МЭНД ЭРЛЭЭ ГЭМ ЗЭМ ИРЭХГҮЙ
Бидний монголчууд угаасаа хэдүүлхэнээ билээ л. Харь газар суугаа нь энэ олон сая хүн дотор бас л юухан болохов. Өнөөдөр дэлхийн томоохон улсууд тэр дундаа Англи, Америк, Япон, Солонгос, Герман, Швед, Хятад, Орос, зэрэг орнуудаар бардаагаар 100 гаруй мянган монголчууд таран суужээ. Бид дор бүрнээ алба ажлаа амжуулж, ном эрдмээ зузаалж, мөнгө зоосоо арвижуулж, зорьж ирсэн ажил хэргээ бүтээж байгаа улс. Жишээ нь Лондон хот 7 сая оршин суугчтай. Долоон сая Лондончуудын дунд гурван мянган Монгол хаана яваа нь мэдэгдэхгүй. Гэхдээ ямар ч үндэстэн өөр өөрийнхөө үндэс угсааг бараадаж төвхнөдөг жам ёстой ажгуу. Жишээ нь Солонгосууд л гэхэд Сауд Лондонгоор дүүрэн байдаг нь тэр хавьд байх Элчин сайдынхаа өргөөг бараадаж эхлэж төвхөнөсөн учиртай, арабууд Эдгров, Паадингтон хавиар дүүрсэн нь анх суурьшсан арабын баян шахын орон байртай холбоотой байх жишээтэй.
Тэгэхээр Монголчууд ч гэсэн Элчин сайдынхаа яамны байгаа зүгт буюу түүний ойр орчмоор Лондон хотын төвийн бүсийн баруун, баруун хойд чигт Кензингтон, Вест Кензингтон, Нотинг хилл, Кюнз вэй хавиар төвлөрөн суудаг нь ийнхүү гагц монголчуудын ч ёс биш юм. 1991 онд намайг Лондоны Их Сургуульд багшлахаар ирж байхад элчингийн хэд айлаас өөр өрх тусгаар голомтгүй, Лондоны их сургуульд мэргэжил дээлшүүлэгч хоёр оюутнаас өөр залуучуудгүй л байсан цаг саяхан. Англид сүүлийн 15 жилд монголчууд 5000 уулаа болтол өнөр өтгөн үндэстэн болж тэлээд өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна. Энэ бидний хувьд бас тийм ч бага биш тоо.
Ингээд нэг газар, нэг чигт төвлөрөөд дүүрээд ирэхээр бид биетэйгээ гудамж, дэлгүүр хоршоонд таарах, учрах, нэг автобусанд сууж буух тохиолдол бишгүй. Яагаад ч юм Монгол хүнийг хаанаас нь ч харсан нэг л нүдэнд дулаан, сэтгэлд өег, ерөөсөө Монгол хүн гэдэг нь мэдэгдээд байдаг.
Миний уриалах нэг зүйл монголчууд минь хаа таарсан газраа таних, танихгүй нь хамаагүй сайн байна уу гэж төв сайхан, хараа дээгүүр мэндлэж сурцгаамаар байна. Монгол гэдэг нь илэрхий байтал “гөлийж” өнгөрөх монгол хүн олныг харсаны дараа би сануулах цаг нь болжээ хэмээн бодсон юм. Сайн байна уу, гэж мэндлэж сурцгаая гэхээр хүмүүс энэ одоо юу яриад байна гэж бодож магадгүй. Яг үнэндээ энэ жижигхэн юм шиг боловч чухал зүйл шүү.
Бие биенээ Монгол хүний хувиар хүндлэн дээдлэж, таньдаг ч бай, таньдаггүй ч бай хүнтэй мэнд устай явдаг сайхан уламжлалаа өөрсдөө хэвшүүлж, үр хүүхэд, ач зээ нартаа өвлүүлэн зааж сургацгаая. Харийн газар хүний нутаг, гүний хушуунд зовхи нь өөдөө монголчууд минь нүүр дүүрэн баясаж, шүд дүүрэн инээж, бие биеэ хүндэтгэж явцгаая. Мэнд эрлээ гээд зэм ирэхгүй.
2006, Английн Монголчуудын "Монгол Мэдээ" сонинд гарсан товч нийтлэл
No comments:
Post a Comment