Showing posts with label Хайку. Show all posts
Showing posts with label Хайку. Show all posts

4/30/2010

ДЭЛХИЙН ХАЙКҮГИЙН ХОЛБООНЫ 5 ДУГААР ХУРАЛ


Токио хотноо Дэлхийн Хайкугийн Холбооны
5 дугаар бага хурал боллоо


Өчигдөр 4 дүгээр сарын 29 нд Японд бүх нийтийн амралтын өдөр буюу Шовагийн өдөр байлаа. Шовагийн өдөр гэдэг нь эзэн хаан Хирохитогийн төрсөн өдөр юм. Хирохито хаан 1901 оны 4 сарын 29 нөөс 1989 оны 1 сарын 7 хүртэл амидарсан байна. Түүний үеийг Шова гэж нэрлэдэг. Япончууд төрийн бус, ашгийн бус байгууллагуудын зохион байгуулах аливаа хурал чуулганыг заавал амралтын өдөр, тэртусмаа хагас сайн өдөр голдуу хийдэг ёстой.
Өчигдрийн Шовагийн амралтын энэ өдөр Дэлхийн Хайкүгийн Холбооны 5 дугаар бага хурал Итабаши дүүргийн Ногоон танхимд боллоо. Хурлыг нээж тус холбооны нарийн бичгийн дарга Күнихару Шимизү үг хэлсэн бол тус холбооны үндэслэгч, ерөнхийлөгч, Японы нэрт хайкүч Баняа Нацуиши холбооны ажлын талаар дэлгэрэнгүй илтгэл тавилаа. Ерөнхий санхүүч Саюуми Камакура санхүүгийн тайланг танилцуулав. Тус хурлын ерөнхий хуралдааны дараа Япон, Монгол, БНХАУ-ын Өвөр Монгол, Гүрж, Румын, Латви улсын хайкүчид оролцож шүлэг яруу найргаасаа уншиж танилцуулав. Энэ үеэр дэлхийн сонгодог хөгжимүүд түүний дотор монголын морин хуур эгшиглэж байлаа.
Токио Гадаад Судлалын Их Сургуулийн профессор Ж.Бат-Ирээдүй Монгол улсад Японы хайкү шүлэг дэлгэрсэн түүх болон өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж тус дэлхийн холбооны салбарыг Монголд байгуулах санал дэвшүүллээ. Хурлын үеэр Японы болон гадаадын яруу найрагчид өөрсдийн номын худалдаа ажиллуулж орлогын 1 хувийг тус холбоонд хандив болголоо.
Тус холбоог АНУ-ын Жим Качиан, Японы Банияа Нацуиши, Слованы Димитар Анакиев нар 2000 онд анх үүсгэн байгуулжээ. Дэлхийн олон орон түүний дотор Япон, Америк, Австрали, Англи, Франц, Герман, Итали, Холланд, Португали, Греек, Словеня, Ирланд, Серб, Иран, Бразил, Монгол зэрэг орны 200 гаруй гишүүнтэй, Японд төвтэй энэ байгууллага нь дэлхий даяар маш идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ сард “World Haiku 2010: No 6” ном хэвлүүлсэн байна.
Энэ байгууллага нь гишүүдийн татвар болон Дэлхийн Хайкү Сангаас санхүүждэг байна. Япон хүн 6000 йэн, Хойд Америк 35 ам.доллар, өмнөд Америк 10 ам.доллар, баруун Европын орны хүмүүс 35 евро, зүүн европ, оросууд 13 евро, Азийн орныхон 10 ам.долларын жилийн татвартай байдаг юм байна. Хэрэв та Дэлхийн Хайкүгийн Холбооны гишүүн болохыг хүсвэл тус холбооны http: //www.worldhaiku.net/ вэб сайтаар зочилно уу?
Энэ оны 8 дугаар сарын 6-8 нд Унгарын Будапешт хотноо Дэлхийн Хайкугийн Фестиваль болох юм байна, мөн тус холбооны 6 дугаар хурлыг 2011 оны есөн сард Токиод хийхээр төлөвлөж байгаа ажээ. Хурлын дараа төлөөлөгчдөд зориулсан цайллага болж орны орны хайкучид чөлөөтэй ярилцаж, санал солилцлоо.
Хурлын зургийг тус сайтын photos гэсэн хэсгээс үзнэ үү?


4/27/2010

Шинэ хайкү

Free haiku by Iregedui


Сакурагийн дэлбээ
Салхиар  хөглөрөхүй
Гишгэх газраа  олж ядна би.


Намрын навч
Наанаа өнгө нь тодровч
Цаанаа  сэрүү татна.


Хаврын анхны бороо
Хатсан хөрсөн дээгүүр гүйхэд
Үндэс уурлаад хоцрох.


Хаврын урь орсон ч
Хавсарга шуурга гэхээс
Хавирганаас жиндүүхэн.


Нэг үндэсний хоёр навч
Нэг нь нов ногоон,
Нөгөө нь хүв хүрэн.


Зүсний нь хөөрхөнд
Зүрхний цохилт нь дарагдах.
Зүрхийг нь мэдсэн цагт зүсний хуурамчийг ойлгох.


Ээжийн минь сайхан сэтгэл,
Өргөсөн сүүнийх нь цацал
Эргүү цагаан мананг сөхөж гийгүүлнэ.


Урдаас ирэх бүсгүй
Утасны мөнгө шалгана
Уг нь баян оронсон.

4/20/2010

ДЭЛХИЙН ХАЙКҮГИЙН ХОЛБООНЫ БАГА ХУРАЛ БОЛНО




ДЭЛХИЙН ХАЙКҮГИЙН ХОЛБООНЫ
5 ДУГААР БАГА ХУРАЛ БОЛНО

Хайкү мэддэггүй хүн байхгүй болов уу. Гурван мөр 5-7-5 гэсэн үеэр арван хоёр үеэр бичдэг богино шүлгийн дэлхийн холбоо гэж байгууллага байна. Дэлхийн Хайкүгийн Холбооны ээлжит олон улсын бага хурал энэ 4 дүгээр сарын 29 нд Токио хотноо болох гэж байна. Дэлхийн  олон орнны хайкүчдийн хамт Монголчууд энд өөрсдийн бичсэн хайкү шүлгээ уншина.
Бидний монголчууд 1960-аад оны үед нэр яруу найрагч Бэгзийн Явуухулан гуайн орос хэлнээс орчуулсан нэрт хайкүчин М.Башогийн хайкүгээс эхлэн Японы яруу найраг түүний дотор хайкугийн тухай сайн мэддэг, хайкү шүлэг уншдаг болсон билээ. Түүний 1964 онд бичсэн “Японы хайкү шүлгийн тухай” хэмээх үгүүлэл Хайку гэж чухам ямар утга учиртай шүлэг юм бэ гэдгийг Монголчуудад таниулж өгсөн буянтай.
Дараа нь 1974 онд богино үгүүллэгийн нэрт мастер Жагдалын Лхагва “Японы яруу найраг” гэдэг ном бичиж үүнд 85 яруу найрагчийн танка, хайкү  болон орчин үеийн шүлэг багтсан нь мөн бүгд орос хэлнээс орчуулагджээ.  Энэ нь анхны Японы уран зохиолын тухай тусгайлан хэвлэсэн анхны ном байсан тухай Өвөр Монголын  Багшийн Их Сургуулийн судлаач профессор Ч.Цолмон бичжээ.
Монголчуудын хувьд анхны монгол хайкүг мөн Бэгзийн Явуухулан гуай бичсэн байна. Нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Уянгын тойрог” номд нь байгаа “Шувууны мөр” хэмээх гурван мөрт бол хайкү юм байна. Сүүлийн үед яруу найрагч Загдын Түмэнжаргал хайкү шүлгийн маягаар их шүлэг бичиж байна.
Та бүхэнд японы зохиолчдын хайкү шүлгийн заримыг толилуулая. Монгол уншигч түмэнд зориулан Японы хайкү шүлгийг Б.Явуухулан, Ж.Лхагва, Н.Нямдорж, Б.Энэбиш, Г.Аюурзана нар орос хэлнээс, К.Аяако, Д.Болдбаатар, С.Хадаа, М.Шагдарсүрэн, Ц.Бурмаа, С.Хүрэлбаатар, Р.Баттогтох, С.Хишигсүрэн, О.Бямбаа нар япон, англи, хятад хэлнээс орчуулж байна.

Мацуо Башо (1644-1694):
Хуучин цөөрөм рүү
Хөөрхий мэлхий дэвхрэхэд
Усны чимээ гарав.

Нүцгэн мөчир дээр
Нэвсгэр хэрээ сууж байгаа нь
Намрын үдэш санж.

Мөчир дамжин гүйж
Мөнгөн дусаал урсах нь
Хаврын бороо ажээ. (Б.Явуухулангийн орчуулга)

Мөчрөөс мөчирт
Мөлхөн урсах нь
Хаврын бороо аж.  (Ж.Лхагвын орчуулга)

Аймшигт ядуу эр
Амуу цайруулахаа болиод
Онгон сарыг ширтэв.

Усан байцааны шилбэнээс
Шүдэнд элс шажигнахад
Өтөлж яваагаа мэдэв би.

Хаврыг буцаад явахлаар
Хамаг шувуу уйлалдаж
Загас хүртэл мэлмий дүүрэн нулимстай.

Масаока Шики (1867-1902):
Гуулин зоос жингэнэж
Гуйлагчин олсноо тоолоход
Өвлийн шөнө хүйтэн

Ёса Бусан (1716-83):
Ийм сайхан шөнө сарны тухай
Дээрэмчдийн удирдагч хүртэл
Дуу зохиодог байлгүй.

Загасчин модчин хоёр
Цайны газар дуулан суух нь
Салхитай намрын өдөр өө.

Шүхэр бороо хоёр
Шүргэх зуураа ярилцах нь
Хаврын бороо аж.

Сарны саруулыг хэлээд яахав
Надтай мөргөлдсөн сохор хүн хүртэл
Найр тавин инээж байна шүү.

Кикакү (1660-1707):
Гар хоосон  гуйлгачны
Гадаа өмсдөг хувцас нь
Газар тэнгэр хоёр.

Наймаач Этиогойн мухлагт
Нарийн торго цуу татахад
Зуны улирал эхлэдэг.

Фүкүда Тиёо (1701-1765):

Өдөржин горхин дээр
Өлөн сүүдрээ барих гэж
Тэмээлзгэнэ тонголзоно. (Б.Явуухулангийн орчуулга)

Голын усны урсгал дээр
Голог тэмээлзгэнэ суугаад
Сүүдэр юугаа барин барина.  (Ж.Лхагвын орчуулга)

Өглөө босоод хартал
Алтан агь худаг тойроод ургачихаж
Айлаас ус авахаас даа.

Тэргэл сартай шөнө
Шувуу хүртэл үүрээ
Задгай хонодог байна шүү.


Ранран:
Зөрж яваа хүний
Бариж яваа шүхэр дуугарах нь
Намрын бороо ажээ.

Сехаку:
“Тэнгэрт түгсэн од
Тэндээ яасан үзэмжтэй вэ
Тэхдээ яасан хол вэ?”


Ашигласан хэрэглэгдэхүүн:
1 “Японы яруу найраг” Сонгомол яруу найргийн чуулга, Эрхилсэн Г.Мэнд-Ооёо, Уб., 2005
2 “World Haiku” edited by Ban’ya Natsuishi, World Haiku Association, 2010, No.6, Shichigatsudo;
3 “Япон Монгол Хайку шүлгийн харицаа холбооны асуудалдЧ.Цолмон, (Өвөр Монголын багшийн их сургуулийн доктор, профессор)
4  “Haiku, An Anthology of Japanese Poems” By Stephen Addiss, Fumiko Yamamoto, and Akira Yamamoto, Shambala Library; 2009, London;
5 “Солонгон гүүр”An antology of Mongolian and Japanese Poetry”, Эрхилсэн Г.Мэнд-Ооёо, Уб., 2009
6 "Хайкү нь яруу найргийн сонгодог хэлбэр мөн" Д.Мандах, МУИС-ийн МХСС-ийн "Монгол судлал" эрдэм шинжилгээний бичиг-ийн 2008 оны №29 (300), 2003-214 х.