2/18/2010

"Pictorial Dictionary of Mongolian" номын мялаах үг



НОМ МЯЛААХ ҮГ

Монгол Улсын Их Сургуулийн залуу багш, судлаач Баасанжавын Батсүхийн "МОНГОЛ ХЭЛНИЙ ЗУРАГТ ТОЛЬ БИЧИГ" хэмээх бүтээл монгол, англи хэл суралцагч нарын гар дээр очиж байна.
МУИС-ийн багш Б.Батсүх 2001 оноос эхлэн гадаадын хүмүүст монгол хэл, соёлын хичээл дагнан зааж мэргэшсэн туршлагадаа тулгуурлан гадаадынханд зориулсан "Монгол хэлний зурагт толь бичиг (монгол-англи)" бүтээсэн бөгөөд энэ ном бол бүрэн хэмжээний монгол-англи хэлний зурагт толь бичиг хийх анхны оролдлого болж зөвхөн анхан шатны монгол хэл суралцагч гадаад оюутанд төдийгүй англи хэл сурч байгаа багачууд, хүүхдүүдэд ч хамгийн чухал толь бичиг болсон байна.
Энэ толь бичиг нийт 50 сэдэвтэй, сэдэв бүрт дунджаар 40-50 үг, хэллэг байгаа гэж үзвэл нийт 2500 орчим үг, хэллэг, нэр томъёоны багтаамжтай юм.
Сэдвийн сонголт ч гэсэн өргөн дэлгэр болсон бөгөөд дэлхийн томоохон хэлнүүд тухайлбал, англи, франц, хятад, япон хэлний зурагт толь бичиг хийх аргачлалаас суралцсанаас гадна монгол хэлнийхээ онцлогийг харгалзан үзэж зарим сэдвийг бүр шинээр зохион хийсэн нь толь бичгийг үзэх, сурах хүний хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн болохыг дурдалтай. Тухайлбал гэр бүл, хамаатан садан, өнгө болоод хээ, цаг хугацаа ба цаг тоолол, цаг агаар ба улирал, банк, мөнгө солиулах нь, урлаг хөгжмийн зэмсэг, мал сүрэг, цагаан сар, наадам, хэмжих нэгж ба дүрс зэрэг сэдвүүд нь гадаадынханд монгол үндэсний онцлог, соёлын ялгааг ойлгуулахад чухалтай болсон байна.
Цаашид энэ толь бичгийг улам дэлгэрүүлэн сэдэв болоод зураг сэлтийг нэмэн дэлгэрүүлж хийвэл бүрэн хэмжээний монгол-англи зураг толь болох баттай үндэс болж чаджээ гэж үзэлтэй.
Энэхүү толь бичгийг биежүүлэн гүйцээж хэвлүүлэхэд чин сэтгэлээсээ тусалсан МУИС-ийн Монгол хэлний тэнхимийн хамт олон түүний дотор багш Д.Цэрэнпил, Д.Баттуул, Саруулцэцэг нар болон номыг хэвлүүлэхэд тусласан багш Г.Ариунжаргал, Д.Нямаа, Б.Сарантуяа нарт Б.Батсүхийн аав, ээж, ахан дүүс талархал илэрхийлж байгааг энэ дашрамд илэрхийлсү.
Эрдэм, номын ариун гэгээ зүг бүрт түгэн цацарч, хүмүн бүхний зам мөрийг гэрэлтүүлэн гийгүүлж байх болтугай.

Хэлшинжлэлийн Ухааны Доктор (Dr.Sc.)
Жанцангийн Бат-Ирээдүй

No comments: