9/30/2011

Ж.Бат-Ирээдүй: "БЕТХОВЕНИЙ ГЭР МУЗЕЙГ ҮЗВЭЛ"



БЕТХОВЕНИЙ ГЭР МУЗЕЙГ ҮЗВЭЛ


Essay and photos by J.Bat-Ireedui (c)
Германы хуучин нийслэлд 2000 оноос хойш ажил албаны хэргээр голдуу хэдэн ч удаа очив миний бие. Гэвч Людвиг вон Бетховений музей үзэх завгүй л явсан хэрэг байх, энэ удаа харин Бонны Их Сургуульд болсон Манжийн үеийн Монголын түүхийн хурал дууссаны дараа жаахан чөлөө гаруут зориуд хэрэг болгон гэр музейд  очиж үзсэнээ уншигч олонтой хуваалцая гэж бодлоо.
 Бонн хотын төв дэх төрөл бүрийн Бетховенууд

Бонн хот Бетховений унасан газар, угаасан ус. Түүний гэр бүлийнхэн энэхүү Бонн хотын төвд шахуу орших хоёр давхар жижигхэн шар байшинд нэгэн цагт амьдарч байсан бөгөөд тэрбээр энэ байранд 1770 оны 12 дугаар сарын 15 нд Жоханн, Мариа Магдалена нарын хоёр дахь хүүхэд болон төржээ. 

Энэ ягаан байшин бол түүний төрсөн газар
Бетховений байшин бүр эцэг эхийг нь гэрлэсний дараахан 1767 оноос  хоёр тусдаа болж. Бетховений аав ээж нь арынх нь байшинд нэлээд олон жил амьдарч байсан бөгөөд энд иртэлээ хаа газар байдаг айл гэрийн амьдрал ёсоор Бонн хотыг тойрч хэдэн ч удаа нүүжээ. 19 дүгээр зуунд энэ байрыг тойроод баахан ресторан болох янзтай, хэн нэгэн аваад үгүй хийх шинжтэй болсон цагт  1889 онд Бетховений гэр музейн нийгэмлэг гэгчийг санаачилсан 12 хүн энэ байрыг худалдаж авч түүний музей болгох шийд гаргуулсан нь цагаа олсон ажил болсон бөгөөд Бетховений дэлхийн хамгийн олон цуглуулга, үзмэртэй музей болгож чаджээ. 

 Бетховен 1770 оны 12 сарын 17 нд энд төрсөн гэж

Энд түүний Бонн болон Австрийн Вена хотноо амьдарч байх үеийн 150 гаруй жинхэнэ оригиналь эх баримтыг тавьсан байх бөгөөд шинээр барьсан хажуугийн жижиг цагаан байшинд Бетховений хөгжмийн дижитал  архив байдаг аж. Энэ байранд ороод Бетховений оригиналь амьд хөгжим, си ди-г орчин үеийн хамгийн сүүлийн үеийн техникээр тоноглосоноор сонсож болох агаадмөн энд түүний гар бичмэлийн анхны эхүүд, хөгжимийн ноот, гэрэл зургууд, эд өлгийн зүйлсийг үзэж, сонсож болно.

 Суутын суут энэ хүний гэр хөл хөсөөр тасрахгүй

Надад хамгийн сонирхолтой зүйл бол Бетховений гэр бүлийн угийн бичиг, Вена хотод амьдарч байх үеийн зурагууд, түүний хэрэглэж байсан хөгжмийн зэмсэгүүд болон байрын дотор талыг яг тэр үеийнхээр нь хадгалсан нь маш сонин байлаа. Шал нь гишгэнгүүд чихарч дуугараад л тэр үеийн мод яг хэвээрээ, бараг үнэр нь үнэртэх шиг болсон. Хэдийгээр музейн дотор зураг авч болохгүй ч гэсэн гар утсаараа амжуулаад хэд хэд дараад авсан боловч харамсалтай нь хулгайн юм болохоор олигтой гарсангүй харин гадна авсан зураг гайхалтай сайхан гарсан. 
 Хөгжмөө бичих гээд ч юм уу, эсвэл өвчин зовлондоо ч юм ихэнхи баримал нь гуньж гутаж зовж шаналсан царайтай

Бетховений өвөө аав Көлний Сүмийн нэртэй хамба Лүдвиг Элдэр (1712-1773) гэж хүн түүний хамгийн хүндэтгэлт хүн байж. Бетховен бүр 1782 онд 12 настайгаасаа энэ ордоны найрал хөгжмийн чуулгад туслах ажилчнаас органист, хийлч, хөгжимч болтолоо ажиллаж гэр бүлийнхэндээ мөнгө цаасаар туслаж байсан байна. Түүний гэр бүл их ядуу тарчиг амьдарч байсан гэдэг. Ээжийгээ 1787 онд өөд болсоноос хойш бүр гэр бүлээ тэжээж нуруундаа үүрч хүн болжээ. Ээжийг нь нас барсаны дараа хатагтай Хелене вон Бреунинг бээр эхийн оронд эх болж сурч боловсроход нь анхаарч халамжилдаг байгаад насан туршдаа бие биедээ сайхан найзууд явжээ. Түүний нөхөр нь бүр сүүлд 1838 онд Бетховений жинхэнэ үнэн намтарыг хэвлүүлсэн байна. 

 Тэрбээр энэ шар байшинд төрж, эндээ амьдарч байсан байгаа юм

Эцэг нь хэдийгээр хөгжимчин хүн байсан боловч нэг ч их анхаарал тавьж чадаагүй ч харин нэг удаа түүнийг Моцарт шиг авьяастай хүн болохыг олонд харуулах гэж хичээж үзжээ. Баримтаас үзвэл хамгийн анхны концерт 1778 оны 3-р сарын 26 нд Көлнд болжээ. Харин нэг хөгжилтэй юм бол аав нь анхны тоглолт дээр нь түүн рүү олны анхаарал татахын тул 6 настай гэж худал хэлж байжээ. Бетховен анхны хөгжмөө түүний багш Бонны театрын удирдаач, хөгжмийн зохиолч Христиан Готтлоб Нээф (1748-1798)- ийн тусаар 1782 онд хэвлүүлжээ.

 Гэр музей дотроо хоёр гурван ч хэсэгтэй
Өөр нэгэн сонин зүйл бол түүний Бонны театрт ажиллаж байхдаа тоглодог байсан хийлийг тавьсан байлаа. Энэ хийлийг 1780 онд Стайнер гэдэг хүний загвараар Себастиан Далингэр зохион бүтээжээ. Бас нэг сонин зүйл бол түүний бүр 10 настай байхаас тоглож байсан Минор Ордерийн сүмийн нэгэн аргон буюу их хуур тэнд тавьсан байна билээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед бусад хөгжмийн зэмсэгүүд эвдэрч сүйдсэн бөгөөд энэ хуурыг бүр 1904 онд тус сүмээс Бетховений гэр музейд шилжүүлэн өгсөн байна. Харин энэ хөгжмийг хэрхэн яаж тоглох тухай заавар нь шилжүүлэх явцад алга болжээ. Мөн тэнд хамгийн анх бичсэн төгөлдөр хуурын гурван сонатын зураг эхээрээ байна билээ. Бетховен 1792 онд Бонныг орхиж Жосеф Хаиднаар хөгжим бичихийг заалгахаар Венад нүүжээ. Энэ үед тэрбээр 22 настай байж. 

 Гэр музей гадна талаасаа

Ингэж түүний алдарт хөгжмийн зохиолч болох зам нээгдэж дэлхий даяар хүлээн зөвшөөрчээ. Эндээс түүний  “Сарны сонат”, “Баатарлаг”, “Гуравдугаар симфони” зэрэг суут бүтээлүүд ундарч эхэлжээ. Харин тэрбээр хар залуу 26 наснаасаа сонсгол нь муудаж санаа нь зовж үргэлж бүтээл хийж суудаг байж. Ингээд 1802 оноос арваад жил тэрбээр ухаан мэдрэлгүй ажиллаж 4,5,6,7, 8-р симфоноо бичиж, чавхдаст хөгжим, найрал хөгжим, хийл хөгжимийн концертуудаа туурвиж, “Леонора”, “Кориолан” удиртгал хөгжим, “Эгмонт” жүжгийн хөгжимөө бичжээ. 


Бетховен амьдралынхаа сүүлийн хагасыг маш эмгэнэлтэй өнгөрөөсөн бөгөөд тэрбээр 30 насандаа таг дүлий болсон учир хөгжимчин хүн юутай гутамшигтай, юутай эмгэнэлтэй хэрэг билээ. Тэрбээр төрсөн ахдаа бичсэн нэгэн захидалдаа, “... Хажууд минь байгаа хүн хүн алсад жингэнэх лимбийн дууг сонсож байхад би огт сонсохгүй байгаадаа юутай гутарнам, энэ бүхэн намайг амьдын там руу хөтөлж, жаахан удсан бол би амиа хорлох байлаа, гагцхүү урлаг аварлаа, амьдралаа зориулсан бүхнийг хийж гүйцээхээс нааш ертөнцийг орхих гэдэг сэтгэшгүй мэт санагдана...” гэж бичиж байжээ.
Бетховен хурын хар үүл нүүж, аянга цахилгаан нижигнэн түнэр харанхуйг доргиосон аймшигт шөнө буюу 1827 оны 3-р сарын 26 нд Австрийн нийслэл Вена хотын захад хөөрхий муу намхан байшиндаа юу ч үл сонсовч хорсол хилэнгээ занан гараа зангидан эргэхдээ хүйтэн шалан дээр унаж, дахин босолгүй насан өөд болжээ. Түүнийг 3 сарын 29 нд чандарлаж оршуулах ёслолд нь 20 мянган хүн оролцжээ.
Ингэж есөн сарын бүрхэг өдөр дэлхийн алдарт хүн Бетховений гэр музейг үзээд гунигтайхан гарч алхвал нарийн бороо шивэрсэн намрын саарал өдөр байлаа Бонн хотод.


Дэлхийн симфоний түүхэнд шинэчлэл хийсэн, сүүлийн хэсэгтээ дөрвөл хоолой болон найрал дуучид оролцсон дөрвөн хэсэгтэй "9 дүгээр симфони" бол түүний уран бүтээлийн оргил юм. 1824 оны 5 дугаар сард суут бүтээлээ хамаг хөлс хүчээ урсган удирдаж тоглуулахдаа таг дүлий байсан тул үзэгчдийн алга ташилтыг юу ч сонсохгүй байсан бөгөөд түүний  туслах хөгжмийн ангийн оюутан бүсгүй нь эргүүлж үзэгчид рүү харуулахад тэрбээр нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн, баярлаж бахархсан олны нүүр царай, алга ташилтыг нүдээрээ харж тэдэнд ёстой нөгөө "юу хийснээ"  мэдэрчээ.  Энэ тухай дээрх "Copying Beethoven"  хэмээх Бетховений ганцаардал, өвчин шаналал, эмгэнэлт амьдралын сүүлийн 3 жилийн тухай  үгүүлдэг энэ киноны хэсгээс сонирхон үзмүү. Уг киног 2006 онд Метро Голдвин Маерийн зохиолоор Агниэска Холланд найруулан тавьжээ.
Дашрамд дурдахад Бетховений хөшөөний загварыг будахад бэлэн болгож үйлдвэрлээд зориуд хувь хүн, байгууллага, компаниар будуулж нэг төрлийн сурталчилгаа хийнгээ мөнгө олдог арга байдаг юм билээ. Үүнийг сургуулийн сурагчаас нэртэй компаниуд хүртэл бүгд хийдэг гэж тэр ажлыг хариуцаж зогссон хүн хуучилсаныг сүүлд нь дуулгамаар санагдав.
Бонн-Улаанбаатар, 2011.09.30 нд бичиж нийтлэв


9/23/2011

Ж.Бат-Ирээдүй: "ВАРЕНИЙ ШИЛ"

       
Ногооных ч бай, жимсний чанамалынх ч бай, компотных ч байх бид варений шил гэж нэрлээд сурчихаж. Варений шилийг бид өөрсдөө хийдэггүй, гадаадаас голдуу жимс ногоотой авдаг байх. Импортын барааны ногоо цагааг хэрэглэж дуусаад шилийг нь янз бүрийн зориулалтаар хэрэглэдэг. Хүүхдүүд бай болгож чулуугаар хагалах, будаг шунх зэрэг шингэн зүйл хийх, буцаагаад үйлдвэрийн аргаар болон гэрийн нөхцөлд бэлтгэсэн жимс ногоо, зөгийн бал, жимсний чанамал зэрэг олон зүйлд дахин ашигласан харагддаг. Үйлдвэр, үйлчилгээний газрууд, хувь хүмүүс дахин ашиглахын тул хүмүүсээс нэг варений шилийг 100 төгрөгөөр худалдаж авна. Харин бидний хэрэглэдэг бас нэг зориулалтын бус зориулалт бол шээсний шинжилгээний сав болгох. Улаанбаатарын маш олон эмнэлгүүд одоо шээсний шинжилгээг бүгд том бага варений шилэнд авч байна. Харин Улаанбаатар Сонгодо эмнэлгийн Болдсайхан эмч манайх заавал зориулалтын саванд авдаг гэж мэдэгдэж байсан.
Тухайлбал, одоо хамгийн мундаг гэгддэг сайд нарын хоёрдугаар эмнэлэгт их хурлын гишүүд, сайд, гавьяат, төрийн шагналтан томчууд шээсээ варений шилэн хийчихсэн өглөө шинжилгээнд өгөхөөр бариад ирж байгааг тэнд очиход хоёр давхарт өчнөөн харж болно. Эрүүл мэндийн сайдын шээс ч варений шилтэй тууж л яваа байх. Бас далимд хэлэхэд тэр варений шилтэй шинжилгээний хариу нь дандаа буруу гарна. Дахиад ариутгасан варианы шилэнд аваад ир гэж өөрсдийн нь өгсөн шилэнд өгөхөөр шинжилгээ зүгээр гарна. Тэр нь бас мөнгө хийх арга юм шиг байна. За энэ санаатай ч бай санаагүй ч бай шинжилгээнд  зориулсан шээс агуулсан савнууд хаашаа явдаг вэ? Эргээд шинжилгээний шээсийг агуулсан варений шилийг хэн нэгэн нөхөр аль нэг хувь хувьсгалын хүнсний үйлдвэрт бөөндөхгүй, хэрэглэхгүй гэх баталгаа бол байхгүй.
Шээсэнд юу ч явж болно, тэнд цус байгаа, хэчнээн түмэн бактери, нян вирус яваа, яаж устгаж ариутгах вэ, устах уу үгүй юу гэдэг бол маш эргэлзээтэй асуудал юм. Тэгэхээр энэ саваар дамжиж элдэв төрлийн өвчин тархахгүй гэх баталгаа байхгүй. Ийм бүдүүлэг байдлыг таслан зогсоохгүй бол өнөөгийн хүмүүсийн эрүүл мэндэд маш хор уршигтай зүйл гарахыг ч үгүйсгэхгүй.
Маний мэдэх Герман, Англи, Японы гадаад орнуудын орчин үеийн эмнэлгүүдэд шээсний шинжилгээг заавал зориулалтын саванд маш бага хэмжээгээр авдаг. Тэгэхээр манай эрүүл мэндийн сайд эмнэлгүүдийг шээсний шинжилгээг варений шил болон бусад зориулалтын бус саванд авахыг хориглосон шийдвэр нэн даруй гаргах хэрэгтэй байна.
Саяхан бид твиттеэр дээр энэ тухай бичиж баахан амьтны огиудас хүргэж, дотоодын варень, жимсний чанамал, зөгийн бал идэхээргүй болгосон боловч эрүүл мэндийн сайд энэ твиттийг мэдээгүй өнгөрчих шиг болсон тул дахин бичиж байна.
Миний бие өнгөрсөн найман сард хавдар судлалын эмнэлэгт ээж аав хоёрынхоо шинжилгээг өгөх гэж тэр хавийн эмийн санг гүйцээгээд зориулалтын шээсний сав хайгаад лав олоогүй. Тэгэхээр эндээс ямар ч байсан аптек эмийн санд ийм төрлийн зориулалтын сав байдаггүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.
Ийм учраас эрүүл мэндийн сайд тушаал гаргаад цус, шээсний шинжилгээг заавал зориулалтын саванд авна гэж тогтвол эрхбиш эмнэлэг, эмийн сангууд ийм төрлийн сав байдаг газраас нь татах нь мэдээж. Энэ нэг талаас эрүүл мэндийн асуудал нөгөө талаас бизнесийн хэрэг болой.
За ингээд адаг сүүлд нь ард түмний эрүүл эсэн байхыг хариуцсан Ламбаа сайдаас Монгол Улсын өрхийн эмнэлгээс авахуулаад дээд зэрэглэлийн үнэтэй эмнэлэг хүртэл шээсний шинжилгээг зориулалтын саванд авч байх тушаал гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж энэ удахгүй биелэнэ гэдэгт найдаж байна. Энэ жижиг юм шиг хэрнээ маш аюултай, арга хэмжээ авчихвал маш өчүүхэн юм шиг мөртлөө том ажил болох юм шүү Сайд гуай.

9/22/2011

Ж.Бат-Ирээдүй: "МУИС ХЭВЛЭЛИЙН ГАЗАР БУЮУ MONGOLIAN NATIONAL UNIVERSITY PRESS БАЙГУУЛЪЯ"



Дэлхийн их сургуулиуд бүгд өөр өөрийн  хэвлэлийн газартай байдаг. Энэ хэвлэлийн газар их сургуулиудын бас нэг имиж, нэр нүүр болж явдаг. Тухайлбал бидний сайн мэдэх Оксфорд Университи Пресс (www.oup.co.uk), Харвард Университи Пресс (www.hup.harward.edu), Кембриж Университи Пресс (www.cambridge.org), Йэле Университи Пресс (www.yale.edu/yup), Колумб Университи Пресс (www.cup.columbia.edu), Калифорни Университи Пресс (www.ucpress.edu) гээд хөвөрч өгнө.
Дууриаж байгаа юм биш нээлттэй зах зээлийн нийгмийн зайлшгүй шаардлагаар Монгол Улсын ууган их сургууль МУИС нэн даруй өөрийн гэсэн хэвлэлийн газар байгуулах хэрэгтэй байна. Хэвлэлийн газар байгуулах тухай энэ санаагаа шууд нэг зүйлийг тайлбарлахаас эхлэе. Гагц манай их сургуулийнхан ч биш хүмүүс ерөөсөө хэвлэх үйлдвэр буюу хэвлэх, хэвлэлийн газар буюу хэвлэл гэдэг хоёр зүйлийг ялгахгүй байна. Хэвлэх буюу printing, хэвлэл буюу  publishing хоёр бол өөр хоорондоо ялгаатай шал өмнөө хоёр зүйл бизнес болохыг бид хольж хутгаж ойлгоод яваад байна. Тухайлбал, манай МУИС-ийн хувьд хэвлэх үйлдвэр нь Худалдааны сургуулийн харьяанд байх шиг байна. Хэвлэлийн газар нь алга. Хэвлэх үйлдвэр гэдэг нь мэдээж хэн хүний мэдэх ном хэвлэл машин техникээр хэвлэж гаргах процесс юм. Харин хэвлэлийн газар бол ном хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа бизнес хийх байгууллага буюу ямар ном хийх, хэрхэн хийх, хэдийг хийх, ямар дизайн хийцтэй байх, зах зээлд ямар ном бүтээл хэрэгтэй байгаа талаар судалгаа хийж, бодлого боловсруулж гүйцэлдүүлэх энэ чиглэлийн бизнесийн газар юм.
Өнөөдөр Монгол Улсад хэвлэлийн газрын жинхэнэ утгаар нь ажиллуулж байгаа газар бол НЕПКО хэвлэлийн газар байна. Мөн Адмон компаний “Монсудар”, Мөнхийн үсгийн “Болор судар”, Интерпресс хэвлэх үйлдвэрийн “Цагаан бамбарууш”, “Мон-Эдюкэшн Пресс” зэрэг хэвлэлийн газрууд хэвлэлийн үйл ажиллагааг зах зээлийн жам ёсоор нь явуулах гэж хичээж байгаа. Үүний цаана Соёмбо, Тоонот принт, УБ принт, Бемби сан зэрэг өөр олон хэвлэх үйлдвэр хэвлэлийн газар маягаар ажиллаж нэр логогоо тавьж яваа боловч жинхэнэ хэвлэлийн газрын үйл ажиллагаа дутагдаж байгаа юм.
МУИС-ийн Хэвлэлийн газрыг жинхэнэ утгаар нь байгуулах бас нэг шаардлага бол гадаад орнуудын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд эрдэмтдийн бүтээлийг хэмжих нэг үзүүлэлт нь чухам ямар хэвлэлийн газраар бүтээлээ хэвлүүлсэн байна вэ гэдэг үзүүлэлт болж байна. Одоогоор манай их сургуулийн бүх багш нарын ном бүтээл ямар хэвлэх үйлдвэрийн нэр, логотой хэвлэгдэж байгаа гэхэд хилсдэхгүй байх.Хамгийн энгийн жишээ хэлэхэд бидний сайн мэддэгээр Таны ном дээр Адмон ХХК –д хэвлэв гэвэл, хэвлэлийн газар биш хэвлэх үйлдвэр, харин “Мон судар хэвлэлийн газрын лого тэмдэгтэй” гарвал жинхэнэ энэ чинь хэвлэлийн газар болох юм. Гэтэл ихэнхи багшийн номыг харвал Адмон ХХК-д хэвлэв гээд логотойгоо хэвлэгдсэн байдаг. Бид тэрийгээ хэвлэлийн газар гэж андуурдаг.
Тийм учраас бид өөрийн их сургуулийн нэрээр овоглосон хэвлэлийн газрыг байгуулах цаг нь болсон гэж үзэж байгаа юм. Бүр цаашилбал бид хэвлэлийн газар байгуулбал энэ нь Монголын их дээд сургуулиудын хамгийн анхны мэргэжлийн хэвлэлийн газар болох бөгөөд бүр цаашилбал ЮНЕСКО-гийн ном хэвлэлийн эрх сери дугаар ISBN, ISSN өгөх зөвшөөрлийг өөрийн хэвлэлийн газрын харьяа авах зэргээр үйл ажиллагааны хүрээг өргөнөөр тэлж болно.
Ном бүтээл дээр яг үнэндээ хэвлэх үйлдвэрийн нэр биш хэвлэлийн газрын нэг тавигдах учиртай тухай би өмнө тайлбарласан. Өөрөөр хэлбэл МУИС-ийн багш нэг ном хэвлүүллээ гэхэд тэр ном дээр “МУИС-ийн хэвлэх үйлдвэрт хэвлэв” гэдэг үг биш МУИС-ийн Хэвлэлийн газар гэдэг нэр, логтойгоо тавигдах учиртай. Ингээд цаашаа энэ бүтээл бол МУИС-ийн Хэвлэлийн газраас гаргасан бүтээл юм гэж ойлгогдож явах ёстой.
Энэ  хэвлэлийн газрыг МУИС-ийн хэвлэх үйлдвэрийн дэргэд ч юм уу аль эсвэл номын сангийн дэргэд байгуулах боломжтой. Хэвлэлийн газар заавал хэвлэх үйлдвэртэй байх ч албагүй. Харин хэвлэлийн газар юуны өмнө цаашид өөрийн гэсэн брэнд болох оноосон нэрээ тогтох хэрэгтэй. Миний бодлоор МУИС ХЭВЛЭЛИЙН ГАЗАР буюу англи хэлээр бол MONGOLIAN NATIONAL UNIVERSITY PRESS (MNUP) гэдэг оноосон нэр их л тохиромжтой санагдана. Гэвч олон ургальч үзэл уралдуулсан нь дээр байх. Өөр нэг чухал зүйл бол лого. Лого бол тус хэвлэлийн газрын утга санааг илтгэж ном бүхэнд тавигдсанаар олны танил болох бөгөөд нэрийг бүтэн бичих боломжгүй үед хэвлэлийн газрын таних тэмдэг лого л тавигдаж танигдаж явах учиртай. Тийм учраас чухам ямар логотой байх вэ гэдэг дээр манайхан бас бодол ухаан уралдуулж сонгох буй за.
Харин МУИС Хэвлэлийн газар ямар бодлого барих, ямар ямар үйл ажиллагаа явуулах, яаж бизнес хийх, юу юу эрхлэн гаргах, ямар техник технологи ашиглах, ямар ном бүтээл хэвлүүлэх, монголын болон гадаадын ном хэвлэлийн зах зээлд хэрхэн нэвтрэх зэрэг маш олон асуудал хэвлэлийн газар байгуулсаны дараа яригдах учиртай тул түр орхилоо.
МУИС-ийн бодлого барьдаг, эрх мэдэл бүхий хүмүүс болон МУИС-ийн захиргааны болон эрдмийн зөвлөл энэ санааг дэмжин шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.
Ж.Бат-Ирээдүй (Монгол Судлалын Хүрээлэн)

9/19/2011

Ж.Бат-Ирээдүй: "АВААРЫН ГЭРЭЛ"


       Өнгөрсөн бүтэн сайн өдөр би Энх тайвны гүүрээс ирэх чиглэлд Төв шуудангийн уулзварын замын гэрэл дээр араас ирэх машин ойр хавьд байхгүй болохоор аваарын гэрлээ асааж байгаад машин дотроосоо нэг зураг дарах зуурт замын цагдаа ирж “гэрэл дээр аваарын гэрэл асааж хөдөлгөөн саатуулсан хэрэг”-ээр бичиг баримт хурааж, төрийн хамгаалалтын цагдаагийн газар гэгчид очиж учраа ол гэв. Үнэмлэхээ тийм даргаас очиж аваарай гэж хэлчихээд нөгөө цагдаа алцаганаад алга боллоо. Арай гэж олж очвол төрийн хамгаалалт гэгч нь замын цагдаагаасаа тусдаа бас нэг төмөр нүүр бололтой.
Тэнд хувцсандаа биш уурандаа багтаж ядсан хоёр дэслэгч суух. Ард машингүй байхад аваарын гэрэл татаж байгаад зураг авсан үнэнээ хэлтэл тэр гэрлийг чинь аваар гарсан үед л асаадаг юм. Яах гэж зам дээр тэгж зогссон юм бэ чи гэхээр нь гадаад орнуудад тэгж болдог ш тээ гээд тавьчихсан чинь манайд тэгдэггүй, та тэр гадаад орондоо л тэгдэг юм байгаа биз гэж ирээд нөгөөх чинь бүр боож үхэх нь ээ. Бүр торгохгүй, өгөхгүй, эрх мэрх хасах дээрээ туллаа. Бас л нөгөө танил талаа ашиглаж, утасдаж утасдуулж байж нэг юм торгуулсан болоод салав. Өөр аргагүй юм билээ.
Үүнээс үүдээд би бодлоо, аваарын гэрэл гэдэг энэ хуучин ойлголтыг, хоцрогдсон замын цагдаагийнханд ойлгуулж өөрчлөх цаг болжээ гэж. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд энэ бидний аваарын гэрэл гэдэг ойлголтыг юу гэж бичдэгийг сонирхвол “ослын дохионы гэрэл” гэж нэрлэдэг юм байна. Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт хийх хэрэгтэй, цагдаа нарын толгойд шинэ ойлголт бий болгох хэрэгтэй, энэ бол түүний албан хаагч нарын оюун ухаан, гэгээрэл боловсрол, шинэ ойлголтыг зөв ойлгоход туслахаас эхлэх хэрэгтэй юм байна гэж бодлоо. Манай цагдаа байтугай офицер нь эдний нэрлэдэг “ослын дохионы гэрлийг” гагцхүү аваар осол гарсан үед л асаана” гэдэг ойлголттойгоо л зууралдаад байгаа юм байна. Дүрэм ёсоор ослын дохионы гэрэл гэдэг нэр томьёо, аман ярианы аваарын гэрэл гэдэг хэллэг ч буруу юм байна. Энэ гэрлийг гагцхүү аваар ослын үед биш аваар ослын эсрэг маш олон зүйлд хэрэглэж болно. Тухайлбал, түр зогсох, хүн ачаа буулгах, хурд саахад анхааруулах зорилгоор, хөндлөнгөөс хөдөлгөөнд орсон хойно дохиж талархалаа илэрхийлэх зэргээр хэрэглэдэг туршлага дэлхийн олон оронд байгаа.
Ийм учраас манай замын цагдаагийн газар энэ гэрлийг харин ч тэр гараад буурахгүй байгаа осол аваараа бууруулахад зөв сайн ашиглах үүднээс өөрсдөө эхлэж ойлгож, мэдэх, дараа нь жолооч, хөдөлгөөнд оролцогчдын дунд бас ийм зөв суртал ухуулга хийх, цаашлаад замын хөдөлгөөний дүрэмд зориуд оруулж хэвшүүлмээр байна.
Аваарын гэрлийн тухай ойлголтыг өөрчлөх, шинэчлэх, шинэ утга агуулгаар хэрэглэх цаг болжээ. Аваарын гэрэл бол аваар гарсан хойно хэрэглэдэг ганц зүйл биш анхааруулах, талархах, хүндэтгэх, мэндлэх, уучлалт хүсэх олон утга агуулгаар хэрэглэж болох боломжтой гэрэл билээ.

Энэ дашрамд дурдахад жолооны курст сурч байгаа нөхдөд соёлтой жолоо барих, бүдүүлэгтэхгүй байх, гэрэл дохиогоо зөв ажиллуулж, гудамж замын хөдөлгөөнд бусдыг хүндэтгэж оролцохыг зааж, ухуулан сэнхрүүлж гадаадын замын хөдөлгөөний соёл боловсролоос зааж сургах нь чухал байна. Нүүдэлчин монголчууд морио унасан юм шиг машинаа унадагаа болихгүй бол машин барихад маш хүнд байна.

9/12/2011

МОНГОЛЧ ЭРДЭМТЭД РЕИН МӨРНИЙ ЭРЭГ ДЭЭР

Монгол судлалаар Баруун Европт төдийгүй дэлхийд нэр хүндтэй, хуучны уламжлалтай, ХБНГУ-ын Бонны Их Сургуулийн Монгол, Төвд судлалын тэнхимээс 2011 оны 9 дүгээр сарын 4-8 нд “The History of the Mongols during the Qing-Period in the Light of Manju-Mongol Archives”  нэрт монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ХБНГУ, Монгол, ОХУ, БНХАУ, Унгар, АНУ-ын монгол судлаачид, эрдэмтэн мэргэд оролцлоо.

Хурал Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүхийн судалгаа түүний дотроос тухайн үеийн архивын баримт бичиг, хэрэглэгдэхүүний судалгаа шинжилгээнд гол анхаарлаа хандуулсан бөгөөд нийт 30 орчим эрдэмтэд уригдсанаас МУИС-иас д-р О.Оюунжаргал, Б.Баярсайхан,  Д.Баярсайхан, Э.Мөнх-Учрал, Ж.Бат-Ирээдүй нарын  5 судлаач, Монгол Улсаас нийт 8 судлаач уригдан оролцож илтгэл айлтгал хэлэлцүүллээ. Ажил төрлийн шаардлагаар Японы нэрт монголч эрдэмтэн Наками, АНУ-ын монголч, манжич Кристофер Атвүүд, Марк Эллиот, Космо нар хүрэлцэн ирж чадсангүй.
Эрдэм шинжилгээний хурлыг ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба буюу ДААД ивээн тэтгэж, Бонны Их Сургуулийн Монгол судлалын салбарыг дэмжиж хамтран ажилласан байна.
Хурал зохион байгуулсан Профессор, д-р Оюунбилигийн хамт

Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд ХБНГУ-ын монгол судлаач, ОУМСХолбооны Ерөнхийлөгч, профессор, д-р Клаус Сагастер, “Mongol Studies at Bonn University”, проф. д-р М.Вейерс, “Going along the Frontier. Qing-China’s Northern Territories, 1653-1795”, д-р Д.Хеушерт, “Defining a Hierarchy: Formal Requirements for Manchu-Mongolian Correspondence, Issued in 1636”, проф.д-р Оюунбилиг, “On the Jasaγ of Khalkha in pre-Qing Times”, д-р Б.М.Грубэр “A Brief Survey of the Documents Relating to the Bayantala League”, илтгэл хэлэлцүүлсэн бол Монголын эрдэмтэн д-р Д.Өлзийбаатар,  “Some Remarks on Manchu Qing Dynasty Records Preserved in the National Central Archive of Mongolia”, проф. д-р Б.Баярсайхан, “On the Qing Military Laws of 1870 for the Mongols ”, д-р О.Оюунжаргал, “On the Tsakhar Sumun of the Secen qin wang Banner of Sain Noyan Aimag”, судлаач Э.Жигмэддорж,  “Did the Manchus divide the Khalkha into a Left and a Right Wing in 1655? A Comparison between the Iledkel shastir and Archive Material”, судлаач д-р Э.Мөнх-Учрал, Д.Баярсайхан нар, “The characteristics of Qing Archive materials”, проф. д-р Ж.Бат-Ирээдүй, “Manju Philological Studies in Mongolia”, зэрэг Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүхэнд холбогдох сурвалж болон албан баримт бичиг, захидал, манж хэлбичгийн судалгааны талаар илтгэж, БНХАУ-ын эрдэмтэн проф. д-р Дарийжав, “ Four Manchu Documents on the Čaqar jasaγ qosiγu”, проф. д-р Оюунгэрэл,   “Disputes over the Right of Succession as Jasak in the Tongzhi-Period of the Qing-Dynasty”, судлаач Т.Сонг, “On the Alliance between the Qing and the Khalkha, Shunzhi 12 (1655)”, д-р Багана, “On the Tushiyetu Khan Ooba of the Khorchin”, зэрэг манжийн үеийн засаг захиргааны хуваарийн талаар илтгэл хэлэлцүүлж, ОХУ-ын эрдэмтэн проф.д-р В.Л.Успенский , “The Report by Bajung, the Assistant Amban of Tibet, about the Conflict with the Gorkhas (1789), Written in Mongolian Language”, Унгарын эрдэмтэн проф.д-р Агнеш Бирталан,  “Religion and Identity in 19th Century Urgha (On the Basis of a Mongolian Monk´s Oral Narratives Recorded by Gabor Balint of Szentkatolna)” зэрэг монгол судлаачдын намтар түүх, бүтээлийн талаарх шинэхэн судалгаагаа танилцуулан хэлэлцүүллээ.

Бонны Их Сургуулийн Монгол судлалын төвд

Хурлыг монгол, англи хэлээр хийж, илтгэх болон хэлэлцэх цаг хугацаа хангалттай байсан нь судлаачид өөрсдийн судалгаагаа бүрэн дүүрэн танилцуулах, санал дүгнэлт сонсох, асуулт хариулт явуулахад тааламжтай байлаа.
Хурлын үеэр МУИС-ийн эрдэмтэд ХБНГУ, ОХУ, Унгар, БНХАУ-ын эрдэмтэдтэй цаашдын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ судалгааны талаар санал солилцож, хамтран ажиллах талаар хэлэлцэв.
Хурлын төгсгөлд эрдэмтэд тус хурал олон орны эрдэмтдийг нэг дор цуглуулан Монгол судлалын түүний дотор Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүхийн судалгаанд чухал байр эзлэх, Бонны монгол судлалын түүхэнд ойрын үед хийгээгүй хурлыг амжилттай зохион байгуулсныг дурдаад энэхүү сэдэв болон бусад олон чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх, мөн эрдэм шинжилгээний хурлуудыг өөрсдийн суугаа улс орондоо үргэлжлүүлэн зохион байгуулж болохыг санал нэгтэй дүгнэлээ.
Ийнхүү нар хур тэгширсэн намрын сайхан өдрүүдэд Бонны тэнгэр дор дэлхийн монгол судлаачид нэгэн дээвэр нэгдэж, ойрын жилүүдэд хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа танилцуулан эрдмийн хур асгаран бууж, эрдэм шинжилгээний хурал сайхан болж, эрдэмтэд сэтгэл тэнэгэр хийж бүтээхийн урам зориг төгс нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

Ж.Ирээдүй, Бонн-Улаанбаатар, 2011.09.12