Шинэ үеийн Монголчууд гадаад паспорт гэдэг юмыг өвөртлөж гадна ертөнцийн хаалга үүдийг нээж чөлөөтэй орж гардаг болсноос хойш Монголын хамгийн олон хүн орж гарч байгаа нь Өмнөд хөрш Хятад дараа нь Өмнөд Солонгос буюу Солонгос орон болж магадгүй. Хоёр ч авиа компаний шууд нислэгтэй болохоор мөнгөтэй зоостой улс нь бараг хагас бүтэн сайнаар дэлгүүр хэсэх гэж юм уу, зугаалах казинодох гэж, эсвэл бие хаагаа эмнүүлэхээр бараг мөнгөө үрэх гэж ирдэг, мөнгөгүй ядуучууд нь хэдэн цаасаа зуучлал, жуулчлал гээчид нь бариж, зарим нь ч орон байраа үгүй хийн хийн мөнгөтэй юмтай болохоор амидралын мөр хөөж ирдэг газар Солонгос болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Сүүлийн арваад жил бараг айл бүл болгоноос дор хаяж нэг хүн энд ажиллаж, бараг бүх зурагтаар Солонгосын савангийн дуурь гаргасны хүчинд энэ орны нийгмийн тухай ерөнхий ойлголт үндэсний хэмжээнд хангалттай сурталчлагдсан гэж үзэлтэй.
Саяхан ажлын далимаар Өмнөд Солонгосын нутгаар ойр зуур жаахан аялаад ирлээ. Өмнө ч хувь, хувьсгалын ажлаар хэд хэд ирсэн бөгөөд ирэх болгондоо өөр өөр газар орон, үзвэр үйлчилгээ сонирхож явлаа. Солонгосын өв соёлын мянга мянга дурсгалыг үзээд үзээд баршгүй. Өмнөд Солонгосын хүн ам нэгэнт 50 сая гарчээ. Нэг сая орчим гадаадынхан оршин сууж байгаа нь хүн амын 2 хувитай тэнцэж байна. Үүнд хамгийн их нь хятадууд 441.334 буюу 44 хувийг эзлэж байгаа бол дараа нь 117.938 буюу 12 хувиар Америкууд орно. Үүний дараа Вьеьнамууд 64.464, Филипин 50,264, Тайландууд 42.792 гээд Монголчууд 34 мянгаар удаалах болов уу.
Энэ улсад 724.967 хүн урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй бөгөөд үүний 404.051 нь үйлдвэрлэлийн дадлагажигч гэдэг статусаар амидарч байна. 104 мянга нь Солонгосчуудтай гэрлэсэн бол 47.500 нь их дээд сургуульд сурч байгаа гэнэ. Гадаадынханы 36 хувь нь Геонгги аймагт, 28.5 хувь нь Сөүл орчимд, 5.8 хувь нь Инчеон хотод, 4.6 хувь нь Өмнөд, хойд Гёонгсанг аймагт амидран суудаг гэнэ дээ. 2020 он гэхэд гадаадынхан 3.6 саяд хүрч хүн амын 7.2 хувьтай тэнцэнэ гэж үзэж байна. Хууль бусаар оршин сууж байгаа 220 мянган гадныхныг энэ тоонд оруулдаггүй юм байна. Үүний 101.984 нь хятадаас, 14.749 нь Филипинээс, 14.333 нь Вьетнамаас байгаа гэж үзэж байна. Албан бус мэдээгээр хууль бусаар оршин суугаа 11 мянган монгол хүний ихэнх нь үйлдвэрт ажилладаг бөгөөд 1667 иргэн солонгос хүнтэй гэрлэн сууришиж, 500 шахам хүүхэд амидралын эрхээр эцэг эхээ даган иржээ. 2008 онд гэхэд л 378 иргэн авто машин, элдэв янзын үйлдвэрлэлийн осол, архи тамхи, зодоон цохион, өвчин зовлонгоор Солонгост өөд болсон гэх бөгөөд арав хоногт нэг хүн нас барж, таван хүн хэрэгт төвөгт хутгалдаж, зургаан хүн гэмтэж бэртэж байна гэсэн тоог БНСУ дахь Монгол Улсын Элчин Яам гаргасан юм байна. Түр оршин суугаа монголчуудын 60.3 хувь нь 30 хүртэлх насны байгаагаас 51.8 хувь нь дээд боловсролтой байна гэнэ. (энэ хэдэн тоог “Солонгост байгаа Монголчууд” нийтлэлээс авлаа. зох.) Гадаад иргэдийн визийн зөрчил 2004 онд 209 мянга байсан бол 2007 онд 223,464 болж өссөн байна, гэмт хэрэгт холбогдох нь 2004 онд 9103 байснаа 2007 онд 14524 болж нэмэгдсэн нь Солонгосын цагдаагийнхны сэтгэлийг зовоож буй асуудал гэнэ.
Солонгос улсын далбааны учир. Манайхан Солонгосын далбааг сайн танина. Харин бэлгэдлийнх нь учир холбогдолыг хэр мэддэг юм бол? Солонгосын үндэсний далбааг таегеүки гэх бөгөөд Азийн гүн ухааны арга, бэлгийн бэлгэдлээр зохиогдсон энэ далбааны улаан нь аргыг, хөх нь билгийг үзүүлж орчлон ертөнцийн хэм тэгш уялдаа холбоо, хөг аялгууг бэлгэднэ. Тойргийн гадуур гадуур байрлах дөрвөн төрлийн trigram-ын гурван урт зураас нь тэнгэрийг, зургаан богино зураас нь газрыг, хоёр урт, хоёр богино зураас нь галыг, дөрвөн богино, нэг урт зураас нь усыг бэлгэдэнэ.
Шашины эрх чөлөөний орон. Солонгосчууд ёстой шашин төрийн жинхэнэ эрх чөлөөнд амидардаг улс. Солонгосын уламжлалт шашин бөө мөргөл, буддын шашин, конфүгийн шашин гээд байхгүй шашин бараг алга. Христиан шашин мөн тус хойг дээр 18 дугаар зууны сүүл үед дэлгэрсэнээс хойш хүчтэй хэвээр нийгмийн гол дүрд тоглосоор байна. Нар жаргаж гэрэл гэгээ асахлаар хэдэн метрт хэчнээн Христийн сүм байгааг тоолж болохоор.
Ханяанг буюу одоогийн Сөүл хотыг 1394 онд улсын нийслэл болгон тунхаглажээ. Тэр үеийн бариж байгуулсан хотын ордон байшин барилга, хаалга туурга өнөөдрийг хүртэл өнгөлөг сайхан гялалзаж байна. 1910 онд Японууд Солонгосын хойгт довтолсоноор Жосёон Улсын үе төгссөн байна. Солонгос Японы колончилолд дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл хүртэл 35 жил байсан билээ. 1945 оны 8 дугаар сарын 15 нд Япон бууж өгч, Солонгосын хойгоос гарч явлаа. Энэ цагаас хойш Солонгосын хойг хоёр хуваагдан Өмнөд Солонгос дэлхийн чөлөөт бүс болж, хойд Солонгос коммунист чиг баримжаа барин хөгжиж эхлэсэн билээ. Бүгд Найрамдах Солонгос улс өөрийн бие даасан улсын засаг захиргааг үүнээс хойш гурван жилийн дараа зарлан тунхаглаж, Хойд Солонгос Өмнөдийг дайрснаар Солонгосын дайн 1950 оны 6 сарын 25 нд эхлэсэн байна. Энэ дайнд сая сая хүн орох оронгүй, оочих аягагүй болж, гурван сая солонгос хүн нас барсан бөгөөд үүний гуравны хоёр нь Хойд Солонгосчууд юм байна. Гурван жил байлдсаны эцэст харилцан буулт хийх гэрээнд гарын үсэг зурснаар Солонгосын хойгийн дайн намжсан билээ. Бие биенийхээ өөдөөс бууж шагайж байлдаж явсан хоёр үндэстэн өнөөдөр ч гэсэн бие биенээ муухай харсаар л байна. Дайны дараах бүтээн босголт аль алинд эрчимтэй өрнөсөн ч Хойд нь социализм байгуулж, Өмнөд нь дэлхийн эдийн засгийн тэргүүлэх орны нэг болжээ.
Энгийн нүдээр харахад Солонгост шинэ маягийн орчин үеийн хороолол шиг их юм алга. Ийм их байшинтай юм чинь орон сууц хангалттай, байр хямд болов уу гэсэн чинь тийм биш юм. Шинэ орон сууцанд орох юмуу түрээслэх нь орчин үеийн солонгос гэр бүлийн нэг насны мөрөөдөл гэнэ. Өнөөдрийн орчин үеийн байшингийн цоож түлхүүр нь хурууны хээгээр онгойдог болтлоо хөгжжээ. Хэдий тийм ч гэр дотроо хуучин уламжлалт маягаараа амидрах сонирхолтой хүн олон, тэрэндээ дуртай, татами дээрээ унтсаар байна. Ихэнхи айл шалан дээр сууж хооллож байна. Харин байрууд нь хуучин солонгосын уламжлалт халаалт ондол маягаар шалнаасаа халж байна. Энэ нь голдуу сэрүүн хуурай нөхцөлд өсч өндийсөн монгол хүнд таардаггүй гэнэ. Байр түрээслэхэд заавал уридчилгаа барицаа мөнгө төлнө. Хоёр өрөө энгийн байр түрээслэхэд 10 мянган ам. доллар барицаа мөнгөнд тушаах ёстой. Энэ нь тухайн үеийн үл хөдлөх хөрөнгийн үнийн 30-80 хувьтай тэнцүү байх учиртай гэнэ. Ихэвчлэн байрлал, газраасаа шалтгаалах боловч дөрвөн өрөө орчин үеийн сууцны уридчилгаа барицаа мөнгө 150 мянган ам. доллар болж байна. Үүнийг солонгос хэлээр жеонсэ гэх бөгөөд харин сүүлийн үед байрны эзэд үүнийг хямдруулах, эсвэл сар сард нь буцааж авахгүйгээр мөнгө төлж байх волсэ гэдэг шинэ системд нэвтэрч эхлээд байгаа гэнэ. Харин нэг авах юм нь байрын сарын төлбөр үнэ нь харицангуй хямд юм байна. Эцэг хүн гэрийн эзэн, мөнгө олно, олон таван ажилд оролцохгүй, гэрийн ажил хийхгүй, хүүхэд авахгүй. Эцэг эхүүд хүүхдүүдийнхээ боловсролд адилхан маш их анхаарч санаа тавиж байна. Ерөнхий боловсролын сургалтын чанар төвшин тэдний санасанд хүрэхгүй байгаа учир мөнгөтэй эцэг эх хичээлээс гадуур өндөр үнэтэй багш нар хөлслөж заалгаж байхад ядуу эцэг эх хүүхдүүддээ найдаад л орхиж байна. Их дээд сургуульд элсэх нь сурахаас түмэн хувь хэцүү гэнэ. Хэтрүүлж хэлсэн хүнд их сургууль бол дөрвөн жилийн амралт гэнэ. Их сургуульд элсэх шалгалт давсан хүүхэд бол тэнгэрийн умдаг атгасанд тооцогдож эрх дураараа жаргадаг юм байхаа.
Цэргийн алба гурван жил. Хэнбугай ч байсан заавал хаана. Хэний хүүхэд, банкинд хэдэн цаастай, ямар өмч хөрөнгөтэй байх нь хамаагүй. Харвардад сурч байсан ч ирж эх орноо хамгаалах эр цэргийн алба хаадаг сайхан хуультай юм байна.
Ерөнхий зах зээлийн хатуу нийгмийн дарамт шахалт маш ихтэй. Үүнтэй холбоотой, хар тамхи хэрэглэх, амиа хорлох үзэгдэл нийгэмд газар авсан. Сүүлийн үед нийгмийн дээд ангийн хүмүүс ийм зүйлд их автаж байгаа. Жишээ нь 2009 онд жүжигчин Ким Бү-сеон марижуана татаж байгаад баригдсан бол хуучин ерөнхийлөгч Ро Моо-хёон, Самсунгийн саятан Лий Ёон-Хёонг нар амиа хорложээ. 100 мянган хүн тутмаас 27 хүн амиа хорлож байгаа тул энэ үзүүлэлтээр дэлхийд “дээгүүр орж” байна.
Солонгосын соёл урлаг гайхамшигтай.
Энэ удаа үзсэн музейнүүдээс хамгийн том нь Солонгосын Үндэсний музей байлаа. Энэ музейд нийтдээ 16,000 ховор нандин дурсгал тавигдсан гэнэ. Энэ нь ганц Солонгосын биш Азийн соёлын түүхтэй холбогдох нандин дурсгалуудаас ч багтаажээ. Орчин үеийн уран барилг архитектурын хийцийг өөртөө шингээсэн энэ агуу том байгууламжийг бүрэн үзэхэд нэлээд цаг хэрэгтэй юм билээ. Энэ ордон баруун, зүүн жигүүрт хуваагдах бөгөөд зүүн жигүүрт нь археологи, түүх, урлаг, уран зураг, азийн урлагийн бүтээл, хандивын зүйлийн 46 өрөө тасалгаа бүхий үзмэр үзэсгэлэн байдаг бол баруун жигүүрт нь номын сан, концертын болон кино театр, нүүдлийн үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүр, ресторан кафе төрлөөрөө төвхнөжээ. Үзмэрүүдээс хамгийн их сонирхол татсан нь Солонгосын 5000 жилийн түүхийг харуулсан аялал байлаа. Үүнийг бүрэн үзэе гэвэл хоёр цаг зарцуулна. Энэ музей нэг дэх өдрөөс бусад бүх өдөр ажиллана, үнэ төлбөргүй боловч орохдоо тасалбар авч орно.
Солонгост өөр нэг алдартай зүйлүүд бол ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн гайхамшигт газрууд юм. Маний бие 2004 онд мянган жилийн түүхтэй Гёонгжү дэх Булгуксагийн сүм хийдийг үзээд гайхан биширч байж билээ. Энэ музей жилийн дөрвөн улирал ажиллана, үзэхэд том хүн 4000 вон төлнө. Ер нь бол Солонгосчууд өөрийн орны байгаль, түүх, соёлын олон зүйлийг нандигнан хадгалаж байгаагаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн дэлхийн соёлын өв 8, дэлхийн байгалийн өв 1, баримтат өв 6, эд бус өлгийн зүйл 3-ийг хямгадан хамгаалж хадгалж, үзүүлж, гайхуулж байна. Үүний нэлээд хэд нь Сөүллийн эргэн тойронд байгаа учир очиж үзэхэд их амархан. Цааш цаашид улам олон эд өлгийн зүйл бүртгүүлэн хүн төрөлхтөний соёлын өвийг хөгжүүлэх ирээдүй байгаа.
Өөр бидний зочилсон нэг газар бол Адмирал Юи Сун Шингийн булш байлаа. Тэрбээр 1545 оны дөрөвдүгээр сарын 28 нд Сөүлд төржээ. Тэрбээр 1592-1598 оны Японы дайны үед өмнөд гурван аймгийн цэргийн командлагч байсан бөгөөд яст мэлхий (turtle ship) маягийн байлдааны усан онгоц бүтээж Окпо, Тангпо, Тангхангпо, Хансандо, Пусан, Мёонгняан, Кокомдо зэрэг олон газар гарамгай байлдаж Японы хэдэн мянган усан онгоцыг устгасан цэргийн гарамгай удирдагч байжээ. Тэрбээр 54 насандаа Норяаны байлдаанд амь үрэгджээ. Түүний булшийг Асанкүний Кумсонг ууланд байгуулсан боловч Кванхаеын дэглэмийн үед Асанд шилжүүлжээ.
