2/19/2010

Лого гэж юу вэ?

 
Wikipedia company logo

Миний лого гэсний учир
Миний бие сурагч байхын бийр будаг нийлүүлдэг сумын кино, бүжгийн зарлал, сургуулийн ханын сонин, цаашлаад найм, аравдугаар анги, их сургуулийн төгсөлтийн монтажийг чадан ядан хийдэг чадахгүй байж зурж бичихийн "хоббитой" нэгэн байлаа. Их сургуульд байхад аж ахуйд явах гээд пүүгээгээ үүрээд ирэхэд тэнхимийн эрхлэгч нар ирээд буцаагаад аваад явдаг тийм оюутан байж билээ.
Тэр үед ямар одоогийнх шиг компьютер, программ, хэвлэлийн машин техник гэж байх биш ойр зуурын бүхнийг гараар хийдэг байсан, дээр нь социализмын үед анги танхим тохижуулах, самбар гаргах гээд лут ажил их байдаг байв шүү. Эд бүгдийг л хийдэг байлаа, тэр одоо дурсамж болон үлдэж. Хийлээ гээд муудсангүй.
Сүүл рүүгээ зурж бичдэг хобби маань компьютер график руу шилжиж төрөл бүрийн лого, эмблэм, тэмдэг их ажигладаг болж, энэ чиглэлийн ном дэвтэр цуглуулж, бүр давраад зарим нэгэн компани, сургууль, байгууллагын лого хийх гэж оролдсоноо  энд толилуулж байна. Тухайлбал би МУИС-ийн Монгол Судлалын Сургуулийн логог хоёр ч удаа хийсэн. Нэг нь тэмдэг болсон байгаа. Тэр гэхдээ сайн яваагүй. Харин 2002 онд Монгол хэл, соёлын сургууль болсны дараа энэхүү ЛОГО-г хийж билээ. Дунд нь байгаа монголын соёмбын бичлэгийг уран бичээч Д.Батбаяраас албан ёсоор авч энэ логонд байрлуулсан болно. Ерөнхий дизайныг маний бие гаргав.
Ер нь дэлхийн олон орны уран бүтээлчдийн төрөл бүрийн логог ажиглаж байхад лого гэдэг бол тухайн байгууллагын мөн чанар, үнэт зүйл, зорилго, чиглэлийг илэрхийлэхдээ маш товч тодорхой, ойлгомжтой л байх учиртай байдаг юм байна гэж би ойлгосон.
Харин манай зарим компаниуд эхнээсээ логодоо анхаарал тавиагүйгээс явцын дунд дотоод гадаадад нэр хүндтэй томоохон байгууллага болоод ирэхийн цагт лого эмблэм бэлгэдэл нь гологдож дахин засах, өөрчлөх, бүр шинэчлэх ч тохиолдолд манай монголд олон гарсаныг би мэдэх юм. Тухайлбал, Голомт банкны лого, Эм Си Эс компаний логонууд өөрчлөх болж нэлээд зардал чирэгдэл болж байсныг мэдэх юм. Сүүлд Юнитэл компаний лого гадаадын аль нэг компаний лого болохыг твиттэрээр шүүмжлэхэд тэд нэн даруй шинэ лого зохион бүтээж үндэсний шинжтэй шинэхэн лого хийсэн нь учиртай. Голомт банк бол бүр солиж болоогүй байх.
Тийм учраас манай байгууллага, компани, аж ахуйн нэгжүүд эхнээсээ лого хийлгэхдээ маш сайн анхаарч, олон талаас нь бодож мэргэжлийн байгууллагаар хийлгэж, өөрийн зүгээс шаардлага өндөр тавих учиртай юм шиг байна. Тэр тусмаа олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг  байгууллагуудад энэ лого гэдэг зүйл маш чухал хэнд ч ойлгогдохоор, байгууллагын мөн чанарыг илэрхийлсэн, үндэсний шинж чанар агуулсан, тийм зүйл байх учиртай.
Манайхан лого зохиохдоо ихэнхидээ эсвэл арав хорин толгойтой атгаалжийн хар мангас маягийн юм хийдэг, эсвэл нэгэн хэвшмэл загвар, нар, сар, гал гурваас гарахгүй байх нь элбэг байна. Байгууллагуудын логог нэг талбай дээр тавьж харвал ерөөсөө л бүгд нар сар гал гурвыг дээдэлсэн байх нь манай уран бүтээлчдийн сэтгэлгээ үүнээс цааш харахгүй байгааг илчлэх юм. Сүүлийн үед төрийн далбааны хоёр өнгөнөөс салахаа байлаа. Бүх байгууллага, аж ахуйн нэгж улаан, хөх, улаан өнгөтэй болчихбол уйтгартай биз дээ.
Ингээд өөрийн хийсэн дөрвөн логог та бүхэнд танилцуулая. Цаашид ч өөр өөр төрлийн компани, байгууллагын лого зохиох, санаа оноо байж л  байгаа. Лого хийх сонирхолтой байгууллага, хувь хүн байвал iregedui@yahoo.co.jp  хаягаар э-мэйл бичээрэй.

No comments: