3/11/2011

ЯПОНЫ ГАЗАР ХӨДЛӨЛТ БА ЦҮНАМИ

(c) J.Bat-ireedui, 2011.03.11, Tokyo
Газар хөдлөж цүнами үүссэн байдал BBC-ийн зураг

Тавиур дээрээс ширээн дээр унасан байдал

Манай ажлын өрөө нэг иймэрхүү болсон байлаа

За өнөөдөр ингээд сүүлийн 100 жилд тохиож байгаа аймшигт газар хөдлөлтийн гэрч болдог юм байжээ. Гадаад хэргийн яаманд хичээлээ заачихаад Чуо чиглэлийн хурдан шугмаар буцаж явахнээ газар хөдлөөд ёстой аймаар юм боллоо. Газар хөдлөлт байшинд ялангуяа сууж юмуу хэвтэж байхад бол сайн мэдрэгддэг харин галт тэргэнд барагтай бол мэддэгдэггүй гэдэг. Галт тэрэг бол ерөөсөө усан дээр байгаа завь аятай л байлаа. Эхлээд энэ галт тэрэг нь эвдэрээд зогсож байгаа юм байхдаа гэж гайхахнаа хүмүүс шуугиад цонхоор хараад, зарлаад уналаа. Кичижожигоос хөдлөөд  Митака буудалд хүрэх замын дунд шууд зогсчихсон чинь гарч бууж болдоггүй, хоёр цаг шахам суугаад гараад ирсэн чинь бүх галт тэрэгний шугам хааж, такси, автобус, утас мутас бөөн очер дараалал болсон байлаа. Арай гэж автобус дамжсаар ажил дээрээ ирэхнээ хамаг номыг минь сэгсрээд тараагаад хаячихсан байдаг байгаа. Ядаж байхад бүх урсдаг шат, лифт автоматаар зогссон тул 8 давхарт арай гэж аахилаж уухилж гарлаа. Манай хөрш профессорыг 8 давхрын өрөөндөө байхад хөдөлж, их номтой хэлэх үү арайтай номондоо дарагдчихсангүй нэг юм амь мэнд үлджээ.
Миаги аймагт голомтондоо магнитудийн 8.9 буюу 12.2 баллын хүчтэй хөдөлсөн байна. 10 метр өндөр цунами үүснэ гэж таамаглаж байсан ч хамгийн өндөртөө 28-36 метр хүрсэн байна. Хүн, байшин, барилга, машин тэрэг, усан онгоц монгоц бол их усны хүчинд зүгээр л нэг зомгол төдий аж.
1923 оны Их Кантогийн газар хөдлөлтөөс хойш зуун жилд хөдлөж байгаа хамгийн хүчтэй хөдлөлт гэнэ. Энэ үеийн хөдлөлтөөр дор хаяж 140 мянган хүн нас барсан аж. Тэр үед ч мэдээж байшин барилга, цахилгааны хамгаалалт энэ тэр нь манайх шиг л юм байгаа биз дээ, гал түймэрт ихэнхи хүн нь үхсэн гэх юм билээ. Өнөөдрийн энэ аюулыг дэлхий нийтээрээ зурагтаар харж байгаа тул илүү тайлбар хэрэггүй биз дээ. Бараг бүтэн өдөржин, шөнөжин ойр ойр хөдөлсөөр л байна. Бүх төрлийн галт тэрэг, болон гар гэрийн утас хаагдсан байна. Холбоо барих боломжгүй болж байна. Харин мессеж дамжиж байна. Хувийн болон хувьсгалын бүх галт тэрэгний шугам зогссон тул Токиогийн гудамжнуудад такси, автобусны оочер хэдэн зуун метр хүрлээ.
Газар хөдлөлт болон цунамид нас барсан хүний тоо нийтдээ 1000 гарчихлаа, мэдээж улам нэмэгдэх байх. 2000-аад айл гэр орох оронгүй, оочих аягагүй боллоо, мөн 1800 орчим айл их бага хэмжээгээр цунамид хамрагдсан байна. (Энэ далимд хэлэхэл цүнамиг Ш.Баатар нөхөр "цохих долгион" гэж орчуулсан харагдана. Бас болох л юм.) 1800 орчим хүн ор сураггүй байна, 300 гаруй хүний цогцос Сэндай хавийн уснаас цуглуулж авсан байна. Хэдэн зуун хүн их бага хэмжээгээр Японы нийт нутаг дэвсгэрт гэмтэж бэртжээ. Өглөөний 3.59-д Нагано, Нийгата болон Токиогийн хойд хэсгээр 6.5 баллын хүчтэй түлхэлт өгсөн байна. Шөнө унтаж байхад хөдлөөд л байсан. Камайшигийн боомтоос хорь гаруй контайнер, машин хөвсөн байна. Цунами буюу цохих долгионоос хамгаалах хаалга гэж байдаг юм байна тэрийгээ бүгдийг хаагаад хаагаад барсангүй гэж мэдэгдэж байна. 10 метр долгион чинь барагтай юм тэсгээхгүй л дээ. Цунамигийн нөлөө дэлхийн бараг 30 оронд мэдрэгдэж нөлөөлж магадгүй байгаа тул болгоомжтой байхыг сануулж байна. Дэлхийн 23 орон Австрали, Хятад, Өмнөд Солонгос, Мексик, Шинэ Зеланд, Сингапур, Индонези, Энэтхэг, Орос, Түрк, Герман, Франц, Бэльги, Арабын нэгдсэн улс, Швейцар, Жордан тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэнийг гадаад яамны сайд нь мэдээллээ. Япон дах гадаад улс орнуудын элчин сайдын яамдад ямар нэгэн айхтар хүндрэл гараагүй байна.
Жэй Аар буюу Японы галт тэрэгний гол компани бүх хөдөлгөөн үйлчилгээгээ зогсоолоо, үүнд Тохокү, Нагано, Яамагата, Жоецү, болон Акитагийн чиглэлийн хурдан галт тэрэг мөн орж байгаа. Мөн хувийн Кеио болон Одакюу шугам бас бүрэн зогссон бол өнөө өглөөнөөс хувийн шугмууд ажиллаж эхэллээ.
Агаарын тээвэрт бас нэлээд хүнд нөлөөлсөн байна, өчигдөрийн байдлаар дотоодын 711 нислэг цуцлагдаж, Наритагийн онгоцны буудалд 13000 хүн, Ханедагийн буудалд 10 мянга гаруй хүн сандарч хоносон байна. Энэ өдөр Наритагаас монголын МИАТ-ын нислэг таарч 40 гаруй хүнтэй нисэх байсан Боинг хоосон хөөрч хөөрхөн "шатсан" гэсэн мэдээ монголын сайтуудаар тавигджээ.
Японы засгийн газар үндэсний хэмжээний томоохон компаниудыг улс оронд тулгарсан хүнд үед ард түмэндээ туслахыг уриалсан байна. Мөн Японы Эдийн Засгийн Яам Японы дэлгүүрийн холбоо, Сүлжээ дэлгүүрүүдийн холбоо, бусад нийгэмлэгүүдийг туслахыг хүссэн шаардлага хүргүүлжээ.
За харин нэг юм онцлоход япон хүмүүс бол ийм хэцүү үед юманд маш тайван ханддаг улс юм байна гэдэг нь харагдлаа. Тэгж айхтар хөдлөж байхад үймж шуугихгүй, журам ёс дэс дараагаа нягт барьж ажиллах юм. Энэ олон сая хүн орилоод хашгираад дайраад унавал цунамигаасаа аюултай юм болох янзтай. Ийм айхтар байгалийн аюулын аман дээр байдаг улст тайван уужуу байх л хамгийн чухал зүйл байдаг юм байна даа гэж бодогдож байлаа. Үүнийг бүр хар багаас хүүхэд байхаас сурч төлөвшисөн байдаг бололтой.
Тавиур дээр байсан номыг шалан дээр тараасан байдал

5 comments:

Д.Бат-Ундраа said...

Өдөр мэдээгээр гарч байхын харлаав Үнэхээр аймаар юм болж байна.

Ts. Onon said...

Өчигдөр замаар алхаж явтал, газар хөдөллөө. Нүд харанхуйлан, сөхөрч унах дөхсөн. Ёстой эвгүй юм байналээ. Хамт явсан ангийн нөхөр маань сандарсандаа машин зам руу харайж орохоо шахсан. Япончууд үнэхээр дүрэм журамтай,аливаад тайван буурьтай ханддаг, үргэлж ямар ч зүйлд бэлтгэлтэй байж чаддагийг энэ удаагийн газар хөдлөлтөөр багш нар, найз нарынхаа дунд байхдаа бүрэн мэдэрлээ.

naraa said...

Таны гэр бүл бүгд сайн уу? Атомын цахилгаан станцаас хол байдаг уу? Болж өгвөл нэг хэсэгтээ наашаа нутаг руугаа хүрээд ирээ. Энд монголд японы ард түмэнд туслах аян өрнөж байна.

eebee said...

ta bolon tanai ger buliinhen sain baigaad bayartai baina. eebee

Anonymous said...

мэдээтэй л бгаарай. нэг ч гэсэн монгол хүний амь гэдэг бидэнд юутай чухал бгаа билээ. хөөрхий япончууд ямар ч үйлтэй улс юм бэ дээ? мань мэт нь тийм газар төрсөн бол амар тайван амьдарч чадахгүй бсан биз. биеэ бодоорой хөө.

Диваажингийн хоригдлоос