4/30/2010

ДЭЛХИЙН ХАЙКҮГИЙН ХОЛБООНЫ 5 ДУГААР ХУРЛЫН ЗУРАГ

Хурлын тэргүүлэгчид: Акио Бин, Баняа Нацуиши, Хумихару Шимизү нар

Дэлхийн Хайкүгийн Холбооны 5-р Хуралд оролцогчид

Нэрт хайкүч, холбооны Ерөнхийлөгч Банияа Нацуиши шүлгээ уншиж байгаа нь

Германы хайкү судлаач Андреас Преисс

Румыны хайкүч Паол Флореа хайкү уншиж байна

Японы хайкүч хатагтай Сачико Катаока

Монгол судлаач Танака сан, Бат-Очирын Болд нарын хамт

Латвийн хайкүч Ирина Морсуока шүлгээ уншиж байгаа нь

Токиогийн Их Сургуулийн Антропологийн багш, доктор,
хайкүч Хидеаки Мацуока шүлгээ уншиж байгаа нь

Японы Хайкүгийн клубийн Ерөнхийлөгч, 
нэрт зохиолч Акио Бин, Монгол яруу найрагч Б.Болд нарын хамт

Хатагтай яруу найрагч Саюуми Камакүра хурал дээр

Яруу найрагч Бат-Очирын Болд шүлгээ уншиж байгаа нь

Гүржийн яруу найрагч Драго Стамбүх хайкү шүлгээ уншиж байгаа нь

Хайкү шүлэг бүр өөрийн хөг дантай.

Хатагтай Саюуми Камакүра шүлгээ уншиж байгаа нь

Японы хайкүч эмэгтэй Юүко Танго "Injured Rose" хэмээх
хайкү шүлгийн номоо дурсгаж байгаа нь

ДЭЛХИЙН ХАЙКҮГИЙН ХОЛБООНЫ 5 ДУГААР ХУРАЛ


Токио хотноо Дэлхийн Хайкугийн Холбооны
5 дугаар бага хурал боллоо


Өчигдөр 4 дүгээр сарын 29 нд Японд бүх нийтийн амралтын өдөр буюу Шовагийн өдөр байлаа. Шовагийн өдөр гэдэг нь эзэн хаан Хирохитогийн төрсөн өдөр юм. Хирохито хаан 1901 оны 4 сарын 29 нөөс 1989 оны 1 сарын 7 хүртэл амидарсан байна. Түүний үеийг Шова гэж нэрлэдэг. Япончууд төрийн бус, ашгийн бус байгууллагуудын зохион байгуулах аливаа хурал чуулганыг заавал амралтын өдөр, тэртусмаа хагас сайн өдөр голдуу хийдэг ёстой.
Өчигдрийн Шовагийн амралтын энэ өдөр Дэлхийн Хайкүгийн Холбооны 5 дугаар бага хурал Итабаши дүүргийн Ногоон танхимд боллоо. Хурлыг нээж тус холбооны нарийн бичгийн дарга Күнихару Шимизү үг хэлсэн бол тус холбооны үндэслэгч, ерөнхийлөгч, Японы нэрт хайкүч Баняа Нацуиши холбооны ажлын талаар дэлгэрэнгүй илтгэл тавилаа. Ерөнхий санхүүч Саюуми Камакура санхүүгийн тайланг танилцуулав. Тус хурлын ерөнхий хуралдааны дараа Япон, Монгол, БНХАУ-ын Өвөр Монгол, Гүрж, Румын, Латви улсын хайкүчид оролцож шүлэг яруу найргаасаа уншиж танилцуулав. Энэ үеэр дэлхийн сонгодог хөгжимүүд түүний дотор монголын морин хуур эгшиглэж байлаа.
Токио Гадаад Судлалын Их Сургуулийн профессор Ж.Бат-Ирээдүй Монгол улсад Японы хайкү шүлэг дэлгэрсэн түүх болон өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж тус дэлхийн холбооны салбарыг Монголд байгуулах санал дэвшүүллээ. Хурлын үеэр Японы болон гадаадын яруу найрагчид өөрсдийн номын худалдаа ажиллуулж орлогын 1 хувийг тус холбоонд хандив болголоо.
Тус холбоог АНУ-ын Жим Качиан, Японы Банияа Нацуиши, Слованы Димитар Анакиев нар 2000 онд анх үүсгэн байгуулжээ. Дэлхийн олон орон түүний дотор Япон, Америк, Австрали, Англи, Франц, Герман, Итали, Холланд, Португали, Греек, Словеня, Ирланд, Серб, Иран, Бразил, Монгол зэрэг орны 200 гаруй гишүүнтэй, Японд төвтэй энэ байгууллага нь дэлхий даяар маш идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ сард “World Haiku 2010: No 6” ном хэвлүүлсэн байна.
Энэ байгууллага нь гишүүдийн татвар болон Дэлхийн Хайкү Сангаас санхүүждэг байна. Япон хүн 6000 йэн, Хойд Америк 35 ам.доллар, өмнөд Америк 10 ам.доллар, баруун Европын орны хүмүүс 35 евро, зүүн европ, оросууд 13 евро, Азийн орныхон 10 ам.долларын жилийн татвартай байдаг юм байна. Хэрэв та Дэлхийн Хайкүгийн Холбооны гишүүн болохыг хүсвэл тус холбооны http: //www.worldhaiku.net/ вэб сайтаар зочилно уу?
Энэ оны 8 дугаар сарын 6-8 нд Унгарын Будапешт хотноо Дэлхийн Хайкугийн Фестиваль болох юм байна, мөн тус холбооны 6 дугаар хурлыг 2011 оны есөн сард Токиод хийхээр төлөвлөж байгаа ажээ. Хурлын дараа төлөөлөгчдөд зориулсан цайллага болж орны орны хайкучид чөлөөтэй ярилцаж, санал солилцлоо.
Хурлын зургийг тус сайтын photos гэсэн хэсгээс үзнэ үү?


4/27/2010

Шинэ хайкү

Free haiku by Iregedui


Сакурагийн дэлбээ
Салхиар  хөглөрөхүй
Гишгэх газраа  олж ядна би.


Намрын навч
Наанаа өнгө нь тодровч
Цаанаа  сэрүү татна.


Хаврын анхны бороо
Хатсан хөрсөн дээгүүр гүйхэд
Үндэс уурлаад хоцрох.


Хаврын урь орсон ч
Хавсарга шуурга гэхээс
Хавирганаас жиндүүхэн.


Нэг үндэсний хоёр навч
Нэг нь нов ногоон,
Нөгөө нь хүв хүрэн.


Зүсний нь хөөрхөнд
Зүрхний цохилт нь дарагдах.
Зүрхийг нь мэдсэн цагт зүсний хуурамчийг ойлгох.


Ээжийн минь сайхан сэтгэл,
Өргөсөн сүүнийх нь цацал
Эргүү цагаан мананг сөхөж гийгүүлнэ.


Урдаас ирэх бүсгүй
Утасны мөнгө шалгана
Уг нь баян оронсон.

