Showing posts with label Уялга үгэс. Show all posts
Showing posts with label Уялга үгэс. Show all posts

1/31/2012

ГАЛ САНГ БУЮУ САЙН ХУВЬТ

ЕРТӨНЦИЙН ГУРВЫН ЕРТӨНЦӨӨР АЯЛАХУЙ

(c) J.Bat-Ireedui 


Ардын уран зохиолчийн ариглаж цуглуулж эмхлэн ая данг нь тааруулсан ертөнцийн гурав бол аман зохиолын ертөнцийн гурвын араас гарч буй охьшсон ундарга нь болой. Амьтан хүн ном уншуулья гэж өгч  байсан ч авдараар нь авч ирээд тавьж байсан нь ховор. Харин өөрийн нь бичсэнээр “өлмий доороо нумтай, өсгий дороо сумтай өөлд” өвгөн, Монгол Улсын Ардын уран зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, аавын маань “ангийн хүүхэд” өчүүхэн надаар номоо уншуулахаар өрөө дүүрэн номын дардас хүргүүлж ирсэнд  цочирдсон боловч аймшиггүй зоригоор а-гаас нь я-г нь дуустал анхааралтай шимтэн уншлаа. Үе, үг бүрийг өөлж, үгүүлбэр цогцолбор бүрийг үрж зүйж сүлждэг өөлд өвгөний номоос утга уянгын байтугай, үг найруулгын өө эрэх нь өндөгнөөс яс эрэхтэй эгээ адил эндүүрэл билээ.
Ширээ дүүрэн дардасыг хэчнээн хоног уншлаа,  ертөнцийн гурвын ертөнцийг хэд бүтэн тойрчих шиг. Энэ ертөнцөд аав нь ээжтэйгээ, ах нь дүүтэйгээ, ерөөл нь хараалтайгаа, жаргал нь зовлонтойгоо, зөв нь буруутайгаа, зөөлөн нь хатуутайгаа, зураг нь төөрөгтэйгээ, олон нь цөөнтэйгээ, орой нь ёроолтойгоо, саруул нь бүрэнхийтэйгээ, ял нь ямбатайгаа бүгд багтжээ. Гурван гурвын ес, есөн есийн наян нэгээр зангидаж хийсэн энэ гуравтын ертөнцийн эхлэл нь эгээгүй, төгсгөл нь төөгүй юм. Үнхэлцэгэнд нь үхрийн махыг нь багтаадаг нүүдэлчин монгол түмний багад ихийг багтаах энэ гүн ухаан ахуй амьдрал, оюун ухаан бүхэнд шингэсэн байдаг. Монгол түмний оюун ухаан бол уудлах тутам эрдэнэ  нь илэрдэг  уурхай лугаа, эрэх тутам эрдэм ундардаг эх соёл билээ. Гагцхүү уудлаад авахад онгойгоод үлддэг уул биш, уудлах тутам улам ундарч охилож байдаг оюуны уурхай билээ. Оюун ухаан байсан цагт энэ ертөнц үргэлж ундарч, үргэлж охишиж байх болно.
Ардын уран зохиолч маань тавин жил түүсэн балаа энд цуглаан, өдөр өдрөөр өртөөлөн түүсээр өдий хэрийн зузаан судар бүтээжээ. Түрүүчийн хийсэн нэгэн боти ану олноо ам дамжин хэлэлцэж, гар дамжуулан уншиж байсан бол ам дамжуулан асууж сураглавч одоо нэгэнт олдохоо болижээ. Энэхүү бүтээлд гагц төв халхын хавтгай бус өвөрлөгч болоод буриад, ойрад  зоны ертөнцийн гурвыг бүртгэж шүүснийг үзвэл нутаг нутгийн онцлог, хэл аялгууны ялгааг ч тэндээс мэдрэх болой. Гагцхүү тэрбээр дан гагц тэдний бэлтгэсэн бэлэн хоол бус өөрийн оюун ухааныг шүүрдэн үзэхүй эрдэнэсийн хишиг, эрсэний урам, идсэний бурам болон ундарчээ.  Ертөнцийн гурав бол түүний өөрийн нь тодорхойлсоноор “оюуны тэнгэрийн од бүхэн, орчлон абухайн жам бүхэн багтсан” сав ертөнц юм.
Зохиолчийн хэлснээр “хураангуй найргийн цоморлиг” болсон энэ гуравтад ертөнц сайн муу, сайхан муухайтайгаа тэр чигээрээ багтмой.  Гучин тэмээний ачааг гуравхан тэмээнд ачаалахыг нүүдэлчний амьдрал сургасан бол, гурван зуун бадагийг гуравхан мөрт баглаж батлахыг энэ амьдрал бас сургасан байдаг юм. Гурвын гурван зуу давтахыг гуравхан мөрт хураасан ухааныг ухахад бас амар биш ээ. Ой муутайхан зарим гадаад хүн ойлгох, ойлгуулахад тун бэрхтэй байдаг. Монгол хүнд бол энэ тийм ч хүнд цоож биш билээ. Яагаад гэвэл ухаан нь, түлхүүр нь монгол түмний тархинд бий. Гурвалсан оньсого ч гэж хэлж болох энэ ертөнцийн учрыг олж, хужрыг тунгаан цааш хөхиүлэх догиох авьяас чадвар гагц монгол хүний оюун ухаанд төөрмөл бус төрмөл билээ.
Ертөнцийн гурвын хэдэн ботийг соёолуулан соёрхсон соёлын гавьяат зүтгэлтэний зүтгэлийг ажваас “зэргэд бүрийг жиргэж, шад бүрийг шаглаж, өө сэвийг нь үрж, үе бүрийг өрж, үг бүрийг зорж, утга бүрийг урлаж, онч бүрийг олж, бадаг бүрийг баглаж” хийсэн нь мэдэгдэнэ, өөрийн нь хэлсэнээр “ногтоор нь бус хөлөөр ину холбож аргамжсан гурвалсан морьд” гэлтэй.
Ертөнцийн гурав бол дотоод ертөнцдөө онь, онч, холбоос, дэгээ, гогцоо, тээг, түгжээ нь бие биедээ эмхрэн таарч, эрхшэн нөхцөлдсөн бэхжмэл цул, эхжмэл цогцолбор юм. Ертөнцийн гурвыг задалбал замаар нэг, талаар нэл, уулаар нэг, улсаар нэл юм болно. Энэ бол ертөнцийн гуравт гүн ухааны далайг хураасны гэрч билээ. Амьдралын үнэн мөнөөр батлагдсан ертөнцийн гуравт энэ ертөнцийг таньж мэдэх гэсэн хүсэл эрмэлзэл, жам ухаарлыг ухах гэсэн бодол сэтгэл,  дорнын хоосон чанарын мөн чанарт хүрэх түлхүүр бүгд багтсан буй.
Ертөнцийн гурав бол ертөнц бүтэцтэй учраас бөх байгаа юм. Дөрөвт, тавт, зургаат, наймт, ест гээд бий ч гурав шиг бөх нь алга. Арга, билиг, үр гурвын нэгдэл бол ертөнц бөгөөд цул аж.  Үүнээс  бусад нь бэхжихгүй учир ертөнц биш бөгөөд хэврэг ажаамуй.
Монголчууд “таван толгойн нүүрс таван жилийн хоол, таван боть ном таван зуун жилийн хоол, оюу толгой одоогийн хэдийнх, оюунт толгой ирээдүй хэтийнх” хэмээн хошигнон, цэцлэн хэлэлцэж байгаа нь оюун ухаан эрдэм чадлыг эрхэмлэдэгийн шинж.
Арга, билиг, үр, тэнгэр, газар, сүнс, төрөх, өтлөх, үхэх, орон, цаг, чанар, шунал, уур, мунхагийн  гурав  бүхнээр бэхжсэн монгол сэтгэлгээ, монгол ухаан, монгол түмэн бат бэх орших бөгөөд гурваар угжих ардын сэтгэлгээ дундрашгүй бөлгөө.
Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай бол гагцхан гаднаасаа эрдмийг чихүүлж суудаг ГАН САВ биш, дотроосоо эрдэм, эрдэнэ хоёрыг хослуулан ундруулж байдаг ГАЛ САНГ буюу САЙН ХУВЬТ их бичгийн хүн билээ. Ертөнцийн гурвыг уйгагүй цуглуулж Монгол түмэн маань “ердөө гуравхан мөрөнд ертөнц даяханыг багтаачихлаа” гэж омогшиж суугаа түүгээр даяар Монгол цугаар бахархаж байна, баярлаж байна.

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн Захирал
Хэлшинжлэлийн Ухааны Доктор (Sc.Dr),
профессор Жанцангийн Бат-Ирээдүй
Улаанбаатар, 2012 оны 1 дүгээр сарын 30



2/19/2010

"Хөх судар" -ын хоршоо үгийн сан" номд бичсэн уялга үг


Уялга үг

Хоршоо үг хэмээх ойлголт бол холбоо үг, нийлмэл үг, хэлц үг шиг өөрийн гэсэн бие даасан гарал үүсэл, зүй тогтол, онцлогтой монгол хэлний үгийн сангийн бүрэлдэхүүнд маш том орон зай эзлэх хамгийн их багтаамжтай судлагдахуун юм. Монгол хэлний хоршоо үг гэж юу болох, ямар онцлогтой болох, хэрхэн ангилах, хэрхэн хэрэглэх талаар үе үеийн эрдэмтэн, судлаачид сонирхон судласаар ирсэн. Харин нэг зохиолын тэр дундаа эртний уран зохиолын хэрэглэгдэхүүнээс хоршоо үгийг эрж хайсан цуглуулсан, судалгаа хийсэн нь тийм олонгүй. 1990 онд профессор М.Базаррагчаа “Монгол хэлний хоршоо үгийг хэрэглэх тухайд” хэмээх бүтээл туурвиж монгол хэлний хоршоо үгийг хэрэглэх талаар болон Б.Ринчений “Сандо амбан”, Лувсанданзаны “Алтан товч” зохиолын хоршоо үгийг түүж, ангилан задлаж, тодорхойлсон байдаг. Үүнээс өөр эх зохиолын хоршоо үгийн дагнасан судалгаа, хэлний хэрэглэгдэхүүн гараагүй байх.
Харин судлаач, доктор Д.Баасанбат өөрийн олон жилийн судалгааны ажлын үр дүн болсон “Хөх судар” романы хоршоо үгийн судалгааны нэг сэдэвт зохиолоо та бүхний гар дээр тавьж байна. Энэ ажилд тэрбээр Монгол хэлний хоршоо үгийг судлагааг дэлгэрэнгүй авч үзсэний зэрэгцээ, уг романы хоршоо үгийн давтамжийг хоршоо үг тус бүрээр тодорхойлон тооцоолж, уг зохиолд хэрхэн хэрэглэсэнийг жишээгээр батлан үзүүлжээ.
Нэг зохиолын хоршоо үг тэр дундаа монголын эртний уран зохиолын нэртэй томоохон бүтээлийг ийнхүү нарийвчлан тооцоолж судалгаа хийсэн нь монгол хэлний хоршоо үгийг судлагч нар, оюутан, магистрант, докторант нарын сурах, судлах үйлст ихээхэн хэрэгтэй гарын авлага бэлэн хэрэглэгдэхүүн болж байгаа юм.
Энэ зохиолд нийт 7000 шахам хоршоо үгийг баримттай авч цагаан толгойн дэсээр жагсаасан бөгөөд үг тус бүрийг чухам аль дэвтэрт, хэддүгээр талд хэрхэн бичсэнийг нягтлан тодорхойлсон нь эрдэм номын хүний няхуур нямбай, тэвчээртэй чанарыг илтгэсэн нүсэр ажил болсоныг дурдалтай. Хоршоо үг бол хэлний тэгш хэм, сондгойруулахгүй байх зарчим, яруу сайхан найруулан бичихэд тустай хамгийн баялаг материал болдог бөгөөд монгол хэлний арвин баян, яруу тансаг болохыг илтгэх энэхүү эх бичгийн хоршоо үгийн судалгаа нь эх хэлээ сурч судлах, найруулан бичих хэнд боловч хамгийн ойрын гарын авлага, хэрэглэгдэхүүн чухам хамгийн сайхан бодит жишээ  болох нь дамжиггүй.
Энэхүү номыг “Mon-Education Press” хэвлэлийн газраас гаргаж байгаа “Эх хэл – эрдэнэсийн сан” цувралын хоёрдугаарх болгон хэвлүүлэв.

Хэлшинжлэлийн Ухааны Доктор (Dr.Sc.)
________________________
Жанцангийн БАТ-ИРЭЭДҮЙ

2/18/2010

Боловсролыг чөлөөлөе!



2008 оны 2 дугаар сард багш нарын баярт зориулсан
"ЦАГ ТӨР ХҮМҮҮС" сэтгүүлийн боловсролын сэдэвтэй нийтлэлийн дугаарт 
зориулан бичсэн өмнөх үг
БОЛОВСРОЛЫГ ЧӨЛӨӨЛӨЕ

Эрхэм хүндэт уншигч Танд Монголын багш нарын баярын халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. Эрдэм боловсрол, эрдэмт багш, эрхэм шавь хэмээх амьд гурван хэлхээнд шүтэж, багш, ном, лам гурвыг оройдоо залж, мөргөн сүсэглэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ бид.
Багш нарын баяр бол эрдэм боловсролыг шүтэж, гэгээрэл боловсролыг тэргүүндээ өргөн залж, ном судраа хүндэтгэн дээдэлж ирсэн ард түмний баяр аа. Баяр тэмдэглэх энэхэн агшинд бидэнд баярлаж бахархах сайн сайхан амжилтын зэрэгцээ бодож үзмээр, боловсруулж хурдан хиймээр зүйл их байгаа.
Зах зээлийн нээлттэй нийгэмд орсноор учир зүйгээ олох гэж хэрдээ их бужигнасан улс бол боловсролынхон. Боловсрол гэж ярихаар бага, дунд, их дээд гэсэн гурван түвшинд  ярьдаг. Одоо ингээд бараг хорин жилийн босгон дээр бодоход боловсрол боловсорчихоод байна уу гэвэл үгүй л байна. Учираа олохгүй бужигнасаар л байна. Одоо байгаагаас хэд дахин илүү байх боломжийн цаг хугацаа бидэнд байсан. Үнэндээ төр засгаас боловсролыг тийм ч олигтой харж үзэхгүй, үзэхийг ч хүсэхгүй байна. Зах зээлийн нийгмийн эхнээс л хэчнээн ч олон шалдар булдар сайд тавигдаж боловсролоор тоглов. Тоглоом одоо болтол дуусаагүй л байна.
Ерөөсөө манай өнгөрсөн хорь шахам жилийн хамгийн том алдаа бол улс орныг, аливаа салбарыг “хар таамаг, цээжний панг”-аар удирдсан болж туршилт хийж байгаад л оршиж байгаа юм. Үүний үр дүнд ард түмэн, үр хүүхдүүд муу удирдагч, муу сайд, муу менежерийн золиос болж байна. Нэг дунд сургуулийн сурагчийн өмнө гараагүй, нэг их сургуулийн индэрт лекц уншиж үзээгүй, боловсролын салбарт нэг ч ажиллаж үзээгүй улс төрийн “баагий” яаж энэ гэгээлэг салбарыг удирдах вэ. Улс төрийн албан тушаал гэдгээр утга учираа олохоо больж шинэ сайд ирэх болгонд “шинэ төлөвлөгөө” хийж байна. Туршилт үргэлжилсээр, хүн амьдрал, ажил үйлс, амь насаараа хохиросоор ... Боловсролын салбарын үр дүнг гэдэг өнөө маргаашдаа биш хойч ирээдүйдээ гардаг юм.
            Талхнаас авахуулаад бүх юмны үнэ чөлөөт зах зээлийн жишгээр явж голидрол шугамаа олоод байхад тухайлбал дээд боловсролын үнийг ард түмэн ядуу байна гэдэг шалтгаанаар дэлхийн хаа ч байхгүй үнээр хүчээр барьж байгаагаас болж мөнгөний хойноос хөөцөлдөж оюутны тоогоо ихэсгэсэн төрийн өмчийн бүх их дээд сургуулийн даац нь ихдэж, хөдөлж чадахаа болилоо. Үүнийг дээд, дунд, дооргүй хүлээн зөвшөөрч мэдсээр байж юу ч хийхгүй, хийхийг хүсэхгүй байна.
Боловсролыг боомилсон уяанаас салгахгүйгээр, дан ганц гадны хөрөнгө оруулалт, зээлээр  бид олигтой хөгжүүлж чадахгүй, энэ ирээдүйгүй.
            Эрдэмтэй багш нар минь сайхан баярлаарай, баярлахын хажуугаар бас бодоорой.

Хэлшинжлэлийн Ухааны доктор
Малчин овогт Жанцангийн Бат-Ирээдүй

"Pictorial Dictionary of Mongolian" номын мялаах үг



НОМ МЯЛААХ ҮГ

Монгол Улсын Их Сургуулийн залуу багш, судлаач Баасанжавын Батсүхийн "МОНГОЛ ХЭЛНИЙ ЗУРАГТ ТОЛЬ БИЧИГ" хэмээх бүтээл монгол, англи хэл суралцагч нарын гар дээр очиж байна.
МУИС-ийн багш Б.Батсүх 2001 оноос эхлэн гадаадын хүмүүст монгол хэл, соёлын хичээл дагнан зааж мэргэшсэн туршлагадаа тулгуурлан гадаадынханд зориулсан "Монгол хэлний зурагт толь бичиг (монгол-англи)" бүтээсэн бөгөөд энэ ном бол бүрэн хэмжээний монгол-англи хэлний зурагт толь бичиг хийх анхны оролдлого болж зөвхөн анхан шатны монгол хэл суралцагч гадаад оюутанд төдийгүй англи хэл сурч байгаа багачууд, хүүхдүүдэд ч хамгийн чухал толь бичиг болсон байна.
Энэ толь бичиг нийт 50 сэдэвтэй, сэдэв бүрт дунджаар 40-50 үг, хэллэг байгаа гэж үзвэл нийт 2500 орчим үг, хэллэг, нэр томъёоны багтаамжтай юм.
Сэдвийн сонголт ч гэсэн өргөн дэлгэр болсон бөгөөд дэлхийн томоохон хэлнүүд тухайлбал, англи, франц, хятад, япон хэлний зурагт толь бичиг хийх аргачлалаас суралцсанаас гадна монгол хэлнийхээ онцлогийг харгалзан үзэж зарим сэдвийг бүр шинээр зохион хийсэн нь толь бичгийг үзэх, сурах хүний хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн болохыг дурдалтай. Тухайлбал гэр бүл, хамаатан садан, өнгө болоод хээ, цаг хугацаа ба цаг тоолол, цаг агаар ба улирал, банк, мөнгө солиулах нь, урлаг хөгжмийн зэмсэг, мал сүрэг, цагаан сар, наадам, хэмжих нэгж ба дүрс зэрэг сэдвүүд нь гадаадынханд монгол үндэсний онцлог, соёлын ялгааг ойлгуулахад чухалтай болсон байна.
Цаашид энэ толь бичгийг улам дэлгэрүүлэн сэдэв болоод зураг сэлтийг нэмэн дэлгэрүүлж хийвэл бүрэн хэмжээний монгол-англи зураг толь болох баттай үндэс болж чаджээ гэж үзэлтэй.
Энэхүү толь бичгийг биежүүлэн гүйцээж хэвлүүлэхэд чин сэтгэлээсээ тусалсан МУИС-ийн Монгол хэлний тэнхимийн хамт олон түүний дотор багш Д.Цэрэнпил, Д.Баттуул, Саруулцэцэг нар болон номыг хэвлүүлэхэд тусласан багш Г.Ариунжаргал, Д.Нямаа, Б.Сарантуяа нарт Б.Батсүхийн аав, ээж, ахан дүүс талархал илэрхийлж байгааг энэ дашрамд илэрхийлсү.
Эрдэм, номын ариун гэгээ зүг бүрт түгэн цацарч, хүмүн бүхний зам мөрийг гэрэлтүүлэн гийгүүлж байх болтугай.

Хэлшинжлэлийн Ухааны Доктор (Dr.Sc.)
Жанцангийн Бат-Ирээдүй

Эх хэлний өдөр



2008 оны Олон Улсын Эх хэлний өдөрт зориулан "Цаг төр, хүмүүс" сэтгүүлд бичсэн эхлэл үг. 

Олон улсын эх хэлний өдөрт

ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР
Хэл бол хүмүүсийн хоорондын харилцааны хамгийн чухал хэрэгсэл гэдэг ойлголт бид бүгдийн хамгийн нийтлэг ойлголт байдаг. Хэл оролцдоггүй утга зохиол, боловсрол, нийгмийн харилцааны нэг ч салбар байдаггүй. “Хүнийг амьтнаас ялгах хамгийн анхны хэрэгсэл бол хэл” хэмээн Францын их зохиолч Стендал хэлсэн байдаг юм. Уран зохиол, сурч боловсрох, нийгмийн төрөл бүрийн үзэгдэл, бүх юм, хүн бүр үндэсний соёл тэр байтугай шашин суртахууны ялгарал ч хэлээр дамждаг.
Хэл нь хүн төрөлхтөний хамгийн үндсэн нийтлэгийг бүрдүүлж байдаг. Тухайн хүн чухам ямар хэлээр ярилцаж байх нь чухал биш, ерөөсөө харилцаж ойлголцож байгаа нь хамгийн чухал зүйл. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэдэн үеийн дараа дэлхий дээр хэрэглэгддэг 7000 шахам хэлний талаас илүү нь устах магадлалтай болоод байна. Учир нь энэ хэлнүүд засгийн газрын үйл ажиллагаа, боловсрол болон хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд зориуд хэрэглэгддэггүйн улмаас устах магадлалтай гэнэ. Тэгэхээр өөрийн бие даасан хэлээр төр засаг нь үйл ажиллагаагаа явуулж, радио өргөн нэвтрүүлэг хийж, ном хэвлэлээ хэвлэн тарааж байх нь хэлний дархлаа бий болж оршин тогтнох хамгийн чухал зүйл болох нь. Эрдэмтдийн тооцоолсноор дэлхий дээр хоёр долоо хоног тутамд нэг хэл хэрэглээнээс шахагдан гарч байгаа бөгөөд дэлхийн бүх хэлний 96%-иар нийт хүн амын 4% л ярьдаг байна. Тэгэхээр үлдсэн 4%-иар нь хүн амын 96% ярьдаг гэсэн үг. Ингэхээр ихэнхи хэлийг хэрэггүй гэх нь хаашаа юм бэ гэхдээ л хэрэглэгдэхгүй болохоор устаж үгүй болох магадлал их өндөр байдаг аж. Ийм учраас НҮБ 2008 оныг Олон улсын Хэлний Жил хэмээн зарласан бөгөөд үүнийг хоёрдугаар сарын 21нд Олон Улсын Эх Хэлний Өдөр ЮНЕСКО нээн зарлах гэж байна.
Олон улсын эх хэлний өдрийг (International Mother Language Day) 2000 оноос эхлэн ЮНЕСКО -гийн гишүүн орнуудад жил бүрийн 2 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрүүлдэг болсноос хойш 8 дахь жилээ дэлхий даяараа өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. “Хэл гэдэг бол бүх нийгэм, эдийн засаг, соёлын амьдралын гол цөм зүрх нь юм гэж” ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Койчиро Мацуура Олон улсын эх хэлний өдөрт зориулсан тусгай илтгэлдээ цохон тэмдэглэжээ. Яагаад заавал 2 дугаар сарын 21 байдаг нь бас учир жанцантай аж. Учир нь энэ өдөр бол 1952 оноос эхлэсэн хуучнаар зүүн Пакистаны Бенгали хэлний төлөө хөдөлгөөнтэй холбоотой гэнэ. Энэ нь Бангла хэлийг улсын хэл болгохын төлөө тэмцэж амиа алдсан хэсэг оюутны хөдөлгөөн байсан юм байна. Яагаад гэвэл тухайн үеийн Пакистаны засаг дарга Мохоммед Али Жиннах Урду хэлийг баруун, зүүн Пакистаны албан ёсны хэл байна гэж 1948 оны 3 сарын 21 нд нэгэн хурал дээр зарласанаас болж тэмцэл хурцаджээ. Ийнхүү Зүүн Пакистаны хүмүүс Бангла хэлнийхээ төлөө тэмцэлд боссон бөгөөд Засгийн газар нь 1952 оны 2 дугаар сарын 20 нд дээрх шийдвэрээ батласны маргааш буюу хоёрдугаар сарын 21 нд оюутнууд маш өргөн эсэргүүцэл цуглаан зарлан зохион байгуулснаас Дака хотод Пакистаны цагдаа нар олон зуун хүний аминд хүрч эсэргүүцэлтэй тулжээ.
Энэ жилийн эх хэлний өдөр бүр ч онцлогтой, учир нь өнгөрсөн жилийн 12 дугаар сард Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассемблейн чуулганаас 2008 оныг Олон Улсын хэлний жил (International Year of Languages) болгон тунхаглал гаргаж улс үндэстэн бүр тухай тухай орондоо хэлнийхээ талаар их зүйл хийж анхаарахыг дэлхий даяарт уриалан зарлаад байгаа юм. Ийнхүү бид энэ жил гагц нэг өдөр биш бүтэн жилжин эх хэлнийхээ тухай харилцан ярилцаж болох боломж, учир утгатай болоод байна. Бидэнд хийж бүтээх,  хэлэлцэж ярих, зүйл арвин бий. Монгол эх хэлнийхээ талаар ард нийтээрээ ярьж хэлэлцэж болохгүй байгаа зүйлээ нягтлан үзэж, нэг мөр болгон жигдлэх зүйлээ хамтаараа хэлэлцэн тогтмоор байна. Ингэх нь бид бүхэнд бүгдээрэнд нь хэрэгтэй зүйл юм.
Учир нь сүүлийн үед монгол хэлний ярианы болон бичгийн хэлэнд гарч байгаа эвдрэл гэм, ёс бус үзэгдэл, гажиг хэлбэр загвар, дүрэм журам, зөв бичихзүйн зарим ташаа төөрөг олон байгаа бөгөөд хүмүүс ч төөрч будилах нь улам их болж байна. Үүнийг үргэлжлүүлэн нийт үндэсний хэмжээнд өргөжүүлэн хэлэлцэж, ард нийтээр мэдүүлмээр байна.
Мөн эх хэлтэй холбоотойгоор эх бичиг үсгийнхээ тухай ч ярих хэрэгтэй юм. Монгол улс зах зээлийн нээлттэй нийгэмд орсноор хэлний тухай асуудал биднээс хэд дахин илүү хурдтай өөрчлөгдөж, хүмүүсийн оюун ухаан энэ хурд, эрчийг гүйцээхээ больж бүр дунд нь будилж самуурч, чоно борооноор гэгчээр үүнийг далимдуулан замбараагүй, дүрэм журамгүй байдал ч газар авлаа.
Ийм учраас бид эх хэлнийхээ тухай ихийг ярих, хийх учиртай хүмүүсээ.

Хэлшинжлэлийн ухааны доктор Жанцангийн Бат-Ирээдүй

Хүний ой ухааныг гэгээрүүлэх бичиг



Сүүлийн хэдэн жилд нэлээд хэдэн хүний номыг эрхилэж (редакторлах гэдэг орос үгийг ийн хэлээд дадаж байх шиг байна)  өмнөх үг бичсэн билээ. Өмнөх үгийг манайхан бас л  уялга үг, оршил үг, нээх үг, удиртгал үг гэх мэтээр олон янзаар нэрлэж байгаа энэ нь ч зөв санагддаг. Номд өмнөх үг бичнэ гэдэг бол бас зүгээр сууж байгаад хийчихдэг халтуурын ажил биш бас л нэг цаг зав, ажил болдгон үзэж харж, хийдэг эд юм. Тийм учраас бичсэн уялга үгнүүдээ нэг бүлэг болгон блогтоо оруулбал эмх цэгцтэй сонин юм болов уу гэж бодлоо. Ингээд саяхан үзэж уялга үг бичсэн Манибадарын Шагжжав багшийн  "Хэлц ба сургаал үгийн тайлал"  номын өмнөх үгийг эхлэн хийлээ. Энэ ном өнөө маргаашгүй уншигчдын гарт очно.

Хүний ой ухааныг гэгээрүүлэх бичиг
Ном болгон өөрийн очих эзэнтэй, тэр таарч тохирсон уншигчдаа очиж ой ухааныг нь гэгээрүүлж, эрдэм номыг нь зузааруулж, ухааруулж байдаг. Мани мэтийн хийсэн номууд нийт олны төлөө гэхээсээ хэсэг бүлэг хүмүүст зориулсан байх нь элбэг.  
Харин ахмад багш Мээрэн овогт Манибадарын Шагжжав гуай бээр “Хэлц ба сургаал үгийн тайлал” хэмээх түмэн олонд зориулсан сайхан номоо үзүүлэе хэмээн хаа хол суугаа надад хүргүүлсэнд талархан чадахын хэрээр үзэж удиртгал үг бичиж байгаа минь энэ болой.
Монгол хэлний хэлц үг, зүйр цэцэн үг бол хүний амидралын ерөнхий зарчим, тэр байтугай гүн ухааны ойлголтуудыг маш товчлон базаж нэг хоёр мөрөнд шахаж боловсруулсан оюун ухааны цогц оюун дүгнэлт байдаг бөгөөд үүнийг зүгээр нэг цагаан толгойн дэсэд оруулж жагсаахаас илүү ийнхүү утгыг дор дор нь нягтлан тайлж, учрыг олж, хужрыг тунгаах гэж ядаж байгаа залуу хөвгүүдийн оюуны амыг нээж өгөхөөр бодож найруулсан нь хэрэглээний хувьд хэн ч сэтгээгүйгээрээ шинэлэг  ном болжээ гэж бодож байна.
Монгол хэлний зүйр цэцэн үг, сургаал үгсийг эрдэмтэд янз бүрээр толилон олны мэлмийд барисан ч яг энэ ном шиг сайхан тайлсан нь юу л бол. М.Шагжжав багш бол ёстой хэрэгтэй цагт нь, хэрэгтэй газар нь цагаа олж түмэн олонд буянт зүйл хийсэнд мэргэжлийн хүний хувьд бахархан  тэмдэглэж байна.
Сургаал үг нь харицангуй  утга санаа нь ил тодорхой байдаг бол хэлцийн утга мөд далд байдгаараа онцлогтой. Тухайлбал, “Ам хэлээр нь биш, ажил төрлөөр нь үнэл.” гэсэн сургаал үгэнд  яриж хөөрхөөс нь илүү хийж, бүтээснийг нь хар гэсэн утга бараг шууд шулуун ойлгогдох бол, харин “ “Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэх” гэдэг хэлцийн утга бол өөрт тохиолдсон сайн боломжоос зугтаах, боломжоо алдах гэсэн шиг далд утгатай юм. Үүний учир жанцанг л М.Шагжжав гуай ухаан сууж, өдлөн жигүүрлэж байгаа хүүхэд багачуудын гэлтгүй томчуудын орой руу нь ортол сайхан тайлж, тайлбарлаж өгсөнд уг ухаант буурлын номын ухаан, ач холбогдол зэрэг оршино.
Нэг үеэ бодвол Монголоо, монгол бичиг соёл, ёс уламжлалаа гэх болсон өнөө үед иймэрхүү өнөөгийн хүний шаардлага хэрэгцээг хангасан хэрэглээний ном, гарын авлага илүү олон төрлөөр хэрэгтэй байгааг дурдалтай. Номын буян найман зүгтээ түгэн дэлгэрэх болтугай.
Токио Гадаад Судлалын Их Сургуулийн
Профессор, хэлшинжлэлийн ухааны доктор Ж.Бат-Ирээдүй
Япон Улс, Токио хот, 2010.01.10