Showing posts with label Япон орон. Show all posts
Showing posts with label Япон орон. Show all posts

12/05/2010

КИОТОГИЙН АЛТАН СҮМ

КИОТОГИЙН АЛТАН СҮМ

Photo by Jantsan Bat-Ireedui


Японы долоо дахь том хот Киотод байдаг алдарт алтан сүм. Алтан сүми йг анх 1397 онд Шогүн Ашикага Ёошимицүгийн зун ордон болгож бүтээсэн боловч 1950 онд нэгэн залуу лам санамсаргүй гал тавьж үнсэн товрог болгосон. 1955 онд анхны байсан байдлаар сэргээн босгож бариад шалнаас нь дээвэрийг хүртэл алтан ялтсаар хийсэн байна. Энэ сүмийг үзэхийн тул Киото буудлаас 205 номерийн автобусанд сууж, кинкакү-жимичи буудал дээр бууна. Утас 461-0013, Хаяг: 1 Кинкакүжи чо, Кита-кү, төлбөр 400 йэн, 


Киото хотод 1800 гаруй сүм хийд, олон зуун ширайн, түүхэн барилга байшин, 
алдартай цэцэрлэгүүд бий.



3/09/2010

Манэкинэко



МАНЭКИНЭКО
Манэкинэко хэмээх муурын дүрс Японд ойролцоогоор хоёр зуун жилийн өмнөөс бий болжээ. Муурын дүрс нь  аль нэг хөлөө дээш өргөсөн байдаг. Энэхүү дүр нь Японд тавтай морилогтун гэсэн үг бөгөөд дэлгүүр, ресторан, үйлчилгээний газрын үүдэнд өөрсдийн бизнесээ өргөжүүлэх, нэмэгдүүлэх зорилгоор үйлчлүүлэгчдийг урин залах бэлгэдлээр байрлуулсан байдаг. Хэрэв баруун хөлөө өргөсөн байвал мөнгө дуудах, мөнгөтэй болох, зүүн хөлөө өргөсөн байвал үйлчлүүлэгч олон ирэх бэлэгдэлтэй. Хөлөө хэдий чинээ өндөр өргөнө төдийчинээ аз жаргалтай, сайн сайхан байна гэж бэлгэддэг ажээ.

Үчива/сэнсү



ҮЧИВА/СЭНСҮ
Үчива, сэнсү хоёр бол хоёулаа нэгэн төрлийн дэвүүр юм. Үчива нь цаасаар хийж хулс болон хуванцараар хүрээлсэн, ихэнхидээ дугуй хэлбэр дүрстэй байдаг. Мөн голдуу хоёр талдаа зурагтай байдаг. Энэ маягийн дэвүүр Хятадаас эхтэй бөгөөд Японд наймдугаар зууны үеэс орж иржээ. Орчин үед иймэрхүү дэвүүрийг голдуу зуны халуун улиралд ямар нэгэн зүйл рекламдах маягаар хэрэглэж үнэгүй тарааж байна. Дэлгүүр хоршоо болон компаниуд өөрсдийн нэр, логогоо хэвлэж галт тэрэг, автобусны буудлууд дээр тарааж байдаг. Хүмүүс  үчиваг голдуу зуны баяруудаар сэрүүцэх зориулалтаар хэрэглэдэг.

 

Сэнсү бол үчиваг бодвол илүү тансаг хэрэглээнийх. Ийм дэвүүр нь эвхэгддэг, голдуу модон хүрээтэй байна. Модон хүрээг нь угт нь нэг хадаасаар бэхлэсэн байдаг. Дэвүүрийн дундах хэсэг нь цаас болон цардмал даавуу байж болно. Сэнсү нь эвхэгддэг авсаархан байна. Уг нь анхандаа ганц дэвүүр биш цаасны оронд бичгийн хэрэглэл болгон хэрэглэдэг байсан байна. Хүмүүс тэр дэвүүр дээрээ сэтгэлийнхээ сайхан үг болон шүлэг яруу найраг бичиж дотно найз нартаа сэтгэлийн бэлэг болгон  илгээдэг байжээ. Кимоно өмссөн хүмүүс заавал ийм дэвүүр хэрэглэж авч явдаг байна. Иймэрхүү зүйлийг өөрсдийн уламжлалт бүжиг но, кёогэн жүжиг үзэхдээ хэрэглэнэ.


3/06/2010

Кабүки



Кабүки
К
абүкиг долдугаар зууны эхэн үед Окүни хэмээх эмэгтэйн нэрээр Киотод үүссэн гэж үздэг аж. Харин өнөөдөр эрэгтэй жүжигчид эмэгтэй хүний дүрд хувилан жүжиглэж байна. Эмэгтэй хүний дүрд тоглож байгаа эрэгтэй жүжигчинг оннагата гэнэ. Кабукийн гол онцлог бол театрт жирийн хүмүүст тоглож болдог. Но болон японы уламжлалт бусад хөгжим, бүжиг шиг нарийн тогтсон дүр журам байхгүй. Харин тайз засалт нь но театрынхтай маш төстэй. Ханамичи хэмээх тавцанг гол тайзнаас гарган зассан байдаг. Жүжигчид их, бага тайзнаас гарч орж тоглодог. Мөн маварибүтай гэдэг эргэдэг хаалганы цаана хөшгөө хаалгүйгээр үзэгдэл солигддог байна. Кабүки гэдэг үг кабүкү гэдэг этгээд хачин хүн, сонин хүн гэдэг үгээс гаралтай аж.

Үкиёоэ


Үкиёоэ
Ү
киёоэ буюу модон дээрх зураг гэгч Эдогийн үе (1603-1867) –ээс хүчтэй дэлгэрсэн урлагийн төрөл болой. Энэ үеийн худалдаачид үкиёог урлагийн нэг томоохон төрөл болгож чаджээ. Үкиёоэ бол голдуу сайхан эмэгтэй, гейша, кабүкигийн жүжигчид, сумо бөхчүүдийг үзүүлэх бөгөөд газар орон, байгаль, өдөр тутмын амидралаас сэдэвлэн зурсан ч байдаг. Японы Фүжи уул, гейшагийн зураг зэрэг хэд хэдэн зураг үкиёоэг анх дэлхийд таниулсан юм. Үкиёогийн зураач Утаморо дэлхийд нэртэй бөгөөд тэр аль хэдийн киноны гол баатар болсон билээ. Үкиёоэ зураг бол Японд их өргөн дэлгэрэн түгсэн бөгөөд шуудангийн ил захидал,  норэн буюу хөшиг болон бусад зүйлүүд  дээр ч нийтлэг бий.

Жүдо




Жүдо
Ж
үдо бол нэг талаас цэргийн урлаг нөгөө талаас ихэд дэлгэрсэн спортын төрөл юм. Жүдог наймдугаар зуунаас жүжүцү хэмээх цэргийн урлагаас үүсэлтэй гэж үздэг. Жүдог арван есдүгээр зууны сүүлээс Кано Жигоро гэдэг хүн спорт болгон хөгжүүлжээ. Тэр хүртэл жүдо биеийн тамирын дасгалын нэг хэлбэр, өөрийгөө хамгаалах урлаг байсан ажээ. Ялангуяа хүүхдүүдэд биеийн болоод ёс суртахууны нэг хэлбэр болгон их заадаг байсан байна. Жудогийн гол дүрэм бол чи өрсөлдөгчөө шахаж буюу хүчээр түрж бариад давах байдаг. Жудогоор барилдах явцад өрсөлдөгчөө базах, өшиглөх, цавчих, цохих зэрэг үйлдэл хийх хориотой. Үүний учир нь хамгийн гол зарчим бол их зөөлөн аргаар өрсөлдөгчөө ялах гэдэг философитой холбоотой аж. Жүдо анх 1964 онд Токиогийн тоглолтоос эхлэн олимпийн төрөлд багтсанаас хойш маш их дэлгэрсэн байна. Гэвч Япончууд энэ спортыг тэргүүлсээр байгаа ч дэлхийн олон орноос сайн жүдоч буюу жүдока нар төрсөөр байна. 2008 оны Бээжингийн Олимпоос Монголын тамирчин Найдангийн Төвшинбаяр 100 кг-ийн жинд алтан медаль хүртсэн нь Монголчуудын түүхэнд анхны олимпийн алтан медаль байлаа.

Шодо



Шодо
Шодо буюу уран бичлэг гээч Хятадаас дамжиж ирсэн боловсролтой хүмүүсийн нэгэн чухал хэмжүүр байжээ. Есдүгээр зуунд хирагана-г зохиосон нь ханз үсэг буюу хятад үсгээс хэдэн хувь амар хялбар болсон   ч уран бичлэг хүмүүсийн дунд нийтлэг хэвээр үлджээ. Ер нь гурван төрлийн уран бичлэг байдаг бөгөөд нэг нь кайшо хэмээн нэрлэх дөрвөлжлөн тодорхой  сайхан бичсэнийг хэн ч уншиж чадна, хоёр дахь нь гёошо хэмээх дунд зэргийн таталган бичиг, сүүлийнх нь шошо хэмээх бараг зураг дүрс мэт харагдах таталган бичиг болой. Орчин үеийн япончууд бэлэн үзэг хэрэглэж байгаа ч олон хүн хуучны байдлаа хадгалаж бийр, янтай хэрэглэн шинэ жилийн ил захидлаа бичсээр байна. Мөн олон хүн үүнийг хобби маягаар сурч хөгжүүлж байдаг. Хүүхдүүд бага сургуулиас шодо сурч эхлэнэ. Уран бичлэгийн хэд хэдэн төрөл байдаг аж. Шодо буюу уран бичлэгт хэрэглэдэг цаасыг ханши гэдэг.

Норэн

 

Норэн
Н
орэн гэдэг бол задгай оёотой, дэлгүүр хоршоо, гуанз рестораны өмнө байдаг нэгэн  зүйл хөшиг юм. Зарим норэн  нэг бүтэн хэсэг боловч хоёроос гурван задгай оёотой ч байдаг аж. Нэг оосорт хэд хэдээр нь хэлхсэн ч бий Үндэслэн байгуулагч юм уу бизнесийн төрлөө хөшиг дээрээ хэвлэсэн бий. Уламжлалаар дэлгүүр хоршоо, ресторан ажиллаж нээлттэй байгааг илтгэдэг байж. Харин өнөөдөр хүмүүс хоёр өрөөг хуваах тасалгаа хийх болон чимэглэлийн зорилгоор гэр орондоо ч хэрэглэдэг болжээ.


Тэнүгүи



Tэнүгүи
Т
энүгүи гэдэг бол бэлэг дурсгалд өгдөг манайхаар бол ам даавуу юм. Үүнийг алчуур болгох ч юм уу, толгойгоо ороох зориулалтаар голдуу хэрэглэдэг. Уг нь уламжлалаараа цагаан өнгөтэй, дээр нь хөх будган хээтэй байсан боловч одоо өнгө өнгийн хээ тавиж нэгэн зүйл урлаг  болгодог болжээ. Тэнүгүиг ихэнхидээ эрчүүд баяр ёслолын үеэр зүүх бөгөөд хошуулдан ороож хүзүү, толгойдоо зүүсэн байдаг.

Хоккайдо



Хоккайдо
Энэ гайхамшигт арал бол үзэсгэлэнт уул ус, ой мод, нуур далайг харах гэж ирсэн жуулчдын сэтгэлийг татсан, тэдний очих дуртай газар. Эндээс Японы хаа ч байхгүй зэрлэг байгаль, эзгүй тал нутаг, унаган байгаль, эргэн тойрон далайн гайхамшигийг харж болно. Хоккайдогийн эдийн засаг бол жуулчлалаас гадна хөдөө аж ахуй, цагаан идээ үйлдвэрлэл, далайн бизнес дээр түшиглэж байдаг. Хоккайдод маш олон газрын нэр ус нь гагц япон хэлээр биш айну хэлээр нэрлэсэн байдаг. Айну нар бол Хоккайдогийн унаган оршин суугчид бөгөөд өнөөдөр ч мөн тэндээ амидарцгааж юм. Тэдний хэл, соёлоо хадгалах гэж хэрхэн тэмцэж байгааг Хоккайдогийн хаана ч харж болох аж.

Уур амисгал



Уур амисгал
Япон бол хойноосоо урагшаа уур амьсгалын долоон өөр бүсэд оршдог уртаашаа сунаж тогтсон газар нутагтай орон.  Зүүн хойд, хойд зүгт Хоккайдо, урд, баруун урд зүгт Кюшю арал байна. Эх арлаасаа хэдэн зуун километрийн цаана орших Окинава арал өөрийн гэсэн уур амьсгалтай. Хоккайдо бол зундаа хуурай, сэрүүн улиралтай, өвөлдөө их хүйтэн, цас их унадаг газар. Номхон далай руу харсан баруун хойд тал руугаа Хоккайдог бодвол цас бага унадаг, өвөлдөө нарлаг, хуурай хүйтэн. Харин Япон тэнгис рүү баруун хойш харсан талдаа зун маш халуун, өвөл их цас унадаг юм. Номхон далай руу харсан зүүн урд тал руугаа зундаа маш халуун, чийгтэй, бас өвөлдөө их хүйтэн, цас их орно. Эх арлын өмнөд буюу Кюшю тал руугаа зундаа тэвчихийн аргагүй хэтэрхий халуун, чийглэг халуун болно. Өвөлдөө бас жиндүү хүйтэн. Окинава бол халуун бүсэд ордог тул жилийн турш дулаан байдаг харин долоогоос есөн сарын хооронд маш их тайпүүн буюу далайн хар шуурга шуурдаг газар аж. Жил бүр 6-7 сарын хооронд борооны улирал эхлэж Хоккайдогоос бусад Японы бүх нутгийг хамрана. Тайпүүн бол ерийн үзэгдэл бөгөөд зүүн урд талын нутгуудаар жил бүр байнга болж байдаг. Ихэнхидээ есдүгээр сард болох боловч хэзээ ч болж болох нөхцөлтэй. Харикана хар салхи шиг тусгай нэр өгдөггүй харин жил бүр нэгээс эхлэн дугаарладаг онцлогтой.

3/03/2010

Бонсай



Бонсай
Б
онсай гэдэг бол урлагийн нэг төрөл, цэцэрлэгжүүлэх урлагийн хэсэг юм. Хамгийн өргөн дэлгэрсэн бонсай жилд тодорхой хугацаанд цэцэг, жимс дэлгэрдэг энгийн мод бөгөөд мөн намрын өнгөлөг навчис унагах нь ч бий. Ихэнхидээ энэ жижигхэн модыг шавар тогоонд ургуулдаг. Мод ургадаг жамаараа ургах боловч чухам ямаршуухан хэлбэр төрхтэй, али зүгтээ өндийн ургахыг тайрч, хажиж эзэн жолоодож ургуулдаг ч гэж хэлж болно. Бонсай хэрэв ургаж томорвол түүнийг зөөх, өөр газар ургуулах арга хэмжээ авдаг. Бонсай үеэс үе, зуунаас зуун дамжин гэр бүлийнхний  ургамал байсаар байна.

Цүкими



Цүкими
Цүки гэдэг нь сар, цүкими гэхээр сар харах гэсэн утгатай үг. Цүкими анх арвин их ургац, будаа тариа хураахын төлөө залбирдаг цаг хугацаа буюу тариа будааны баяр байж. Энэ үйл явдал есөн сард, заримдаа арван сард болдог байсан бөгөөд билгийн тооллоос шалтгаалдаг байжээ. Хүмүүс саранд сүсүки буюу пампаас хэмээх Япон маягийн ургамал,  будааны банш, чихэрлэг төмс тэргүүтнийг өргөнө. Энэ өдрүүдэд сар бусад цагаас илүү үзэсгэлэнтай сайхан харагдах бөгөөд хүүхдүүд домгийн туулай тэнд амидардаг гэж итгэж байдаг. Энэ нь бүтэн сар харагдах үед домгийн саран туулай мочи хийдэг гэсэн домогтой холбоотой юм. Харамсалтай нь цүкими бол эртний уламжлалт баяр болохоор жилээс жилд тэмдэглэх хүний тоо цөөрсөөр байгаа ажээ.

Танабата

 

Taнабата

Танабата гэдэг бол Хятадын од гаригийн баяраас үүдэлтэй бөгөөд наймдугаар зууны үеэс Японд тэмдэглэж эхлэжээ. Эзэн  Хикобоши буюу Алтайр, Орихимэ буюу Вега хэмээх эзэгтэй хоёрын Хятад домгоос үүдэлтэй гэнэ. Энэ хоёр бага залуу хүүхэд байхдаа их л ажилсаг хоёр байснаа гэрлэсний дараа залхуу болжээ. Тэнгэрийн эзэн үүнд дургүйцэн хилэгнэж тэр хоёрыг сүүн замын хоёр талд амидруулахаар тушаал буулгана. Орихимэ ихэд гашуудан уйтгарлаж, өдөр бүр уйлан дуулна. Тэгээд тэнгэрийн элч түүний зовлонг ойлгож тэр хоёрыг жилд нэг удаа долоодугаар сарын долооны шөнө уулзахыг зөвшөөрдөг аж. Энэ шөнө хүмүүс тэнгэрт тэр хоёрын сүүн замыг даван уулзах романтик учралыг харж баясдаг байна. Хүүхдүүд өөрсдийн хүслийг жижигхэн дөрвөлжин цаасан дээр бичиж хулс модны мөчирийг чимэглэнэ. Дэлгүүр хоршоо ч  энэ өдөр өнгө өнгийн цаасан чимгээр гоёсон хулс модны мөчирөөр чимдэг ажээ. 


Танго но сэккү


ТАНГО НО СЭККҮ

Япончууд Тавдугаар сарын 5 нд танго но сэккү буюу хүүхдийн өдөр хэмээх хөвгүүдийн баярыг тэмдэглэдэг. Хөвгүүддээ эрүүл энх, ирээдүйн сайн сайхныг бэлгэдэн ерөөдөг. Айл бүрийн хөвгүүд койнобори хэмээх булуу цагаан загасны дүрстэй далбаа хийсгэж, гэртээ самуурайн зэвсэг бүхий дүрст хүүхэлдэй дэлгэн тавина. 

Учир нь энэ загас бол голын урсгалыг сөрөн зүсэж сэлж чаддаг учир үүгээр амидралдаа хүчтэй, амжилттай сайн байхыг бэлгэддэг гэнэ. Том загасны дүрс бол бүр гурваас дөрвөн метр урт бөгөөд нэг ишинд хоёроос гурав хүртэл мандуулан хийсгэдэг аж. Нэг том хар нь аавыг, бусад жижгүүд нь хөвгүүдийг төлөөлдөг аж. Самуурайн дүрст хүүхэлдэй нь хүүхдээ хүчтэй, хүмүүсийг хүндэтгэдэг болгож хүмүүжэхийг бэлгэддэг ажээ.

Насанд хүрсэний баяр



НАСАНД ХҮРСЭНИЙ БАЯР
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1 нээс өмнөх жилийн дөрөвдүгээр сарын 2 ны хооронд хорин нас хүрсэн Япончууд насанд хүрсэний баяр тэмдэглэдэг. Энэ насанд  Япончууд жинхэнэ иргэн хүн болж санал өгөх эрхтэй болдог. Хот, дүүрэг бүхэн насанд хүрсэний баярыг хүндтэйгээр тэмдэглэх бөгөөд шинэ, хуучин иргэд уулзах сайхан боломж болдог.  Энэ өдөр бол жилийн бүрийн нэгдүгээр сарын 15 болдог байсан бол саяхнаас нэгдүгээр сарын эхний Даваа гараг болгон өөрчилжээ.

2/27/2010

Сургуулийн амидрал




Сургуулийн амидрал

Я
поны боловсролын жилүүд 6 наснаас эхлэдэг. Бага сургуульд 6 жил сураад гурван жил дунд сургуульд шилжин сурна. Ихэнхи хүүхдүүд ахлах сургуульд гурван жил сурдаг. Үүний дараа арван найман нас хүрээд мөн ихэнхи хүүхэд хоёр жилийн коллеж, юм уу дөрвөн жил их сургуульд сурч төгсөнө. Сургуульд хамгийн чухал нь сургуулийн хувцас буюу формын хувцас болно. Бага сургуулийн хүүхдүүд ихэнхи нь шар малгай өмсөж, рандосэрү хэмээх ширэн цүнх үүрч явна. Рандосэрү бол сургуульд орсоны бэлгэ тэмдэг болдог. Хөвгүүд ихэнхи нь хар, хар хөхийг, охидууд улаан юм уу ягааныг үүрдэг. Дунд болон ахлах сургуулийнхан мөн өөрийн гэсэн тогтсон хувцас өмсөнө. Зарим сургуулийн хувцас нь заавал богино банзал, хар хөх, саарал өнгийн урт түрийтэй оймс, нэг загварын цүнх барина гэсэн нэлээд нарийн дэг журамтай байдаг. Сургууль бүр мөн биеийн тамирын хичээлд өмсдөг тусгай хувцастай. Хүүхдүүд сургуулийн хувцасаа худалдаж авах бөгөөд харин хичээл сургалт, боловсрол олгох үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй байдаг. Харин сургуулийн үдийн хоол гэх мэтэд жаахан мөнгө  зарах бөгөөд энэ нь өдрийн 200 йэнээс хэтрэхгүй.  Мөн аялал зугаалгаар явах болбол мэдээж мөнгөө төлнө. Японы хичээлийн жил жил бүрийн дөрөвдүгээр сард эхлэж гуравдугаар сард дуусна. Нийтдээ зун, өвөл, хавар гэсэн гурван улиралтай бөгөөд улирал бүхэнд богино хугацааны амралттай. Зуны болон өвлийн амралтаар хүүхдүүд  зарим тусгай гэрийн даалгавар хийдэг. Жишээлбэл, уран бичлэгийн даалгаврыг өвлийн амралтаар өгөх нь элбэг байдаг. Мөн уншсан номын тэмдэглэл, өдрийн тэмдэглэлийг амралтаар хийхийг шаарддаг аж. Улиралын эхэн болон эцэст сургуулийн ёслол дээр захирал үг хэлнэ. Шинэ хичээлийн жилийн ёслолоор шинэ оюутан, сурагчид элсдэг бол хичээлийн жилийн төгсгөл гуравдугаар сард төгсөгчид диплом, гэрчилгээгээ гардан авдаг. Ихэнхи сургуулиуд жил тутам дор хаяж нэг удаа ойрын болон холын аялал зохион байгуулах бөгөөд тухайлбал Киото, Нара гэх мэт Японы нэртэй газрууд байдаг. Зарим сургуулиуд гадаад орон руу аялал хийдэг. Дунд болон ахлах сургуульд улирал тутам явцын болон жилийн эцсийн шалгалт гэж байгаа. Японы хүүхдүүд болон эцэг эх элсэлтийн шалгалтанд хамгийн их санаа зовдог. Учир их сургууль, ахлах сургуулиуд элсэлтийн шалгалттай бөгөөд тэр битгий хэл зарим бага сургууль, цэцэрлэг хүртэл элсэх шалгалт авч байдаг. Сайн сургууль төгсөж чадвал сайн ажилтай, сайн амидралтай болно гэдэг бол сурагчдын хувьд бичигдээгүй хууль байдаг. Шалгалтанд бэлтгэхийн тул олон хүүхдүүд жүкү буюу боловсролын чиглэлийн хувийн сургуулиудад нэмэлт хичээлд сууж, тусгай багш авч хичээл заалгадаг байна.