4/20/2010

ДЭЛХИЙН ХАЙКҮГИЙН ХОЛБООНЫ БАГА ХУРАЛ БОЛНО




ДЭЛХИЙН ХАЙКҮГИЙН ХОЛБООНЫ
5 ДУГААР БАГА ХУРАЛ БОЛНО

Хайкү мэддэггүй хүн байхгүй болов уу. Гурван мөр 5-7-5 гэсэн үеэр арван хоёр үеэр бичдэг богино шүлгийн дэлхийн холбоо гэж байгууллага байна. Дэлхийн Хайкүгийн Холбооны ээлжит олон улсын бага хурал энэ 4 дүгээр сарын 29 нд Токио хотноо болох гэж байна. Дэлхийн  олон орнны хайкүчдийн хамт Монголчууд энд өөрсдийн бичсэн хайкү шүлгээ уншина.
Бидний монголчууд 1960-аад оны үед нэр яруу найрагч Бэгзийн Явуухулан гуайн орос хэлнээс орчуулсан нэрт хайкүчин М.Башогийн хайкүгээс эхлэн Японы яруу найраг түүний дотор хайкугийн тухай сайн мэддэг, хайкү шүлэг уншдаг болсон билээ. Түүний 1964 онд бичсэн “Японы хайкү шүлгийн тухай” хэмээх үгүүлэл Хайку гэж чухам ямар утга учиртай шүлэг юм бэ гэдгийг Монголчуудад таниулж өгсөн буянтай.
Дараа нь 1974 онд богино үгүүллэгийн нэрт мастер Жагдалын Лхагва “Японы яруу найраг” гэдэг ном бичиж үүнд 85 яруу найрагчийн танка, хайкү  болон орчин үеийн шүлэг багтсан нь мөн бүгд орос хэлнээс орчуулагджээ.  Энэ нь анхны Японы уран зохиолын тухай тусгайлан хэвлэсэн анхны ном байсан тухай Өвөр Монголын  Багшийн Их Сургуулийн судлаач профессор Ч.Цолмон бичжээ.
Монголчуудын хувьд анхны монгол хайкүг мөн Бэгзийн Явуухулан гуай бичсэн байна. Нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Уянгын тойрог” номд нь байгаа “Шувууны мөр” хэмээх гурван мөрт бол хайкү юм байна. Сүүлийн үед яруу найрагч Загдын Түмэнжаргал хайкү шүлгийн маягаар их шүлэг бичиж байна.
Та бүхэнд японы зохиолчдын хайкү шүлгийн заримыг толилуулая. Монгол уншигч түмэнд зориулан Японы хайкү шүлгийг Б.Явуухулан, Ж.Лхагва, Н.Нямдорж, Б.Энэбиш, Г.Аюурзана нар орос хэлнээс, К.Аяако, Д.Болдбаатар, С.Хадаа, М.Шагдарсүрэн, Ц.Бурмаа, С.Хүрэлбаатар, Р.Баттогтох, С.Хишигсүрэн, О.Бямбаа нар япон, англи, хятад хэлнээс орчуулж байна.

Мацуо Башо (1644-1694):
Хуучин цөөрөм рүү
Хөөрхий мэлхий дэвхрэхэд
Усны чимээ гарав.

Нүцгэн мөчир дээр
Нэвсгэр хэрээ сууж байгаа нь
Намрын үдэш санж.

Мөчир дамжин гүйж
Мөнгөн дусаал урсах нь
Хаврын бороо ажээ. (Б.Явуухулангийн орчуулга)

Мөчрөөс мөчирт
Мөлхөн урсах нь
Хаврын бороо аж.  (Ж.Лхагвын орчуулга)

Аймшигт ядуу эр
Амуу цайруулахаа болиод
Онгон сарыг ширтэв.

Усан байцааны шилбэнээс
Шүдэнд элс шажигнахад
Өтөлж яваагаа мэдэв би.

Хаврыг буцаад явахлаар
Хамаг шувуу уйлалдаж
Загас хүртэл мэлмий дүүрэн нулимстай.

Масаока Шики (1867-1902):
Гуулин зоос жингэнэж
Гуйлагчин олсноо тоолоход
Өвлийн шөнө хүйтэн

Ёса Бусан (1716-83):
Ийм сайхан шөнө сарны тухай
Дээрэмчдийн удирдагч хүртэл
Дуу зохиодог байлгүй.

Загасчин модчин хоёр
Цайны газар дуулан суух нь
Салхитай намрын өдөр өө.

Шүхэр бороо хоёр
Шүргэх зуураа ярилцах нь
Хаврын бороо аж.

Сарны саруулыг хэлээд яахав
Надтай мөргөлдсөн сохор хүн хүртэл
Найр тавин инээж байна шүү.

Кикакү (1660-1707):
Гар хоосон  гуйлгачны
Гадаа өмсдөг хувцас нь
Газар тэнгэр хоёр.

Наймаач Этиогойн мухлагт
Нарийн торго цуу татахад
Зуны улирал эхлэдэг.

Фүкүда Тиёо (1701-1765):

Өдөржин горхин дээр
Өлөн сүүдрээ барих гэж
Тэмээлзгэнэ тонголзоно. (Б.Явуухулангийн орчуулга)

Голын усны урсгал дээр
Голог тэмээлзгэнэ суугаад
Сүүдэр юугаа барин барина.  (Ж.Лхагвын орчуулга)

Өглөө босоод хартал
Алтан агь худаг тойроод ургачихаж
Айлаас ус авахаас даа.

Тэргэл сартай шөнө
Шувуу хүртэл үүрээ
Задгай хонодог байна шүү.


Ранран:
Зөрж яваа хүний
Бариж яваа шүхэр дуугарах нь
Намрын бороо ажээ.

Сехаку:
“Тэнгэрт түгсэн од
Тэндээ яасан үзэмжтэй вэ
Тэхдээ яасан хол вэ?”


Ашигласан хэрэглэгдэхүүн:
1 “Японы яруу найраг” Сонгомол яруу найргийн чуулга, Эрхилсэн Г.Мэнд-Ооёо, Уб., 2005
2 “World Haiku” edited by Ban’ya Natsuishi, World Haiku Association, 2010, No.6, Shichigatsudo;
3 “Япон Монгол Хайку шүлгийн харицаа холбооны асуудалдЧ.Цолмон, (Өвөр Монголын багшийн их сургуулийн доктор, профессор)
4  “Haiku, An Anthology of Japanese Poems” By Stephen Addiss, Fumiko Yamamoto, and Akira Yamamoto, Shambala Library; 2009, London;
5 “Солонгон гүүр”An antology of Mongolian and Japanese Poetry”, Эрхилсэн Г.Мэнд-Ооёо, Уб., 2009
6 "Хайкү нь яруу найргийн сонгодог хэлбэр мөн" Д.Мандах, МУИС-ийн МХСС-ийн "Монгол судлал" эрдэм шинжилгээний бичиг-ийн 2008 оны №29 (300), 2003-214 х. 

4/16/2010

Тоонондоо галын дохиолол хийе



Тоонондоо галын дохиолол хийе

Хэдийгээр хавар болж цаг эргэж урин дулаан болж байгаа ч цаг цагт л байдаг бидний дараа дараагийн зовлонгуудын нэг эхэллээ. Энэ бол гал. Ойн түймэр, хээрийн түймэр, гэрийн түймэр гээд л эхнээсээ аль хэзээний  эхлэчихэж. Өчигдөр уржигдар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Орхон, Сэлэнгийн голын бэлчир  Охь хөндийд гал гарч онцгой байдлынхан гэж нэг зовсон улс арай гэж цурамд оруулжээ. За тэр газар дэлхий, ой мод нь хайхрах эзэнгүй, эзэн олдлоо ч хууль дүрэмгүй тул тэгээд өнгөрдөг юм гэж бодоход энэ гэртээ унтаж байгаад үнс нурам болоод байгаа хүмүүсээ хамгаалах талаас юм бодмоор байна. Саяхан Ганданд хоёр эмэгтэй гэртэйгээ шатаж үгүй боллоо, чухам хэн гээч хүн байсныг нь цагдаа хайж байна гэж баахан сонинд гарсан. Манай сэтгүүлчдэд унтаж байгаад өөд болсон хүүхэн, гэрийг түрээслэж байсан Солонгос өвгөн, хэдэн цаасаар түрээслэж байсан нь сонин болохоос яагаад гэртэйгээ шатав, юунаас болов, яавал ингэж шатахгүй вэ гэдэг нь ер сонин биш шиг байна. Харин надад нэг санал байна. Ерөөсөө унтаж байхдаа гэртэйгээ шатаж үхээд байгаа хүмүүст ганц арга байна. Энэ бол орчин үеийн зайгаар ажилладаг дохиолол тавих. Ийм дохиололыг ганцхан байшинд л тавидаг эд биш. Гэрт ч тавиж болно. Иймэрхүү орчин үеийн дохиолол бол за тэр  цагдаа, гал командтайгаа холбогдож сүрхий юм болдоггүй юм гэхэд ядаж сэрээд босоод гараад зугтаах хэмжээнд орилж чадна. Гэрээс гарч ядаад байх юм байгүй. Хамгийн гол нь нэг сайхан дулаан унтаж байгаад угаартаж, эсвэл гал ид хүчээ авсан үед нь нэг мэдээд босох гээд чаддагүй байх. Энэ өвлийн тэсгхим хүйтнээр Яармагт бүр гэр орноороо, халуун ам бүлээрээ хүртэл шатаж үнс нурам болсон  тохиолдолыг  ч бид харсан. Ийм мэдээ мэдээлэл сонсохоор үнэхээр сэтгэл эмзэглэдэг юм. Энэ бол олон учир шалтгаантай. Наад зах нь гэхэд хятадын муу чанаргүй хогийн утас кабел хэрэглэх, шонгийн модны утас шөрмөс нь салхи шуурганд хооронд авалцаж нийлэх, гэрэл гэгээтэйгээ унтах, тог цахилгаанаа хэмнэж лаа бариж мартах гээд л гал алдах шалтгаан алийг хэлж барах вэ? Харин бид өөрсдийнхөө төлөө бага боловч зүйл санаачилж хиймээр байна. Бид хэтэрхий хэнэггүй байна. За юунаас ч болсон байдаг байна, маний бодоход хамгийн гол нь гал гарахад дуугарч чимээ өгдөг дохиолол тавиулах л хамгийн зөв арга байна. Гэхдээ иймэрхүү хайнга байдлаас болж гал түймэр гарах тохиолдол Японд ч хаа сайгүй байна. Хамгийн гол нь болгоомж сэрэмж, хашир байдал хэн хүнгүй хэрэгтэй. Саяхан манай гадаад багш нарын байранд нэг нөхөр тахиа шарж байгаад орхиж явснаас гааз нь дэлбэрч үхэнгээ алдаж, харин энэ завшаанд айл болгоны өрөөнд орчин үеийн ийм дохиолол тавиж өглөө. Долоон жилийн баталгаатай, батарейгээр ажилладаг энэ дохиолол ёстой манай гэрийн хороололын айлуудын тоононд байхад тохирсон эд байна. Мэдрэмж сайтай, бараг олигтойхон хуушуурын хиншүү, зургаагаас дээш хүн тамхи татахад л орилохоор мэдрэмжтэй эд гэнэ.  Дуунд нь баргийн хүн унтаад байхааргүй юм байна. Хуушуураа хайрахдаа түр салгаад байж ч болно. Дашрамд сануулахад нэг сэргэлэн нөхөр Улаанбаатарын бүх гэртэй айлд дохиолол тавихад хөөрхөн бизнес болно доо. Хүмүүсээ тоонондоо галын дохиолол тавиулцгаая.
17.04.2010, Токио

4/15/2010

ӨМНӨД СОЛОНГОСТ




ӨМНӨД СОЛОНГОСТ ЗОРЧИСОН ТЭМДЭГЛЭЛ

Шинэ үеийн Монголчууд гадаад паспорт гэдэг юмыг өвөртлөж гадна ертөнцийн хаалга үүдийг нээж чөлөөтэй орж гардаг болсноос хойш Монголын хамгийн олон хүн орж гарч байгаа нь Өмнөд хөрш Хятад  дараа нь Өмнөд Солонгос буюу Солонгос орон болж магадгүй. Хоёр ч авиа компаний шууд нислэгтэй болохоор мөнгөтэй зоостой улс нь бараг хагас бүтэн сайнаар дэлгүүр хэсэх гэж юм уу, зугаалах казинодох гэж, эсвэл бие хаагаа эмнүүлэхээр бараг мөнгөө үрэх гэж ирдэг, мөнгөгүй ядуучууд нь хэдэн цаасаа зуучлал, жуулчлал гээчид нь бариж, зарим нь ч орон байраа үгүй хийн хийн мөнгөтэй юмтай болохоор амидралын мөр хөөж ирдэг газар Солонгос болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Сүүлийн арваад жил бараг айл  бүл болгоноос дор хаяж нэг хүн энд ажиллаж, бараг бүх зурагтаар Солонгосын савангийн дуурь гаргасны хүчинд энэ орны нийгмийн тухай  ерөнхий ойлголт үндэсний хэмжээнд хангалттай сурталчлагдсан гэж үзэлтэй.


Солонгосын хойг, Солонгос орон. Нэг угсааны үндэстэн боловч комунист, капиталист нийгмийн тэс өөр зохион байгуулалттай нийгэмд хаяа хатган орших Солонгосын  хойг бол 120.540 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, уртаашаа ердөө мянган километр, өргөөшөө хамгийн нарийн газраа 216 км. Нутгийн бараг 70 хувь нь ой мод, уултай. Уул нь тийм өндөр биш, Жежү арал дээр байдаг хамгийн өндөр Халласан уул 1950 м. Хан мөрөн 514 км урт. Халуун рашаан олонтой боловч газар хөдлөлтийн бүсэд ордоггүй нь сайн талтай. Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалтай энэ улс есөн аймаг, Бусан, Даегү, Инчеон, Гвангжү, Даежеон, Үлсан гэсэн зургаан томоохон хот, 77 жижиг хот, 88 сумаас бүрдэнэ. Эдийн засгийн хүчин чадлаар Азидаа дөрөвт, дэлхийд арван нэгт орж байна.
Саяхан ажлын далимаар Өмнөд Солонгосын нутгаар ойр зуур жаахан аялаад ирлээ. Өмнө ч хувь, хувьсгалын ажлаар хэд хэд ирсэн бөгөөд ирэх болгондоо өөр өөр газар орон, үзвэр үйлчилгээ сонирхож явлаа. Солонгосын өв соёлын мянга мянга дурсгалыг үзээд үзээд баршгүй. Өмнөд Солонгосын хүн ам нэгэнт 50 сая гарчээ. Нэг сая орчим гадаадынхан оршин сууж байгаа нь хүн амын 2 хувитай тэнцэж байна. Үүнд хамгийн их нь хятадууд 441.334 буюу 44 хувийг эзлэж байгаа бол дараа нь 117.938 буюу 12 хувиар Америкууд орно. Үүний дараа Вьеьнамууд 64.464, Филипин 50,264, Тайландууд 42.792 гээд Монголчууд 34 мянгаар удаалах болов уу.
Энэ улсад 724.967 хүн урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй бөгөөд үүний 404.051 нь үйлдвэрлэлийн дадлагажигч гэдэг статусаар амидарч байна. 104 мянга нь Солонгосчуудтай гэрлэсэн бол 47.500 нь их дээд сургуульд сурч байгаа гэнэ. Гадаадынханы 36 хувь нь Геонгги аймагт, 28.5 хувь нь Сөүл орчимд, 5.8 хувь нь Инчеон хотод, 4.6 хувь нь Өмнөд, хойд Гёонгсанг аймагт амидран суудаг гэнэ дээ. 2020 он гэхэд гадаадынхан 3.6 саяд хүрч хүн амын 7.2 хувьтай тэнцэнэ гэж үзэж байна. Хууль бусаар оршин сууж байгаа 220 мянган гадныхныг энэ тоонд оруулдаггүй юм байна. Үүний 101.984 нь хятадаас, 14.749 нь Филипинээс, 14.333 нь Вьетнамаас байгаа гэж үзэж байна. Албан бус мэдээгээр хууль бусаар оршин суугаа 11 мянган монгол хүний  ихэнх нь үйлдвэрт ажилладаг бөгөөд 1667 иргэн солонгос хүнтэй гэрлэн сууришиж, 500 шахам хүүхэд амидралын эрхээр эцэг эхээ даган иржээ. 2008 онд гэхэд л 378 иргэн авто машин, элдэв янзын үйлдвэрлэлийн осол, архи тамхи, зодоон цохион, өвчин зовлонгоор Солонгост өөд болсон гэх бөгөөд арав хоногт нэг хүн нас барж, таван хүн хэрэгт төвөгт хутгалдаж, зургаан хүн гэмтэж бэртэж байна гэсэн тоог БНСУ дахь Монгол Улсын Элчин Яам гаргасан юм байна. Түр оршин суугаа монголчуудын 60.3 хувь нь 30 хүртэлх насны байгаагаас 51.8 хувь нь дээд боловсролтой байна гэнэ. (энэ хэдэн тоог “Солонгост байгаа Монголчууд” нийтлэлээс авлаа. зох.) Гадаад иргэдийн визийн зөрчил 2004 онд 209 мянга байсан бол 2007 онд 223,464 болж өссөн байна, гэмт хэрэгт холбогдох нь 2004 онд 9103 байснаа 2007 онд 14524 болж нэмэгдсэн нь Солонгосын цагдаагийнхны сэтгэлийг зовоож буй асуудал гэнэ.

Солонгос улсын далбааны учир. Манайхан Солонгосын далбааг сайн танина. Харин бэлгэдлийнх нь учир холбогдолыг хэр мэддэг юм бол? Солонгосын үндэсний далбааг таегеүки гэх бөгөөд Азийн гүн ухааны арга, бэлгийн бэлгэдлээр зохиогдсон энэ далбааны улаан нь аргыг, хөх нь билгийг үзүүлж орчлон ертөнцийн хэм тэгш уялдаа холбоо, хөг аялгууг бэлгэднэ. Тойргийн гадуур гадуур байрлах дөрвөн төрлийн trigram-ын гурван урт зураас  нь тэнгэрийг, зургаан богино зураас нь газрыг, хоёр урт, хоёр богино зураас нь галыг, дөрвөн богино, нэг урт зураас нь усыг бэлгэдэнэ. 


Үндэсний бэлгэдэл цэцэг мүгүнгва цэцэг. Азийн ихэнхи улс өөрийн гэсэн үндэсний бэлгэдэл цэцэгтэй байдаг. Солонгосын бэлгэ тэмдэг болсон цэцэг нь мүгүнгва буюу Шароны сарнай хэмээх цэцэг юм. Энэ цэцэг жил бүрийн 7-10 дугаар сард цэцэглэж Солонгос орны нэрийн хуудас болж байдаг аж. Энэ цэцгийн нэр нь солонгос хэлний мүгүнг буюу үхэшгүй мөнх гэсэн утгатай үгийн үндэсээс гаралтай аж. 


Энэ жил хавар оройтож байна. Солонгос  орон бие биеэсээ илэрхий ялгарах дөрвөн өөр улиралын орон. Манайх шиг эрс тэс биш ч улирлын өнгө болоод амисгаа нь мэдрэгдэнэ. Гурван сарын сүүл, дөрвөн сарын эхээр цэцэг навч дэлгэрэн амилаж хавар ирнэ. Гурваас таван сар хүртэл хамгийн тааламжтай улиралтай. Зургаан сараас борооны улирал эхлэж ногоо боловсроно долоон сар хүртэл үргэлжлэнэ. Зургаан сарын дундаж хэм нэмэх хорин хэм бол найман сар бол хамгийн халуун сар. Есөн сарын сүүлээс намаршина, ес, арван сар бол есөн шидийн өнгө бүрэлдсэн алтан намрын сайхан цаг. Арван сард эх газрын хуурай сэрүүн уур амисгал орно.  Арван хоёроос хоёрдугаар сар хүртэл манайх шиг тас няс хийсэн хүйтэнгүй ч жаахан жихүүн хүйтэн улирал үргэлжилнэ. Зарим жил хэд хэдэн удаа цас орно.

Шашины эрх чөлөөний орон. Солонгосчууд ёстой шашин төрийн жинхэнэ эрх чөлөөнд амидардаг улс. Солонгосын уламжлалт шашин бөө мөргөл,  буддын шашин, конфүгийн шашин гээд байхгүй шашин бараг алга. Христиан шашин мөн тус хойг дээр 18 дугаар зууны сүүл үед дэлгэрсэнээс хойш хүчтэй хэвээр нийгмийн гол дүрд тоглосоор байна. Нар жаргаж гэрэл гэгээ асахлаар хэдэн метрт хэчнээн Христийн сүм байгааг тоолж болохоор.


Солонгос хэлийг манайхан сайн сурч байна. Солонгос хэл бол алтай овгийн хэлэнд хамаардаг Монгол, Унгар, Турк, Финикс хэлтэй адил залгамал хэл учраас манайхан их амархан сурдаг. Хангүел буюу Солонгос цагаан толгой нь 10 эгшиг, 14 гийгүүлэгчтэй. 1442 онд Сэжонг хааны удирдлага дор хэсэг эрдэмтэд өөрийн хэл аялгуундаа тохирсон солонгос бичгийг зохион бүтээжээ. Солонгос хэлийг роман галигаар хэрхэн бичих зарчимыг 2000 онд засгийн газраараа батлуулан мөрдөж байгаа юм байна.


Түүх сөхвөл Солонгосууд хагас сая жилийн өмнөөс сууришжээ. Анхны төр улс Гожосеон буюу эртний Жосёон буюу Чосон улс МЭӨ 2333-108 онд оршин тогтножээ.  Солонгосын үүсэл гарлыг ярихад тэд Дангун буюу Солонгос улсын үүсэл гарлын домгийг заавал хэлэлцдэг.
Ханяанг буюу одоогийн Сөүл хотыг 1394 онд улсын нийслэл болгон тунхаглажээ. Тэр үеийн бариж байгуулсан хотын ордон байшин барилга, хаалга туурга өнөөдрийг хүртэл өнгөлөг сайхан гялалзаж байна. 1910 онд Японууд Солонгосын хойгт довтолсоноор Жосёон Улсын үе төгссөн байна. Солонгос Японы колончилолд дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл хүртэл 35 жил байсан билээ. 1945 оны 8 дугаар сарын 15 нд Япон бууж өгч, Солонгосын хойгоос гарч явлаа. Энэ цагаас хойш Солонгосын хойг хоёр хуваагдан Өмнөд Солонгос дэлхийн чөлөөт бүс болж, хойд Солонгос коммунист чиг баримжаа барин хөгжиж эхлэсэн билээ. Бүгд Найрамдах Солонгос улс өөрийн бие даасан улсын засаг захиргааг үүнээс хойш гурван жилийн дараа зарлан тунхаглаж, Хойд Солонгос Өмнөдийг дайрснаар Солонгосын дайн 1950 оны 6 сарын 25 нд эхлэсэн байна. Энэ дайнд сая сая хүн орох оронгүй, оочих аягагүй болж, гурван сая солонгос хүн нас барсан бөгөөд үүний гуравны хоёр нь Хойд Солонгосчууд юм байна. Гурван жил байлдсаны эцэст харилцан буулт хийх гэрээнд гарын үсэг зурснаар Солонгосын хойгийн дайн намжсан билээ. Бие биенийхээ өөдөөс бууж шагайж байлдаж явсан хоёр үндэстэн өнөөдөр ч гэсэн бие биенээ муухай харсаар л байна. Дайны дараах бүтээн босголт аль алинд эрчимтэй өрнөсөн ч Хойд нь социализм байгуулж, Өмнөд нь дэлхийн эдийн засгийн тэргүүлэх орны нэг болжээ. 


Нийгмийн байдал хүмүүсийн сэтхилгээ, амидралын хэв маяг. Хүмүүсийн нийгмийн амидралын хэв маяг, хоорондын харилцаа нь найрсаг, тайван амгалан байдалд илүү дуртай. Бие биенээ хүндэтгэх, тэр дундаа ахмад хүнийг хүндэтгэхийг туйлын чухалд үздэг. Хамгийн дээд хүндэтгэлт үг хэллэгээрээ ярина. Найз нөхдийг дээдлэн залж хүндэтгэн үйлчилнэ. Зочиныг ёстой нэг дайлах шиг болно. Өөрийн эрүүл мэндийг байнга, чухалчлан анхаардаг. Зугаалж, жаргахын хажуугаар биеэ сайн чийрэгжүүлж, хөдөлгөөнтэй байхыг чухалчилна. Нэмэлт тэжээл болгож хэрэглэдэг мянга мянган төрлийн хоол, унд хэрэглэнэ.
Энгийн нүдээр харахад Солонгост шинэ маягийн орчин үеийн хороолол шиг их юм алга. Ийм их байшинтай юм чинь орон сууц хангалттай, байр хямд болов уу гэсэн чинь тийм биш юм. Шинэ  орон сууцанд орох юмуу түрээслэх нь орчин үеийн солонгос гэр бүлийн нэг насны мөрөөдөл гэнэ. Өнөөдрийн орчин үеийн байшингийн цоож түлхүүр нь хурууны хээгээр онгойдог болтлоо хөгжжээ. Хэдий тийм ч гэр дотроо хуучин уламжлалт маягаараа амидрах сонирхолтой хүн олон, тэрэндээ дуртай, татами дээрээ унтсаар байна. Ихэнхи айл шалан дээр сууж хооллож байна. Харин байрууд нь хуучин солонгосын уламжлалт халаалт ондол маягаар шалнаасаа халж байна. Энэ нь голдуу сэрүүн хуурай нөхцөлд өсч өндийсөн монгол хүнд таардаггүй гэнэ.  Байр түрээслэхэд заавал уридчилгаа барицаа мөнгө төлнө. Хоёр өрөө энгийн байр түрээслэхэд 10 мянган ам. доллар барицаа мөнгөнд тушаах ёстой. Энэ нь тухайн үеийн үл хөдлөх хөрөнгийн үнийн 30-80 хувьтай тэнцүү байх учиртай гэнэ. Ихэвчлэн байрлал, газраасаа шалтгаалах боловч дөрвөн өрөө орчин үеийн сууцны уридчилгаа барицаа мөнгө 150 мянган ам. доллар болж байна. Үүнийг солонгос хэлээр жеонсэ гэх бөгөөд харин сүүлийн үед байрны эзэд үүнийг хямдруулах, эсвэл сар сард нь буцааж авахгүйгээр мөнгө төлж байх волсэ гэдэг шинэ системд нэвтэрч эхлээд байгаа гэнэ. Харин нэг авах юм нь байрын  сарын төлбөр үнэ  нь харицангуй хямд юм байна. Эцэг хүн гэрийн эзэн, мөнгө олно, олон таван ажилд оролцохгүй, гэрийн ажил хийхгүй, хүүхэд авахгүй. Эцэг эхүүд хүүхдүүдийнхээ боловсролд адилхан маш их анхаарч санаа тавиж байна. Ерөнхий боловсролын сургалтын чанар төвшин тэдний санасанд хүрэхгүй байгаа учир мөнгөтэй эцэг эх хичээлээс гадуур өндөр үнэтэй багш нар хөлслөж заалгаж байхад ядуу эцэг эх хүүхдүүддээ найдаад л орхиж байна. Их дээд сургуульд элсэх нь сурахаас түмэн хувь хэцүү гэнэ. Хэтрүүлж хэлсэн хүнд их сургууль бол дөрвөн жилийн амралт гэнэ. Их сургуульд элсэх шалгалт давсан хүүхэд бол тэнгэрийн умдаг атгасанд тооцогдож эрх дураараа жаргадаг юм байхаа.
Цэргийн алба гурван жил. Хэнбугай ч байсан заавал хаана. Хэний хүүхэд,  банкинд хэдэн цаастай, ямар өмч хөрөнгөтэй байх нь хамаагүй. Харвардад сурч байсан ч ирж эх орноо хамгаалах эр цэргийн алба хаадаг сайхан хуультай юм байна.
Ерөнхий зах зээлийн хатуу нийгмийн дарамт шахалт маш ихтэй. Үүнтэй холбоотой, хар тамхи хэрэглэх, амиа хорлох үзэгдэл нийгэмд газар авсан. Сүүлийн үед нийгмийн дээд ангийн хүмүүс ийм зүйлд их автаж байгаа. Жишээ нь 2009 онд жүжигчин Ким Бү-сеон марижуана татаж байгаад баригдсан бол хуучин ерөнхийлөгч Ро Моо-хёон, Самсунгийн саятан Лий Ёон-Хёонг нар амиа хорложээ. 100 мянган хүн тутмаас 27 хүн амиа хорлож байгаа тул энэ үзүүлэлтээр дэлхийд “дээгүүр орж” байна.


Солонгосын соёл урлаг гайхамшигтай. Солонгосын Үндэсний ардын урлагын музей, Солонгосын Үндэсний ордон музей, Солонгосын орчин үеийн урлагийн музей, Гёонгжүгийн Үндэсний музей, Жинжүгийн Үндэсний музей, Солонгосын уламжлалт хөгжмийн музей, хөдөө аж ахуйн музей, Сөүлийн түүхийн музей гээд л  Солонгост бараг музей шиг их юм байхгүй гэхэд болно.
Энэ удаа үзсэн музейнүүдээс хамгийн том нь Солонгосын Үндэсний музей байлаа. Энэ музейд нийтдээ 16,000 ховор нандин дурсгал тавигдсан гэнэ. Энэ нь ганц Солонгосын биш Азийн соёлын түүхтэй холбогдох нандин дурсгалуудаас ч багтаажээ. Орчин үеийн уран барилг архитектурын хийцийг өөртөө шингээсэн энэ агуу том байгууламжийг бүрэн үзэхэд нэлээд цаг хэрэгтэй юм билээ. Энэ ордон баруун, зүүн жигүүрт хуваагдах бөгөөд зүүн жигүүрт нь археологи, түүх, урлаг, уран зураг, азийн урлагийн бүтээл, хандивын зүйлийн 46 өрөө тасалгаа бүхий үзмэр үзэсгэлэн байдаг бол баруун жигүүрт нь номын сан, концертын болон кино театр, нүүдлийн үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүр, ресторан кафе төрлөөрөө төвхнөжээ. Үзмэрүүдээс хамгийн их сонирхол татсан нь Солонгосын 5000 жилийн түүхийг харуулсан аялал байлаа. Үүнийг бүрэн үзэе гэвэл хоёр цаг зарцуулна. Энэ музей нэг дэх өдрөөс бусад бүх өдөр ажиллана, үнэ төлбөргүй боловч орохдоо тасалбар авч орно.
Солонгост өөр нэг алдартай зүйлүүд бол ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн гайхамшигт газрууд юм. Маний бие 2004 онд мянган жилийн түүхтэй Гёонгжү дэх Булгуксагийн сүм хийдийг үзээд гайхан биширч байж билээ. Энэ музей жилийн дөрвөн улирал ажиллана, үзэхэд том хүн 4000 вон төлнө. Ер нь бол Солонгосчууд өөрийн орны байгаль, түүх, соёлын олон зүйлийг нандигнан хадгалаж байгаагаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн дэлхийн соёлын өв 8,  дэлхийн байгалийн өв 1, баримтат өв 6, эд бус өлгийн зүйл 3-ийг хямгадан хамгаалж хадгалж, үзүүлж, гайхуулж байна. Үүний нэлээд хэд нь Сөүллийн эргэн тойронд байгаа учир очиж үзэхэд их амархан. Цааш цаашид улам олон эд өлгийн зүйл бүртгүүлэн хүн төрөлхтөний соёлын өвийг хөгжүүлэх ирээдүй байгаа.
Өөр бидний зочилсон нэг газар бол Адмирал Юи Сун Шингийн булш байлаа. Тэрбээр 1545 оны дөрөвдүгээр сарын 28 нд Сөүлд төржээ. Тэрбээр 1592-1598 оны Японы дайны үед өмнөд гурван аймгийн цэргийн командлагч байсан бөгөөд яст мэлхий (turtle ship) маягийн байлдааны усан онгоц бүтээж Окпо, Тангпо, Тангхангпо, Хансандо, Пусан, Мёонгняан, Кокомдо зэрэг олон газар гарамгай байлдаж Японы хэдэн мянган усан онгоцыг устгасан цэргийн гарамгай удирдагч байжээ. Тэрбээр 54 насандаа Норяаны байлдаанд амь үрэгджээ. Түүний булшийг Асанкүний Кумсонг ууланд байгуулсан боловч Кванхаеын дэглэмийн үед Асанд шилжүүлжээ.


Дараагийн зочилсон газар Оеам тосгон юм. Солонгост хуучин цагийн байдлаар нь хадгалж үлдсэн иймэрхүү тосгон зөндөө бий. Энэ бол Чеунгчеон бүс нутгийн уламжлалт хулс, дэрсэн дээвэртэй байр, чулуун хана, цэцэрлэгийн цогц орон сууцны бүрдэл бөгөөд хамгийн гол нь одоо ч гэсэн тодорхой нөхцөлтэйгээр хүмүүс амидарч байгаагаараа онцлог юм. Эндээс Солонгосын эртний байшин барилгын ерөнхий байдал, хүмүүсийн хэрэглэж байсан эд өлгийн зүйл, ахуйн хэрэгсэлүүд, тавилга, сав суулга, тогоо шанага гээд бүхнийг харж үзэж болно. Өөрөөр хэлбэл 1600-аад оны үед амидарч байсан хүмүүсийн амидралыг харж үзнэ гэсэн үг.
Ваар сав. Солонгост ваар сав хийх техник Хятадаас мянга гаруй жилийн тэртээгээс дамжиж иржээ. Бүр аль Корёогийн үе буюу 918-1392 оны үед хийж байсан цайвар ногоон өнгийн ваар сав хийх урлаг дэлхийд алдарших хүртлээ хөгжсөн бөгөөд эртний зүйл цуглуулагчдын сан хөмрөгт заавал байдаг эд байна. Цагаан ваарны урлал Жосеон Улсын үе буюу 1392-1910 оны үед хөгжиж, дараа нь энэ урлаг дайны үе буюу 1950-иад онд Солонгосоос Япон руу шилжиж Японы ваарын урлагыг хөгжүүлэх гол нөхцөл болжээ.

Ёс заншил. Солонгост залуу дүү хүмүүс  ахмад настныг хүндэтгэх нь бичигдээгүй хууль ажээ. Ерээд оны эхээр манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтож, анхны солонгос оюутан ирж сурсан нь МУИС-д миний шавь болж таарсан юм. Тэр үед би дөнгөж гуч хүрч байсан ч миний шавь 52 настай Кей Ро Йи гэж солонгос хүн ирлээ. Нас нь хэдий явсан ч багш шавийн ёсоор монгол хэл, соёл хичээн суралцаж, сайн яридаг, бичдэг болсон төдийгүй сүүлдээ авгай хүүхдээ ч Монголд авчиран сууришсан тэр хүнтэй хаа таарсан бүх солонгосчууд том бага гэлтгүй дор мэхийн хүндэтгэж байхыг нь хараад би албан тушаалыг нь хүндэтгэж байгаа байх гэж бодсон чинь харин нас нь байж билээ. Өөр нэг сонин юм бол солонгосчууд хүний нас сүүдэр, ямар хамаатан садан болохыг шулуун шууд асуудаг “дутагдалтай” улс байна. Харин үүнд “үнэн” хариулт хэлэхгүй байж болох гэнэ.


Солонгос хүний нэрийн учир. Солонгос хүн бүр бараг Ким нэртэй юм шиг ойлголт манайхны дунд байдаг. Энэ нь аргагүй юм. Учир нь Солонгос хүний нэр бол цөөхөн овгийн нэрт хуваагдах бөгөөд хүн амын нэрийн 21 хувь нь Ким, 14 хувь нь Лий буюу Йи, 8 хувь нь Парк, үлдсэн хувь нь Чой, Жеонг буюу Чүнг, Хан, Лим овогт хуваагддаг байна. Монгол нэр шиг овгийн нэр эхэндээ өөрийн авсан нэр нь ардаа явна. Солонгос эмэгтэйчүүд гэрлэсний дараа нөхрийнхөө нэрийг авахгүй харин хүүхдүүд нь аавынхаа овгийн нэрээр дуудуулах ёс жаягтай ажээ.
Орчин үеийн гэрлэлт. Өнөөдрийн солонгос хурим уламжлалт эртний ёслолт хуримаасаа их л өөр болжээ. Орчин үеийн барууны маягаар хувцасласан залуус томоохон зочид буудал, сүмд ёслол үйлдэх нь ихэссэн байна. Харин тэр газраа тусгай өрөөнд солонгос үндэсний хувцас хэрэглэлээ түр зуур бараг зураг авахуулах төдийд өмсөж зүүн хуримын ёслол үйлдэх нь элбэг болжээ. Гэрлэсэн дараа салалт их байна. Орчин үеийн солонгос эмэгтэй хуучны сайн гэрийн авгай, ээж гэдэг ойлголтоос татгалзаж байгаа гэнэ.2009 онд нийт ажиллагсадын 40 хувь нь эмэгтэйчүүд байсан бол эдийн засгийн хямралаас болж ажлаас халагдсан хүмүүсийн 80 хувь нь эмэгтэйчүүд байжээ.


Ханбок буюу үндэсний хувцас. Солонгос хүний мянга мянган он жилүүдэд өмсөж ирсэн уламжлалт хувцасыг ханбок гэдэг аж. Ханбок өмссөн Солонгос эмэгтэй маш үзэсгэлэнтэй сайхан харагдана. Ер нь аливаа үндэсний хувцас тухайн үндэстэндээ их зохисон байдаг, учир нь олон зуун жилийн туршлага шалгарлаар бий болсон зүйл гэдэг талаасаа шүү дээ. Зуун жилийн өмнө барууны хувцас орж ирэхээс өмнө эмэгтэйчүүдийн өдөр тутмын хувцас нь ханбок байжээ. Эрэгтэйчүүд нь жеогори буюу солонгос хүрэмийг бажи  гээч өмдтэй хослуулан өмсөх бөгөөд эмэгтэйчүүд нь харин чима хэмээх банзал дээр өмсдөг байна. Харин орчин үед ханбокийг зөвхөн хурим найр, цагаан сар, талархалын өдөр зэрэг тусгай баяр ёслолын үеэр өмсдөг ёслолын хувцас болгожээ.


Ондол. Солонгосын уламжлалт орон сууцанд ямар ч зориулалалтаар хэрэглэж болох боломжтой өрөө бий. Хэрэв ширээ сандал, ор дэвсгэр хэрэгтэй бол оруулж тавиж болдог, гал тогооны зориулалтаар ч хэрэглэж болдог өрөөг  байх ажээ. Ихэнхи хүмүүс ор хэрэглэхгүйгээр зузаан матрас дээр унтаж, сууж хооллож болдог. Иймэрхүү шалнаасаа халдаг системтэй байрыг ондол гэдэг байна. Манайхаар бол бараг гэр юм даа. Солонгосын ихэнхи хоолны газар завилан сууж хооллох зориулалттай бөгөөд манайхан шиг гэдэсжсэн улсад энэ мөн хүнд асуудал байнаа.


Хоолны соёл. Солонгос хоол ундны соёлоор дэлхийд гайхагдана. Маш олон төрлийн ногоо ургамал голдуу, калори багатай, халуун голдуу хоол иддэг улс. Манайхан солонгос кино үзсээр байгаад бүгдээрээ ерөнхий баримжаатай болсон гэхэд болно. Бас Улаанбаатарт байгаа солонгос хоолны газрууд байна. Кимчи жигид дуртай хүн ямар олон болж байнаа.
Цайны соёл. Солонгост ногоон цай анх Шиллагийн вант улсын Сеондеок хааны үед нэвтэрчээ. Цай хүнийг биеийг илааршуулж, ухааныг цэлмээнэ гэж солонгосчууд үздэг байна. Тийм учраас есөн зүйлийн цай хийж уудаг ард түмэн. Горёо Улсын үе (918-1392) –ээс буддийн шашин дэлгэрэх үеэс энэ арал дээр дадо буюу цайны ёслол үүсч хөгжин, цай бэлтгэх, хийх, барих, уух нарийн ёс тогтсон байна. Орчин үед маш олон төрлийн зүйлээр цай хийж болох боловч хамгийн түгээмэл хэрэглэж байгаа нь инсамча буюу хүн орхоодойтой цай, нокча буюу ногоон цай, юүжача буюу ситрон цай, саенггангча буюу гаатай цай, омижача буюу таван тансаг цай зэрэг болой. Солонгосчууд гэртээ будааны цай буюу борича, эрдэнэ шишийн цай буюу оксусуча, геолмеонгжача буюу жимсний цай бэлтгэж уудаг байна.
 Гимжанг. Гимжанг гээч Солонгосын өвлийн нөөц кимчи бэлтгэх уламжлалт арга юм. Монголчууд хаварт зориулж өвлөөс махаа борцолдог шиг өвлийн улиралд ногоо цагаа ургах нь тааруу учир солонгосчууд өвөл идэх кимчигээ намар нөөцөлж авдаг байна. Улаан чинжүүг 17 дугаар зууны үеэс Европоос Солонгост дэлгэрүүлснээр кимчи хийх үүд хаалга нээгджээ. Одоогийн байдлаар газар нутаг, ургамал ногоо, орц найрлагаасаа хамаараад 160 төрлийн кимчи байдаг гэж нэг солонгос нөхөр хэллээ. Тэр битгий хэл кимчиний музей байгуулсан байна. Энд кимчи хэзээнээс хийж эхлэсэн, яаж хийж, нөөцлөж хадгалдаг, ямар сав суулга хэрэглэдэг, кимчиний төрөл зүйлийн тухай дэлгэн үзүүлсэн байдаг гэнэ. Солонгос хоолны ширээг кимчигүйгээр төсөөлөхийн аргагүй. Ганц солонгос биш дэлхийн олон оронд идэж сурч байгаа төдийгүй хэдэн жил Солонгост ажилласан монголчууд ч кимчигүй хоол явахаа байжээ гэх нь олширсоор байна.


Хил гааль, гадныхан. Солонгост жилд 8 сая гадаадынхан жуулчлалаар зочилдог бөгөөд энэ тоо жил тутам арван хувиар өсөж байна. Үүний 60 шахам хувь нь Япон, Хятадууд байдаг гэнэ. Улс орны хэмжээнд жилд гурван сая япон, нэг сая гаран хятад жуулчин авна гэдэг бол үнэхээр том ажил шүү. Манайд бол жилдээ чүү чай 200 мянга жаахан гаран ирж байгаа байх. Их монгол улсын 800 жилээр нэг удаа 400 мянга хүрсэн гэдэг. “Visit Korea Year 2010-2012” хэмээх гурван жилийн аяны хүрээнд жуулчдын тоо энэ жилээс 8.3 саяд хүрч аялал жуулчлалын бизнес урд өмнө байгаагүй амжилтанд хүрнэ гэж төсөөлж байна. Жуулчлалын орлогоос олох ашиг 10 миллиард долларт хүрч аялал жуулчлалаар тэргүүлэх дэлхийн магнай хорин орны жагсаалтад багтана гэж эд тооцоолж байна. Мөн энэ хүрээнд томоохон арга хэмжээнүүдийг эх орондоо зохион байгуулж 2011 онд Даегүгийн Дэлхийн хөнгөн Атлетикийн аварга шалгаруулах тэмцээн, 2012 онд Ёосү Експо зохион байгуулахаар эрчимтэй бэлтгэж байна.
Гадны мөнгө зоостой жуулчдын хувьд Солонгосын хил гааль харицангуй хүнд суртал багатай, боловсон соёлтой үйлчилгээтэй боловч ажил, мөнгөний мөр хөөж ирж байгаа гадныхан болон монголчуудын хувьд эдний хилээр нэвтрэх гэдэг ёстой том даваа толгойны өвчин аж. МИАТ, КАЛ-ын онгоцоор очсон бараг бүх но-той гэж үзсэн монголчуудыг “түр саатуулах цонхгүй өрөөнд” (манайхан харанхуй өрөө гэж нэрлэдэг юм байна) оруулан хүлээлгэж нэг нэгээр нь дуудан ярилцлага авна. За бүгдээрээ тийшээ явна аа гэх захирангуй дуутай хилийн офицерийг дагаж яваа монголчуудаа харахад үнэхээр өрөвдмөөр. За одоо яадаг бол буцаж балрах нь дээ гэсэн айдас хүний болгоны нүдэнд тод, нүүрэнд ил. Аргагүй шүү дээ гуйхыг нь гуйж, хахуулидахыг хахуулдаж, өгдөг юманд нь хамаг байдгаа тавиад ирж байгаа улсад хил дээрээс нь буцвал ядаж л нэрэнд муухай гэж бодох захын хэрэг. Харин ч  бусад хөгжингүй орны хил гаалийг бодвол Солонгосын хилийн шалган нэвтрүүлэх харицангуй гайгүй байна одоохондоо. Гайгүй гэдэг нь одоогоор хурууны хээ авахгүй байна. Гэвч компьтер мэдээллийн сүлжээ бол нарийн ажиллаж байгаа. Манайхан шиг янз бүрийн юм хийдэг улст хурууны хээ авдаг болоогүй байхад янз бүрийн байх боломжтой л гэсэн үг. Солонгост хуурамч бичиг баримт, паспортоор нэвтрэхийг завдах хүн ганц монголчууд биш хятад, пакистан, филипин, иранууд мөн адил их үзэж алддаг гэнэ. Энэхүү хууль бус  үйл ажиллагааг таслан зогсоохын тулд ирэх 8 дугаар сараас 17-гоос дээш насны хүн бүрийн хурууны хээ авах ажлыг эхлүүлэх бөгөөд хурууны хээ авдаг тоног төхөөрөмж хилийн бүх боомтод суурилуулахад Хууль зүйн яам нь төсвөөс 2.5 миллиард вон буюу 2.2 сая ам.доллар гаргах ёстой гэж үзэж байна. Энэ хэрэгжээд эхлэвэл монголчуудын хүний болон хуурамч паспортоор явдаг хөг нь өнгөрөх юм. Сүүлийн жилүүдэд 2000 орчим гадаадынхан хөөгдөх буюу эргэж орж ирэх эрхгүй болсон ч хурууны хээ, биометрик датаг аваагүй байхад өөр нэр, бусдын паспортоор орж ирэх магадлал өндөр байсаар байгаа гэнэ. Үүнд манай нөхдүүд ч тууж л яваа байх. Монголд хээл хахууль, танил тал, найз нөхдийн харицаа хүчтэй "хөгжсөн" тул өөр хүний нэрээр паспорт авах нь амархан зүйл байдаг байна. Эсвэл өмнө нь өөр хүний нэрээр ороод баригдаж оччихоод буцаад аймаар солонгос хэлтэй нөхөр жинхэнэ нэрээрээ  паспорт авч орж ирсэн хүмүүс зөндөө бий гэнэ.


Энэ хаврын том сенсааци. Биднийг очих үед ойрын жилүүдэд гараагүй нэг том сенсааци дэгдсэн нь далайн цэргийн усан онгоц дэлбэрсэн явдал байна. Энэ үйл явдлыг Солонгосын телевизүүдээр өдөр шөнөгүй нэвтрүүлж байлаа. 1945 онд Японы колоноос чөлөөлөгдсөнөөс хойш гарч байгаа анхны томоохон осол болж байгаа юм байна. Живсэн хөлөг онгоц  88 метр урт, 10 метрийн өргөнтэй, 1989 оноос  эхлэн цэргийн үйлчилгээнд гарсан хөлөг онгоц юм байна. Тухайн үед онгоцон дээр ажиллаж байсан 104 цэргийн албан хаагчаас 58-ийг нь аварч чадсан байна.


Монгол Солонгосын харилцаа. Монгол Солонгосын харилцаа нэн эртний угтай. МЭ 995 онд буюу Курео улсын Сонг Жунг хааны үед 10 солонгос оюутныг монголд сургахаар томилсон, 1219 онд Монгол газраас тус улсын хэл, соёлыг сургахаар оюутан илгээж байснаар хоёр орны харилцаа эхлэсэн гэж сонсвол 1000 гаруй жилийн түүх ярих нь. Монгол Солонгосын хооронд 1990 оны 3 дугаар сарын 26 ны өдөр дипломат харилцаа тогтоож байснаас хойш хорин жил өнгөрчээ. Энэ бол Азийн социалист гэгдэх орнуудаас анх удаа дипломат харилцаа тогтоосон түүх байлаа. Саяхан хорин жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Сөүл хотноо зохион байгуулж Монгол, солонгосын болон бусад орны олон эрдэмтэн мэргэд чуулж хуралдлаа. 


Солонгосын Монгол судлал. Солонгосын монгол судлал их эртний уламжлалтай. Энэ тухай Сөүлийн Их Сургуулийн профессор Юү Вонсүү багштан тусгайлан судлаж илтгэл хэлэлцүүлжээ. Бүр Куреогийн үе буюу 990-1392 оноос эхлэсэн гэж үздэг юм байна. Лиао улсын үед үндэсний аюулгүй байдал, дипломатын шугмаар 20-иод залуучуудыг монгол хэл сургахаар илгээж байсан байна. 1218-1356 оны үед мөн монгол хэлтэй хүний хэрэг гарч засгийн газрын дэргэд монгол хэл зааж байсан түүх байна.  Чоосоны үе буюу 1392-1910 онд Саёоквоны хүрээлэнд (1393-1894 оны үед) гадаадын дөрвөн хэл зааж байсанд хятад, япон, манж, монгол дөрөв багтсан бөгөөд
Энэ үед 278 хүн монгол хэл сурч, орчуулагч хэлмэрчийн шалгалт өгч батламж бичиг гардан авчээ. Түүх бичлэгийн хорь шахам ном бүртгэгдсэнээс Монг-о-но-гол дае, чоп-хае-монг-о, монгео-юү-хае, монг-хак-сам-сө зэрэг гурван чухал ном бидний үед эсэн мэнд ирсэн юм байна.
Дараагийн үе нь 1894-1948 оны хооронд бөгөөд энэ үед айхтар их судалгаа шинжилгээ хөгжөөгүй боловч 1920-иод оны сүүлээр монголын овоо болон солонгосын сонангданг гээчийг зэрэгцүүлэн судлаж байж. Үүний дараа 1949-1989 оныг хамруулсан бөгөөд түүх, хэлшинжлэл, аман зохиолын чиглэлээр голлон хөгжсөн байна. Энэ үед Солонгосын эрдэмтэд Монголын нууц  товчоо, Алтан товч, Монгол олон нутгийн аялгуу, хөшөө, чулууны бичгийг голлон судласан байна. Монгол судлал бие даасан салбар болж хөгжсөнийг 1990-2008 он гэж үзсэн байна. Энэ үеэс Солонгос улсын хувьд Монгол (1990.03.26), Орос (1990.09.30), Хятад (1992.08.24) зэрэг социалист орнуудтай дипломат харилцаа тогтоож харилцааны шинэ нээлттэй үеийн түүх эхлэсэн байна. Солонгосын Монголч эрдэмтдийн судалгааны ажил хийх, бүтээлээ хэвлүүлэхэд Солонгосын Эрдэм шинжилгээний сан “Korean research Foundation” их тусласан бөгөөд 1990-2008 оны хооронд 500 орчим бүтээл хэвлүүлсэн байна. 1949-1989 оны хооронд  70 орчим бүтээл гарч байсантай зэрэгцүүлэн үзвэл энэ бол Солонгосын монгол судлалд гарсан том тэсрэлт гэж үзэж болох аж. Эдгээр судалгаа нь Монголчуудын эдийн засаг, хээл хахууль, ёс заншил, хөгжим урлаг зэрэг өргөн хүрээн хамарснаас гадна Улаанбаатар хотын бага сургуулийн 787 хүүхдийн шүдний бүтцийн зураг, 18-24 насны 138, 25-39 насны 70 эмэгтэйн биеийн хэлбэр хөгжлийг судласан бүтээлүүд хамгийн сонирхолтойд нь багтаж байна. Солонгосын Үндэсний монгол судлаач, монголч эрдэмтэн бий болох суурь 1990-ээд оноос тавигдаж гадаад, дотоодод олон эрдэмтэн монгол судлалаар зохиол бичиж, эрдмийн зэрэг хамгаалж, монгол хэл, соёлыг нутагт нь сурдаг болсон байна. Үүнд монгол судлал гагц судалгааны чиг хандлага байсангүй мөн алтай судлал, төв ази судлал, солонгос судлалтай хавсран судлах явдал ихэссэн байна. Энэ үед мөн Монголын эртний уран зохиолын дурсгал “Нууц товчооноос авахуулаад орчин үеийн “Тунгалаг Тамир” хүртэл орчуулагдан солонгос түмний мэлмийг мялаасан байна. 
Данкүгийн их сургууль байгуулагдсанаасаа хойш 15 дахь жилийнхээ нүүрэн дээр буюу 1993 онд Чеонаны кампус дээрээ  монгол судлалын салбар нээж, монгол хэлний ангид жил бүр 20-30 оюутны элсэлт авч эхлэжээ. Тэднээс 5 төгсөгч докторын зэрэг хамгаалсан бол хоёр монгол эрдэмтэн энэ сургуулиас докторын дипломоо гардан авсан байна. Одоогоор тус тэнхимд хоёр солонгос, хоёр монгол эрдэмтэн бүтэн орон тоонд ажиллаж байгаа бөгөөд мөн үүний зэрэгцээ Монгол Судлалын Хүрээлэн байгуулан солонгос, монголын эрдэмтэд эрдэм шинжилгээний төсөлт ажил амжилттай гүйцэтгэж байна.  Мөн Сөүлийн их сургууль дээр монгол хэл зааж байна. Өнгөрсөн жилээс Хангук Гадаад судлалын их сургууль монгол хэлний анги нээж элсэлт авч эхлэсэн байна.Сургалтын зэрэгцээ монгол судлалаар томоохон эрдэм шинжилгээний төслүүд хэрэгжээд эхлэж байгаа юм байна.


Ашигласан хэрэглэгдэхүүн:

1 “Travelguide Korea” 2009
2 “Living as Foreigners in Korea” 03-28-2010, www.koreatimes.co.kr;
3 “Banking for Foreigners: Truth and Tricks Revealed: 02-19-2008, www.koreatimes.co.kr;
4 “Temporary Stay to be Counted as residence for Korean Citizinship” 05-06-2009, www.koreatimes.co.kr;
5 “Two Foreigners Fail in Escape Attempts From Airport” by park Si-soo, 08-12-2008; www.koreatimes.co.kr;
6 “Obtaining D8 Visa” by John Redmond, 02-12-2008; www.koreatimes.co.kr;
7 “Eight million foreigners visited korea in 2009” 12-23-2009, www.koreatimes.co.kr;
8 “Foreigners to Top 3.6 Million by 2020” by Kim Tae-jong; www.koreatimes.co.kr;
9 “Academic Tradition of Mongolian Studies in Korea”, Yu Wonsoo, Seoul National University, Institute for Mongolian Studies, Dankook University, 2008
10 “Navy Gearing Up to Salvage Sunken Ship” By Lee Tae-Hoon, Korea Times, April 5, 2010;
11 “Korea seeks law on industrial convergence” The Korea Herald, 27-28 March 2010;
12 “Per Capita Income Falls to 5-Year Low” By Lee Hyo-sik, The Korea Times, 27-28 March, 2010;
13 “Seoul Plans to Fingerprint Foreign Suspects From Aug.” By Park Si-soo, The Korea Times, April 5, 2010;
14 “Korea”  Simon Richmond, Lonely Planet, 2009
15 “Солонгост байгаа Монголчууд” 16-08-2009; www.orloo.info/asia/korea
16 “Солонгос ба Монгол сэтгэгдэл” Б.Цэнддоо, 2009; www.news.mn
17 “Би монгол хүн буюу Солонгос дахь монгол амидрал” Ж.Жаргалсайхан, 12-08-2009, www.orloo.com
18 “Бүгд Найрамдах Солонгос Улсын эрчимтэй хөгжлийн түүхээс”, 17-08-2009; www.orloo.info/asia/korea/