ХАВРЫН БАЯР - ХАМТЫН БАЯР
Япон дахь Монголын Оюутны Холбооноос эрхлэн зохион байгуулдаг “Хаврын баяр”-ын 2009 оных 5 дугаар сарын 3-4 нд Токио хотын Нерима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд амжилттай сайхан болж өнгөрлөө. Хаврын баяр "Таны мэдэхгүй Монгол, Боловсрол ирээдүйн түлхүүр" уриан дор боллоо. Энэ жилийн хаврын баярт олон хүн цуглажээ. Залуучууд сайхан зохион байгуулсан байна. Энэ хоёр өдөр тэнгэр хангай ивээж бороо хургүй, нар салхи нь налайсан сайхан өдрүүд байлаа. Монгол орныг, монголчуудыг Япон хүмүүст таниулахад маш том алхам боллоо. Хаврын баярыг Монгол Улсаа Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Р.Жигжид, Япон дахь Монгол Оюутны Холбооны тэргүүн Ц.Гэрэлт нар албан ёсоор нээж үг хэллээ. Энэ хоёр өдөр олон төрлийн арга хэмжээ зохиогдсоны дотор монголын соёл, түүх, орчин үеийн байдлыг сурталчлах үйл ажиллагаа голлох байртай байлаа. Монгол дээл хувцас, япон кимоно өмсөх, монголын тухай фото зураг үзүүлэх, монгол уламжлалт тоглоом шагай, наадгайгаар тоглох, монгол гэр барих буулгах, монгол хоол ундаар үйлчлэх, үзүүлэх, монгол дуу хуур, хөөмий, морин хуурын тоглолт, Монгол урлаг үсгээр бичих, Монгол Япон хувцасны үзүүлбэр, гараа зэрэг олон төрлийн арга хэмжээ нэг дор цогцолжээ. Энэ баяр бас ар, өвөрийн монголчууд нэгэн дор нэгдэж нийлэн баярлах таатай сайхан завшаан болдогийг энд дурдахгүй байж болохгүй.
Баярын үеэр болсон томоохон арга хэмжээнээс дурдвал Япон, Монголын монголч эрдэмтэд монголын түүх, соёл, хэл, уламжлалын талаар илтгэл хэлэлцүүлэн Монголыг сурталчиллаа. Монгол, болон Япон хэлээр хэн сайн ярих вэ уралдаант speech contest болж Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн аспирант К.Аоки түрүүллээ. Тэрбээр монголын ардын урлагийн нэгэн сонин хөгжмийн зэмсэг болох эвэр бүрээний тухай Япончуудад тайлбарлаж өгсөн юм. Монголчууд Япон хэлээр маш чадамгай сайхан ярьж байна. Өдөр нь Монгол 32 бөхийн барилдаан болж аймгийн арслан Б.Дамба түрүүлж, сумын заан Д.Төмөрбаатар үзүүрлэлээ. Барилдааныг Японд барилдаж байгаа ёокозуна Д.Дагвадорж, М.Даваажаргал, озеки А. Амаа нар өөрсдийн биеэр үзэж, спонсордон байлсан нь олны талархал хүлээв. Орой нь “Ай эМ Эй” театрт Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сарантуяа төрсөн өдрийн баяраар тавьсан шинэ концертоо Япон улсад суугаа Монгол түмэндээ толилууллаа. Тэрбээр Япон улсад анх удаа тоглолт хийж байгаа юм байна. Мөн оюутан Энхзаяа, Хандаа нар монгол ардын дуу, бүжгээр үзэгчдийн сонор мэлмийг мялааж, Япон дуучин Аяака Саегуса, Ито Майко нар монгол ардын уртын дуугаар ая дуугаа өргөлөө. Тэд бүгд Токиогийн Гадаад Судлалын Их Сургууль төгссөн монгол судлаачид ажээ. Мөн Монгол, япон сурагчдын дунд явуулсан “Миний мөрөөдлийн ажил” зохион бичлэгийн уралдааныг дүгнэж байр эзлүүллээ. Баярын хаалтыг сумогийн их аваргууд хийж Монголчууд "олноороо" ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ дуугаа дуулж баяр өндөрлөлөө. Хаврын баяр Монгол, япончуудын хамтын баяр боллоо.
Токио, 2009 оны 5 сарын 22
No comments:
Post a Comment