7/26/2009

УЛС ТӨРИЙН ШОГ ЗУРАГ

Монголд улс төрийн шог зурaг (political cartoon) - ийг сайхан хөгжүүлмээр байна. Хараад байхад жинхэнэ улс төрийн шог зураг ерөөсөө гарахгүй байна. Тухайлбал, одоо ид болж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ хоёр хүний жинхэнэ мөн чанарыг гаргасан ямар ч шог зураг гарсангүй. Би харсангүй өнгөрөв үү, бүү мэд. Хараад байхад худлаа дээш магтаж, доош нь матсаар, Энхбаяр ч “баабаа”, Элбэгдорж ч “муухай” гэж үглэсээр байтал сонгуулийн сурталчилгааны хугацаа дууслаа. Шог зураг гэдэг бол улс төрчдийн бодлого, мөн чанарыг маш энгийн бөгөөд шог хошин аргаар уншигч, үзэгчдэд хүргэх хамгийн сайн арга юм. Харамсалтай нь манайхан олигтой хөгжүүлэхгүй байна. Зарим нэг хүмүүс зурж байнаа. Гэхдээ зурахаараа бараг хөрөг зураг зурчихаад байна. Шог зургийн нэг онцлог бол тухайн хүний “анатомийн дутагдал”-ыг зөв олж хараад түүгээр нь дамжуулж илэрхийлэх учиртай. Тухайлбал тухайн хувь хүний хувьд данхар толгой, том хамар, дэлдэн чих, унжуу хацар, орсгой шүд, солир нүд, урт эрүү, сэлхэрсэн нүд, этгээд сахал, содон мэнгэ эсвэл намхан нурууг “хэтрүүлэн ашиглаж” чадаж гэмээн тэр хүнийг хэн бэ гэдгийг хаанаас ч хэн ч хараад танихаар байх хэмжээнд “шоглох” ёстой. Мөн аливаа амьтан юмуу эсвэл юмаар төлөөлүүлэн шилжүүлэн зурж болдог талтай. Гэхдээ улс төрийн зурагт мэдээж дан ганц “анатомын дутагдал” биш үйл ажиллагаа, бодлогын ялгаа, ажил хэргийн зорилго, үнэн, худлыг тод томруун гаргах учиртай. Ийм учраас зураачид зурах авьяаснаас гадна улс төрийн сэтгэлгээний чадвартай байх учиртай. Тийм чадвар байхгүй бол хэчнээн сайн зурдаг байгаад нэмэргүй. Ялангуяа орчин үеийн сонинд заавал байх шаардлагатай зүйл бол шог зураг тэр тусмаа улс төрийн шог зураг болой. Тийм учраас манай өдөр тутмын сонины бодлоготонгууд улс төрийн шогийг хөгжүүлэх талаар бодууштай. Би шог зураач С.Цогтбаярыг 2006 онд Лондон хотноо зургийн үзэсгэлэнгээ гаргаж байхад нь нэг удаа энэ талаар дурсахад “байгаа ш тээ, хөгжиж байгаа” гээд байсан. Өөрийнх нь шог зургийн цомогт тэр үеийн ерөнхийлөгч П.Очирбат, ерөнхий сайд П.Жасрай агсаны тухай хэдэн зураг байдаг юм билээ. За үүнээс өөр олигтой улс төрийн зураг би хаанаас ч олж харахгүй байна. Та бүхэнд бичсэн зүйлээ ойлгуулах үүднээс дэлхийн нөлөө бүхий орнуудын удирдагчид болох Барак Обама, Владимир Путин, Саркози, Мэркэли, Тар Асо, Хиллари Клинтон нарын шог зургаас танилцуулж байна. Нэг иймэрхүү юм л зуруулах гээд байгаа юм хэ хэ. 
Ашигласан вэб сайт: www.cartoonStock.com; http://politicalhumor.about.com

1 comment:

Suvdaa said...

Tani bichleguud bolood blog chini tun taalagdlaa.Mongol helniihee medlegiig deeshluuleh saihan bolomj olgosond tani bayrlalaa.