1/01/2010

УЛИРЧ БУЙ НЭГЭН ЖИЛИЙГ ЭРГЭН САНАВАЛ



    Өдөр ч бай, сар ч бай, жил ч бай, ямарч цаг хугацаа гэдэг буцаж эргэдэггүй, урсаад л өнгөрдөг. Урсаж буй цаг хугацаа гэдэг урт ч бай, богино ч бай хүний амидралын хэм хэмжүүр юм. Өнгөрч буй цаг хугацааг би хий хоосон өнгөрөөх дургүй. Уйдаад байна гэж яридаг хүмүүст үнэн голоосоо дургүй нэгэн. Тоглоом тоглож, хий дэмий цагаа үрж буй улсыг харахаас хайран сайхан цаг гэж халаглах. Өрөөлд биш гэхэд өөртөө, гэр бүл, үр хүүхэддээ нэг хэрэгтэй зүйл бүтээж хийхийн төлөө байнга бодож сэтгэж суудаг нэгэн. Өнгөрөн буй онд би олон сайхан хүмүүстэй уулзаж учирч, танилцаж, санаа бодол солилцож, олон хүний тус дэмийг авч, бас өөрөө чадлын хэрээр болох бүтэхээр туслах дэмжихийг хичээсэн, боломжийн хэрээр хийж бүтээсэн он жил болон өнгөрч байна. Япон орон бол хийж бүтээхийн их дэмтэй, сууж ажиллах сайхан боломжтой улс орон бөлгөө. Эрдэмтэн хүнд ийм боломж цаг хугацаа, нөхцөл тэр болгон олдох нь ховор учраас боломжийг бүрэн ашиглахын төлөө би хичээж байгаа. Тийм учраас зорисондоо хүрч сайн ч бай, муу ч бай хэдэн номоо ямар ч байсан хэвлүүлээд авсан. Дараа онд хийж бүтээсэн юман дээрээ өнгөрсөн оны цаг хугацааг тавиж болдоггүй учир тухайн жилээрээ огноолж, олны хүртээл болгох нь ном эрдмийн хүний нэгэн чухал хэрэг билээл. Улирч буй он жилийг эргэн товчоолбол нэг иймэрхүү буюу.
Нэгдүгээр сар. Өдөр тутмын санаа бодол, сонирхол юугаа хуваалцахаар өөрийн гэсэн блог нээж ажиллуулж эхэллээ. Хаяг ану http://iregedui.blogspot.com/ болой. Энэ блогт зориулан бичил эссээ маягийн зүйл 50 орчим, Японы соёлын тухай нийтлэл 11-ийг англи хадмал орчуулгын хамт, эх монгол хэл, бичгийн талаарх нийтлэл, санал 10, тэмдэглэл 6, зөвлөгөө 3, цаг үеийн мэдээ 3, шүлэг 3, монголын тухай англи мэдээ 5, орчуулга 5, ил захидал 1-ийг бичиж зураг сэлтийн хамт байрлууллаа. Токиод мэргэжлийн сумо бөхөөр барилдаж буй их аварга Хакухо Даваажаргал гэргий, хүүхдийн хамт манай муу бор гэрийг гийгүүлэн морилж ирсэнд гэрийн хотлоор хөөрөн баярлав. Энэ бол манай гэр бүлийнхэнд тохиолдсон содон үйл явдлын нэг байлаа. Нэгэн цагт Өвөр Монголын харъяат асан одоо Японы иргэн болсон Болд нөхрийнд бусад багш нарын хамт зочилон очиж, хуучлан сонирхолтой амидралын түүхийг сонсон суув. Энэ сард өөрийн санаачлагаар “Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын үг, сэтгэлгээний ертөнц” номын ерөнхий агуулгыг бичиж дуусгаад хэвлэлийн эх бэлтгэхээр өглөө. Энэ бол цааш цаашид шинэ шинэ ерөнхийлөгчдийн сэтгэлгээний онцлогийг үргэлжлүүлэн судлах, ерөнхийлөгч судлалыг үүсгэн бий болгох санаа сонирхолыг гүнзгийрүүлсэн судалгааны ажил байлаа. Өөр нэг санаанд тод үлдсэн зүйл хэмээвэл, Токиогийн Их Сургуулийн эмнэлэгт хэвтэж хүнд хэцүү өвчиний хагалгааг амжилттай сайн хийлгэсэн манай нэг сайн танил багшийн ээжийг эргэж очсонд тэр хүн маш ихээр баярлаж билээ. Энэ хүнд их аварга Асашёрюу Давгадорж хичээнгүйлэн туслаж өгсөн гэсэн. Харин бидний мэргэжил нэгт хүү нь Америкаас ирээд тэнд байсан боловч биднийг очиход “бултаад” орж ирээгүйд би жаахан гайхаад хоцроч билээ. Миний ээжийг харь газар хүний нутагт ядарч явахад хүн эргэж ирсэн бол би лав баярлаад ханахгүй.
Хоёрдугаар сар. Анхны цагаан сарыг гэр бүл, анд найзуудын хамт Токиод тэмдэглэлээ. Энэ дашрамд хадам ээж Цэрэнбүтэд зээ хүүгийн хамт Япон орон улсыг үзэхээр хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Их Хурлын орлогч дарга Нямаагийн Энхболд, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Отгонбаяр сайдтай Япон дахь Монголын Элчин Сайдын Яаман дээр уулзалтад оролцож Монголын Дээд боловсрол, соёл, шинжлэх ухааны талаар санал солилцов. Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн Монгол хэлний ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн хийж интернетэд байрлуулав. Монголд хэвлүүлэхээр зэхсэн номуудаа бичиж дүүргэлээ.
Гуравдугаар сар. Хаврын амралтаар Улаанбаатарт ном хэвлүүлэх бас бус ажлаар Монголдоо буцлаа. Энэ дашрамд Монгол Улсын Их Сургуулийн ахмад багш, нэрт манжич, Монгол Улсын гавьяат багш Я.Шаарийбуугийн 100 насны ойн эрдэм шинжилгээний бага хуралд оролцож Токиогийн Гадаад Судлалын Их сургуулийн мэндчилгээг хүргэлээ. Хөөрхий багш минь үүнээс хойш яг хоёр долоо хоногийн дараа Сумо үзэж суугаад өөд болсон юм. Миний мэдэхийн МУИС-ийн 67 жилийн түүхэнд 100 нас хүрч насны ойгоо хийх нь байтугай амид сэрүүн 90 хүрсэн багш цөөхөн билээ. Ёстой нөгөө "өнөөдрийн өндөрлөгөөс харахад" гэж ярих дуртай улсад энэ бол жинхэнэ өндөрлөг шиг санагдаж багшийн тэр хурал дээр хэлсэн утга төгөлдөр үг сургаал маш сайхан сэтгэгдэл түрүүлж билээ. Ийнхүү Монголдоо байх хугацаандаа “Монгол хэлний сонсох дадлага II”, “Guide de Mongole Conversation”, “Mонгол хэлний хоршоо үг, хэллэгийн сан”, “Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын үг, сэтгэлгээний ертөнц” номуудаа хэвлүүлээд авлаа. Энэ ажилд сэтгэл зүтгэл гаргаж өгсөн Адмон компаний захирал Р.Энхбат болон түүний гар нийлсэн хамт олонд маш их баярласан шүү.
Монголоос буцах өдөр Токиод тайпуун хэмээх далайн хар салхитай байсан тул DHL-ийн нэг онгоц буухдаа салхинд цохиулан онхолдож шатсанаас болж МИАТ-ийн нислэг үдээс хойш болтол хойшлож, онгоц хүлээх хугацаанд өгсөн хоёр удаагийн муудсан хоолноос болж хордож үхэхээ алдаж Токиод гэртээ ирэнгүүт түргэн дуудахдаа тулав. Дээрхи золгүй явдал бол Японы Нарита онгоцны буудалд тохиолдсон бараг анхны сүйрэл байсан ажээ. Харин би сайн эмнэлгийн буянаар тэр шөнөдөө хурдан эдгэрч гэртээ буцаж билээ. Энэ сарын сүүлээр Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн төгсөлтийн баярт оролцож үг хэллээ. Монгол судлалын ангийнханд баяр хүргэж, сайн сайхныг хүслээ. Энэ баярын нэг онцлог нь зочин профессорууд нь өөрсдийн үндэсний хувцасаа өмсөж, өөрийнхөө хэлээр оюутнууддаа хэлэе гэснээ хэлж, захия гэсэн захидаг тийм сонин ёслол байдлаа. Манай их сургуульд дэлхийн 30 орчим хэл заадаг бөгөөд бүх зочин багш нар үг хэлдэг ёстой. Дараа нь Шинжүкүд төгсөх оюутны тансаг хүлээн авалтад оролцлоо. Дашрамд сонирхуулахад Япон оюутнууд их сургуульд сурах хугацааны бүхий л хүлээн авалт, идэж уухаа багш нараараа бараг бүрэг даалгах бөгөөд харин төгсөлтийн энэхүү партий, хүлээн авалтаа тансаг сайхан хийж, багш нараа ганц сайн даадаг ажээ.
Дөрөвдүгээр сар. Токиогийн Гадаад Судлалын Их Сургуульд зочин профессороор ирсэнээс хойшхи хоёр дах удаагийн оюутнууд болсон Монгол хэлний ангид элссэн 17 шинэ оюутнаа хүлээж авлаа. Эдний дотор нэг л оюутан Токиогоос элсэж бусад нь Японы бусад аймаг, орон нутаг, газруудаас сонгон оржээ. Бүгдээрээ л монголын хэл, соёл, урлаг, бичиг, спорт, газар нутаг, эд баялаг, ирээдүйг сонирхдог хэмээнэ. Сүүлийн үед монгол хэлний ангид элсэхэд манай сумочдын нөлөө байгааг зарим оюутны элссэн шалтгаанаас харж болохоор байна билээ. Япон дах Монгол Оюутны холбооноос энд сурч байгаа оюутнуудтай хийх уулзалт ярилцлагад урисанд очиж санал бодлоо солилцож, бодож санасан зарим нэгэн зөвлөгөө юугаа өгч билээ.
Тавдугаар сар. Тавдугаар сарын дундуур Япон дахь Монголчуудын зохион байгуулдаг хаврын баярт оролцох завшаандаа Монголын Олон Нийтийн Телевизэд товч ярилцлага өгч Баянхонгор аймгийн Заг сумын Жаргалант хөндий хэмээх газар хаваржиж буй ижий, аав, ахан дүүсдээ мэндчилгээ дэвшүүлээд амжлаа. Аав, ээж хоёр минь үзэж их баярласан гэнэ. Таван сарын 21 нд Монгол хэлний ангийн оюутнуудын хамт НАСУ хэмээх амралтын газар очиж Монголын ёс заншил, ахуй орчиныг танилцуулах ажлаар нэг хоноод буцаж ирлээ. Энэ газар бол Японы үзэсгэлэнт нутагт байдаг бөгөөд монгол орчныг бүрдүүлсэн, халуун рашаантай, маш тохилог сайхан газар юм.
Зургаадугаар сар. Монгол Улсын ээлжит Ерөнхийлөгчөөр сонгогдсон Цахиагийн Элбэгдоржид Монголын ард түмнийг эрүүл эсэн байлгахын төлөө үр нөлөөтэй, далайцтай арга хэмжээ авч хэрэгжүүлээсэй гэсэн санаатай "Монгол түмнийг эрүүл эсэн байлгахын төлөө ажиллаарай" хэмээх ил захидал бичиж илгээв. Монгол Улсын Ерөнхий сайд Санжийн Баяр Токиод албан ёсны айлчлал хийсэнтэй холбогдуулан зохион байгуулсан төрийн хүлээн авалтад оролцлоо. Энэ үеэр Японы төрийн болон төрийн бус байгууллагуудын олон хүмүүстэй уулзаж, танилцах завшаан оллоо. Токиогийн Гадаад судлалын Их Сургуулийн эрдэм шинжилгээний бичигт “Монгол хэлний үгүйсгэх харьцаа ба түүний хэлбэр” хэмээх эрдэм шинжилгээний үгүүлэл (paper) бичиж бэлэн болгов. Арван жилийн ангийн минь багш бурхан болсоныг дуулаад "Ангин багш минь" хэмээх дурсамж эсээ бичлээ.
Долоодугаар сар. Долоон сарын 11 нд Фүжи уулын бэлд болсон Монгол наадамд зориуд очиж бичлэг хийж, сурвалжлан тэмдэглэж авлаа. Зуу гаруй хүн цуглалаа, ялангуяа Осака, Нагаёо хавиас олон монгол ирсэн байлаа. Наадам сайхан болсон. "Фүжи уулын наадам" гэж тэмдэглэл бичсэнийг миний блогоос үзэж болох юм. Мөн сарын 25-ны өдөр дунд охинтойгоо Японы Ханаби хэмээх буудлагын баярыг анх удаа үзэв ээ. Энэ өдрийн халууныг ч хэлэх үү, үзэх хүний олныг ч хэлэх үү? Энд миний хамгийн их гайхсан зүйл бол тэр олон мянган хүний хөл гишгэх газаргүй урсгал яваад өнгөрөхөд дороо хогоо хаяаад явсан хүн бараг алга байлаа. Хүний ухамсар гэдэг үнэхээр дээд зэрэгтэй хүрсэнийг би түүгээр төлөөлүүлэн мэдэрч билээ.
Наймдугаар сар. Ид халаж эхлэсэн найман сарын эхээр хичээл дуусангуут эх орондоо ажиллаж, амрахаар очлоо. Ажиллахаар гэдгийн учир нь нэгэнт энд цалин мөнгө бодогдож тооцогдож байдаг тул сургуулийн захиргаанд нутагтаа очоод хийх судалгааны ажлынхаа төлөвлөгөөг өдөр, сараар нэг бүрчлэн нарийн бичиж өгөөд явдаг учиртай. Очингуут Изнес компанид билет захиалж төрсөн нутаг Баянхонгор аймгийн Заг сум, Загийн голдоо аав, ээждээ золгохоор хүрлээ. Энэ орчлонгийн хаа ч байсан жилдээ нэг нутаг, усандаа гүйж, ээждээ эрхлэж, аавдаа "алгадуулах" шиг сайхан юм хаа билээ. Ээж минь хаа ч амидарсан буусан буудал минь, суусан газар минь гэж залбирч бай гэж байнга сургах боловч хүү нь жилдээ нэг ирэхгүй бол нэг л юм дутуу шиг санагдах аж. Дараахан нь манай арван жилийнхний 30 жилийн ой 17 нд Тэрэлжид болж тэнд гурван өдөр, хоёр шөнө найрлав. Хүний амидрал янз бүр юм болохоор манай ангийнхан ч бас л сайнтай муутай янз бүр л явна. Гэхдээ 30 жилийн өмнө нэг сургууль төгссөн үеийн нөхөдтэй уулзах шиг сайхан уулзалт үгүй юм шиг санагдсан. Манай ангийн олон хөвгүүд, охид надтай санал нэг байлаа. Монголд болсон Монгол Японы хамтарсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд “Монгол хэлний хорших ёс” хэмээх илтгэл тавичихлаа. Энэ хугацаанд Улаанбаатарт хэвлүүлэх хэдэн номынхоо "бөөсийг түүх" ажил дээр амралгүй хэсэг сууж барав.
Есдүгээр сар. БНСУ-ын Санжийн Их Сургуулийн профессор, Монгол судлаач Чой Донг Гүенд “МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн хүндэт доктор” цол хүртээх ёслолд оролцлоо. Ном хэвлүүлэх ажил маань Адмон компаний хамт олны хүчээр жигдэрч, “Монгол хэлний хэлц үгийн сан”, “Монгол газар, усны нэрийн сан”, “Монгол хүний нэр, хоч нэрийн сан”, “Монгол хэлний дагавар, нөхцөл, баймж үгийн сан”, “Монгол хэлний ерөөл бэлгэ, хараал зүхэл үгийн сан”, “Монгол хэлний сонсох дадлага, 1” номуудаа хэвлүүлээд авлаа. Аав ээж хоёрыгоо арлын Японыг үзүүлэхээр есөн сарын сүүлээр хамт ирж арван дөрөв хонуулаад буцаалаа. Хоёр муу хөгшинд ачаа барааг нь хөнгөлөж, авч оруулж онгоцонд суулгаж туслаж өгсөн МИАТ-ийн Ерөнхий менежер Галт, Маргад нарт их баярласан билээ. Арван зургаан жилийн өмнө Англи оронд хөл тавиж байсан абу, ижий хоёрт дорнын орныг өрнийхтэй харицуулах боломж гарсанд дотроо их л бэлэгшээн баярлаж билээ.Амидад нь аав, ээжээ баярлуулах шиг буян хаа байх билээ.
Аравдугаар сар. Арван сар ид ажил хөдөлмөр, хичээл сурлагын сар байлаа. Энэ сард тэртээ гучин хэдэн жилийн өмнө миний ажиллаж байгаа их сургуульд монгол хэлний багшаар ирж байсан анхны багш, одоогийн академич, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавъяат зүтгэлтэн Д.Төмөртогоо багш маань миний ажиллаж байгаа сургуульд зочин профессороор ажиллахаар ирлээ. Хэсэг боловч хамтран ажиллах сайхан завшаан олсонд их баяртай байна.
Арван нэгдүгээр сар. Энэ сарын дундуур Токиогийн Гадаад судлалын Их Сургуулийн оюутнуудын Монголыг сурталчлах наадам боллоо. Энэ үеэр Монгол Судлалын хоёрдугаар ангийн оюутан Юкари "Тал нутгийн Сумъяа" хэмээх хөөрхөн жүжиг бичиж түүнийгээ ангийн нөхдийн хамт найруулан тавиж монгол судлалын багш, оюутан нарын талархалыг хүлээлээ. Монголд ганцхан удаа очсон боловч маш хөөрхөн жүжүиг сэтгэж бичсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн билээ.
Мөн Окаяамагийн Их Сургуульд зохион байгуулсан Японы Монгол Судлалын Холбооны Намрын бага хуралд бусад багш профессоруудын хамт оролцлоо. Окаяамагийн Их Сургууль бол Япондоо хөдөө аж ахуйн чиглэлээр тэргүүлдэг бөгөөд Монголоос Хөдөө аж ахуйн их сургуультай нягт хамтран ажилладаг аж. Энэ далимд 1945 оны 8 дугаар сарын 15 ны 8 цаг 15 минутад цөмийн бөмбөг хаясан Хирошима хотын өнөөгийн байдал, музей сэлтийг үзэж сонирхлоо.
Арван хоёрдугаар сар. 2009 оны 12 дугаар сарын 18 нд Япон Монголын хооронд соёлын харилцааны протокол байгуулагдсаны 35 жилийн ойд зориулсан хүлээн авалтад байж Японы зарим эрдэмтэн судлаачидад Монголын төр, засгийн дээд одон, медаль, шагнал гардуулах ёслолд оролцлоо. 12 дугаар сарын 26 нд Ёокохама хотод болсон Япон дахь Монголчуудын холбоо МАЖ-ийн зохион байгуулсан шинэ жилээс 2009 оны онцлох хүнийг шалгаруулах номинацид өчүүхэн манийг нэр дэвшүүлж “оны онцлох эрдэмтэн” хэмээх эрхэм хүндтэй нэрээр тодруулан гаргасанд урамшлаа. 29 ний өдөр Япон дахь элчин сайдын яамныхантайгаа шинэ жилийн баяраа хөгжилтэй сайхан тэмдэглэн өнгөрөөлөө.
Ийнхүү 2009 оныг ажил ихтэй, зав чөлөөгүй ажилласаар л өнгөрөөлөө. Дараа жил хийе, бүтээе, үзэе харая, гүйцээе гэсэн ажил их байгаа, дотоод сэтгэлдээ бодож санасан юм ч арвин буй. Цаг хугацаа өөрөө харуулах буй за.

No comments: