Showing posts with label САНАА. Show all posts
Showing posts with label САНАА. Show all posts

12/31/2011

Ж.Бат-Ирээдүй: "МОНГОЛ ХҮНИЙ НЭРИЙГ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?"


(c) J.Bat-Ireedui
Засгийн газрын шийдвэрээр  Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар Монгол Улсын иргэний цаасан үнэмлэхийг цахим үнэмлэхээр солихоор бэлтгэл ажил үндсэндээ хийгдэж дуусаад байгаа юм байна. “Цахим үнэмлэхтэй болсноор тус улс иргэний бүртгэл, мэдээллийн цогц системтэй болж, иргэний үнэмлэхтэй холбоотой гардаг хүндрэл, зөрчил багасч, нууцлал, хамгаалалт сайжирч, тухайн иргэний шилжилт хөдөлгөөн, сонгуулийн санал өгсөн эсэх, цэргийн алба хаасан болон татвар төлсөн байдал зэргийг тодорхойлох боломж бүрдэнэ” гэж мэргэжлийн байгууллага нь үзэж байна. Энэ нь ч үнэний ортой байх.
Одоогоор нийт иргэдийн 98.1 хувь нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж 1,947,379 насанд хүрсэн иргэн, 812 мянга гаруй 16-аас доош насны иргэдийг асран хамгаалагч, харгалзагчаар дамжуулаад бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл  2,760,270 иргэнийг бүртгэчихсэн гэсэн үг. Харин мэдээж насанд хүрсэн хоёр сая шахам иргэнээ ирэх оны 5 дугаар сард багтааж цахим үнэмлэхтэй болгох учиртай аж.
Ингэхэд энэхүү чиптэй үнэмлэх түрүүчийнхээс юугаараа ялгаатай вэ? Дэлхийн ихэнхи оронд өөрийн иргэний үнэмлэхээ цахим хэлбэрт оруулж хэвлээд байна. Манайхан лав дэлхийн 50 шахам орны цахим үнэмлэх судалж үзсэний үндсэн дээр хамгийн сүүлийн үеийнхийг сонгосон гэж бичиж байна. Энэ чиптэй үнэмлэхэд тухайн иргэний овог, нэр, гэрийн хаяг, хүйс, зураг гээд хуучин иргэний үнэмлэхэд байсан мэдээллээс гадна хурууны хээ, сонгууль өгөх тусгай тэмдэглэл зэрэг нь хадгалагдсан байх юм. Иргэн хүн хаанаас ч өөрийн цахим үнэмлэхийн тусламжтайгаар гарын хээ, нууц код зэргээрээ мэдээллээ авах боломжтой болох юм байна.
Үүнээс гадна төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, банк санхүүгийн байгууллагууд тухайн иргэнд үйлчлэхдээ чиптэй иргэний үнэмлэхээр нь ороод үнэн зөв мэдээллийн санг харах боломжтой. Ингэснээр өөрийнхөө үнэмлэхийг өөрийн гэдгийг нотлох гэж нотариатаар явж бусад баримт бичгүүдээр гэрчлүүлэх ямар ч шаардлагагүй болж байгаа юм гэнэ.
Ийнхүү түрүүчийн цаасан үнэмлэх дээр байдаг зүйл бичигдэхээс гадна өөр нэг онцлогтой нэг зүйл бол энэ үнэмлэх монгол англи хэлээр байх бөгөөд тухайн хүний овгийн нэр, эцгийн нэр, өөрийн нэр төрсөн он, сар, өдөр, эрэгтэй эмэгтэй, регистрийн дугаар нь  бүгд кирил болон латин үсгээр бичигдэх юм байна. Энд хамгийн чухал зүйл бол хүний овог, эцгийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаарыг латин үсгээр галиглах тухай асуудал юм.
Тэгэхээр бидэнд  энэ үнэмлэх дээрээ ямар галигаар бичих вэ гэдэг асуудал тулгарч байна. Учир нь Монгол Улсад анх 2003 онд “монгол кирил цагаан толгойн үсгүүдийг романчилах” MNS 5217 гэдэг стандарт батлагдсан боловч улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний харьяа иргэний бүртгэл мэдээлэлийн улсын төв, болон гадаад харилцааны яам, дипломат, албан болон энгийн гадаад паспорт олгодог байгууллагууд энэ стандартыг барилгүй өөрсдийн гэх латин үсгээр хөрвүүлж ирснээс болж үүнийг одоо эргэж засахад маш төвөгтэй болжээ. Мэдээж энэ нь 1990 оны эхнээс л баримталж ирсэн галиг байж таарах нь. Гадаад паспорт олгож эхлээд 20 жил, үндэсний стандарт батлагдсанаас хойш бараг 10 жил болоход үүнийг баримтлаагүйгээс болж нэг тэмдгээр гурван өөр үсэг тэмдэглэж ирсэн маш том дутагдал бүх төрлийн гадаад паспортанд өдий хүртэл явсаар л байна. байна. Гадаад паспорт бичихэд кирил үсгийн ихэнхи үсэг нь асуудалгүй таарч тохирох боловч гагцхүү ц, ч, ө, ү, ш, щ, ь, ъ зэрэг хэдэн үсэг дээр өөр өөрөөр бичиж галигладаг ялгаа байгаа юм.
Ялангуяа хамгийн их төвөгтэй нь ө, у, ү эгшгүүдийг нэг тэмдэгтээр тэмдэглэж байгаа явдал юм. Жишээлбэл, Өгөөмөр гэдэг нэрийг uguumur буюу кирилээр бол угуумур, Үнэнмөнх гэдэг нэрийг unenmunkh  буюу унэнмунх, Үүртуяа гэдэг нэрийг uurtuya буюу ууртуяа, Төмөрхүрээ гэдэг нэрийг tumurkhuree буюу тумурхурээ, Сүхбаатар гэдэг нэрийг sukhbaatar буюу сухбаатар,   хэмээн бичиж байгаа гэсэн үг. Хэлшинжлэлийн талаас үзвэл илэрхий өөр өөр бие даасан үсгийг ийнхүү нэг тэмдэгтээр тэмдэглэж байгаа нь байж болшгүй зүйл юм. Тийм учраас энэ удаагийн стандарт боловсруулахад үүнийг манай эрдэмтэнд гойд анхаарсан билээ.
Гэтэл одоо эргээд засах гэхээр монголын бараг насанд хүрсэн бүх хүний гадаад паспортыг өөрчлөх болоод байдаг. Шинэ паспорт үнэмлэх авахад нь хийгээд явна гэхээр овог болон эцэг, эхийн нэр түрүү түрүүчийн бичиг баримттай нь зөрчих гээд байх ийм хүнд асуудал тулгарч байна. Иргэний үнэмлэхийн галиг өөрчлөгдөхөөр олон мянган хүн гадаад оронд очиж паспортын буруу бичлэгээр үл хөдлөх хөрөнгө авах, өмчлөх, элдэв төрлийн сургууль дамжаа төгсөж диплом авах, өргөдөл гомдол өгөх зэргээр баримт бичгээ өөрчлөх шаардлагатай болж байгаа юм.
Саяхан Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг дээрх 2003 оны стандартыг сайжруулах, улмаар шинжлэх ухааны үндэстэй боловсронгуй дөхөм болгох үүднээс дахин авч үзсэн бөгөөд зарим нэг үсгийн хөрвүүлэгт зохих өөрчлөлт хийхээр шийдсэн билээ. Гэвч Улсын бүртгэлийн газар ц-г c гээр  бичихийг, щ-г shc гээр бичихийг, ө-г ő гээр бичихийг, ү-г ű гээр бичихийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн бөгөөд харилцан хамтарч хэд хэдэн удаа хэлэлцэж ярилцаж учир байдлыг ойлголцсоны дүнд харилцан ойлголцсоны дүнд ө, ү эгшгийг солихоор тогтов.  Үүнд ц, х, гийгүүлэгч, мөн ө, ү эгшгийн тухай санал. Бид ц-г c-гээр, х-г h ээр бичих, ө-г ő, ү-г ű-гээр ялган бичихээр тогтсон юм. Ингээд эцсийн дүнд ц, х хоёрыг хуучин бичиж байгаагаар нь үлдээж, харин ө, ү-г дээрээ хоёр цэгтэй бичихээр тохироод байна. Гэхдээ энэ төсөл стандартын үндэсний хороогоор орж байж албажин батлагдах учиртай.
Энэ далимд хэлэх өөр нэг санал бол монголчуудын хүүхэддээ нэр өгөх тухай зүйл байна. Чухам хэн гээч нэр өгөх, ямар ёс журам үйлдэж оноож өгөх энэ тэр бол бүр өөр өөрийн ёс жаягтай тусдаа асуудал юм. Сүүлийн үед түүхэн нэр, гоё нэр, нийтлэг нэрийг нэлээд сонгох хандлагатай байгаа боловч манай зарим хүмүүс ялангуяа залуучууд хүүхэддээ нэр өгөхдөө хайхрамж тоомжиргүй хандах явдал байна. Манайхан хүүхэддээ нэр өгөхдөө тухайн үгийн үндэс язгуурыг сайн бодож тэр нэрийнх нь үндэс язгуураар нь өгөх учиртай. Жишээ нь Батаа гэдэг нэрийн сүүлийн аа бол дуудлага үг бөгөөд үүнийг нэрэнд нь хамааруулж өгч болохгүй юм. Тухайлбал Батаа гэдэг нэрийн үндэс язгуур нь Бат буюу монгол бичгээр бол бүр БАТУ юм. Тэгэхээр аливаа нэрийн арын дуудлага үгийг жинхэнэ нэрд өгөлгүй БАТ юм уу БАТУ гэж өгөөд БАТаа гэж дуудаж байж болох жишээтэй.  Тухайлбал, дээр хэлсэнчлэн Алтаа, Бямбаа, Доржоо, Нараа, Сараа, Дулмаа, Доржоо, Бадмаа, Түмээ, Орсоо, Хүлгээ, гээд ийм нэр маш их бий. Үүний үндэс нь АЛТАН, БЯМБА, ДОРЖ, НАР(АН), САР(АН), ДУЛМА, ДОРЖ,  БАДАМ, ТҮМЭН, ОРОС, ХҮЛЭГ бөгөөд энэ жинхэнэ үгийн үндсээр нь нэр өгөх нь хамгийн зөв зүйл юм.
Анзаарсан бол  дээрх шиг дуудлагатай нэрсийг хүний нэрийн толь бичиг оруулдаггүй учиртай. Харин шинэ толь бичиг хийвэл монгол бичгийн бичлэгтэй нэрсийг оруулж өгмөөр санагдана. Жишээ нь, БАТУ, АРИГУН, НАМУН, НОМУН гэх мэт. Үүний нөгөө талд манайд хүний нэрийн толь бичиг гэж байхаас хүүхдийн нэрийн толь бичиг гэж байдаггүй. Бас толь бичиг тэр болгон хэрэглэж сураагүйгээс болоод хүний нэрийг толийг тэр болгогн ашиглахгүй байна. Тийм учраас манай судлаачид хүүхдийн нэрийн толь бичгийг гаргаж үүндээ үндсэн монгол нэр усыг кирил, латин, монгол бичгээр хавсарган, гарал үүсэл, учир начрыг тайлбарлаж өгвөл залуу эцэг эхчүүд төдийгүй бүртгэл мэдээллийн ажилтан нарт ч тус болох юм гэж бодож сууна.
Шинэ онд "МОНГОЛ ХҮҮХДИЙН НЭРИЙН ТОЛЬ БИЧИГ" хийе гэж дотроо амалсу.
2011 оны 12 дугаар сарын 31
22:08
Улаанбаатар хот

9/23/2011

Ж.Бат-Ирээдүй: "ВАРЕНИЙ ШИЛ"

       
Ногооных ч бай, жимсний чанамалынх ч бай, компотных ч байх бид варений шил гэж нэрлээд сурчихаж. Варений шилийг бид өөрсдөө хийдэггүй, гадаадаас голдуу жимс ногоотой авдаг байх. Импортын барааны ногоо цагааг хэрэглэж дуусаад шилийг нь янз бүрийн зориулалтаар хэрэглэдэг. Хүүхдүүд бай болгож чулуугаар хагалах, будаг шунх зэрэг шингэн зүйл хийх, буцаагаад үйлдвэрийн аргаар болон гэрийн нөхцөлд бэлтгэсэн жимс ногоо, зөгийн бал, жимсний чанамал зэрэг олон зүйлд дахин ашигласан харагддаг. Үйлдвэр, үйлчилгээний газрууд, хувь хүмүүс дахин ашиглахын тул хүмүүсээс нэг варений шилийг 100 төгрөгөөр худалдаж авна. Харин бидний хэрэглэдэг бас нэг зориулалтын бус зориулалт бол шээсний шинжилгээний сав болгох. Улаанбаатарын маш олон эмнэлгүүд одоо шээсний шинжилгээг бүгд том бага варений шилэнд авч байна. Харин Улаанбаатар Сонгодо эмнэлгийн Болдсайхан эмч манайх заавал зориулалтын саванд авдаг гэж мэдэгдэж байсан.
Тухайлбал, одоо хамгийн мундаг гэгддэг сайд нарын хоёрдугаар эмнэлэгт их хурлын гишүүд, сайд, гавьяат, төрийн шагналтан томчууд шээсээ варений шилэн хийчихсэн өглөө шинжилгээнд өгөхөөр бариад ирж байгааг тэнд очиход хоёр давхарт өчнөөн харж болно. Эрүүл мэндийн сайдын шээс ч варений шилтэй тууж л яваа байх. Бас далимд хэлэхэд тэр варений шилтэй шинжилгээний хариу нь дандаа буруу гарна. Дахиад ариутгасан варианы шилэнд аваад ир гэж өөрсдийн нь өгсөн шилэнд өгөхөөр шинжилгээ зүгээр гарна. Тэр нь бас мөнгө хийх арга юм шиг байна. За энэ санаатай ч бай санаагүй ч бай шинжилгээнд  зориулсан шээс агуулсан савнууд хаашаа явдаг вэ? Эргээд шинжилгээний шээсийг агуулсан варений шилийг хэн нэгэн нөхөр аль нэг хувь хувьсгалын хүнсний үйлдвэрт бөөндөхгүй, хэрэглэхгүй гэх баталгаа бол байхгүй.
Шээсэнд юу ч явж болно, тэнд цус байгаа, хэчнээн түмэн бактери, нян вирус яваа, яаж устгаж ариутгах вэ, устах уу үгүй юу гэдэг бол маш эргэлзээтэй асуудал юм. Тэгэхээр энэ саваар дамжиж элдэв төрлийн өвчин тархахгүй гэх баталгаа байхгүй. Ийм бүдүүлэг байдлыг таслан зогсоохгүй бол өнөөгийн хүмүүсийн эрүүл мэндэд маш хор уршигтай зүйл гарахыг ч үгүйсгэхгүй.
Маний мэдэх Герман, Англи, Японы гадаад орнуудын орчин үеийн эмнэлгүүдэд шээсний шинжилгээг заавал зориулалтын саванд маш бага хэмжээгээр авдаг. Тэгэхээр манай эрүүл мэндийн сайд эмнэлгүүдийг шээсний шинжилгээг варений шил болон бусад зориулалтын бус саванд авахыг хориглосон шийдвэр нэн даруй гаргах хэрэгтэй байна.
Саяхан бид твиттеэр дээр энэ тухай бичиж баахан амьтны огиудас хүргэж, дотоодын варень, жимсний чанамал, зөгийн бал идэхээргүй болгосон боловч эрүүл мэндийн сайд энэ твиттийг мэдээгүй өнгөрчих шиг болсон тул дахин бичиж байна.
Миний бие өнгөрсөн найман сард хавдар судлалын эмнэлэгт ээж аав хоёрынхоо шинжилгээг өгөх гэж тэр хавийн эмийн санг гүйцээгээд зориулалтын шээсний сав хайгаад лав олоогүй. Тэгэхээр эндээс ямар ч байсан аптек эмийн санд ийм төрлийн зориулалтын сав байдаггүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.
Ийм учраас эрүүл мэндийн сайд тушаал гаргаад цус, шээсний шинжилгээг заавал зориулалтын саванд авна гэж тогтвол эрхбиш эмнэлэг, эмийн сангууд ийм төрлийн сав байдаг газраас нь татах нь мэдээж. Энэ нэг талаас эрүүл мэндийн асуудал нөгөө талаас бизнесийн хэрэг болой.
За ингээд адаг сүүлд нь ард түмний эрүүл эсэн байхыг хариуцсан Ламбаа сайдаас Монгол Улсын өрхийн эмнэлгээс авахуулаад дээд зэрэглэлийн үнэтэй эмнэлэг хүртэл шээсний шинжилгээг зориулалтын саванд авч байх тушаал гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж энэ удахгүй биелэнэ гэдэгт найдаж байна. Энэ жижиг юм шиг хэрнээ маш аюултай, арга хэмжээ авчихвал маш өчүүхэн юм шиг мөртлөө том ажил болох юм шүү Сайд гуай.

9/22/2011

Ж.Бат-Ирээдүй: "МУИС ХЭВЛЭЛИЙН ГАЗАР БУЮУ MONGOLIAN NATIONAL UNIVERSITY PRESS БАЙГУУЛЪЯ"



Дэлхийн их сургуулиуд бүгд өөр өөрийн  хэвлэлийн газартай байдаг. Энэ хэвлэлийн газар их сургуулиудын бас нэг имиж, нэр нүүр болж явдаг. Тухайлбал бидний сайн мэдэх Оксфорд Университи Пресс (www.oup.co.uk), Харвард Университи Пресс (www.hup.harward.edu), Кембриж Университи Пресс (www.cambridge.org), Йэле Университи Пресс (www.yale.edu/yup), Колумб Университи Пресс (www.cup.columbia.edu), Калифорни Университи Пресс (www.ucpress.edu) гээд хөвөрч өгнө.
Дууриаж байгаа юм биш нээлттэй зах зээлийн нийгмийн зайлшгүй шаардлагаар Монгол Улсын ууган их сургууль МУИС нэн даруй өөрийн гэсэн хэвлэлийн газар байгуулах хэрэгтэй байна. Хэвлэлийн газар байгуулах тухай энэ санаагаа шууд нэг зүйлийг тайлбарлахаас эхлэе. Гагц манай их сургуулийнхан ч биш хүмүүс ерөөсөө хэвлэх үйлдвэр буюу хэвлэх, хэвлэлийн газар буюу хэвлэл гэдэг хоёр зүйлийг ялгахгүй байна. Хэвлэх буюу printing, хэвлэл буюу  publishing хоёр бол өөр хоорондоо ялгаатай шал өмнөө хоёр зүйл бизнес болохыг бид хольж хутгаж ойлгоод яваад байна. Тухайлбал, манай МУИС-ийн хувьд хэвлэх үйлдвэр нь Худалдааны сургуулийн харьяанд байх шиг байна. Хэвлэлийн газар нь алга. Хэвлэх үйлдвэр гэдэг нь мэдээж хэн хүний мэдэх ном хэвлэл машин техникээр хэвлэж гаргах процесс юм. Харин хэвлэлийн газар бол ном хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа бизнес хийх байгууллага буюу ямар ном хийх, хэрхэн хийх, хэдийг хийх, ямар дизайн хийцтэй байх, зах зээлд ямар ном бүтээл хэрэгтэй байгаа талаар судалгаа хийж, бодлого боловсруулж гүйцэлдүүлэх энэ чиглэлийн бизнесийн газар юм.
Өнөөдөр Монгол Улсад хэвлэлийн газрын жинхэнэ утгаар нь ажиллуулж байгаа газар бол НЕПКО хэвлэлийн газар байна. Мөн Адмон компаний “Монсудар”, Мөнхийн үсгийн “Болор судар”, Интерпресс хэвлэх үйлдвэрийн “Цагаан бамбарууш”, “Мон-Эдюкэшн Пресс” зэрэг хэвлэлийн газрууд хэвлэлийн үйл ажиллагааг зах зээлийн жам ёсоор нь явуулах гэж хичээж байгаа. Үүний цаана Соёмбо, Тоонот принт, УБ принт, Бемби сан зэрэг өөр олон хэвлэх үйлдвэр хэвлэлийн газар маягаар ажиллаж нэр логогоо тавьж яваа боловч жинхэнэ хэвлэлийн газрын үйл ажиллагаа дутагдаж байгаа юм.
МУИС-ийн Хэвлэлийн газрыг жинхэнэ утгаар нь байгуулах бас нэг шаардлага бол гадаад орнуудын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд эрдэмтдийн бүтээлийг хэмжих нэг үзүүлэлт нь чухам ямар хэвлэлийн газраар бүтээлээ хэвлүүлсэн байна вэ гэдэг үзүүлэлт болж байна. Одоогоор манай их сургуулийн бүх багш нарын ном бүтээл ямар хэвлэх үйлдвэрийн нэр, логотой хэвлэгдэж байгаа гэхэд хилсдэхгүй байх.Хамгийн энгийн жишээ хэлэхэд бидний сайн мэддэгээр Таны ном дээр Адмон ХХК –д хэвлэв гэвэл, хэвлэлийн газар биш хэвлэх үйлдвэр, харин “Мон судар хэвлэлийн газрын лого тэмдэгтэй” гарвал жинхэнэ энэ чинь хэвлэлийн газар болох юм. Гэтэл ихэнхи багшийн номыг харвал Адмон ХХК-д хэвлэв гээд логотойгоо хэвлэгдсэн байдаг. Бид тэрийгээ хэвлэлийн газар гэж андуурдаг.
Тийм учраас бид өөрийн их сургуулийн нэрээр овоглосон хэвлэлийн газрыг байгуулах цаг нь болсон гэж үзэж байгаа юм. Бүр цаашилбал бид хэвлэлийн газар байгуулбал энэ нь Монголын их дээд сургуулиудын хамгийн анхны мэргэжлийн хэвлэлийн газар болох бөгөөд бүр цаашилбал ЮНЕСКО-гийн ном хэвлэлийн эрх сери дугаар ISBN, ISSN өгөх зөвшөөрлийг өөрийн хэвлэлийн газрын харьяа авах зэргээр үйл ажиллагааны хүрээг өргөнөөр тэлж болно.
Ном бүтээл дээр яг үнэндээ хэвлэх үйлдвэрийн нэр биш хэвлэлийн газрын нэг тавигдах учиртай тухай би өмнө тайлбарласан. Өөрөөр хэлбэл МУИС-ийн багш нэг ном хэвлүүллээ гэхэд тэр ном дээр “МУИС-ийн хэвлэх үйлдвэрт хэвлэв” гэдэг үг биш МУИС-ийн Хэвлэлийн газар гэдэг нэр, логтойгоо тавигдах учиртай. Ингээд цаашаа энэ бүтээл бол МУИС-ийн Хэвлэлийн газраас гаргасан бүтээл юм гэж ойлгогдож явах ёстой.
Энэ  хэвлэлийн газрыг МУИС-ийн хэвлэх үйлдвэрийн дэргэд ч юм уу аль эсвэл номын сангийн дэргэд байгуулах боломжтой. Хэвлэлийн газар заавал хэвлэх үйлдвэртэй байх ч албагүй. Харин хэвлэлийн газар юуны өмнө цаашид өөрийн гэсэн брэнд болох оноосон нэрээ тогтох хэрэгтэй. Миний бодлоор МУИС ХЭВЛЭЛИЙН ГАЗАР буюу англи хэлээр бол MONGOLIAN NATIONAL UNIVERSITY PRESS (MNUP) гэдэг оноосон нэр их л тохиромжтой санагдана. Гэвч олон ургальч үзэл уралдуулсан нь дээр байх. Өөр нэг чухал зүйл бол лого. Лого бол тус хэвлэлийн газрын утга санааг илтгэж ном бүхэнд тавигдсанаар олны танил болох бөгөөд нэрийг бүтэн бичих боломжгүй үед хэвлэлийн газрын таних тэмдэг лого л тавигдаж танигдаж явах учиртай. Тийм учраас чухам ямар логотой байх вэ гэдэг дээр манайхан бас бодол ухаан уралдуулж сонгох буй за.
Харин МУИС Хэвлэлийн газар ямар бодлого барих, ямар ямар үйл ажиллагаа явуулах, яаж бизнес хийх, юу юу эрхлэн гаргах, ямар техник технологи ашиглах, ямар ном бүтээл хэвлүүлэх, монголын болон гадаадын ном хэвлэлийн зах зээлд хэрхэн нэвтрэх зэрэг маш олон асуудал хэвлэлийн газар байгуулсаны дараа яригдах учиртай тул түр орхилоо.
МУИС-ийн бодлого барьдаг, эрх мэдэл бүхий хүмүүс болон МУИС-ийн захиргааны болон эрдмийн зөвлөл энэ санааг дэмжин шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.
Ж.Бат-Ирээдүй (Монгол Судлалын Хүрээлэн)

9/19/2011

Ж.Бат-Ирээдүй: "АВААРЫН ГЭРЭЛ"


       Өнгөрсөн бүтэн сайн өдөр би Энх тайвны гүүрээс ирэх чиглэлд Төв шуудангийн уулзварын замын гэрэл дээр араас ирэх машин ойр хавьд байхгүй болохоор аваарын гэрлээ асааж байгаад машин дотроосоо нэг зураг дарах зуурт замын цагдаа ирж “гэрэл дээр аваарын гэрэл асааж хөдөлгөөн саатуулсан хэрэг”-ээр бичиг баримт хурааж, төрийн хамгаалалтын цагдаагийн газар гэгчид очиж учраа ол гэв. Үнэмлэхээ тийм даргаас очиж аваарай гэж хэлчихээд нөгөө цагдаа алцаганаад алга боллоо. Арай гэж олж очвол төрийн хамгаалалт гэгч нь замын цагдаагаасаа тусдаа бас нэг төмөр нүүр бололтой.
Тэнд хувцсандаа биш уурандаа багтаж ядсан хоёр дэслэгч суух. Ард машингүй байхад аваарын гэрэл татаж байгаад зураг авсан үнэнээ хэлтэл тэр гэрлийг чинь аваар гарсан үед л асаадаг юм. Яах гэж зам дээр тэгж зогссон юм бэ чи гэхээр нь гадаад орнуудад тэгж болдог ш тээ гээд тавьчихсан чинь манайд тэгдэггүй, та тэр гадаад орондоо л тэгдэг юм байгаа биз гэж ирээд нөгөөх чинь бүр боож үхэх нь ээ. Бүр торгохгүй, өгөхгүй, эрх мэрх хасах дээрээ туллаа. Бас л нөгөө танил талаа ашиглаж, утасдаж утасдуулж байж нэг юм торгуулсан болоод салав. Өөр аргагүй юм билээ.
Үүнээс үүдээд би бодлоо, аваарын гэрэл гэдэг энэ хуучин ойлголтыг, хоцрогдсон замын цагдаагийнханд ойлгуулж өөрчлөх цаг болжээ гэж. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд энэ бидний аваарын гэрэл гэдэг ойлголтыг юу гэж бичдэгийг сонирхвол “ослын дохионы гэрэл” гэж нэрлэдэг юм байна. Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт хийх хэрэгтэй, цагдаа нарын толгойд шинэ ойлголт бий болгох хэрэгтэй, энэ бол түүний албан хаагч нарын оюун ухаан, гэгээрэл боловсрол, шинэ ойлголтыг зөв ойлгоход туслахаас эхлэх хэрэгтэй юм байна гэж бодлоо. Манай цагдаа байтугай офицер нь эдний нэрлэдэг “ослын дохионы гэрлийг” гагцхүү аваар осол гарсан үед л асаана” гэдэг ойлголттойгоо л зууралдаад байгаа юм байна. Дүрэм ёсоор ослын дохионы гэрэл гэдэг нэр томьёо, аман ярианы аваарын гэрэл гэдэг хэллэг ч буруу юм байна. Энэ гэрлийг гагцхүү аваар ослын үед биш аваар ослын эсрэг маш олон зүйлд хэрэглэж болно. Тухайлбал, түр зогсох, хүн ачаа буулгах, хурд саахад анхааруулах зорилгоор, хөндлөнгөөс хөдөлгөөнд орсон хойно дохиж талархалаа илэрхийлэх зэргээр хэрэглэдэг туршлага дэлхийн олон оронд байгаа.
Ийм учраас манай замын цагдаагийн газар энэ гэрлийг харин ч тэр гараад буурахгүй байгаа осол аваараа бууруулахад зөв сайн ашиглах үүднээс өөрсдөө эхлэж ойлгож, мэдэх, дараа нь жолооч, хөдөлгөөнд оролцогчдын дунд бас ийм зөв суртал ухуулга хийх, цаашлаад замын хөдөлгөөний дүрэмд зориуд оруулж хэвшүүлмээр байна.
Аваарын гэрлийн тухай ойлголтыг өөрчлөх, шинэчлэх, шинэ утга агуулгаар хэрэглэх цаг болжээ. Аваарын гэрэл бол аваар гарсан хойно хэрэглэдэг ганц зүйл биш анхааруулах, талархах, хүндэтгэх, мэндлэх, уучлалт хүсэх олон утга агуулгаар хэрэглэж болох боломжтой гэрэл билээ.

Энэ дашрамд дурдахад жолооны курст сурч байгаа нөхдөд соёлтой жолоо барих, бүдүүлэгтэхгүй байх, гэрэл дохиогоо зөв ажиллуулж, гудамж замын хөдөлгөөнд бусдыг хүндэтгэж оролцохыг зааж, ухуулан сэнхрүүлж гадаадын замын хөдөлгөөний соёл боловсролоос зааж сургах нь чухал байна. Нүүдэлчин монголчууд морио унасан юм шиг машинаа унадагаа болихгүй бол машин барихад маш хүнд байна.

1/20/2011

Хажуугийн хаяг

Зургийг Ж.Бат-Ирээдүй

Uniqlo, Ginza, Tokyo, 2010

Энэ зун надтай хамт ажилладаг монгол судлаач япон хүн Монголд очлоо. Бид хоёр нэг өдөр Улаанбаатарын гудамжаар жаахан алхаж хороололд номын дэлгүүр баахан хайж явлаа. Тэгсэн чинь манай дэлгүүр хоршоонууд чинь хаягаа зөвхөн урдаа хийдэг юм байна. Хажуугаас нь хараад олох боломж байхгүй юм. Заавал урд нь очиж байж унших юм. Барууны орнуудад бол компани хаягаа заавал урдаас болон хажуугаас харагдах хоёр байдлаар хийдэг л дээ. Манайхан сэтгэдэггүй, мэддэггүй юм уу, мөнгөө хэмнэдэг юм уу бүү мэд. Хажуугаас харах хаягтай бол дагуу гудамжнаас ирж байгаа хүн бол аа энэ номын дэлгүүр байна гээд шууд олж харж болно. Манайд бол тэгдэггүй юм байна. Заавал урд нь очиж байж хаягийг нь уншдаг нэг зовлон байна. Үүнээс үүдээд би энэ компаниудын хаягийг заавал хоёр талаас нь харж болдог хийх ёстой юм байна гэж бодсоноо бичиж байна. Уг нь аль эрт бодсон юм. Бодсоор яваад өдий хүрчлээ. Энэ бол бас бөөн мөнгө байна шүү дээ, хаяг хийдэг газруудад. Дээрх зурган дээр нүүрний хаяг, хажуугийн хаяг хоёр харагдаж байгаа биз. Иймэрхүү л юм яриад байгаа юм.

1/19/2011

Гарын үсэг

ГАРЫН ҮСЭГ ЭЭ ГЭЖ


Өнөөдрийн залуу дот ком хэмээх сайтад хоймроор голдуу суудаг нөхдүүдийн,  манайдаа гайгүй томчуудын гарын үсэгтэй нэг мэдэгдэх захидал гээч юм нийтлэгдэж. Сүрийг үзүүлж байгаа бололтой юм. Хууль ёс нарийн, журам дүрэм хатуу газар бол хүний гарын үсгийг ингэж хамаагүй ил задгай тавьж болохгүй байх шүү. Муу хүмүүс ашиглавал яана. Гэхдээ манайд одоохондоо ийм нарийн ширийн зүйлээ хуульчилж амжаагүй тул зурсан зуруулсан хоёр аль аль нь тоохгүй байх шиг байна. Нэгэнт нэтэд тавьсан тул би зүгээр хүний гарын үсгийг бичлэг, бэлгэдлийн үүднээс  сонирхдог хүний хувиар энд толилуулахаар тавичихлаа.
Хүний гарын үсэг гэдэг бол өөрийг нь ямар хүн бэ гэдгийг хэлээд өгдөг гэж ярьдаг. Ер нь үсэг, бичгийн хэв бол бас тэр хүнийг илэрхийлэх нэг зүйл гарцаагүй мөн нь мөн. Амьдрал дээр найгүй бичигтэй ч ёстой хүн шиг хүн байж л байдаг, харин аятайхан бичдэг мөртлөө жинхэнэ хогийн шаар бас зөндөө. Тийм учраас муухай бичигтэй бол муу хүн, сайхан бичвэл сайн хүн гэж дүгнэж болохгүй ч бас ч гэж энд тэнд сайн муу янз бүрийн юман дээр гарын үсэг зурдаг хүн гарын үсгээ аятайхан байх талаас бодмоор юм билээ. Мунхаг манийгаа удирддаг гэх энэ хүмүүсийн гарын үсгийг нэг шинжиж үзвэл энд нээрээ олигтой гарын үсэг нэг алга аа. Отгонбаяр сайдынх арай дөнгүүр юм уу даа. Ер нь гарын үсэг хайш яайш зүйл бас биш юм. Тийм учраас залуугаасаа гарын үсгээ зурж сурахдаа маш бодож зурж, сурч дасах хэрэгтэй шиг санагддаг. Яс юман дээр хүний гарын үсэг бол давтагдахгүй шинж чанараараа ямар ч нарийн хийсэн тамга тэмдэгнээс нарийн эд. Тийм учраас албан бичиг баримт, банкны данс гээд бүхий л зүйлд гарын үсгээр баталгаа болгодог. Монголчууд аливаа зүйлийн сайн сайхны бэлгэдлийг их боддог улс. Доошоо татаж төгсгөсөн зурлагатай гарын үсэг унаж уруудахыг ёрлодог бол, дээш өөдөө татлагатай гарын үсэг өсөж дэвжихийн сайн утга бэлгэддэг ч гэж ярьдаг. Хамгийн наад зах нь иймэрхүү зүйлээс нь эхлээд бодууштай юм билээ. Гадны томчуудын гарын үсэг бол нээрээ ТОМ юм билээ шүү. Зураас зурлага бүхэн нэгийг илэрхийлсү.
Зургийн эх сурвалж zaluu.com

12/28/2010

ЭРЭЭВЭР ХУРААВАР САНААНУУД

ИРЭХ ЖИЛ ХИЙЧИХМЭЭР 
ЭРЭЭВЭР ХУРААВАР САНААНУУД


2010 он ч шувтарч байна. Оны төгсгөлд энэ онд бодож явсан 2011 онд Монголчуудын зүгээр өөрсдөө ямар ч зардалгүйгээр хийчмээр хэдэн ажлын санаагаа  эмхлэн толилуулваас доорх мэт буюу.

  • Монголын парламент утааны асуудлаа ес эхлэсэн хойно биш хавраас ярьж зун, намар хийгээд Улаанбаатартаа өвөл утаагүй амьдардаг болмоор байна. Утааны асуудал бол зөвхөн Улаанбаатарын асуудал учраас.
  • Монголын ямар ч их дээд сургуульд элсэгчээс монгол хэл бичгийн чадварын шалгалт авдаг болох журмыг Боловсрол Шинжлэх Ухааны Яамны сайд хиймээр бий болгомоор байна. Яагаад гэвэл бид монгол эх хэлээрээ ажил төрөл, амьдрал тэмцлээ амжуулах учраас. Монголоо гэх сэтгэлтэй болоход нь ч нөлөөлнө.
  • Монголд хүүхдийг машины урд суудалд ганцаар суулгах юм уу өвөр дээрээ тэвэрч явдагыг хуулиар хоригломоор байна. 8-аас доош насны хүүхдийг арын суудалд тусгай хүүхдийн суудалд суулгадаг байхаар замын дүрэмд яаралтай тусгаж, зөрчлийг хатуу торгож баймаар байна.
  • Машины дугаарыг арын хаалгаар танил талдаа өгдөгийг больж, дуудлага худалдаагаар нээлттэй худалддаг болох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл Замын цагдаагийн газар тэр азын дугаар энэ тэр гээд байгаа тоотой дугааруудыг шууд хүссэн хүнд нь үнэ хүргэж худалдаж мөнгө олох хэрэгтэй. Ийм туршлага барууны зарим орон, арабын орнуудад байдаг юм билээ.
  • Хувь хүмүүсийн чанартай машины дугаарыг тэдний хүсэлтээр тусгай үнээр худалдаж бас мөнгө олмоор байна. Жишээ нь би өөрийн төрсөн он, авгайн төрсөн оноо нийлүүлээд авмаар байна гэхэд тэрийг нь мөнгөөр өгдөг тогтолцоонд шилжүүштэй. Ийм жишээ бас Германд байгаа.
  • Их хурлын хуралдааны танхимыг ширээгүй болгомоор байна. Ингэхгүй бол энэ хэд ажил хийхгүй, архи дарс, авгай хүүхэд, хөөрөг мөөрөг ярьсаар насыг авах нь. Англи, Японы парламент шиг зүгээр ороод сандал дээр домбойн суудаг болгох хэрэгтэй. Шар сонин унших, цагаан хөөрөгөөр тамхилах, худлаа ярих, хууч хөөрөх, интернэт хэсэх, хов ярих, мессеж бичих, хэн нэгний товчийг төлөөлөн дарах зэргийг их хурлын хуралдааны дэгийн тухай хуулиар хоригловол таарна.
  • Монгол гэрт амьдардаг айл болгоныг тоононд нь галын дохиололтой болгох хөдөлгөөн өрнүүлмээр байна. Монголчууд гэртэйгээ шатаж үхсээр байгааг зогсоох хэрэгтэй.
  • Албан газрууд  ялангуяа эмнэлэг, сургууль, банк, номын сан, сүм хийд, хурлын танхим зэрэг олон нийтийн хөл хөдөлгөөнтэй, үйлчилгээний газруудад гар утсаар ярихыг нэн даруй хоригломоор байна.
  • Төрийн албан хаагч нарыг ажлаа хийж байхдаа хувийн гар утсаар ярих, мессеж бичих, yahoo messengert oрж ажлын цагийг хувийн хэрэгт ашигладагийг байгууллагууд дор дороо шууд хориглох хэрэгтэй байна.
  • Монголчууд хотын гудамжинд  машинд явахдаа цонхоор тамхины хайрцаг, бананы хальс, чихрийн цаас, тамхины иш зэрэг хувийн хогоо шиддэг балайр зангаа ирэх жил бүрмөсөн болимоор юм.
  • Монголчууд хэрэв монгол хүн мөн юм бол ядаж өөрийнхөө нэрийг монгол бичгээр бичиж, уншиж чаддаг болмоор санагдана.
  • Монголчууд хүүхдээ хятад руу явуулж хятад хэлээр сургах биш Монголд нь байлгаж монгол хэлээр сургаж, монгол сэтгэхүй суулгаж, Монгол эх орноо хайрладаг, монгол ахуйгаа мэддэг, монгол хүүхэдтэй зодолддог, монгол хүүхэд зоддог,  монголоор сэтгэдэг, монголоор ярьдаг, монголоор бичдэг болгож монгол эх оронд нь сургаж, хүмүүжүүлмээр байна.
  • Монголын бүх цагдаад иргэнийг цагдаж сэргийлэхээс гадна тээврийн хэрэгслийн жолооч нарыг цагддаг давхар эрх өгмөөр байна. Ингэвэл жолооч нар зөвхөн замын цагдаа хараад бүсээ хийдгээ болино, айдгаа болино.
  • Гадаадын элчин сайдын яаманд ажиллаж байгаа монголчууд виз хүссэн монголчуудаа түлхэх биш татахын төлөө, ганц боловч монгол хүнийг хилийн дээс гатлуулж, юм үзүүлж, нүд тайлуулах, явуулахын төлөө сэтгэл гаргамаар байна.
  • Монголын засаг төр дээд боловсролын үнийг нэн даруй чөлөөлөх хэрэгтэй байна. Дээд боловсролоос бусад бүх юмны үнэ үнэндээ зах зээлийнхээ голдиролд орчихлоо. Хүчээр ингэж барисанаар монголын дээд боловсрол улам дампуурал руу явж байна. 
  • Монголчууд бие биедээ гайхуулахын төлөө, хий хоосон хийрхэлийн төлөө биш өөрөө болон гэр бүл, аав ээж, ах дүүгээ тав тухтай, амгалан тайван сайхан амьдруулахын төлөө үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөж зүтгэдэг сэтгэлтэй болмоор байна.
  •  Монголчууд бүгдээрээ дор бүрнээ зөвхөн хэрэглэхийн төлөө биш дор хаяж нэг бодит үйлс бүтээхийн төлөө ажилламаар байна.

5/12/2010

Үерийн даатгалтай болцгооё


Үерийн даатгалтай болцгооё.

Ноднин хавраас эхлээд энэ хаваржингаа удахгүй газар хөдлөнө, бүр төдөн сарын төдний төдөн цагаас  хөдлөнө  гэж муу ёрлов. Манайхан ийм юманд хуйлрах дуртай улс яахав дээ, хамаг алт мөнгөө өвөртлөөд Дамбадаржаад гэрт байдаг ахынхдаа очоод ч, Яармагийн дэнж дээр авгай хүүхдээ жийпэндээ чихэж , хүлээгээд ч газар хөдөлсөнгүй. Мэргэчин төлөгчин,  зурхайчингууд худлаа жаахан тоглосон нь батлагдав бололтой. Төдөн цагт хөдлөлөө шүү гэхээр нь гараад зугтаачихдаг бол сайхан л байна. Ийм юм мэдэрдэг төлөгчид бол, лав сардаа нэг хөдөлдөг энэ Японы арал дээр хуга баяжихаар байна шүү. За энэ яахав.
Харин үүний үр дүнд саяхнаас даатгалын компаниуд газар хөдлөлтийн даатгал гээч юмтыг гэнэт сэтгээд бий болгоодохлоо. Энэ ч бас газар хөдлөдөг орнуудад байдаг л эд юм байна. Харин бодоод байхад газар хөдлөлтийн даатгал гэхээсээ манайх шиг учир замбараагүй бууж суудаг улсуудад үерийн даатгал гээч юм нээвэл харин зүгээр юм шиг санагдаад явчихлаа. (үргэлжлэл бий)
13.05.10

4/16/2010

Тоонондоо галын дохиолол хийе



Тоонондоо галын дохиолол хийе

Хэдийгээр хавар болж цаг эргэж урин дулаан болж байгаа ч цаг цагт л байдаг бидний дараа дараагийн зовлонгуудын нэг эхэллээ. Энэ бол гал. Ойн түймэр, хээрийн түймэр, гэрийн түймэр гээд л эхнээсээ аль хэзээний  эхлэчихэж. Өчигдөр уржигдар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Орхон, Сэлэнгийн голын бэлчир  Охь хөндийд гал гарч онцгой байдлынхан гэж нэг зовсон улс арай гэж цурамд оруулжээ. За тэр газар дэлхий, ой мод нь хайхрах эзэнгүй, эзэн олдлоо ч хууль дүрэмгүй тул тэгээд өнгөрдөг юм гэж бодоход энэ гэртээ унтаж байгаад үнс нурам болоод байгаа хүмүүсээ хамгаалах талаас юм бодмоор байна. Саяхан Ганданд хоёр эмэгтэй гэртэйгээ шатаж үгүй боллоо, чухам хэн гээч хүн байсныг нь цагдаа хайж байна гэж баахан сонинд гарсан. Манай сэтгүүлчдэд унтаж байгаад өөд болсон хүүхэн, гэрийг түрээслэж байсан Солонгос өвгөн, хэдэн цаасаар түрээслэж байсан нь сонин болохоос яагаад гэртэйгээ шатав, юунаас болов, яавал ингэж шатахгүй вэ гэдэг нь ер сонин биш шиг байна. Харин надад нэг санал байна. Ерөөсөө унтаж байхдаа гэртэйгээ шатаж үхээд байгаа хүмүүст ганц арга байна. Энэ бол орчин үеийн зайгаар ажилладаг дохиолол тавих. Ийм дохиололыг ганцхан байшинд л тавидаг эд биш. Гэрт ч тавиж болно. Иймэрхүү орчин үеийн дохиолол бол за тэр  цагдаа, гал командтайгаа холбогдож сүрхий юм болдоггүй юм гэхэд ядаж сэрээд босоод гараад зугтаах хэмжээнд орилж чадна. Гэрээс гарч ядаад байх юм байгүй. Хамгийн гол нь нэг сайхан дулаан унтаж байгаад угаартаж, эсвэл гал ид хүчээ авсан үед нь нэг мэдээд босох гээд чаддагүй байх. Энэ өвлийн тэсгхим хүйтнээр Яармагт бүр гэр орноороо, халуун ам бүлээрээ хүртэл шатаж үнс нурам болсон  тохиолдолыг  ч бид харсан. Ийм мэдээ мэдээлэл сонсохоор үнэхээр сэтгэл эмзэглэдэг юм. Энэ бол олон учир шалтгаантай. Наад зах нь гэхэд хятадын муу чанаргүй хогийн утас кабел хэрэглэх, шонгийн модны утас шөрмөс нь салхи шуурганд хооронд авалцаж нийлэх, гэрэл гэгээтэйгээ унтах, тог цахилгаанаа хэмнэж лаа бариж мартах гээд л гал алдах шалтгаан алийг хэлж барах вэ? Харин бид өөрсдийнхөө төлөө бага боловч зүйл санаачилж хиймээр байна. Бид хэтэрхий хэнэггүй байна. За юунаас ч болсон байдаг байна, маний бодоход хамгийн гол нь гал гарахад дуугарч чимээ өгдөг дохиолол тавиулах л хамгийн зөв арга байна. Гэхдээ иймэрхүү хайнга байдлаас болж гал түймэр гарах тохиолдол Японд ч хаа сайгүй байна. Хамгийн гол нь болгоомж сэрэмж, хашир байдал хэн хүнгүй хэрэгтэй. Саяхан манай гадаад багш нарын байранд нэг нөхөр тахиа шарж байгаад орхиж явснаас гааз нь дэлбэрч үхэнгээ алдаж, харин энэ завшаанд айл болгоны өрөөнд орчин үеийн ийм дохиолол тавиж өглөө. Долоон жилийн баталгаатай, батарейгээр ажилладаг энэ дохиолол ёстой манай гэрийн хороололын айлуудын тоононд байхад тохирсон эд байна. Мэдрэмж сайтай, бараг олигтойхон хуушуурын хиншүү, зургаагаас дээш хүн тамхи татахад л орилохоор мэдрэмжтэй эд гэнэ.  Дуунд нь баргийн хүн унтаад байхааргүй юм байна. Хуушуураа хайрахдаа түр салгаад байж ч болно. Дашрамд сануулахад нэг сэргэлэн нөхөр Улаанбаатарын бүх гэртэй айлд дохиолол тавихад хөөрхөн бизнес болно доо. Хүмүүсээ тоонондоо галын дохиолол тавиулцгаая.
17.04.2010, Токио

1/26/2010

Ниргэсэн хойно нь хашгирах вий!



   Хүмүн төрөлхтөн гээч оюунтай ч бай, харанхуй ч бай, баян ч бай, ядуу ч бай, хар ч бай цагаан ч бай, байгалийн гэнэтийн аюулын өмнө бүгдээрээ өчүүхэн төдий өт аж. Шинэ оны эхний сарын 12 нд Карибын тэнгисийн Хайти (дуудлага нь Гайти биш Хайти шүү) хэмээх арван сая хүнтэй, өдөртөө хоёр долларын орлоготой, ядуухан орны, багашаархан арлын газар эх догширон сэгсэрсэн 7.00 баллын газар хөдлөлт 200 мянган хүний аминд хүрч, 1 сая 500 мянган хүнийг орох оронгүй, оочих аягагүй үлдээлээ. Үүний хажуугаар газар газрын энхийг сахиулагчид болон олон улсын байгууллага тэр дундаа НҮБ-ын олон арван албан хаагч, жуулчид, гадаадынхан амь энджээ. Энэ улс дөнгөж саяхан л 2008 оны айхтар хүчтэй Харикан далайн шуурганаар мянга шахам хүнээ алдаж байж.
   Хайтигийн нийслэл Порт-о-Принц-ээс 15 км орчим зайтай орон нутгийн цагаар 16 цаг 53 минутад хүчтэй газар хөдөлсний дараахан 15-20 минутын зайтай 5.9-5.5 баллын хүчтэй хэд хэдэн удаа айхтар хөдлөсөн байна. Бөөн цус нөж, орилоон хашгираан, хүмүүс айн мэгдэж орилож хашгирч, тэвдэн сандарч яах учираа олохгүй ийшээ тийшээ гүйлдэж байж. Цахилгаан, утсан харилцаа тэр дорхноо улс даяар тасарсан байна. Гэр орон, байшин барилгууд нь мянга мянгаар нурж, зам хаагдаж бүх хөдөлгөөн зогсжээ. Ийм л аймшигт дүр зураг тэндэ хэдэн хоног үргэлжиллээ.
   Нурж унасан байшин савны нурангин доор хоёр зуу, гурван зуу бүр хэчнээн мянган хүн байгааг тоолж мэдэхийн арга алга. Энэ тоо хэд ч хүрч мэдэхээр байгаа аж. Хааны ордон, их хурал, сургуулиуд, эмнэлгүүд, татварын газар нураагүй, унаагүй, хэмхрээгүй байшин гэж алга. Нас барсан хүүхдүүдийн тоо найгаа алдлаа. Учир нь өдрийн цагаар хичээл хийж байхад байшин барилга нурсан тул маш олон хүүхдүүд дарагджээ. Зөвхөн цуглуулж бөөгнүүлсэн хүмүүсийн шарилаар л тоог хэмжиж байна. Хүмүүс цогцосуудыг цуглуулан шатаасаар байна. Үүнээс өөр арга алга. Байшин, барилгын нуранги дороос цухуйх хүний бие, толгой, хөл гарыг харахаас аймаар нүд халтирам. Ой гутам үнэр танар хотоор нэг. Төрөл бүрийн өвчин үүсэх нөхцөл бүрдэж байна. Энэ аймшигт үзэгдэл бол сүүлийн хэдэн жил дэлхий дээр болоогүй хамгийн гамшигт сүйрэл эндэл болохыг дэлхийн хэвлэлүүд гаслан бичиж байна.
   Далан уулын цаагуур өнгөрөм ийм гай зовлон учирсан үед дэлхийн улс орнууд хурдан шуурхай арга хэмжээ авч, хэнд юу байна түүгээрээ туслаж дэмжиж байна. АНУ-ын 2000 далайн цэрэг, 1000 явган замын цэргийг газар хөдөлсөнөөс хойш 7 хоногийн дараа хурдан шуурхай орууллаа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс нийт 35000 цэрэг оруулахаар төлөвлөж, зохион байгуулж байна. Ард түмэн яахаа мэдэхгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж эрхбиш дулаан орон тулдаа гудамжиндаа хоног өнгөрөөж, уух ус идэх хоолгүй эхнээсээ өлбөрч үхэж байна. АНУ-ын Элчин Сайдын Яамны гадаа мянга мянган хүн Америк дахь хамаатан саднаа бараадахаар тус улсын визэнд дугаарлажээ.
   Харин олон улсын аврагч нарын хүчээр амид гарсан хүний тоо нэмэгдсээр байна. Хүний амид явах хоногийн тоо дуусаагүй бол ямар ч газраас амид гардагыг 11 өдөр нуранги дор амид байсан 24 настай залуу Висмонд Эксантус, 10 өдөр тэссэн 21 настай, Еммануел Бусо, 10 хоног ухаантай байсан 84 настай Мариа Карида , 8 өдрийн дараа ухаж гаргасан 11 настай Меджи Бахина нарын алтан нартай амид золгосон хүмүүсийн хувь заяа нотлох шиг. Өнөөдөр гэхэд л 35 настай, дотуур хувцастай баагий 14 хоноод нурангин дундаас амид мэнд гарч ирж байх жишээтэй. Одоогоор аврах ангийнхан нийтдээ 150 орчим хүн нурангин дороос гаргаж аваад байна.
   Угаасаа ч дээрэм тонуул ихтэй, учир замбараа муутай эмх замбараагүй хот оронд байдал дийлэхийн аргагүй болж. Чоно борооноор гэгчээр хүний згай овлон үүнийг далимдуулагч нар улам олширсон байна.
   Энэ их гайг эдгээж, улс орноо сэргээн босгоход дор хаяж 10 жил хэрэгтэй гэж Ерөнхий сайд нь мэдэгдэж байна. Дэлхийн улсууд түүний дотроос мөнгө зоостой орнуудаас одоогийн байдлаар Америк 100 сая ам. доллар, Англи 32 сая ам доллар, Норвеги 17.6 сая ам. доллар, Франц 14.4 сая ам. доллар, Дэлхийн банк 100 сая доллар, Европын Холбоо 604 сая ам доллар буюу 420 сая еврогоор туслаж дэмжихээр болоод байна. Харин Япон айхтар мөнгө амлаагүй байна, аврах баг, эмнэлгийн тусламж илгээсэн. НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нар зовлонг нь хуваалцахаар халуун цэг газар дээр нь өөрсдийн биеэр очиж танилцлаа.
   Английн хандивын байгууллага Оксфарм Хайти-гийн олон улсын өрийг цуцлахыг дэлхий нийтэд уриаллаа. Дэлхийн банк ирэх таван жилийн өр төлбөрөөс хөнгөлөхөө мэдэгдчихлээ.
   Ийнхүү дэлхийн нөгөө бөөрөнд газар хөдлөж сүйрэл болж байхад манайхныг зуд гээч бас нэг байгалийн гамшиг зүдрээж, хүн ардын төдийгүй улс орны хүч тэнхээг барж байх шиг байна. Энэ том нутаг орны 98 хувь нь цастай, зудтай байна. Ард түмэн арав таван малын төлөө амиа биеэ гаргуунд нь гаргаж байна. Түлэх түлээгүй, унах унаагүй, унтах гэргүй болж байгаа айл захаас аван болж байна. Энэ бол бас л нэг аймшигт аюул. Хүйгээр нь хяргаад хаячихгүй ч хүч тэнхээг нь барж, үйл тамыг нь үзэж байгаа байгалийн бас нэг сүйрэл  юм Дайны хажуугаар дажин гэж өвлийн хүйтнээр айхтар газар хөдлөвөл ядарсан улсад улам л хэцүү болно. 
   Саяхан болсон Дундговийн Дэрэн, Өмнөговийн Цогт-Овоо сумын  газар хөдлөлт, Улаанбаатарын чичирхийлэл, Хайтигийн аймшигт газар хөдлөлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга гурвуулаа зэрэгцэж суугаад “Хүчтэй газар хөдлөлт, түүнээс үүдэх эрсдэлийг бууруулах чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх тухай танилцуулга” гээчийг сонсох шиг боллоо. Чухам хэр бодитой үнэн юм яригдсан юм бол. Ниргэсэн хойно нь хашгирах гэгч болохгүйн тул эл асуудлыг ямар ч байсан Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцэхээр шийдэх шиг боллоо.
   Ази тивийн газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд байдгаараа манай улс бараг байнга газар хөдлөж байдаг Японоос ч дутахгүй юм шиг байна. Жилд 300-500 удаа их, бага чичирхийлэлт бүртгэгдэж байдаг гэж мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд үздэг юм байна. Энэ бол бас аюулын дохио. Ийм байхад бүгдээрээ газар хөдлөх гэдэг  бидэнд хамаагүй юм шиг, биднээс холуур юм шиг амар жимэр сууж таарахгүй. Учирч болох аюулаас ядаж хохирол багатай гарах арга замыг бодож, бэлтгэлтэй байх нь том яривал үндэсний аюулгүй байдлын нэг чухал асуудал, бага яривал хүний амид мэнд үлдэх нөхцөл юмаа.  Хамгийн аймаар нь шинжлэх ухаан технологийн тэргүүн эгнээнд явж байгаа Япон улс хэзээ, хаана, хэчнээн хүчээр газар хөдлөхийг мэдэхгүй байгаа нөхцөлд манайд бол ярихын ч хэрэггүй биз дээ. Саяхан нэгэн өдөр тутмын сонинд гурван тэрбум төгрөг байвал тоног төхөөрөмж аваад бид бараг  бүгдийг  нь мэдээд хэлээд өгч болно гэх ухааны юм  Одон орон, гео физик судлалын төвийн эрдэмтэд бичүүлсэн байна билээ. Энэ шиг худлаа юм байхгүй дээ. Бас л  далимдуулж нэг мөнгөтэй болох, юм туух гэсэн арга байх гэж бодогдсон.  Газар хөдлөлтийн үед яах ийх, тэр үед авах наад захын арга хэмжээг том, багагүй бүгдээрээ мэдэхгүй байна. Үүнийг л мэдэх нь сэргийлж болох хамгийн зөв арга юм. Магадгүй муу юм боллоо гэхэд байшин савнаасаа гарч зугтаагаад юманд даруулчих хүмүүс ихэнхи нь байгаа болов уу. Гэтэл үүнийг яагаад зурагт, радиог хэвлэлээр сурталдан таниулж ойлгуулж мэдүүлж болохгүй гэж. Энэ бол муу ёрын асуудал биш өнөөдрийн бодит байдлаас урган гарч байгаа шаардлага юм. Хүмүүсийг ямар ч ойлголтгүй харанхуй байлгаснаас үнэнийг хэлж, хамгийн энгийн аргуудыг ойлгуулж, сургах хэрэгтэй юм.
   Хамгийн наад зах нь шөнө сайн зайтай бэлэн гар чийдэн ойр авч унтах, сандарч тэвдэлгүй ширээн доор эсвэл жорлонгийн өрөөндөө орох (ямар ч байрны жорлонг дөрвөн талыг нь цутгаж хийдэг гэнэ.), хаалга үүдээ онгойлгох, өндөр сав суулганаас хол байх, боломжтой бол хана туурганд нь үхлүүт бэхлэх гээд л хамгийн энгийн, мөнгө зоос зарахгүйгээр өөрсдөөс шалтгаалахаар зүйлийг гэр орондоо хийж болох юмыг сануулж ойлгуулж байх нь ганц төр засгийн биш иргэний нийгэм, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын үүрэг гэлтэй. Дэлхийн улс орнууд ч ингэж л байшин баридаг нь чанар стандартын дагуу бариж, шалгадаг нь ёс журмаар нь шалгаж, ард түмнээ сэтгэлзүйн болоод зохион байгуулалтын байнгын бэлтгэлтэй байлгаж байж байгалийн янз бүрийн аюулаас сэргийлж, хохирол сүйтгэлийг багасгаж, эрдэнэт хүний амь биеийг элдэв төрлийн эрсдэлээс хамгаалж байдаг.
   Манайхны хувьд бол миний төсөөлж байгаагаар байдал их л өөр байгаа даа. Нийгэм, нийтээрээ  худлаа хуурамч юм ихтэй. Том дарга нарын өмнөх цаасан дээр бичсэн юм, бодит байдал хоёр тэнгэр газар шиг зөрөөтэй байхаа ч тоохгүй. Амидрал дээр сүүлийн жилүүдэд барисан байшин нь хэр байгаа бол? Миний хувьд өнөөдрийнх шиг ийм замбараагүй, бүх асуудал бие биенээ хуурсан байдалтай, өнөө маргаашийн ашиг хонжоо харсан, хахууль авилгал нь бүх салбарт газар авчихсан, жимснээс аваад барилгын материал хүртэл чанаргүй бараа таваараар дүүрчихсэн үед үнэхээр итгэхэд бэрх. Найман баллд найгаад л байж байна гэж рекламдаад байгаа ч бодит байдал ямар байгааг бараг хэн ч мэдэхгүй байгаа байх. Өнөөдөр дурын зургаар, хятад цементээр, стандарын бус арматураар, мэргэжлийн бус хужаа нараар нэг юм бариулж өгөөд хэдэн цаасыг нь аваад алга болж, ам хааж л байвал маргааш тэр хэдэн баллдаа нурна уу, байна уу падлийгүй гэсэн мэргэжлийн бус , архиний үйлдвэртэй “хэнэггүй гөлгөрүүд"-ийн барисан  байшин зөндөө байгаа. Ганц хоёрхон жилийн өмнө барилгын бизнесээр асар их ашиг олдог байлаа. Харин хямрал гэдэг нэг юм гарч ирж бараг энэ бизнесийг зогсоох шиг боллоо шүү дээ явж явж. Энэ бол нэг хүн нөгөөгөө маллаад мадлаад өнгөрч байгаа хэрэг биш улс орны хэмжээнд, цаашилбал үндэсний хэмжээнд хүний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хииж байгаа зүйл гэж үзүүштэй байна.
   Нөгөө талаас харвал улс орон дампуурсаны л бас нэг том илрэл. Бид аливаа байгалийн аюулын дараа  биднийг сайхан шалгалаа гэж их ярих дуртай улс. Тэрэн шиг үүний үнэн мөнийг шалгах ганцхан үнэнч шалгуур байгаа энэ бол байгаль өөрөө байж магад. Тэрнээс биш би үнэхээр баараагүй юм хийсэн гээд, нөгөөх нь баараагүй юм байна билээ гээд хоёулаа хахуулдаа цадчаад суугаад байхад барисан, шалгасан хоёроос үнэнийг олох үнэхээр хэцүү л дээ.
   Тийм учраас ажилдаа, амидралдаа, бизнестээ жаахан үнэнч байж хийх ёстой журам дүрэм, стандарт, хүчин чадлаар нь хийж бүтээх нь зөвхөн өөрийнхөө төлөө биш нийгмийн төлөө хүлээх хүнлэг сэтгэл, ёстой нөгөө өндөр хариуцлага гээч байх ёстой гэж бодном. Ниргэсэн хойно нь хашгирахгүйн тулд бүгд үүнийг ойлгож бага боловч юм хийж эхлэх цаг болсон баймаар.Манайхан ихэнхи юманд л орсон борооны хойноос эсгий нөмөргөхийн үлгэр үзүүлэх юм даа тэгээд.
2010.01.26

11/30/2009

ГАР УТАС


Гар утас гээч дэлгэрч эхэлсэн цаг саяхан. Дөнгөж саяхан л ерээд оны эхээр Лондонд гар утас анх гарч Моторолла-гийн хүн цохиод унагачихмаар хүнд хар утсаар найзыгаа таксинаас Монголтой яриулж "гайхуулж" явж билээ. Монголд буцаж ирсний дараа Мобиком компани монголчуудыг гар утасжуулж эхлэхэд анх утас авахад атаархаж үхэх гэж байсан хүмүүс ч “гар утас аягүй хэрэгтэй” гэчиxсэн ганганаас ганган утас баричихсан гар газар тавихгүй яриад давхиж л явах. Харин өнөөдөр арван нэгтэй дугаар барихгүй бол амид явж болохгүй юм шиг бас нэг сонин үзэгдэл Монголд бий болоод нэлээд удчихлаа. Арван нэгтэй дугаарын хар захын дамын үнэ одоо 1 сая 500 мянга аль хэдийн хүрээд байгаа бөгөөд дунд тушаалын албан тушаалтнуудын "дунд гарын бизнес" ч байж магадгүй сураг дуулдлаа. Арван нэгтэй дугаар дууссан гэдэг боловч ийм дугаар барих хүмүүсийн "хүсэл тачаалыг" далимдуулан дамлаж мөнгө олдог байж болох хар сэр байна. Үнэн худлыг бүү мэд. Сүүлийн арван жилд дэлхийд төдийгүй Монголд гар утас шиг хурдтай хөгжсөн юм юу л бол. Харин Монголын нөхцөлд тэр дундаа манайх шиг өргөн уудам нутагтай, талаар нэг тарсан оронд нэг талаас шинэ техник, технологи нэвтрүүлж, хүний амин чухал хэрэгцээ, харилцаа холбооны хэрэглээг хангаж байгаа нь хэлэхийн аргагүй сайхан боловч нөгөө талаас амар сул ахиухан мөнгө олох зорилгоор дэндүү өндөр үнэтэй байлгаж бизнес тал руу нь анхаараад байгаа нь харамсалтай санагддаг. Ядарсан монголчуудад Мобикомын үнэ бол яг үнэндээ ахадсан үнэ. "Мобикомын утас барих нь нэр төрийн хэрэг" гэдэг зохиомол уриа лоозунг гаргасан нь цаанаа их учир утгатай даг аа. Бие биедээ гайхуулах, бусдыг атаархуулах дуртай манайхны өчүүхэн сэтгэлгээг нь ашиглан энэхүү уриа лоозунг ард түмний дунд яс болгон хаяснаар өнөөдөр зах зээлийн жам ёсоор өрсөлдөөн гараад байгаа хэрнээ үнэ нь олигтой буухгүй байгаагийн учир энд бий гэж би боддог. Би бол үүний эсрэг “Мобикомд шатах нь нэр төрийн хэрэг мөн” гэдэг лоозун таарна гэж бодож байна. Эхний үед ганц байсан гар утасны компани монголчуудыг юм мэдэхгүйгээр нь далимдуулж монополдож баахан шулсан. Утасдсан хүний дугаарыг хүртэл мөнгө төлж хардаг байсан нь саяхан. Дэлхийн аль ч оронд ийм ёс журам бүр гар утас дэлгэрсэн цагаасаа ч байгаагүй юм. Сүүлдээ аргагүй эрхэнд зах зээлийн хуулид баригдаж нэг юм зарим зүйлийг чөлөөлсөн ч хуучинаа тавихгүй бууж өгөхгүй л байна. Өнгөрсөн зун Жи-мобайл компани дэлхийн хаана ч байдаг зах зээлийн жишгээр бусад олон компанитай хямдхан тэр байтугай үнэгүй ярих боломж монголчуудад олгоход бүгдээрээ боож үхэнгээ алдан мэдэгдэл хийж байхыг нь би зурагтаар хараад бүр гайхсан. Сүүлд дуулахнаа сар бүр Япон руу шилжүүлдэг 2 сая америк доллараа алдана гэхээс ухаанаа алдаж байгаа юм гэж худлаа хэлэхгүй нэртэй бизнесмэнээс сонсоод би тэгнэ ээ тэр гэж бодсон. Үнэгүй юм гэж энэ дэлхий дээр байхгүй гээд дарга нь улайн цайм зүтгээд байгааг хэвлэлийн бага хурал дээрээс хараад өрөвдөж л байлаа. Үнэгүй юм гэж байхгүй ч гэсэн хямдхан юм гэж байх ёстой ш тээ уг нь. Японд Софт банк хэмээх өөрийн сүлжээндээ өдөржин үнэгүй ярих ийм компани байгаа бөгөөд үүнийг эд мэдэхийн дээдээр мэдэж байгаа боловч монголчуудыг шулж мөлжих аргаа олсоор л байх шиг байна. Харин ч харилцаа холбооныхонтой харилцан тохироод идэж эхлэх шиг болох юм. Уг нь хүний хамгийн чухал хэрэгцээ, ажил бүтээх амин чухал харилцаа утсан харилцаа болон гар утасаар л биелэж байна. Өнөөдөр Токиод ирсэн миний аав, ээж хоёр хаа байсан Баянхонгор аймгийн Заг сумын Баян хөндийд уулаар цастай ч тэнгэр хангай аятай байгааг дуулж, мал сүрэгээ бүрэн бүтэн байгааг шууд яриж, хуц ухнаа тавих болоогүйг хүүдээ зөвлөж сууна гэдэг бол хэдхэн жилийн өмнө бүтэшгүй, төсөөлөшгүй зүйл байлаа. Ерээд оны эхээр Лондонгоос Улаанбаатарт ярих гэж яаж зовж элчингийн аташше царайчилж гуйж гувшин байж яридаг байлаа. Өнөөдөр гэрээсээ бараг дүрстэй ярихад ч бэлэн байгаа нь л сайхан юм. Гэхдээ дэлхийн гар утасны компаниуд харилцагчид аль болох хямдхан үйлчилгээ үзүүлэхийн төлөө л ажиллаж байгаа боловч манайхан бараг үүний эсрэг байна. За уучлаарай би уг нь тодорхой нэгэн гар утасны компаний тухай бичие гэж бодоогүй юм, хамгийн гол нь манай хүмүүс гар утасыг зөв зохистой, соёлтой хэрэглэх талаар ганц хоёр санал хэлэе гэж бодсон боловч өөрийн мэдэлгүй санаа зовдог зүйлдээ хадуурлаа. Сая монголдоо очоод амрангаа анзаарч байхад гар утасаар ярихад маш бүдүүлэг нэг зүйл байна. Монголд гар утсаар яриж болдоггүй газар гэж алга. Төрийн ордон, түргэн тусламж, эмнэлэг, баар, банк, сургууль, анги танхим, автобус унаа, такси үгүй ер нь хаа л бол хаа дуртай газраа дуртай дуу, хоолойгоороо яриж байна. Тэр байтугай албан ажлаа хийж байхдаа гар утсаараа алба, амины ажил ярихыг яана. Жишээлбэл, эмч хүн үзэнгээ, бариач хүн барингаа, нярав мөнгө тоолонгоо, лам ном айлдангаа, гаальч ачаа шалгангаа, багш хичээл заангаа, оюутан лекц сонсонгоо ярьж л байна. Хүний хойтохыг уншиж байхад л гар утас нь тачигнаад ламд амар заяа үзүүлэхгүй байх жишээтэй. Ийм үед хүмүүс гар утасаа унтраах юм уу, аль эсвэл чичрэх байдалд болгож болно оо доо. Үүнийг хүмүүс өөрийнхөө сэтгэлээр бусдад саад болохгүйн үүднээс аятай зөөлөн дуугаргах, мэдэгдэхгүй байх, ажилдаа саад төвөг учруулахгүй байхыг бодож байх нь ёс зүйн нэгэн хэм хэмжээ болгох ёстой байна. Олон улсын чанартай нэгэн томоохон эрдэм шинжилгээний хурал дээр нэг их сургуулийн захирал нөхөр хурал удирдаж байхдаа бүр микрофоноо хаахгүй заалаар нэг авгайтайгаа хэрэлдэж онигоонд орж байхав. Манайхан ч яахав гэхэд гадаадныханы өмнөөс ичиж яс хавтайж л байлаа. Эрх биш гадны элчин сайдын яамдын дотор гар утсаар ярихыг хориглож байна. Баруунд бол олон нийт, үйлчилгээний газар гар утсаар ярихыг нэгэнт хориглочихсон байгаа. Гар утас хэрэглэх, эс хэрэглэх нь тэр хүний хувийн хэрэг боловч соёлтой, журамтай бусдад саад болохгүй хэрэглэх нь соёл хүний бас нэгэн хэм хэмжүүр болж байна. Хамгийн түрүүнд ажил дээрээ, ажлын цагаар хувийн гар утас хэрэглэдэггүй болох ийм журам дүрмийг хуви, хувисгалгүй бий болгомоор санагдлаа. Хэрэглэсэн ч ажилдаа болон бусдад саад болохооргүй нөхцөлд хэрэглэж байх нь соёл юм. Нутаг орондоо замбараагүй юманд сурчихаараа замбараатай газар ирэхээрээ өөрсдөө эвгүй байдалд орж, тэрнээсээ болж гайхаад, үглээд, стрестээд суух нь бүр төвөгтэй. Гар утсаар гайхуулдаг цаг гадна доторгүй өнгөрчихсөн гэдгийг манайхан ойлгоосой. Хэрэглээний соёлд суралцаасай. 
2009.10.01

8/03/2009

БУЯНТ УХААД БУУХ САЙХАН, ХАРИН ...


Буянт ухаад буух сайхан хэмээн нэгэн яруу найрагч дуу алдан шүлэглэсэн санагдана. Нээрээ л Буянт Ухаад буух сайхан, агаар нь цэнгэг, амисгал уужим тэнүүн. Энэ буянтай сайхан нэр алга болох вий. Хүмүүсийн аман яриа хэлэнд байгаасай, үлдээсэй гэж дотроо би залбирна. Онгоцонд олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа гээд л зарладаг болоод хэдэн жил болчихлоо. Эх орондоо ирэх сайхан л даа. Харин энэ удаа хилээр алхаж орохын хооронд муухай ааштай хилийн байцаагч, танил талаа дагуулж гүйсэн хилийн офицероос болж тэр сайхан сэтгэгдэл салхинд хийсэх мэт алга болж бас л нэг юм бичмээр санагдлаа.
Гадна дотны хүмүүс дугаарлан зогсож Монгол Улсын сүр хүч, хил, гааль, журам дүрмийг сэтгэлдээ хүндэтгэн журамтай зогсож байтал хамгийн сүүлд зогсож байсан хүү дээр нэг царайлаг байрын хүүхэн дагуулсан дунд эргэм насны офицер бандаганан гүйж очсоноо дагуулан явж “оочергүй” үйлчлэн хилээр гаргаж байгаа хоёрын хооронд хогийн занг хараад ой гутах шиг болоод зогсож байлаа. Тэр залууг тэгж гаргасан ч, гаргаагүй ч яалаа ийлээ. Ямар шоронгоос хүн гаргаж байгаа биш. Гадныхан гайхасхийгээд л харж зогсоно. Тэдний нүдэнд бол тэр хүн гэмт хэрэг хийсэн хулгайч ч юм уу, нэг л өөдгүй дүр төрхтэй харагдах шиг боллоо. Харин би бол монгол хүн юм болохоороо ингээд улсын ариун дархан хил дээрээсээ эхлээд л ийм хоёрын хооронд юм хийж заваарах юм даа манайхан гэж дургүй хүрэн бодож зогслоо. Тав арван минут зогсоод гарахын хооронд тэгэж заваараад ч яахын билээ.
Тэгж байтал миний оочер дугаар ч болж нэг залуухан бүсгүй дээр очиж таарлаа. Мэнд ус ч алга, царай нь гөлгөр, нүдний харц хүйтэн зэвүүн. Хулгайч харсан шиг л байна. Би паспорт, орох мэдүүлэг, эрүүл мэндийн мэдүүлэг гурваа өгвөл миний паспорт, мэдүүлгийг булаах шахам аваад цагаан цаасыг буцаагаад шидчихлээ. Энэ эрүүл мэндийн хуудсыг хаана өгөх юм бэ гэвэл дуугарсангүй. Дүлий хүн энд суумааргүй юм. Хоёрдахаа асуувал тэр үүдэнд өгнө ш тээ гээд нэг их ёозгүй муухай харлаа. Тэгэнгээ намайг их л сэжигтэй зэвүүн харснаа тамгаа дарж паспортыг минь урдаас чулуудлаа.
Ингээд л эх орондоо ирсэн миний сайхан сэтгэл хилийн байцаагчийн лангууны дэргэд алга болох нь тэр. Ой гутах шиг. Энэ жижиг юм шиг мөртлөө маш том зүйл. Үүнийг манай хил хязгаар манаж, хүн амитан шалгаж гаргаж оруулдаг нөхөд анхаараасай. Мэдээж халгиж цалгиж далдаганах нь юу юм бэ гэхдээ хүйтэн зэвүүн биш төв төвшин сайхан байх нь аль ч газрын хил гаалийн албаныханд байдаг ёс байхаа... Харин гадаа гарч цээж дүүртэл нэг сайхан амисгаа аваад гэрийн зүг мориндоо мордлоо.
Улаанбаатар, 03.08.2009

7/26/2009

ХЯТАД ХЭЛНИЙ АНГИ


Монголд хавар болж сургууль соёлын төгсөлт болж байна... Монгол, хятад хэлний ангид орж, сурч, төгсөж байснаа эхнэр бид хоёр дурсаж хааяа хуучилдаг юм. ... Монголчууд хятадад дургүй нь хэнээс ч нуухгүй үнэн. Хятадууд монголчуудад дургүй л байлгүй. Ер нь хөрш орнууд хэзээ л бие биедээ сайн байлаа. Дургүй хүмүүс бие биенээ муу муухайгаар нь хэлэх. Бид хятадыг хужаа гэдэг. Уг нь хужаа гэдэг нь хятад хэлний хуа чиао буюу гадаад орноо цагаачлан суугч хятад хүн хэмээх утгатай хятад үг бөгөөд монгол хэлэнд хужаа болжээ. Тийм ч хэлж болохгүй баабаа үг биш л дээ. Би бол МУИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгссөн төв халхын ард монгол. Миний аав улсын сайн малчин Лувсан гэж Чойбалсангийн шагналтай ажилсаг хар хүн байсны бага хүү. Одоо ч аав минь Баян хөндийдөө хонио эргүүлж, адуугаа залсан шиг зусаж суугаа. Намайг сурч байхад монгол хэлний хоёр анги буюу жар орчим хүүхэд сурдаг байлаа. Харин манийг сурч байхад монгол хэлний ангид ихэнхи нь “пролетари борчуудын хүүхэд” байсан ч Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, яамны сайд, дарга, алдартай сэтгүүлч, дуучдын хүүхэд хүртэл байж билээ. Харин бас нэлээд нь хойноос “агаар таараагүй” ирсэн хэдэн нөхөд байсан юм. Тэд ээж аавынхаа санаанд тултал сурна гэж байдаггүй хойно ямар байсан МУИС-д бас тэгж “агаар нь таардаггүй” бололтой байсан. Сурахад арай амар юм уу л гэж ордог байсан болов уу? Сүүлд мэдэхнээ Төв Хорооны нөхдүүдэд ойр шадар бас бус нөхдүүд байсны дэмээр орцгоодог байсан юм билээ л. Одоо бол монгол хэлний ангид үр хүүхдээ өгдөг “тэнэг дарга” олдохоо байсан байна. Харин манай эхнэр бол Баянхонгорын гаралтай монголдоо нэртэй эмчийн охин. Хань маань хятад хэлний ангид сурч байсан болохоор тэр үеийн бидний хэлж дадсанаар “хужаа хэлнийхнийг” сайн мэдэх. Хятад хэлний анги бол тухайн үедээ их сургуулийн элсэлтээр шууд авдаггүй харин нэгдүгээр анги гайгүй төгссөн “толгойтой” хүүхдүүдээс шилж сонгож, бараг Төв хороогоор хэлэлцэх шахуу юм болж авдаг “тусгай анги” байлаа. Тэр үед их л нарийн судалгаа хийж авдаг юм байлгүй дээ гэж боддог байлаа. Харин физик, математик, эдийн засаг, хуулийн ангиас орсон хүүхдүүдийг ажиглавал голдуу л бас дарга нарын хүүхдүүд байдаг байж билээ. Гэвч дарга нарын хүүхдүүд нь явж явж хужаагийн удам угсаа байсан гэдэг юм. Хэрэг дээрээ төв хороо “энэ яг хужаа мөн биз хө” гэдгийг баталгаажуулан тогтоодог байсан юм шиг. Үүнийг манай гэргий төгссөн хойноо мэдээд бүр гутарч үхэх шахсан. Тэр үед төгслөө гэж гэр гэрээрээ дамжиж хэсдэг ёс байв шүү. Тэгээд сургуулиа нэгэнт дүүргээд гэр гэрээр нь ороход эмээ нь ч юм уу, өвөө нь ч юм уу харсаар байтал бэлцийсэн нүдтэй, бээцийсэн хөлтэй, арзайсан шүдтэй, данхайсан толгойтой хужаа байж байсанд бүр гайхаж орхисон гэдэг. Нээрээ сүүлд заримынх нь овог нэрийг ч сайн ажиглавал хужаа хэлний гарал язгууртай ч байх шиг. Хаяг нь хотын байшинд боловч хоёр, гурван буудлаас ч яваад байсныг санах. “Тэгнэ ээ тэр, Баагий цаанаа л нэг зөв дуудаад, бүр нэг өөрийнхөө юмыг сурч байгаа юм шиг сайн сураад, арай өөр байсан”-ы учрыг оллоо. Эхнэрийн тооцоолсоноор арван хүүхдийн гурав нь л монгол байсан болов уу, үгүй болов уу. Ингээд бодохоор монгол дээд боловсролтой “боловсорсон хужаа”-гаар аль хэдийн дүүрсэн, дүүрэх дүүрэхдээ чухам чухал газар бүр их байгаа даа гэж хар бууна. Харин одоо бол өөр болж. “Ориг анги”-д жинхэнэ сурч эхлэсэн цаг үе явж байна. Хил, хэл нэвтрэхгүйн зовлон багаслаа. Хэн дуртай “хужаа удамтай” нь хүүхдээ бүр хар нялхаар нь дундад улсад явуулж, дотор газрын хэл, соёлд зориуд сургаж, дасгаж байна шүү. Асуухаар хэл сургах гэж явуулсан гэх. Яг үнэндээ дан хэл өнөөдөр мэргэжил биш болсоныг бараг бүгд ойлгож байгаа шүү дээ. Гэхдээ хэл, соёл хоёр заавал хамт явдаг л даа. Мах цусанд нь урд газрын юм байгаа болохоор хүүхдүүд нь ч дуртай, баяр хөөртэй байх шиг харагдана. Манай хүүхдүүд бол “хужаад юу ч авахгүй дээд зэргийн хангамжтай, үнэгүй сураад ир” гэсэн ч за аав минь больж үхье гээд хөдлөх шинжгүй. Яагаад айлын хүүхдүүд хятад яваад байгаагийн цаад учир нь удам судар, мах цусандаа байна. Үүнийг энэ зуун Хятадын зуун болно гэж сайхан тайлбарладаг ч үнэндээ тийм биш, хүүхдээ сургах сайхан далим юм даа гэж бодож сууна. Хар нялхаар нь дотор газар хүүхдээ сургаж буй жинхэнэ монгол хүн хэр олон байгаа бол “ориг” ангид?

УЛС ТӨРИЙН ШОГ ЗУРАГ

Монголд улс төрийн шог зурaг (political cartoon) - ийг сайхан хөгжүүлмээр байна. Хараад байхад жинхэнэ улс төрийн шог зураг ерөөсөө гарахгүй байна. Тухайлбал, одоо ид болж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ хоёр хүний жинхэнэ мөн чанарыг гаргасан ямар ч шог зураг гарсангүй. Би харсангүй өнгөрөв үү, бүү мэд. Хараад байхад худлаа дээш магтаж, доош нь матсаар, Энхбаяр ч “баабаа”, Элбэгдорж ч “муухай” гэж үглэсээр байтал сонгуулийн сурталчилгааны хугацаа дууслаа. Шог зураг гэдэг бол улс төрчдийн бодлого, мөн чанарыг маш энгийн бөгөөд шог хошин аргаар уншигч, үзэгчдэд хүргэх хамгийн сайн арга юм. Харамсалтай нь манайхан олигтой хөгжүүлэхгүй байна. Зарим нэг хүмүүс зурж байнаа. Гэхдээ зурахаараа бараг хөрөг зураг зурчихаад байна. Шог зургийн нэг онцлог бол тухайн хүний “анатомийн дутагдал”-ыг зөв олж хараад түүгээр нь дамжуулж илэрхийлэх учиртай. Тухайлбал тухайн хувь хүний хувьд данхар толгой, том хамар, дэлдэн чих, унжуу хацар, орсгой шүд, солир нүд, урт эрүү, сэлхэрсэн нүд, этгээд сахал, содон мэнгэ эсвэл намхан нурууг “хэтрүүлэн ашиглаж” чадаж гэмээн тэр хүнийг хэн бэ гэдгийг хаанаас ч хэн ч хараад танихаар байх хэмжээнд “шоглох” ёстой. Мөн аливаа амьтан юмуу эсвэл юмаар төлөөлүүлэн шилжүүлэн зурж болдог талтай. Гэхдээ улс төрийн зурагт мэдээж дан ганц “анатомын дутагдал” биш үйл ажиллагаа, бодлогын ялгаа, ажил хэргийн зорилго, үнэн, худлыг тод томруун гаргах учиртай. Ийм учраас зураачид зурах авьяаснаас гадна улс төрийн сэтгэлгээний чадвартай байх учиртай. Тийм чадвар байхгүй бол хэчнээн сайн зурдаг байгаад нэмэргүй. Ялангуяа орчин үеийн сонинд заавал байх шаардлагатай зүйл бол шог зураг тэр тусмаа улс төрийн шог зураг болой. Тийм учраас манай өдөр тутмын сонины бодлоготонгууд улс төрийн шогийг хөгжүүлэх талаар бодууштай. Би шог зураач С.Цогтбаярыг 2006 онд Лондон хотноо зургийн үзэсгэлэнгээ гаргаж байхад нь нэг удаа энэ талаар дурсахад “байгаа ш тээ, хөгжиж байгаа” гээд байсан. Өөрийнх нь шог зургийн цомогт тэр үеийн ерөнхийлөгч П.Очирбат, ерөнхий сайд П.Жасрай агсаны тухай хэдэн зураг байдаг юм билээ. За үүнээс өөр олигтой улс төрийн зураг би хаанаас ч олж харахгүй байна. Та бүхэнд бичсэн зүйлээ ойлгуулах үүднээс дэлхийн нөлөө бүхий орнуудын удирдагчид болох Барак Обама, Владимир Путин, Саркози, Мэркэли, Тар Асо, Хиллари Клинтон нарын шог зургаас танилцуулж байна. Нэг иймэрхүү юм л зуруулах гээд байгаа юм хэ хэ. 
Ашигласан вэб сайт: www.cartoonStock.com; http://politicalhumor.about.com

ТОВЧЛОХ ӨВЧИН


АН гэвэл Ардчилсан Нам, АНУ гэснийг Америкийн Нэгдсэн Улс гээд, МАХН гэхээр Монгол Ардын Хувьсгалт Нам, (Монголын Ардын биш Монгол Ардын шүү) ОХУ гэж байвал Оросын Холбооны Улс гээд товчилсоныг ойлгоод байж болно. Энэ бол хэлшинжлэлийн үг товчлох хураах ёсоор бичсэн хэрэг. Үгийг товчилж болно, бас тайлж уншиж болно, цаг хугацаа, цаас хэмнэх ашигтай. Тэр тусмаа монгол бичиг бол бүр ч сайхан татаж, товчилж хурааж бичих боломжтой бичиг. Кирилээр өөрөөс нь өөр хүн уншихааргүй товчилчихсон хүн ч байдаг. Ер нь ямар ч товчилолын эцсийн зорилго бол цаг хугацаа хэмнэх л байх. Энд үгийн товчилол биш үндэсний товчилох сэтгэлгээний тухай санаа хэлэх гэсэн юм. Уг удмаасаа морь малаар хаагуур л бол хаагуур дуртай газраараа товчилдог монгол сэтгэлгээ сүүлийн жилүүдэд бүр товчлох өвчин болж хувирлаа. Зам товчилох, бага, дунд, их сургууль товчилох, цэрэг армийн хугацааг товчилох, албан тушаал товчилох, үгүй ер товчилохгүй юм гэж алга. Уг нь дагаж биш угтаж хөгжих нэг онол байдаг боловч бас хамаагүй товчилж болохгүй юм гэж байна. Ингэж хамаагүй товчилж болохгүй юманд боловсрол яах аргагүй орно. Арван жилийн сургуулийн суурь боловсролыг алгасуулан сургах нь хүүхдийнхээ боловсрол олох цаг хугацааг хүчээр таслаж алж байгаагаа манайхан ойлгохгүй байна. Сүүлдээ бүгдээрээ 14-тэй их сургуульд орж 18 настай төгсдөг боллоо. Дээр хэлсэн шиг товчилол хэдийгээр цаг хэмнэх талаасаа зөв боловч шинжлэх ухааны үндэстэй боловсролыг дундаас нь алгасах нь тийм сайн зүйл биш гэдгийг ойлгоосой. Хэчнээн муу сургалттай сургууль байлаа ч гэсэн хичээлийн төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулж, түүнд сайн ч муу ч сургалтын процесст оролцож өнгөрөх нь ерөнхий боловсрол олоход хамгийн чухал зүйл. Нэг хоёр жилийг хожсоноор тийм ашигтай үр дүн гарахгүй. Манайхан сургуулийг дан ганц дүн тавьдаг газар гэж бас бодоод байна. Ямарч сургуулийн газар бол эрдэм боловсролд сургахаас гадна хүнийг хүмүн болгодог хүмүүнлигийн газар шүү дээ. Тийм учраас хамт олны дунд төлөвших, хүн чанар, хүний мөс суух, харьцааны соёл дадалд сурахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг үүнийг мартаж болохгүй юм. Боловсролыг товчилж болохгүй ээ. Бусдыг нь болох байх. Цаг хугацаа хожихоор сургуулийг товчлох нь товчилсоноос илүүг алдах магадлалтайг манайхан бодмоор. Ерөөсөө манайд  хүмүүс яг одоо танил тал, мөнгөөр юуг ч хийж болно, юуг худалдан авч болно, юуг ч бүтээж болно гэдэг нэг муухай “үзэл суртал” газар авчихлаа. Товчилсон хүүхэд ч бас өөрийнхөө үр хүүхдийг товчлох гэж үзэх вий. За миний мэдэхээр боловсролыг лав товчилж болохгүй. 
12.06.2009

ОРИГ ХУЖАА


Хятадуудад хийхгүй юм алга. Хүнээс бусад орчлон дээр хүний л сэтгэж хийсэн бүхнийг нутагтаа хийж байх шиг байна. Made in China гэж бичээгүй бараа олоод ир гэвэл нүдний гэм болжээ. Хийхдээ нэг гараар хийхгүй нь харин нэг сайхан даа. Манайхан нэг юмыг олон янзаар хийдэг хүнийг олон гартай гэж цаанаа л тааруухан хэлэлцдэг. Манай охин Японд зарж байгаа Made in China  гэсэн барааг “ориг хужаа” гэж нэрлэсэн нь ёстой оносон тодорхойлолт байлаа. Учир нь Англи, Германы зах дээр зарж байгаа бараа Монголын Нарантуул дээрхээс арай дээр, Японы зах зээл дээрхээс (манайхны ойлгодог хар зах бараг байхгүй учир зах зээл гэлээ) хэд дахин муу байх нь нүднээ тод, гарнаа илт. Нээрээ бодохноо хятадууд олон гартай юм шиг ээ. Ийм учир Японд байгааг нь ёстой ориг хужаа гэх нь зөв аж. Оригт ойртуулах гэж Япончууд ч сайн шахаж шаарддаг ч нэгэнт дийлэхгүйгээс хойш за тэр бараа таваар ч дүүрч, хортой юм өгөөд алаад хаячихгүй бол хоол хүнс л хэцүү гэж айх япон хүн зөндөө. Аргагүй ш тээ, хар тугалгатай банш, вандуй өгөөд баллах аа шахсан болохоор. Өөрөөр хэлбэл хятадууд нэг юмыг “гурван гараар” хийж байна гэсэн үг. Хамгийн муу боловсорсон бараг муужирч унамаар үнэртэй тоглоом, эсвэл гараар барихад бацрах, булангаас унаад будаа болох эд хэрэглэл, гайгүй суниах гарын ая даахгүй хувцас нь манайд очдог бололтой. Ганц манайд ч биш дэлхий дээр байдаг ядруу гэсэн хаягтай бүхэнд хүрэх. Ноднин хятадаас ногоо импорталдаг миний танил нэг өдөр байцаа ялгаж дундуур нь явахад ус шүүсэнд нь шинэ ширэн гутал нь хутгаар зүсчихсэн юм шиг зад зад явсныг сонсоод ухаан алдаж унахаа шахаж билээ. Хүний бие эрхтэн, ходоод гэдэс юу болж байгаа бол оо? Япон багшийн хэлснээр хувцас хэрэглэл яах вэ, хүнс хоол л аюултай байна. Хүнсээр дамжуулж үнс болгож байвал яана. Эзэн нь эзэн шиг, улс нь улс шиг байж, хахууль хээлэнд живчихэлгүй, хяналт, шаардлага нь хатуухан байвал хужаа нарт гайгүй юм өгөх боломж байгаа нь Японы зах зээлд гаргаж байгаа бараа таваараас илт байна. Хаана өөдгүй хүмүүс байна тэнд хогийн юм хэрээ хэзээд бэлэн байх нь тун харамсалтай. Тэртээ тэргүй энэ хорвоогийн хэн нь ч хорьж дийлэхгүйгээс хойш “ориг хужаа”-д нь ойртуулахын төлөө л хаана хаанаа бодмоор. 
22.05.09, Токио

"МОНГОЛЫН АГААР" ЗАРЖ БАЙНА

Хаврын адаг шар луу сарын улаан бар өдөр бид Токиогоос зүүн хойд зүгт 200 орчим километрт байдаг Монгол тосгон буюу Мongolia Village –д монгол судлалын оюутнуудынхаа хамт нэг хоногоор танилцах аялал хийгээд зочлоод ирлээ. Токиогийн Гадаад судлалын Их Сургуулийн Монгол хэлний ангид элссэн шинэ оюутнууд хичээлийн жилийн эхэнд танилцах зорилгоор Насу хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт байх Тэнгэр нэрт энэ монгол тосгонд зочилж монгол гэр ахуй, ёс заншил, хоол унд, соёлтой танилцдаг уламжлалтай юм. Энд жинхэнэ монгол орчныг бүрдүүлж 12 монгол гэр барьж, дотоод тавилгыг монголоос авчирч Япон ахуй нөхцөлд тохируулан барьж байгуулжээ. Япон нөхцөлд тааруулна гэдэг нь airconditioner буюу агааржуулагч байрлуулж, өвлийн 80 см-ийн цасан дунд, зуны бүгчим 30 хэмийн халуунд зочин гийчин хүлээн авах нөхцлийг бүрдүүлжээ. Гэрийг таван төмөр баганатай цутгамал сууринд барихдаа ханын дотуур нь төмөр бүслүүрээр тойруулж ханаа бэхлэн, мөн баганыг цутгамал шалтай үхлүүт бэхлэж хөдөлгөөнгүй болгосон нь газар хөдлөлтөөс хамгаалсан бололтой. Монгол гэр бүрэн тавилгатай, хүний тав тухыг дээд зэргээр хангасан тохилог сайхан гэж жигтэйхэн. Энэ тосгон монгол ахуй орчныг бүрдүүлэн монголын хувцас хэрэглэл, хөгжим зэмсэг, ахуйн хэрэглэлүүдийг дэлгэн үзүүлж байна. Мөн дэлгүүр ажиллуулж, монгол жамц давс, чацаргана, архи, бэлэг дурсгалын зүйлс, хөгжим дууны си ди, монгол ном, соёлын бараа худалдаж байна. Монголоос морин хуурч Рэнчингийн Амарбаяр, ятгач Агваанцэрэнгийн Жамбалсүрэн нар гэрээгээр ажиллаж байна. Тэр хоёр өөрсдийн си ди-гээ Японд хийлгэж амжсан байна. Хамгийн содон санагдсан бараа нь “МОНГОЛ АГААР” байлаа. Нэг лааз монгол агаар 300 иэн буюу 4 ам. доллар. Монгол агаарыг лаазлан бэлэг дурсгалын хэлбэрээр зарж байгаа нь социализмын үед японууд гудамжиндаа агаар зарж, худалдаж авч байдаг юм гэнэ ээ гэж хэвлэлээр гарч байсныг санагдуулан инээд хүрч билээ. Японд “Монгол агаар” зарж байна. Хөөрхөн сэтгэсэн байна. Хүмүүс их авах юм. Манайхан бас яагаад хийж болохгүй гэж. Тэнд бас нэг хөөрхөн овоо босгож, дээр нь туг хиур, хийморийн дарцаг босгожээ. Нутгаа санаж овоог нь нэг тойроод ирлээ. Овооны их танд, олзны их маньд болтугай.

ДАВХАР ЭРХ


Анх Токиод ирээд эргүүлийн цагдаа шугамын автобус зогсоож шалгаж байхад нь нэлээд гайхаж хулгай зэлгий гарсан юм болов уу гэж сэм ажиглавал огт тийм юм болсон шинжгүй, харин жолооч нь зөрчил гаргаснаа хүлээж байгаа бололтой бүхий бичиг баримтаа үзүүлж байв. Дараа нь баттай сурвалжаас лавлан үзэхүл Японд замын цагдаа, энгийн цагдаа хоёр адилхан эрхтэй байдаг юм байна. Өөрөөр хэлбэл эргүүлийн цагдаа ч юм уу, элчингийн хажууд зогсож байдаг харуулын цагдаа машин, тээврийн хэрэгсэл шалгах эрхтэй гэсэн үг. Тийм учраас Японд дөрвөн замын уулзвар бүхэнд цагдаагийн пост заавал байна. Ёстой авмаар санаа. Учир юун гэвэл манайх шиг цөөн хүн амтай, таруу байршилтай оронд нэг хүнээр хоёр зүйлийн ажил хийлгэх нь дор хаяж цаг, мөнгө хэмнэх маш том боломж юм. Хэдэн жилийн өмнө үүнийг бичигч би бээр Улаанбаатар хотод Английн элчингийн урдуур чигээрээ баруун тийшээ явж байхад урдаас явж байсан “Соната хоёр” гэнэт зүүн гар тийш эргэж намайг машинтай минь бүтэн эргэтэл хэм мөргөж том аваар хийсэн юм. Дархан сумын засаг дарга гээд хоёр хөл дээрээ тогтохгүй нөхөр таль туль гээд бууж ирж билээ. Эрхбиш “Бенцний хүү” байсан тулдаа аюул гэмтэл багатай өнгөрсөн байх. Үүнийг харуулынхаа шовгорын өмнө зогсож байсан элчингийн манаач цагдаа улаан цагаан харсан бөгөөд шалгах, оролцох эрх байхгүй учир зүгээр гэрч юм уу, сонирхогч болоод хоцорсон юм. Мэдээж ийм хэрэг явдал зөндөө л болж байгаа. Тэгэхэд би давхар эрхтэй баймаар юм байна даа гэж бодож байж. Ийнхүү давхар эрхтэй байхын ач холбогдол маш их юм байна. Хамгийн наад зах нь цаг хугацаа алдахгүй, хүн хүч хэмнэх, хэргийг түргэн шуурхай, үнэн зөв шийдэх, хэргийн халуун мөрөөр орох гэх мэт. Ажиглаж байхад хөдөө хот суурингаас алслагдсан газруудыг ялангуяа ийм боловсон хүчнээр хангамаар санагддаг. Ёстой нөгөө амьдрал баян юм чинь төрөл бүрийн хэрэг явдал тохиолдож байгаа. Тухайлбал, хөдөө сумын нутаг дэвсгэрт нэг осол гарлаа гэхэд замын цагдаа дуудна гээд хамаг юмыг балладаг. Харин миний саналаар бол сумын цагдаа бүх асуудлаа хариуцана гэсэн үг. Ийм учраас цаашид давхар мэргэжилтэй, давхар эрхтэй мэргэжилтэн бэлтгэх бодлого баримаар санагдана.

БУЯНЫХ НЬ ТОС УХААНЫХ НЬ СҮВИЙГ БӨГЛӨХ


Энэ Арго багш гэдэг хүн “би Ринчен багшийн шавь, Лу багшийн шавь” гээд ичих ч үгүй туугаад байх юм. Би бол их сургуулийн монгол хэл, уран зохиолын анги төгссөн ч үнэндээ Ринчен гуайн барааг ч хараагүй. Харин Лувсанжав багшийн шавь байсан гэж хэлэх бүрэн эрхтэй хүн. Би Лу багштай Арго нэртэй шавь уулзаж байхыг амьдралдаа хараагүй. Лу багш бидэнд Монгол хэлний үгийн сангийн хичээл заадаг байлаа. Багш маань хичээлээс голдуу хожигдож орж ирэх. Орж ирсэн хойноо хичээлээ маш өвөрмөц заана. Тэрбээр ямар нэгэн ном, дэвтэр харахгүй. Ерөнхий нэг сэдвийн хүрээнд багтааж тал тал руу нь дэлгэрүүлэн ярьдаг байсан юм. Манай ангийхан бүртгэж мүртгэж зовоохгүй ч хичээлд нь идэвхитэй оролцож суух дуртай байсан. Багшид маань хүнийг татах сайхан арга олон байсан. Үүний хамгийн гол зүйл нь амьдралтай юм ярьдаг байсанд оршино. Тэгээд намайг МУИС төгссөн жил гадаад хэлний тэнхимд туслах ажилтнаар ажиллахыг хүсч би гэдэг хүн МУИС-ийн хүн болсон түүхтэй. Харин би хөдөөний паспорттай, бас хөдөө явах томилолттой байлаа. Тэр үед төгсөгчдийг заавал хөдөө явуулдаг байсан болохоор хөдөөний томилолттой би МУИС-д үлдэх гэж багшийгаа их зовоосон юм. Нэг өдөр багш минь МУИС-ийн боловсон хүчин асан Мөнхөө гэдэг хүнтэй миний нүдэн дээр намайг өмөөрөн хэрэлдэж арай л барилцаж авалгүй, бөөн юм болж хотын захиргаанаас хотын харьяат гэсэн тэмдэг даруулахаар болж билээ. Багш маань номын хүн болохоор захиргааны ажлын хүнд суртал, тэр хүний яагаад саад хийгээд байсны учрыг сайн мэдэхгүй, ойлгохгүйн дээр номын ажилд нь саад тээр болсонд хүнд тэгэж уурласан хэрэг. Тэгээд багш бид хоёр 1989 онд одоо миний ажиллаж байгаа Японы Токиогийн гадаад судлалын их сургуульд зочин профессороор явтал нь өдөр шөнөгүй хамт ажиллаж байлаа. Залуу ч байж, эрч хүчтэй ч байж, ядрахыг мэдэхгүй суудаг сан. Ямар сайндаа манай авгай киноны билет аваад ирэхэд нь бид хоёр ажилтай байнаа, цаанаасаа нэг хүн олоод явж гэж хэлж насны гомдол болж байх билээ дээ. Бид хоёрын гол ажилладаг салбар бол толь бичиг байсан. Тэгээд ч би толь бичиг хийх дуртай болсон байж магад. Уг нь толь бичиг хийнэ гэдэг дэндүү хар ажилтай тамын эд л дээ. Бид Манж-Монгол, Орос-Монгол, Монгол-Орос, Монгол-Франц, монгол бичгийн хадмал толь гээд төрөл бүрийн толь бичиг, сурах бичиг, ярианы дэвтэр дээр ажилласан. Тэр үед компьютер гэж байх биш тэнхимд байсан монгол кирил, латин, монгол бичиг, манж бичгийн гээд бүх төрлийн бичгийн машин дээр ажиллаж сурч билээ. Тэндээс надад асар их мэдлэг, дадлага, туршлага, сургамж, хийж бүтээхийн урам зориг ирсэн. Багшийнхаа долоон буудалд байх номын гэрт очиж мөн их суудаг байлаа. Багш маань үнэхээрийн их ажилсаг хөдөлмөрч хүн байсан юм. Гэртээ номоо хийж сууж байгаад л гэнэт босож яндангаа сугалж аваад чулуу хийж хөөлдөгсөн. Номын хүн их удаан суух муу, босож хөдлөж байх хэрэгтэй гэж их ярина. Хааяа багшийг гадаад дотоодод явах зуур орлож хичээлийг нь заана. Багшийгаа дагаж тэр үеийн албан байгууллагуудад унших сонин уншлага гээчид их явна. Заавал намайг хамт дагуулж явдагсан. Сонин уншлага бүхэн сонин сайхан болох. Миний харснаар хүмүүс ёстой гэгээрээд гардаг байсан юм. Нэг удаагийн уншлага дээр боломжтой айлын эрдэм ном сурдаггүй тэнэг хүүхдүүдийг “Буяных нь тос ухааных нь сүвийг бөглөсөн нь тэр” гэж ёстой сайхан онож хэлж билээ. Нээрээ л одоо ч гэсэн мөнгөтэй, юмтай айлын ухаан муутай, тэнэг бацаануудыг харахаар багшийн маань хэлсэн үгээр “ буяных нь тос ухааны нь сүвийг бөглөж” дээ л гэж бодогддог юм. Одоо ингээд харж байхад манай шинэ баячууд сүүлийн арваас хорин жил нүдэндээ мөнгө, гоё машин, олон өрөө байшин, том газар хараад давхиад байсан, давхиад байсан нэг харсан чинь хүү, охин нь 20 нас хүрчихсэн тэнэг амьтан болчихсон байхыг анзаараагүй юм шиг байгаа юм. Ийм хүн Монголд олон байна. Маш харамсалтай. Өөрөөсөө тасарсан үрээ хүмүүжүүлж боловсруулж чадаагүй бол өчнөөн мөнгө хураагаад яах ч юм билээ. Үйлээ эдлээд үхэхийн цагт мөнгөө дэврээд үхэх биш дээ, хайр чинь дэндүү их тосоор бялхвал үрийн чинь ухааныг харанхуй болгоно шүү гэж олон эцэг эхэд хэлмээр санагддагаа багшийнхаа энэ үгээр дамжуулан хүргэе. Монгол эрдэмтэн сайхан хэлсэн байгаа биз.