7/19/2011

Ж.Бат-Ирээдүй: "БОРООТОЙ ӨДРИЙН БОДОЛ"



БОРООТОЙ ӨДРИЙН БОДОЛ

(c) J.Bat-Ireedui

Бороотой өдөр бодол гархилана,
Борцтой цай гал дээр даргилна,
Босоод явахлаар суумаар,
Буцаад хэвтэхлээр босмоор...
Гэрийн хаалгаар алсад бороо цайрна,
Гэрэл хааж үүлс дээр нь бүрсийнэ,
Бүгээн морьтой гийчин 
Бүүр холоос айсуй,
Гэгээн мөртэй бодол
Гэгэлгэн сэтгэлд уйсуй.
Гэртэй суудаггүй ээж минь
Галынхаа дэргэд амьсуй.
Гадаа гараад хийхгүй ч
Гартаа бас үйлсүй.
Бэлгэ дэмбэрэлийг бодож
Бэрдээ бас дээлтэйгээ.
Ус мөрөн ихэдчихвий гэж зовно,
Улс амьтан үйчихвий гэж шанална,
Аргал норчихлоо гэж халаглана,
Айлууд зутарчихлаа гэж үглэнэ,
Хэдэн хүүхдийнхээ төлөө
Хэзээ мөнх тайвангүй,
Бороо шивэрсэн өдөр ч
Бохис хийх чөлөөгүй.
Би
Бороотой зуны энэ өдөр
Бодол л цуглахаас өөргүй
Босон суун уйдаж ядна,
Борцтой цайгаа ууж ядна,
Бодолт толгойгоо дааж ядна,
Бороотой өдрийг тэсч ядна.
Бороотой зуны өдөргүй бол
Буурал ижий минь гэртээ суухгүй,
Хуртай өдөр үгүй бол
Нартай өдрийг ухаарахгүй
Гархилсан бодлын минь цөмд
Газар дээр ганцхан ижий минь,
Төвлөрсөн бодлын минь төвд
Төрүүлж өсгөсөн ижий минь ээ.

2011/07/20
 Жигжидийн зуслан




1 comment:

mrBoki said...

Та сайхан шүлэглэсэн байна. Яг нэг сайхан бороо өдрөөр гэртээ ээжийнхээ хийсэн хийцтэй банштай цайг уух гээд хүлээж байгаа юм шиг санагдчихлаа... :)