2/03/2010

ИХ АВАРГЫН БУУЛТ

 
Асашёрюу өөрийн багш Такасаго болон түүний гэргийн хамт 2003 онд 
Ёокозуна цол  хүртэх ёслолын баярт өдрийн зураг    KYODO PHOTO


ИХ АВАРГЫН БУУЛТ

Японы Сумогийн их аварга Асашёорюү өнөөдөр буюу 2010 оны 2 дугаарын сарын 4-ний Пүрэв гарагт өөрийн багш Такасагогийн хамт Сумогийн Кокугикан ордонд Японы Сумогийн нийгэмлэгийнхэнтэй уулзаж сумогоос өөрийн саналаар зодог тайлахаа гэнэт мэдэгдлээ. 
Энэ нь түүний шинэ оны башёгийн үеэр буюу нэгдүгээр сарын 16 ны шөнийн дөрвөн цагт Токиогийн Нишиазабу дүүргийн бааранд согтуугаар нэг нөхрийг цохиж зодож хамар амыг нь хүндхэн гэмтээсэн  гэх шуугиантай холбоотой юм. Энэ зодуулсан нөхөр чухам хэн байсан талаар Японы хэвлэлийнхэн мэдэхгүй битүү хатуу байна.  Магадгүй японы өөр нийгмийн нөхөр ч байхыг үгүйсгэхгүй гэж зарим хэвлэл бичиж байлаа. Асашёорюү уг нь өөрийн менежерээ зодсон, зодуулсан гэж харилцан мэдэгдсэн боловч хэрэг дээрээ худлаа байсан нь гол шуугиан гарах үндэс болох шиг боллоо. Долоо хоног тутмын Шикан Шинчо сэтгүүлд бичсэнээр бол Монголчуудын ууж байсан бүжгийн клубт тэр залуу зодуулсан гэнэ.
Тэрбээр Сумогийн Холбооны Удирдах Зөвлөлийн хурал дээр  “Би бүх зүйлд сэтгэл хангалуун байлаа. Би зодог тайлая даа. Надад маш хэцүү байлаа, маш их дарамтан дунд байсан, гэхдээ сумогийнхоо талаар надад харамсах ,гомдох  ямар ч юм байхгүй. Би одоо амармаар байна. Одоо миний сэтгэл уужирлаа.” гэж хэлсэн байна.  
Ийнхүү Японы эзэн хааны цомыг хорин есхөн насандаа хорин таван удаа хүртээд хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа их аварга маань зодог тайлж , сумо бөхийн дэвжээг орхиж байгаад сумо бөхийг шимтэн үздэг  япон, монголын үзэгчид нийтээрээ харамсаж байна.
Тэрбээр Японы эртний уламжлалт сумогийн спортод орсон анхны гараагаа 1999 оны шинэ оны башёгоор эхлэж  2003 оноос дээд зиндаанд барилдаж эхлэсэн билээ. Өнгөрсөн башёд түрүүлснээр 32 түрүүлсэн Тайхо, 31 түрүүлсэн Чионофүжи нарын дараа бичигдээд байсан юм. Тэрбээр мөн Тайхогийн завсаргүй 6 түрүүлсэн рекордыг эвдэж  дараалан 7 түрүүлээд байсан юм. 
Одоо түүний сумогийн дэвжээн дээр биш амидрал, тэмцлийн дэвжээн дээр хэрхэн барилдахыг харах үлдлээ. Ялвал ялсан шиг ялж ч чаддаг, буух цагаа хүрвэл өт хорхой шиг өчүүхэн ч жижгэрдэггүй жинхэнэ  монгол эр хүний зангараг заасан  занг  эндээс бас харж болно.
Токио, 2010.02.04

No comments: