7/26/2009

ФҮЖИ ХАЙРХАНЫ НААДАМ



Фүжи хайрханы наадам сайхан боллоо. Японд оршин суугаа монголчууд их хайрханы өлмийд Монгол наадмаа дэлгэр сайхан хийлээ. Тэмүжин Монгол хотхон, Япон дахь Монголчуудын холбооноос зохион байгуулсан эл наадамд есөн хөлт цагаан тугаа залж, Токио, Сайтама, Нагояа, Осака, Шизуока, Яаманаши зэрэг аймаг аймгаас ирсэн төрөл бүрийн ажил мэргэжил эрхлэж, сурч, судалгаа хийж буй Монголчууд хуран цуглалаа. Мөн монголыг дэмждэг, монголчуудтай хамтарч ажилладаг япончууд, монголд ажиллаж байсан ЖАЙКА-гийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.
Монгол үндэсний хүчит 32 бөх зодоглож аймгийн арслан С.Дамба уран мэх, ухаан самбаагаа уралдуулан түрүүлж, аймгийн начин Ж.Мөнххуяг үзүүрлэлээ. Залуу бөх Д.Тамир, Б.Мөнххуяг нар үлдэж аймгийн цолтнуудтай ана мана үзэж шөвгийн дөрөвт үлдлээ. Аймгийн арслан Дамба энэ оны гуравдугаар сард Токиод болсон Монгол үндэстний хаврын баярын барилдаанд мөн түрүүлсэн билээ. Сурын харваачид цэц мэргэнээ сорин хавтай сайхан харваж эрэгтэйд Эрхэмбаяр, эмэгтэйд Мөнхжаргал нар түрүүлжээ. 1-8 настай хүүхдүүдийн “морины” уралдаан хөгжилтэй хөөрхөн боллоо. Шатрын тэмцээнд Дижимо компаний ажилтан Д.Ганзориг, Амарзаяа нар түрүүллээ. Наадмын үеэр архи дарс, шар цагаан айраг, идээ будаа, хуушуур бууз, хавиргатай шөл гээд идэж, уухынх нь элбэг дэлбэг гэж жигтэйхэн байлаа.
Мөн наадмын үеэр Фүжи хайрхан ууланд гарах аялал зохион байгуулж Япон дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны ажилтан Т.Сэлэнгэ тэргүүтэй хэсэг залуучууд залуу хүмүүсийн ид хав, хүч тэнхээг үзүүлэн шөнийн 10 цагаас эхлэн авирч өглөөний улаан нарыг Фүжи хайрханы оройд угтлаа. Ер нь Фүжи Хайрханд гарах нь Японд суугаа монголчуудын бас нэгэн бахархал аж.
Фүжи хайрхан бол Хоншу аймгийн нутагт Кавагүчи, Яаманака, Сай, Мотосу, Шожи хэмээх таван нуурын дунд, Моунт Тате, Моунт Хаку хэмээх гурван сүжигт хайрханы нэг болж оршдог 3,776 метр өндөр, зэрэглэлээрээ 37 дугаарт ордог, хамгийн сүүлд 1707 онд амитай байсан уул юм. Энэ уул тэнгэр цэлмэг сайхан үед Токио, Ёокохама, Чиба, Сайтамагаас ил харагдана. Энэ ууланд долоон сарын нэгнээс найман сарын 27 хүртэл авирахыг зөвшөөрдөг бөгөөд шөнө дундаас эхлэн авирч өглөөний алтан нарыг өндөр хайрханы оройд үзэхийг санал болгодог аж. Бусад үед авирах боломжгүй аюултай цаг улирал гэж үздэг юм байна. Тийм учраас манай Монгол наадмын үеэр авирах нь хамгийн тохиромжтой цаг хугацаа аж.
Наадмаас буцсан зочид наадамчид зам зуураа Ширатонотакигийн гайхамшигт хүрхээг үзэж, Фүжи уулын үзэсгэлэнт таван нуурын нэг томоохон нь болох Кавагүчико нуурын эрэг дээр амран тухаллаа. Монгол залуу Жавхлан Ширатонотакигийн хүрхрээний 3 метр гүн цүнхээлд сэлж монгол эрийн зориг золбоо, хүч тамирыг гайхуулан олны нүд баясгав.
Наадмыг зохион байгуулсан “Тэмүжин Монгол хотхон” нь гурван жилийн өмнө байгуулагдсан юм байна. Арав орчим монгол гэрт Японы болон гадаадын жуулчдыг хүлээн авдаг аж. Энэ хотхон Фүжи хайрханы хормой үзэсгэлэнт сайхан бэлд байрлах бөгөөд Ц.Гантулга хэмээх Дүрслэх урлагийн сургууль төгссөн зураач залуу гэргийн хамт хариуцан ажиллуулж байна. Тэрбээр мэргэжлээс гадна морин хуур, хоёр гурван төрлийн хөөмийг өөрийн сонирхолоор чадварлаг сайхан сурсан авияасаа наадамчин олонд сонирхуулсан нь гэнэтийн сонин бэлэг боллоо. Тэрбээр бидний зорилго бол мөнгө зоос олохдоо бишээ, цаашид энэ наадмаа улам сайхан болгохын төлөө ажиллана, гол нь манайхан хүний нутагт байгаа ч гэсэн Монголдоо байгаа юм шиг наадах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэж итгэлтэй хэлж байлаа.
Ийнхүү Япон дахь Монголчуудын наадам өргөн сайхан болж өнгөрлөө. Дараа жилийн наадам юухан байх вэ дээ. Наадмын дараа эрүүл байвал улсын наадам үзнэ хэмээх алдарт яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн үг гүн утга агуулгатай болсон шиг санагдана.
2009.07.13, Токио хот

No comments: