2/13/2010

Британи дахь монгол ном

 
(товчлол)
Монголчууд хэдийбээр нүүдэлчин удмын улс боловч дэлхийд гайхагдсан ном, судар олныг бүтээж, баринтагласан сайхан уламжлалтай, ном соёлын эрхэм өв соёлтой ард түмэн.
Ер нь дэлхий даяарт хамгийн их тарсан зүйлийн нэг нь монгол ном яах аргагүй мөн. Учир нь дэлхийн томоохон номын сангуудад хадгалагдаж байгаа номын каталоги сэлтээс ийн хэлэх бүрэн үндэстэй. Одоо Германы Дрезден, Лайпциг, Тюбэнгэн, Марбург, Берлин, Штутгарт, Японы Токио, Осака, Хятадын Бээжин, АНУ-ын Вашингтон Ди Си, Сийтл, Чикаго, Беркэли, Индианы Их Сургууль, Шведийн Осло, Бельгийн Брюселл, Денмаркийн Копенгагн, Унгарын ШУА, Ирландын Честер Бюти, Чехийн Прага, Оросын Санкт Петербург, Английн Британий болон Лондоны Их Сургуулийн номын санд хэдэн зуун ховор нандин ном судар, гар бичмэл хадгалагдаж байна.
Ер нь хаа газар суугаа Монгол хүмүүс тухайн орныхоо монгол судлал, монголын соёлын өв, ерөөсөө монгол гэсэн бүхнийг сонирхож үзүүштэй. Англи оронд суугаа Та бүхэнд сонирхуулах үүднээс монгол ном хадгалагдан буй хоёр газрыг товч төдий боловч танилцуулсу.
Британы номын сан бол 1753 онд Британий музейн нэг салбар болон анх байгуулагдсан бөгөөд дэлхийн 10-аас дээш сая номтой 8 номын сангийн аман хүзүүнд бичигддэг аж. Энд дэлхийн гол гол хэлээрх 18 сая ном, 8 сая шуудангийн марк, дугтуй, манай эриний өмнөх 300 жилээс өнөөдрийг хүртэлх английн бүх сонины 58 сая микрофиш, 7 сая гар бичмэл, 3,5 сая дуу бичлэг, 59 сая патент, 4,5 сая газрын зураг, 260 мянган төрлийн сэтгүүл хадгалагдаж байна. Мөн дэлхийн анхны газрын зураг, магна карта, Леонарда Винчийн тэмдэглэлийн дэвтэр, Моцарт, Бетхованы оригинал нотын гар бичмэл, Таймс сонины 1788 оны 3 сарын 18 нд гарсан анхны дугаар, Бийтлзийн гар бичмэлүүд, Нелсон Манделагийн дуу хоолойн бичлэг эхээрээ байна.
Энэ номын санд Англид байгаа Монголын хамгийн олон эртний ном судар гар бичмэл хадгалагдаж байгаа юм. Энд “Очир дарь Мэргэн Даяанч Ламын Гэгээний зарлиг”, “Үнэн үгт эрдэнэ хувилгаан бумбын аригун цагаан лусын их хөлгөн судар”, “Манзширийн аман эш”, “Рашааны зүрхэний найман гишүүт нууц увдисын эрдэмийн үндсэний эмнэлгийн арга”, “Хутагт их нигүүлсэгч цагаан лянхуа нэрт хөлгөн судар”, “Ямандаг Макагала эрлэг Хаан охин тэнгэр дөрвөн догшин судар”, “Утайн таван уулын оршил сүсэгтэний чихний чимэг оршив”, “Сундуй”, зэрэг 200 шахам судар ном, “Тангуд Монгол толь бичиг”, “Нарны гэрэл”, “Исүс Христосын загалмайлжийн утга”, “Манж монгол хятад үсгээр хавсран бичсэн бүгд хэлхээ” зэрэг 50 гаруй гар бичмэл хадгалагдаж байна. Энэ номын дунд хаа ч олдохгүй ховор ном бүтээл олон байхаас гадна дэлхий дээр зөвхөн гагц хувь байж болох гар бичмэл олон байна.
Эдгээр номуудыг судалж үзвэл ихэнхи нь XY-XYI зууны үеийн буддийн шашин, эмнэлэг, зурхайн ухаан, түүх, хэл шинжлэл, газарзүй, шашины тухай монгол ном байх бөгөөд тухайн үед Монгол оронд очиж байсан жуулчин, аялагч, худалдаачин, шашны номлогч, монгол судлаач, дипломатч нарын гараар дамжиж орж ирсэн болох нь тэнд бичиж үлдээсэн зурвас, тайлбар, түүх сэлтээс ил байна.
Одоо Кембрижийн Их Сургуулийн Нийгмийн Хүн судлалын тэнхимээс хэрэгжүүлж байгаа “Монгол, Төвд ховор номын судалгаа” төслийн хүрээнд дээрх номуудыг бүрэн судлаж, дижитал болоод дэлгэрэнгүй каталоги хийж хэвлүүлэхээр бэлтгэж байгаа билээ.
Монгол ном судар хадгалж байгаа өөр нэг томоохон газар бол Английн Лондоны Их Сургуулийн Дорно дахин, Африкийн судлалын сургууль (SOAS) -ийн номын сан юм. Энэ сургуульд 20 дугаар зууны дундуур Монгол судлал нэлээд хүчтэй хөгжиж байсан юм. Одоо дахин сэргэх хандлагатай байгааг дурдалтай. “The Modern History of Mongolia”, London 1968, “Mongolian English Dictionary”, Kegan Paul International , 1997, “The Mongol Chronical Altan tobči” Harrassowitz, 1955 зэрэг олон судалгааны ном бичсэн нэрт Монголч эрдэмтэн, академич Чарльз Бауден, (тэрбээр энэ сургуулийн дэд захирал байсан) “The People’s Republic of Mongola: A General Reference Guide” Oxford University Press, 1968, “Mongolian Phrasebook” Lonely planet, 1995, “Colloquial Mongolian” Routledge, 1999, “Historical Dictionary of Mongolia” The Scarecrow Press Inc, 2003 зэрэг ном бичсэн нэрт монгол судлаач Алан Сандерс, “The Мongols” Oxford, 1987 зэрэг ном бичсэн түүхч Дэвид Моргaн зэрэг дэлхийд алдартай монгол судлаачид, эрдэмтэд ажиллаж байсан юм. Одоо түүхч, доктор Шири Анкинар, хэлшинжлэлч доктор Моник Шагайт нарын залуу үе тэднийг залгамжилж байна.
Энэ номын санд “Цагаан дарь эхийн судар“, “Гэтэлгэгч Миланасбагийн тууж“, “Банзрагч хэмээх таван сахьяа тууж”, “Хутагт цаглашгүй насун хийгээд бэлгэ билигт нэрт их хөлгөн судар”, “Үлгэрийн далайн судар” зэрэг 50 шахам судар, гар бичмэл хадгалагдаж байна.
Мөн цөөн хэдэн судар, гар бичмэл Кембрижийн Их Сургууль болон Лийдсийн Их Сургуулийн номын сангуудад хадгалагдан буйг товч дурдая.
Ийнхүү дэлхийн улс орнуудын өв соёлын нарийн нандин, үнэтэй цэнэтэй бүхнээс цуглуулсан арлын энэ орны ном соёлын ариун дагшин ордонд хадгалагдан, хэрэглэгдэж байгаа монгол ном судраа үзэж харах, сурах судлахыг хүссэн хэнд ч болов номын сангийн хаалга үүд нээлттэй байгаа тул та бүхнийг таалсан цагтаа саатан морилохыг хүсье.
Намо буддаяа, намо дармаяа, намо санггаяа. Бурханд мөргөе, Багшид мөргөе, Номд мөргөе.
Британий номын сангийн зөвлөх  
(2005-2006) Проф. Ж.Бат-Ирээдүй

No comments: