усны хүчинд зүгээр л нэг зомгол төдий аж.
1923 оны Их Кантогийн газар хөдлөлтөөс хойш зуун жилд хөдлөж байгаа хамгийн хүчтэй хөдлөлт гэнэ. Энэ үеийн хөдлөлтөөр дор хаяж 140 мянган хүн нас барсан аж. Тэр үед ч мэдээж байшин барилга, цахилгааны хамгаалалт энэ тэр нь манайх шиг л юм байгаа биз дээ, гал түймэрт ихэнхи хүн нь үхсэн гэх юм билээ. Өнөөдрийн энэ аюулыг дэлхий нийтээрээ зурагтаар харж байгаа тул илүү тайлбар хэрэггүй биз дээ. Бараг бүтэн өдөржин, шөнөжин ойр ойр хөдөлсөөр л байна. Бүх төрлийн галт тэрэг, болон гар гэрийн утас хаагдсан байна. Холбоо барих боломжгүй болж байна. Харин мессеж дамжиж байна. Хувийн болон хувьсгалын бүх галт тэрэгний шугам зогссон тул Токиогийн гудамжнуудад такси, автобусны оочер хэдэн зуун метр хүрлээ.
Газар хөдлөлт болон цунамид нас барсан хүний тоо нийтдээ 1000 гарчихлаа, мэдээж улам нэмэгдэх байх. 2000-аад айл гэр орох оронгүй, оочих аягагүй боллоо, мөн 1800 орчим айл их бага хэмжээгээр цунамид хамрагдсан байна. (Энэ далимд хэлэхэл цүнамиг Ш.Баатар нөхөр "цохих долгион" гэж орчуулсан харагдана. Бас болох л юм.) 1800 орчим хүн ор сураггүй байна, 300 гаруй хүний цогцос Сэндай хавийн уснаас цуглуулж авсан байна. Хэдэн зуун хүн их бага хэмжээгээр Японы нийт нутаг дэвсгэрт гэмтэж бэртжээ. Өглөөний 3.59-д Нагано, Нийгата болон Токиогийн хойд хэсгээр 6.5 баллын хүчтэй түлхэлт өгсөн байна. Шөнө унтаж байхад хөдлөөд л байсан. Камайшигийн боомтоос хорь гаруй контайнер, машин хөвсөн байна. Цунами буюу цохих долгионоос хамгаалах хаалга гэж байдаг юм байна тэрийгээ бүгдийг хаагаад хаагаад барсангүй гэж мэдэгдэж байна. 10 метр долгион чинь барагтай юм тэсгээхгүй л дээ. Цунамигийн нөлөө дэлхийн бараг 30 оронд мэдрэгдэж нөлөөлж магадгүй байгаа тул болгоомжтой байхыг сануулж байна. Дэлхийн 23 орон Австрали, Хятад, Өмнөд Солонгос, Мексик, Шинэ Зеланд, Сингапур, Индонези, Энэтхэг, Орос, Түрк, Герман, Франц, Бэльги, Арабын нэгдсэн улс, Швейцар, Жордан тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэнийг гадаад яамны сайд нь мэдээллээ. Япон дах гадаад улс орнуудын элчин сайдын яамдад ямар нэгэн айхтар хүндрэл гараагүй байна.
Жэй Аар буюу Японы галт тэрэгний гол компани бүх хөдөлгөөн үйлчилгээгээ зогсоолоо, үүнд Тохокү, Нагано, Яамагата, Жоецү, болон Акитагийн чиглэлийн хурдан галт тэрэг мөн орж байгаа. Мөн хувийн Кеио болон Одакюу шугам бас бүрэн зогссон бол өнөө өглөөнөөс хувийн шугмууд ажиллаж эхэллээ.
Агаарын тээвэрт бас нэлээд хүнд нөлөөлсөн байна, өчигдөрийн байдлаар дотоодын 711 нислэг цуцлагдаж, Наритагийн онгоцны буудалд 13000 хүн, Ханедагийн буудалд 10 мянга гаруй хүн сандарч хоносон байна. Энэ өдөр Наритагаас монголын МИАТ-ын нислэг таарч 40 гаруй хүнтэй нисэх байсан Боинг хоосон хөөрч хөөрхөн "шатсан" гэсэн мэдээ монголын сайтуудаар тавигджээ.
Японы засгийн газар үндэсний хэмжээний томоохон компаниудыг улс оронд тулгарсан хүнд үед ард түмэндээ туслахыг уриалсан байна. Мөн Японы Эдийн Засгийн Яам Японы дэлгүүрийн холбоо, Сүлжээ дэлгүүрүүдийн холбоо, бусад нийгэмлэгүүдийг туслахыг хүссэн шаардлага хүргүүлжээ.
За харин нэг юм онцлоход япон хүмүүс бол ийм хэцүү үед юманд маш тайван ханддаг улс юм байна гэдэг нь харагдлаа. Тэгж айхтар хөдлөж байхад үймж шуугихгүй, журам ёс дэс дараагаа нягт барьж ажиллах юм. Энэ олон сая хүн орилоод хашгираад дайраад унавал цунамигаасаа аюултай юм болох янзтай. Ийм айхтар байгалийн аюулын аман дээр байдаг улст тайван уужуу байх л хамгийн чухал зүйл байдаг юм байна даа гэж бодогдож байлаа. Үүнийг бүр хар багаас хүүхэд байхаас сурч төлөвшисөн байдаг бололтой.
Тавиур дээр байсан номыг шалан дээр тараасан байдал

2/22/2011

Олон Улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Зүүн гараас би (Монгол), Проф.Ц.Сүхбаатар (Монгол), Хөхбаатар (Япон),
Хүрэлбаатар (БНХАУ), Шүнка (БНХАУ)

“МОНГОЛ ХЭЛНИЙ ТОЛЬ БИЧИГ”

Олон Улсын Эрдэм шинжилгээний бага хурал боллоо



Япон Улсын Тохокүгийн Их Сургуулийн Зүүн Хойд Ази судлалын хүрээлэнгээс энэ сарын 12-13 ны өдрүүдэд “Монгол хэлний толь” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Хуралд Япон, Монгол, БНХАУ-ын монгол судлаачид, хэлшинжлэлийн эрдэмтэд оролцлоо.

Хурлын илтгэлийг сонирхвол, БНХАУ-ын Хааны ордоны музейн номын сангийн ажилтан, Шүнка “Манжийн үеийн монгол хэлний толийн хөгжил ба хувьсал”, Тоохокүгийн Их Сургуулийн профессор Х.Күрибаяаши, “Манжийн хааны бичсэн монгол хэлний ерөнхий толь, орчин үеийн монгол толины хөгжил”, Токио Гадаад Судлалын Их Сургуулийн Ази, Африкийн хэл, соёл судлалын хүрээлэнгийн дэд профессор Күрибэто Төгс “Хорин наймт толь болон орчин цагийн монгол хэлний толь”, Хятад монгол хэлний орчуулагч Мицүнага Итако, “Шмидт-ийн Монгол-Франц-Орос хэлний толь”(1835)-ийн тухай”, МУИС-ийн профессор Цэгмидийн Сүхбаатар “Нэрт эрдэмтэн О.М.Ковалевскийн гайхамшигт толийн бүтэц, онцлог”, Шига Их Сургуулийн багш Үчида, “Японы цэргийн яамнаас эрхлэн гаргасан монгол хэлний тайлбар толь” (1933)-ийн тухай”, Оосокагийн Их Сургуулийн профессор Какүдо “Крилл үсгийн зөв бичгийн дүрэм гарахаас өмнөх үеийн толинд монгол хэлний ярианы хэлийг тусгасан байдал”, Өвөр Монголын Үндэсний Их сургуулийн багш Хүрэлбаатар, “Мин улсын үед гарсан Dong tan bi jiu” (1599) толь дах Хятад-Монгол үгийн тухай”, Шовагийн эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Хөхбаатар, “Хайсан гүнгийн “Монгол хятад бичгээр хавсаргасан таван зүгийн агуу аялгуу бичиг” (1917) толийн тухайд”, Оотаний их сургуулийн профессор Мацүкава “Манжийн үеийн Төвд-Монгол хэлний толийн тухай”, Айчигийн Их Сургуулийн профессор Хигүчи “Бурхан шашны орчуулгад толь хэрэглэсэн байдал” хэмээх илтгэл тус тус хэлэлцүүллээ.

Энэхүү хурал нь Японы одоо үеийн нэртэй монгол судлаачид түүн дундаа монгол болон харьцуулсан хэлшинжлэлээр ажилладаг нэртэй эрдэмтэд нэгэн дор цуглаж эрдэм номын яриа хөөрөө өрнүүлж, онол мэдлэгээрээ мэтгэлцсэн сайхан хурал боллоо. Илтгэл тус бүрийг хангалттай цагт хэлэлцэж, дараа нь тогтож ярилцан мэтгэлцлээ. Энэхүү хурал нь монгол хэлшинжлэлийн хөгжил, түүний дотор монгол хэлний толь бичгийн судалгаа бүр цаашилбал хуучины уламжлалт толь бичгийн судалгааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажил боллоо гэж эрдэмтэд санал нэгтэй дүгнэлээ.

Цаашид тус төвөөс ойрын үед монгол хэлний болон олон хэлний 20 дугаар зууны болоод орчин цагийн шинэ толь бичгийн судалгаагаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Ж.Ирээдүй, 2010.02.14, Токио

1/31/2011

Эмчилгээний виз олгоно


Японы Гадаад Яам 2011 оны 1 дүгээр сарын 1 ээс эхлэн монголчуудад эмчилгээний виз (Visa for Medical Stay) олгож байхаар тогтсон байна. Энэ тухай тус улсын элчин сайдын яамны вэб сайтад мэдээлжээ. Эмчилгээ шинжилгээ хийлгэх  болон дагалдан яваа хүнд шаардлагатай тохиолдолд виз олгоно гэсэн байна. Визний хугацаа 6 сар хүртэл. Эхний удаа 3 сар хүртэлх хугацаанд оршин суух виз олгоно, шаардлагатай бол Японы хууль зүйн яамнаас урт хугацааны виз авч болно гэсэн байна. Мөн олон удаа орж гарах шаардлагатай бол олон удаагийн виз ч олгох нь. Дагалдан явах хүн нь зөвхөн гэр бүлийн хүн байх албагүй, өөр хүн байж болох юм байна. Ийм визээр очсон хүн өөр зорилгоор ажил хөдөлмөр эрхлэж, бизнес хийж болохгүй гэж байна. Хүчинтэй байх хугацаа нь хэрэв шаардлагатай бол 3 жил хүртэл гэнэ. Өвчтөн өөрөө ирэх боломжгүй бол төлөөний хүн очиж виз мэдүүлж болно. Японд эмчилгээ шинжилгээ хийлгэх эмнэлгийн жагсаалтыг элчин сайдын яам гаргаж өгөх бөгөөд үүнийг одоо бэлтгэж байгаа гэнэ. Яаралтай шаардлагатай бол бусад орны элчин сайдын яам руу хандаж тэндээс нэр ус мэдээлэл авч болно гэсэн байна. Бүрдүүлэх баримт бичиг нь доорх мэт болой.  Үүнд:
(A) Гадаад паспорт
(B) Визний форм  буюу application form
(C) Гэрэл зураг
(D) Хүлээн авах эмнэлгийн бичиг
(E) Мөнгө, санхүүгийн байдлыг гэрчлэх бичиг баталгаа
(F) Гадаадын иргэн мөнийг батлах баримт бичиг
(G) Гадаад иргэний гэрчилгээ (90-ээс дээш хоногийн хугацаагаар суух хүнд хамаарна)
(H)  Эмчилгээний төлөвлөгөө

За ингээд илүү нарийн үзэхийг хүсвэл Японы Элчин Сайдын Яамны вэб сайт руу орж үзнэ үү?

Монголчуудын эрүүл мэндийн төлөө анхаарч байгаа Японы засгийн газарт бид талархалаа илэрхийлэх ёстой байх аа.

12/08/2010

Кино Фестивалаас тусгай шагнал хүртлээ



Монгол хүүхдүүд Азийн Олон Улсын Хүүхдийн
Кино Фестивалаас тусгай шагнал хүртлээ
21 дүгээр зууны Зүүн Азийн хүүхэд залуучуудын өргөн хүрээний харилцааны хөтөлбөрийн хүрээнд Монгол хүүхдүүд Японы Кагошима аймгийн Ибүсүки хотод болж байгаа Азийн олон Улсын Кино Фестивалд оролцлоо. Уг фестивал нь энэ жил “Гэр бүл” гэсэн сэдвээр болж байгаа бөгөөд Япон, Монгол, Камбож, Солонгос, Лаос, Малайз, Хятад, Мянмар, Тайван, Тайланд, Вьетнам зэрэг 10 орон бүс нутгаас хүүхдүүд бүтээлээ ирүүлж шалгарсан байна. Насны хувьд бага ангиас ахлах ангийн хүүхдүүд оролцжээ.

Монгол Улсаас СУИС-ийн Радио, Телевизийн Дээд сургуулийн сургалтын албаны дарга Д.Одсүрэн багштай 8-16 насны 10 хүүхэд оролцож байгаагаас Бямбадоржийн Ганчөдөр “Тэдди ба би”, Эрдэнэбилэгийн Нямдорж, Одонхүүгийн Гончигсумлаа нар “Гэртээ хоёулаа”, Багмидийн Лхагвадорж “Миний гэр бүл”, Бандихүүгийн Бүжинлхам “Миний гэр бүл”, Төрбатын Баасанбат, “Нохойн бүл”, Соронзонболдын Цэрэндулам “Монголын гэр бүл”, Одсүрэнгийн Саруултуяа “Миний дотны хүмүүс - манай гэр бүл”, Батбаярын Бат-Энх “Эр хүн, эх орон”, Одбаярын Хүслэн “Эх газар чинь таны гэр бүл” зэрэг бүтээлээрээ уралдаж Эрдэнэбилэгийн Нямдорж, Одонхүүгийн Гончигсумлаа нарын бүтээл “Гэртээ хоёулаа” богино хэмжээний кино тус наадмын тусгай шагнал хүртлээ. Энэ бүтээлд жирийн малчин айлын ихэр хүүхдийн өдөр тутмын амьдралыг үзүүлдэг бөгөөд хэдий насан бага ч өглөөнөөс үдэш хүртэлх их ажлын зах зухаас хамжилцан завгүй гүйж, үхрээ бэлчээж, тугалаа хариулж, хашаа хороогоо цэвэрлэж, морио унаж, мод чулуугаар тоглож, таргаа ууж, тааваараа унтдаг жирийн малчны монгол хүүхдийн амьдралыг товч боловч үзүүлдэг юм.

Энэ наадамд шалгарсан бүтээлүүдийг дэлгэцэнд үзүүлж, агуулга, санаа, ур хийцээр нь өрсөлдүүлсэн байна. Мөн тус наадамд бүтээлээрээ оролцогчид өөрсдийн авьяас чадвараа үзүүлж манай хүүхдүүд монгол ардын биелэгээ, бүжиг болон ардын дуу хуураа сонирхууллаа.

Наадамд оролцож байгаа хүүхдүүд явахын өмнө Токиогийн Гадаад Судлалын Их сургуульд нэг өдрийг өнгөрөөж энд Япон орон, японы соёлын тухай лекц сонсож, япон хэлний анхан шатны хичээлд сууж, тус их сургуультай танилцлаа.

Мөн монгол судлалын ангийн оюутнуудад өөрсдийн хийсэн бүтээлээ сонирхуулан, тэдний санаа бодлыг сонсож, асуултад хариулсан юм. Япон оюутнууд тэдний яаж бүтээлийнхээ санааг олсон, жүжигчдээ хэрхэн сонгосон, уран бүтээл хийхэд техникийн нөхцөл хэр байдаг зэрэг олон асуулт асууж хариулт авсан билээ.

Мөн тус их сургуулийн монгол хэлний ангийн япон оюутнуудын гэрт нэг хоног сууж үзсэн нь японы ахуй ёс заншилтай биечлэн танилцах сайхан боломж боллоо.

Энэхүү хөтөлбөрийг зохион байгуулж, хүүхдийн кино наадамд оролцуулж байгаа Японы Олон Улсын Хамтын ажиллагааны төв (JICE) нь 1977 онд байгуулагдсан бөгөөд Японы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг буюу ЖАЙКА, Олон улсын Хамтын ажиллагааны Япон Банк, засгийн газрын болон төрийн бусад байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төслийг биелүүлж хэрэгжүүлэх зорилгоор байгуулагджээ. Үйл ажиллагааны 14,4 тэрбум йэний төсөвтэй, 561 ажилтан албан хаагчтай, энэхүү байгууллага нь “манай дэлхийн төлөө, маргаашийн төлөө мэдлэг туршлагаа хуваалцая” гэсэн уриатай ажилладаг юм байна. Тус байгууллага нь Гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын менежментийн дадлага хийх, гадаадын олон хэлний орчуулга хийх, япон хэлний сургалт зохион байгуулах, гадаад оюутнуудыг сургах, харилцан солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын семинар зохион байгуулах, техникийн тусламж дэмжлэг үзүүлэх, үндэсний мэргэжилтнийг дадлагажуулах, боловсролын хөгжлийн асуудлаар хамтран ажиллах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулдагаас Монгол Улстай холбоотой төрөл бүрийн үйл ажиллагаа санаачлан зохион байгуулдаг уг байгууллагын Монгол дахь салбар нь МУИС-ийн Монгол Япон төв дээр байрлаж байгаа ажээ.

Ж.Ирээдүй, 2010.12.08, Токио












10/25/2010

МОНГОЛ ГАРАЛТ ЯРУУ НАЙРАГЧ ШИ МӨРӨН



МОНГОЛ ГАРАЛТ ЯРУУ НАЙРАГЧ  ШИ МӨРӨН



Өчигдөр манай сургуулийн монгол судлалын салбар дээр Тайваны монгол гаралт нэрт яруу найрагч Ши Мөрөн хатагтай хүрэлцэн ирж өөрийнхөө амьдрал болоод уран бүтээлийн тухай манай оюутан, аспирант, докторант нарт ярьж танилцуулж өглөө. Тэрбээр "1981 оны 7 дугаар сард "Хүж өвс" хэмээх анхны шүлгийн түүврээ Тайванд хэвлүүлж нэрд гарчээ. Тэр үеэс бараг "Ши Мөрөн гэгч шинэ үзэгдэл "гэх нь холгүй болж билээ, үүнээс өмнө миний амьдрал тун эгэл байсан юм, харин азаар шүүмжлэлийн цөм нь зөв халуун байсан нь надад сайн болсон" гэж тэр дурсав.  Энэ хүн бол уг нь зураач хүн юм. Түүний аав нь Өвөр Монголын Цахарын Чуулганы мянган хошууны  гаралтай Рашдонров гэдэг хүн Бонны их сургуулийн Азийн салбарт монгол хэлний багшаар ажиллаж байгаад  1998 оны 11 дүгээр сарын 30 ны өдөр 88 насандаа таалал болжээ. Тэрбээр зураач охиныгоо гэнэтхэн шүлэгч болсонд их гайхаж, бас их баярладаг байжээ.  Аавтайгаа хамтарч Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийг хятад хэлээр орчуулж, ааваараа соронзон бичлэг хийлгэж байсанаа дурслаа. Тэр үеэс өөрийнхөө шүлгийг монгол уншигч нартаа эх сайхан хэлээр нь хүргэх юм сан гэж бодож явжээ. Тэрбээр энэ удаа ааваа дурсах үгүүлбэр хэлэх болгондоо нулимс унагаж байлаа. Түүний ээж Өвөр Монголын Зуу Уд аймгийн Хишигтэн хошууны Баянбилиг гэдэг хүн байгаад 1985 оны 5 дугаар сарын 1 нд өөд болжээ.
Ши Мөрөн хатагтай бээр, "Хайрын хязгаар дах гэрэл сүүдэр", "Монголын өндөрлөг", "Эрин зууны шүлгийн сонгодог", "Харанхуй мөрөн дээр", "Зүүдний говь" зэрэг шүлгийн түүврүүд хэвлүүлж бүтээл нь хятад, япон, испани, англи, монгол хэлээр хэвлэгджээ.Үүнээс хамгийн их сэтгэл хөдөлгөсөн нь монгол хэлээр орчуулагдсан нь гэнэ. Өөрөө тэрбээр ойр зуурын монгол хэлтэй юм байна. Нялх багаасаа хятад газар өсөөд эх хэл, бичгээ сайн сурч чадаагүйдээ харамсдаг бөгөөд анх дөчин зургаан насандаа Монгол нутгийн алтан шороонд хөл тавьж аав ээжээсээ хайрлаж хүртээсэн угсаа яс, цусан удмаа хайрлаж явдаг гэнэ.
Түүний уран бүтээл, шүлгийг монголчууд 1990-ээд оны эхнээс унших болсон билээ. Харин түүний номыг Хятад судлаач, зохиолч Ц.Базаррагчаа багш түүний шүлэг уран бүтээлээс “Цагаан хэрэмний чанад нутгийн дуу" (Тайвань Монгол Ши Мөрөн-гийн нийтлэл, шүлэг УБ. 2006. 10хх); ном бичиж Монгол уншигч нарт өргөн барьжээ. Ингээд та бүхэнд Монгол яруу найрагч Ши Мөрөн хатагтайн зарим шүлгийн орчуулгыг нэтээс олсоноо толилуулж байна.Тэрбээр "өндөр хөх тэнгэр минь элгэн халуун нутгийг минь өршөөн ивээх болтугай" хэмээн ерөөж байна.

Нутгийн зүүд
Элэнц дээдсийн минь уугуул нутаг энэ мөн үү?
Эрхэсийн буман од тоонон дээр нь яралзсаар байна уу?
Энхрий хүү зүүдэндээ эргэн эргэн давхиж хүрдэг
Элгэн хайртай нутаг энэ мөн үү?

Алаг зүрхэндээ аав минь өвөрлөсөөр ирсэн
Амин хайртан зүүдэн нутаг минь
Одоо л таныгаа би эргэж үзэх сэн

Хэний дуу зүүдэн нутагт минь ариухан билээ
Хөөрхий аавын минь зүүдний нутаг
Хөвч уул нь хөхөөрөө, хөдөө тал нь ногооноороо
Бичигч бээр үүнийг  монгол бичгээс хөрвүүлэв

Харгуй зам
Алсад байх үзэсгэлэнт уулын
Анир намуун харгуй замаар
Амраг чамтайгаа алхана аа гэж
Амлаж байсан санагдана.
Харгуй жимийнх нь дэргэдүүр
Хайрын хуайс, шинэхэн цайны модод
Хаа сайгүй ургасан байдаг гэж
Хэлж байсан чинь санагдана.
Тэртээд үлдсэн хаврын нэг үдшээр
Тийн амласан нь санагдана.
Харин энэ л орой, дэнгийн гэрэл дор
Хяруу сууж буй үсээ самнан суухад минь
Бүтээгүй учралууд гэнэт бодогдон
Биелүүлж чадaагүй амлалтуудын өмнө
Битүүхэн гунигт эрхгүй дарагдлаа.
Өнөөх уулын харгуй зам дээр
Өлчир залуухан чи минь
Өнөөг хүртэл намайг хүлээн
Өвсний ёзоор нэгжин
хараачилсаар буй болов уу?

Нууцхан хайр (Удамбар цэцгийн нууц)

Зөвхөн
Хагдарч унасны минь дараах үүрээр
Хажуугаар чи явж өнгөрөхдөө л
Уртын урт урьд шөнө
цонхны чинь гадаа би
Ямархан үзэсгэлэнтэй бас ганцаардсан
Ялгуухан нэг цэцэг байсныг
Олж харах болно.
Чиний анзааралгүй өнгөрүүлсэн
Урьд шөнө
Тэнгэрт ямархан тунгалаг сар өлгөөтэй байсныг
Зөвхөн би л мэднэ.
Хайрт минь!

Шүлгүүдийг enbosing.blogspot.com-ooс авлаа.

Ж.Ирээдүй, Токио, 25.10.2010












10/24/2010

ЯПОНД СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА


ЯПОНД СУРАЛЦАЖ БАЙГАА ОЮУТНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА




Япон Улсын Их Сургуулиудаар хамтын ажиллагааны хүрээнд ажлын айлчлал хийсэн МУИС-ийн Захирал доктор, профессор Санжбэгзийн Төмөр-Очир, болон гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхлэсэн захирал А.Галтбаяр, Биологи, био технологийн Факультетийн профессор Ж.Батхүү нар Япон Улсад сурч байгаа оюутны төлөөлөгчтэй уулзлаа. Уулзалтыг Япон дах Монгол Оюутны Холбоо (ЯМОХ) Монгол Улсын Элчин Сайдын Яамны байранд зохион байгуулж, Монгол Улсаас Япон Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р.Жигжид болон элчин сайдын яамны атташе, ажилтнууд, МУИС-аас Японы их сургуулиудад ажиллаж, сурч байгаа мэргэжилтан багш, судлаачид оролцов.


МУИС-ийн захирал, профессор С.Төмөр-Очир МУИС-ийг товчхон танилцуулж, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ, “Та бүхэн манай Монгол Улсын Их Сургууль буюу Монголын анхны их сургуулийнхаа түүхийг бараг бүгдээрээ мэдэж байгаа байх. МУИС 1942 онд байгуулагдсан 2012 онд 70 жилийн ойгоо хийнэ. Манай их сургууль бүрэлдэхүүний 14 сургуультай байсан 7 сараас хуучин Худалдаа Үйлдвэрийн сургууль, Улаанбаатарын их сургууль манай харьяанд орж одоо 16 сургуультайгаар үйл ажиллагаа явуулж байна. Завхан аймагт Эдийн засгийн сургууль, Орхон аймаг Гадаад хэлний хоёр салбартай. 21 мянга орчим оюутан, 1200 гаруй багш, эрдэм шинжилгээний ажилтантай.


Сургалтын үйл ажиллагаа үндэсдээ их тогтвортой. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, баримт бичгийн хувьд дэлхийн сургуулиудын хэмжээнд хүрчихсэн гэж үзэж байна. Багш нарын бүтцийг ажиглахад шинэ үеийн залуу эрдэмтэд нэлээд түрж орж ирж байгаа, залуучуудаа урамшуулж ажиллах бодолтой байгаа. Гадаад оронд байгаа залуучуудаар эгнээгээ байнга өргөтгөх бодолтой байна. Тийм учраас та нарт их сургуулийг сурталчлах, хойч үеэ татах зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Та бүхний сурч байгаа чиглэлийг бид сонирхож байна. Их сургууль цаашлаад яам тамгын газар дамжуулах уламжлах зүйл бас байж болно.


Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хувьд байгуулагдсан үеэсээ л хийж ирсэн, ганц жишээ хэлэхэд сүүлийн арваад жилийн дэлхийн мэргэжлийн томоохон сэтгүүлүүдэд гарсан бичсэн үгүүлэлд судалгаа хийж үзэхэд нийт үгүүлэлийн 50 орчим хувь ШУА-ийн эрдэмтэд, бичсэн бол 28 хувь нь МУИС-ийн багш эрдэмтэд дангаараа болон гадаадын эрдэмтэдтэй хамтран бичсэн, бусад нь ЭМШУИС, ШУТИС-ийн эрдэмтэдийнх долоо, долоон хувьтай байдаг юм билээ, үүнээс үзэхэд бага биш амжилттай, монголдоо дээгүүр орно, харин бусад дэлхийн их сургуультай харьцуулахад чамлалттай тоо гэж хэлж болно.


Манай боловсролын хуулинд “Их сургууль бол эрдэм шинжилгээний ажил голлосон, сургалтын байгууллага гэж тодорхойлсон. Эрдэм шинжилгээнийхээ ажлын үр дүнгээр сургалт явуулдаг, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, үйлдвэрлэл шинжилгээний байгууллага байх ёстой гэсэн тодорхойололттой. Энэ дагуу авч үзэх юм бол эрдэм мэдлэгээ үйлдвэрлэл болгох нь харьцангуй багатай одооны хэлээр бол иновацийн чиглэлд нэлээд доогуур орж байгаа. Их Сургуулийн багш нар шинэ мэдлэг бий болгоод байгаа боловч шинэ мэдлэгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, баялаг болгодог чиглэлээр тааруухан ажиллаж байгаа.


Ойрын үед эрдэм шинжилгээний ажил голлосон, эрдэм шинжилгээний үр дүнгээр эрдэмжсэн сургалт явуулдаг, үүгээрээ үйлдвэрлэл технологи бий болгодог чиглэлээр дэлхийн их сургуулиуд руу ойртож ажиллах зорилготой байна. Их сургуулийн багш нар ийм юм хийж болдог юм байна гэдгийг ард түмэнд, энэ мөнгө хуваарилдаг, төсөв захиран зарцуулдаг улсад үзүүлэх цаг болсон гэж ойлгож байгаа.


За харин эдийн засгийн хувьд нэлээд хүндрэлтэй байгаа, хөрөнгө оруулалт бараг алга. Улсаас дулаан, цахилгааны мөнгөд төсвийн 6,8 хувийг улсаас өгч байна, 96.2 хувийг бид өөрсдөө олж байна. Өөрсдөө олдог гол арга нь сургалтын төлбөр. Хувийн төлбөр нэмэе гэхээр ард түмний амьдрал муу байна нэмж болохгүй гэдэг. Тэгэхээр өөр мөнгө олдог суваг бид хайж эрж олох ёстой юм байна билээ. Олсон мөнгөнийхөө бараг 70 орчим хувийг багш нарынхаа цалинд өгчихөөд байна. Судалгааны ажилд шинжлэх ухаан технологийн сангаас хөрөнгө оруулалт өгдөг гэхдээ хангалттай биш байгаа. Багш нарын цалин пүнлүүний хувьд харин харьцангуй боломжийн байгаа.


Гадаад харилцааны хувьд дэлхийн улс орнуудын 200 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний төвүүдтэй харилцаа холбоотой байдгаас Тухайлбал энэ Японы 20 гаруй их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй. Оюутан, мэргэжилтэн, багш, магистрант, докторант солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэргээр өргөн хүрээтэй харилцаатай. Үүн дээр нэмэгдэж сая Мэй Их Сургууль болон Тохокугийн Их Сургуультай хамтын ажиллагааны шинэ гэрээнд гарын үсэг зурлаа. Хуучин харилцаатай сургуулиудтайгаа үйл ажиллагаа сэргээх, амьд үйл ажиллагаа бий болгох, шинэ төвшинд, шинэ нөхцөл байдалд гаргах сонирхолтой байгаа.


Сүүлийн жилүүдэд МУИС-иас гадаадын их сургуулиудад нэлээд залуучууд хамгаалсан, тухайлбал хөгжингүй орнууд Герман, Япон, АНУ, Өмнөд Солонгост сурч төгссөн залуучууд зонхилж байна. Ерөөсөө цаашид Монголыг эрдэм боловсролтой залуучууд авч явах зайлшгүй шаардлага тулгарчихлаа. Хорин нэгдүгээр зуун бол өөрөө мэдлэгт суурилсан эдийн засаг, мэдлэгт суурилсан хөгжлийн гарц руу явж байгаа учраас бидэнд эрдэм мэдлэгтэй залуучууд маш их хэрэгтэй байна. Монголчууд эрдэм боловсролыг их дээдэлдэг, бусад орныхонтой харьцуулахад оюуны чадамж маш сайтай байдаг. Та нар их чухал мэргэжилүүдээр сурч байгаа юм байна. Их сайн суралцах хэрэгтэй, мастер хамгаалж байгаа, доктор хамгаалж байгаа нөхдүүд монгол руу санаагаа чиглүүлээрэй. Та бүхнээр бид эгнээгээ байнга өргөтгөх бодолтой байна. Тийм ч учраас өнөөдөр энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм.


Хоёр улсын харилцаа гэдэг, хоёр байгууллагын харилцаа гэдэг, хоёр сургуулийн харилцаа гэдэг гэтэл энэ нь явж явж хоёр хүний харилцаанаас их шалтгаалдаг. Та нар бол Монгол Япон орны хоорондын харилцааг авч явах гүүр болох ёстой тийм учраас энэ талаар их бодолтой байх ёстой гэж бодож байна.


Үүний дараа оюутнууд өөрсдийгөө танилцуулж, асуулт асууж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Энд ирсэн оюутнуудын бараг тал хувь нь МУИС-иар ямар нэг хэмжээгээр дамжсан, МУИС-ийн хаалгаар түр боловч орж гарсан оюутан, магистрант, докторантууд байсан бөгөөд ХААИС, ШУТИС-д сурч байсан оюутнууд үлдсэн хувийг эзлэж байлаа. Энд сурч байгаа чиглэлийг авч үзвэл урлаг судлал, хууль эрхзүй, биохими, олон улсын хууль, боловсрол судлал, зочид буудлын менежмент, аялал жуулчлалын менежмент, эдийн засаг, авто зам гүүрийн барилга, барилгын менежмент, олон улсын гео физик, бизнес менежмент, бизнес санхүү, мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан, удирлага холбооны технологи, электроникийн инженер, олон улсын биобизнес, автомашины инженер, цөмийн физик, нийгмийн сэтгэлзүй гээд төрөл бүрийн чиглэлээр сурч байгаа оюутнууд байлаа.


Эх орондоо их сургуульд сурч байсан оюутнууд их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, бусад үйл ажиллагааны талаар илэн далангүй ярилцлаа. Үүнд сургалтын технологи, сургалтын хөтөлбөрийн бүтэц, агуулга, сурах бичиг, гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүн, багш нараас сурах бичиг оюутандаа шахдаг тухай, орчуулга хийлгүүлээд дараа нь ном болгож гаргадаг тухай, мөн гадаадад оюутан мэргэжилтэн сургах бэлтгэх тогтолцооны талаар, урлагийн чиглэлээр ямар бодлого баридаг талаар, сургалтын болон судалгааны давхардлын талаар, зах зээлийн цэвэр өрсөлдөөний талаар, мөн гадаадад сурах сонирхолтой, потенциалтай залуучуудыг төр, яам, их сургуулиас хэрхэн дэмжих талаар, эрдэм шинжилгээний ажил, төслийн сэдвийг зөв сонгох, магистар докторын хүчийг ашиглах, иновацийн чиглэлээр хэрхэн ажиллах, их сургуулийн багш нарыг бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар, технологи дамжуулах төв байгуулах талаар, ажлын орон тооны статистик, ажилд орох нөхцөл, сэндвич докторуудын тухай, гадаад харилцааны их хүнд сурталын талаар тус тус санал бодол солилцлоо.


Японд суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, ялангуяа Японы улсын болон бусад компани, төрийн болон төрийн бус байгууллагын зардлаар сургах, Японд ажлын байртай болгох, тэр тусмаа дэлхийн нэр нөлөө бүхий компаниудад монгол хүн байр суурь эзлэх талаар элчин сайдын яам байнга анхаарч байдаг тухай элчин сайд Р.Жигжид цохон тэмдэглэв.


Та бүхнийг их сургуульд очиж ажилласан тохиолдолд цалин мөнгө, байр саваар хангаад бялхуулж, цалгиулахгүй ч гэсэн өөрийнхөө санаснаар ажиллах боломжийг нээж өгөх, тэр нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа их сургуулийн захирал, дэд захиралууд амлаж, мастер, доктороо дүүргэж байгаа нөхдийг МУИС-д очиж ажиллахыг уриаллаа.


Ж.Бат-Ирээдүй, Токио, 2010.10.20