Ваар сав. Солонгост ваар сав хийх техник Хятадаас мянга гаруй жилийн тэртээгээс дамжиж иржээ. Бүр аль Корёогийн үе буюу 918-1392 оны үед хийж байсан цайвар ногоон өнгийн ваар сав хийх урлаг дэлхийд алдарших хүртлээ хөгжсөн бөгөөд эртний зүйл цуглуулагчдын сан хөмрөгт заавал байдаг эд байна. Цагаан ваарны урлал Жосеон Улсын үе буюу 1392-1910 оны үед хөгжиж, дараа нь энэ урлаг дайны үе буюу 1950-иад онд Солонгосоос Япон руу шилжиж Японы ваарын урлагыг хөгжүүлэх гол нөхцөл болжээ.
Ёс заншил. Солонгост залуу дүү хүмүүс ахмад настныг хүндэтгэх нь бичигдээгүй хууль ажээ. Ерээд оны эхээр манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтож, анхны солонгос оюутан ирж сурсан нь МУИС-д миний шавь болж таарсан юм. Тэр үед би дөнгөж гуч хүрч байсан ч миний шавь 52 настай Кей Ро Йи гэж солонгос хүн ирлээ. Нас нь хэдий явсан ч багш шавийн ёсоор монгол хэл, соёл хичээн суралцаж, сайн яридаг, бичдэг болсон төдийгүй сүүлдээ авгай хүүхдээ ч Монголд авчиран сууришсан тэр хүнтэй хаа таарсан бүх солонгосчууд том бага гэлтгүй дор мэхийн хүндэтгэж байхыг нь хараад би албан тушаалыг нь хүндэтгэж байгаа байх гэж бодсон чинь харин нас нь байж билээ. Өөр нэг сонин юм бол солонгосчууд хүний нас сүүдэр, ямар хамаатан садан болохыг шулуун шууд асуудаг “дутагдалтай” улс байна. Харин үүнд “үнэн” хариулт хэлэхгүй байж болох гэнэ.
Орчин үеийн гэрлэлт. Өнөөдрийн солонгос хурим уламжлалт эртний ёслолт хуримаасаа их л өөр болжээ. Орчин үеийн барууны маягаар хувцасласан залуус томоохон зочид буудал, сүмд ёслол үйлдэх нь ихэссэн байна. Харин тэр газраа тусгай өрөөнд солонгос үндэсний хувцас хэрэглэлээ түр зуур бараг зураг авахуулах төдийд өмсөж зүүн хуримын ёслол үйлдэх нь элбэг болжээ. Гэрлэсэн дараа салалт их байна. Орчин үеийн солонгос эмэгтэй хуучны сайн гэрийн авгай, ээж гэдэг ойлголтоос татгалзаж байгаа гэнэ.2009 онд нийт ажиллагсадын 40 хувь нь эмэгтэйчүүд байсан бол эдийн засгийн хямралаас болж ажлаас халагдсан хүмүүсийн 80 хувь нь эмэгтэйчүүд байжээ.
Цайны соёл. Солонгост ногоон цай анх Шиллагийн вант улсын Сеондеок хааны үед нэвтэрчээ. Цай хүнийг биеийг илааршуулж, ухааныг цэлмээнэ гэж солонгосчууд үздэг байна. Тийм учраас есөн зүйлийн цай хийж уудаг ард түмэн. Горёо Улсын үе (918-1392) –ээс буддийн шашин дэлгэрэх үеэс энэ арал дээр дадо буюу цайны ёслол үүсч хөгжин, цай бэлтгэх, хийх, барих, уух нарийн ёс тогтсон байна. Орчин үед маш олон төрлийн зүйлээр цай хийж болох боловч хамгийн түгээмэл хэрэглэж байгаа нь инсамча буюу хүн орхоодойтой цай, нокча буюу ногоон цай, юүжача буюу ситрон цай, саенггангча буюу гаатай цай, омижача буюу таван тансаг цай зэрэг болой. Солонгосчууд гэртээ будааны цай буюу борича, эрдэнэ шишийн цай буюу оксусуча, геолмеонгжача буюу жимсний цай бэлтгэж уудаг байна.
Гимжанг. Гимжанг гээч Солонгосын өвлийн нөөц кимчи бэлтгэх уламжлалт арга юм. Монголчууд хаварт зориулж өвлөөс махаа борцолдог шиг өвлийн улиралд ногоо цагаа ургах нь тааруу учир солонгосчууд өвөл идэх кимчигээ намар нөөцөлж авдаг байна. Улаан чинжүүг 17 дугаар зууны үеэс Европоос Солонгост дэлгэрүүлснээр кимчи хийх үүд хаалга нээгджээ. Одоогийн байдлаар газар нутаг, ургамал ногоо, орц найрлагаасаа хамаараад 160 төрлийн кимчи байдаг гэж нэг солонгос нөхөр хэллээ. Тэр битгий хэл кимчиний музей байгуулсан байна. Энд кимчи хэзээнээс хийж эхлэсэн, яаж хийж, нөөцлөж хадгалдаг, ямар сав суулга хэрэглэдэг, кимчиний төрөл зүйлийн тухай дэлгэн үзүүлсэн байдаг гэнэ. Солонгос хоолны ширээг кимчигүйгээр төсөөлөхийн аргагүй. Ганц солонгос биш дэлхийн олон оронд идэж сурч байгаа төдийгүй хэдэн жил Солонгост ажилласан монголчууд ч кимчигүй хоол явахаа байжээ гэх нь олширсоор байна.
Гимжанг. Гимжанг гээч Солонгосын өвлийн нөөц кимчи бэлтгэх уламжлалт арга юм. Монголчууд хаварт зориулж өвлөөс махаа борцолдог шиг өвлийн улиралд ногоо цагаа ургах нь тааруу учир солонгосчууд өвөл идэх кимчигээ намар нөөцөлж авдаг байна. Улаан чинжүүг 17 дугаар зууны үеэс Европоос Солонгост дэлгэрүүлснээр кимчи хийх үүд хаалга нээгджээ. Одоогийн байдлаар газар нутаг, ургамал ногоо, орц найрлагаасаа хамаараад 160 төрлийн кимчи байдаг гэж нэг солонгос нөхөр хэллээ. Тэр битгий хэл кимчиний музей байгуулсан байна. Энд кимчи хэзээнээс хийж эхлэсэн, яаж хийж, нөөцлөж хадгалдаг, ямар сав суулга хэрэглэдэг, кимчиний төрөл зүйлийн тухай дэлгэн үзүүлсэн байдаг гэнэ. Солонгос хоолны ширээг кимчигүйгээр төсөөлөхийн аргагүй. Ганц солонгос биш дэлхийн олон оронд идэж сурч байгаа төдийгүй хэдэн жил Солонгост ажилласан монголчууд ч кимчигүй хоол явахаа байжээ гэх нь олширсоор байна.
Гадны мөнгө зоостой жуулчдын хувьд Солонгосын хил гааль харицангуй хүнд суртал багатай, боловсон соёлтой үйлчилгээтэй боловч ажил, мөнгөний мөр хөөж ирж байгаа гадныхан болон монголчуудын хувьд эдний хилээр нэвтрэх гэдэг ёстой том даваа толгойны өвчин аж. МИАТ, КАЛ-ын онгоцоор очсон бараг бүх но-той гэж үзсэн монголчуудыг “түр саатуулах цонхгүй өрөөнд” (манайхан харанхуй өрөө гэж нэрлэдэг юм байна) оруулан хүлээлгэж нэг нэгээр нь дуудан ярилцлага авна. За бүгдээрээ тийшээ явна аа гэх захирангуй дуутай хилийн офицерийг дагаж яваа монголчуудаа харахад үнэхээр өрөвдмөөр. За одоо яадаг бол буцаж балрах нь дээ гэсэн айдас хүний болгоны нүдэнд тод, нүүрэнд ил. Аргагүй шүү дээ гуйхыг нь гуйж, хахуулидахыг хахуулдаж, өгдөг юманд нь хамаг байдгаа тавиад ирж байгаа улсад хил дээрээс нь буцвал ядаж л нэрэнд муухай гэж бодох захын хэрэг. Харин ч бусад хөгжингүй орны хил гаалийг бодвол Солонгосын хилийн шалган нэвтрүүлэх харицангуй гайгүй байна одоохондоо. Гайгүй гэдэг нь одоогоор хурууны хээ авахгүй байна. Гэвч компьтер мэдээллийн сүлжээ бол нарийн ажиллаж байгаа. Манайхан шиг янз бүрийн юм хийдэг улст хурууны хээ авдаг болоогүй байхад янз бүрийн байх боломжтой л гэсэн үг. Солонгост хуурамч бичиг баримт, паспортоор нэвтрэхийг завдах хүн ганц монголчууд биш хятад, пакистан, филипин, иранууд мөн адил их үзэж алддаг гэнэ. Энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохын тулд ирэх 8 дугаар сараас 17-гоос дээш насны хүн бүрийн хурууны хээ авах ажлыг эхлүүлэх бөгөөд хурууны хээ авдаг тоног төхөөрөмж хилийн бүх боомтод суурилуулахад Хууль зүйн яам нь төсвөөс 2.5 миллиард вон буюу 2.2 сая ам.доллар гаргах ёстой гэж үзэж байна. Энэ хэрэгжээд эхлэвэл монголчуудын хүний болон хуурамч паспортоор явдаг хөг нь өнгөрөх юм. Сүүлийн жилүүдэд 2000 орчим гадаадынхан хөөгдөх буюу эргэж орж ирэх эрхгүй болсон ч хурууны хээ, биометрик датаг аваагүй байхад өөр нэр, бусдын паспортоор орж ирэх магадлал өндөр байсаар байгаа гэнэ. Үүнд манай нөхдүүд ч тууж л яваа байх. Монголд хээл хахууль, танил тал, найз нөхдийн харицаа хүчтэй "хөгжсөн" тул өөр хүний нэрээр паспорт авах нь амархан зүйл байдаг байна. Эсвэл өмнө нь өөр хүний нэрээр ороод баригдаж оччихоод буцаад аймаар солонгос хэлтэй нөхөр жинхэнэ нэрээрээ паспорт авч орж ирсэн хүмүүс зөндөө бий гэнэ.
Энэ үед 278 хүн монгол хэл сурч, орчуулагч хэлмэрчийн шалгалт өгч батламж бичиг гардан авчээ. Түүх бичлэгийн хорь шахам ном бүртгэгдсэнээс Монг-о-но-гол дае, чоп-хае-монг-о, монгео-юү-хае, монг-хак-сам-сө зэрэг гурван чухал ном бидний үед эсэн мэнд ирсэн юм байна.
Дараагийн үе нь 1894-1948 оны хооронд бөгөөд энэ үед айхтар их судалгаа шинжилгээ хөгжөөгүй боловч 1920-иод оны сүүлээр монголын овоо болон солонгосын сонангданг гээчийг зэрэгцүүлэн судлаж байж. Үүний дараа 1949-1989 оныг хамруулсан бөгөөд түүх, хэлшинжлэл, аман зохиолын чиглэлээр голлон хөгжсөн байна. Энэ үед Солонгосын эрдэмтэд Монголын нууц товчоо, Алтан товч, Монгол олон нутгийн аялгуу, хөшөө, чулууны бичгийг голлон судласан байна. Монгол судлал бие даасан салбар болж хөгжсөнийг 1990-2008 он гэж үзсэн байна. Энэ үеэс Солонгос улсын хувьд Монгол (1990.03.26), Орос (1990.09.30), Хятад (1992.08.24) зэрэг социалист орнуудтай дипломат харилцаа тогтоож харилцааны шинэ нээлттэй үеийн түүх эхлэсэн байна. Солонгосын Монголч эрдэмтдийн судалгааны ажил хийх, бүтээлээ хэвлүүлэхэд Солонгосын Эрдэм шинжилгээний сан “Korean research Foundation” их тусласан бөгөөд 1990-2008 оны хооронд 500 орчим бүтээл хэвлүүлсэн байна. 1949-1989 оны хооронд 70 орчим бүтээл гарч байсантай зэрэгцүүлэн үзвэл энэ бол Солонгосын монгол судлалд гарсан том тэсрэлт гэж үзэж болох аж. Эдгээр судалгаа нь Монголчуудын эдийн засаг, хээл хахууль, ёс заншил, хөгжим урлаг зэрэг өргөн хүрээн хамарснаас гадна Улаанбаатар хотын бага сургуулийн 787 хүүхдийн шүдний бүтцийн зураг, 18-24 насны 138, 25-39 насны 70 эмэгтэйн биеийн хэлбэр хөгжлийг судласан бүтээлүүд хамгийн сонирхолтойд нь багтаж байна. Солонгосын Үндэсний монгол судлаач, монголч эрдэмтэн бий болох суурь 1990-ээд оноос тавигдаж гадаад, дотоодод олон эрдэмтэн монгол судлалаар зохиол бичиж, эрдмийн зэрэг хамгаалж, монгол хэл, соёлыг нутагт нь сурдаг болсон байна. Үүнд монгол судлал гагц судалгааны чиг хандлага байсангүй мөн алтай судлал, төв ази судлал, солонгос судлалтай хавсран судлах явдал ихэссэн байна. Энэ үед мөн Монголын эртний уран зохиолын дурсгал “Нууц товчооноос авахуулаад орчин үеийн “Тунгалаг Тамир” хүртэл орчуулагдан солонгос түмний мэлмийг мялаасан байна.
Данкүгийн их сургууль байгуулагдсанаасаа хойш 15 дахь жилийнхээ нүүрэн дээр буюу 1993 онд Чеонаны кампус дээрээ монгол судлалын салбар нээж, монгол хэлний ангид жил бүр 20-30 оюутны элсэлт авч эхлэжээ. Тэднээс 5 төгсөгч докторын зэрэг хамгаалсан бол хоёр монгол эрдэмтэн энэ сургуулиас докторын дипломоо гардан авсан байна. Одоогоор тус тэнхимд хоёр солонгос, хоёр монгол эрдэмтэн бүтэн орон тоонд ажиллаж байгаа бөгөөд мөн үүний зэрэгцээ Монгол Судлалын Хүрээлэн байгуулан солонгос, монголын эрдэмтэд эрдэм шинжилгээний төсөлт ажил амжилттай гүйцэтгэж байна. Мөн Сөүлийн их сургууль дээр монгол хэл зааж байна. Өнгөрсөн жилээс Хангук Гадаад судлалын их сургууль монгол хэлний анги нээж элсэлт авч эхлэсэн байна.Сургалтын зэрэгцээ монгол судлалаар томоохон эрдэм шинжилгээний төслүүд хэрэгжээд эхлэж байгаа юм байна.
Ашигласан хэрэглэгдэхүүн:
1 “Travelguide Korea” 2009
4 “Temporary Stay to be Counted as residence for Korean Citizinship” 05-06-2009, www.koreatimes.co.kr;
5 “Two Foreigners Fail in Escape Attempts From Airport” by park Si-soo, 08-12-2008; www.koreatimes.co.kr;
9 “Academic Tradition of Mongolian Studies in Korea”, Yu Wonsoo, Seoul National University, Institute for Mongolian Studies, Dankook University, 2008
10 “Navy Gearing Up to Salvage Sunken Ship” By Lee Tae-Hoon, Korea Times, April 5, 2010;
11 “Korea seeks law on industrial convergence” The Korea Herald, 27-28 March 2010;
12 “Per Capita Income Falls to 5-Year Low” By Lee Hyo-sik, The Korea Times, 27-28 March, 2010;
13 “Seoul Plans to Fingerprint Foreign Suspects From Aug.” By Park Si-soo, The Korea Times, April 5, 2010;
14 “Korea” Simon Richmond, Lonely Planet, 2009
18 “Бүгд Найрамдах Солонгос Улсын эрчимтэй хөгжлийн түүхээс”, 17-08-2009; www.orloo.info/asia/korea/
2 comments:
Ix saihan medeelel bna. Tanii medeelliig bi blog deeree tawij bolox uu ex surwaljiig ni duridaad
hi
bolno shuu
chinii blogiig bas uzlee, hoorhon bolson baina.
Post a Comment