1/29/2010

Балжирын ДОГМИД, "ХӨДӨӨГИЙН АРАНШИН"


 (xөгжим) Хөх толгойн гүрвлийг хариулж яваа хурга шигээ тоотой юм шиг санан нэгийг нь дутаавал багийн дарга мэднэ гэж инээж явсан балчирхан бага насандаа холын цэнхэр уулсын чанадад хот гэж нэг ариун дагшин орон бий гэж санадаг байсан сан.
Тэнд очиж гэмээн есөн хүсэл сэтгэлчлэн бүтэж зүүдэндээ амтлаж үзсэн чихэр жимс, бал бурмыг тэмээ тэмээгээр нь ачин авчирч айл саахалтынхандаа атга атгаар нь түгээх юмсан гэж мөрөөдөхдөө хурдхан шиг өсч тэнгийн булан даахуйц эр болохсон гэж яарч явсан цаг хэдийдсэн билээ.
Тэр үед хот ороод буцаж ирэхийн тухай л санаж явсанаас биш хотын хүн болохсон, тэнд очоод шингэчих юмсан гэсэн буруу харсан сэтгэл өвөрлөж яваагүйг бурхан мэднэ.
Гэтэл одоо хотод орж суурьшчихсан хойноо  нөгөө хүслэн болсон хотоосоо нэг л мэдэхнээ уйдаж нутгаа сэм сэмхэн үгүйлэн санадагын учир юусан билээ?
Үгүй тэгээд би ч одоо хөдөө хоргодох юутай хүн билээ гээд бодохлоор үгүй тэр гээд хэлчих юмаар  хомсхон. Нутагт очлоо гэхэд  тэнд өөрийн гэх өнчин ишиг, өргөж асрах ах дүү байхгүй бөгөөтөл үгүй нэг л их юм, мал хөрөнгөө орхиод ирчихсэн амьтан шиг өндөлзөөд суухын хэрэг  юу байна даа гэж өөрөөсөө хааяахан асуух боловч хариу эс олдоно.
Ном эрдэмд бие, сэтгэлд нялхарсан төв шударга сэхээтэн, юм үзэж нүд тайлсан хүмүүсийн өмнө сурсан зангаараа бодлогогүйхэн дуугарч хөдөөшсөн хүний болхи толхи зан гаргалаа гэж гэмшин өөрийгөө үес үесхэн зэмлэвч би хөдөөгөөрөө бахархдаг.
Тэгээд үгүй одоо нүдээ гөлөртөл цангасан малд ганц ховоо ус хийж өгч үзээгүй ийм улс намайг яаж ч ойлгох вэ дээ гэж өөрийгөө зөвтгөн, хот ч дээ тэгээд номын ухаанаар л хамаг юмаа хөдөлгөдөг газар шив дээ гэж бяцхан чамлана.
Хотын зарим хүмүүс арав хорин жил  нэг байшинд айл зэргэлдээ аж төрсөн хэрнээ бие биенээ таньдаггүй байхад, хөдөөгийнхөн ус бэлчээрийн эрхээр хоорондоо хэдэн өртөө газар нутагладаг хэрнээ  бие биенийхээ унага тугалыг хүртэл ялган таньдаг,  цаагуур явсан болгоныг наагуур хэмээн дуудаж цай идээгээрээ дайлдаг сайхан улс аа.
Ингээд бодохлоор миний энэ зэрэгтэй яваа маань ч хөдөө малын захад өсөж, номыг биш гэхэд номхоныг сурсаны ач буян гэж бодох үе цөөнгүй. 
Малын дэргэд өссөн хүн цаанаа л нэг андашгүй.  Үг яриа нь хүртэл  төвшин сонсголонтой, элдэв гоёл чимэггүй. Өөрийгөө биш амьтныг хайрладаг хүний үг тийм дөлгөөн байдаг юм байна.
Боргоцой борхон гартаа харандаа барьж, өөхөн дэнгийн гэрэлд үсэг холбон тонгойж суусан миний үе тэнгийхний дунд сансарын нисэгчээс бусад нь бий. 
Аглаг хээр талд мал даган ертөнцийг алган дээрээ цэгнэн морин дэл дээр бодол хэлхэн явахад хөдөөгийн уул ус их юм шивнэн хэлж өгдөг юм байна лээ.
Гарын бяд суугаагүй байхдаа сур талхин, элдүүрээ зөөлрөх бүр өөрийгөө эр хүн боллоо гэж өөрийгөө урамшуулан шагнадаг хөдөөгийн хүүхдүүд эрт ухаажиж, чулуу таалцахын оронд чөдөр зангидаж сурдаг.
Үдэш залсан адуу нь өглөө нь илхэн харагддаг уужимхан тал нутагт багын минь чулуун тоглоом бий. Амьд үхсэн ч надтай хувь заяагаараа холбоотой тэр чулуун тоглоом миний сэтгэлд одоо хүртэл бүртгэлтэй. Их хотын шилэн дэлгүүрийн цонхон цаанаас өртөг, өнгө хоёр нь  нүдэнд эрээлжлэн тусах оньсон тоглоомоос ч хавьгүй илүү үнэ цэнэтэй.
Ачаа хөсөг харгалзсан хаврын  их нүүдэл аараг борхон толгодын шилээр дэнхэн данхан давахын цагт тэнтэй тэмээн дээр суусан хүүхдүүд нулимстай нүдээр нутгаа эргэн хардаг.
Шинэ газар буусан шөнөө хэдэн өртөө газрын чинадад нутаг дээрээ өрөөстэй нь орхисон чулуун тоглоомоо зүүдлэнэ. Хавар, тэнгэрийн хаяанд тогоруу дуугарахад ноднингийн дэгдээхэй ирээ болов уу гэж бодно.
Хэн гуай хуралд очоод одонгоор шагнуулжээ  гэж хүн ярихыг сонсоод өөрөө одон авсан юм шиг баярлана.
Үдэш шандан дээр очиж морио услаад мордохдоо шөнө цангасан мал ирж юу магад вэ? гэж бодон онгоцоо усаар дүүргэж орхино.
Шөнө машины дуу сонсохын бол айлаа олохгүй төөрч байгаа юм биш байгаа даа гэхдээ хотныхоо хойд овоон дээр гарч гэрэл тавина.
Хөдөөгийн хүүхдүүд гэдэг эгэлхэн боловч ээдээгүй сэтгэлтэй ийм л хүмүүс.
Би хэдийгээр дөчин насны дөрөөнд гишгэсэн ч өөрийгөө одоо хэр нь хөдөөгийн хүүхэд гэж бодож явдаг.
Хотод газар нь бага, хүн нь олон  болохоор дуу чимээ ихтэй, цаанаа л нэг уйтан давчуу. Үзсэн сонссоноо чөлөөтэй нэг сайхан эргэцүүлэн бодох зав багатай. Хүмүүс нь эрдэм соёлтой  боловч гоёж гооддог шигээ ихэвчлэн өнгөц хуурамчхан зантай, атаа жөтөө, хэл ам мундахгүй.
Би он цагийн урсгал, элдэв эрээн мяраан зүйлд нүд алдан алмайрч яваад хар багаас цусанд минь шингэсэн хөдөөгийн ааш араншингаа эмтлэн сэвтүүлчих вий дээ л гэж эмээдэг юм.
Гудамжинд хоёр монгол хүн өөр зуураа гадаад хэлээр муруй хазгай ярьж  өвчигөнөхийг сонсоод дургүй хүрч, цухалдан гомдохдоо яагаад ч юм гэв гэнэтхэн нутгаа санах шиг болдог юм. Тэр нь нөгөө миний өөрөөсөө байн байн эрж, өврөө тэмтэрч үзээд байдаг хөдөөгийн араншин маань байсан юм санж.

No comments: