Showing posts with label Эвэртэй туулай. Show all posts
Showing posts with label Эвэртэй туулай. Show all posts

3/12/2010

Эвэртэй эмээ


 
Эвэртэй эмээ

Хятадын Линлоу тосгоны 101 настай Цан Рүфанг эмээгийн духны  зүүн талд өнгөрсөн онд эвэр ургажээ. Гэтэл саяхнаас баруун талд нь дахин нэг эвэр ургаж зургаан см урт болж яг л ишиг шиг харагдах болсон аж. Цан эмээгийн бага хүү 60 настай Зангийн яриснаар ээжийнх нь хоёр дах эвэр илүү хурдан ургаж, үлгэрт гардаг амитан шиг болсон гэнэ. Ээжийнхээ харагдах байдалд нь санаа зовохгүй байгаа ч насны эцэст эвэртэй болдог нь ямар учиртай юм бол гэж хүүхдүүд нь гайхаж байгаа аж.
Хүний биед эвэр ургах нь тийм ч гайхаад байх асуудал биш бөгөөд анагаах ухаанд ийм өвчнийг “эвэрших” гэж оношлодог юм байна. Гэхдээ гурван см-ээс урт ургадаггүй гэнэ. 1800 оны үед Энэтхэгийн нэгэн залуугийн духанд 30 см урт эвэр ургаж байсан тухай баримт байна.
“Өнөөдөр” сонины 2010 оны № 058 (3921)

2/20/2010

Хөл хүнд залуу

“Хөл хүнд залуу”

2010-02-19 "Өнөөдөр"  сонин"
Хүүхэд төрүүлсэн анхны эр Томас Бити гурав дахь хүүхдээ тээж байгаа гэнэ. Энэ тухай People сэтгүүл мэдээллээ. Хүйсээ солиулж, эр хүний амьдралыг сонгосон ч тэрбээр хүүхэд тээх чадвартай үлдсэн байж. Харин түүний эхнэр Нэнси өвчний улмаас саваа авахуулсан тул Бити хүүхэд тээхээр шийдсэн гэдэг. Зөвхөн хүүхэд тээгээд зогсохгүй 2007 онд хөл хүнд зургаа хэвлэлд нийтэлснээр тэр дэлхий ний тийн анхаарлыг татаж, удалгүй барууныхан түүнийг “Хөл хүнд залуу” хэмээн хочлох болжээ.

2/01/2010

Британид хорин таван сая хүний дансны мэдээлэл алга болжээ.


Их Британий Засгийн газар хүндхэн байдалд ороод байна. Учир нь Татварын газраас нийт 7.5 сая гэр бүлийн 25 сая хүний тухай мэдээлэл агуулсан хоёр диск алга болжээ. Уг дискинд эдгээр иргэдийн овог нэр, хаяг , төрсөн он сар, өдөр, даатгалын дугаар, банкны дансны тухай дэлгэрэнгүй мэдээллүүд байсан аж. Дискийг татварын газраас Үндэсний аудитийн газарт хүргэж өгөх явцад алга болсон хэмээн үзэж байна. Тус улсын банкууд харилцагчаа дансаа шалгаж гаднаас хэн нэгэн ашиглахыг завдах вий гэж сануулахыг зөвлөжээ. Диск алдагдсан тухай мэдээллийг Ерөнхий сайд Гордон Браун 11-р сарын 10-нд олж мэджээ. Цагдаа болон хүчний байгууллагынхан дискийг хайх ажилд шуурхайлан оржээ. Албаныхан дээд зэргийн хамгаалалттай дискүүдийг тийм амархан онгойлгож чадахгүй хэмээн сэтгэлээ тайвшууруулж байгаа гэнэ.
О.Тогоо, “Өнөөдөр” 2007, №274

Британид долоо хоног бүр 1000 иргэн дампуурдаг


Их Британид ганц долоо хоногт ойролцоогоор 1000 иргэн дампуурч байна гэж “Гардиан” сонинд мэдээллээ. Зээл авсан иргэдийн нийт өрийн хэмжээ долоон жилийн дотор хоёр дахин өсч, триллион фунтээс давжээ. Нэгдсэн вант улсын түүхэнд дээд амжилт тогтоогоод байгаа энэ байдал цаашид ч газар авах хандлагатай гэдгийг мэргэжилтнүүд тооцож байна. Тэд барьцаа тавьж 50-100 мянган фунт, дэнчингүйгээр 20-30 хувийн хүүтэй 50 мянган фүнт зээлдэг ажээ.
“Өнөөдөр” сонины 2004 оны №185

Би, миний, надад гэдэг үгс хортой гэж үү?



Би, миний, надад гэдэг үгийг олон хэлдэг хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчилдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Өвчин хүний сэтгэл зүйтэй салшгүй холбоотой байдаг нь мэдээж, үргэлж гомдоллож явдаг улс оюун санаа, сэтгэцийн өвчтэй болдог аж. Энэ өвчнөөр эмэгтэй хүн илүү өвчилдөг байна. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү мэдрэмжтэй учраас амин хувиа хичээвэл энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөртэй. Хүн бусдын төлөө амьдарвал зүрх судасны өвчнөөр өвчлөхгүй гэнэ. Мөн огцом ууртай хүн урт насалдаггүй. Хүн эхээс төрөхдөө хувиа хичээх шинж чанартай төрдөггүй, огцом уурлах үед хүний тархины бор давхаргын дагзны хэсгээс өдөөх бодис ялгардаг учраас хүн өтөлж үхдэг гэнэ.
Б.Гэрэл, “Өдрийн сонин”-ы 2003 оны №256 

Арван найм дахь хүүхдээ төрүүлэв


Румын гаралтай Канадын иргэн 44 настай Ливиа гэх эмэгтэй 18 дахь хүүхдээ уржигдар төрүүлснээр эднийх Абботсфорд хотынхоо хамгийн өнөр өтгөн гэр бүл боллоо. 3.1 кг охин төрүүлсэн эмэгтэйн нөхөр Александру Лонц "Бид хэдэн хүүхэдтэй болохоо хэзээ ч төлөвлөж байгаагүй. Үүнийг бурхан л мэдэг гэж бид шийдсэн. Бурхан ийм бэлэг өгсөнд баяртай байна." гэв. Ой найман сараас 23 хүртэлх насны 17 хүүхэдтэй байсан эднийх 1990 онд Румынээс цагаачилсан аж. А.Лонц "Манайх одоо арван охин, найм хүүтэй боллоо. Дахиад хүүхэд төрвөл хүү байгаасай гэж бодож сууна." гэжээ.
Ж.Даш, "Өнөөдөр" сонины 2008, №174

1/31/2010

Антибиотикоос аль болох татгалз



Антибиотик байнга хэрэглэх нь хөхний хорт хавдар тусах магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтийг АНУ-ын Вашингтоны их сургуулийн судлаачид хийжээ. Судалгаанд 10 мянга гаруй эмэгтэйн өвчний түүхийг ашиглажээ. 500 гаруй өдөр антибиотик уусан буюу 25 удаагийн курс эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдар  тусах магадлал огт хэрэглэдэггүй хүнийхээс  наад зах нь хоёр дахин их байжээ. Антибиотик хэрэглэж байсан эмэгтэйчүүдийн хорт хавдарыг ихэвчлэн эмчилж чаддаггүй байна.
С.Дэлгэр, “Өнөөдөр” сонины 2004 оны №046

Америкаас алмас олджээ.


Америкийн Жоржи уулнаас анчид хүн дүрст нэгэн амьтан олжээ. Бие нь улаан шаргал битүү үстэй, 2.5 см өндөртэй энэ амьтныг шинжээчид одоогийн байдлаар цасны хүн буюу алмас гэж тодорхойлжээ. Анчдын баталж буйгаар алмасыг олох үед тэрбээр амьсгал хураагаагүй байсан гэнэ. Ямар нэг амьтантай тулалдаж хүнд шархадсаны улмаас үхсэн гэх энэ учир битүүлэг амьтны цогцос найдвартай газар, хөлдөөгчид хадгалагдаж байгаа аж. Эрдэмтэд түүнээс ДНХ-ын шинжилгээ авсан бөгөөд шинжлэх ухааны олон салбарт шинэ нээлт болно хэмээн олзуурхаж байна.
Ж.Эрдэнэ, "Өнөөдөр", 2008, №191

Америкчуудын 70 хувь нь 18 нас хүрэлгүй бэлгийн харьцаанд ордог



АНУ-ын ашгийн бус хоёр байгууллагын хийсэн судалгаагаар залуу америкчуудын бараг тал хувь нь 25 нас хүрэхээсээ өмнө бэлгийн замын ямар нэг өвчин авдаг болох нь тогтоогджээ. Мягмар гарагт хэвлэгдсэн уг судалгаанаас үзвэл 2000 онд 15-24 насны залуусын дунд бэлгийн замын халдварт өвчний тохиолдол есөн сая байжээ. Судалгаагаар өнгөний өвчин туссан 18.9 сая америкчуудын 48 хувь буюу 91 сая нь 15-24 насны залуус байгаа нь түгшүүр төрүүлэх тоо аж. Судалгаагаар залуу америкчуудын бараг 70 хувь нь 18 нас хүрээгүй байхдаа бэлгийн харьцаанд ордог болохыг тогтоожээ.
“Өнөөдөр” сонины 2004 оны № 047

Алтаар хийсэн фото аппарат


Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг үг цагийн аяст хуучрах янзтай. Орчин үед аяга байтугай хэрэглэх хүн олширч, үнэт металаар хийсэн эд зүйлс ахуйн хэрэглээнээс хальж албан тасалгаанд дүнхийх мөч ойртжээ. Тухайлбал, Арабын Нэгдсэн Эмиратад болсон ЖИТЕКС үзэсгэлэнгийн үеэр их биеийг нь 24 каратын алтаар бүрсэн Лазер Жет П 2015 принтерийг танилцуулжээ. Харин зураг дээрх Пентакс ЛХ Голд фото зургийн аппаратад 18 каратын алт орсон байна. Уг аппаратыг 1981 онд Пентакс компаниас ЛХ СЛР загварын 10 сая дахь камерыг үйлдвэрлэн гаргасаны ойг тохиолдуулан ердөө 300 ширхгийг бүтээснээс 200-г Японы баячууд цуглуулгадаа авчээ.
“Өнөөдөр”, 2006, №288

Алтаар хийсэн сонин



“Хятадын цэцэглэлтийн үе” нэртэй алтаар хийсэн сонинг БНХАУ-д хэвлэжээ. Гуандун мужийн Шиньжэн хотод түүнийг танилцуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэ сонинд сүүлийн жилүүдэд болсон Бүх Хятадын ардын төлөөлөгчийн хурлын талаар бичжээ. Тусгай болон цуглуулгын гэсэн хоёр хувилбараар нийт 36 хувь хэвлэсэн байна. Нэг сонинд 500 гр алт орсон бөгөөд 8100 ам.долларын үнэтэй. Харин тусгай дугаарт 200 гр алт орсон бөгөөд 3500 ам.доллараар үнэлжээ.
“Өдрийн сонин”-ы 2005 оны №035

Азаар амьд үлдсэн бяцхан охин


Таван настай Руби Бустаманте хэмээх охин Калифорнийн элсэн цөлд 10 хоножээ. Түүний ээж 26 настай Норма машинтай явж байгаад жолоо алдаж замын хажуу руу өнхрөхөд цуг явсан бяцхан охин нь амьд үлдсэн байна. Руби охин машинд 10 хонохдоо хийжүүлсэн ус, жигнэмэг идэж байсан гэнэ. Өнгөрсөн пүрэв гарагт зам засаж байсан ажилчин машиныг олж тэр дороо түргэн дуудсан байна. Эмнэлэгт ирэхэд охины бие зүв зүгээр байсан бөгөөд маш их өлссөн байжээ. Нас барсан эмэгтэй Рубигаас гадна таван хүүхэдтэй юм.
“Өдрийн сонин”-ы 2004 оны №093

Ажилгүй аав, хүү хоёр 76 сая евро хожлоо

55 настай ажилгүй франц эр, 22 настай хүүгийн хамт “Euro Millions” сугалаанаас 76 сая евро хожлоо. “Зурагтаар сугалааны тохирлоо тааруулаад сууж байхдаа өөртөө итгээгүй, дараа нь баярласандаа уйлсан” хэмээн Францын сугалааны түүхэнд байгаагүй дээд амжилтын эзэд ярьжээ. “Евро Миллион”-оос хамгийн их хожил Ирландын иргэн эмэгтэйд таарч 2005 оны 6 дугаар сард 112 сая еврогоор тогтоосон байна. Италийн “Суперенелотто”гоос 105 сая евро хожсон азтан тодорч байж. Сугалаат хонжворын түүхэнд хамгийн ихээр баяжсан хүн бол 2002 онд 314.9 сая ам.доллар хожсон Америкийн иргэн эмэгтэй гэнэ.
“Өнөөдөр” сонины 2005 оны №220

Австралид тэмээ илүүджээ


Австралийн хүн ам сийрэг нутгаар амьдардаг 600 мянга гаруй зэрлэг тэмээ хүрээлэн буй байгальд хор хөнөөл учруулж байгаагаас “цаазын тавцанд” очих аюулын ирмэгт иржээ. “Гардиан” сонинд бичсэнийг үзвэл, 2005 он гэхэд тоо толгой нь нэг саяас давах энэ амьтны өсөлтийг зохицуулах талаар Австралийн засгийн газар махны үйлдвэрүүдийн төлөөлөгчид, уугуул оршин суугч, газрын эздийг оролцуулсан уулзалтыг дөрөвдүгээр сард зохиох юм байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар жил тутам 15 мянган тэмээ устгах шаардлагатай аж. Чингэхдээ нисдэг тэргэнээс мэргэн буучаар буудуулахаас өөр арга одоогоор олоогүй гэнэ. Тэмээг амьдаар нь экспортлоход жилдээ 2.5 сая доллар олдог бол заазалж гаргах нь хэд дахин илүү ашиг өгөх аж.
О.Тогоо, “Өнөөдөр” сонины 2005 оны №028