1/30/2010

Дөнгөтийн ЦООДОЛ, "ХАРАМЧИЙНХАН"



Айхавтар гар чангатай
Ах дүү хоёр байлаа
Адлаж хүмүүс тэднийг
Харамчийнхан гэдэг байлаа.
Сансар, Эмгэдийн бэлээр хонь нь бүрхэж
Сарваа цуцахын хөндийгээр адуу нь багтаж ядаж
Үе дамжсан баян харамчийнханы хот айл
Үүл мэт нэвсийцгээн аж төрдөг байлаа.
Гэм нь тэднээс бүтэн дээлтэй нь ховор,
Гэр нь бүрээс сайтай өвөлжлөө гэвэл худлаа.
Арван чимэгтэй эмээл, сайн морь эрчүүд нь эдлэхгүй
Амаа мэдэхгүй үрээтэй бөг бөг шогшицгооно.
Хүүхнүүд нь дээлээ гурван наадмаар солихгүй,
Хүүхдүүд нь цас ортол гутлын бараа харахгүй.
Хониндоо барагтай л бол гар хүрэхгүй
Зээр, гөрөөсхөн эргүүлж
Холоос гийчин ирвэл
Хоормог тарагхан дөхүүлцгээнэ.
Ганц хайрцаг шүдэнз айл нь гуйхад
Гал гаргадаггүй өдөр өө гээд халгаалгүй буцаачихна
Хавийн улс амьтан хөх инээдээ барж
Харамч муугийн үлгэр үгийн хачир болгоно.
Тэр л янзаар он жилүүд өнгөрсөөр
Тэртээ жил гэнэтхэн дайн гарлаа.
Халхын гол руу агт туух юм болж
Хамаг л дөмөг гэснийгээ Бүрэнгийнхэн хөтөлж ирцгээлээ.
Харамчийнхан ер яадаг л бол  гар тэнийхгүй дээ гэж
Харамлцгаасан улс гайхаж гүйцсэн юм.
Суналзсан уургаа барьсаар мань харамчийнхан
Сумын төв дээр адуугаа багширтал хурааж ирцгээлээ.
Буруу зөвгүй номхон, аль хурдан хурцыгаа
Бузар дайсныг намнах баатарын хүлэг болог гэж өгцгөөлөө.
Агт хөдлөөд хэдхэн хонотол
Ах дүү хоёр харамч хоёулаа цэрэгт мордсон юм.
Хошуу нутагтаа алдартай  харамч эцэг нь
Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм
Цурамхийлгүй хүлээх ээж нь хоёр хүүгээ харамласангүй
Цурхиртал уйлах гэргий нь ханиа харамласангүй.
Цуг явна гэж тэвдүүлсэн хүү нь ааваа харамласангүй.
Цуутай харамчийнхан юугаа ч харамласангүй.
Бүрээн дуунаар нөхдөө давших цагт
Бүгдийн түрүүнд хоёр харамч явсан гэдэг юм
Сумаа харамлаж байж энэ хоёр сүйд болно доо гэж
Суман салааныхан нь дооглож үлдсэн гэдэг юм
Унахын учиргүй
Уул шиг хоёр сайхан хархүү
Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм.
Хамгийн хүнд мөчид эх орон танаасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй

No comments: