1/30/2010

Дэндэвийн Пүрэвдорж, "ТУСГААР ТОГТНОЛ"


Ханат цагаан гэрийн од хийморын тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан  Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Хүж дурдан бүсний ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөргөний даалин дарах наргиан дээр
Хүүшийн сүүдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан улбаа тархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Ширмэн төмөр дөрөөний ширээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяалж шингэх тэнгэр дээр
Шинийн нялх ногоо ханшилж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийний наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.
Индэр улаан галын цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Илд мөсөн голын цан хөөрөх царман дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бэдэрт мөнгөн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн дуулан орхих манцуй дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Ажнай сайн хүлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдэрийн ган царцах хайлш дээр
Амар төвшин жаргалтай ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн арц, хуш, зээргэнэ дээр
Балтаар давтан ширээсэн анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр,
Энх тайвны харуул дайчин эрсийн тангараг дээр,
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр,
Энэ зууны өргөөний зуун түмэн цонхон дээр,
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо адбиш баян сан дээр
Эгнэгтийн арга билэг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой өлгийт нялхасын өөжин дээр
Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Хан тэнгэрт сүмбэрлэсэн үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлэн сүндэрлэсэн үлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын үлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Сав саваар саалийн харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөнд хагацаж болшгүй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй амсьгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Ухаан хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа  ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Нүүрэнд нь гал бадарсан монгол эцгийн хиймор дээр,
Нүнжигэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр,
Нүүдлийн өргөөнд  нэгдсэн монгол аймгийн холбоон дээр,
НҮБ-ийн шилтгээнд заларсан Монгол улсын далбаан дээр,
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Эзэн сууж жаргасан их заяагаа сүсэглэж
Эх орон талынхаа ирээдүйн таалалд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн итгэлийн сувд үгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

No comments: