2/22/2010

Шинэ ректорын сонорт


ШИНЭ РЕКТОРЫН СОНОРТ
Хэдийгээр би одоохон зуураа гадаадад ажиллаж байгаа ч МУИС-аа гэдэг сэтгэл маань хэзээ ямагт хамт байдаг, төрөлх сургуулиа аятайхан сайхан байлгахын төлөө санаа зовж явдагийн хувиар шинэ захиралын интернетэд тавьсан “МУИС-ийг 2009-2014 онд хөгжүүлэх хөтөлбөр”-тэй танилцаж өөрийн санал бодолоо хүргэе гэж бодлоо.
Энд захирал хэн болсон тухай ярих бол нэгэнт утгагүй зүйл болжээ. Утгагүй гэхийн учир нь манай Монголд дээрээсээ доошоо, дороосоо дээшээ ажлын хариуцлга, хууль ёс, зарчим, үнэнч шударга байх, гэдэг нэгэнт уланд гишгэгдэж, үнсэнд хаягдсан тул энэ тухай ярих нь шал балай хэрэг. Үүнийг хамгийн наад зах нь өнгөрсөн хэдэн сард болж өнгөрсөн манай их сургуультай холбоо бүхий хэн бүхний мэдэх үйл явдлууд гэрчилээд өгнө. Харин нэгэнт хамт олны саналаар биш ч яам тамгаас томилогдсон захиралыг энэ сургуулийг, хамт олныг хэрхвэл аятайхан сайхан болох, болгох талаас нь яривал ажилд нь хэрэг болох болов уу гэж бодож байна.
Хөтөлбөр ерөнхийдөө аятайхан болсон байна. Энд би хөтөлбөрийг нэг бүрчлэн ярихыг хүссэнгүй, харин өөрийн бодож явдаг зарим зүйлтэй уялдуулан саналаа хүргэхийг бодлоо. Шинэ захирал ажлын төлөвлөгөөг хэтийн, ойрын гэж хоёр хуваасан бөгөөд энэ хүрээнд гол гол зүйлүүдийг багтаажээ. Миний бодлоор хамгийн ойрын, хамгийн чухал зүйл бол МУИС-ийн бүтцийн тогтолцоо юм. Өнөөгийн нөхцөлд хамгийн зөв тохирсон бүтэц, зохион байгуулалт, удирдлагын зохистой тогтолцоог МУИС-ийн өөрийн эрх мэдэл, нөөцийн түвшинд өөрчлөх нь  МУИС- д юун түрүүнд хийх ажлын нэг яах аргагүй мөн. Энэ бол хөндлөнгийн хэний ч дур зорго, гар хөлөөс хол харин удирдлага тэр тусмаа захиралын хувьд хууль дүрмээр олггогдсон хууль ёсны зөвшөөрөлтэй ажил. Манай сургуулийн салбар сургуулиудыг хувийн сургууль шиг олон жилээр “өмчлөн” түүгээрээ бахархаж, баярлаж явдаг хүмүүс ч  бий. Хамгийн гол нь олон жил өмчлөөд орчин үеийн их сургуулийн төвшин хэмжээнд нь хүргэж чадахгүй үлгэн салган авч яваад энэ хүмүүсийн гол буруу оршиж байгаа юм. Харин Эрдмийн зөвлөл бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхэд хуучинсаг байдлаар хандахгүйгээр сайн туслах хэрэгтэй болов уу. Хэдий чинээ бүтэц, зохион байгуулалтын зөв өөрчлөлт хийх тусмаа эдийн засгийн болоод удирдлага менежментийн хувьд  үр ашигтай байх үндэстэй. Энэ өөрчлөлтөөр гол хийх ажлынхаа үндэс суурийг бий болгож цааш цааш янз бүрийн ажил зохион байгуулах аятай боломж бий болох ёстой. Мэдээж энэ хүрээнд ажил, сургалтын давхардал, эзэнгүй, цоорхойг арилгах, ижил төрлийн сургалт, судалгаа явуулж байгаа сургуулиудыг нэгтгэх, нийлүүлэх, томсгох, анги, мэргэжлийг ахин авч үзэж базах, эрэлт хэрэгцээг харгалзан задлах, нийлүүлэх гэх мэт үйл ажиллагаа хийгдэх байхаа. Бүтцийн өөрчлөлтийг хэдий чинээ хурдан хийнэ, төдий чинээ сайн. Удах тусмаа ужиграна. Магадгүй сүүлдээ хийж чадахгүй болох магадлалтай.Ер нь аливаа юм шинэ дээрээ сийрэг байдаг ч гэлцдэг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл хамгийн зохистой бүтцийг олж тогтоож бүтэц, зохион байгуулалтын зоригтой өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг л хэлэх гэсэн юм.
Хөтөлбөрт “МУИС нь олон улсын монгол судлалын төв байж, гадаадын монгол судлаачдыг сургах, хамтын судалгаа хийх зэргээр Монгол судлалыг хөгжүүлэх дэмжлэг үзүүлэх” гэж дурдсан байна. За энэ бол шинэ зүйл биш олон жил ярьж байгаа уриа лоозун. Яг хэрэг дээрээ худлаа болдог ийм зүйл болохыг Монгол судлалын сургуулийн захиралаар хэдэн жил ажилласан хүний хувьд би сайн мэднэ. Гоё юм ярьдаг харин дэмжихээ болохоор хойрго ханддаг. Миний бие салбар сургуулийн захиралаар ажиллаж байхдаа Монгол Судлалын Сургуулийг Монгол хэл, соёлын сургууль болгон өөрчилсөн. Энэ нь нэрэндээ агуулга, хэлбэр нь зохиж таарахгүй гадаад, дотоодын хүмүүсийн инээд хүргэсэн том нэртэй, “тахир дутуу” сургууль байсантай холбоотой. Монгол судлал гэдэг маш өргөн ойлголт, шинжлэх ухааны олон салбарыг багтаасан шинжлэх ухаан. Харин одоо дээрх “лоозон”-гийн хүрээнд  МУИС-д монгол судлалын бүхий гол салбаруудыг багтаасан Монгол Судлалын Сургуулийг байгуулах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар манай сургуульд Монгол судлалын төв хэмээх байгууллага захиралын аврал ивгээл дор нэртэйгээр ажиллаж байгаа ч хаа ч үгүй болсон байгууллага болоод байна. Тийм учраас бүтэц, зохион байгуулалт, удирдлагын зохистой тогтолцоог боловсруулахдаа энэ талаар бодож аль болох бүрэн хэмжээний салбаруудыг багтаасан Монгол судлалын салбар сургуулийг байгуулан бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нь МУИС үндэсний хэмжээний монгол судлалын хүчтэй тэргүүлэх төв байх цаашдаа олон улсын хэмжээнд нэр нөлөө бүхий дэлхийн хэмжээний төв болохын үндэс болно.
МУИС хотхон буюу их сургуулийн кампус байгуулах төсөл маш зүйтэй санал байна. Энэ бол бас л хамгийн түрүүнд хийх ёстой ажлуудын нэг.  Энэ нь цаг хугацааны хувьд хоцорч байгаа асуудал бөгөөд үндэснийхээ ганц их сургуульд аятайхан сайхан газар өгөх асуудлыг ярихад хэнээс ч шийрэгнэж, зай барих ёсгүй гэж боддог. Хувьдаа, хувийн компанидаа газар авах гэж байгаа биш. Тийм учраас маш хурдан асуудлыг оруулж хэлэлцүүлж газрыг товлож, бичиг баримтыг зохих ёсоор гаргуулан баталгаажуулах нь энэ удаагийн захирлын магадгүй хамгийн чухал бөгөөд ирээдүйтэй ажил ч байж болох юм. Учир нь зах зээлийн ороо бусгаа цаг мөчид хэн түрүүлж хөдлөнө тэр хожиж байгаа учраас цаг алдахгүй асуудлыг шийдэх тусмаа эцсийн сайн үр дүн нь МУИС-д буян болж үлдэх учиртай.
МУИС-ийн хувьд миний өөр нэг сэтгэл дундуур явдаг ажил бол тус сургуулийн гадаад харилцааны үйл ажиллагаа. Өнөөдрийн гадаад харилцааны хэлтэс бол гаднаас санал ирвэл түүнийг гүйцэтгэсэн болоод сууж байдаг идэвхигүй  гүйцэтгэгч субьект болчихоод байна. Гэтэл өнөөдрийн бидний нөхцөл байдалд  гадаад харилцааны байгууллага нь хамгийн санаачлагатай, идэвхитай байр сууринаас хандах санаачлагч байгууллага байхыг шаардаж байна. Тэгж байж хөтөлбөрт дурдсан шиг “багшлах боловсон хүчнийг чадваржуулж, оюуны болон биет хөрөнгө оруулалтыг татаж”, “МУИС-ийг үнэлэмжийг дээшлүүлж”, хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулж чадна. Гадаадын тэр тусмаа хөгжилтэй орнуудын их дээд сургуулиуд, хөрөнгө чинээтэй компани, хүмүүнлигийн байгууллагуудад хэн надад хандах нь вэ гэж суухаас биш хэнийг гуйж ажилаа бүтээх вэ гэдэг ойлголт бараг алга. Тийм учраас гадаад харилцааны байгууллага тэр тусмаа үндэсний тэргүүлэх их сургуулийн гадаад харилцаа бол тэр их боломжийг хэр зэрэг бүрэн  ашиглаж чаднам төдий чинээ их сургуульд хэрэгтэй ажлыг бүтээж мөнгө хөрөнгө оруулалтаар хахаж цацтал бялхуулж, цалгиулах бүрэн боломжтой. Тухайлбал, Японы их сургуулиудын судалгааны төсөл, жилийн төсөв, мөнгийг ажиглаж байхад ийм зүйл илэрхий байна. Тийм учраас гадаад харилцааны байгууллагын ажилтнуудыг чадваржуулж, дөнгөж сургууль төгссөн юугаа ч мэдэхгүй годгор охидууд биш юм үзэж, нүд тайлж, боловсорч цэгцэрсэн, чадвар чадалтай боловсон хүчнээр багийг бүрдүүлэх хэрэгтэй. Сайн залуучуудыг их сургуулийн багш болох замдаа дамждаг нэг байгууллага ч болгож болно. Харин гадаад харилцааны байгууллага маань хэрхэн ажиллах вэ гэдгийг тусад нь ярих асуудал тул энд үл нуршив.
Хувь хүний хувьд өнөөгийн их сургуулийн тэр тусмаа тэргүүлэх сургуулийн захирал бол орчин үеийн их дээд сургуулийн менежментийн баримжаатай мэддэг, аливаа хүнтэй эвтэй найртай, ихэс дээдэсийн эв донжийг тааруулж харьцаж чаддаг, ажилдаа хариуцлагатай, цаг минутыг нарийн баримталдаг хувь хүний сайн чанаруудтай байх нь их сургуулийн хамт олныг тэргүүлж байгаа хүний наад захын ёс байх. Үд болтол унтчихаад, өдөр ирж нэг харагдчихаад өөр юм хийгээд яваад байвал энэ сургууль нэг өдөр дуусна. Их сургуулийн нэр хүндийг хаана ч хамгаалах, “тулалдах”, хэлэх үгээ цагийг нь олж хэлэх, олон нийтэд хийж байгаа ажлаа мэдүүлэх, ойлгуулах зорилгоор сурталчлах, нээлттэй, мэдрэмжтэй байх нь анхаармаар чанарууд юм шиг санагддаг. Хэтэрхий хүлцэнгүй буюу нам жим байх нь өнөөгийн цаг нартай уралдсан зах зээлийн уралдаант нийгмийн үед байж болохгүй л асуудал шиг бодогддог. Тийм учраас сургуулийн ректор төр засгийн удирдлага болон яам тамгын газрын сайдаас аваад түшмэлүүдтэй учир начираа ойлгуулж ойлголцож, түргэн шуурхай олж чаддаг, нээлттэй, ил тод, шуурхай дайчин  байх чадвар нь МУИС-ийн ажил бүтэх бас нэг чухал үзүүлэлт байхаа.
Өнөөгийн эдийн засгийн хямрал хүнд хэцүү байдал, төр засгийн нэмэр тусыг үглэн дуулж суулгүйгээр гадаад тал руугаа хандлагаа идэвхжүүлэн, олон төрлийн санаачлага гаргаж, маш их хүч хөдөлмөр гаргаж чадвал энэхүү хөтөлбөрт заасан зорилгоо биелүүлэх бүрэн боломжтой гэж төсөөлж байна.
МУИС-ийн дэд профессор,
Японы Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн
зочин профессор, Ж.Бат-Ирээдүй
2008 он

No comments: