Showing posts with label Нийтлэл унших хичээл. Show all posts
Showing posts with label Нийтлэл унших хичээл. Show all posts

7/24/2010

БААБАР: “ТАВАНТОЛГОЙ”




Нүүрс нь одоогоос 1 саяас 400 сая жилийн өмнө байсан ургамлын чулуужсан[1] үлдэгдэл юм. Одоогоор мэдэгдэж байгаагаар манай гариг дээр 1 ихнаяд[2] орчим тонн нүүрсний нөөц байгаа аж. Энэ бол 10-ын 12 зэрэгт[3] болж байна. Нөөцийн ихэнх нь Австрали, Хятад, Герман, Энэтхэг, Орос, Индонез, Польш, Өмнөд Африк гэсэн хэдхэн оронд ноогддог байна. Антрактид болон Хойд мөсөн далайн дор асар их нөөц бий гэж бас ярьдаг.
Нүүрсийг хүн хэдийнээс түлшинд хэрэглэж эхэлсэн нь мэдэгддэггүй, лав л маш эрт байж таараа. Харин анхны уурхай Хятадад 300 орчим онд нээгдсэн бол Тан улсын үеэс нүүрс нь тэдний гол түлш болжээ. Европчууд XIII зуунаас нүүрсний аж ахуй эрхлэх болж XVII зуунаас англичууд дэлхийн олзворлолтын[4] 80 хувийг дангаараа гарган, энэ үйлдвэрлэлд 200 жил ноёрхсон гэдэг. Одоо Хятад дангаараа 1,2 тэрбум тонн нүүрс жилд олзворлон тэргүүлж байхад Англи үүнээс 12 дахин бага үйлдвэрлэлээр 10 дугаар байр эзэлж байна. Дэлхий даяараа 5-6 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэж ашигладаг бололтой.
Хэдийгээр цөмийн, дотоод шаталтын[5], сэргээгдэх зэрэг эрчим хүчний шинэ шинэ эх үүсвэр[6] нээгдсээр буй боловч өнөөдөртөө нүүрс нь голлох үүрэг гүйцэтгэсээр байна. Нүүрсийг нүүрс төрөгчийн агууламжаар[7] нь дөрөв ангилдаг юм байна. Энэ нь чулуун нүүрс, битүм[8] нүүрс, хагас битүм нүүрс, хүрэн нүүрс. 82-87 хувийн нүүрстөрөгчийн агууламжтай битүм нүүрснээс кокс[9] гаргаж авна. Үүнийг бас коксжих нүүрс ч гэнэ. Кокс гэдэг нь гангийн[10] үйлдвэрлэлд хэрэглэдэг боловсруулсан түлш. Маш их дулаан ялгадаг. Үүнийг битүм нүүрсийг агааргүй орчинд шатаан гаргаж авна. Байгаль орчинд маш хортой технологи гэх, учир нь энэ процесст хүхэр[11] их хэмжээгээр ялгаран дэгддэг, тэр нь хур тундастай эргэж буудаг аж. Дээрх бүх мэдээллийг нэвтэрхий толиос олж авлаа.
Монгол орон нүүрсээр маш баялаг. 35 орчим тэрбум тонн нүүрсний нөөц илрээд байна гэх юм.
Гэхдээ геологийн цаашдын хайгуулаар маш их нэмэгдэх биз. Ингэхээр дэлхийн бүх нөөцийн юутай ч 3-4 хувь нь манайд байгаа юм байна. Гэтэл нүүрсний аж үйлдвэрлэлд олзворлолтоосоо илүү чухал юм нь тээвэрлэлт[12] гэж үздэгээрээ бусад ашигт малтмалаас онц ялгаатай аж. Овор хэмжээнээс болж буй хэрэг, зэс шиг баяжуулах, цэвэрлэх гэх мэтээр хэмжээг нь багасгах аргагүй, олзворлосон болгоноо тэр чигээр нь зөөнө. Дэлхийн ачаа тээвэрлэлтийн 85 хувь нь далайн тээвэр, далайд нэг гарчихвал хол ойрын ялгаа үгүй. Ингэхээр хүн ам шигүү[13] суудаг үйлдвэржсэн район болон эргээс холгүй газрын нүүрсний орд л үнэ цэнтэйд тооцогдоно. Эх газрын гүнд байрлалтай, үйлдвэржээгүй, хүн ам сийрэг, дэд бүтэц ядмаг[14] Монголын хувьд нүүрс нь үнэ цэнэ муутай эд. Хавийн хэдэн аймгаа хангадаг Өвөрхангайн Тээгийн, Говь-Алтайн Чандаганы нүүрсний уурхайн хувьд олзворлолт биш тээвэрлэлт нь хавьгүй илүү бэрхшээл учруулдаг, өртөг нь тэр хэрээрээ өсдгийг хэн хүнгүй[15] мэдэх байх. Ийм л учраас хөрш орны нүүрсээ холоос татдаг газрууд л манайхаас нүүрс сонирхдог. Тухайлбал Дорнодын цаагуур байгаа Хөлөнбөөр аймгийг хэлж болно. Иймээс л тухайн үедээ Тавантолгойн нүүрсийг социалист орнуудад олон арван жил санал болгосон ч цаадуул нь тээвэрлэлт гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй билээ.
Битүм буюу коксжих нүүрсний хувьд бусад төрлийн нүүрснээс арай өөр үнэлэмжээр[16] ханддаг. Гангийн үйлдвэрлэл нь энэ нүүрсээс гаргаж авсан коксоор “хооллодог”[17] аж. Америк, Зөвлөлт хоёр энэ салбарт уралддаг байсан үе ард хоцорч[18], Зүүн Ази ган үйлдвэрлэлээр тэргүүлэх болжээ. Өдгөө коксжих нүүрсний нийт хэрэгцээний 54 хувь нь Япон, Солонгос, Хятад гэсэн хэдхэн оронд ноогдож байна. Дэлхийн нийт нүүрс олзворлолтын 10 хүрэхгуй хувь нь коксжих нүүрс юм байна. Японы хэрэгцээ жилдээ 100 сая тонн, Солонгосынх 25-30 сая. Дэлхийн хамгийн том гангийн компани Поско нь Солонгосынх. Дэлхийг өнөөдөр кокжих нүүрсээр Аляск, Энэтхэг, Индонез, Австрали хангаж байна.
Энэтхэгийн энэ үйлдвэрлэл эрхэлдэг Металл зэрэг компани овор хэмжээгээрээ бизнесийн бүх салбарт хамгийн томын нэгд тооцогдож байгаа.
Тавантолгой нь одоо тогтоогдоод байгаагаар 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, үүний дотор коксжих битүм нүүрс нь 1.5 тэрбум тонн ажээ. Энэ тоо ашиглалтын явцад нэмэгдэх биз, бүх нөөцөө тогтоочиж байгаад ашиглаж эхэлдэг мангар юм[19] хаана ч үгүй. Байгаа энэ байдлаараа асар том орд. Үүний гол онцлог нь томдоо байгаа аж. Нэг дороос ийм том ордыг ашиглах нь урт удаан хугацаанд бага зардлаар маш ихийг олзворлоно гэсэн үг. Тавантолгойн хамгийн том давуу чанар энэ. Тэгээд ч чанар сайн, дулаан ялгаруулалт нь өндөр. Таван толгойг 10 хуваагаад хаячих юм бол ямар ч үнэ цэнэгүй болно. Аравны нэг шиг нь орд энд тэндгүй, Монголд ч цөөнгүй бий. Нэг үгэндээ[20] Тавантолгойд 10–ын оронд нэг л төмөр зам татах нь.
Нөгөөтэйгүүр[21] зөвхөн Номхон далайн эрэг хүрч л байж үнэ цэнэтэй болно. Учир нь гол хэрэглэгч нь тэнд бий. Иймээс Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх нь олзворлохоосоо хавьгүй илүү ач холбогдолтой, илүү өртөгтэй, илүү хүнд болой. Саяхан болсон Тавантолгойг ашиглах тэндэрт[22] 10 гаруй субьект[23] саналаа өглөө. Хятад, АНУ, Орос, Бразил, Энэтхэг, Австрали, Япон, Солонгос зэрэг орны компаниуд сонирхов. Таван толгойг зарим нэгний тайлбарлаж байгаа шиг хүрзээр[24] 4 метр гүн ухаад л болчихдог эд биш, олон тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардсан аймшигтай[25] том үйлдвэрлэл. Энд асар их дэд бүтэц шаардахаас гадна техник, технологи, нөхөн сэргээлт[26], байгаль орчны тэнцвэр хадгалалт гээд олон нөхцөл биелэх учиртай.
Нийт хөрөнгө оруулалт олон тэрбум доллар болно, үүнийг одоогоор тогтоох хараахан болоогүй байна, учир нь гол асуудал болох тээвэрлэлтийг хэн хариуцсанаасаа болоод янз бүрээр шийдэгдэх юм. Тээвэрлэлтээ оруулалгүйгээр цахилгаан станц, цементийн[27] үйлдвэрлэл, ус ашиглалт гээд явахаар юутай ч 4 тэрбум доллароос доошгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй.  Цэвэршүүлсэн алтыг унци нь яг тийм үнэтэй гэж хэлж болдог бол нүүрсийг болдоггүй онцлогтой гэнэ. Гангийн үйлдвэр, цахилгаан станцийг боловсруулж хольсон яг тухайлсан[28] нүүрсээр хангадаг, энэ нь хэрэглэгчийн гадаа ирж буулгаснаар эцсийн үнэ тогтдог аж.
Тухайлбал Улаанбаатарын IV цахилгаан станцыг яг л Багануурын хүрэн нүүрсэнд зориулж барьсан. Өөр нүүрс таарахгүй. Үлгэрлэвээс Поско компаний IV ган хайлуулах үйлдвэрт яг ингэж боловсруулсан, ийм калоритой нүүрс хэрэгтэй, өөрийг бол болохгүй. Тэр бэлэн бүтээгдэхүүн нь яг тийм үнэтэй, харин Токиогийн IV үйлдвэр шал өөр илчлэгтэй нүүрс хэрэглэж байх жишээтэй, тэр нь өөр үнэтэй. Иймээс жишээ нь Австрали, Энэтхэгийн коксжих нүүрсний уурхайн дэргэд яг тэр үйлдвэрт зориулсан гээд бараг л боож савлах шахсан түлшийг тус тусад нь бэлддэг, тус бүрдээ өөр үнээр борлогдох[29] юм билээ. Голдуу хольж илчлэгийг нь тохируулна. Илчлэгээс гадна өөр олон үзүүлэлт байдаг байх.
Ингэхээр Тавантолгойн коксжих нүүрсийг хүрзээр утгаж аваад вогооноор[30] зөөн дэлхийн тогтсон үнээр Японыг шууд хангана гэх нь дэндүү гэнэн хөөрөл[31], мозамбикчууд ч ийм эргүү юм[32] ч ярьдаггүй. Бүх төрлийн нүүрсний дундачилсан үнэ 2003 оноос дөрөв дахин өссөн, харин хямралаар эргээд хоёр дахин уначихаад байна. Үнийн өсөлтөөс болоод л манай нүүрс сонирхогдож эхэлсэн, өөрөөр хэлбэл тээвэрлэлтээ даагаад цаана нь ашиг гарч байна гэсэн үг. 
Хятад улс дэлхийн хамгийн том нүүрс олзворлогч, хамгийн том хэрэглэгч, хамгийн их нөөцтэй орон. Тэд мөн коксжих нүүрсээр баян. Харин орд нь өмнөд Хятадын Юнань, Хунань мужид байдаг. Төмрийн үйлдвэрлэл нь нөөцөө дагаад Өвөр Монголд байх. Бугат бол дэлхийн төмөрлөгийн үйлдвэрлэлийн нийслэл. Өмнөд мужид олзворлосон коксжих нүүрсийг далайгаар зөөн Тяньжин хотод авчирч боловсруулдаг. Энд Герман-Хятадын хамтарсан коксийн үйлдвэр бий. Бэлэн болсон коксоо төмөр замаар Бугат руу зөөнө, тодорхой хувийг нь далайгаар Герман руу гаргадаг. Ингэхээр Хятад бол кокс экспортлогч орон мөн. Хятадууд Шинжааны Таримын бассейнд маш том коксжих нүүрсний орд нээсэн. 1990 онд Ерөнхий сайд Бямбасүрэн Хятадад айлчлахдаа Ли Пэнд Тавантолгойн нүүрсийг хамтарч ашиглах санал тавихад Таримд асар их нөөц нээгдсэн гэдгээр шалтаглан татгалзсан[33].
Гэвч элсэн цөлд[34] буй энэ ордын тээвэрлэлт олзворлолтын өртөг дэндүү их учир одоо болтол тэнд юу ч хийгээгүй байна. Технологи хямдарч бололцоо гаран Таримын нөөцийг ашиглаад эхэлбэл Таван толгойн ач холбогдол эрс буурах юм. Цаг хугацааны л асуудал[35]. Хэн түрүүлсэн нь хожино! Өнөөдөртөө Хятадад Тавантолгойн нүүрс маш хэрэгтэй. Мөнөөх л тээвэрлэлт. Монголын хилээс Бугат хүртэл ойрхон. Ингэхээр солилцооны асуудал үүснэ. Тавантолгойгоос авсан нүүрснийхээ оронд Юнанийн нүүрсийг далайд гаргаж өгнө гэсэн үг. Энэ нь хоёр талд хоюуланд[36] нь маш ашигтай. Олон саяыг хэмнэх болно.
Мөн Хятад нь монгол нүүрсийг далайд хүргэж өгөх хамгийн дөт замтай. Далайд хүрч байж манай нүүрс мөнгө болно. Энэ нь тээвэрлэлт хийж буй Хятадын талд ч том наймаа. Монголд хөрөнгө оруулах гэсэн сонирхогч нь Шинхуа хэмээх улсын компани. 8 тэрбум тонн нүүрсний нөөц эзэмшдэгээрээ дэлхийд хоёрт ордог том компани. Харамсалтай нь байгуулагдаад дөнгөж 10 гаруй жил болж байгаа туршлага муутай, гол нь коксжих нүүрс огт хариуцдаггүй учраас борлуулалтын асуудал дээр энэ зах зээлийн шинков[37].
Хойд Хятадын нүүрсний салбарыг атгадаг[38] учраас л Монголд “томилогджээ”.
1906 онд байгуулагдсан Транс-Сибирийн төмөр зам, 1976 онд Брежневийн барьсан БАМ буюу Байгал-Амарын төмөр замын ашиглалт маш муу байгаа. Сибирийн мод зөөдөг бараг ганц ажилтай. Нүүрс зөөвөл жинхэнэ ачаатай болж буй нь тэр.
Оросууд жараад оны үед Якутад коксжих нүүрсний асар том орд, энэ зуун гарсаар Тувад дутахгүй том орд нээсэн байна. Гэтэл умрын цэвдэг[39], Саяаны нуруу руу төмөр зам татах хямд технологи одоо болтол олдоогүй, хэрээс хэтэрсэн[40] өртөгтэй болчих гээд буй хэрэг.
Технологи сайжран эдгээр орд ашиглагдаад эхэлбэл Тавантолгойн ач xолбогдол бас л муудна. Цаг хугацааны л асуудал. Хэн түрүүлсэн нь хожино! Оросын талаас Тавантолгойн гол сонирхогч нь РЖД буюу Оросын төмөр зам. Иймээс РЖД-ийн дарга Якунин сүүлийн үед наашаа их айлчламтхай[41] болчоод байна. Мэдээж төмөр замынхан нүүрсний орд ашиглалт, олзворлолтыг сонирхохгүй, тэгээд ч Орост тийм их мөнгө үгүй. Тэд Тавантолгойд хувьцаа оруулаад тээвэрлэлтээ баталгаажуулах сонирхолтой байна. Дутагдалтай тал нь Монголын говиос Оросоор дамжин далай хүрэхэд бараг 5 мянган км болж буй учир нүүрсний үнэ ч талийж[42] өгнө дөө.  Тавантолгойг сонирхогч дараагийн компаниуд Солонгос, Японых. Эд бол жинхэнэ хэрэглэгчид. Нийлээд жилд бараг 130 сая тонн коксжих нүүрсний эрэлттэй[43]. Аль ч улс үндэсний аюулгүй байдлын талаасаа амин чухал[44] түүхий эд, ялангуяа эрчим хүчний эх үүсвэрээ аль болох олон талаас хамааралтай болгохыг хичээнэ. Оросын жижигхэн хот Ачинскаас бүхэл бүтэн Монгол улс шатахууны хувьд 100 хувь хамааралтай[45] байдаг, яаж зовдог билээ?
Ингэхээр Япон Солонгос хэрэгцээнийхээ 10-15 хувийг Монголоос хамааруулах сонирхолтой байна. Мөн төмрийн ордыг нь түшиглэн Монголд гангийн үйлдвэр барьж болох бололцоог солонгосчууд судалж байна. Чингэвэл[46] бараг тээвэрлэлтгүй, бүх түүхий эд нь эндээ байдаг хямд өртөгтэй үйлдвэрлэл явуулах бололцоо бий. Ийм ийм шалтгаанаар сонирхож буй. Харин уул уурхайн ямар ч туршлага үгүй эдгээр орнууд нүүрс олзворлолтонд оролцохыг хүсэхгүй, хувьцаа оруулснаар худалдан авах баталгаагаа буй болгох гэж байгаа юм.
Мөн Оюутолгой, Тавантолгойг дагасан үйлдвэрлэл, дэд бүтцэд оролцох сонирхолтой. Ганц Таван толгойг 500-800 төрлийн бизнес дагалдаад гараад ирнэ гэж байгаа. АНУ, Австрали, Энэтхэгийн компаниуд мөн өрсөлдөж байна. Эдгээр нь уул уурхайн асар их туршлагатай, өөрийн борлуулж сурсан зах зээлтэй учраас Монголд хандаж байгаа юм. Манайхны хэлээр[47] энэ барааны мэргэшсэн ченжүүд[48] юм даа. Чухам Япон Солонгосын хэрэгцээг энэ гурван орны компаниуд тал талаас нь зөөвөрлөн хангадаг билээ. 
Бид хэчнээн хэмжээний нүүрс гаргаж чадах вэ? Коксжих нүүрсний дотоод хэрэгцээ байхгүй учир зөвхөн экспорт л ярина. Гал түлэхээр[49] зуух хайлуулчихдаг илчлэгтэй нүүрс дээ. Баримжаа авахын тулд Эрдэнэт жилдээ 180 мянган тонн баяжмал буюу шороотой зэс гаргадаг гээд бодчих. Оюутолгой ашиглалтанд ороод бүх хүчин чадлаараа ажиллаад дээд тал нь 400-500 мянган тонн “шороо” зөөнө.
Гэтэл Өмнөговийн “Тавантолгой” хэмээх орон нутгийн жижиг компани ачааны машинаар урагшаа нэг сая тонн нүүрс гаргаж байна. Зургаан Эрдэнэтийг зөөж буй хэрэг. Машинаар үүнээс илүүг зөөх бараг бололцоогүй юм билээ. Гээд ингэж зөөгөөд зөөгөөд[50] 1,5 тэрбум нөөцийг мянга таван зуун жил тээвэрлэх нь! Нөгөө, хүрзээр ухаад зөөчихдөг чинь энэ! Байгаль орчны бохирдол, бүдүүлэг технологи, хөдөлмөрийн аюулгүй нөхцөл[51] гээд үй түмэн юмыг тооцохоо ч болъё. Ингэж бүдүүлэгтсэний[52] өртөг ч өндөр, хүргэх үнэ нь ч өчүүхэн. Тэр хэддээ л болоод байгаа байх.
Ер нь орчин үеийн уул уурхайд технологийн дэвшил хамгийн гол үзүүлэлт. Британий “Natural Resourсes” лавлах номонд өгүүлснээр Америк, Европын нүүрсний үйлдвэрлэл сүүлийн 30 жилд бүтээмжээ хоёр дахин нэмсэн мөртөө[53] ажиллах хүчнээ хоёр дахин багасгасан гэнэ. Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Энэтхэг, Хятад хоёр олзворлолтын голыг гараар нугалдаг[54] аж. Энд сонин тоо байна - америкийн нэг нүүрсний уурхайчны жилийн бүтээмж 15 мянган тонн байхад, хятад уурхайчных ердөө 300 тонн байх юм! Хүнээр л зодож[55] байгаа биз? 2006 онд л гэхэд Хятадын нүүрсний уурхайд 6 мянган гаруй ажилчин осолдож нас баржээ. Уурхайн аюулгүй байдал, байгаль бохирдуулалт[56], ус хомсдуулалтыг Хятадад тооцоолдог ч үгүй учир статистик[57] байхгүй, лавтай аймшигтай дүн гарна гэж уг номонд бичжээ.
Тавантолгойгоос жилд 20 сая тонн тээвэрлэхэд 100 жилийн нөөц байна. Өнөөдөр манай төмөр замын нэвтрүүлэх чадвар хадаад[58] л 10-15 сая тонн. Үүн дээр нүүрс зөөх нэмэлт 20 сая тоннын тээвэрлэлт буй болгохын тулд Монголын төмөр замыг хэд дахин өргөжүүлэх шаардлагатай Одоохондоо үүнээс илүүг гаргах бололцоогүй биз. Энэ нь хэдэн тэрбум доллар болно. Оюутолгой, Тавантолгойг зөвхөн эрчим хүчээр хангахын тулд 3.5 мегаваттын станц хэрэгтэй гэнэ. Монголын одоогийн хэрэгцээнээс тав дахин их. Үүнийг барихад 3,5 тэрбум доллар. Монголын эдийн засгийн жилийн бүх эргэлт саяхан уг нь 4 тэрбум доллар буюу цахилгаан станцын хэмжээнд хүрч байсан юмаа, даанч хямрал болоод ердөө 2 тэрбум ч хүрэхээ болчихлоо, золиг гэж[59]!
2009.2.14




[1] чулуужих – чулуу болж хатуурах, чулуу шиг болох, цахиуржих.
[2] их наяд – тоо. арван наяд буюу нэг триллион
[3] 10-ын 12 зэрэгт – их наядтай тэнцэх тооны нэрийн өөр нэг хэлбэр.
[4] олзворлолт – олзлон авсан, өөрийн хүчээр гаргах, авах.
[5] дотоод шаталт –шатсан түлшний химийн энергийг механиз энерги болгосон нь
[6] эх үүсвэр – нөөц бололцоо,
[7] нүүрстөрөгчийн агууламж – нүүрстөрөгчийн хэмжээ, агуулгад байгаа хэсэг
[8] битүм – гад. нэгэн төрлийн нүүрсний нэр.
[9] кокс – гад.чулуун нүүрс, хүлэр зэргээс агаар оруулалгүйгээр улайсгаж гаргаж авдаг хатуу түлшний нэгэн төрөл, шатанги хүлэр ч гэдэг юм.
[10] ган – мөнгөлөг цайвар өнгөтэй хатуу бөмбөлөг
[11] хүхэр -  шар өнгийн шатамхай химийн бодис,
[12] тээвэрлэлт  - тээвэрлэх үйл явц, зөөх, тээх.
[13] шигүү -  өтгөн, өтгөн шигүү, их.
[14] ядмаг – ядуу, ядруу, баян чинээлэг биш,
[15] хэн хүнгүй – хэн нэгэн, хүн бүр, бүгдээрээ,
[16] үнэлэмж – үнэлгээ, үнэлэх явдал,
[17] хооллох – хэлц. хоол маягаар хэрэглэх нь
[18] ард хоцрох – нэгэнт цаг үеэ өнгөрөөх.
[19] мангар юм – тэнэг явдал, тэнэг хэрэг,
[20] нэг үгэндээ – нэг үгээр хэлбэл, өөрөөр хэлбэл
[21] нөгөөтэйгүүр – нэг талаас, өөрөөр хэлбэл,
[22] тэндэр – гад. тендер гэдэг үгийн өөр нэг бичлэг, өрсөлдөөн,
[23] субьект – гад. этгээд.
[24] хүрз – юмыг ухаж малтаж хутгах, хамах, хусах, хүний хэр хэмжээнд таарсан төмөр багаж.
[25] аймшигтай – ярь. маш их, тун их гэсэн утгаар
[26] нөхөн сэргээлт – сүйтгэсэн зүйлээ эргүүлэн хуучин байдалд оруулах, нөхөж буцааж сэргээх.
[27] цемент – гад. маш нягтруулсан чулуулгын холимог нунтаг барилгын гол түүхий эдийн нэг.
[28] тухайлах -  онцлох,
[29] борлогдох – зарагдах, худалдагдах.
[30] вогоон – гад. ярьв вагон
[31] гэнэн хөөрөл – сэтгэл хөдлөл, сэтгэлийн хөдөлгөөнөөр
[32] эргүү юм -  тэнэг зүйл, тэнэг хэрэг.
[33] татгалзах – үл зөвшөөрөх, аливаа зүйлийг хийхээс татгалзах,
[34] элсэн цөл – элсэн манхан, элснээс өөр юмгүй газар
[35] цаг хугацааны асуудал – цаг хугацаанаас шалтгаалах хэрэг явдал
[36] хоюул -  ярь. хоёул гэдэг үгийн ярианы хэлэнд ойртуулсан өөр нэг хэлбэр
[37] шинков – монгол үгэнд орос хэлний дагавар залгаж үүсгэсэн шинэхэн, шинэ тутам гэсэн утгатай этгээд хэлц.
[38] атгах – хэлц. мэдэх, мэдэлтэй байх, эрх мэдлийг барих гэсэн утгатай
[39] цэвдэг – мөст, хөлдүү газар
[40] хэрээс хэтрэх – хэр хэмжээнээс давах, хэмжээ дамжаанаас гарах, хэтрэх.
[41] айлчламтхай – айлчлах дуртай
[42] талийх – өсөх, нэмэгдэх, явж өгөх.
[43] эрэлт – хэрэгцээ, шаардлага
[44] амин чухал  - маш чухал
[45] хамааралтай – хамаарах, бие биедээ нөлөөлөх.
[46] чингэвэл - холбоос үг. ингэвэл, тэгвэл гэх мэттэй утга дүйнэ.
[47] манайхны хэлээр – манайхны ярьдагчлан, ярьдагаар
[48] ченж – солих, наймаалах ажилтай
[49] гал түлэх – галлах, гал өрдөх.
[50] зөөгөөд зөөгөөд – хэчнээн зөөсөн ч, хэчнээн авсан ч
[51] хөдөлмөрийн аюулгүй нөхцөл – хөдөлмөр, ажил хийх нөхцөл байдал, бололцоо
[52] бүдүүлэгтэх – бүдүүлэг зан гаргах.
[53] мөртөө – боловч, гэсэн ч,
[54] гараар нугалах – машин технизээр биш, гар аргаар гол ажлыг хийх ,бүтээх
[55] хүнээр зодох – хүний тоогоор аархах, хүний хүчээр түрээ барих, юун түрүү хүнийг ашиглах
[56] байгаль бохирдох – байгаль орчныг бохирдуулах.
[57] статистик – тоо бүртлэл, дүн бүртгэл,
[58] хадаад – өсөөд, нэмэгдээд,
[59] золиг гэж  - хар. харамссан утга илэрхийлсэн зүхэл үг.

7/01/2010

БААБАР: "ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААН УУ, ДАЙН УУ?"




БААБАР

Цэргийн шинжлэх ухаанд дайн, байлдаан, тулалдаан, будилаан[1], мөргөлдөөн, өдөөн хатгалга[2] зэрэг нь өөр өөр утгатай байдаг бололтой.
Халх голын явдал нь эхнээсээ дуусах хүртлээ хилийн маргаанаас үүдсэн мөргөлдөөн[3] байсан. Зөвхөн Монголд л үзэл суртлын зорилгоор[4] үүнийг дайн байсан гэж нэг биш удаа тэмдэглэжээ. Энэ мөргөлдөөний гол оролцогчийн нэг Орос Зөвлөлтийн түүхэн тэмдэглэлд нэг ч удаа “война” гэж нэрлэж байгаагүй, “бои” гэдэг нь байлдаан, тулалдаан гэсэн үг юм.
Монголчууд Номонхаан хүртэл байлдаж Манжгогийн нутаг дэвсгэрт халдсан гэдэг логикоор[5] “Номонхааны будилаан” (incident) гэж япончууд нэрлэдэг бол, япончууд Монгол улсын нутаг Халх гол руу довтолсон гэсэн утгаар зөвлөлт монголын түүх бичлэгт “Халх голын байлдаан” гэж нэрлэх болжээ.
1934 онд япончууд Зүүн хойд Хятадад Манжго хэмээх тоглоомын улс[6] байгуулснаар Монгол улс Манжгогийн хооронд хилийн маргаан[7] үүсчээ. Энэ маргааныг зохицуулахаар Манжуул өртөөнд Монгол, Манжгогийн төлөөлөгчдийн хэлэлцээ хэд хэдэн удаа болж ямар ч амжилтанд хүрсэнгүй. Манжго болохоор өөрийн хилийг Халх голоор байх ёстой гэж үзэж байхад монголчууд угаас Халхын хил түүхээрээ Халх найман сүмээр[8] байсаар ирсэн гэж үзэж байлаа.
Шинэ байгуулагдсан улсын хилийн наана цаана барга монголчууд, халх монголчууд зэрэгцэн амьдардаг тул димаркаци[9] хилийн тухай урьд нь ойлголт огт байгаагүй газрын тухай маргаан байлаа.  Юутай ч[10] энэ удаа япончуудад Монголын эзэлж авах, дайн зарлах, шатлан өргөжүүлэх[11] ямар ч төлөвлөгөө зорилт байгаагүй. Квантуны арми хэчнээн дураараа загнадаг[12] ч гэсэн тэдэнд Монгол Зөвлөлтийн чиглэлээр дайн явуулах эрх байгаагүй.

Мөргөлдөөн үүсэх шалтаг
Японы цэргийнхний дунд Азийг тэр чигээр нь[13] эзлэн улс орны нөлөөг томсгож Нармай Ази[14] байгуулах тал дээр хоорондын маргаан байгаагүй аж.
Харин тактикийн хувьд[15] Өмнөд бүлэглэлийнхэн Номхон далай, Австрали, Энэтхэгийн чиглэлээр дайн хийн хүчирхэг нармай Япон байгуулах хүсэлтэй бол Умартын гэх бүлэглэлийнхэн Сибирь, Алс Дорнодын чиглэлээр довтлон болбол Ураал хүртэл улс орноо тэлэх бодолтой байв.
1937 онд эхэлсэн Хятад-Японы дайныг гардан хөтөлж[16] байсан Квантуны арми нь Манжго улсад байрладаг, умартын бодлогыг[17] дэмждэг, дайны явцад Токиогоос нэлээд бие даасан дураараа бодлого явуулдаг төв болсон байлаа. 
1939 оны хавар Токиод болсон хурлаар Хятад-Японы дайны асуудлыг авч хэлэлцээд Зөвлөлт-Манжгогийн болон Гадаад Монгол-Манжгогийн хилийн асуудлыг[18] бататган тогтоох шийдвэр гаргажээ. Квантуны арми үүнийг нь шууд шүүрэн авч[19] Бүрд овооны чиглэлээр 10 мянга орчим хүнтэй цэргийн хүч илгээн Халх гол хүртэл давшин[20] Манжго-Монголын хилийн шинэ шугамыг “бататган тогтоов”. 1936 оны Монгол Зөвлөлтийн хамтран ажиллах протокол гэрээ ёсоор “БНМАУ-д алив гуравдахь хүчин халдан довтолбол ЗХУ шууд өмгөөлнө” гэсэн заалт буй тул Халх гол хүртэл довтолж хилийн өдөөн хатгалга хийснээр хэнтэй тулалдах гэж байгаагаа Квантуны армийнхан сайн мэдэж байлаа. Хэрэв энэ районд Зөвлөлтийг дийлэх юм бол Японы цэргийн эрхтнүүдийн[21] тактикийн маргаанд квантунчууд ялалт байгуулж Умартын бодлогын зөвийг батлах байлаа. Хоёрдугаар Хятад-Японы дайнд Хятадын талд хамгийн их тусламж үзүүлж, ингэснээр дайныг сунжруулж[22] буйн бурууг хүлээх учиртай оросуудыг хашрааж[23] дөнгөнө гэж тэд боджээ.
Мөргөлдөөний явц
Монголд байрлаж байсан Зөвлөлтийн 17-р корпус Халх голын орчимд ирж 5-р сарын 29-нд давшилтад орон япoнчуудыг эргүүлж[24] Халх найман сүм хүртэл ухраажээ.
Ингээд Япон, Зөвлөлт хоёр дараагийн тулалдаанд бэлтгэв. 6-р сарын эхээр Халх голд генерал Жуков ирж тулалдааны явцтай танилцав. Байгаа корпусыг[25] хангалтгүй гэж үзээд моторжуулсан[26] 9 дүгээр хуягт бригад[27], 150 танк бүхий 11 дүгээр бригад, 154 хуягт бүхий моторжуулсан 7 дугаар бригад, буудлагын 24 дүгээр хороог Халх голын районд татан авчрав.  Хоёр дахь тулаан Баянцагаан орчимд болж япончууд дахин хиар цохиулав[28].
Ингээд бараг дайны хэмжээнд тулж очихуйц гурав дахь их тулаанд хоёр талаас бэлдэж эхэллээ.
Зөвлөлтүүд илүү эрчимтэй бэлтгэж, буудлагын хоёр дивиз[29], танк, агаарын десант[30], их бууны хороо тус бүрийг ЗХУ-аас шинээр татан авч ирсний дүнд Японыхоос 1,5 дахин их цэрэг, 1,7 дахин их пулемет, 2 дахин илүү их буу, 4 дахин олон танк, 1,6 дахин их онгоц хуралдуулж[31] чадав. Онгоцны тоо 515 хүрчээ.
Мөргөлдөөн зарлаагүй болохоос[32] дайны хэмжээнд хүрлээ. 8 дугаар сарын 20-нд Зөвлөлтийн арми гэнэт гэнэдүүлэн[33] 70 км өргөн фронтоор давшилт хийн япончуудыг бүслээд[34] 7 хоногийн дотор яйр цохив. Гурван удаагийн тулалдаанд япончууд 18.1 мянган хүнээ алуулж 48.6 мянган хүнээ шархтуулсан бол Зөвлөлтийн тал 8.9 мянган хүнээ алдаж, 15.9 мянган хүн нь шархадсан байна.
Мөргөлдөөний цаад шалтгаан: сталины логик
Япончууд Манжгогийн тоглоомын улс байгуулснаасаа эхлээд энэ нутагт хамаарах монголчуудыг онцгойлон дотночилж тэдэнд тусгай эрх олгожээ. Монголчууд ч Японыг Хятадын дарлалаас чөлөөлөгч ивээн тэтгэгч[35] гэж харж байсан юм. 1937 онд эхэлсэн Хятад-Японы дайнаар нийт Өвөр Монголыг эзэлсэн япончууд монголчуудад онцгой энэрэнгүй хандаж, өөрийн бие даасан байдлыг нь хөхиүлж[36], соёлжиж гэгээрэхэд нь туслах болжээ. Энэ байдал Гадаад Монголд халдварлахаас[37] Сталин ихэд болгоомжилсон байна.
Монгол улсад коммунист намын 10 мянган гишүүн байх атал лам нарын тоо тэднээс даруй арав дахин их байлаа. Иймээс япон талыг баримтлах өндөр магадлалтай лам нар, язгууртнууд[38], сэхээтнүүдийг[39] устгахыг Монголын удирдагчдад тулгах болсон байна.
Үүнийг нь Монголын төрийн удирдлага эс хүлээн авч, арга саам[40] гарган залилах гэж оролдох болжээ. Сталин зөвлөлтийн цэргийг Монголд байрлуулах асуудлыг ч тулгаад монголчууд хүлээж авсангүй. Иймээс өргөн хэмжээг хамарсан их хядлага[41] өөрөө зохион байгуулсан байна.
Монголын удирдагч нарын логик
Манжго улс буй болсноор дорнод хилд буй болсон хилийн маргааныг гэрээ хэлэлцээний журмаар зохицуулж болно гэж Монголын удирдагчид үзэж байлаа. Манжуул өртөөнд болсон Япон-Манжго-Монголын хилийн хэлэлцээнд Монголын тал Ерөнхий сайдын орлогчийн[42] төвшинд[43] идэвхитэй оролцож байлаа. Хэрэвзээ[44] монголчууд Манжго улсыг хүлээн зөвшөөрвөл Япон улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болно гэсэн санал ч гарчээ.
Иймээс Монголын удирдагчид хилийн маргаанаа аль болох өөрснөө зохицуулах хүсэлтэй болоод иржээ. Иймээс ч Ерөнхий сайд Гэндэн “Монгол улс Манжготой байлдах ямар ч хүсэлгүй, ийм юм хүсч байгаагаараа япон орос хоёр л байлдана биз” гэсэн утгаар санаагаа илэрхийлж байв. Чухам ийм бодолтой[45] байсан учир зөвлөлтийн цэргийг Монголын нутагт оруулж байршуулахын эсрэг байсан юм.  
Сталины авсан арга хэмжээ
Монголчууд Японоор өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж улмаар тэдэнтэй ойртож магадгүй болох нь Зөвлөлтийн Алс Дорнодын бодлогод тун аюултай үзэгдэл болох байлаа. Монгол үндэстэнд хандаж байгаа япончуудын аядуу бодлого [46]нь тэднийг Хятадын төдийгүй Зөвлөлтийн эсрэг алхам руу чиглүүлж болох юм. Чингэвэл Гадаад Монгол нь Барга болон Өвөр монголчуудын замаар орно.
Иймээс Сталин эрс арга хэмжээ авчээ. Тэрээр Манжуулын хэлэлцээг таслан зогсоож Монголын төлөөлөгчдийг эгүүлэн[47] татаад, Улаанбаатарт авчирч буудан хороов. Ерөнхий сайд Гэндэнг огцруулж[48] Москвад дуудан авч одлоо. Тэр даруй Зөвлөлтийн цэргийг Монголд оруулж ирэв. Лам нар болон язгууртан, сэхээтний эсрэг хандсан их хядлагыг эхлүүлэн насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг цаазлан[49] устгажээ. Хилийн маргаан дорвитой том тулалдаан мөргөлдөөнөөр шийдэгдэхээс өөр гарцгүй[50] боллоо.
Халх голын асуудал шийдвэрлэгдсэн нь
Номунханы мөргөлдөөн нь Японы ирээдүйн довтолгоонд улаан арми[51] бэлтгэлтэй байна гэдгийг Токиод тод томруун[52] ойлгуулав. 1939 оны 9 дүгээр сарын дундуур Москва, Токиогийн аль алин нь мөргөлдөөнийг зогсоох нь зүйтэй гэж үзэн элчин сайд Тоготой Молотов хэлэлцээ хийж, гал зогсоох тухай, хилийн шугамыг тогтоох тухай хоёр хэлэлцээр байгуулснаар мөргөлдөөнийг эрх зүйн хувьд эцэслэсэн боловч хилийн асуудал бүр сүүлд 1941 онд шувтарсан юм.
Юу гэвэл 1939 онд 11 дүгээр сард БНМАУ - Манжгогийн Хаант улсын хилийг тогтоох Зөвлөлт-Японы холимог комисс[53] байгуулагдаж, Чита, Харбин хотод нийт 16 удаа хуралдаад зохих үр дүнд хүрсэнгүй. Харин Японы ГЯЯ-ны сайд 1941 оны хавар Москвад айлчлахдаа Молотовтой дороо хэлээ ололцож[54], Номунханы тулалдааны дараахи статус-квог улсын хил мөн гэж үзжээ.  Холимог комисс 1941 оны 10 дугаар сард Харбин хотноо гарын үсэг зурав. Тэнд даруй Манж-Го, Монгол улсын төлөөлөгчид ч “нөхөрсөг байдалд” мөн гарын үсэг зурсан ажгуу.

Монголчуудын оролцоо

Цар хүрээний[55] хувьд бараг дайны хэмжээнд хүрсэн энэ том мөргөлдөөнд Монгол улс эх орноо хамгаалахаар өөрийн бүхий л хүчээр оролцсон юм. Гэвч дэлхийн хоёр хүчирхэг гүрний хийж буй орчин үеийн дайн тулаанд Монголын цэрэг зэвсэг, хүн хүч тун ч өчүүхэндэж[56] байлаа. 45 мм-ийн их буугаар зэвсэглэсэн Монголын армийн 8 дугаар морьт дивиз Зөвлөлт-Монголын армийн хамтарсан хүчийн нэг талыг төлөөлөв.
Монголын талаас 237 хүн амь үрэгдсэн нь энэ үед шувтарч байсан үндэсний их хядлагатай[57] харьцуулахад ганц хувьд нь ч хүрэхгүй байлаа. Гай болоход байлдааны явцад Зөвлөлтийн онгоц эндүүрч[58] бөмбөгдсөнөөс[59] болж олон монгол цэрэг бас үрэгджээ. Гэхдээ Монголын тал Японы түрэмгийллийг няцаахын тулд өөрийн бүх бололцоог бараг ёроолд нь тултал шавхан дайчилсан[60]. Гээд дэлхийн хамгийн орчин үеийн зэвсэг техникээр хүчээ үзсэн[61] хоёр их хүчирхэг гүрний томхон зодоонд[62] Монголын 8 дугаар морьт дивиз үл ажиглагдах шахуу зүйл аж. Орчин үеийн танк, нисэх онгоц, их бууг мориор хөөж, сэлмээр цавчихгүй[63] нь ойгомжтой. Япончууд 12 000 дайчин бүхий Баргын морин хороог байлдаанд оруулсан тул тэдэнтэй үзэлцэх, өөрөөр хэлбэл монгол нь монголтойгоо[64] алалдах хувь зохиол Монголын журамт цэрэгт тохиожээ.
Байлдаан хилийн маргааны хүрээндээ явагдаж байсан боловч мөргөлдөөний төгсгөлд дүрмээс гажсан[65] үйлдэл болжээ.
Гурав дахь цохилтоо авсны дараа япончууд 9 дүгээр сарын 12-нд Нөмрөгийн голын орчимд нэлээд хүчээр довтлон голын зүүн эргийг эзлэн авчээ. Хариу цохилт хийх гээд бэлтгэж байтал 9 дүгээр сарын 15-нд эзэлсэн байр байран дээрээ[66] яг таг[67] зогсон дайны ажиллагааг зогсоох шийдвэр Москвагаас ирлээ. Москвад Зөвлөлт-Японы хэлэлцээ эхэлсэн аж. Ийнхүү БНМАУ Халх голын байлдааны үр дүнд Зөвлөлт, Японы буруугаас Нөмрөгийн голын зүүн эрэг, Мана уул зэргийг хожмын Хятадад[68] алдсан ба цаашид тэр чигээрээ асуудал шийдэгджээ. Нөмрөгийн гол нь Манжго - Монголын маргаантай асуудал байгаагүй, Номунхааны асуудал ч энэ районыг хамраагүй, ерөөс энэ хавьд байлдаан болох ёсгүй байтал япончууд Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө 9-р сарын 12-нд зориуд ийшээ довтлон газар эзэлж “дүрмээс гадуур” зүйл үйлджээ[69]
Халх голын түүхт байлдааны 70 жилийн ой болж байна. Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө хийсэн монголчуудын хувьд шудрага энэ байлдаан Монголын ард түмний хувьд түүхэн баатарлаг бахархам[70] үйл явдал билээ.

2009.8.18



[1] будилаан – будилах аан
[2] өдөөн хатгалга – өдөх хатгах
[3] мөргөлдөөн – мөргө лд өөн
[4] үзэл суртлын зорилгоор – үзэл санааны зорилгоор, оюун санааны учир
[5] гэдэг логикоор – гэдэг ойлголтын дагуу, гэдэг учраар
[6] тоглоомын улс – түр зуурын улс, түр оршин тогтох улс, албан ёсны бус,
[7] хилийн маргаан – хил хязгаарын талаарх маргаан, зөрчил,
[8] халх найман сүм – газрын нэр
[9] димаркаци – гад. үг.
[10] юутай ч – холбоос үг. Юу ч болсон, ямар ч байсан,
[11] шатлан өргөжүүлэх – ахиулах, улам лавшруулах,
[12] дураараа загнах – дур зоргоороо аашлах, дураараа хийх, үйлдэх
[13] тэр чигээр нь – байгаагаар нь,
[14] Нармай ази – пан ази, улс гүрэнийг хамарсан ази,
[15] тактикийн хувьд – бодлогын хувьд,
[16] гардан хөтлөх – хариуцах,
[17] умартын бодлого – барууны бодлого, хойд улсуудын бодлого,
[18] хилийн асуудал -  хилийн хэрэг явдал,
[19] шүүрэн авах – олз болгон авах, дуртай авч ашиглах,
[20] давших – дайрах, давших, атак хийх,
[21] цэргийн эрхтнүүд – цэргийн албан тушаалтан,
[22] сунжруулах – удаах, удаашруулах,
[23] хашраах – айлгах, зовоох,
[24] эргүүлэх – буцаах,
[25] корпус – гад. нэр. цэргийн нэр томьёо,
[26] морторжуулах – мотортой техникээр зэвсэглэх
[27] хуягт бригад – хуягт машинаар зэвсэглэсэн хэсэг,
[28] хиар цохиулах – бут ниргүүлэх, ялагдах,
[29] дивиз – гад. нэр. цэргийн нэг төрөл анги салбар
[30] десант – гад. нэр. мөн цэргийн байлдааны зохион байгуулалтын нэгж
[31] хуралдуулах – бөөгнүүлэх, хуримтлуулах
[32] -аагүй болохоос – аагүй учраас,
[33] гэнэдүүлэх – гэнэ сэрэггүй байхад нь, анхааралгүй байхад нь дайрах, цочирдуулах
[34] бүслэх – тойрох маягаар хориглох,
[35] ивээн тэтгэгч -  хамгаалагч, тэтгэгч,
[36] хөхиүлэх – дэмжих,
[37] халдварлах – тарах, тархах,
[38] язгууртнууд – язгууртан хүмүүс, баячууд, хөрөнгөтнүүд,
[39] сэхээтнүүд – сэхээтэн хүмүүс, боловсролтой хүмүүс
[40] арга саам – хорш. арга чарга, саад тотгор, саад түлхээ,
[41] их хядлага – алан хядах үйл ажиллагаа
[42] ерөнхий сайдын орлогч – дэд ерөнхий сайд, орлох ерөнхий сайд
[43] төвшинд -  хэмжээнд,
[44] хэрэвзээ – хэрэв,
[45] чухам ийм бодолтой – яг иймэрхүү бодлоор
[46] аядуу бодлого – зөөлөн, харсан, түрэмгий биш, зөөлөн бодлого,
[47] эгүүлэх – эргүүлэх, буцаах,
[48] огцруулах – буулгах,
[49] цаазлах – цаазаар авах, алах, хороох,
[50] гарц -  арга ухаан, арга чарга, арга байдал,
[51] улаан арми -  зөвлөлтийн цэргийн хүч, цэргийн анги, оросын цэргийн анги, арми
[52] тод томруун – тодорхой, томруун,
[53] холимог комисс -  янз бүрийн бүрэлдэхүүнтэй,
[54] хэлээ олох – учраа олох, ойлголцох,
[55] цар хүрээ – цар хэмжээ, хүрээ хэмжээ, байдал,
[56] өчүүхэндэх – багадах, юу ч биш болох,
[57] үндэсний их хядлага – үндэсний хэмжээний аллага, улс үндэстний хэмжээний алаан,
[58] эндүүрэх – андуурах, андуурах эндүүрэх
[59] бөмбөгдөх – онгоцоор бөмбөг хаях
[60] шавхан дайчлах – шавхах, дайчлах, хамаг хүчээ дайчлах
[61] хүчээ үзэх – хүч тэнхээгээ үзэх,
[62] томхон зодоон -  шог. том байлдаан,
[63] сэлмээр цавчих -  сэлмээр байлдах
[64] монгол нь монголтойгоо -  монголчууд хоорондоо
[65] дүрмээс гажих – дүрмээс гадуур, дүрэм зөрчих, дүрэм баримтлахгүй
[66] байр байран дээрээ – байгаа байгаа газраа, байсан газраа, яг тэр газраа,
[67] яг таг – яг, яс,
[68] хожмын хятад – сүүлд,
[69] үйлдэх – хийх, хийх  үйлдэх
[70] бахархам - бахархах