10/13/2010

ААВЫН ХҮҮХДҮҮД АДИЛХАН




ААВЫН ХҮҮХДҮҮД АДИЛХАН

Өнгөрсөн нэгдэхийн өглөө Улаанбаатараас Токио руу нисэхээр нисэх дээр ирлээ. Хэвлүүлсэн хэдэн номоо цүнхэндээ хийчихсэн чинь ачаа бараа жаахан ихдүү. Ачаа багатай танидаг мэддэг хүн хайсан маягтай түүгээр жаахан явлаа. Токио, Москва, Бээжингийн онгоцны хүн нь холилдоод хэн нь хаашаа явах гэж байгаа нь ч мэдэгдэх юм алга, танил царай ч харагдсангүй. Бас л ачаагаа болж өгвөл аргалах л юм бодоод байгаа юм шүү дээ, монгол сэтгэлгээгээрээ хөөрхий. Намайг ингэж мунгинаж явах хооронд манай нэг сэргэлэн дүүхүү ачаа хийдэг  хүн олоодхож. Яадгийн гэсэн чинь Токио руу 1 кг ачаа 10,000 төгрөг байдаг юм, талаар нь буюу 50 хувиар хийх гэнэ. Үгүй арван мянгыг төлж байснаас аштай юу хө, талаар нь ч болтугай хийлгэе, баараагүй л юм хийнэ шүү гэлээ. Ачаагаа өгөөд буцаж гарч ирээд тооцоо хийнэ ээ хө гэж нэг нэлээд зүс үзсэн хижээл нөхөр хэлж байна. Тэр нөхөр байнга нисэх дээр байдаг болов уу гэмээр нэг л танил царай, таксины жолооч ч бил үү гэж бодлоо. За ингээд 50 хувийг зөвшөөрч хийлгэхээр боллоо. Мань эр ч гялс мессеж бичээдэхсэн чинь дотогшоо ороод А5 дээр оч л гэж байна.(нэр усыг нь нууцлаж аюулгүй байдлыг хангаж байгаа бололтой хэхэ)

Билетээ барисаар бүртгүүлэх танхимд ортол хажуугийн А6 хүнгүй байсан болохоор намайг дуудаад болдоггүй. Харсан чинь хоёулаа Бээжингийн ачаа хиллэж байхын. Жаахан гайхаад хүлээзнэж нөгөө А5 дээрээ очих гээд л, нөгөө намайг дуудаад байгаа хүн рүү тэгж ингэж татаа тунгаа хийж, дохио зангаа хэрэглэж байж А5- дээр очих учиртай гэдгээ арай гэж ойлгуулж, нөгөө хүн дуусуут нь нөхөр дээр очлоо, нэг залуу байна. Намайг өөр дээр чинь оч гэлээ гэтэл ойлгосон, ойлгоогүй нь мэдэгдэхгүй таг чиг. За хө би Токио явах хүн шүү, мэдэж байгаа биз гэсэн чинь – Тиймээ, мэдэж байна гэж байна. Аминдаа Бээжин рүү ачаагаа явуулчих вий гэж санаа зовж байгаа нь тэр. Ачаагаа тавилаа 35 кг болж байна. 15 кило илүүджээ. Харахад овор багатай ч дан ном учир их л хүнд байна аа. - За боллоо боллоо яв л гэж байна. Ямар нэгэн мөнгө цаас төлсөнгүй, бичиг хачиг өгсөнгүй.

Гайхаад жаахан харж байгаад эргэсэн чинь нөгөө “танил нөхөр” гадна цонхоор над руу утсаараа даллаж байна. Утсаа аваад ярь гээд байгаа бололтой юм аа. Би энэ нөхөрт утсаа өгөөгүй миний утсыг яаж мэддэг байнаа гэж бүр гайхлаа. Айх гайхах зэрэгцсэн царайгаар утсаа авсан чинь 4 дуудлага ороод тасарч. Том цонхоор байн байна даллаад буцаж гарахаас өөр гарцгүй боллоо бүр. Гараад очсон чинь таны ачаа 15 кг илүүдсэн байна. 150 мянгын 75,000 төгрөг өгнө өө хө гэж байна. Үгүй мөнгө цаас өгч авах яах вэ, чи яаж миний утсыг мэдэв ээ гэж тохирсон ёсоор мөнгөө өгөнгөө гайхан асуутал таны билет дээр байгаа шүү дээ гэж байна. Аа за за мэдлээ. Аймаар сүлжээтэй, аан. Хөөрхий муу МИАТ-ын халаасанд орох ёстой мөнгийг ингээд хуваагаад туучихдаг байх нь. Манайхан нээрээ ийм юман дээр бас толгой ажиллана шүү. 
Цагаасаа хоцрон хүлээж хүлээж нэг юм “Хувилай” Боингдоо орлоо, олигтой ч хүн алга бараг хэдэн япон жуулчин, баахан монгол хөгшчүүл, хүүхэд шуухад голдуу нэг эгнээнд нэг хүн хэвтээд явсан ч цөөдөхөөр байна. Хөөрхий ийм байхад яаж энэ МИАТ гэгч компани олигтой бэлжхэв дээ зайлуул, онгоцны билетээс олсон хэдийг нь дарга нар хуваагаад туучихана, орлого болох ачааны мөнгийг нь доодуул нь хуйвалдаад хусчина ингээд дуусаа. Ингээд л мест местэн дээрээ "ажлаа гялалзтал хийгээд" байгаа юм даа, манайхан сэргэлэн шүү. Аавын хүүхдүүдийг алаг үзээд яахав, маний хэдэн цаас МИАТ-д орсон ч яалаа, ороогүй ч яалаа. Дээгүүрээ идэж уудаг мөнгөний хажууд хөөрхий ачааны хэдэн цаас юу болох вэ дээ тууж л байхаас. Аавын хүүхдүүд адилхан.









1 comment:

Өнөрбат.Х said...

Дээр инженерүүд нь онгоцоо барьцаалаад нилэг саатсан ч гэх шиг сонин сонин санаанд оромгүй юм МИАТ-аас их гарах юмаа. МИАТ -ыг хурданхан хувьчилахгүй бол сөхөрч гүйцлээ л дээ.