Зураг дээр: Dr. B.Enkhmandah (Embassy of Mongolia), A J Sanders (University of London), John Guant (University of Cambridge), Judith Nordby (University of Leeds, David Sneath (Oxford University), Өргөнгөө Онон, (University of Leeds), Caroline Humphrey (University of Cambridge), J.Bat-Ireedui (University of Leipzig) Foreign Office, London, Nov. 2003,
Кембрижийн Их Сургуулийн Профессор Каролина Хамприд МУИС-ийн Хүндэт доктор цол гардуулах ёслолын үеэр
Кембрижийн Их Сургуулийн Профессор Каролина Хамприд МУИС-ийн Хүндэт доктор цол гардуулах ёслолын үеэр
БРИТАНИЙН МОНГОЛ СУДЛАЛ, МОНГОЛЧ ЭРДЭМТЭД
Английн монгол судлал бол ерөнхийдөө их сургуулиуд дээрээ төвлөрч, түшиглэж хөгжсөн уламжлалтай.
Английн монгол судлал 19 дүгээр зууны үеийн нэрт эрдэмтэн, тухайн үеийн парламентын гишүүн Хэнри Новортын оролдлоготой салшгүй холбоотой. Тэр 1876-1888 оны хооронд “9 дүгээр зуунаас 19 дүгээр зуун хүртэлх монголчуудын түүх” хэмээх 4 боть, таван дэвтэр ном бичиж английн монгол судлалын түүхийг эхлүүлжээ.
Энэ номдоо монгол угсаатны түүх, тухайлбал, халимаг, буриад, хошууд, хэрэйд, халх, цахар зэрэг монгол аймаг, улсуудын түүхийг нэлээд бүрэн бүтэн системтэй бичиж монголчуудын шашин шүтлэг, соёл, амьдрал, зан заншил зэрэг олон талыг гүйцэд харуулсанаар тухайн үеийн эрдэмтдэд монголчуудын тухай гүнзгий ойлголтыг өгч чадсан байна. Тэр энэ номоо бичихдээ өрнө дахины хэлээр бичигдсэн материал болон перс, араб хэлээрх материалыг их ашигласнаас биш монгол хэлээрх материал ашиглаж чадаагүй гэж үздэг. Тухайлбал, ХIII зууны монголын алдарт зохиол “Монголын нууц товчоо”-г ашиглаагүй аж.
Энэ хүний дараа английн шашны болон шинжлэх ухааны тэргүүтэн хэсэг хүмүүс байгалийн шинжлэх ухааныхан монгол нутгаар аялж жуулчлан, шинжилгээ хийжээ. Энэ хүмүүсийн хийсэн ажил бүтээл, тэмдэглэл тэргүүтэн нь английн монгол судлалын түүхэнд тэмдэглэгдэх учиртай. Английн шашны тэргүүлэгч Жеймс Хилмор 1870-1871 онд Монгол оронд сууж тэр дундаа Өвөр Монголд амьдарч Монголчуудын тухай гурван ном бичиж үлдээжээ. Энэ ном нь “Монголчуудын дунд” 1883, “Монголд хийсэн судалгааны ажлын тэмдэглэл” 1886, “Монгол хүний тухай дахин үгүүлэх нь” 1893, зэрэг болно. Эхний хоёр номд голдуу 19 дүгээр зууны сүүлчийн монголчуудын амьдрал ахуй, шашин шүтлэг, соёлын талаар нэлээд зүйлийг тэмдэглэн үлдээсэн бол сүүлийн номдоо 1870 оны Чуулалт хаалга – Хиагт – Чуулалт хаалга”-ын хооронд хийсэн аялал, халхчуудын тухай ойлголтоо бичиж тэмдэглэжээ.
Мөн Английн шашин сурталч Ж.Хедли ХХ зууны эхээр монгол оронд ирж аялан, жуулчилж монголчуудтай уулзаж учирч явжээ. Тэрбээр аялалаасаа буцаж очоод “Монголчуудын дунд жуулчилсан минь” Шанхай, 1906, “Балар харанхуй монгол дахь жуулчлалын тэмдэглэл” Лондон, 1910 гэдэг хоёр ном бичжээ. Энэ номд тухайн үеийн монголчуудын амьдрал, нийгмийн байдлыг шинжлэн “Монголчууд шарын шашны номлолд хэтэрхий нөлөөнд орж, түүхийн гутрангуй үедээ ороод байна” гэж тэмдэглэж байжээ.
Эрдэмтэн Д.А.Карроцес хэдийгээр байгалийн ухааны хүн байсан ч Монголын талаар аялж, 20 дугаар зууны эхээр баруун монголд сууж, урианхай, зүүн гарын монголчуудыг сурвалжлан тойрч, “Хэнд ч үл анзаарагдам Монголчууд” Лондон, 1913-1914, гэдэг зохиол туурвин хэвлүүлжээ. Энэ ном бол баруун монголчуудын амьдрал байдлыг европынханд танилцуулсан ном байлаа.
Английн монгол судлал энэ хүний дараа нэг хэсэг зогсонги байдалд орсон байна. ХХ зууны жараад оны эхээр Овен Латтимор болон Онон Өргөнгөө хоёул Америкаас Англид очсон нь Английн монгол судлал сэргэн мандахад ихээхэн тус хүргэсэн байна. 1963 онд Англид “Англи-Монголын нийгэмлэг” хэмээх төрийн бус байгууллагын статустай байгууллага байгуулагдсан нь английн монголч эрдэмтэд үйл ажиллагаагаа сэргээх бас нэг аян шалтаг болсон юм. Тус нийгэмлэгийн анхны дарга нь Жон А.Бойле гэдэг хүн болж Овен Латтимор гишүүнээр элсэн, дараа нь нийгэмлэгийн ерөнхийлөгч болжээ. 1965 оны 5 дугаар сарын 19 нд нийгэмлэгийн анхны хуралдаан болж С.Волиб нийгэмлэгийн орлогч даргаар томилогджээ. Мөн оны 11 дүгээр сард тус нийгэмлэгийн дарга Монгол Улсад айлчилжээ. Тус нийгэмлэг нь тухайн үеийн энх тайван, найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны хороотой хамтран ажиллаж, мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байсан байна.
1967 онд Англи монголын нийгэмлэгийн сэтгүүлийн анхны дугаар хэвлэгджээ. Энэ сэтгүүл нь жилд нэг удаа хэвлэгдэж үүнд монгол хэл, соёл, түүх, орчин үеийн байдлын талаар хийсэн судалгааны болон бусад хэрэглэгдэхүүн хэвлэгдэж байжээ. Англи монголын нийгэмлэгийн гишүүдийн ихэнх нь монголч эрдэмтэд байсан бөгөөд тэд монголын судлалаар хийсэн бүтээлээ тус сэтгүүлд хэвлүүлж олны хүртээл болгож байсан байна. Нийгэмлэгийн анхны дарга Манчестерийн их сургуулийн Перс судлалын тэнхимийн эрхлэгч асан профессор Жон Бойле судалгааны чиглэлээ их хаадын үеийн болон түүнээс өмнөх үеийн уламжлал болон персийн түүх рүү чиглүүлж байжээ. Тэр Жувенийн “Дэлхийг байлдан дагуулагчдын түүх” номд тайлбар зүүлт хийж 1958 онд хэвлүүлсэн ба “Бага Армяны Ван Хетүм нэгдүгээрийн аялалын тэмдэглэл”, “Их хаан Мөнхийн оронд хүрсэн нь” 1964, “Монгол түүхэн сурвалж бичиг болон Раш ид Ад Дины чухал чанар” 1970, “Дундад зууны үеийн турк болон монголын бөөгийн шашин” 1972, “ХIII зууны үеийн монголчуудын сүнсний тухай ойлголт”, “тэдний оршуулгын тухай зан үйлийн үлдэгдэл” 1974, “Хэрэйд аймгийн өвөлжөө, зуслангийн тухай” 1978, “Их хаан Өгэдэйн улирлын ордон” 1974, “Сорчин үндэстний түүхэн дэх монгол нэрийн тухай зарим нөхвөр, тэмдэглэл” 1975, “Чингис хаанаас өмнөх Монголчууд, тэдний уламжлал” 1975, “Монгол - дэлхийн хаант улс 1206-1370” 1977, зэрэг бүтээлүүдийг туурвин нийтлүүлжээ. Проф. Бойлегийн шавь доктор Петр Жаксон Д.Морганы хамт “Фриар Вилиам Рубрукийн аялал” 1990, гэдэг номыг орчуулан тайлбар сэлтийн хамт баяжуулан хэвлүүлсэн байна. Нийгэмлэгийн өөр нэг үүсгэн байгуулагч нь нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч асан Серге Волф бөгөөд тэрээр 1926-29 онд 13-17 насны монгол хүүхдүүдийг Германд сургахад чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ. Мөн дараагийн орлогч дарга Айвр Г.С.Монтагу 1954 онд Зохиолчдын хорооны шугамаар Монгол Улсад айлчлан хүрсэнийхээ дараа “Хөх тэнгэрийн орон - өнөөгийн монголын дүр зураг” Лондон, 1956, гэдэг ном хэвлүүлжээ.
Англи Монголын нийгэмлэгийн гишүүн Кембрижийн их сургуулийн багш байсан доктор Этел Юухан Линдгрен Уци монгол ба манжийн талаар судалгаа хийж нэлээд бүтээлүүдийг гаргасанаас хамгийн том нь “Зүүн хойд манжийн дагуур, солон ба бөөгийн хувцас” 1935, “Нийгмийн сэтгэл зүй, ба хээрийн судалгаа” 1934 зэрэг болно.
Английн монголын судлал нь ихэнхидээ тус сургуулийн томоохон их сургуулиудийг түшиж хөгжиж ирсэн гэж өмнө дурдсан бөгөөд үүнд Лийдсийн Их Сургууль, Лондоны их Сургууль, Кембрижийн Их Сургууль зэрэг болно. Үүнээс дэлхийд алдартай Кембрижийн их сургуульд монгол судлалын салбарыг тасралтгүй ажиллуулан дэмжиж байдагыг монгол судлаачид бахархан тэмдэглэж байдаг билээ.
Монгол судлалын хуучин уламжлалтай одоо ч хүчтэй хэвээр байгаа нэг их сургууль бол Лийдсийн их сургууль билээ. 1968 онд Лийдсийн их сургуулийн хятад судлалын тэнхимд профессор О.Латтимор, Онон Өргөнгөөгийн хамт монгол судлалын тасгийг байгуулж , монгол судлаач мэргэжилтэн нарыг бэлтгэж эхэлсэнээс гадна 1969 онд тус салбартаа монгол судлалын тусгай хөтөлбөр зохиож монголын түүх болон монгол хэл зааж 1970 онд анхны төгсөлтөө хийжээ.
О.Латтимор чөлөөнд гарсан тул 1972 онд Онон Өргөнгөө тасгийн эрхлэгч болж, монголын түүхийг Евинг залгаж заажээ. Онон Өргөнгөө Лийдсийн их сургуульд он удаан жил ажиллаж монгол судлаач, эрдэмтэн бэлтгэхэд их анхаарал тавьсан бөгөөд монголын түүхийн чиглэлээр олон ном бичиж, бас монголоос англи руу орчуулж л байлаа. Тухайлбал “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Түүх”-ийн гуравдугаар дэвтэрийг 1975 онд орчуулан хэвлүүлж, монголын амьдрал, зан үйл, ёс заншил, соёлын харьцуулсан дуртгалын ном бичиж хэвлүүлжээ. Монголын алдарт зохиол “Монголын нууц товчоог “Чингис хааны түүх, амьдрал” гэдэг нэрээр тайлбар сэлтийн хамт англи хэлээр хэвлүүлсэн нь Англид төдийгүй англи хэлээр хэлэлцэгч орнуудад одоо ч эрэлт хэрэгцээтэй байна. Тэрбээр Д.Притцадтай хамтран “Ази тивийн хамгийн анхны орчин үеийн хувьсгал”, К.Хамфритэй хамтран “Бөө ба удган” ном бичсэн. Алтан гадас одонт өвгөн профессор одоо ч тэндээ энх тунх амьдарсаар байна.
Английн монгол судлаачдын олон бүтээл Лийдсийн болон Лондон, Кембрижийн их сургуулиудын хэвлэлээр хэвлэгдэж гарчээ. Тухайлбал, профессор Латтиморийн “Нүүдэлчин ба хувьсгалчид” 1962, “Зах хязгаарын түүх судлал” 1962, Онон Өргөнгөөгийн “Монгол дахь хүүхэд ахуй нас минь” 1972, “Хорьдугаар зууны монголын баатарууд” 1976, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх”, д-р М.Санждоржийн “Ар монгол дахь манж хятадын колончилолын дэглэм” 1979, “Азийн анхны орчин үеийн хувьсгал, 1911-1914”, д-р Евингийн “Индианы их сургуульд хамгаалсан сэдвээрээ бичсэн “Алх, дөшийн хооронд” 1980 зэрэг бүтээлүүд, олон тооны эрдэм шинжилгээний үгүүлэлүүд хэвлэгджээ.
Лийдсийн их сургууль бол монгол судлалаар эрдэмтэн бэлтгэж гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан их сургууль. Энд одоогийн Кембрижийн их сургуулийн профессор, МУИС-ийн хүндэт доктор Кембрижийн монгол судлалын төвийн тэргүүн хатагтай Каролаин Хамфри мастерийн зэргээ хамгаалж, төгсөж байж.
Лийдсийн их сургуулийн орос, герман, араб хэл, соёл судалдаг хүмүүс ч монгол хэлшинжлэлийг их сонирхож байжээ.
Одоо тус их сургуулийн монгол судлалын багшаар тус сургуулийн үндсэн төгсөгч хатагтай, д-р Жүдит Нордбай ажиллаж байна. Тэрбээр “Бүгд Найрамдах Монгол Ард Улс, 1924-1928 сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан ба монголын орчин үеийн түүх, соёлын чиглэлийн олон үгүүлэл бичиж, монгол ном зохиол нэлээдийг орчуулжээ. Мөн Англи Монгол нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж, Англи Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрдэмтэн билээ.
Доктор Дерек Притцат Лийдсийн их сургуулийн монгол судлалын ангийг 1968 онд төгссөн бөгөөд 1969 онд эрдмийн зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1970 оны Монголч эрдэмтдийн II их хуралд оролцож, 1977 онд хоёр орны соёлын хэлэлцээрийн дагуу Монголд ирж судалгаа хийж байжээ. Тэрбээр манай боловсролын тогтолцоог нарийвчлан судалсан хүн билээ.
Лийдсийн их сургуулийн эрдэмтэн, мэргэжилтэн нар гадаад хэргийн яам, хамтын нөхөрлөлийн байгууллагуудад монгол хэл заах, монголын тухай мэдээлэлээр хангах, сурталчилгаа, тайлбар хийх, зөвлөгөө өгөх, баримтат кино бүтээх, музей, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг өргөн хүрээтэй ажил хариуцдаг ажээ.
Мөн Лийдсийн их сургуульд 1960 оноос эхлэн монгол оюутан, мэргэжил дээшлүүлэгч нар суралцаж англи хэл, соёл сурч байснаас одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаяр, их хурлын гишүүн Д.Амаржаргал нарын зэрэг маш олон сэхээтэнүүд тэнд сурч хүмүүжиж байлаа.
Наяад онд дээрх монголч эрдэмтэд Лийдсээс хаяа тэлж дэлхийд алдартай Кембрижийн их сургуульд монгол судлалын төв нээхэд анхаарлаа хандуулжээ.
2. Кембрижийн их сургууль бол Английн хоёр дахь том их сургууль, дэлхийд нэртэй их сургууль гэдгийг хэн хүнгүй мэднэ. Анх 1248 онд бичиг үсгийн хүрээлэн маягаар анх байгуулагдаж байжээ. Дараа нь 1318 онд Ромын шашны хаанд их сургууль хэмээн өргөмжлөгдсөн түүхтэй. Энэ алдартай их сургуульд монгол судлалын төв байгуулагдан ажиллаж байгаагаар бид бахархах ёстой юм.
1948 онд Денис Синор гэдэг хүн Парисаас ирж Кембрижийн Их Сургуулийн Дорно дахины факультетэд Алтай судлалаар лекц уншингаа сонгодог монгол бичиг зааж эхэлсэн бөгөөд тэрээр 1962 онд АНУ-ын Индианы их сургуульд шилжин Урал Алтай судлалын тэнхим байгуулжээ. Тэрбээр Кембрижийн их сургуульд сонгодог монгол бичиг, алтай хэлшинжлэл, монголын түүх, төв азийн этнограф зааж байжээ. Сүүлд Германы Мюнхэний их сургуулийн хятад судлалын профессор болсон Херберт Франк, АНУ-ын Пренцтоны их сургуулийн профессор болсон Денис Твитчетт, Кембрижийн их сургуулийн хятад хэлний профессор болсон Едвин Г.Пуллеибланк, Британы академийн жинхэнэ гишүүн болсон Чарльз Бауден нар түүний шавь байжээ. Профессор Синор гуай Ч.Баудены “Алтан товчийн судалгаа” докторын зохиолын зөвлөх, удирдагч нь байсан байна.
Тус их сургуулийн дэргэд 1986 оны 3 дугаар сард “Монгол ба төв азийн судлалын төв”-ийг анх д-р Онон Өргөнгөө, К.Хамфри нар санаачлан байгуулжээ. Үүнийг тухайн үед монголч О.Латтимор гуай уухайлан дэмжиж шинэ тутам байгуулах бүх зардал сүйтгэлийг гаргаж байсан төдийгүй өөрийн хувийн номын санг тус төвийн мэдэлд шилжүүлсэн байна. Энэ төв Монгол болон төв азийн судалгааны болон сургалтын ажлыг гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн олон орноос монгол судлаачид очиж суралцаж байгаа томоохон салбарын нэг болно. Одоо энэ төв Дорно дахины салбарт харьяалагдаж, Д-р Дэвид Снийт эрхлэгчээр, Онон Өргөнгөө ерөнхий менежрээр ажиллаж байна.
Кембрижийн их сургуульд монгол судлалын төв байгуулсан нь монголч эрдэмтэн О.Латтимор, О.Өргөнгөө нарын хичээл зүтгэлээр бий болсон бөгөөд өнөөдрийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгаа проф. К.Хамфрийн сэтгэл зүтгэлтэй холбож үзэх ёстой. К.Хамфри 1962 онд Кембрижийн их сургууль төгсөж, ОХУ-ын буриад, Монгол Улсын МУИС, ШУА-д сурч, дадлага хийж, Д-р Чой.Лувсанжав багш болон бусад хүмүүсээс ном сурч, төв болон баруун монголоор аялж шинжилгээ судалгаа хийж, материал цуглуулжээ. Түүний монгол судлалаар бичсэн бүтээлээс дурдвал “Бөө болон түүний хүртэх” 1971, “Сэлэнгийн буриадын ураг барилдах уламжлал” 1973, “Монголчуудын морины тамга – нүүдлийн соёлын бэлгэдэлийн тогтолцоо” 1974, “Бэлгэ тэмдэг болон түүний тухай тайлбар” 1976, “Монгол үндэстний аж ахуй, нэгдлийн байр суурь” 1978, “Эмэгтэйчүүд ба цээр хорионы зүйл” 1978, “Умард азийн бөө мөргөлийн үзэл” 1980, “Нүүдлийн үзэл ба улс, өмнөл сибирийн нүүдэлчид хэмээх номын удиртгал” 1980, “Монголын тариалан” 1986, “Дагуур бөө мөргөл дэх өөр биеийн тухай ухагдахуун” 1978, “Нийгэм журмын бурханы шашин, ламын шашныг өөрчлөх хөдөлгөөн” 1983 зэрэг бүтээлүүд болно.
Кембрижийн их сургуулийн монгол, төв азийн судлалын төвд манай монгол судлаачид уригдан очиж багшилж байсанаас Б.Дамдин, Л.Чулуунбаатар, Г.Жамбалсүрэн, Ж.Бат-Ирээдүй нар багшилж байсан байна. Одоо судлаач Л.Баярмандах монгол хэл, соёлын хичээл зааж байна.
3. Лондоны их сургууль нь мөн монгол судлалын талаар шилдэг уламжлалтай сургууль юм. Анх 1955 онд эрдэмтэн Чарльз Бауден Лондоны Их Сургуулийн Дорно дахин, африкийн судлалын сургуульд монголын судлалыг сонгодог хичээлийг маягаар зааж эхэлжээ. Түүнийг Лондоны их сургуульд монгол судлалыг бий болгоход Германы эрдэмтэн Хайссиг гуай их нөлөөлсөн аж. 1963 онд тус сургуульд Бонны их сургуулиас Халтод гэдэг хүн уригдан ирж, гурван сар ажиллаад буцсаны дараа Жагчид Сэцэн Тайванаас ирж бас хэсэг хугацаанд ажиллажээ.
Эрдэмтэн, академич Чарьлз Бауден Лондоны их сургуулийн Дорно дахин, африкийн судлалын сургуульд (ДДАСС) олон жил ажилласан хүн. Тэрбээр багшаас эхлээд проректор хүртэл албан тушаалд амжилттай ажиллаж байсан юм. Тэрбээр 1967-1968 онд БНМАУ-д зургаан сар сураад улстаа буцсаны дараа Лондоны их сургуульд монгол хэл сурах анги нээж, Лондоны их сургуулийг Европ дахь Монгол судлалын томоохон төв болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гавьяатай хүн. Тэрбээр монголын түүх, уран зохиол, эх бичгийн талаар судалгаа хийж “Алтан товч” 1955, “Бигармижид хаан ба гучин хоёр модон хүний үлгэр” 1962, “Хүрээний Жавзандамба хутагт” 1962, “Монголын шинэхэн түүх” 1968 зэрэг олон бүтээлийг орчуулж, хянан тохиолдуулах бэрх хэцүү ажлыг гүйцээжээ. Германы монголч эрдэмтэн В.Хайссигтай хамтран “Монголын Боржигин овгийн түүх” хэмээх номоо хэвлүүлж, “Монголын эрт ба эдүгээ” 1959, “Сүнс дуудах ёс” 1962, “Дундад улс ба Монгол орны хоорондох харилцааны тухай ажиглалт” 1974, зэрэг үгүүлэл туурвин нийтлүүлсэн байна. Мөн 1963 оноос эхэлсэн “Монгол англи толь бичиг”-ээ 1995 онд хэвлүүлж, 2003 онд “Монголын эртний уран зохиолын дээж”-ээс орчуулан хэвлүүлжээ.
