Showing posts with label ЮМ ГЭДЭГ УЧИРТАЙ. Show all posts
Showing posts with label ЮМ ГЭДЭГ УЧИРТАЙ. Show all posts

1/09/2011

ТАМЫН ОРНЫ УЧИР АНУ


"Тамын оронд чөтгөр зэтгэр, шулмас, албин, буг, ороолон, онгод мэтийн хорлонт амьтад аж төрөх бөгөөд тэнд бас хүний орчлонгоос нүглийн үр нь гүйцэж тамд унасан хүмүүсийг зовоон тарчлаадаг газар.  Тамын арван найман саванд нүгэл ихт хүмс тарчилж байдаг. Хуцын хоншоор мэт хоёр хар уул ойртож холдон дундаа нүгэлтнүүдийг няцалж байдаг. Бас төмөр дөшин дээр няцлагдаж, хангарьдад  мах ясаа тоншуулж, хөрөөгөөр нүгэлтний биеийг хөрөөдөж, буцалсан халуун усанд чанаж, гадсаар дөрвөн зүгт биеийг тэлж, төөнөн шатааж, төмөр өргөсөн дээр нүцгэн биеэр нь тавиад гөвшдөг, хөлдөөх, гэсгээх, хэлэн дээр тариа тарьж зовоодог, эсвэл дотор балайрам муухай дуугаар айлган тарчлаадаг тийм орон болой. Энэ насанд их нүгэл хийвэл арван найман тамын аль нэгэнд орно." Л.Түдэв, "Оройгүй сүм"

ХҮНИЙ ОРЧЛОНГИЙН ДӨРВӨН ДАЛАЙ


"Хүний орчлон гүнзгий ажээ... Орчлонгийн далай дөрөв ажээ. Хүн эхээс төрөхөд хувь заяаны төөргөөр энэхүү орчлонгийн дөрвөн далайг туулах учиртай. Эхний далайд хүний өлгий ад чөтгөр, тамын аюулд отуулан хөвж явдаг билээ. Тэнд хүний нэг насны явдал эхлэнэ. Дундах хоёр далай бол хэмжээлшгүй их тачаал, өвчин зовлон, оволзон долгилсон албин, буг, лус ороолон шулмын сүрэг үй зайгүй бужигналдсан орчлон билээ. Тэнд хүний бүх зовлон багшран хурна. Жаргал гэж үгүй. Тэр далайгаас гэтлэе гэвэл бурхны номд л сүжиглэн дагаж явах учиртай. Эцсийн далайд яргачингаар хүрээлүүлсэн авс хөвж явдаг бий. Тэнд хүний нэг насны явдал төгсмой." Л.Түдэв, "Оройгүй сүм"

МАЦАГ ЯМАР УЧИРТАЙ ВЭ?


Сар бүрийн найман, арван таван, гучинд мацаг өдөр болж лам нар мацаг барина. Энэ нь лам хүний ёс суртахууны журам буюу бараамидийн дөрөвдүгээр дүрэм ёсоор сахих учиртай зүйл. Зургаан гол бараамид байдгийн эхнийх нь өглөг бараамид, дараах нь хүлцэнгүй, гурав дах нь хичээнгүй бараамид юм. Мацаг барих нь дөрөвдүгээр бараамид буюу шагшаабадын ёс. Өөрөөр хэлбэл тэвчлэгийн ухаан юм. Лам хүн юуны урьд мах цусанд шунахай байж болохгүй. Иймд мацаг барьж мах идэхийг цээрлэдэг шагшаабад бий болжээ. Шагшаабад барьж чаддаг лам цаашлаад даян хийж даяанчилж чадна. Даяанчлах гэдэг нь хүнээс холдож ганцаар сууж бясалгал хүйлдэхийн нэр юм. Мөн тэрчлэн билэг бираамид буюу ухаанаар бясалгах ёсны номыг лам хүн эзэмших учиртай. Ийм зургаан бараамидийн дөрөвдүгээрийг сахих өдрийг мацаг барих ёс гэж лам нараар их л нарийн сахиулдаг ёстой аж." Л.Түдэв, "Оройгүй сүм"

ОМ МА НИ БАД МЭ ХУМ-ЫН УЧИР


Эх болсон зургаан зүйл хамаг амьтны оройн дээд нь тэнгэр нар бөгөөд түүнийг ом гэж томьёолно. Түүний дараах нь асар нар бөгөөд ма гэж тодорхойлно.Гурав дахь нь ни буюу хүн. Дөрөв дэх нь бад буюу адгуус, тав дах нь мэ буюу бирд, зургаа дах нь хум буюу там юм. Бүгдээрээ нийлээд ом маа ни бад мэ хум гэсэн маанийн зургаан үсэг болно." Л.Түдэв, "Оройгүй сүм"

ӨЛЗИЙТ НАЙМАН ТЭМДЭГИЙН УЧИР



"... өлзийт найман тэмдэг буюу найман тахил ярайж байна. Нисванисын халууныг буюу элдэв нүгэлт хүслийн шуналыг дарах бэлгэдэл болсон цагаан шүхэр, цэвэр алтаар цутгаж хийсэн бодь гөрөөсний дүрс, тус жаргалангийн голд амьдрах загасны дүрс, яруу дуугаа арван зүгт түгээгч цагаан лавай гэгч дунгар, бохир муухайгаас хагацсан цагаан бадмалинхуа хүслийн эрдэнээр төгс дүүрэн бумба, аз жаргалын төгсгөлгүй билэгдэл өлзий утса балбэ, ялгуусны чимэг болох жалцан, мянган хигээст номын хоро энэ наймыг өлзийт тэмдэг болгон шүтээнийг чимэглэжээ." Л.Түдэв, "Оройгүй сүм"

ДОЛООН ТАХИЛЫН УТГА УЧИР АНУ


“Хамгийн урд нүүрэнд долоон цөгц эгнүүлсний зүүн хоёр нь устай, гурав дахь нь цэцэгтэй, дөрөв дэх нь хүжтэй, тав дах нь шар тосон зултай, зургаа дахь нь ус, долоо дах нь цагаан идээтэй ажээ. Бурханы өлмийн сэрүүцүүлэг буюу төвдөөр шабсэл, нүүрийн сэрүүцүүлэг буюу төвдөөр шалсэл, газар шорооны бэлэг буюу төвдөөр мөдөх цэцэг, утах хүж буюу төвдөөр дугбой зул буюу төвдөөр мармэй, үнэрт ус буюу төвдөөр дигаб, гэгээний зоог буюу шалсайг төлөөлж ийм долоон тахилыг аливаа сүмийн байтугай, гэрийн шүтээний өмнө өрж тавьдаг заншил түгээмлийн учир хаа ч ийм л байдаг бөлгөө.” Л.Түдэв, “Оройгүй сүм”