7/26/2009

ДОГМИДЫН ХЭЛ


Хүн болгон өөрийн өөрийн сэтгэхүйтэй, түүнийгээ дагаад өөр өөрийн хэлтэй гэж ч хэлж болно. Зохиолч, бичигч нар бол бас нэг өөр өөрийн онцгойгоос онцгой хэл аялгуутай улс аж. Зохиол бүтээлийг уншиж байхад ус, тос хоёр ялгардаг шиг тэдний хэнээс ч хэтийдсэн хэл, сэтгэхүй нь ангид ялгарах нь юунаас ч содон. Үүнээс үүдээд хүн бүрийн хэлний тухай нэг нэг сонин таталбар хийхсэн гэж бодсоор явна.
Саяхан Монгол Улсын Төрийн Соёрхолт, Соёлын гаваяат зүтгэлтэн Балжирын Догмидын хэвлүүлсэн шинэ ном “Оосор бүсгүй орчлон”-г нэг нэвт уншиж үзлээ. Догмид бол өөрийнх нь номдоо бичиж Жагдалын Лхагваагийн тодорхойлсоноор “аймгаасаа явсанаасаа хойш хүнсний үйлдвэрийнх нь архины борлуулалтын төлөвлөгөө таслуулсан, хүн алах, хүүр ухахаас бусдыг гүйцээсэн, ажлаасаа хөөгдөж үзсэн, их сургуулийг хаяж үзсэн, баригдаагүй болохооос шоронд орох байсан боловч хэдэн зуун хүнээс эрээд олдомгүй хэдэн сайхан чанартай тэр нь хорин хэдэн жил аяга эгшээлгүй архи уусан ч архи уух том ухаан, том урлагыг эзэмшсэн, орчлон уйлуулж дуулуулсан уянгын олон сайхан тууж, үгүүллэг бичиж ар халхад байтугай өвөрлөгч дөчин есөн хошуу, Орос, Японд шагшигдсан, насаараа нягтлан бодогч хийсэн ч улсын мөнгө хөрөнгө хумслалгүй цэвэр ариун явсан, алмас шулмас шиг ороо бусгаа явдалтай нь үнэн боловч сахил санваартан адил ариун мөртэй, хүүхдэд эцэг, хүүхэнд хань болох нөмөр нөөлөггүй, уугаагүй архи, унтаагүй хүүхэн ховор, долоо шархадсан чоно, Шар хадны галзуугийн болиницийн архины тасгийг анх нээхэд баригдаж очсон Монголын долоохон согтуугийн нэг, их том гарын эр ” ажээ.
Үнэхээр энэ хүн уйлуулж дуулуулдаг нь үнэн. Жинхэнэ сайхан монгол сэтгэхүй, монгол үгээр бичиж байгаа нь эхнээсээ аваад дүүрэн байна. Түүний гайхамшиг уран үгүүлэл, монгол ахуйн уран зургийн төлөө биш түүний сэтгэж бичсэн уран торгон ухаан, хүй цагаан манан, хар ногоон зун, дулаахан бор сүүдэр, амин халуун хайр, бөрт бор царай, чандаган цагаан хөх, тансаг зөөлөн агаар, тарлан сэвхтэй бөрт цагаан сар, босоо цагаан тоос, хатуу хариг нулимс, томоогүй хонгор ааш, гоо ганган толгой, хөхөмдөг хөх аялгуу, бүлээн дулаан аялгуу, жаргалтай халуун аялгуу, эр суран ногт, ясан хэдрэг морь, хөсрий цагаан янгиа, зөөлөн хээр аялгуу, эрх хар нүд, хар хоргүй нүд, бүлээн дулаан будан, бүдэг цагаан аялгуу, инээмсэглэл бүжиглүүлсэн эрх хар нүд, халиун хонгор аялгуу, зээрэн шарга морь, хөглөгөр хөх уулс, шаргал халуун манан, төөрч тэнэсэн харц, морин зэрэглээ, зөөлөн хээр дуу, бүлээн үнэр, сэтгэлийн хар салхи, халамцуу аялгуу зэрэг сонин содон монгол тодотголууд, хөлчүү нүд төөрөлдөх, инээсэглэл бүжиглүүлэх, цагаан үс хар болом, зүрхэнд эгшиглүүлэх, хайрын түймэр асаах, амиа асгах, адууны захад өсөх, элэг бөөрөө унатал, мааниа шатаах, хөлөө томолдуулах, салхи татуулах, нүүр халаах, ухаан цэгцрэх, уснаас гал гаргах, нүгэл үсрэх,сэнгэнэтэл санаа алдах, тэгүүлэн цогих, ширээлдэн захлах, аалигүйтэн жиргэх, гэсэн хэн ч, хэзээ ч хэлээгүй уран торгон үгс, эрх булбарай, эмнэг хангал, харам хариг, үнэр тамир, нүүрэм түрэмгий, дэгжин шаавай, хар хор, хүзүү шанаа, өд мөд, хөр хунгар, бүдэг дорой, хөшиж хөрөх гэж хэн ч, хаана ч хэрэглээгүй хоржоонтой хоршоо үг, хэллэг мөнгөтэй хүн мөнхрөх юм шиг, гилийн ноёноор бундангийн хатныг дарахаас ч долоон дор, цээжинд амар амгалан унтаж байсан нохой нойрноос сэрэх, чавганц суудал, цаагуур явсан болгоныг наагуур хэмээн дуудах, гэх мэт хачин хачин үг, хэллэгүүдийнх нь төлөө л энгэрийг нь цоолж, энгүйг нь цоллож болохоор байж гэж бодогдлоо. Догмидын хэл үнэхээр агуу юм аа... (үргэлжлэлтэй)
2009.06.30, Токио

3 comments:

Арима said...

зохиолчдын хэлний тухай тэмдэглэл бичих санаа тань их сайхан санагдлаа. үргэлжлэлийг хүлээж байя.


Би таны энэ бичлэгийг блогтоо тавьчихаж болох уу?

Арима said...

http://bluemoon79.blogspot.com/2010/02/blog-post_27.html

ЖАНЦАНГИЙН БАТ-ИРЭЭДҮЙ said...

Sain baina uu, setgegdel uldeesend bayarlalaa, blogtoo tavij bolno shuu!