Сүүлийн хэдэн жилд нэлээд хэдэн хүний номыг эрхилэж (редакторлах гэдэг орос үгийг ийн хэлээд дадаж байх шиг байна) өмнөх үг бичсэн билээ. Өмнөх үгийг манайхан бас л уялга үг, оршил үг, нээх үг, удиртгал үг гэх мэтээр олон янзаар нэрлэж байгаа энэ нь ч зөв санагддаг. Номд өмнөх үг бичнэ гэдэг бол бас зүгээр сууж байгаад хийчихдэг халтуурын ажил биш бас л нэг цаг зав, ажил болдгон үзэж харж, хийдэг эд юм. Тийм учраас бичсэн уялга үгнүүдээ нэг бүлэг болгон блогтоо оруулбал эмх цэгцтэй сонин юм болов уу гэж бодлоо. Ингээд саяхан үзэж уялга үг бичсэн Манибадарын Шагжжав багшийн "Хэлц ба сургаал үгийн тайлал" номын өмнөх үгийг эхлэн хийлээ. Энэ ном өнөө маргаашгүй уншигчдын гарт очно.
Хүний ой ухааныг гэгээрүүлэх бичиг
Ном болгон өөрийн очих эзэнтэй, тэр таарч тохирсон уншигчдаа очиж ой ухааныг нь гэгээрүүлж, эрдэм номыг нь зузааруулж, ухааруулж байдаг. Мани мэтийн хийсэн номууд нийт олны төлөө гэхээсээ хэсэг бүлэг хүмүүст зориулсан байх нь элбэг.
Харин ахмад багш Мээрэн овогт Манибадарын Шагжжав гуай бээр “Хэлц ба сургаал үгийн тайлал” хэмээх түмэн олонд зориулсан сайхан номоо үзүүлэе хэмээн хаа хол суугаа надад хүргүүлсэнд талархан чадахын хэрээр үзэж удиртгал үг бичиж байгаа минь энэ болой.
Монгол хэлний хэлц үг, зүйр цэцэн үг бол хүний амидралын ерөнхий зарчим, тэр байтугай гүн ухааны ойлголтуудыг маш товчлон базаж нэг хоёр мөрөнд шахаж боловсруулсан оюун ухааны цогц оюун дүгнэлт байдаг бөгөөд үүнийг зүгээр нэг цагаан толгойн дэсэд оруулж жагсаахаас илүү ийнхүү утгыг дор дор нь нягтлан тайлж, учрыг олж, хужрыг тунгаах гэж ядаж байгаа залуу хөвгүүдийн оюуны амыг нээж өгөхөөр бодож найруулсан нь хэрэглээний хувьд хэн ч сэтгээгүйгээрээ шинэлэг ном болжээ гэж бодож байна.
Монгол хэлний зүйр цэцэн үг, сургаал үгсийг эрдэмтэд янз бүрээр толилон олны мэлмийд барисан ч яг энэ ном шиг сайхан тайлсан нь юу л бол. М.Шагжжав багш бол ёстой хэрэгтэй цагт нь, хэрэгтэй газар нь цагаа олж түмэн олонд буянт зүйл хийсэнд мэргэжлийн хүний хувьд бахархан тэмдэглэж байна.
Сургаал үг нь харицангуй утга санаа нь ил тодорхой байдаг бол хэлцийн утга мөд далд байдгаараа онцлогтой. Тухайлбал, “Ам хэлээр нь биш, ажил төрлөөр нь үнэл.” гэсэн сургаал үгэнд яриж хөөрхөөс нь илүү хийж, бүтээснийг нь хар гэсэн утга бараг шууд шулуун ойлгогдох бол, харин “ “Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэх” гэдэг хэлцийн утга бол өөрт тохиолдсон сайн боломжоос зугтаах, боломжоо алдах гэсэн шиг далд утгатай юм. Үүний учир жанцанг л М.Шагжжав гуай ухаан сууж, өдлөн жигүүрлэж байгаа хүүхэд багачуудын гэлтгүй томчуудын орой руу нь ортол сайхан тайлж, тайлбарлаж өгсөнд уг ухаант буурлын номын ухаан, ач холбогдол зэрэг оршино.
Нэг үеэ бодвол Монголоо, монгол бичиг соёл, ёс уламжлалаа гэх болсон өнөө үед иймэрхүү өнөөгийн хүний шаардлага хэрэгцээг хангасан хэрэглээний ном, гарын авлага илүү олон төрлөөр хэрэгтэй байгааг дурдалтай. Номын буян найман зүгтээ түгэн дэлгэрэх болтугай.
Токио Гадаад Судлалын Их Сургуулийн
Профессор, хэлшинжлэлийн ухааны доктор Ж.Бат-Ирээдүй
Профессор, хэлшинжлэлийн ухааны доктор Ж.Бат-Ирээдүй
Япон Улс, Токио хот, 2010.01.10
No comments:
Post a Comment