Showing posts with label Болсон явдал. Show all posts
Showing posts with label Болсон явдал. Show all posts

4/03/2011

Жанцанноров бол хүн биш


Жанцанноров бол хүн биш
Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Дэндэвийн Пүрэвдорж гэж цагийг эзэлсэн их хүмүүн бидний дунд амьдарч байлаа. Хорвоогоос хэдийнэ хальсан ч бичиж туурвисан уран бүтээл нь өнөө ч амьдарч, онгод цадиг нь үргэлжлэн асч яваа буурал найрагч амьд ахуйдаа цөөн хүнийг “тоодог” байж. Тэдний нэг нь нутгийн дүү Жанцанноров гэнэ. Үүнийг нотлох нэгэн жишээ зохиолчдын хороогоор ам дамжин яригдах аж. Учир юу хэмээвээс нэг өдөр Пүрэвдорж гуай руу Жанцанноров гуай залгаад “Байна уу, Би Жанцанноров гэдэг хүн байна аа” гэхэд “Чи чинь хүн биш шүү дээ” гэж их найрагч хачин хариу барьж. “За би яахаараа хүн биш болчихов” гэж их хөгжмийн зохиолчийг даруухан инээхэд “Чи чинь бурхан шүү дээ” гэсэн гэдээг.

Д.Зоригт Zindaa.mn

1/21/2011

Т.Галсан: "Намрын шөнө найм, зуны шөнө зургаа"


Т.Галсан гуай гар утас барьдаггүй. Тэрбээр гэргийдээ “Г.Занданшатар гишүүнээс өөр хүн залгавал байхгүй гэж хэлээрэй” гээд хэвтээд өгдөг гэнэ. Учир нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар эрхэм гишүүнийг дэмжиж, Баянхонгор аймгаар сар гаруй хамт явжээ. Нэг өдөр гишүүнийг салхилчихаад гаднаас орж ирэхэд нь Т.Галсан гуай “Чи хаана хонов” гэж асуухад “Таны хажуугийн орон дээр унтсан шүү дээ” гэжээ.
Өвгөн найрагч ёжтойхон инээмсэглэж, “Чам шиг залуу байхад орон дээр биш охин дээр унтаж, намрын шөнө найм, зуны шөнө зургаа амжуулж явлаа” хэмээн эротик сургаал айлдсан аж. Түүнээс хойш зохиолч нөхөд нь “Эротик онигооны Галсан” хэмээн даапаалдаг болжээ.
Саяхны нэг өдөр тэрбээр такси бариад гэрийнхээ гадаа иртэл жолооч “2000 төгрөг гарлаа″ гэхэд задгай мөнгөгүй тул 20 мянган төгрөг өөдөөс нь сарвайжээ. “Та баянаараа битгий гайхуулаад байгаарай” гээд хөмсөг зангидахад нь тэрбээр тайвнаар “Бидний цөөхөн монгол бие бие рүүгээ хялалзаад яахав. Энэ мөнгийг танд өгчихье. Алтан шар зам чинь өлзийтэй байх болтугай.
Харин замын цагдаа холуур явах болтугай” гэхэд жолооч муухан жуумалзаж гэнэ. Тэгэхээр нь үргэлжлүүлэн “Оройтоод очиход авгай чинь уурлалгүй, тос гартал тас тэврэх болтугай.
Арын чинь суудал дээр гадаадын жуулчин доллартай цүнхээ мартаад буух болтугай” гээд хэлтэл жолооч өөрийн эрхгүй элгээ хөштөл инээж, “Би таныг гэрт чинь оруулж өгье” гэжээ.
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин

1/18/2011

Үнэтэй хоол

Сэнгийн Эрдэнэ гуай 1958 онд Ардчилсан Германд соёлын төлөвлөгөөний шугмаар анх ганцаараа хөл тавьж. Эхний өдөр өлсөж буусан буудалдаа ресторанд орж, цэсийг нь үзсэн чинь бүгд герман. Үйлчлэгчтэй нь оросоор ярих гээд нөгөөх нь чаддаггүй гэнэ. За хамгийн үнэтэй нь сайн хоол байж таараа гэж бодоод нэг юм онилоод зааж гэнэ. Үйлчлэгч нэг том харж, ширээг нь тойруулан ажигласнаа яваад өгч. Удалгүй нэг том тосгууртай юм баруун гартаа өргөөд ирсэн нь зургаагаас арван хоёр хүний том бялуу байж. Тавтай хооллохыг ерөөгөөд явж өгч үйлчлэгч нь. Нөгөөхөө орхиод явалтай биш, дуртай дургүй хэлтэлээд л ичингүйрэн сууж гэнэ дээ. Харь газар хэл мэдэхгүй байхын зовлонг тэгэж амссанаа ийн хуучилжээ. С.Эрдэнэ гуайн өөрийнх нь ярьж, Дашдооров гуайн тэмдэглэсэн хууч

Зөрүү бодол

1970 онд С.Эрдэнэ, С.Удвал, Б.Ринчен гуай гурав Бухарестэд социалист орнуудын зохиолчдын хуралд явж байхдаа нэг өдрийн хоолон дээр Б.Ринчен гуай оньсого таалгаж. "Үс үсээрээ нийлнэ, мах махаараа нийлнэ, үдэш болхоор бүр их нийлнэ. Тэр юу вэ, та таа даа" гэж гэнэ. Удвал гуай, -Ринчен гуай та яасан дэмий юм бодож байдаг юм бэ гэвэл, - Харин та л дэмий юм бодож байдаг юм байна даа гэж. Энэ чинь нүдний сормуус, зовхи шүү дээ гэж. Эрдэнэ гуай ч бас шалиг юм бодож байсан тул түс хийтэл инээжээ. Удвал гуай ч зөрүү бодолтой байснаа ойлгож тас тас хөхөрчээ.

Ажил баллаад хаячихна

Мишигийн Цэдэндорж гуай, Лхамсүрэн гуай хоёр нэг өдөр савахаар нийлж л дээ. Энх тайвны гудамжаар тэдний байрны дэргэдүүр алхаж явсанаа Лхамсүрэн гуай гэнэт "хөөе хөөе, тонгой, тонгой" гэж. Яав юу болов? гэвэл "манайх зуслан нүүж байна, бид хоёрыг харчихвал дуудна, ажил баллаад хаячихна" гэжээ.  Хэ хэ алдаг хүн шүү гэрээ нүүж байхад.

Эмгэн Бадарч

Пунцагийн Бадарч гуай Дашдооровын нутагт арми сурталчлах ажлаар очиод тайзан дээр сууж байхад нь "Э.Оюун гуай явж байгаа тэр урт үстэй, монгол дээлтэй, шар авгай чинь мөн биш" гэж хүмүүс шуугилдаад байж. Шүлэг унших цаг болж яруу найрагч Пунцагийн Бадарч шүлгээ уншина гэхэд нь босоход хүмүүс бүр гайхаж гэнэ. Танилцуулахаа ч яасан юм бэ тэр чинь. Тэгж нэг эмгэн Бадарч буюу Э.Оюун болсон түүхтэй аж. Дараа нь уулзалт тарж айлд очиход айлын авгай үүнийг хуучлахад Бадарч гуай "би эр байна уу, эм байна уу эр нөхөр чинь элдэв юм бодохгүй бол үзүүлээд өгч болно шүү" гэж хэлж нэг дарж авчээ.

Сталиний нууц яриа

Цэндийн Дамдинсүрэн гуайг 1943 онд Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэхээр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж очиход нөхөр Сталин өөрөө хүлээн авч, хүлээн авалт хийж. Хүлээн авалт болохын өмнө Чойбалсангийн орчуулагч Ширэндэвийг байхгүй хойгуур Сталин шууд Ц.Дамдинсүрэн гуай руу ирж танхимаас дагуулан гарчээ. Удалгүй буцаж орж ирэхэд хамт явсан нөхөд нь гайхаж та хоёр юу ярьсан бэ гээд шалгаагаад байж. Дамдинсүрэн гуай ч "ярих юм байсан бол юу гэж намайг дуудахав дээ маш нууц юм ярьсан, маш нууц" гэж тэднийг дамшиглан явуулсаар нутагтаа иржээ. Гэтэл Сталин юу ярьсан гээч, тэр танхимийн ойролцоо "эрэгтэй, эмэгтэй хүний морь харах газар" тэнд байгаа шүү гэж Дамдинсүрэн гуайд зааж өгсөн байна. Ингэж Ц.Дамдинсүрэн гуай Сталинаар морь харах газар заалгасан хүн болж түүхэнд үлджээ. Ц.Дамдинсүрэн гуайн ярисан, С.Дашдооров гуайн тэмдэглэсэн хууч

12/26/2010

ХАШИРСАН НЬ



Зохиолч Бөхийн Бааст гуай жаахан бүжиг оролддог, дуртай ч байж. Бас Чойжалын Чимидтэй найз. Чойжалын Чимэд архи сайхан уух боловч бүжигэнд муу. Бас тэр үедээ орос сургуульд хамт сурдаг байсан Алла Попова гэдэг бүсгүйтэй найзалдаг байж. Нэг өдөр Бөхийн Бааст гуайг Ленин клубийн гадна талбайн бүжигэнд авч очиж баахан ууж, Поповатайгаа баахан бүжиглүүлж, даалгаж гэнэ. Б.Бааст гуай шинэ гарсан "Толбо нуур" номынхоо мөнгийг авчихсан зоостой ч байж. Эхлээд шар айраг ууж байснаа сүүлдээ архи руу орж нэлээд халамцаж бараг тасарсан юм уу, зоогийн ширээн дээр нь гарч илтгэл тавьж, мөнгө цацаж өвчигнөж л дээ. Өглөө нь Чойжин ламын сүмийн дэргэдэх умгар хөлсний өрөөндөө шартаад хэвтэж байхад нь Ойдов зохиолч очиж "чи урд шөнө ёстой баллалаа, очиж уучлал гуй." гэж шахаж шаардаж. Өөр пивотой газар байхгүй тул очихоос өөр замгүй очмор болж гэнэ. Хоол идэж, пиво ууж дотор онгойсон хойно хоёр нөхөр тооцоо хийгээд гарах гэтэл үйлчлэгч нь та өчигдөр гурван стакан хагалсан төлнө өө гэж. Төлөлгүй яахав хэд үү гэтэл 25 төгрөг гэжээ. Ингэж нүүр хийх газаргүй болж архи уухаас нэг мөсөн хаширсан түүхтэй ажээ. (Өөрийнх нь ярисан хууч)

12/25/2010

Би алаагүй, Түгжил алсан



Ч.Лодойдамба гуайг "Тунгалаг тамир"-аа бичиж дууссаны дараахан албан байгууллагууд урьж яриа хийлгэдэг байж. Нэг яриан дээр заалнаас нэг нөхөр босч ирээд, "Та яагаад Цахиур Төмөрөө алчихсан юм бэ? Амийг нь хороохгүй өршөөж болоогүй юм уу? гэтэл Лодойдамба гуай, "Үгүй ээ, хүүхээ би алаагүй шүү дээ. Түүнийг чинь Түгжил алчихсан юм" гэтэл тэнд байсан хүмүүс нир хийтэл инээжээ. (А.Очирбат гуайн хууч)

12/17/2010

ХАМАГ МОНГОЛЫН ХААН




ХАМАГ МОНГОЛЫН ХААН

Бавуугийн Лхагвасүрэн нэг өглөө сэрэхнээ Хамаг Монголын хаан болчихсон байх юм гэнэ. Мэргэн түшмэл Дармын Батбаяр бараалхаж , - Хаантаан, юунаас эхлэх вэ? гэвэл  “Аян дайн, аян дайн” гэхэд нь чих хатуу Батбаяр аяндаа гэж андуу сонсоод “аяндаа болно, гениально” гэж байна гэнэ Хаан хилэгнэж, “битгий дүлийдээ найдаж унга”, хэмээн зандраад ховын сайд Ш.Цогтыг дууд гэжээ. Хаан Цогтод
-         -  Салхи хаанаас байна вэ?
-          - Мэдэхгүй.
-         -  Тэр конус хараад ир.
-         -  Юу байдаг юм бол, хаантаан?
-          Тэр онгоцны буудал дээр байдаг кондоом.
Салхины чиг мэдсэн хаантан, “урагшаа малууд аа, зөвхөн урагшаа” хэмээн чичирснээ,
-          Тэнгэр тэтгэлээ, хөдлөе. Миний хойно их хатан Баасан явна. Жороо цоохор гүү унуул. Түүний араас алтан сондор шиг сүйхнүүд хэлхээд өг, мал аа. Олон тусмаа сайн. Эхний сүйхэнд Чимэдцэеэг зал. Хатан хувцастай шүү. Бусдад нь нөгөөдүүлийг нэг нэгээр нь шургуул. Бүгд нүцгэн байг. Хөшгий нь битгий тат. Хөхний нь товч харагдаж байг. Араас нь цэргүүд. Бүх цэргийн жанжин Шандын Гөлөгдэй баатар (Ш.Гүрбазар), аа тийм нөгөө сэгсчүү бөө (Ц.Чимэддорж) урд нь яваг. Миний баруун гарт мэргэн түшмэл Д.Урианхай, Д.Батбаяр хоёр явна.
Шандын Гөлөгтэй баатар,
-          Хаашаа явах вэ, хаантаан?
-          Битгий талчиганаад бай, би мэдэж байна. Богд уулын зүүн сугаар урагшаа бороо шиг асгарч, шороо шиг бос.
-          Тэгээд хаантаан?
-          Эхлээд Дайдууг эзлэнэ, дараа нь Шанхайг дайлна.
-          Тэнд яахсан бол?
-          Алаад өгнө, дэлхийн эмсийн хүрээлэн байгуулна. Ийнхүү цэрэглэн  мордож, Хоолтын даваан дээр гартал Хятадын усан ваймлий буу панхийж хаантан тэнгэрт нисэн одов гэнэ. Удсангүй тэнгэрээс туг хар үс, савхин хүрэм, америк жийнсэн өмдний тасархай бууж ирэхэд Шандын Гөлөгдэй баатарын самсаа шархирчээ. ... Ийнхүү Их, бага хаадаас хойших адаг хаадын үлгэр төгсөж амар сайхандаа жаргаж гэнэ. (Дэндэвийн Пүрэвдоржийн хууч)

12/16/2010

ИЧИННОРОВЫН ЭРХ ШАР


Пунцагийн Бадарч гуайг Дэндэвийн Пүрэвдорж гуай

Ичинноровын эрх шар
Эрдэнэсантын бэрх шар
Цэнхэр дэлгэцийн сэвдэг шар
Цэргийн чуулгын савдаг шар гэсэн бөгөөд  сүүлд

Хан уулын шанага шар
Хатан туулын халбага шар
Баян сумын хул шар
Баруун хорооллын хундага шар
Торгон хилийн дэлдэн шар
Тоодон миссийн шалдан шар
Яруу найргийн зальхай шар
Янжинлхамын задгай шар  гэж нэмжээ.

Харин Бадарч гуай  өөрийгөө:

Навчин чихэнд тохсон нарны шил минь улаан
Найргийн дэвжээнд зүүдэг гоёлын зангиа минь улаан
Нанчидын дугараанд ноцсон навшин хамар минь улаан
Наснаас эрт цайсан үсний минь сам улаан
Би шүрэн эрдэнийн билээ

гэж явуулсан байна.

"Бадарч зөвхөн жин өгсдөггүй бас хасдаг гайхал. Хулан, Ичинхорлоо, Мөнхцэцэг гуравтай үеийн юм шиг үзэлцэхээс сийхгүй. Ганц гэм нь гадуур шилэрч яваад харихдаа эхнэрийнхээ эрүүний шөлийг уухгүй ов зохиож энэ гурвын хэн нэгнийд байсан гэж жанжин молиго үмхүүлнэ. Шүлэгч охид адтай болохоор "манайд наргиж байгаад явсан" гэж гэрчийн мэдүүлэг хэнэггүй өгч цагаан толгойноос нь цаазын цалам мултлана." (Дэндэвийн Пүрэвдорж)

Эхний хууч:
Арми сурталчлах ажлаар Дашдооров, Батын Нямаа, Бадарч нар цэргийн чуулгын болон армийн томчуудтай Алтайд очжээ. Очсон оройгоо зуух яндан угсарцгааж, өглөө хөдөө сум руу явах гэтэл Дооровын яндан хөрөөгүй байсан тул орхиод явжээ. Хөдөөнөөс иртэл, зочид буудлын жижүүр "Нямаа, Бадарч нарт Бигэр, Чулуунаас" гэсэн зурвас бүхий тус бүр нэжгээд гожин юм өгч гэнэ. Бигэрийн Чулуун бол алдартай нэгдлийн дарга, хөдөлмөрийн баатар хүн. Тэднийхэн хармагаар архи нэрж шарз, хорз хийдэг, бас зохиолчдын их анд байсан болохоор хишиг хүртээж хэмээн баярлахаас яахав. Үдэш нь Бадарч чуулгынхаа ганц нэг бүсгүйг "Бигэрийн Чулууны хишиг амс" гэж өрөөндөө сэм уриад лац ломбоо ховхолж аягалаад амсвал ус байж. "Араараа модтой Биндэряа" романы эзэн Батын Нямаагийнх ч бас ус байж. Орхиод явсаны хариу авахын тул Дооров ажил тарин тарин аймгийн хүнсний  үйлдвэрээр ус савлуулж, лацдуулсан юмсанжээ. (Д.Пүрэвдорж)

Хоёр дах хууч:
Зах зээлийн үерээс хулширч үлдсэн манай зохиолчдын хорооны буурин дээр Долгорын Нямаа нь дарга, Бадарч нь уран бүтээл эрхэлсэн зөвлөх гэх боловч орлогч дарга гэж оодогонох дуртай байж л дээ. Дашдооров, Долгорын Нямаа хоёр хэн нэгэн хар юмтай зоогийн газарт буу халж байтал Бадарч ороод очиж гэнэ. Дашдооров, - Яасан сайн юм, танилц. Буриадын зохиолчдын хорооны орлогч дарга Борис Хинганов. Чамтай нэг зиндааны дарга гээд сахалтай ч билүү, нөгөө хар юмыг зааж гэнэ. Бадарч "хоёр улсын хорооны удирдлага" хэмээн ихсийн  зэрэгт шадарлаж халаасаа эргүүлж гөвөөд халамцсандаа нөгөө хар юмны нүүрийг дэлэн болтол үлгээд маргааш өглөө нь ажил дээрээ хүлээн авахаар юм болоод найр таржээ. Бадарч өглөө нь хүндэт зочноо хүлээж авах санаатай улаан самаар цагаан хялгасаа мяндаслаад л суугаад байж гэнэ. Гэтэл нөгөө Хинганов нь ирсэнгүй. Дашдооров гуайгаас асуувал, хэ хэ тэр чинь жолооч л доо, Нямаа бид хоёрыг дааж байсан чинь чи урдуур нь ороод төлчих чинь билээ гэжээ. (Д.Пүрэвдорж гуайн хууч)

12/14/2010

Сар буюу кап


Сар буюу кап

Ерээд оны эхээр Монгол орон даяар л за цаана чинь бар улс болох нь англи хэлгүй бол явдаггүй юм гэнэ, дээр нь нэмээд үндэсний бахархал гээч цагаан хөөс сагаж, монгол бичиггүй бол болохгүй юм гэнэ гэж хөдөө хотгүй баахан хуурай улаан тоос тэнгэрт манаргав шив. Энэ үед одоо МУИС-ийн харьяанд очоод байгаа гэх Худалдаа Үйлдвэрийн Дээд сургуулийнхан англи хэлний курс зохион байгуулж багш нараа суулгаадхаж. Тэр курс сууж байсан  нэг настай багш эхний хичээлд суугаад сурахгүй гэдгээ мэдэж. Яасан гэхээр за хө "сар" (нар сарны сар шүү) гэж бичээд, кап гэж дуудаад малгай гэж ойлготол мөн хол байна, цусаар тээглэ болидог хэрэг гээд хаясан гэж байгаа юм.

cake буюу сакэ


Сake буюу Сакэ
Дайны үед юм байх аа, орост ажиллаж байсан япон хүнд нутгаас нь илгээмж явуулж. Хил гаалиар ачаа бараа дамжиж, ах нар болсон хойно шалгаж байсан орос цэрэг cake гэсэн бичигтэй хайрцагтай юм харснаа сакэ байх нь  за энийг нь туучихая гээд задлаад орхисон чинь нарийн боов гарч ирж гэнээ. Нээрээ бодохнээ кээк сакэ хоёр чинь роман бичлэг нь адилхан юм байна.

12/12/2010

ДИВААЖИНГИЙН ТУХАЙ ЯРИА


Диваажинд очино, очихгүй

Чойжалын Чимэд, - Би ч диваажинд очихгүй яах юм бэ? Хамаг сайхан хүүхнүүд хилэнцээ дагаад тамд л байгаа, тэнд очино гэхэд, Дэндэвийн Пүрэвдорж, - "Диваажинд очихгүй" гэх шүлгийн санаа шүүрсэн бол, Ц.Гайтав, - Би очино оо, гарилтаад шар тайлъя гэж бодоход л ширээн дээр Жанлав буюу шар айраг, Чогдол буюу цагаан архи хоёр ярайгаад л гэхэд, Б.Явуухулан, - Боль доо хонгор минь, тэнд чинь бидний уудаг юм байхгүй мэдэв үү гэхэд Ц.Гайтав дурамжхан, - Тэгвэл тэр бүдүүлэг газар байна, би болилоо гэж инээд хүргэжээ.

ЗӨРҮҮД ЛУВСАНЦЭВЭЭН


Зөрүүд Лувсанцэвээн

Зохиолч Ц.Гайтав, Д.Пүрэвдорж, Ж.Лодой нар анх Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь дамнасан их аянд зөрүүд жолооч Лувсанцэвээний хамт тэдний нэрлэснээр "дөрвөлжин жавар" хэмээх ГАЗ 67 тэргээр гарч өгч. 
Зөрүүдийн туйл болсон тэр эрийг мэдэх тэр гурав эрт хөдөлмөөр бол "маргааш жаал амарч аваад тайван айван хөдлөе" гэж хэлэх, үүнд нөхөр жолооч "унтаад яахав ус халаад явахгүй эртхэн хөдлөх минь" гэх, жаахан оройхон хөдлөхөөр бол "өглөө эртхэн газар дөхөе" гэх. Үүний хариуд "яараад яахав, ямар нохойд хөөгдсөн биш" гэсэн хариу авах. 
Харин нэг удаа алдаа хийж Өмнөговиос гараад давхих замдаа бензин үнэртээд байна гээд хэлээд тавчихсан чинь, "Үнэртэлгүй яадаг юм, бензинээр явдаг юм чинь" гээд тоосонгүй. Бух долоогийн буудалд хамраа сөхөж үзэээд "-ээ туучий хамаг бензин харбириатараар гоожичихож гэж халагласан гэнэ. Уг нь бензин үнэтртэхгүй байх чинь хэлэх ёстой байж л дээ зайлуул.

12/11/2010

Улаан туг


Улаан туг
Алдарт зохиолч Гайтав гуай хүүхнүүдэд сээтэгнэх дургүй, түг таг гэсэн яриатай, тэр утгаараа гэдэг шиг бараг хайрын шүлэг хийгээгүй нэгэн аж. Хөгжмийн зохиолч Лувсаншарав гуайтай харин "Амрагийн болзоо"-ны тухай нэгэн дуу хийхээр болж л дээ. Гэтэл дуун дээр нь хоёр залуу уулзаад цаана нь нэг улаан туг хийсээд болдоггүй гэнэ. Лувсаншарав гуай "чи наад улаан тугаа авчих, тэгвэл аятайхан болох гээд байна гэхэд, "Үгүй, тэгвэл би чамтай дуу хийхгүй" гэж гэнэ.

Дөш ба лантуу



Дөш ба лантуу
Улс төрийн товчоо зохиолчдыг хүлээн авч. Энэ уулзалт дээр Ц.Дамдинсүрэн гуай, - Зохиолчид гэдэг дөш л юм даа, дөш учраас дээрээсээ давтуулж байх учир тавилантай байдаг гэхэд Ринчен гуай - Зохиолчдыг дөш гэж Дамдинсүрэн гуай онож хэллээ. Тэгвэл дөшний дээрээс цохидог лантуу байж таарнаа даа. Тэр лантуу нь хаана байна гээд товчоо руу долоовор хуруугаараа заачихаад зогсоод байж. 

Будаачин хүү


Будаачинхүү

Монголын зохиолчдын хоёрдугаар их хурлын дараа гадаадын төлөөлөгчдийн зоог болж. Түүнд орсон Бямбын Ринчен Өвөр Монголын зохиолч Малчинхүүгээс - Та зохиолоо ямар хэлээр бичдэг вэ гэхэд нөгөөх нь хятад хэлээр бичдэг гэж гайхуулахад, - Тэгвэл та чинь Малчинхүү биш Будаачин хүү юм байна гэжээ. 

Ямаа биш хүн байна, болдог байгаа даа


Ямаа биш хүн байна, болдог л байгаа даа

Дэндэвийн Пүрэвдорж гуай тэргүүний малчдын хурлын үеэр Баянхонгорын Баянлиг сумын Улаан чих Аюур гэгчээс яриа авч туршлага судлаж найруулал бичихээр өрөөндөө уриад сууж байтал Гончигсумлаа гуай орж ирж гэнэ. Энэ хүн танай нутгийн ламын гэгээний Гончигсумлаа гэдэг хөгжмийн зохиолч гэж танилцуулахад, Аюур гуай, Гончигсумлаа гэж дуулдаад байдаг юм, чи чинь орос эхнэртэй гэл үү, гэхэд тиймээ орос эхнэртэй гэхэд, - За яахав дээ ямаа биш хүн юм байна болдог л байх даа гэж авчээ. Тэгэхэд Гончигсумлаа гуай - Пөөх алдаг өвгөн юм байна, алж байна гэхээс өөр юм хэлж чадаагүй аж. 

Төсөв батлуулах арга


Төсөв батлуулсан нь

Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун гуай төсөв батлуулахаар алаг нүдэн Цогзолмааг Сангийн яам руу явуулж. Хоёр сайхан алаг нүдээ эргэлдүүлж, албан түшмэлийг гэгээн мишээлээр гэрэл цацруулж байгаад, "бидний хувь заяа таны гарт байна, хэдэн муусайн жүжигчид эзэнгүй, бурхан минь тэгж хэлж яаж болох вэ, нам засаг та нар минь байхад, өөрийн гэрээ барих санаатай, өрхний минь оосрыг татаж өгөөч гэж л явна, манайхан урлагтаа хайртай юм болохоор туслаж байнаа, энэ жаахан төслийг батлаад өгчих гэх мэтээр эрхэлсхийж, хатуурхмаар бол нулимс цийлэгнүүлж, Оюун багшийнхаа нүүрийг яаж харах вэ, аяга хоолноосоо сална ш тээ, аргагүй намайг өрөвдөөч" гэсээр байгаад батлуулаад иржээ.