Тэрбээр английн монгол судлалын халааг бэлтгэхэд их анхаарсан хүн. Түүний шавь Лондоны Викториа Алберт музейн алс дорнодын тасгийн орлогч захирал Крайг Клунас монгол судлалаар нэлээд бүтээл туурвижээ. Тэрбээр 1978-1980 онд “Эрдэнийн товч” зэрэг сурвалж бичгээс гадна 20 дугаар зууны гучаад оны монголчуудын нийгмийн амьдрал, өвөр монголын хүн амыг шинжилсэн орчин үеийн сэдвээр хэд хэдэн үгүүлэл бичиж “Англи-Монголын мэдээ” сэтгүүлд хэвлүүлжээ. Тэрбээр Кембрижийн их сургуульд хятад хэл сурч монгол ба хятад бичгийн дурсгалт зүйлийн сонирхон судлаж, улмаар “Инжинашийн нэгэн давхар асар буюу XIX зууны үеийн хятад монгол роман” сэдвээр 1982 онд дорно дахин, африкийн судлалын хүрээлэнд докторын зэрэг хамгаалжээ.
1984 оноос профессор Ч.Бауденыг чөлөөнд гарсаны дараа түүний ажлыг д-р Дэвид Моорган, Алан Сандерс нар залгамжлан авчээ.
Д.Моорган бол Монголын түүхийг судлаж “Монголчууд” 1987 гэдэг номыг Оксфордын их сургуулийн хэвлэхээр хэвлүүлсэн эрдэмтэн.
Монгол судлаач Алан Сандерс бол монголын улс төр, нийгмийн байдлыг нарийн судалдаг бөгөөд тэрбээр урд нь ВВС-гийн хэвлэлийн хороонд сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд Улаанбаатарт хэд хэдэн удаа ирж МУИС-д сурч, монголч эрдэмтдийн хуралд оролцож байжээ. Тэрбээр монголын улс төр, эдийн засаг, нийгэм, байдлыг судлан “Монгол Улс, Улс төр, эдийн засаг, нийгэм” 1987, “Бүгд Найрамдах Монгол Ард улс, Ерөнхий гарын авлага” 1986, “Монголын түүхэн толь бичиг” 1999, 2004, “Mongolian Phrasebook” 1995, “Colloquial Mongolian” 1999, "Dictionary of Mongolian-English, English-Mongolian Abbreviations" 2006 зэрэг ном туурвижээ.
1991 онд Лондоны их сургуульд монгол хэлийг албан ёсоор заах хөтөлбөртэй болсноор тэрээр монгол хэлний багшаар томилогдож, тогтмол хичээл зааж, мөн Монгол Улсаас мэргэжилтэн багш урин хамтран ажиллаж МУИС-ийн багш Л.Чулуунбаатар, мөн миний бие хамтран ажиллаж байлаа. Бид одоо ч номын сайхан андууд байж хамтран ном бичсээр байгаа.
Мөн тус сургуулийн хэлшинжлэлийн тэнхимд Моник Шагайт хэмээх хэлшинжлэлийн ухааны доктор бүсгүй монгол гадаад зэрэгцүүлсэн бол харьцуулсан хэлшинжлэлээр ажилладаг бөгөөд халх авиа, монгол хэлний нутгийн аялгуу, хэлний зүйг турк зэрэг бусад хэлтэй харьцуулан судалж, монгол хэлшинжлэлийн эрдэмтдийг бэлтгэн гаргахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Лондоны Их Сургуулийн ДДАСС-иас 1980, 1987, 1991 онд “Өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилт”, “Монголын соёл урлаг” , “Монголын эзэнт гүрэн, түүний өв залгамжлал” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж дэлхийн монголч эрдэмтэд уригдан оролцсон байна.
ДДАСС-ийн номын сан бол Англи дахь монгол судлалын номоор хамгийн арвин номтой нь билээ. Энд англи, герман, орос, франц, хятад, япон, монгол хэлээр бичсэн 3000 шахам ховор болон гар бичмэл, эх зохиол бусад номын хөмрөг хадгалагдаж мөн байнга баяжиж байдаг юм.
2008 оны 4 дүгээр сард "Өнөөгийн Монгол" сонинд хэвлэгдсэн үгүүлэл
No comments:
Post a Comment