Showing posts with label Ил захидал. Show all posts
Showing posts with label Ил захидал. Show all posts

2/22/2010

Шинэ ректорын сонорт


ШИНЭ РЕКТОРЫН СОНОРТ
Хэдийгээр би одоохон зуураа гадаадад ажиллаж байгаа ч МУИС-аа гэдэг сэтгэл маань хэзээ ямагт хамт байдаг, төрөлх сургуулиа аятайхан сайхан байлгахын төлөө санаа зовж явдагийн хувиар шинэ захиралын интернетэд тавьсан “МУИС-ийг 2009-2014 онд хөгжүүлэх хөтөлбөр”-тэй танилцаж өөрийн санал бодолоо хүргэе гэж бодлоо.
Энд захирал хэн болсон тухай ярих бол нэгэнт утгагүй зүйл болжээ. Утгагүй гэхийн учир нь манай Монголд дээрээсээ доошоо, дороосоо дээшээ ажлын хариуцлга, хууль ёс, зарчим, үнэнч шударга байх, гэдэг нэгэнт уланд гишгэгдэж, үнсэнд хаягдсан тул энэ тухай ярих нь шал балай хэрэг. Үүнийг хамгийн наад зах нь өнгөрсөн хэдэн сард болж өнгөрсөн манай их сургуультай холбоо бүхий хэн бүхний мэдэх үйл явдлууд гэрчилээд өгнө. Харин нэгэнт хамт олны саналаар биш ч яам тамгаас томилогдсон захиралыг энэ сургуулийг, хамт олныг хэрхвэл аятайхан сайхан болох, болгох талаас нь яривал ажилд нь хэрэг болох болов уу гэж бодож байна.
Хөтөлбөр ерөнхийдөө аятайхан болсон байна. Энд би хөтөлбөрийг нэг бүрчлэн ярихыг хүссэнгүй, харин өөрийн бодож явдаг зарим зүйлтэй уялдуулан саналаа хүргэхийг бодлоо. Шинэ захирал ажлын төлөвлөгөөг хэтийн, ойрын гэж хоёр хуваасан бөгөөд энэ хүрээнд гол гол зүйлүүдийг багтаажээ. Миний бодлоор хамгийн ойрын, хамгийн чухал зүйл бол МУИС-ийн бүтцийн тогтолцоо юм. Өнөөгийн нөхцөлд хамгийн зөв тохирсон бүтэц, зохион байгуулалт, удирдлагын зохистой тогтолцоог МУИС-ийн өөрийн эрх мэдэл, нөөцийн түвшинд өөрчлөх нь  МУИС- д юун түрүүнд хийх ажлын нэг яах аргагүй мөн. Энэ бол хөндлөнгийн хэний ч дур зорго, гар хөлөөс хол харин удирдлага тэр тусмаа захиралын хувьд хууль дүрмээр олггогдсон хууль ёсны зөвшөөрөлтэй ажил. Манай сургуулийн салбар сургуулиудыг хувийн сургууль шиг олон жилээр “өмчлөн” түүгээрээ бахархаж, баярлаж явдаг хүмүүс ч  бий. Хамгийн гол нь олон жил өмчлөөд орчин үеийн их сургуулийн төвшин хэмжээнд нь хүргэж чадахгүй үлгэн салган авч яваад энэ хүмүүсийн гол буруу оршиж байгаа юм. Харин Эрдмийн зөвлөл бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхэд хуучинсаг байдлаар хандахгүйгээр сайн туслах хэрэгтэй болов уу. Хэдий чинээ бүтэц, зохион байгуулалтын зөв өөрчлөлт хийх тусмаа эдийн засгийн болоод удирдлага менежментийн хувьд  үр ашигтай байх үндэстэй. Энэ өөрчлөлтөөр гол хийх ажлынхаа үндэс суурийг бий болгож цааш цааш янз бүрийн ажил зохион байгуулах аятай боломж бий болох ёстой. Мэдээж энэ хүрээнд ажил, сургалтын давхардал, эзэнгүй, цоорхойг арилгах, ижил төрлийн сургалт, судалгаа явуулж байгаа сургуулиудыг нэгтгэх, нийлүүлэх, томсгох, анги, мэргэжлийг ахин авч үзэж базах, эрэлт хэрэгцээг харгалзан задлах, нийлүүлэх гэх мэт үйл ажиллагаа хийгдэх байхаа. Бүтцийн өөрчлөлтийг хэдий чинээ хурдан хийнэ, төдий чинээ сайн. Удах тусмаа ужиграна. Магадгүй сүүлдээ хийж чадахгүй болох магадлалтай.Ер нь аливаа юм шинэ дээрээ сийрэг байдаг ч гэлцдэг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл хамгийн зохистой бүтцийг олж тогтоож бүтэц, зохион байгуулалтын зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг л хэлэх гэсэн юм.
Хөтөлбөрт “МУИС нь олон улсын монгол судлалын төв байж, гадаадын монгол судлаачдыг сургах, хамтын судалгаа хийх зэргээр Монгол судлалыг хөгжүүлэх дэмжлэг үзүүлэх” гэж дурдсан байна. За энэ бол шинэ зүйл биш олон жил ярьж байгаа уриа лоозун. Яг хэрэг дээрээ худлаа болдог ийм зүйл болохыг Монгол судлалын сургуулийн захиралаар хэдэн жил ажилласан хүний хувьд би сайн мэднэ. Гоё юм ярьдаг харин дэмжихээ болохоор хойрго ханддаг. Миний бие салбар сургуулийн захиралаар ажиллаж байхдаа Монгол Судлалын Сургуулийг Монгол хэл, соёлын сургууль болгон өөрчилсөн. Энэ нь нэрэндээ агуулга, хэлбэр нь зохиж таарахгүй гадаад, дотоодын хүмүүсийн инээд хүргэсэн том нэртэй, “тахир дутуу” сургууль байсантай холбоотой. Монгол судлал гэдэг маш өргөн ойлголт, шинжлэх ухааны олон салбарыг багтаасан шинжлэх ухаан. Харин одоо дээрх “лоозон”-гийн хүрээнд  МУИС-д монгол судлалын бүхий гол салбаруудыг багтаасан Монгол Судлалын Сургуулийг байгуулах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар манай сургуульд Монгол судлалын төв хэмээх байгууллага захиралын аврал ивгээл дор нэртэйгээр ажиллаж байгаа ч хаа ч үгүй болсон байгууллага болоод байна. Тийм учраас бүтэц, зохион байгуулалт, удирдлагын зохистой тогтолцоог боловсруулахдаа энэ талаар бодож аль болох бүрэн хэмжээний салбаруудыг багтаасан Монгол судлалын салбар сургуулийг байгуулан бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нь МУИС үндэсний хэмжээний монгол судлалын хүчтэй тэргүүлэх төв байх цаашдаа олон улсын хэмжээнд нэр нөлөө бүхий дэлхийн хэмжээний төв болохын үндэс болно.
МУИС хотхон буюу их сургуулийн кампус байгуулах төсөл маш зүйтэй санал байна. Энэ бол бас л хамгийн түрүүнд хийх ёстой ажлуудын нэг.  Энэ нь цаг хугацааны хувьд хоцорч байгаа асуудал бөгөөд үндэснийхээ ганц их сургуульд аятайхан сайхан газар өгөх асуудлыг ярихад хэнээс ч шийрэгнэж, зай барих ёсгүй гэж боддог. Хувьдаа, хувийн компанидаа газар авах гэж байгаа биш. Тийм учраас маш хурдан асуудлыг оруулж хэлэлцүүлж газрыг товлож, бичиг баримтыг зохих ёсоор гаргуулан баталгаажуулах нь энэ удаагийн захирлын магадгүй хамгийн чухал бөгөөд ирээдүйтэй ажил ч байж болох юм. Учир нь зах зээлийн ороо бусгаа цаг мөчид хэн түрүүлж хөдлөнө тэр хожиж байгаа учраас цаг алдахгүй асуудлыг шийдэх тусмаа эцсийн сайн үр дүн нь МУИС-д буян болж үлдэх учиртай.
МУИС-ийн хувьд миний өөр нэг сэтгэл дундуур явдаг ажил бол тус сургуулийн гадаад харилцааны үйл ажиллагаа. Өнөөдрийн гадаад харилцааны хэлтэс бол гаднаас санал ирвэл түүнийг гүйцэтгэсэн болоод сууж байдаг идэвхигүй  гүйцэтгэгч субьект болчихоод байна. Гэтэл өнөөдрийн бидний нөхцөл байдалд  гадаад харилцааны байгууллага нь хамгийн санаачлагатай, идэвхитай байр сууринаас хандах санаачлагч байгууллага байхыг шаардаж байна. Тэгж байж хөтөлбөрт дурдсан шиг “багшлах боловсон хүчнийг чадваржуулж, оюуны болон биет хөрөнгө оруулалтыг татаж”, “МУИС-ийг үнэлэмжийг дээшлүүлж”, хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулж чадна. Гадаадын тэр тусмаа хөгжилтэй орнуудын их дээд сургуулиуд, хөрөнгө чинээтэй компани, хүмүүнлигийн байгууллагуудад хэн надад хандах нь вэ гэж суухаас биш хэнийг гуйж ажилаа бүтээх вэ гэдэг ойлголт бараг алга. Тийм учраас гадаад харилцааны байгууллага тэр тусмаа үндэсний тэргүүлэх их сургуулийн гадаад харилцаа бол тэр их боломжийг хэр зэрэг бүрэн  ашиглаж чаднам төдий чинээ их сургуульд хэрэгтэй ажлыг бүтээж мөнгө хөрөнгө оруулалтаар хахаж цацтал бялхуулж, цалгиулах бүрэн боломжтой. Тухайлбал, Японы их сургуулиудын судалгааны төсөл, жилийн төсөв, мөнгийг ажиглаж байхад ийм зүйл илэрхий байна. Тийм учраас гадаад харилцааны байгууллагын ажилтнуудыг чадваржуулж, дөнгөж сургууль төгссөн юугаа ч мэдэхгүй годгор охидууд биш юм үзэж, нүд тайлж, боловсорч цэгцэрсэн, чадвар чадалтай боловсон хүчнээр багийг бүрдүүлэх хэрэгтэй. Сайн залуучуудыг их сургуулийн багш болох замдаа дамждаг нэг байгууллага ч болгож болно. Харин гадаад харилцааны байгууллага маань хэрхэн ажиллах вэ гэдгийг тусад нь ярих асуудал тул энд үл нуршив.
Хувь хүний хувьд өнөөгийн их сургуулийн тэр тусмаа тэргүүлэх сургуулийн захирал бол орчин үеийн их дээд сургуулийн менежментийн баримжаатай мэддэг, аливаа хүнтэй эвтэй найртай, ихэс дээдэсийн эв донжийг тааруулж харьцаж чаддаг, ажилдаа хариуцлагатай, цаг минутыг нарийн баримталдаг хувь хүний сайн чанаруудтай байх нь их сургуулийн хамт олныг тэргүүлж байгаа хүний наад захын ёс байх. Үд болтол унтчихаад, өдөр ирж нэг харагдчихаад өөр юм хийгээд яваад байвал энэ сургууль нэг өдөр дуусна. Их сургуулийн нэр хүндийг хаана ч хамгаалах, “тулалдах”, хэлэх үгээ цагийг нь олж хэлэх, олон нийтэд хийж байгаа ажлаа мэдүүлэх, ойлгуулах зорилгоор сурталчлах, нээлттэй, мэдрэмжтэй байх нь анхаармаар чанарууд юм шиг санагддаг. Хэтэрхий хүлцэнгүй буюу нам жим байх нь өнөөгийн цаг нартай уралдсан зах зээлийн уралдаант нийгмийн үед байж болохгүй л асуудал шиг бодогддог. Тийм учраас сургуулийн ректор төр засгийн удирдлага болон яам тамгын газрын сайдаас аваад түшмэлүүдтэй учир начираа ойлгуулж ойлголцож, түргэн шуурхай олж чаддаг, нээлттэй, ил тод, шуурхай дайчин  байх чадвар нь МУИС-ийн ажил бүтэх бас нэг чухал үзүүлэлт байхаа.
Өнөөгийн эдийн засгийн хямрал хүнд хэцүү байдал, төр засгийн нэмэр тусыг үглэн дуулж суулгүйгээр гадаад тал руугаа хандлагаа идэвхжүүлэн, олон төрлийн санаачлага гаргаж, маш их хүч хөдөлмөр гаргаж чадвал энэхүү хөтөлбөрт заасан зорилгоо биелүүлэх бүрэн боломжтой гэж төсөөлж байна.
МУИС-ийн дэд профессор,
Японы Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн
зочин профессор, Ж.Бат-Ирээдүй
2008 он

7/29/2009

МОНГОЛЧУУДЫГ ЭРҮҮЛ ЭСЭН БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛААРАЙ


Миний бие шинэ ерөнхийлөгчийг тангараг өргөхийнх нь өмнөхөн ийм нэг ил захидалрхуу юм бичсэн юмаа. Тэгээд эхийг EMS буухиа шуудангаар явуулсаныг яана. Тэр очсон л байж таараа. Монгол үндэстний эрүүл энхийн төлөө санаа зовсондоо бичсэн ухаантай юм л даа. Гэвч надад нэг тийм юм авлаа энэ тэр гэсэн хариу таг л байна. Юу ч болсон уншигч Танаа толилуулж л байя.
Даяар монгол, Цахим өртөө-ний вэб сайт дээр гарсан олон хүн дэмжсэн байсанд урамшсан. Харин зарим нь их буруу ойлгосон юм шиг байна билээ.



Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танаа


Та сонгуулийн насны нэг сая ерэн долоон мянган хүнээс таван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун дөчин есөн хүний буюу тавин нэг зууны хорин дөрвөн хувийн санал авч Монгол улсын хойморт лав дөрвөн жил залрах эрх оллоо. Төрийн гурван өндөрлөг суухад Ерөнхийлөгч голд нь заларч харагдана. Таны хоёр талд Ерөнхий сайд, Их Хурлын дарга тухална. Айлаар бол аав нь. Аав алсын хараатай, буурь суурьтай, эрдэм ухаан төгөлдөр болуужин айл гэр амар амгалан, үр хүүхэд бие эрүүл, сэтгэл тайван бус уу. Ерөнхийлөгч болохоос эхлээд байх хүртэл өөрөө асар их оюун ухаан, эрдэм боловсрол, хүч хөдөлмөр, тэвчээр хатуужил, сэтгэлийн тэнхээ, тархины даац шаардсан ажил байх. Тэр их ачаа тан руу яг одоо ирж явна.
Төрийн тэргүүн бүхэн бүрэн эрхийнхээ хугацаанд ард түмэнд хэрэгтэй үндэсний хэмжээний томоохон ажлуудыг санаачлан бүтээдэг тийм уламжлал бараг тогтож байна. АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Роналд Рейган “Бид Ерөнхийлөгчийг насаар нь биш хийж бүтээснээр нь дүгнэх ёстой гэж Томас Жеферсон нэгэнтээ хэлснээс хойш би санаа зовохоо болисон” гэж хэлсэн байдаг юм байна билээ. Таныг ч бас наснаасаа ахиад ухаан гаргаж, их юм бүтээж хийхийг тань ард түмэн хүлээж суугаа.
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Эзний албаа өгч байгаа Намбарын Энхбаяр мөн үндэсний хэмжээнд хэд хэдэн чухал ажил амжуулж олны саналыг татаж чадсан хүн. Тухайлбал, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогыг санаачилан УИХ-аар батлуулж зүг чигтэй болгож, нийт монголчуудын нуруун дээр байсан хүнд ачаанаас хэд хэдийг сугалаж, суллаж өглөө. Өрийн дарамтыг хөнгөлсөн, сургуулийн хүүхдүүдийг үдэд цай ууж, хоол иддэг болголоо, ядарсан ард түмний хүүхдүүдэд хэчнээн хэрэгтэй зүйл байсан. Нэг хүүхэд нэг компьютер төсөл хэрэгжсэн нь мэдээллийн технологийн эрин зуунд том ач тус. Иймэрхүү ажлуудыг боломж нь байдаг юм бол цааш үргэжлүүлэх, улам сайн сайхан болгож ёстой л төгөлдөржүүлэх хэрэгтэй байх. Гэвч ийнхүү хүүхэд залуучуудын төлөө, малчдын төлөө, настангуудын төлөө, оюутны төлөө, гэх зэргээр олон ажил сэтгэж хийж болох боловч ганцхан чухал юм дутагдсан хэвээр л байна. Энэ бүх хүмүүсийн эрүүл мэнд гэж нэг юм гарзандаа гарч байх шиг байна даа. Эцсийн эцэст хүмүүс цээжний пангаар удирдах муу удирдагчдын улмаас амь нас, амьдралаараа нийгмийн золиос болсоор байна. Энэ хатуу боловч үнэн үг шүү ерөнхийлөгч минь.
Одоо миний бодлоор юу юунаас түрүүнд хийх ганц зүйл байна. Энэ бол Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө хийх том ажил байх. Наад ард түмэн тань элдэв дээдийн шинэ хуучин өвчин хуучинд баригдаж, дууслаа Ерөнхийлөгч минь. Та хоёр ч удаа ерөнхий сайд байлаа, хот, хөдөөгүй зөндөө л их явлаа, хүмүүсийн амьдрал ямар их хэцүү, хот хөдөө гэгч тэнгэр газар шиг ялгаатай байгааг бэлхэн харж, мэдэрч байгаа. Манайхан мэдээд байгаа мөртлөө мэдээгүй юм шиг дүр үзүүлж явдаг нь хамгийн харамсалтай санагддаг. Одоо энэ ард түмний эрүүл мэндэд анхаарах цаг нэгэнт болжээ. Харин ч оройтож байна. Та мэдээж олон сайхан ажил санаачлах байх гэхдээ Та үүнийг барьж аваад бас хийж чадах юм бол улс төрийн карерт тань ч сайнаар нөлөөлөх байх.
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт маш олон төсөл хэрэгжиж байгаа юм байна. Одоогийн байдлаар гэхэд л бараг 20-иод төсөл явж байна. 2006 онд Засгийн газрын тогтоолоор “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр батлагдаж 2007-2008 онд хэрэгжиж дуусах шиг боллоо. Миний бодлоор хүн ардыг бүрэн хамарч чадсангүй. Түүний үр дүн чухам юу болсныг мэдэхгүй байна. Мэдээж энэ хөтөлбөрүүд их бага хэмжээгээр үр дүнгээ өгч байгаа л байх. Гэхдээ ингэж хэсэглэж өм цөм энд тэндээс авч байснаас үндэсний хэмжээнд үүнийг бодлого болгож хууличилан хэрэгжүүлэхгүй бол нийт ардын эрүүл эсэн байх эсэхийн аюул нүүрлэж байна. Цаг биднийг хүлээхгүй нь.
Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт бас ч муугүй ч дийлэхгүй байна. Тухайлбал 2006 онд 103 тэрбум, 2007 онд 157 тэрбум, 2008 онд 213 тэрбум болж өссөн бол хямралтай байгаа гэхэд энэ жил бараг түрүү жилтэй адил хэмжээнд байх юм байна. Үүн дээр Азийн хөгжлийн банк 60 сая, Жайка 50 сая доллар “хаях” гэнэ. Энэ мөнгөний ихэнхийг эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зараад явж байгаа гэж салбарын сайд нь мэдэгдэж байна. Мэдээж үүнийг хийлгүй яахав.
Гэвч хүмүүсийн эрүүл мэндийн байдал сайжрахгүй. Ард түмэн элдэв дээдийн өвчин тэр дундаа элэг, ходоод, уушиг, болон бусад олон төрлийн муу муухай өвчин зовлонгоор амь насаа алдсаар, монголчууд төрж, үржиж өсч байгаа ч дэндүү олноороо аюулт өвчиний золиос болж хорогдсоор л байна. Нэг өглөө босоход нэг шинэ өвчний нэр дуулж, хорвоогийн мөнх бусыг үзүүлэх хоног тоолж суугаа хүмүүс зөндөө боллоо. Хорон муухай өвчинөөр хорвоог орхиогүй хүнтэй айл олоход бэрх болж байна. Нэг дуулахнаа хайртай аав, ээжээ, амьдралын нэг насны ханиа, сайн үр хүүхэд, ах дүүгээ өвчинөөр алдсан хүн нэмэгдсээр л байна. Өвчин зовлондоо шаналж яаж ч чадахгүй яваа хүн хот, хөдөөгүй олон байна. Үүний учир шалтгаан зөндөө. Гэвч хамгийн гол нь уридчилан сэргийлэх үзлэгийг тэр бүр хүрч хийлгэж чадахгүй байгаад хэргийн гол нь оршиж байна гэж мунхаг би бодно. Яг үнэнийг хэлэхэд хүн ардын олонхи тэр дундаа хөдөөгийн хүмүүс ямар хүнд орчин нөхцөлд аж төрж байгаа билээ, хоол унд, эрүүл ахуйн наад захын нөхцөл бололцоо хэр байгаа билээ. Та бүхнийг мэдэж байгаа тул тайлбарлах нь илүүц бизээ.
Би танд нэг л чухал санаа хэлэх гэсэн юм. Чухал гэдэг нь би чухал юм хэлж байгаа даа биш асуудал нь өөрөө хурц, нэн чухал болж байгаадаа байгаа юм. Манай хүмүүс бүгдээрээ зөвшөөрөх байх гэж бодож байна. Та эрүүл монгол хүний төлөө жинхэнэ утгаар ажиллаач. Энэ бол дөчөөс дээш настай бүх хүнийг орон даяар жилд нэг удаа эмнэлгийн бүрэн шинжилгээнд заавал хамруулдаг нэг сайхан хууль хамгийн түрүүнд санаачилмаар байна Та. Хуультай болгохгүй бол энэ бүтэхгүй нь тодорхой байна. Дөчин нас хүртэл барагтай өвчин зовлон тусах магадлал бага байдаг анагаах ухааны судалгаа байдаг юм байна. Энэ ажлыг хийхэд амархан. Олон юм байхгүй. “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлага манай анагаахынханд бэлээхэн байгаа. Өндөр нам, өргөн бүдүүн, хараа, сонсгол, зүрх, даралтыг нь шалгаж хэмжээд, цус, шээсийг нь шинжилж, чихрийн шижин, төрөл бүрийн хавдар, сүрьеэ, бэлгийн замын өвчин, дох-ыг шалгана, ингээд болно. Ингэвэл монгол хүн юу болж байгаагаа өөрөө мэдэж би юу болж байгаа бол гэж хий хоосон зовж шаналахгүй, ядаж нэг жилдээ амар тайван цаашдаа олон жил эрүүл энх, амар амгалан явж уг үндэсээрээ эрүүл саруул байх нөхцөл бүрдэхсэн. Үүнийг төр засгаас бүрэн дааж хариуцдаг тогтолцоонд шилжмээр байна. Мэдээж үүнд асар их мөнгө зоос орно.
Гэхдээ нас заачихаар бас хөнгөрнө. Үүнийг энэ ард түмний төлөө та ямар нэгэн аргаар олох хэрэгтэй байна. Алт эрдэнэсээ зарна уу, айл хунараас гуйна уу энэ таны мэргэн ухаан мэдэх ажил. Гаднаас орж ирж байгаа, орж ирэх гээд байгаа мөнгөнүүдээсээ ийш нь хандуулаач, ард түмнээ эрүүл болгоё гэж тэр хүмүүст ойлгуулаач, үгүй гэхгүй л байх даа. Анагаах ухаан асар их хөгжиж байна, явуулын хөөрхөн амбултори, эмнэлгүүд Японд гэхэд л төрөл төрлөөрөө зөндөө байдаг юм байна. Тэрнээс аваач, эмч, ажилтан нараа сургаач, бэлтгээч. Санаачилбал болно доо. Мөнгө олдоно, олж байна харин эрүүл мэнд эргүүлж олоход маш хэцүү, олдохгүй. Олдсон ч асар их үнээр олдоно. Хэчнээн төрлийн эрүүл мэндийн төрөлжсөн хөтөлбөрүүд боловсруулсан ч энэ нэг л ахиц үр дүн муутай байх шиг. Сайн байдаг байсан бол өдийд монголчууд ингэж олноороо аймшигт өвчинүүдээр хорвоог орхихгүйсэн.
Эцсийн эцэст эрүүл байвал юуг ч бүтээж болно. Хамгийн түрүүнд Монголчууд бүгдээрээ эрүүл саруул байх хэрэгтэй байна. Эрүүл биед саруул ухаан оршино гэж ардын сайхан үг бий. Эрүүл байж их юм хийж бүтээнэ.
Бид цөөхүүлэхнээ шүү дээ. Та бидний цөөхөөн Монголчуудыг эрүүл энх, амар амгалан байлгахын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаарай. Танд эр биеийн эрүүл энх, эрхшээл бэрхшээлийг сөрж даах зүрх зориг, ихийг хийж бүтээхийн эрч хүч, танай гэр бүлд сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.
Үүний тул хүндэтгэн ёслосон,
Хэлшинжлэлийн Ухааны доктор Жанцангийн Бат-Ирээдүй
Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн
Зочин Профессор
Япон Улс, Токио
Токио, 2009 оны 6 дугаар сарын 15