7/24/2010

Оюун түлхүүр нэрт шастир

"Оюун түлхүүр гээч эртний энэ зохиол бидний үед 13 дугаар зуунаас бичгээр уламжлагдан дамжиж ирсэн жинхэнэ монгол сургаалын зохиол болой. Монгол хүмүн бичгээ сурахад энэ сургаалаар амлаж, сургаалын оюун ухаанаар тархиа тэжээж, бичиг ухаан хоёрт зэрэг боловсордог уламжлалтай байсан билээ.  Энэхүү зохиолыг академич Цэндийн Дамдинсүрэн бээр "Монгол Уран зохиолын дээж зуун билиг оршивой" зохиолдоо багтаасан бөгөөд харин сүүлхнээ МУИС-ийн багш Шаравын Чоймаа багштан "Оюун түлхүүр нэрт шастир" хэмээх хөөрхөн товхимол хэвлүүлэн олноо хүртээсэн билээ. Энэ нь монгол бичиг үзэж сурах хэн бүхний хүсэлд нийлж таарсан сайн ном болсон бөгөөд энэ сургаалын зохиолын тайлбарыг мөн хийж өгсөн нь танин мэдүүлэх сургах, ач холбогдолтой болжээ. Та бүхний таалалд "Оюун түлхүүр" хэмээх нэрт шастирыг кирил бичгээр толилуулан баймой. 




Дээд лам гурван эрдэнэд итгэмой 
Эртний Богд Чингисийн зохиосон шастирыг өчүүхэн сануулахын учир 
Эзэд хаадтан олныг хураая гэвэл өглөгөө өг 
Осолдолгүй явъя гэвэл түшмэдээ өргө 
Аугаа хүчнээн ихэтгэе гэвэл цэргээ асар 
Уудам сул жаргая гэвэл эеэ хичээ 
Өдөр явсан явдлыг шөнө шүүгтүн 
Ичгүүр гэмт явдлыг ятгаж орхигтун  
Олны дотор үгээ бэхэл  
Ганцаар суухуй дор сэтгэлээ шинжил 
Олон хүмүн лүгээ найран зохилдож 
Ер авах гээхийн ялгалыг шинжлэн мэд 
Их багын санааг асууж нэгтгэн  
Егүүтгэлгүй сэтгэлийг угаас барьж 
Шашин амьтны тусын тулд шимтэн 
Хамаг амьтныг гагц хөвгүүн мэт асарч 
Эцэг мэт сургаж, эх мэт тэжээ 
Засаг цаазыг номын ёсоор барьж 
Олон амьтныг жаргаланд зохиож 
Төрөл төрөгсдөө энх амарт хүргэгтүн 
Үзтэл үнэнээр явагчдыг 
Үргэлж өргөж хөгжөөгтүн 
Үнэхээр гэмт хүмүнийг гэсгээ  
Хатан хөвгүүн албат нарыг адил сурга 
Хэд хэдэн жилийн хэргийг нэгэн өдрийн хэрэг мэт 
Хичээн бүтээж явбаас 
Төрийн бамбай, дайсны баг \хуяг\ адил 
Ер биеийн амрыг үл харан 
Бусдын үйлнээс үл уйдан явбаас 
Дээдсийн явдалд ойр гэх 
Асрахын урьд айлгах 
Албат лугаа бэн атаа тэмцэх 
Ах дүүтэйгээ хэрүүл үүсгэх 
Дэмий холын хүмүнтэй ханилан эвдрэх 
Дэргэдэх хүмүүнийг дэнсэлгэн зовоох 
Төрөл төрөгсдөө үл амруулах 
Төр цаазнаас үл айх  
Муу хүмүүний үгэнд орох 
Сайн хүмүүний үгийг үл итгэх 
Ширүүн үгээр дайсныг хураах  
Хорт сэтгэлээр хамгийг хашруулах тэргүүтнийг тэвчтүгэй 
Тойн хүмүүний хамаг эрдмийн дотор нигүүлсэхүй сэтгэл нэн эрдэм 
Хаан хүмүүний гучин таван эрдмийн дотор хайрлах сэтгэл нэн эрдэм 
Хатан хүмүүний арван таван эрдмийн дотор сайхан ааль нэн эрдэм 
Түшмэл хүмүүний есөн эрдмийн дотор түвшин сэтгэл нэн эрдэм 
Тойн хүмүүн хамаг эрдмийг төгс суравч дотроо нигүүлсэхүй сэтгэл үгүй болбоос 
Туулшгүй эрдэмтэй боловч 
Тун тусгүй 
Хаан хүмүүн хамаг эрхийг төгсөвч 
Хайрлах сэтгэл үгүй болбоос 
Хамаг дор аргагүй хөнгөн болмой 
Хатан хүмүүн хамаг сайхныг төгсөвч ааль муутай болбоос
Харин төрхөмдөө буцаж буг болмой 
Түшмэл хүмүүн есөн эрдмийг төгсөвч түвшин сайн сэтгэл үгүй болбоос 
Хорт чоно мэт жигшигдэхийн тул 
Төв сэтгэлийн эеийг хичээ  
Арслан мэт ноёдыг барс мэт түшмэд дагах 
Барс мэт ноёдыг ирвэс мэт түшмэд дагах 
Ирвэс мэт ноёдыг чоно мэт түшмэд дагах 
Чоно мэт ноёдыг үнэг мэт ноёд дагах тул 
Хамаг дор зовлон болмой  
Ер хүмүүн сайн сайхан үнэн үг, шудрага явдлыг хичээн сурагтун. 
Өндөр их заяатныг үзэн ядваас  
Өөрийн амныг хишиг зайлах 
Өнчин хүмүүний жаргалыг хөнөөвөөс 
Өөрийн хишиг эвдрэх 
Үнэн тус хүргэгчдийг муулваас 
Тэнгэр үл таалах 
Үзтэл муулсан хүнийг аргадваас 
Үйл үл бүтэх 
Үзмэгц яаран бүү магт 
Түргэн зуур ханилсан нөхөрт яаран бүү уурла 
Үргэлж ханилж таньсан мэт 
Нэгэнтээ учирсан хойно яаран бүү цуцар 
Итгэсэн хойно үгээ бүү нуу 
Итгэлгүй хүнд 
Ямагт зүрхний үгийг бүү хэл 
Муу хүмүүний үгэнд бүү ор 
Эм хүмүүний үгийг бүү дага . 
Хөвгүүн ба боолоор бүү мэдүүл 
Хартай хүн лүгээ үг бүү зөвлө 
Олон хүний зөвшсөнийг бүү эвд 
Хилэнцэт үйл дор бүү шуна 
Буянт үйлэн дор бүү саад хий 
Үнэхээр зүтгэсэн ардын урмыг 
Өчүүхэн юманд бүү шантал 
Үзмэгц яаран магтаад 
Учралдан ханилж гайхуулаад 
Удалгүй хэрэлдэн салаад 
Түр буцаж инээдэм наадам хийн явагч хүмүүн 
Үзтэл муу ард мөний тул 
Үтэр түүнээс зайл 
Дээрэнгүй омог сэтгэлийг барьж 
Дэмий муу биеэ гайхуулаад 
Дээдсийн ёсоор загнагч 
Танхай ард ичих мэт 
Түүний түргэн зайл 
Хилэн ихтийг аргаар өнгөрүүл 
Хилэнц ихтийг номоор тэтгэ 
Төрөл төрөгсдөө тэтгэж явбаас 
Бөх их хүчтэй болох 
Төр ёсыг төв шударга дагаж явбаас 
Хүнд их нэртэй болох 
Төв ихсийн журмыг дагаж явбаас 
Түмнийг эхлэх болох 
Түүнийг үүнийг ялгалгүй асарваас 
Олон нөхөдтэй болох 
Холын хүмүүн дор өршөөл тус хүргэвээс 
Алдар нэр дуурсмой 
Ойрын хүмүүнд асрал өглөгийг хүртээвээс 
Эв эеийг бүтээн хүч нэммой 
Харийн газар арга чадлаа бэхэл 
Халуун зуураа эв эеийг хичээ 
Шашинд дургүй сэтгэлтнээс 
Сайн сүсэгт харь хүмүүн дээр билээ 
Төр ёсон үл мэдэх хаадаас 
Төвшин сайн түшмэл дээр гэлээ 
Ичгүүр үл мэдэх хатнаас 
Ичгүүр мэдэх шивэгчин дээр гэлээ 
Хадгалж үл чадах хөвгүүнээс 
Халамжит сайн боол дээр гэлээ 
Харам сэтгэл тушаа 
Хатуу сэтгэл жад 
Хар санаа хор 
Ханилсан нөхрөө хуурваас 
Харин биеэ хуурсан адил болюу 
Үнэхээр барилдсан сайн нөхрийг үгсийг 
Үхтэл бүү март 
Хагацашгүй хань нөхөрт 
Марташгүй муу үгийг бүү хэл 
Үг үл сонсох муу хүмүүнд 
Олон үг бүү хэл 
Харин улиг болмой 
Үг үл мэдэх мунхаг хүмүүн лүгээ 
Үг бүү тэмц, харин ичгүүр болмой 
Өчүүхэн номч хүмүүн омгоор 
Үргэлж их мэдэх мэргэн дор халдваас  
Үтэр шантрахын тэмдэг 
Гэнэт сайжирсан ард 
Хэтэрхий ихэст халдваас 
Гэмшиж үл барагдахын тэмдэг 
Арслангийн омог баатар мөн арсландаа зохих 
Үнэгний уран арга мөн үнэгэндээ зохих 
Арслангийн баатар омог үнэгэнд тусгүй 
Үнэгний уран арга арсланд тусгүй 
Арслан үнэг мэт явбаас түргэн гутах 
Үнэг арслан мэт явбаас түргэн үхэх хэмээсэн үлгэрийг 
Хэн хүмүүн хянан үзэж хэр хэрээ мэдэж 
Чинээ чинээгээ бодож явсан нь сайн  
Ер хоёр хүмүүн эвтэй болвоос 
Төмөр хүрээ мэт бэх  
Хорин хүмүүн эвгүй болвоос 
Эвдэрхий хүрээ мэт хэврэг 
Өнөр хүмүүн эвгүй болвоос 
Өнчин хүний элэг болох 
Олон хүмүүн эвгүй болвоос 
Оорцог хүмүүний идэш болох  
Цувж явсан барсаас 
Цуглаж суусан шаазгай дээр гэлээ 
Тиймийн тул эеэ нэн бэхлэгтүн 
Амархан ханилсан нөхөр дор 
Аливаа хүмүүний үгээр бүү уурла 
Ажиглан онож мэдээд харин биеэ шүүгтүн  
Үлэмж сайн ханилсан хүмүүсийг 
Үнэхээр муу сэтгэлтэн хүмүүс 
Үзэн ядаж хуурмаг аргаар эвдрэлцүүлээд 
Элэглэеэ гэх мэдэшгүй 
Өнгөц зусар аргатай хүмүүн 
Зөөлөн худал үгээр хууран байж 
Үнэн санааг аваад 
Үймтэл муутган хэлэх нь олон буй 
Үзэж таньж ханил 
Худал үгийг ерд тэвч 
Хүмүүн мэдвээс бие хөнгөрмой 
Бардам хатуу үгсийг орхи 
Хүмүүн мэдвээс өшмой 
Хулгай худал нь энэ насны ичгүүр 
Эцэст тамын буг 
Үүнийг урьдаас тасал 
Ариун явдалт ламыг бурхан мэт тахь 
Асрал ихт ноёдыг тэнгэр мэт хүндэл 
Ам авсан тангарагийг амь мэт сахь 
Арга заль хоёрыг угаас орхи 
Аливаа хүмүүн лүгээ нийцэн зохь 
 Хэн хүмүүн лүгээ бүү тэрсэл 
Сайд хүмүүн лүгээ бүү эвдэр 
Лам хүмүүний эд малд бүү хурьц 
Тарничийг хүндэл 
Дэмий хүнийг бүү аргад 
Өчүүхэн бага хүнийг бүү бас 
Самуун муу сэтгэлийг бүү үүсгэ 
Бурхан тэнгэрийг сайтар сахь 
Эзэд сайдыг бүү хараа  
Айх ичих хоёрыг ажиглаж мэд 
Аливаа хүмүүний зан аалийг 
Аргаар тэнсэж мэд  
Дотор муутай төрлөөс 
Тун үл таних хүн дээр гэлээ 
Муу сэтгэлт ах дүү дайсан лугаа адил гэлээ 
Өрсөх дайсанд цусаа бүү үзүүл 
Өшөөтэй хүнд муугаа бүү үзүүл  
Хортон дайсанд хол ойр гэж үгүй буй 
Хэн хортой болвоос шадар гэж бүү янагла 
Хэн тустай болвоос гадуурхаж бүү ялга 
Зөвтэй явах хүмүүнийг бүү дарла 
Буруутай явах хүмүүнийг бүү асар
Муу явах хүмүүнийг ихэд хайрлаваас 
Харин биед халдах гэм буй 
Сайн ардыг муулваас харин хойно гэмших буй 
Сайн муу, үнэн худлыг ялгаж мэдэх хэрэгтэй 
Сайн ардад өглөг өгч үйлээ захирга 
Хэдүй өргөмжлөгдөвч өчүүхэн сэтгэлийг барьж олон лугаа зохь 
Гэнэт доройтвоос гэмшилгүй хатуужих хэрэгтэй 
Хүмүүний нүүрийг харалгүй 
Үйлээ туйлд хүртэл зүтгэж хэргээн бүтээ 
Харийн үйлийг ашид сэрэмжил 
Халуун зуураа эв эеэ хичээ 
Дээдсийг хүндэл Дордсыг асар 
Бурхны шашинд амиа талби 
Бултралгүй явбаас 
Богд сайдын явдал ойр гэх 
Самуун муу биеэ ихэд бодоод 
Сайн хүмүүнийг сонжоод \үзэн ядаад\
Саваагүй мунхаг үгээ зөв болгоод 
Санаандаа их дүрийг барьж 
Арга хуурмагаар авах идэхийг сурч  
Дорд хүмүүнийг дарлан явагчийг
Адгуусны зэрэгт ойр гэх 
Ил магтаад, далд муулаад 
Ихээхэн өгвөөс баярлаад 
Эс өгвөө гомдоод 
Инээдэм наадмаар өнгөрүүлэн явах 
Ичгүүргүй, сурталд үл орогч хүмүүнийг гэсгээвээс 
Улам хойтдоо тустай биш үү 
Өөрийн хэргээ орхиж  
Үнэн санаагаар зүтгэж 
Ил далд магтах ба 
Муушаахыг үл бодон 
Олзонд шуналгүй 
Нэгэн зоригоо хугалалгүй 
Ер уйдах чилэхийг саналгүй 
Хэв хэзээд цөхрөлгүй 
Зовох цагт зайлалгүй 
Жаргах цагт хэтрэлгүй 
Хайрлах цагт дасалгүй 
Халдах цагт гуталгүй 
Насан үргэлжид нэгэн зангаар явбаас 
Улам хойтдоо хөгжлөг болохуй  
Ер хүмүүний ахуйн үйл яршигтай 
Амьтныг сэтгэлийг мэдэшгүй 
Зальхай хуурмаг аргатан олон тул 
Тиймийг яахин баримталмой 
Тустай сайн санааг насад хичээ 
Тустай сайн хүмүүн ус мэт эелдэг 
Тун муу хүмүүн мод мэт хөшүүн 
Бусдын гэмийг ятгаж орхи 
Өөрийн гэмээ магталгүй 
Үйлээ үргэлжид шинжигтүн 
Шашин амьтны тусыг цаг тутам үйлдэж явбаас 
Хэв хэзээд юун хэрэг болох буй 
Үхэлгүй насны шидийг эс олсны тул 
Мөнх бусыг санах хэрэгтэй 
Аюулт тамын хаалгыг эс хаасны тул 
Хилэнцээс зайлах хэрэгтэй 
Ашдын хүнс номын өглөг 
Амгалангийн дээд бодь мөр 
Мэргэдийн гэгээнийг үзэлгүй ном номлогч 
Ноёдын гэгээнийг танилгүй төр ёсон хэлэгч 
Энэ хоёр мунхагийн туйлд эндүүржүхүй. 
Гэм хийвээс цааз бэрх 
Хилэнц хийвээс там бэрх 
Жаргал зовлон бүгд ач үрийн хувь 
Ашдын амар жаргалыг олъё гэвээс 
Онц буян хэрэгтэй тул хичээн үйлд 
Эрдэмт ламын тангарагыг бүү эвд 
Эзэд хаадын зарлигийг бүү дав 
Эцэг эхийн сургаалийг бүү март 
Эм хөвгүү ба боолын үгийг бүү дага 
Шударга үгний сургааль үүнээс 
Элдэв жаргал үүсэх болтугай  
* * * Үүнээс үлэмж сударт номлосон нь 
Сонсохын дээд олноо өргөгдөх 
Жаргалын дээд сэтгэл амар 
Нөхрийн дээд үл аргадагч 
Үйлийн дээд бодь мөрийн зэрэг 
Хортой бөгөөс хөвгүүнийг ч тэвч 
Тустай бөгөөд дайсныг ч асар 
Үлэмж олон нүд буй боловч 
Өчүүхэн зулын гэрэл хэрэгтэй хэмээгчийн үлгэр нь 
Олон хүмүүн цугласан боловч 
Түүний дотроос ганц сайн хүмүүн удирдан хэлэх 
Алтан дэлхийг өргөстэй гэж бүтээж үл болох 
Харин өөрийн хоёр хөлөө бэхэлвэл дээр хэмээгийн үлгэр нь 
Олон мунхаг ардыг сургаснаас 
Гагц биеэ сургасан нь сайн 
Тэргүүлэгч ноён хүмүүн 
Албат юугаа тэжээн чадах хэмээгчийн үлгэр нь 
Гэмтнийг гэсгээвээс түмэн амьтныг жаргуулан чадах 
Жаргах цагт сэрэх хэрэгтэй 
Зовох цагт хатуужих хэрэгтэй 
Дайсангүй гэж ирт мэсийг биеэс бүү холдуул 
Даруй хортой хэмээн нөхрийг бүү сөнөө
Онож мэдсэн сайн
Алтыг арчваас улам сайхан өнгө гарах 
Нүүрсийг угааваас улам харлах 
Мэргэдийг хорсговоос улам эрдэм гарах 
Мунхагийг хорсговоос баас гарах 
Муу хүмүүн нэг ч эрдэмгүй болвоос 
Дээрээ шүдтэйгээс бус үхэр лүгээ адил 
Сургаал үл сонсох бөгөөд гагцхүү цадахыг хүсэгч хүмүүн 
Үсгүйгээс буй гахай лугаа адил 
Авах идэхэд шунагч өнгөц зусарч хүмүүн 
Сүүлгүйгээс бус нохой лугаа адил 
Муу хүмүүнд хүргэсэн тус 
Хужиртай газар тарьсан тариа 
Доргоны нууж тавьсан хүнс 
Тэр гурав алинд ч тусгүй 
Ер бусад юмыг засч болмой 
Гагцхүү муу хүмүүнийг засч үл болмой 
Олон бүгд архи уусан хүмүүнийг жаргал гэнэм 
Айралжлан явах өвчтэй хүмүүнийг жаргалд тооцох буюу 
Муу хүмүүнийг хэрэг дор зарваас өвчин хүртэх 
Аргагүй зарваас хойноос нь явах 
Хэрэв аянаа явбаас 
Өмнөөс урагшлан ирж 
Шал бал худал өгүүлэн хэрүүл үүсгэх 
Эцэг эх хуурч бүрэлгээд 
Ийн тийн гуйж Эс өгөв хэмээн харин гутах 
Эмээ даган төрхөмд нь зарагдах 
 Өр шир хийж төрөл төрөгсдөө зовоох 
Хулгай худал хийж амь биеэ үрэх 
Ийн зовлон бүгдийг өөрөө үйлдээд 
Ах дүү минь аль буй гэж гомдох олон буй за. 
Эрдэнэт хүмүүний төрлийг олсон тул 
Тийм муугаас зайлах хэрэгтэй 
Манагар үхэх боловч эрдмийг хичээн суралцах хэрэгтэй 
Хэрэв эс суравч хойт төрөлдөө 
Сайн авьяас болох тул хичээгтүн  
Адгуус ч эрдмийг сурах бөгөөтөл  
Эрдэнэт хүмүүний биеийг олсон тул 
Хүмүүний сурсан эрдмийг болгоомжтой болвол сурах хялбар 
Үхэхийн урьд амьд цагтаа буяныг үйлд 
Өтлөхийн урьд залуу цагтаа эрдмийг хичээ 
Өвчин хүртэхийн урьд эрүүлдээ буян номыг хичээ 
Үгүйрэхийн урьд баян цагтаа өглөгийг өг 
Бүтэхийн дөрвөн нөхөр тэр болой. 
Хоосон чанарыг олсон ламыг тахь 
Хоёр заяаг ялгаж мэдэх эздийг хүндэл  
Үхэх хүмүүн сайн ламаас айх 
Үгүйрэх хүмүүн сайн хоточ нохойноос уйдах 
Доройтох ноён сайн түшмэлээс уйдах 
Маш зөв явбаас сайн нэр алдаршиж 
Мөн энэ биеийн чихэнд чимэг болох. 
Арга билэг хоёр алган дээр тогтох 
Зусар ихэдвээс тамираа мэдэгдэх 
Борооны ус түргэн урсавч үтэн замхрах 
Их мөрөн дөлгөөн урсавч их далайд цутгах 
Чин сайн эрдэмт хүмүүн 
Чоно, хонь хоёрыг нэгэн онгоцонд услах мэт 
Чингис Богдын зохиосон сургааль үүгээр 
Шашин төр хоёр энх амгалан тогтох болтугай.  
* * * Аяа гайхамшигт сайн үлгэр үүнийг 
Танхай ард өөрчлөн шалгаад 
Сайтан ухаж шүүвээс эдүгээгийн энэ цаг лугаа нийлэх тул 
Оюун түлхүүр нэрт сургаал үүнийг үзэж сурах хэрэгтэй  
* * * Үлгэрлэвээс мэргэд эрдэнийн хэлтэрхийг шинжлэх 
Нүүрсийг хаа байвч үл шинжлэх 
Жигүүртний хаан гарьд наран гарахыг таалах 
Муу хар элээ бүрий болохыг хүсэх 
Цаст уулын цагаан арслан 
Хар ууланд үл одох зан 
Сарьсан багваахай шөнө нисэх зан 
Галт хорхой гурван ертөнцийг дүүргэвч 
Гагцхүү нарын гэрэлд дарагдах 
Эрдмийг хичээн сурваас алдах нэр хаач алдаршмой. 
Гэм эрдэм хоёрыг ялгаж эс мэдсэний үлгэр нь 
Мунхаг ухаант хүмүүн, мэргэнээс дайжаад 
Сармагчин хөтөлсөн хүмүүнийг хүндэлвэй гэх 
Ийм ийм утгыг санаж 
Язгуурын эрдмээ сэлбэн ав 
Эрдэм сурсангүй бөгөөд 
Арга хуурмаг сурч 
Авах идэхийн үлгэр нь 
Урьд нэгэн хүмүүн бусдын тарианд харуулаас нууж 
Илжгэнд ирвэсийн арьс нөмөргөж тавьсанд 
Олноор айн эмээсний хожим 
Тэр ирвэсийн арьс салхинд хийсэж унасанд 
Тарианы эзэд илжгийг таньж 
Эзэнтэй нь алав гэх 
Мигуй хүзүүндээ эрхи зүүж 
Махнаас гарав хэмээж 
Хулгана барьж идсээр мэдэгдэв гэх 
Үнэгний гэмийг хэлээд үнэгэнд хэлэгдэв гэх 
Үнэн эрдэм алтан төр адил 
Алтыг түлвээс улам өнгө гарах 
Занданг түлвээс улам сайхан үнэр гарах 
Галыг уруу хандуулваас харин гар өөд шатмой 
Эрдэмтэй болвоос олноо хүндлэгдэх 
Эрдэмгүй болвоос доромжлогдохын үлгэр нь 
Өлсгөлөн барсын дэмий хүрхэрсэн дуунд 
Өндөр модны орой дээр хэвтсэн бичин 
Өөрөө хөсөр унаж идэгдэв гэх 
Пагжал улсын бярманы хөвгүүн 
Ганцаар хамаг дайсныг дарав гэх 
Шоргоолж бүх газрыг цоолох чадалтай гэх 
Сайн хүмүүн хамгийг эрхэндээ хураах чадалтай гэх 
Хүр хараацай хөсрийн усыг үл уух 
Арслан бөөлжсөө үл идэх 
Сайн хүмүүн мөн үгээ үл урвах 
Нохой бөөлжсөө идэх 
Муу хүмүүн үгээ урвах 
Соронзон гүр төмрийн үртсийг аван чадах адил 
Сайн хүмүүн сайн үгсийг авч мэргэдийн санд нийлүүлмой 
Шагжийн хөвгүүн Шигэмун 
Хамаг эрдмийг төгс сурсны тул 
Туулсан бурхан болж 
Хамаг судар тарнисыг бадруулсан 
Баршгүй энэ номын тивд учирч 
Эрдэм хүний төрлийг олсон нь маш чухал бөлгөө 
Олохуйяй бэрх энэ цогц бүхий цагт 
Шатны гишгүүрийг улам дээш тавигтун  
Оюун түлхүүр нэрт шастир төгсвэй.

No comments: