4/16/2010

Тоонондоо галын дохиолол хийе



Тоонондоо галын дохиолол хийе

Хэдийгээр хавар болж цаг эргэж урин дулаан болж байгаа ч цаг цагт л байдаг бидний дараа дараагийн зовлонгуудын нэг эхэллээ. Энэ бол гал. Ойн түймэр, хээрийн түймэр, гэрийн түймэр гээд л эхнээсээ аль хэзээний  эхлэчихэж. Өчигдөр уржигдар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, Орхон, Сэлэнгийн голын бэлчир  Охь хөндийд гал гарч онцгой байдлынхан гэж нэг зовсон улс арай гэж цурамд оруулжээ. За тэр газар дэлхий, ой мод нь хайхрах эзэнгүй, эзэн олдлоо ч хууль дүрэмгүй тул тэгээд өнгөрдөг юм гэж бодоход энэ гэртээ унтаж байгаад үнс нурам болоод байгаа хүмүүсээ хамгаалах талаас юм бодмоор байна. Саяхан Ганданд хоёр эмэгтэй гэртэйгээ шатаж үгүй боллоо, чухам хэн гээч хүн байсныг нь цагдаа хайж байна гэж баахан сонинд гарсан. Манай сэтгүүлчдэд унтаж байгаад өөд болсон хүүхэн, гэрийг түрээслэж байсан Солонгос өвгөн, хэдэн цаасаар түрээслэж байсан нь сонин болохоос яагаад гэртэйгээ шатав, юунаас болов, яавал ингэж шатахгүй вэ гэдэг нь ер сонин биш шиг байна. Харин надад нэг санал байна. Ерөөсөө унтаж байхдаа гэртэйгээ шатаж үхээд байгаа хүмүүст ганц арга байна. Энэ бол орчин үеийн зайгаар ажилладаг дохиолол тавих. Ийм дохиололыг ганцхан байшинд л тавидаг эд биш. Гэрт ч тавиж болно. Иймэрхүү орчин үеийн дохиолол бол за тэр  цагдаа, гал командтайгаа холбогдож сүрхий юм болдоггүй юм гэхэд ядаж сэрээд босоод гараад зугтаах хэмжээнд орилж чадна. Гэрээс гарч ядаад байх юм байгүй. Хамгийн гол нь нэг сайхан дулаан унтаж байгаад угаартаж, эсвэл гал ид хүчээ авсан үед нь нэг мэдээд босох гээд чаддагүй байх. Энэ өвлийн тэсгхим хүйтнээр Яармагт бүр гэр орноороо, халуун ам бүлээрээ хүртэл шатаж үнс нурам болсон  тохиолдолыг  ч бид харсан. Ийм мэдээ мэдээлэл сонсохоор үнэхээр сэтгэл эмзэглэдэг юм. Энэ бол олон учир шалтгаантай. Наад зах нь гэхэд хятадын муу чанаргүй хогийн утас кабел хэрэглэх, шонгийн модны утас шөрмөс нь салхи шуурганд хооронд авалцаж нийлэх, гэрэл гэгээтэйгээ унтах, тог цахилгаанаа хэмнэж лаа бариж мартах гээд л гал алдах шалтгаан алийг хэлж барах вэ? Харин бид өөрсдийнхөө төлөө бага боловч зүйл санаачилж хиймээр байна. Бид хэтэрхий хэнэггүй байна. За юунаас ч болсон байдаг байна, маний бодоход хамгийн гол нь гал гарахад дуугарч чимээ өгдөг дохиолол тавиулах л хамгийн зөв арга байна. Гэхдээ иймэрхүү хайнга байдлаас болж гал түймэр гарах тохиолдол Японд ч хаа сайгүй байна. Хамгийн гол нь болгоомж сэрэмж, хашир байдал хэн хүнгүй хэрэгтэй. Саяхан манай гадаад багш нарын байранд нэг нөхөр тахиа шарж байгаад орхиж явснаас гааз нь дэлбэрч үхэнгээ алдаж, харин энэ завшаанд айл болгоны өрөөнд орчин үеийн ийм дохиолол тавиж өглөө. Долоон жилийн баталгаатай, батарейгээр ажилладаг энэ дохиолол ёстой манай гэрийн хороололын айлуудын тоононд байхад тохирсон эд байна. Мэдрэмж сайтай, бараг олигтойхон хуушуурын хиншүү, зургаагаас дээш хүн тамхи татахад л орилохоор мэдрэмжтэй эд гэнэ.  Дуунд нь баргийн хүн унтаад байхааргүй юм байна. Хуушуураа хайрахдаа түр салгаад байж ч болно. Дашрамд сануулахад нэг сэргэлэн нөхөр Улаанбаатарын бүх гэртэй айлд дохиолол тавихад хөөрхөн бизнес болно доо. Хүмүүсээ тоонондоо галын дохиолол тавиулцгаая.
17.04.2010, Токио

1 comment:

Oogii said...

Таны блог надад их таалагддаг. Хамгийн гол нь мэдээ, мэдээлэл ньих өгөөжтэй санагддаг юм. Эх хэлээ мэдээж эрхэмлэдэг хайрладаг, харамсалтай нь бичиж, ярихдаа зөв цэгцтэй болж хараахан төлөвшөөгүй байгаагаа нуухгүй ээ. Харин блог бичдэг болсон минь олон талын ашиг тусаа өгч байгаа шүү. Ядаж л өдөр биш юмаа гэхэд сар ирэх тусам найруулга маань урьд өмнөхөөсөө мэдэгдэхүйц сайжирч байгаа ажиглагддаг.
Эх хэлээрээ зөв сайхан найруулагатай бичдэг, сул үггүй ярьж сурахад маань блог маань их ашиг тусаа өгдөг юмаа.
Та миний блогоор нэг зочилоорой гээд урилга хүргүүлж байгаа юм.

www.oogiinoo.wordpress.com