7/26/2009

САКУРА ДЭЛГЭРЭХ ЦАГААР


Монгол нутагт минь хавар болж, “дээврийн цас” хайлах цагаар Японы Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулиас зочин профессороор ажиллах урилга хүлээн авч Улаанбаатараас нисч Сөүлээр дамжин Токио хотын Нарита олон улсын нисэх онгоцны буудалд буулаа.
Орчин үеийн хамгийн сүүлийн үеийн загвар болсон Нарита онгоцны буудал дээр өмнө нь аагим зуны халуун сар, жиндүү өвлийн хүйтэн сар, алтан намрын дулаан сард гурван ч удаа бууснаа саналаа. Энэ удаа миний аз болж Сакура дэлгэрэх хаврын сайхан сард бууж байгаа нь энэ.
Окинава арлаас Хоккайдо арлын хооронд Номхон далай, Япон тэнгисийн дунд орших их Наран улс байгалийн үзэмж төгөлдөр, өв соёлын мянган дурсгал, орчин үеийн техник технологийн өлгий нутагаа. Өндөр уул, өргөн тал, нуур далай, ой мод, гол ус, рашаан булаг, арал хойг тэгширсэн энэ нутгийн нийт талбай 377 мянга долоон зуун хорин долоон км квадрат буюу Английн газар нутгаас хоёр дахин том юм байна. Энгийн нүдээр харахад эзгүй тал, газар нутаг хаа сайгүй л байна. Манайхны бодож төсөөлдөг шиг “гишгэх газаргүй, залгих агааргүй” болтол өдий байнаа. Гэхдээ бага талбайд их юм багтаах, аль болох газарт биш агаарт барих, байгуулах, “бага оврын бодлого болоод агаарын орон зайг ашиглах бодлого” хэрэгжиж байгаа нь машин тэрэгний хийц, зохион байгуулсан байр талбай, зам барилга босгож бүтээсэн гээд юухан хээхнээс ч ил.
Соёл иргэншлийн өлгий болсон Хоншу арал, эртний нийслэл, сүм хийд, хөшөө дурсгалт Наара, Киото, Каназава хотууд, Японы эзэн хааны Химэжи Кастле, Токио, Ёокохамагийн нүдэнд гялалзаж, чих дөжрүүлсөн орчин үеийн шил толь болсон өндөр барилга, дэлгүүр хоршоо, наймаа худалдаа Япон орны үзэмж төгөлдөр, баян тансагийг гайхуулна.
Хамгийн эртний “япон чулуу”-г 50 мянган жилийн настай гэж үзсэн нь Японы түүхийн эхлэл цаг бөгөөд нийтэд нь Жоомон, Яаяой, Кофун, Хэйан, Камакура, Муромачи, Момояама, Эдо, Мэйжи, Тайшо, Шоовагийн гэж арван нэгэн үе болгодог аж. 1968 онд Мейжигийн эзэнт гүрний үе эхлэж, 1869 онд Хааны гэр бүл Киотогоос Токиод нүүж 1890 оноос Мейжигийн үндсэн хуулийг мөрдөж эхлэсэн бөгөөд 1947 оны 5 дугаар сарын 3 аас Японы шинэ үндсэн хуулийг баталж Англи маягийн улс төрийн тогтолцоотой болсон орон юм. Төрийн эрх барих байгууллага нь Diet буюу Төлөөлөгчдийн доод танхим бөгөөд 511 гишүүн 4 жилээр сонгогддог байна. Консулын танхим буюу дээд танхим нь 252 гишүүнтэй 6 жилээр сонгогддог гэнэ. Хоёр танхимын үүрэг нь Америкийн Конгресстой төстэй бөгөөд сонгогдсон засгийн газар ажиллаж төлөөлөгчдийн танхимд ажлаа тайлагнадаг аж. Ерөнхий сайдыг төлөөлөгчдийн танхимаас санал болгож томилдог ёстой.
Либерал демократ нам 1955-1993 он хүртэл Засгийн эрх барьсан бөгөөд 1990 ээд онд 7 ерөнхий сайдын нүүр үзжээ. Төрийн машины гол хүрдийг эргүүлэгч ерөнхий сайдын албаны хүмүүсийн ихэнхи нь Токиогийн их сургууль төгсөгчид байх бөгөөд болон Японы төв банк, Санхүү, Эдийн засаг, Худалдааны яам улсынхаа эдийн засгийн жолоог атгадаг.
Хорьдугаар зуунд Японы хөдөө аж ахуй үндэсний нийт бүтээгдэхүүний 40 хувийг эзлэж байсанаа 2 хувь хүртэлээ унаж, одоо дөнгөж 9 хувьтай байна. Нэг хэсэг Япон дэлхийн будааны хэрэгцээг бараг дангаараа экспортлож байсан байна. Дэлхийн Худалдааны Байгууллага одоо ч гэсэн Японы хөдөө аж ахуйг их анхаардаг аж. Япончууд хүнсний бүтээгдэхүүнийхээ 60 хувийг өөрсдөө хангаж байгаа юм байна. Хүнс гэснээс Болгарын сүү, сүүн бүтээгдэхүүн энд хүчээ авчээ. Сумоч озэки Котошугаар рекламдуулсан тараг, сүү Японы дэлгүүрүүдийн лангууг дүүргэжээ. Үүнтэй яг адилхан манай хэдэн сумочийн нэрээр Монгол бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргаж ашиг орлого олох талаас манай мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс юм бодох цаг нь болсон байна. Би лав сумочид Монголоос давс оруулж 15 нугалж зарсан гэснээс өөр тоймтой юм олж мэдсэнгүй.
Японы эдийн засаг сүүлийн жилүүдэд жаахан муудаж байгаа гэх боловч дэлхийд айргийн таваас буухгүй л байна. 1958 онд Япон 4200 машин, 99.300 зурагт радио үйлдвэрлэж байсан бол 2000 оны байдлаар жилд 10 сая машин, 11 сая телевиз үйлдвэрлэдэг болжээ. Автомашин, семикондуктор, цахилгаан бараа, албан хэрэглээний зүйлийн үйлдвэрлэл, дуран авайны экспортоор дэлхийд толгой цохиж байна. Өөрийн гэсэн баялаг муутай ч, сүүлийн жилүүдэд худалдаа, аялал жуулчлал, үзвэр, судалгааны ажлаас их ашиг олж байгаа бөгөөд ер нь дэлхий нийтээрээ газраа ухаж мөнгө олъё гэхээсээ илүү “толгойгоо ухаж” орлого олъё гэх нь илүү болсон цаг биш үү. Япончууд дотоодын нийт орлогынхоо 14 хувийг эрүүл мэнд, нийгмийн халамж, хүүхдүүдийнхээ боловсролд зориулж байна. Нэг хүнд ноогдох орлого жилд 37000 ам доллар байгаа нь Америкад 34000$, Англид 25000$ байгаагаас илүү байна. Нийт хүн амын 60 хувь гар утас хэрэглэж, гэртээ компьютертай болоод байна. Харин нийт хүн ам нь өдөрт 3.3 биллион тамхи татдаг гэсэн нэг муу тоо байдаг юм байна. Өөрөөр хэлбэл нэг хүн өдөрт хайрцаг гаран янжуур уугуулдаг гэсэн үг.
Хүн амын тоо Английнхаас хоёр дахин илүү буюу 127 сая хүрч дэлхийд 7 дугаар байранд явна. 3 сая орчим жижиг үндэстэн ястан байгаагаас 1910 оны дараахан ажиллах хүчин нэрээр орж ирсэн 700 мянган солонгос, Хоккайдо арлын 24,000 айнуу, Окинава арлын Ряуукуанз үндэстнийг эс тооцвол бараг цэвэр япон үндэстэн буюу nihonjinron гэж бахархах хүн олон. 1990-ээд онд ерөнхий сайд Накасоне нэгэнтээ “Япон бол нэг үндэстэн, нэг хэл, нэг улс” гэж хэлж байж. Хүн амын 99 хувь бичиг үсэгтэй, хүүхдүүдийн 95 хувь нь дунд сургуулийн боловсрол эзэмшдэг бөгөөд гурван хүүхдийн нэг нь их сургуульд сурдаг аж. Сайн сургууль төгсвөл сайн ажил олдоно, сайхан амьдрана гэсэн бичигдээгүй хууль хүн бүрийн толгойд “тог болжээ”. Сургуулийн сурагчид заавал дүрэмт хувцас өмсөх тухай 1868 оноос мөрдсөн хууль өдий болтол өөрчлөгдөөгүй гэвэл та лав гайхах байх. Сургуулийн сурагчид дүрэмт хувцас өмсдөг тул илүү дутуу юмаар гангалж өрсөлдөх ёс энд байдаггүй ажээ.
Дэлхий дээр маш цөөн цагаачтай орны тоонд багтдаг энэ улсад одоогоор 3000 орчим монгол хүн албан ёсоор түр болоод бүр амьдран сууж байна гэж манай элчингийн ажилтан танилцуулж байна. Хар бороор байдаг улс тодорхой тоогоор байдаг л бололтой юм. Гэхдээ энд нэг зовлон нь хэл, бичиг хоёр хэцүүгээс тэр болгон хэн дуртай нь хараар амьдран суугаад байх боломжгүй юм байна. Англи улс цагаачдаа баригдсан нь хэлнээсээ болсон байж болох бас нэг шалтгаан байдаг. Энд хийж байгаа ажил нь ч гэсэн маш хэцүү хүнд гэнэ, миний байгаа сургуульд сурч байгаа монгол хүү оройн цагаар нэг ажил хийсэн чинь 1 цагийн дотор 1000 ном савлах болзол тавьсаныг хоёр өдөр ажиллаад сурсан гээд инээж байлаа. Бусад томоохон “баян” оронд суугаа монголчуудтай харьцуулбал бага тоо юм. Энэ нь хэл яриа, бичиг болоод виз өгч авалцах хатуу нарийн япон журамтай холбоотой бололтой.
Сакура дэлгэрэх цагаар ирлээ гэж манай профессор баярын мишээлээр угтаж байсан бөгөөд намайг ирэхэд дөнгөж гөлөглөж байсан сакура нэг л өглөө боссон чинь урд шөнө нь авчираад таричихсан юм шиг дэлгэрсэн байлаа. Сакура буюу cherry blossom-ийг монгол, англи хүмүүс их сайн мэднэ. Лондонд Хайд паркаар хаа нэгтээ сакура дэлгэрсэн байхыг харж болно. Сакура бол Японы албан бус бэлгэ тэмдэг болсон цэцэг бөгөөд сакура дэлгэрсэн нь хавар айлчилсны илэрхийлэл болдог ч шинэ санхүүгийн болоод хичээлийн жилтэй давхцдаг нь сайн сайхны бэлгэдэлтэй . Шинэ юм эхэлсний бэлгэдэл болгож япон хүмүүс амралтын өдрөө Сакурагийн дор сууж, хоол ундаа идэж, сакайгаа ууж, сакура цэцгээ магтан бахархаж, баяртай сайхан үгсийг бахдан хэлэлцдэг ёстой аж.
Сакура дэлгэрэх цагаар хийдэг өөр нэг ёс бол япончууд sakura-yu буюу сакуратай цай, sakura-mochi буюу сакурагийн навчтай банш хийж идэх ёс аж. Эдгээрийг голдуу хосуудын хурим найр зэрэг хүндтэй ёслол давхцуулан хийж өгдөг гэнэ.
Сакура гэнэт сайхан дэлгэрсэн шигээ цочир хурдан унаж дуусдаг богино настай “муухай” цэцэг аж бас. Нэг өглөө гарахад гудамж талбай, зам, голын эргээр цагаан зам татуулан унасан байхыг хараад харамсах шиг болсон. Үүнийг эрт үеийн самуурайн үхэл, дайны үеийн цэргийн үхэлтэй зүйрлэн ярилцах хэллэг япон хэлэнд байх юмаа. Манайхаар бол хиарахтай адилтгадаг бололтой.
Профессор ч бай, таксины жолооч ч бай ямар ч япон хүн монгол хүн гэхээр л шууд сумо, Асашёру, Хакухо гурвыг ярьж эхлэх нь бахархмаар сайхан. Сумо бол монгол япон хүмүүсийг танилцан нөхөрлөх нэг сайхан шалтаг шалтгаан, зууч гүүр болж байна. Сумогийн тэмцээнийг жилд зургаан удаа сондгой саруудын 10-наас эхлэж бүтэн сайнд дуусахаар тооцсон байдаг юм байна. Нэг, тав, есөн сард Токиод, гурван сард Осакад, долоон сард Нагояа, арван нэгэн сард Фукуокад болдог юм байна. Сумо үзэх үнэ тийм ч их үнэтэй биш юм байна. Захын суудлууд 20-30 доллар орчимд үнэлэгээтэй юм. Хамгийн ойрын суудал 70 -80 доллар орчим гэнэ. Хааяа нэг сонирхолтой барилдааны билетийг “халтарууд” авч дамлахыг оролддог ч нэг их бүтэл муутай аж.
Намайг 2006 онд Осакагийн хууль, эдийн засгийн их сургуульд ажиллаж байхад удахгүй Хакухо ёкозуна болно гэж сумо сонирхдог хүн бүр хэлж байсан биеллээ олжээ. Япончууд Хакуход сайн учир нь түүний дүр төрх, бие хаа, хөдөлгөөн, барилдах байдал, аавын удам судар, байж байгаа байдал нь их тааламжтай сайхан байдаг гэнээ. Япончууд угаасаа онгироо сагсуу, ойворгон хөөрүү, их зантай хүмүүст дургүй нь нөлөөлж байгаа болов уу гэж бодогдлоо.
Японыг бид их үнэтэй л гэж ярихаас биш яг юу нь хэдэн төгрөг байдгыг сонирхож байсангүй санагдана. Ингээд би зориуд гол гол хүнсний зүйлийг харьцуулахад сонин болов уу хэмээн хэдэн барааны үнэ тэмдэглэж авсан маань доорх мэт. Ерөнхийдөө юм үнэтэй, гэхдээ үнэтэйдээ Английг яаж гүйцэх вэ?. Жишээ нь 5 зүсэм талх 1.5$, 6 өндөг 1 $, зургаан ширхэг 0.33 ийн хэмжээтэй Кирин пиво 10$, 5 кг цагаан будаа 17$, 1 литр сүү 1.40$, 1 литр 100%-ийн оранж жүүс 1,30$, 500 грамм тараг 2$, 1кг алим 5$ байна. Автобус, метроны нэг буудлын үнэ 2$ оос эхлэж, явсан буудлынхаа тоогоор үнэ нь нэмэгдэж явахыг хэлэхээ мартаж байна.
Япон хоол идэх “журам” нарийн. Цагаан будааны чанар дээд зэргийн сайн байна, цагаан будаа идэх ёс их нарийн юм. Бид нар будааны тухай мэдлэг муутай тул будааны талаар сэтгэгдэл тааруу улс юм, голдуу л будаа их идвэл сэрүүднэ гэхээс биш будаа хэрхэн идэх тухай ойлголт тааруугаа энд мэдлээ. Будаа тарих тийм амаргүй ажил бололтой. Будаа руугаа савхаа дүрсэн хүнийг хутга дүрсэнтэй адил үздэг гэнэ. Аяга тавагтаа ширхэг ч будаа үлдээх ёсгүй, хэрэв идэж чадахгүй бол хаана ч эхнээсээ таарах тохирох будаагаа авууштай, захиалууштай юм.
Япончууд үхрийн маханд “нугасгүй” боловч АНУ-д үхрийн махны импортод тавьсан хоригоос болж 2003 оноос хойш үхрийн махны мөрөөсөл болоод байгаа гэнэ. Уг нь Америк 1,4 тэрбум долларын үхрийн мах импорталдаг, муугүй бизнес боловч Японы талаас зөвшөөрөхгүй байгаа аж. Хоолны газрынхан “хоригоо цуцлаач хоолоо идмээр байна” гэж 1 сая 90 мянган хүний гарын үсэг цуглуулсан ч дийлэхгүй байгаа гэнээ.
Японд 20 нас хүрсэн хүнийг том хүн гэж тооцох бөгөөд 20 наснаас өмнө гэрлэж болохгүй гэнээ. 20 иос дээш насны хүн жилд 120 литр пиво, архи, саке уудаг гэсэн статистик байна. Энэ бол бидний төсөөлж байснаас хэд дахин илүү их гэсэн үг. Японы Асахи, Кирин, Саппоро пиво, Сантори виски алдартай. Сүүлийн үед япончууд Ирландын Гиннесс буюу хар пивонд ороод байгаа гэнэ. Аливаа их, бага гэлтгүй хоол ундны газар ороход гутлаа тайлахад байнга бэлэн байх ёстой шүү. Өөрөөр хэлбэл үнэр танар гарах вий бодоорой гэсэн сануулга.
Байгалийн аюулын аман дээрх Япон орон. Япон бол баруун руу чиглэсэн евроазийн техтоник давхарга, урагш зүглэсэн Филипиний давхрага, зүүн тийш чиглэсэн Номхон далайн давхрага гэсэн гурван давхаргын уулзварт оршдог орон учраас газар зүйн байрлалын хувьд бас ч нэг их таатай биш улс юм. Газар хөдлөх, тайпуун буюу далайн шуурга болох, галт уул дэлбэрэх гээд энэ орныг түгшээсэн юм бас мундахгүй ээ.
Япончуудыг хатуу хэлбэл толгойгоороо халуун уул дэрлэж, хөлөө их усанд дүрсэн улс бөгөөд Фүжи хайрханаа оруулаад 80 гаруй цооног амь голтой уугисан хэвээр байна. Толгой, хөлөөс ирэх аюул хоёулаа хэцүү. Толгой руу нь галт уул дэлбэрч, дороос нь их газар чичрэн, хөлөөс нь цунами цамнахгүй гэх газаргүй. Бага зэргийн газар хөдлөх бол байнга болдог орон юм. Биднийг ирж төвхнөх 7 хоногийн зуурт 2 ч удаа 3-4 баллын газар хөдөлж бид гэрээрээ яахаа мэдэхгүй сандрах, гайхах тэвдэхийн зуурт зогсож байлаа. 1995 онд далайн боомт Кобед болсон газар хөдлөлтийн дурсгалыг 2006 онд очиж үзсэн, тэнд үрэгдэж үгүй болсон хүмүүсийн дурсгалд зориулан нэг хэсэг газрыг тэр чигээр нь орхисон нь аймаар. Гэхдээ угаасаа газар хөдлөнө гэж тооцож бүх юмаа бодлоготой хийдэг улс аж. Өөрөөр хэлбэл газар хөдлөвөл яанаа гэсэн айдасыг хүний толгойноос аваад хаячихсан юм байна. Жишээ нь байшинг аль болох стандартын дагуу бат бэх барих, 10, 20 давхар байшинг пүршин дээр барих, барилга тус бүрийг хэдий бага боловч хооронд нь заавал зайтай барих, гэрлийн шил, бүрхүүлийг тааз, хананд бат бэх бэхлэх, хөдөлгөөнгүй байлгах, шил савыг заавал хамгаалалттай хийх зэрэг энгийнээс аваад хэцүү хүртэлх дээд зэргийн стандартыг маш нарийн мөрддөг аж. Иймэрхүү стандартыг зөрчиж барилгын арматур төмрийг хэдхэн милметр дутуу төмрөөр хийсэн нь баригдаж, бэлэн болсон 73 орон сууц, зочид буудлаа нураалгаж, авгай нь байшингаас нисэж үхэж байсан бизнесменийг зурагтаар үзэж билээ. Аливаа юм ийм л үнэнч шудрага, ил тод байж нийгэм хөгждөг бололтой.
Шинээр ирж байгаа хүнд хамгийн түрүүнд газар хөдлөвөл хэрхэх тухай танилцуулж гэр орон, албан газар өндөр тавилга тавихгүй байх, тийм зүйлээс хол унтаж хэвтэх, аюулгүйн гарц, орцыг байнга нээлттэй чөлөөтэй байлгах, газар хөдлөх үед гааз, цахилгаанаа шууд унтраах, бүх хаалгаа онгойлгох, шил сав, хүнд жинтэй юмнаас холдож, ширээн доор орж хоргодох, гартаа байнга гар чийдэнтэй байх, гарц хаалгаа толгойдоо тогтоож, мэдэж авах, машинаар явж байвал шууд зогсоод, хөдөлгүүрээ унтраах, элчин сайдын яамтайгаа шууд холбоо барих гэх мэт зөвлөгөөг өгдөг юм байна.
Тайпуун гэдэг үг хятад хэлний тай фун буюу их салхи гэсэн утгатай үг аж. Зун орой, намар эртдээ нэлээд болох энэ их шуурга бас айхтар аюултай эд гэнэ. Хамгийн сүүлд 1953 оны 9 сарын 26 нд нэг аюултай шуурга болж 5000 хүний амийг авч, 1 сая байшин нураасан гэнэ. Дээд тал нь секундэд 45 -50м хүрч шуурахаар юу тэсэх вэ дээ.
Япончууд Монголыг маш сайн судалдаг орны тоонд ордог. Японы Монгол судлал хоёр зууны уламжлалтай. Одоогийн байдлаар Япон дахь монгол судлал Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль, Осакагийн Гадаад Судлалын Их Сургууль, Тохокугийн Их Сургуульд төвлөрч, энд ирээдүйн монголч эрдэмтэн судлаач, монгол японы гүүр болж ажиллах хүмүүс бэлтгэгдэж байгаа бөгөөд монголоос эрдэмтэн багш нар тодорхой хугацаагаар залагдаж ирж багшилж байна.
Японы монголч эрдэмтдийн холбооноос жил бүр хоёр удаа эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Токио, Осакад ээлжлэн хийж байна. Мөн Токиогийн их сургууль, Васэда, Киотогийн Их Сургууль, Осакагийн Эдийн засаг, хуулийн их сургуулиуд, Осакагийн Угсаатны зүйн музейд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгдэж, томоохон төслүүд хэрэгжиж байна.
Аливаа хүн Япон оронд сакура дэлгэрэх хавар цагаар ирэхэд ажил төрлөө алжаалгүй сайхан амжуулж, Япон орныг тухтай тайван үзэн танилцаж, түүний тухай эргэцүүлэн бодох таатай сайхан цаг амой.

Б.Ирээдүй, Токио хот, 2008 оны 4 дүгээр сар.

1 comment:

Gegee said...

Meijigiin ezent gurnii ue ehelsen onii toog soliod bichchihsen bololtoi. (1868-iig 1968 gej)