2008 оны 2 дугаар сард багш нарын баярт зориулсан
"ЦАГ ТӨР ХҮМҮҮС" сэтгүүлийн боловсролын сэдэвтэй нийтлэлийн дугаарт
зориулан бичсэн өмнөх үг
"ЦАГ ТӨР ХҮМҮҮС" сэтгүүлийн боловсролын сэдэвтэй нийтлэлийн дугаарт
зориулан бичсэн өмнөх үг
БОЛОВСРОЛЫГ ЧӨЛӨӨЛӨЕ
Эрхэм хүндэт уншигч Танд Монголын багш нарын баярын халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. Эрдэм боловсрол, эрдэмт багш, эрхэм шавь хэмээх амьд гурван хэлхээнд шүтэж, багш, ном, лам гурвыг оройдоо залж, мөргөн сүсэглэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ бид.
Багш нарын баяр бол эрдэм боловсролыг шүтэж, гэгээрэл боловсролыг тэргүүндээ өргөн залж, ном судраа хүндэтгэн дээдэлж ирсэн ард түмний баяр аа. Баяр тэмдэглэх энэхэн агшинд бидэнд баярлаж бахархах сайн сайхан амжилтын зэрэгцээ бодож үзмээр, боловсруулж хурдан хиймээр зүйл их байгаа.
Зах зээлийн нээлттэй нийгэмд орсноор учир зүйгээ олох гэж хэрдээ их бужигнасан улс бол боловсролынхон. Боловсрол гэж ярихаар бага, дунд, их дээд гэсэн гурван түвшинд ярьдаг. Одоо ингээд бараг хорин жилийн босгон дээр бодоход боловсрол боловсорчихоод байна уу гэвэл үгүй л байна. Учираа олохгүй бужигнасаар л байна. Одоо байгаагаас хэд дахин илүү байх боломжийн цаг хугацаа бидэнд байсан. Үнэндээ төр засгаас боловсролыг тийм ч олигтой харж үзэхгүй, үзэхийг ч хүсэхгүй байна. Зах зээлийн нийгмийн эхнээс л хэчнээн ч олон шалдар булдар сайд тавигдаж боловсролоор тоглов. Тоглоом одоо болтол дуусаагүй л байна.
Ерөөсөө манай өнгөрсөн хорь шахам жилийн хамгийн том алдаа бол улс орныг, аливаа салбарыг “хар таамаг, цээжний панг”-аар удирдсан болж туршилт хийж байгаад л оршиж байгаа юм. Үүний үр дүнд ард түмэн, үр хүүхдүүд муу удирдагч, муу сайд, муу менежерийн золиос болж байна. Нэг дунд сургуулийн сурагчийн өмнө гараагүй, нэг их сургуулийн индэрт лекц уншиж үзээгүй, боловсролын салбарт нэг ч ажиллаж үзээгүй улс төрийн “баагий” яаж энэ гэгээлэг салбарыг удирдах вэ. Улс төрийн албан тушаал гэдгээр утга учираа олохоо больж шинэ сайд ирэх болгонд “шинэ төлөвлөгөө” хийж байна. Туршилт үргэлжилсээр, хүн амьдрал, ажил үйлс, амь насаараа хохиросоор ... Боловсролын салбарын үр дүнг гэдэг өнөө маргаашдаа биш хойч ирээдүйдээ гардаг юм.
Талхнаас авахуулаад бүх юмны үнэ чөлөөт зах зээлийн жишгээр явж голидрол шугамаа олоод байхад тухайлбал дээд боловсролын үнийг ард түмэн ядуу байна гэдэг шалтгаанаар дэлхийн хаа ч байхгүй үнээр хүчээр барьж байгаагаас болж мөнгөний хойноос хөөцөлдөж оюутны тоогоо ихэсгэсэн төрийн өмчийн бүх их дээд сургуулийн даац нь ихдэж, хөдөлж чадахаа болилоо. Үүнийг дээд, дунд, дооргүй хүлээн зөвшөөрч мэдсээр байж юу ч хийхгүй, хийхийг хүсэхгүй байна.
Боловсролыг боомилсон уяанаас салгахгүйгээр, дан ганц гадны хөрөнгө оруулалт, зээлээр бид олигтой хөгжүүлж чадахгүй, энэ ирээдүйгүй.
Эрдэмтэй багш нар минь сайхан баярлаарай, баярлахын хажуугаар бас бодоорой.
Хэлшинжлэлийн Ухааны доктор
Малчин овогт Жанцангийн Бат-Ирээдүй
No comments:
Post a Comment