4/11/2010

Хар хүний өмнөөс шар хүн



ХАР ХҮНИЙ ӨМНӨӨС ШАР ХҮН

Саяхан миний хамгийн сайн найз, ёстой тэвдэж явахад аминд ордог дотно нөхөр маань Японд яаралтай ирэх гээд би урилга явуулсан боловч элчингээс виз өгсөнгүй гэж утасдав.  Яахаараа өгдөггүй юм гэсэн чинь элчингийн консулын хэлтэсийн үүдэнд материал авдаг эмэгтэй нь харилцааны соёлгүй, бүдүүлэгтэж урдаас материал шидээд өгсөнгүй гэв. Манай нөхөр ч бас тэнэг хүмүүстэй олон юм ярих дургүй л дээ. Өмнө уригдаад ирсэн хүмүүстэй яг адилхан материал бүрдүүлээд явуулж байхад яадаг байнаа тэр чинь гэж миний уур дүрсхийгээд элчин рүү нь дахин факс явуулсан ч Токиод товлож болзсон бизнес уулзалтын хугацаандаа нэгэнт багтахаа байсан тул найз маань  хойшлов.
Би бүр яг энэ асуудлаар бичие гэж бодоод л байсан чинь сайхан шалтаг боллоо. Яг үнэндээ ийм асуудал одоо манайд суугаа томоохон орны элчин сайдын яам бүрд бий. Энэ бол шуудхан хэлэхэд тэнд ажиллаж байгаа монгол хүмүүсийн харицааны соёл, ёс суртахуун, боловсрол, хувь хүний атгаг хачин зан, юм үзсэн, эс үзсэнээс л болж байгаа юм. Тэд хүний хийдэггүй юм хийж байгаа юм шиг, зохих материалыг ёс журмын дагуу хүлээн авахаас өөр ямар ч эрх мэдэлгүй байж наанаа хамраа сөхсөн хямсгар ааш гаргаж, хүнд чухал хэрэгтэй хүн болох гэж  олон амитанд хар хүний өмнөөс шар хүн болж байна.
Ямар сайндаа арван жилийн нэг хүүхэд Японд айлд түр сууж япон, хэл соёл сурахаар бас л бичиг баримтаа бүрдүүлж элчин дээр очиж. Тэр охин тухайн үед япон хэл бараг мэддэггүй байсан юм байна. Цаанаасаа япон хэлээр ирсэн материалаа өгсөн чинь энэ  чинь юу юм бэ гэж нөгөө ааштай хүүхэн хэлэхээр нь  бодож санах юмгүй гэнэн охин “-Та япон хэл мэддэггүй юм уу?” гээд хэлээд тавчихсан чинь, - Чиний мэддэг тэндээ л биз, чи битгий гайхуулаад бай гэж ирээд баахан загнаж загнаж нэг юм авчээ. Бас нэг эмээ Германд байдаг хүүхдүүд дээрээ очихоор элчинд визээ мэдүүлэхэд хүлээн авагч залуу –Та Герман Улсад ямар ажлаар явах гэж байгаа юм бэ? гэж албаныдуу дуугаар ихэмсэглэн асууснаа –Та Германд очоод юу хийх юм бэ? гэж лавшруулав. Эмээ ийшээ тийшээ харснаа – Алив хүүхээд “-Хүүхдүүд дээрээ очсон хүн юу хийдэг юм бол доо? гэж аврал эрсэн байртай өрөвдөлтэй харсан гэдэг.  Хүүхдүүдийнхээ урилгаар очиж яваа эмээ ер нь юу л хийв гэж дээ аан. Бас саяхан Японы элчинд визэнд орсон Академийн эрдэм шинжилгээний ажилтан залууг Киотод олон улсын  хуралд ирэхээр виз мэдүүлэхэд нь -Та япон хэл мэдэхгүй байна гэж баахан ширүүлж. Нөгөөх чинь олон улсын хурал англи хэлээр болдог юм хүүхэн гуай, би хуралд явахын тулд япон хэл сурах албагүй биз дээ, өгвөл өг байвал бай гэж хэрэлдэх хэлцэхийн дунд нэг юм визтэй болж. Иймэрхүү онигоо шиг юм Англи, Америк, Франц, Герман, Япон, Солонгос зэрэг визиндээ хатуурхдаг том орнуудын элчин сайдын яамдын үүдэнд өдөр болгон болж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл тэнд нөгөө их зантай, эвэр туурайтай монголчууд сууж байгаа.
Эд ёстой нөгөө хар хүний өмнөөс шар хүн болж ямар ч эрх мэдэлгүй байж бараг үүднээс хөөж явуулдаг нь бүр аль ч элчинд жишиг болж. Тэднийг хөлсөлж ажиллуулж байгаа гадныхан үүнийг жаахан анхаарч монгол хүнд соёлтой боловсон, зөв хандаж харицаж байна уу, үгүй юу гэдгийг тандаж, шалгаж баймаар байна. Тэгэхгүй бол нэг айлын ааштай авгай, эрх охин, эсвэл нэг хямсгар залуугийн дураар асуудал жинхэнэ эзэндээ очихоос өмнө шийдэгдэх болоод байгаа нь нууц биш юм. Эрхбиш монгол хүн юм бол монголчуудаа дэмжиж, нэг ч болов монгол хүний визийг нь өгүүлэх, явуулах талаас боддог баймаар. Яагаад ийм хүмүүс гадны элчингүүдийн үүд цонх хавиар суугаад байгаагийн учир шалтгааныг хөөвөл гадаадад голдуу амидарчихсан, монгол улс, эх орны байдал, орчин тойрон, нөхцөл боломжоо мартчихсан, эсвэл гадны хөгшин, залуу нэг юмтай сууснаа их юманд бодчихсон улс голдуу танил тал, арга чаргаараа энэ ажилд ороод хийж байдаг байна. Уг нь ингэж тухайн орны хүмүүсийг элчиндээ ажиллуулдаг жишиг хаа сайгүй бий. Жишээ нь Японд суугаа Монгол Элчин Яаманд ч япон хүн ажиллаж л байна.Бээжинд байгаа Америкийн элчинд хятад хүн ажиллаж л байгаа.
Ийм хүмүүсийн үндсэн үүрэг бол ердөө л хүмүүстэй соёлтой боловсон харицах, хэм хэмжээг сахих, тухайн элчин яамны шаардлагын хэмжээнд материалыг бүрэн бүтэн хүлээн авч цааш дамжуулах. Тэрнээс эд нарт та яг юу хийхийн, та япон хэл мэдэхгүй байна, таны материал сайн муу байна гэж шалгаах, үнэлж дүгнэх юм уу, таны виз баараагүй, эсвэл таны виз ч гарахгүй л байх аа даа гэх мэтээр уридчлан  амаар виз өгөх, цуцлах, айлгах, элдэв янзаар дарамтлаж,  хүнийг сэтгэл санаагаар зовоож тоглох учиргүйсэн. Монголд визгүй зорчдог улсын тоо нэмэгдээд байгаагийн нөгөө талд жирийн муусайн монголчуудад хатуурхах нь улам улам нэмэгдэж байгаагийн нэг нь энэхүү элчин яамдын үүдэнд суугаа монгол нөхдүүд өөрсдөө шүү.  Монголчуудаа дэлхийн хөгжингүй оронд визгүй хөл тавидаг болгож гийгүүлдэггүй юм гэхэд ядаж тэнд суугаа "хар хүн шар хүний өмнөөс л шийд гаргаад  баймааргүй" байх юм даа.
Токио, 12.04.2010

No comments: