Уялга үг
Хоршоо үг хэмээх ойлголт бол холбоо үг, нийлмэл үг, хэлц үг шиг өөрийн гэсэн бие даасан гарал үүсэл, зүй тогтол, онцлогтой монгол хэлний үгийн сангийн бүрэлдэхүүнд маш том орон зай эзлэх хамгийн их багтаамжтай судлагдахуун юм. Монгол хэлний хоршоо үг гэж юу болох, ямар онцлогтой болох, хэрхэн ангилах, хэрхэн хэрэглэх талаар үе үеийн эрдэмтэн, судлаачид сонирхон судласаар ирсэн. Харин нэг зохиолын тэр дундаа эртний уран зохиолын хэрэглэгдэхүүнээс хоршоо үгийг эрж хайсан цуглуулсан, судалгаа хийсэн нь тийм олонгүй. 1990 онд профессор М.Базаррагчаа “Монгол хэлний хоршоо үгийг хэрэглэх тухайд” хэмээх бүтээл туурвиж монгол хэлний хоршоо үгийг хэрэглэх талаар болон Б.Ринчений “Сандо амбан”, Лувсанданзаны “Алтан товч” зохиолын хоршоо үгийг түүж, ангилан задлаж, тодорхойлсон байдаг. Үүнээс өөр эх зохиолын хоршоо үгийн дагнасан судалгаа, хэлний хэрэглэгдэхүүн гараагүй байх.
Харин судлаач, доктор Д.Баасанбат өөрийн олон жилийн судалгааны ажлын үр дүн болсон “Хөх судар” романы хоршоо үгийн судалгааны нэг сэдэвт зохиолоо та бүхний гар дээр тавьж байна. Энэ ажилд тэрбээр Монгол хэлний хоршоо үгийг судлагааг дэлгэрэнгүй авч үзсэний зэрэгцээ, уг романы хоршоо үгийн давтамжийг хоршоо үг тус бүрээр тодорхойлон тооцоолж, уг зохиолд хэрхэн хэрэглэсэнийг жишээгээр батлан үзүүлжээ.
Нэг зохиолын хоршоо үг тэр дундаа монголын эртний уран зохиолын нэртэй томоохон бүтээлийг ийнхүү нарийвчлан тооцоолж судалгаа хийсэн нь монгол хэлний хоршоо үгийг судлагч нар, оюутан, магистрант, докторант нарын сурах, судлах үйлст ихээхэн хэрэгтэй гарын авлага бэлэн хэрэглэгдэхүүн болж байгаа юм.
Энэ зохиолд нийт 7000 шахам хоршоо үгийг баримттай авч цагаан толгойн дэсээр жагсаасан бөгөөд үг тус бүрийг чухам аль дэвтэрт, хэддүгээр талд хэрхэн бичсэнийг нягтлан тодорхойлсон нь эрдэм номын хүний няхуур нямбай, тэвчээртэй чанарыг илтгэсэн нүсэр ажил болсоныг дурдалтай. Хоршоо үг бол хэлний тэгш хэм, сондгойруулахгүй байх зарчим, яруу сайхан найруулан бичихэд тустай хамгийн баялаг материал болдог бөгөөд монгол хэлний арвин баян, яруу тансаг болохыг илтгэх энэхүү эх бичгийн хоршоо үгийн судалгаа нь эх хэлээ сурч судлах, найруулан бичих хэнд боловч хамгийн ойрын гарын авлага, хэрэглэгдэхүүн чухам хамгийн сайхан бодит жишээ болох нь дамжиггүй.
Энэхүү номыг “Mon-Education Press” хэвлэлийн газраас гаргаж байгаа “Эх хэл – эрдэнэсийн сан” цувралын хоёрдугаарх болгон хэвлүүлэв.
Хэлшинжлэлийн Ухааны Доктор (Dr.Sc.)
________________________
Жанцангийн БАТ-ИРЭЭДҮЙ
1 comment:
ene nom hezee garsan nom be haanaas avch boloh bol?
Post a Comment