2/18/2010

Далай лам АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзлаа

 

 АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 1959 онд нутгаасаа дүрвэсэн Түвдийн шашны тэргүүн Далай ламыг пүрэв гаригт Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. БНХАУ-ын зүгээс нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа энэ уулзалт АНУ болон БНХАУ-ын харилцаанд дахин сэв суулгах үйлдэл болж байна гэж зарим шинжээчид үзэж буй.
Олон улсын зүгээс Түвдийн талаар баримталж буй Хятадын бодлогыг эсэргүүцдэг. Харин АНУ-ын төрийн тэргүүний энэхүү үйлдэл үүнийг дэмжиж, Түвдэд хүний эрхийн асуудлыг сайжруулахын төлөө байсан хэмээн "Ройтерс" агентлаг бичсэн байна. Хэдийгээр Бээжингийн зүгээс энэхүү уулзалтыг цуцлахыг шаардаж байсан ч АНУ Хятадын ундууцлыг улам дэвэргэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн үйлдэл болсон аж.
Далай ламыг БНХАУ-ын Засгийн газар аюултай салан тусгаарлагч хэмээн үздэг ч дэлхийн бусад орнуудад энх тайвны бэлэг тэмдэг хэмээн дээдэлдэг юм.
АНУ болон Хятадын хооронд Тайваньтай хийж буй зэвсгийн худалдаа, мөнгөний бодлого болон интернет ашиглалтын хязгаарлалтын асуудлаар ихээхэн маргаантай байгаа билээ.
Ямартай ч Бээжингийн зүгээс энэхүү асуудалд маш сэтгэл дундуур байгаа хэмээгээд Вашингтоныг хоёр талын харилцааг эргэн сайжруулах үйлдэл хийх хэрэгтэй гэж мэдэгдэж байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Обама болон Далай ламын уулзалт нь "Түвд бол БНХАУ-ын нэг хэсэг, Түвдийн тусгаар тогтнолыг дэмждэггүй" гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан АНУ-ын Засгийн газар хэлсэн үгнээсээ буцсан хэрэг болсон хэмээн буруушаав. Энэ уулзалтыг хийснээрээ ерөнхийлөгч Обама зарим нэг томоохон хамтын ажиллагаанд Хятадын туслалцааг авахад хүнд болгожээ.
Саяхан БНХАУ-ын цэргийн албан тушаалтнуудын зүгээс Хятадын эзэмшдэг АНУ-ын асар их хэмжээний бондыг зарна хэмээн сүрдүүлсэн. Энэ нь Вашингтоны зүгээс Тайваньд 6,4 тэрбум ам.долларын зэр зэвсэг худалдаалахыг санал болгосны хариу хэмээн мэдэгдэж байсан юм. Арваннэгдүгээр сард БНХАУ өөрийн эзэмшдэг АНУ-ын бондын хэмжээг 755,4 тэрбум ам.доллар хүртэл бууруулсан нь АНУ-ын бодлогыг эсэргүүцэж буй нэг хэлбэр хэмээн шинжээчид үзэж байсан юм.
Түүнчлэн, ерөнхийлөгч Обама БНХАУ мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хүчээр дарж, АНУ-ын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт муугаар нөлөөлж буй бодлогыг буруушааж, хоёр орны худалдааны асуудал дээр хатуу бодлого барина гэж мэдэгдэж байгаа.
Уулзалт Цагаан ордны газрын зургийн өрөөнд цаг гаруй хугацаанд үргэлжилсэн байна. Нийт 70 минут үргэлжилсэн уулзалтын дараа Далай ламын хүчирхийллийн эсрэг үзэл баримтлал, Хятадын Засгийн газартай хэлэлцээр хийхийн төлөө буйг Обама сайшаав.
Цагаан ордны хэвлэлийн албаны мэдэгдсэнээр Далай лам, Обама нар Хятад болон АНУ-ын сайн харилцаа, хамтын ажиллагаа маш чухал гэдгийг зөвшөөрсөн аж.
Уулзалтын дараа Далай лам сэтгүүлчдэд хандан Түвд нь БНХАУ-ын бүрэлдэхүүн хэвээр байх сонирхолтой байгаа гээд гагцхүү автономит эрх хүсч буйгаа дахин мэдэгдсэн юм.
Э.Очирт
Source www.news.mn

No comments: