7/26/2009

УРТЫН ДУУЧИН ЯПОН БҮСГҮЙ


УРТЫН ДУУЧ ЯПОН БҮСГҮЙ

Өнөөдөр манай Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн концертын бага танхимд Монгол ардын дууны бэсрэгхэн хөөрхөн концерт тоглолоо. Үүний гол эзэн нь 1998 онд тус сургуулийн Монгол судлалын ангийг төгссөн Аяако Саегуса хэмээх япон бүсгүй байлаа.

Тэрбээр тус сургуулийг төгссөнөөс хойш Монгол Улсад очиж Соёл урлагийн их сургуулийн уртын дууны ангид суралцаж Дэлгэр багшаар уртын дуу заалгажээ. Мөн МУИС-д суралцаж байсныг би сайн мэдэх юм. Бид 1995 онд МУИС-ийн Монгол хэлний тэнхимээс хариуцан гурван долоо хоногийн зуны сургууль зохион байгуулахад Аяако анх Монголд хөл тавиж өөрийн судладаг орноо нүдээр үзэж баярлаж байсныг санаж байна.

Аяако хоёр хүүхдийн эх болж нэг хэсэг энэ ажлаа завсарласан ч Монголын ардын урлаг түүний дотроос уртын дууг ихэд сонирхон чадамгай сурч өнөөдөр Монгол Ардын уртын дууг бараг мэргэжлийн төвшинд хүртэл дуулах хэмжээнд ахисан байна.

Тэр Монгол ардын уртын дууны “Hymn to the Wind”, “Uulen buuvei” хэмээх хоёр ч си ди гаргаж амжжээ. Энэ си ди-нүүдэд нь “Эрхэм төр”, “Жаахан шарга”, “Энх мэндийн баяр”, “Асар өндөр”, “Үлэмжийн чанар”, “Талын таван толгой”, “Дөрвөн цаг”, “Алсын газрын зэрэглээ”, “Уяхан замбуу тивийн наран” зэрэг алдар цуутай олон дууны бичлэг нь оржээ.

Тэрбээр 2000 оноос хойш Японы олон аймгийн нутгаар аялаж Монгол дууны концертууд хийж Монгол ардын уртын дууны гайхамшгийг японы хүний хоолойгоор дуулан, бас тайлбарлан таниулж, учир жанцанг ойлгуулах буянтай ажил хийсээр байна.

Өнөөдөр уг тоглолтод уртын болон бэсрэг урт, богинын бүгд 9 дуу дуулж япон үзэгчдийн талархлыг хүлээлээ. Концертоо “Хэрлэнгийн барияа” дуугаар эхлэж “Алтан говийн унага”, “Мандах нар”, “Үхэрчин хүү”, “Сүнжидмаа”, “Хонгор шаргал”, “Бүүвэйн дуу”, “Сайхан хангайн буга”, “Хартай саарал” зэрэг монгол ардын уртын дууг дуулж сонирхууллаа.

Үүнээс “Сайхан хангайн буга” хэмээх дууг япон хэлээр хөрвүүлэн дуулж үзүүлсэн нь их сонирхолтой бөгөөд зохимжтой хөөрхөн таарч байлаа. Мөн тэрбээр гагц дуулаад зогсохгүй дууныхаа үүх түүхээс яриж, тайлбарлан, уртын дууны утга чанарыг япон хэлээр учирлан тайлбарладаг нь үзэгчдийн талархал хүлээж байна.

Энэ тоглолт жил бүр уламжлал болон тогтсон бөгөөд Монгол судлалаар сурч байгаа оюутан нарт монголын урлаг соёлыг сурталчилах нэгэн томоохон үйл явдал болдог гэхэд болно. Мөн тэрбээр монгол ардын уртын дууг хэрхэн дасгаллах талаар үзэгчдэд үзүүлж даган дууриалгаж аялуулсан нь сонин болов.

Түүний хамтран зүтгэгч нь хөгжимчин хатагтай Мукоужима Юурико аж. Тэрбээр олон төрлийн хөгжмийг мэргэжлийн төвшинд чадварлаг сайхан тоглож чадахаас гадна Монгол ардын дууны аяыг бишрэн шүтэж урлагтай тоглодог хүн байна. Юурико өнөөдөр морин хуурыг хийл хөгжмөөр орлуулан чадварлаг тоглолоо.

Мөн Аяакогийн төрсөн дүү Саегуса Такаши эгчийнхээ тоглолтыг энэтхэг бөмбөрийн гоцлолоор чимсэн нь ая донж нь хөөрхөн зохижээ.

Аяако Хөвсгөл аймгийн Драмын театрын дуучдын дуулсан нутгийн дуунуудыг үгийг надаар бичүүлж аваад монгол ардын уртын дууны зарим си ди-нд үг нь байдаггүйгээс сурахад бэрхшээлтэй байгааг дурдаад багш аа, монгол ардын уртын дууны үг, хэллэгийн тайлбартай ном хийгээч та гэсэн хөөрхөн санаа хэлчихээд гэр лүүгээ сая гарлаа. Орон нутгийн зарим театруудын дуучдын дуу бол харицангуй нутаг жалгын шинжтэй байдаг учраас тэр болгон хүн мэддэггүй сонин үг хэллэг, донж маяг, ая дантай байдгийг сая мэдэрлээ.

Уртын дууч япон бүсгүйн талаар дэлгэрэнгүй мэдээллийг сонирховол түүний http://blog.livedoor.jp/urtynduu/ хэмээх блогоор аялаж болох юм байна.

Б.Ирээдүй, 2009 оны 7 сарын 24, Токио

No comments: