7/26/2009

ХОЮУЛАНГИЙ НЬ ...


Өчигдөр би интернетээр FM 106.0 буюу Улаанбаатар хотын радиогийн долгион дээр Монгол Улсын Ерөнхий Сайд Санжаагийн Баяртай (Санжийн биш юм байна билээ, Ерөнхий сайд болсоны нь дараахан Британий нэг монголч эрдэмтэн эргэлзчихсэн надаас асууж байсныг нь зориуд нягтлан лавлаж өгсөнөө саналаа. Уг нь бол Санж нь зөв л дөө. Манайхан дуудлаганыхаа аа, ээ, оо, өө-г нэмээд Санж-ийг Санжаа, Цэцэг-ийг Цэцэгээ, Оюун-ыг Оюунаа, Төгс-ийг Төгсөө болгочихдог) өнгөрсөн хагас сайн өдөр хийсэн шууд ярилцлагыг давтан нэвтрүүлснийг сонслоо. Энэ ялдамд дурдахад www.mnb.mn дээр монголын үндэсний радио болон Р3 FM 100.9 радио шууд сонсох боломжтой байгааг мэдээлэе. Монгол улс даяар нэвтрүүлж байгаа үндэсний радиог гадаад далайн чанадад Монголд байгаа юм шиг чанартай сонсоно гэдэг бас сайхан хэрэг. Нөгөө Чаапигийн хэлээр за энэ яахав. Цаана чинь ... би шал өөр юм ярих гэсэн юм. Өчигдөрийн нэвтрүүлгийг хөтлөсөн сэтгүүлчийг жаахан шүүмжлэх санаатай байна. Юуны өмнө тэрбээр хэд хэдэн илэрхий дутагдал гаргалаа. Чухам хэн гэдэг хүн байсныг нь харин мэдсэнгүй. Бодвол Ерөнхий сайдтай ярьдаг мундаг хүн байгаа байлгүй. Монгол Улсын Ерөнхий Сайдтай хийж байгаа ярилцлага шүү дээ. Нэгдүгээрт, ярилцлагатаа ерөөсөө бэлтгээгүй байна, сайдын хэлж байгааг маш их дагаж уулгамчилж аялдан дагалдаж байна. Хоёрдугаарт, аанг, аанхан, ийнхаан, гэж малаар бол их мөөрч, янцгааж байна. Манай Лу багш ингэж ярьдаг хүнд үнэн голоосоо дургүй байж билээ. Чи ямар үхэр, адуу юм уу, хүн юм бол хэлээрээ за, тийм, үгүй гээд ярь гэж ирээд загнадаг сан. Үүнийг бодмоор. Гуравдугаарт, ярианы хэлний үг хэллэг их хэрэглэлээ. Монгол хэл бол ярианы хэлний олон төрлийн найруулгатай, олон төвшинтэй, тодорхой хэм хэмжээтэй хэл. Хаана хэнтэй ярьж байгаагаа сайн мэддэг, мэдэрдэг тэр бүрийд таарч тохирсон үг, хэллэг хэрэглэж байхгүй бол чөлөөтэй байна гээд өөрийнхөө дураар замбараагүй байж болохгүй л дээ. Хамгийн сүүлд сайдыг “хоюулангий нь ярих цаг дууслаа” гэлээ. Ерөнхий сайдтай ярилцлага хийж байгаа шүү дээ. Яагаад ингүүл гэж ярьдаг их хурлын гишүүн эмэгтэй байсан юм. Одоо ч хүн нь байгаа л даа, тэрэн шиг. Явж явж ерөнхий сайд маань харин логиктой, ойлгомжтой, хий зайгүй, төвшин сайхан ярьчихдаг юм байна. Ярих буюу үгүүлэх урлаг талаас нь ярьж байна шүү дээ. Улс төр талаас нь биш. Юу ярих нэг хэрэг, яаж ярих нь бас нэг өмнөө асуудал билээ.
16.06.2009

No comments: