1/31/2012

ГАЛ САНГ БУЮУ САЙН ХУВЬТ

ЕРТӨНЦИЙН ГУРВЫН ЕРТӨНЦӨӨР АЯЛАХУЙ

(c) J.Bat-Ireedui 


Ардын уран зохиолчийн ариглаж цуглуулж эмхлэн ая данг нь тааруулсан ертөнцийн гурав бол аман зохиолын ертөнцийн гурвын араас гарч буй охьшсон ундарга нь болой. Амьтан хүн ном уншуулья гэж өгч  байсан ч авдараар нь авч ирээд тавьж байсан нь ховор. Харин өөрийн нь бичсэнээр “өлмий доороо нумтай, өсгий дороо сумтай өөлд” өвгөн, Монгол Улсын Ардын уран зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, аавын маань “ангийн хүүхэд” өчүүхэн надаар номоо уншуулахаар өрөө дүүрэн номын дардас хүргүүлж ирсэнд  цочирдсон боловч аймшиггүй зоригоор а-гаас нь я-г нь дуустал анхааралтай шимтэн уншлаа. Үе, үг бүрийг өөлж, үгүүлбэр цогцолбор бүрийг үрж зүйж сүлждэг өөлд өвгөний номоос утга уянгын байтугай, үг найруулгын өө эрэх нь өндөгнөөс яс эрэхтэй эгээ адил эндүүрэл билээ.
Ширээ дүүрэн дардасыг хэчнээн хоног уншлаа,  ертөнцийн гурвын ертөнцийг хэд бүтэн тойрчих шиг. Энэ ертөнцөд аав нь ээжтэйгээ, ах нь дүүтэйгээ, ерөөл нь хараалтайгаа, жаргал нь зовлонтойгоо, зөв нь буруутайгаа, зөөлөн нь хатуутайгаа, зураг нь төөрөгтэйгээ, олон нь цөөнтэйгээ, орой нь ёроолтойгоо, саруул нь бүрэнхийтэйгээ, ял нь ямбатайгаа бүгд багтжээ. Гурван гурвын ес, есөн есийн наян нэгээр зангидаж хийсэн энэ гуравтын ертөнцийн эхлэл нь эгээгүй, төгсгөл нь төөгүй юм. Үнхэлцэгэнд нь үхрийн махыг нь багтаадаг нүүдэлчин монгол түмний багад ихийг багтаах энэ гүн ухаан ахуй амьдрал, оюун ухаан бүхэнд шингэсэн байдаг. Монгол түмний оюун ухаан бол уудлах тутам эрдэнэ  нь илэрдэг  уурхай лугаа, эрэх тутам эрдэм ундардаг эх соёл билээ. Гагцхүү уудлаад авахад онгойгоод үлддэг уул биш, уудлах тутам улам ундарч охилож байдаг оюуны уурхай билээ. Оюун ухаан байсан цагт энэ ертөнц үргэлж ундарч, үргэлж охишиж байх болно.
Ардын уран зохиолч маань тавин жил түүсэн балаа энд цуглаан, өдөр өдрөөр өртөөлөн түүсээр өдий хэрийн зузаан судар бүтээжээ. Түрүүчийн хийсэн нэгэн боти ану олноо ам дамжин хэлэлцэж, гар дамжуулан уншиж байсан бол ам дамжуулан асууж сураглавч одоо нэгэнт олдохоо болижээ. Энэхүү бүтээлд гагц төв халхын хавтгай бус өвөрлөгч болоод буриад, ойрад  зоны ертөнцийн гурвыг бүртгэж шүүснийг үзвэл нутаг нутгийн онцлог, хэл аялгууны ялгааг ч тэндээс мэдрэх болой. Гагцхүү тэрбээр дан гагц тэдний бэлтгэсэн бэлэн хоол бус өөрийн оюун ухааныг шүүрдэн үзэхүй эрдэнэсийн хишиг, эрсэний урам, идсэний бурам болон ундарчээ.  Ертөнцийн гурав бол түүний өөрийн нь тодорхойлсоноор “оюуны тэнгэрийн од бүхэн, орчлон абухайн жам бүхэн багтсан” сав ертөнц юм.
Зохиолчийн хэлснээр “хураангуй найргийн цоморлиг” болсон энэ гуравтад ертөнц сайн муу, сайхан муухайтайгаа тэр чигээрээ багтмой.  Гучин тэмээний ачааг гуравхан тэмээнд ачаалахыг нүүдэлчний амьдрал сургасан бол, гурван зуун бадагийг гуравхан мөрт баглаж батлахыг энэ амьдрал бас сургасан байдаг юм. Гурвын гурван зуу давтахыг гуравхан мөрт хураасан ухааныг ухахад бас амар биш ээ. Ой муутайхан зарим гадаад хүн ойлгох, ойлгуулахад тун бэрхтэй байдаг. Монгол хүнд бол энэ тийм ч хүнд цоож биш билээ. Яагаад гэвэл ухаан нь, түлхүүр нь монгол түмний тархинд бий. Гурвалсан оньсого ч гэж хэлж болох энэ ертөнцийн учрыг олж, хужрыг тунгаан цааш хөхиүлэх догиох авьяас чадвар гагц монгол хүний оюун ухаанд төөрмөл бус төрмөл билээ.
Ертөнцийн гурвын хэдэн ботийг соёолуулан соёрхсон соёлын гавьяат зүтгэлтэний зүтгэлийг ажваас “зэргэд бүрийг жиргэж, шад бүрийг шаглаж, өө сэвийг нь үрж, үе бүрийг өрж, үг бүрийг зорж, утга бүрийг урлаж, онч бүрийг олж, бадаг бүрийг баглаж” хийсэн нь мэдэгдэнэ, өөрийн нь хэлсэнээр “ногтоор нь бус хөлөөр ину холбож аргамжсан гурвалсан морьд” гэлтэй.
Ертөнцийн гурав бол дотоод ертөнцдөө онь, онч, холбоос, дэгээ, гогцоо, тээг, түгжээ нь бие биедээ эмхрэн таарч, эрхшэн нөхцөлдсөн бэхжмэл цул, эхжмэл цогцолбор юм. Ертөнцийн гурвыг задалбал замаар нэг, талаар нэл, уулаар нэг, улсаар нэл юм болно. Энэ бол ертөнцийн гуравт гүн ухааны далайг хураасны гэрч билээ. Амьдралын үнэн мөнөөр батлагдсан ертөнцийн гуравт энэ ертөнцийг таньж мэдэх гэсэн хүсэл эрмэлзэл, жам ухаарлыг ухах гэсэн бодол сэтгэл,  дорнын хоосон чанарын мөн чанарт хүрэх түлхүүр бүгд багтсан буй.
Ертөнцийн гурав бол ертөнц бүтэцтэй учраас бөх байгаа юм. Дөрөвт, тавт, зургаат, наймт, ест гээд бий ч гурав шиг бөх нь алга. Арга, билиг, үр гурвын нэгдэл бол ертөнц бөгөөд цул аж.  Үүнээс  бусад нь бэхжихгүй учир ертөнц биш бөгөөд хэврэг ажаамуй.
Монголчууд “таван толгойн нүүрс таван жилийн хоол, таван боть ном таван зуун жилийн хоол, оюу толгой одоогийн хэдийнх, оюунт толгой ирээдүй хэтийнх” хэмээн хошигнон, цэцлэн хэлэлцэж байгаа нь оюун ухаан эрдэм чадлыг эрхэмлэдэгийн шинж.
Арга, билиг, үр, тэнгэр, газар, сүнс, төрөх, өтлөх, үхэх, орон, цаг, чанар, шунал, уур, мунхагийн  гурав  бүхнээр бэхжсэн монгол сэтгэлгээ, монгол ухаан, монгол түмэн бат бэх орших бөгөөд гурваар угжих ардын сэтгэлгээ дундрашгүй бөлгөө.
Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай бол гагцхан гаднаасаа эрдмийг чихүүлж суудаг ГАН САВ биш, дотроосоо эрдэм, эрдэнэ хоёрыг хослуулан ундруулж байдаг ГАЛ САНГ буюу САЙН ХУВЬТ их бичгийн хүн билээ. Ертөнцийн гурвыг уйгагүй цуглуулж Монгол түмэн маань “ердөө гуравхан мөрөнд ертөнц даяханыг багтаачихлаа” гэж омогшиж суугаа түүгээр даяар Монгол цугаар бахархаж байна, баярлаж байна.

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн Захирал
Хэлшинжлэлийн Ухааны Доктор (Sc.Dr),
профессор Жанцангийн Бат-Ирээдүй
Улаанбаатар, 2012 оны 1 дүгээр сарын 30



No comments: